×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өндөр бүтээмжтэй ажилтныг урамшуулахад гар татахгүй Онцлох

05 10-р сар 2017 12:00
232 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар үйлдвэрлэлийн цехийн ажиллагсадтай хийсэн Зөвлөлдөх уулзалт гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтын сүүлийн өдөр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан Засвар механикийн завод, Засвар монтажийн цех, Геологи хайгуулын анги, Дулаан цахилгааны төв, Холбоо мэдээлэл техник автоматжуулалтын цех, Лаборатори судалгааны төвийн ажилчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, үйлдвэрийн цаашдын зорилтын талаар харилцан ярилцав. Уулзалт бүрийн эхэнд ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашид хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд мэдээлэлдээ тухайн  уулзалтад оролцож байгаа цех нэгжийн онцлогийг тодотгож байв. Тухайлбал, 40 жилийн нөөцтэй гэж  байсан Эрдэнэт үйлдвэрийн эрдэс баялагийн нөөцийг  өсгөх,   60 жил ажиллах боломжтойг шинээр тогтоолоо. Энэ ажлыг гардан хийсэн Геологи хайгуулын ангийнхан Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хувь заяаг тодорхойлж байна. Тэгвэл Засвар механикийн заводын хамт олон импорт орлох бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг өөрсдийн хүч боломжоор амжилттай үйлдвэрлэж байна. Цаашид тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол улсын хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж, машинт үйлдвэрийн суурийг тавих учиртай гэдгийг онцолж дурьдлаа. Уулзалтын үеэр цехийн ажиллагсад санал бодлоо хэлж, орлогч захирлууд, газар хэлтсийн дарга нар өөр өөрийн чиглэлээр  тодорхой хариулт өглөө.
     Үйлдвэрлэлийн 14 цехийн 1300 гаруй ажилтныг хамруулсан уг зөвлөлдөх уулзалтын үеэр ажиллагсдын зүгээс тавьсан санал хүсэлт,  асуултын гол хэсэг нь  цалин хөлс болон  шагнал урамшууллыг нэмэгдүүлэх тухай байсан. Эрдэнэт үйлдвэр зэсийн үнэ ханшийн хэлбэлзэл, эдийн засгийн үр ашиг, өртөг зардлаа тооцож үзсэний үндсэн дээр ажиллагсдынхаа цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс үндсэн цалинг 10 хувиар, шагнал урамшууллын санг 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Энэ бодлого цаашид ч  үргэлжилнэ. Ер нь Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй хэнд ч шагнал урамшууллыг гар татахгүй олгоно гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариултандаа онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн орон сууцны хангамж, боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрүүдийн талаар ажилчид олон санал дэвшүүлсэн. Ажилтнуудаа  орон сууцтай болгох, 8 сая төгрөгийн зээлийн хөнгөлөлтөд  хамруулах бодлого журмын дагуу хэрэгжиж, залуу ажилтнуудыг сургах, мэргэжлийн зэрэг,  ур чадварыг нь дээшлүүлэхэд ямагт  анхаарч ажиллана гэдгийг удирдлагууд тодотголоо. Мөн сахилга дэг журам зарим цех хэсэгт  алдагдаж байгааг ажилчид илэн далангүй хөндөж, тэдгээрт хараа хяналтаа чиглүүлж, хүн бүр ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.   
     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудыг халуун тогоондоо ярилцаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцлээ. Энэ нь Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан үйлдвэрлэлийн цех нэгжүүдтэй хийсэн зөвлөлдөх уулзалтын хамгийн том үр дүн гэж хэлж болох юм. Дараагийн ажил хэрэгч уулзалтыг үйлдвэрийн цех нэгжийн бүх мастеруудын дунд зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож  ярилцахаар болсныг  Ерөнхий захирал төгсгөлийн дүгнэлтэндээ онцоллоо.

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 05 10-р сар 2017 10:01
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог