×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Н.БЯМБАДОРЖ: Ил уурхайд “туузан дамжуулга”-ын технологи нэвтрүүлэх цаг нь ирсэн Онцлох

04 7-р сар 2017 12:00
255 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу бидний ярьж хэвшсэнээр “туузан дамжуулга” нэвтрүүлэх тухай ярьж, судалсаар нилээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Уурхайн гүн доошлох тусам хүдэр тээвэрлэлтийн зардал өсч, улмаар үйлдвэрлэлийн өөрийн өртөг жил бүр нэмэгдэх болсон. Ийм нөхцөлд уулын цул тээвэрлэлтийн зардлыг бууруулах хосолмол тээврийн схем Ил уурхайд ашиглах нь нэн зүйтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр технологийн тээвэртээ 30 белаз ашиглаж байгаа нь Ил уурхайн нийт зардлын тэн хагасыг эзэлж байна. Энэ хэвээр байвал уг зардал өдрөөс өдөрт, жилээс жилд өсөн нэмэгдсээр байх болно. Харин уулын цул тээвэрлэлтэд “туузан дамжуулга” нэвтрүүлсэнээр зардал 40 хувиар, хүдэр олборлолтын өөрийн өртөг 20 орчим хувиар буурах тооцоо бий. Түүнээс гадна бүх тоног төхөөрөмжүүд хагас хөдөлгөөнт учраас уулын ажлын төлөвлөлтийн дагуу зөөвөр нүүдэл хийх боломжтой гэж “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын зөвлөх, Монгол улсын гавьяат уурхайчин Н.Бямбадорж төслийн танилцуулгын үеэр мэдээллээ.

     Энэхүү технологийг Ил уурхайд нэвтүүлэх ач холбогдол хийгээд үе шаттай хэрэгжүүлэх ажлын талаар компанийн удирдлагуудад танилцуулах үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
     -“Туузан дамжуулга”-ыг ил уурхайд нэвтрүүлэхтэй холбоотой ямар ажлууд хийгдэх вэ?
     -Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх цаг нь ирсэн гэдэгт үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүд санал нэгдлээ. Энэхүү саналаа компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна. Цаашид судалгаа шинжилгээний ажил үргэлжилнэ. Түлхүүр гардуулах нөхцөлтэй хязгаарлагдмал тендер олон улсад зарлах гэх мэт шат дараатай ажлууд хийгдэнэ. Ер нь хоёр жилийн хугацаанд багтаад энэ технологийг Ил уурхайд нэвтрүүлчих болов уу.
     -Хөрөнгө оруулалтын хувьд...?
     -Ямар ч байсан нийт хөрөнгө оруулалтаа ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд нөхөх урьдчилсан тооцоо бий. Манай Ил уурхай өнгөрсөн жил 74 сая ам.долларын зардалтай ажилласан. Үүний 33 сая ам.долларыг зөвхөн технологийн тээвэрт зарцуулсан байдаг. Ихэнхийг эзэлж буй энэ зардлыг хэрхэн бууруулах талаар бид удаа дараа хэлэлцсэн. Энэ удаа нэгдсэн шийдэл, ойлголтод хүрч байгаад баяртай байна.

     -Энэ технологи нэвтэрснээр хэдий хэрийн хэмнэлт гарах вэ?
    -Урьдчилсан байдлаар тооцоход 10 жилийн хугацаанд 218 сая ам.доллар хэмнэх боломж бүрдэнэ. Гэхдээ белазын тээврийг бүр мөсөн халахгүй. Хосолмол тээвэр хийнэ. Харин цаашид белазын тоог нэмэхгүйгээр, ашиглалтын хугацаа нь дуусахаар туузан дамжуулгаар солих бодлого барина.

     -Баярлалаа.   


М.ОДГЭРЭЛ
 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:47
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог