Нийгмийн хариуцлага
 
Нар ээсэн сайхан өдөр Бүрэнбүст хайрхны энгэрийг зорилоо. Энд Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн ундны усны эх ундаргыг хамгаалах, нуур цөөрөм үүсгэх ажил ид үргэлжилж байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүд энд өөрийн төгөлийг үүсгэж нийт 14 төрлийн 23 мянган мод тарьжээ. Шинэс, хайлаас, улиас, агчаас эхлээд жимсний модод ч байна. Эрдэнэтчүүдийн хэрэглэж буй жимсний 90 орчим хувь нь импортоор орж ирдэг учир өөрийн хөрсөнд алим, чавга, интоор зэрэг зарим ховор төрлийн жимсний мод тарьж туршиж байгааг нүдээр үзлээ. “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд хүнсний 146 төрлийн ногоог ил талбайд арчлан зун, өвлийн хүлэмжид тарьж, мөн туршиж байна. Энд хүүхдийн “Хөдөлмөр” зуслан ажиллуулах нөхцөл бүрдүүлж, элсний талбай хүртэл байгуулахаар төлөвлөжээ. Хөдөлгөөний хомсдол, агаарын дутагдалд орсон “орон сууцны” хүүхдүүдийг энд амраахын зэрэгцээ ажиллуулбал бие бялдар нь хөгжихөөс гадна цахим орчноос холдож тархи нь бүрэн сайхан амарна даа, гэх бодол эрхгүй төрсөн. 
 
 
Монголын ёс заншлын цогцолборын хоймор хэсэгт 22-ийн диаметртэй, 380 м2 талбай бүхий гэр өргөө холоос бараатай үзэгдэнэ. Ойролцоо нь нүүдэлчин Монголчуудын ахуй соёлыг илтгэсэн, эсгий урлалын бүтээл дэлгэсэн, ястан үндэстний хувцас, эмээл хэрэглэл, авдар сэлт өрсөн 10-аад гэр байна. Мөн энд Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлүүд өөрийн гэрээ барьж тохижуулан онцлогоо сурталчлах боломжтой. Эхний гэрийг Увсынхан барьжээ. Хоймрын жаазанд Маршал Ю.Цэдэнбалаасаа эхлээд алдар хүндтэй хүмүүсийнхээ зургийг залсан нь сонирхол татав. Уг цогцолборыг тойруулан цагаан идээ, арьс шир, малын цус, ноос, ноолуур боловсруулах, модон эдлэл, гар урлал, эсгий эдлэл, хар, цагаан замаск, арматур, хөнгөн блокны үйлдвэр гээд 50 орчим жижиг дунд үйлдвэр байгуулахаар зорьсны 30 гаруй нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн энд 2000 тоннын багтаамжтай зоорь барьж байна. Хүнсний ногоо хатаах, хөлдөөх, даршлах, угаах дөрвөн үйлдвэр эхлэл шатанд явна. Түүнээс гадна жимс жимсгэнэ, артишокоор ундаа жүүс, цай хийх, усанд будаа тариалах, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамал, тос боловсруулах гээд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт ярьсан юм. 2017 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн зээлээр 34 үйлдвэр байгуулагдаж, 160 орчим байнгын ажлын байр нэмэгдсэн байна.    
Энд нуур үүсэхээр жигүүртэн шувууд цуглаж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, Эрдэнэтээр зочилсон гийчид саатан морилж, нүүдэлчин Монголчуудын ахуй соёлтой танилцах, морин болон тэмээн хөсгөөр богинын аялал хийх боломж бүрдсэн, Эрдэнэт хотын төвлөрлийг сааруулсан аялал жуулчлалын цогцолбор бүс болох цаг ойрхон байна.           
 
 
 
 
М.Одгэрэл
 
 
Пүрэв, 21 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 21

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 142 дахь өдөр. Он дуусахад 223 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +5 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 6-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 21. Бархасвад гараг. Билгийн тооллын 29. Хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Энэ өдөр бич, хулгана, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Дайсныг номхотгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтад оруулах, тустай үйлийг бүтээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амарлингуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.  Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одох тул муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5333 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2799, евро 3060, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон хөдөлмөрчдөд гоо зүйн хүмүүжил олгох талаар ямар хэлбэрийн ажил зохиож байна вэ?

Хариулт:-Монгол, Зөвлөлтийн интернационалч хамт олны дотор соёл хүмүүжлийн ажил зохион явуулахад “Уурхайчин” соёлын ордон чухал үүрэг гүйцэтгэдэг. “Уурхайчин” соёлын ордон нь нийт 700 хүний суудалтай, хоёр танхимтай бөгөөд тус ордны дэргэд үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан музей, хүүхэлдэйн ардын театр “Бүжинхэн”, улс төрийн дууны “Cu-Mo” хамтлаг, 30 шахам мянган номтой номын сан, орчин үеийн техникээр тоноглогдсон кино, радио холбооны цэгүүд ажилладаг. Одоо тус соёлын ордон 70 гаруй орон тоотой ажиллаж байгаагийн дотор соёл урлагийн өндөр боловсролтой арга зүйч, багш нар 10 орчим хүн ажиллаж байна.

Аман сэтгүүл, асуулт хариултын үдэшлэг, хөрөг үдэшлэг, үйлдвэрийн тэргүүний хүмүүсийн алдар тэмдэглэх үдэшлэг, гэр бүлийн баяр, авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн, залуучуудын үдэшлэг, лекц-концерт, кино-лекц, улс төрийн нэгдсэн өдөрлөг, чөлөөт цагийн клубүүдийг зохион байгуулахын зэрэгцээ хөдөлмөрийн жижиг бичил хамт олны дунд зохиох ажилд гол хүчээ төвлөрүүлж байна. Үүний хамт хөдөлмөрчдийн гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх зорилгоор үндэсний хөгжим, найрал дуу, хүүхэлдэй, уран болон фото зургийн дугуйлан, хамтлаг 30 шахмыг байгуулж, тэдгээрт 400 шахам хүн тогтмол хичээллэж байна. “Уурхайчин” соёлын ордон жил бүр 70 шахам мянган хүнд киногоор үйлчилдэг.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог