×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Зууны манлай уурхайчдын залгамж үеийг тасралтгүй бэлтгэнэ Онцлох

04 9-р сар 2017 12:00
240 удаа үзсэн
     Монголчуудын 20-р зууны манлай их бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн  дэргэдэх Технологийн сургууль  42 дахь намартаа   хичээл,  сургалтын үйл ажиллагааны  жилийн нээлтээ хийлээ. 
     Сургалтын төвөөс  ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болтлоо өргөжин тэлж ирсэн тус сургууль өнгөрсөн хичээлийн жилд зуун мянга дахь төгсөгчөө үйлдвэрлэлийн талбарт  үджээ.  Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн оюутан багш нарын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж, сургалтын таатай орчин, хөтөлбөрийн шинэчлэл зэрэг олон чухал зүйлд анхаарлаа хандуулсан жил байсныг  захирал, доктор профессор С.Давааням тэмдэглэлээ. Тодруулбал, тэд сургалтын чанарын бодлогоо тодорхойлж, дэлхийд тэргүүлэгч  уул уурхайн сургуулиудтай хамтын ажиллагааг  эхлүүлэв. Мөн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш С.Мэнджаргал Монгол улсын гавьяат багш цол хүртэж, түүний шавь Э.Сувданчимэг олон улсын химийн олимпиадаас хүрэл медалийн эзэн болсон бол багш Э.Амарбаясгалан улсын физикийн олимпиадын дэд аваргаар дахин тодорчээ. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хайр халамжин дор өсч өндийсөн Технологийн сургууль өндөр ур чадвартай багш мэргэжилтэн, иж бүрэн сургалтын  бааз суурь бүхий  уул уурхайн салбарын  түүчээ сургуулиудын нэг болсныг гэрчилнэ. 
     Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч  Д.Дэлгэрбаяр, тус сургуулийг үүсгэн байгуулагч Ш.Отгонбилэг агсны гэргий, Монгол 21 сангийн тэргүүн Д.Туяа болон үйлдвэрийн цех хэсгийн удирдлага, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид оролцов. “Энэ сургууль их сайхан буянтай сургууль. Тиймээс та бид бахархах учиртай. Эндээс  өндөр мэдлэгтэй олон сайн инженерүүд төрөн гарсан. Тус сургуулийг  Монгол улсын хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэг агсны нэрэмжит болгосон нь  сургуулийн хэтийн зорилго, үйл ажиллагааны цар хүрээ, баримтлах чиглэлийг тодорхойлсон хэрэг юм. Ш.Отгонбилэг агсан бол Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшил болоод монгол инженерүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, уул уурхайн салбарын хэтийн төлөвийг зөв чиглүүлэхэд нөр их хүчин зүтгэлээ зориулсан хүн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээндээ  тус  сургуулийн зорилтын үндсийг  тодотгож хэлэв.  Нээлтийн ажиллагааны үеэр Монгол 21 сан, Эрдэнэт үйлдвэр ХХК, Капитрон банкны тэтгэлгийг төгсөх ангийн нийт зургаан оюутанд гардууллаа.  Мөн шинэ оюутнууд тангарагаа өргөж, уламжлал ёсоор Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Технологийн сургуулийнхан шинэ хичээлийн жилд уурхайчдын залгамж үеийг тасралтгүй чанартай бэлтгэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд сургалтын чанарын тогтолцоог бүхий л үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог