×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Дулаан цахилгааны төвийн өргөтгөлтэй танилцав Онцлох

19 7-р сар 2017 12:00
245 удаа үзсэн
     БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, тус үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн  өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Элчин сайд Шин Хаймин хөдөө орон нутагт хийгдэж буй Хятад улсын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн ажилтай танилцах зорилгоор Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажлын айлчлал хийж байгаа аж. Тэгвэл түүний энэ удаагийн айлчлалын сүүлийн цэг нь Орхон аймаг байж, энэ үеэрээ Эрдэнэт үйлдвэрт зочилсон  юм. Түүнийг  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон  удирдах ажилтнууд, Дулаан цахилгаан төвийн өргөтгөлийг гүйцэтгэгч Harbin electric international компанийн төлөөлөл угтан авч, өргөтгөлийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
     Harbin electric international компани бол олон улсад нэр хүндтэй, дулаан цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч, Хятад улсын компани юм.  Тус компани Эрдэнэт үйлдвэрийн Дулаан  цахилгааны  төвд  48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор  суурилуулах төслийн ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн юм.  Хоёр тал түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 18 сарын хугацаанд бүрэн ашиглалтанд өгөхөөр гэрээ байгуулсан. Харин өнөөдрийн байдлаар өргөтгөлийн ажлын явц 94 хувийн гүйцэтгэлтэй, маш амжилттай хийгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь нэг талаас захиалагч Эрдэнэт үйлдвэр, нөгөө талаас гүйцэтгэгч  Harbin electric international компани хоорондоо сайн ойлголцож, гар сэтгэл нийлэн, хүндрэл бэрхшээлийг хамт даван туулж чадсаныг харуулж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Эрчим зүйч мөн тодотгов. Элчин сайд Шин Хаймин өргөтгөлийн ажлын явц, үйл ажиллагаанд сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд, өнөөдрийн төслүүд хэрэгжиж  амжилттай дуусах нь маргаашийн өөр төслүүд хэрэгжих суурь нь болно гэсэн юм. 
     Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор  суурилуулснаар  үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. 
 

 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 08:41
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог