Нийгмийн хариуцлага

Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн дархчууд 10 гаруй төрлийн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Тэд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, тавгаас эхлээд цом, жааз зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчдын санаа, зураг загвараар урладаг аж. Бүтээгдэхүүн бүртээ Эрдэнэт үйлдвэрийн бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хослуулан шингээж өгдгөөрөө онцлогтой гэж хэсгийн дарга С.Ганбаатар ярив. Өнгөрсөн жил төгөлдөр хуур болон эв загасны дүрс бүхий бүтээл шинээр урласан нь олны таашаалд нийцжээ. Эдгээр бүтээлийг зэс гууль хослуулан чулуун суурьтай бодит байдлаар хийсэн нь шинэлэг бөгөөд эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна. Тус хэсэг уран дархан, гоёл чимэглэлийн засварчин, токарь фрезерчнээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй. Гаднын байгууллагуудын захиалгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч коронавирусын тархалтаас шалтгаалан захиалгаа түр зогсоосон аж. Засвар механикийн заводод өмнө нь гоёл чимэглэлийн зүйлс хийдэг тусгай хэсэг байсныг ийнхүү гарын ур дүйтэй залуучууд болон уран дархчуудаар өргөжүүлэн урлан бүтээх төв болгон хэрэгцээт  бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн 2020 оны нэгдүгээр улирлын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны тайлан хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаа тайлангийн хурлыг корона вирусын халдвартай нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулсан нь онцлог юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд Эрдэнэт үйлдвэр үнийн зургаан түвшинд хөтөлбөр гаргаж, мөрдөн ажиллаж байна. Үйлдвэрийн газрын удирдлагууд цех, нэгжүүдийг хэмнэлтийн бодлогын хүрээнд өртөг зардал хэрхэн бууруулсан, үйл ажиллагаандаа ямар ахиц өөрчлөлт гаргасан, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн байдалд гол ач холбогдол өгч дүгнэсэн юм. Энэ үеэр Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар угсралтын цехийн хамт олныг нэгдүгээр улиралд амжилттай сайн ажилласныг онцлон сайшаасан бол үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар хязгаарлагдаад буй Нийгмийн цехүүдэд ажлаа тодорхой төлөвлөн ажиллахыг үүрэг болгов. Хэдийгээр үйл ажиллагаа нь хумигдсан ч Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны зүгээс нийгмийн цехийн ажилчдын цалин хөлсийг хэвээр хадгалах, боломжтой ажлын байраар хангах бодлого барьж байгааг ч энэ үеэр онцлов. Тайлангаас үзэхэд үйлдвэрийн газрын бүх цех, нэгж өртөг зардлаа зохист хэмжээнд бууруулан ажиллажээ. Үйлдвэрийн удирдлагууд ч нэмэлт орлого олох боломжийг бүх талаар хайж байгаагаа илэрхийлсэн. Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна өнгөрсөн жил менежментийн үйл ажиллагааны үр дүнд 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Харин 2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөөнөөс 6,7 тэрбум төгрөг хэмнэж, экспортын бүтээгдэхүүний гэрээний нөхцөлийг сайжруулсны үр дүнд 2,2 сая доллар, мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үр дүнтэй байршуулж, мөнгөний бодлого зөв хэрэгжүүлсний үр дүнд 4 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна менежмент, удирдлагын бодлогын хүрээнд нэмэлт орлого олох боломжуудыг бүрэн дүүрэн ашиглан ажиллаж байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа ярилаа. Тэрээр мөн дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ унахад технологийн материалын үнэ дагаад буурах зүй тогтол байх ёстой гэдэг үүднээс үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож үнийг боломжит түвшинд бууруулж, худалдан авалтын үйл ажиллагаанаас хэмнэлт гаргахыг зорьж байна гэв.

Тайлангийн хурлаар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудалд онцгой анхаарах, тэр дундаа цехийн үйл ажиллагааны үр дүнг тоогоор илэрхийлдэг эдийн засагч нар, хүний нөөцийн бодлого тодорхойлдог мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг тодорхойлох, давтан сургаж чадавхжуулах шаардлагатай гэж үзлээ.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой 2020 оныг угтсан. Тодруулбал, техник технологийн шинэчлэлдээ илүү шинжлэх ухаанчаар хандаж, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлийн үйл явцтай уялдуулан ажиллахад үндсэн бодлогоо чиглүүлж байна. Тиймээс энэ жил стратегийн том төслүүдийн зэрэгцээ инновацийн чухал болоод үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд гараанаас хэдийнээ хөдөлжээ. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд инновацийн гурван том төслийн судалгааны ард гарч, бодит ажил болгох үе шатандаа ороод байна. Эдгээрээс энэ удаа бид “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах буюу Химийн бодис урвалжийн хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах төсөл”-ийг онцоллоо. Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар удирдагчтай, тус хэлтсийн туршлагатай химичид, ХАБ-ын цацрагийн аюулгүй байдал хариуцсан болон Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэн, ШУА-ийн зөвлөхүүдээс бүрдсэн мэргэжлийн баг уг төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Чанар хяналтын хэлтсийн Химич инженер М.Даваажав санаачилжээ. 

-Инновацийн төслийнхөө талаар эхлээд танилцуулна уу. Ямар зорилго, чиглэлтэй төсөл вэ?

-Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэглээний судалгааны сэдвээр төслийн ажлууд хийгдэж байна. Эдгээрийн нэг нь бидний хэрэгжүүлж буй “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах” төсөл. Төслийн явцад Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигладаг химийн хорт аюултай бодисын хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах, ангиллыг тогтоох ажлууд хийгдэнэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүдэр олборлолтоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн буюу зэс, молибдены баяжмал гаргах хүртэл үйл явцад жилд 370 орчимнэр төрлийн 120 мянган тонн химийн бодис хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний химийн бодис ашиглан, үйлдвэрлэлээ явуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ төслийн үндсэн зорилт нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесст ашиглагддаг химийн хорт аюултай бодисуудын хор аюулын лавлах мэдээлэл, шошгыг хууль эрх зүйн хүрээнд олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн гаргахад чиглэгдэнэ. Мөн химийн хорт, аюултай бодистой шууд харьцан ажилладаг ажилтан, хяналтын ажилтан, авран хамгаалах ажилтанд химийн хорт болон аюултай бодисыг аюулгүй ашиглах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээллийг хор аюулын лавлагаагаар дамжуулан олгох ажил хийнэ. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин манайд бий. Химийн хорт аюултай бодисын тухай хууль, дагалдах журмуудад химийн хорт аюултай бодисыг ашиглаж буй иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хор аюулын лавлах мэдээлэл, шошготой байна гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд дээрх төслийг санаачилсан гэж хэлж болно.

-Манай үйлдвэрт өмнө нь химийн хорт бодисыг хаягжуулж, ангилах ажил хийгдэж байсан уу?

-Ерөнхийдөө ийм ажил хийгдэж байсан ч одоо мөрдөж буй стандартын дагуу хийгдээгүй.  Химийн хорт болон аюултай бодисыг шошгожуулах тухай 2013 онд НҮБ-аас тогтоосон стандартыг Монгол улс 2015 оноос хуульчлан мөрдөж эхэлсэн. Бидний энэ төсөл бол НҮБ-ын ‘‘Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем’’ болон Монгол улсын баримталж буй хууль дүрэм, стандартын дагуу хаяг шошго хийж, ангилах гэж буйгаараа онцлог юм.

-Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй химийн хорт болон аюултай бодист танай хэлтэс хяналт тавьдаг уу? Химийн хорт аюултай бодисыг ангилах, хаягжуулах ажил хэдийд бүрэн хийгдэж дуусах вэ?

-Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хяналт тавьж ажилладаг. Харин химийн бодисын лавлагаа, мэдээлэл боловсруулах тал дээр манай хэлтэс мэргэжлийн давуу тал илүү гэж болно. Учир нь  Чанар хяналтын хэлтэст Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг хянах бүх лаборатори төвлөрдөг. Энд химийн хорт, аюултай бодисын мэргэжлийн химийн судалгааг химич инженерүүд хийх боломжтой. Химийн бодис бол маш нарийн шинжилгээнд тулгуурлан судлагддаг тул энэ төслийг мэргэжлийн химичид гардаж хийх нь илүү үр өгөөжтэй, хөрсөн дээр буусан ажил болно гэж үзэж байгаа. Төсөл маань өнгөрсөн оны 5 дугаар сард эхэлсэн. Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнтэй хамтран нарийвчилсан төлөвлөгөө гаргасны үндсэн дээр 2020 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.

-Төслийн ажил өнөөдрийн байдлаар ямар явцтай байна вэ?

-Төслийн судалгаа хийгдэж дууссан. Одоо бид хор аюулын лавлагаа болон шошгыг 370 орчим нэр төрлийн химийн бодис дээр нэг бүрчлэн хийж эхлээд байна. Үүний зааварчилгааг АНУ, Англи, Австрали зэрэг томоохон орнуудын туршлага, стандартын мэдээллийг цахим сайтуудаас авч орчуулан, нэвтрүүллээ. Төслийн хэрэгжилтийг өнөөдрийн байдлаар тодорхойлбол, лавлах мэдээлэл, ангилал, хаягжуулах ажлууд дуусах шатандаа орсон. Ирэх 5 сард хор, аюулын лавлах мэдээлэл, шошгын эх бэлтгэл боловсруулах ажил дуусаж, хэвлэх, ажлын байранд байршуулах зэрэг сүүлийн шатны ажил эхэлнэ.

-Хаягжуулалт олон улсын нэр томьёогоор бичигдэж, байрших нь? Стандартын нэршил нь юу гэдэг вэ?

-Тийм. НҮБ-ын стандартыг дэлхийн 20 орчим улс орон мөрдөж ажилладаг. Энэхүү хаягжуулалтын нэгдсэн системд яагаад орох ёстой вэ гэхээр манайх импортлогч орон. Тиймээс гаднаас авч буй хорт бодисын хор, аюулын тэмдэг тэмдэглэгээнд өмнө нь их ялгаа гардаг байсан. Одоо бол нэг стандарттай болсон тул  хаяг шошго түүнд нийцээд явах боломжтой болсон. Химийн бодисын том хэрэглэгчийн хувьд ч Эрдэнэт үйлдвэр үүнийг дагах ёстой. Үйлдвэрлэлийн технологийг химийн бодисгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнөөдрийн дэлхийн нийтийн мөрдөж буй стандартыг GHS буюу Химийн хорт болон аюултай бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем гэж нэрлэдэг. Үүнийг л яг байгаагаар нь Эрдэнэт үйлдвэрт буулгана гэсэн үг. Тухайлбал, өмнө нь бид хор, аюулын тэмдэг тэмдэглэгээг улбар шар өнгөөр, дохио үг, аюулын болон сэрэмжлүүлэх кодууд өөр үсэг тоогоор илэрхийлдэг байсан.

-Төслийн ач холбогдлыг товчхон дүгнэж хэлбэл?

-Ер нь дэлхий дахинд химийн хорт, аюултай бодисыг ангилах, хаягжуулах ажил асуудалтай байсан. 2013 оноос энэхүү нэгдсэн том систем гарснаар бүх улс орнууд үүн дээр үндэслэсэн хууль эрх зүйгээ боловсруулан, хэрэгжүүлж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ стандарт хэрэгжсэнээр хорт аюултай бодисын ангилалт, хаягжуулалтад шинэ дэвшил гарч байна. Үйлдвэрлэлд их хэмжээний химийн бодис ашиглаж буй нөхцөлд ангилал, хаягжуулалт хийх ажил олон улсын түвшинд хүрээгүй байсан бол одоо үүнийг хийж эхэллээ. Ингэснээр манайх олон улсын стандартад  нийцсэн хаягтай болно. Нөгөө талаар, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан бүрд бүх тэмдэг тэмдэглэгээ, хор аюулын талаарх мэдээлэл тодорхой болж өгнө. Тухайн ажилтан эрүүл мэнд, байгаль орчинд учирч болох эрсдэл, үйл ажиллагаанаас үүсэж болох ослын үр дагаврыг урьдчилан тооцох, химийн бодис урвалжуудын шинж чанараас хамаарч ангиллын дагуу зөв зохистой хадгалах, зөв аюулгүй тээвэрлэх мэдээлэл авах, мөн химийн бодис урвалжийн хор аюулыг тодорхойлж ангилан ялгаж бүртгэлжүүлснээр  мэдээллийн санг шинээр бий болгох, химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтнуудад судлаач инженерүүд өөрсдөө сургалт зохион байгуулах зэрэг маш өндөр  ач холбогдолтой юм.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Лхагва, 22 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 22

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 113дэх өдөр. Он дуусахад 252хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +9 градус дулаан, шөнөдөө -8 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 22.Будгараг. Билгийн тооллын 30.Хөхөгчин хоньөдөр.Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Энэ өдөр туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.Өдрийн сайн цагнь могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.Хол газар явагсад зүүн хойдзүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учрах муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4994 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2783, евро 3025, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.3, Японы иен 25.8төгрөгтэй тэнцэж байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 оны 12 дугаар сард ашиглалтад орсноос хойш удаа дараагийн ээлжүүдийг мөн ашиглалтад оруулсныг бид сайн мэдэх юм. харин төслийн бүрэн хүчин чадлаа хэдийд эзэмшсэн бэ?

Хариулт: -Эрдэнэт үйлдвэр 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс улсын төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Үйлдвэрийн дараа дараагийн ээлжүүд тус бүр 4 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж, 1983 онд төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэнээс хойш тус үйлдвэр төлөвлөгөөт үндсэн бүх үзүүлэлтээ жигд биелүүлж ирсэн.  

-Эхний ээлж ашиглалтад орсноос хойших 10 гаруй жилд түүнийг барьж байгуулахад зарцуулсан зардлаа нөхөц чадсан уу. Хэрэв бүрэн нөхөж чадсан бол одоо улсад хичнээн хэмжээний цэвэр ашиг өгч байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр 1983 онд төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэнээс хойш жилд дунджаар 800 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. 1979-1988 онд нийтдээ 1200 сая рублийн бүтээгдэхүүн экспортод гарган, үүнээсээ 600 сая рублийг үйлдвэрлэл явуулахад шаардлагатай импортын сэлбэг хэрэгсэл, материал худалдан авах, манай талын хувь хөрөнгөд авсан зээл, түүний хүүг төлөх, ашгийн чөлөөт үлдэгдлийн Зөвлөлтийн талын хувийг шилжүүлэхэд зарцуулсан. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн бүх цогцолборыг байгуулахад зарцуулсан анхны хөрөнгө оруулалтыг нэгэнт бүрэн нөхөн төлснийг харуулж байна. Одоо Зөвлөлтийн талын ашгаас авах татварыг оролцуулахгүйгээр тооцоолоход улсын төсөвт жил бүр 150 сая орчим төгрөгийн цэвэр орлого оруулж байна.

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог