×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Уурхайчдад чанартай, соелтой үйлчилгээ үзүүлэхийг чухалчлав Онцлох

12 9-р сар 2017 12:00
92 удаа үзсэн
     Нийгмийн хариуцлагыг  хэрэгжүүлэгч  шилдэг жишээ Эрдэнэт үйлдвэр дэргэдээ  боловсрол, эрүүл мэнд, спорт, урлаг соёл, амралт сувилал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр арав гаруй  цех нэгжийг ажиллуулж, тэднээр дамжуулан   баялаг бүтээгч уурхайчдадаа нийгмийн олон төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм. Эдгээр цехэд   найман зуу гаруй  ажилтан албан хаагч ажиллаж, Эрдэнэт үйлдвэрээрээ овоглодог.  Өөрийн  харьяандаа бүхэл бүтэн хотын дайтай  үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууллагуудыг бий болгож,  зуун хувь санхүүжүүлдэг  үйлдвэр манай улсын хэмжээнд Эрдэнэтээс өөр байхгүй.  Энэ нь  тус  үйлдвэрт  хүний төлөөх том зорилт хэрэгждэгийн тод илрэл юм. 
     Саяхан үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон чиглэл хариуцсан удирдлагууд нийгмийн цехийн ажилтнуудтай уулзаж, тэдгээрийн уурхайчдад үзүүлж буй нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж,  соёлд шинэ алхам хийх талаар хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, уурхайчид уурхайн мөргөцөгт хад чулуутай харьцдаг бол нийгмийн цехүүд хүнтэй ажилдагаараа  онцлогтой. Тиймээс хүнд хүргэх бүх талын нийгмийн үйлчилгээ нь харилцааны өндөр соёл, сэтгэл татсан  чанартай байх ёстой гэсэн санааг  энэ удаагийн уулзалтаар дэвшүүллээ. Түүнчлэн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийгмийн цехүүдийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ дээрх асуудлыг хөндөж, ирээдүйд  бид өөрсдөө хэрхэн хөгжих чиг хандлагаа тодорхойлох нь зүйтэй  гэсэн юм. 
     Энэ үеэр уурхайчдыг  урлаг уран сайхан, спортоор дэмжин урам зоригийг сэргээх үүрэгтэй  Уурхайчин соёлын ордон, Спортын ордон, эрүүл энхийн манаач Эрдэнэт сувиллын цогцолбор, монгол инженерүүдийн эрдмийн овоо болсон  Технологийн сургууль, аялал амралтын төв цэг Сэлэнгэ амралтын баазынхан өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлогийг  танилцуулж, цаашдын зорилт хөтөлбөрүүдээ толилууллаа. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал  болон ажилтнуудын санал бодлыг сонсож,  асуултуудад хариулсны дараа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэдэнд “гэрийн даалгавар” өгөв. 
     “Эрдэнэтэд очсон хүн урт насалдаг” гэж ярьдаг болсон цагт манай эрүүл мэндийн цехийн ажлын үр дүн харагдана гэсэн  үгийг Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд хаягласан бол сургалт үйлдвэрлэлийг  хослуулах нь үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн хамгийн том давуу тал гэж тодотгов.  Харин урлаг бол хүний зүрх сэтгэлд шууд хүрдэг утгаараа уурхайчдын чөлөөт цагийг дуу хуураар дүүрэн байлгаж, тив дэлхий болон улсын чанартай тэмцээн уралдаанд манай тамирчид тогтмол  амжилт гаргана гэсэн хэмжүүрээр спорт урлагийнхны ажил үйлс үнэлэгдэнэ гэдгийг онцоллоо. Тэрээр нийгмийн цехүүдийн цаашдын үйл ажиллагааг чанаржуулж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрийн зүгээс техник тоног төхөөрөмжийн болоод ажилтнуудын мэдлэг чадвар, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалтыг шат дараатай хийх болно гэж хэллээ.   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 12 9-р сар 2017 08:57
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог