Нийгмийн хариуцлага

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай биечлэн танилцаж, заводын ажилтнуудтай уулзлаа.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, өнгөрсөн 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж, олон том бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авсан. Тэдгээрийн нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажил юм.Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх 5 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж буй. Өргөтгөлийн шинэ технологийн автоматик тохируулга, угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байсан Германы мэргэжилтнүүд “ковид-19” вирусын тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийн улмаас ирж чадаагүй. Тиймээс энэ ажлыг заводын  инженерүүд өөрсдийн хүчээр дуусгахаар шамдаж, шаардлагатай үед Германы талтай цахимаар холбогдон мэргэжлийн зааварчилгаа авч, үргэлжлүүлж байгаа аж.

Өргөтгөлийн ажлын явц сайн байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрээр тус  өргөтгөл, шинэчлэлийн үр ашгийн талаар “Цутгуурын цехэд энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр тус заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн том дэвшил гарна. Үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Өртөг зардал ч буурах боломж бүрдэнэ. Цаашид ч, Засвар механикийн заводад үе шаттай өргөтгөл шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй уул уурхай болоод ХАА зэрэг бусад салбарт ч эрэлт хэрэгцээтэй импорт орлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлэх алхам болж байна. Цутгуурын цехийн өргөтгөлийн үр дүнд орон зай, талбай болон техник тоног төхөөрөмжийн  хувьд ч илүү оновчтой, харьцуулалтгүй шинэчлэгдлээ. Цутгуурын хэсгийн хэв гэдэг бол сэлбэг материал, эд анги үйлдвэрлэх гол хэсэг. Энэ чухал дамжлага амжилттай хийгдлээ. Ингэснээр, Засвар механикийн завод шинэчлэл өөрчлөлтийн тодорхой алхам хийж, цаашид илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах хөгжлийн боломж бүрдэж байна” гэж ярьсан юм. Мөн энэ үеэр, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй заводын ажилтнуудтай уулзаж, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар асууж ярилцахын зэрэгцээ хэдийгээр корона вирусын тархалт нь эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлж буй ч Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн юм.  

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 4 дүгээр сарын эхний 20 хоногт 1338.4 мянган метр куб уулын цул гаргаж, 535.8 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Эдгээр ажлын төлөвлөгөөний биелэлт 92-98.4 хувийн үзүүлэлттэй байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөө 102.6 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 106.4 хувиар тус тус биелэв. Сарын эхний 20 хоногт уурхайчид 2034.5 мянган тонн хүдэр олборлож, 1772.5 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.472 хувь буюу төлөвлөгөө 102.4 хувиар, молибдены агуулга 0.0210 хувь буюу 135.5 хувиар биелж, зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.5 хувиар, молибдены 113.4 хувиар тус тус биелжээ. Баяжмал дахь зэсийн агуулга 7345 тонн, молибдены агуулга 204 тонн байж, төлөвлөгөө 109-163.4 хувиар биелсэн дүнтэй байна. Сарын эхний 20 хоногт 32563 тонн зэсийн баяжмал, 211 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 101 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 103.5 хувиар биелүүлж ажиллалаа.

М.Балжинням

Мягмар, 21 4-р сар 2020 00:00

Манлайлагч

 
    Эрдэнэт үйлдвэрийн cайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад “айрагдсан” Н.Тугтөгсийн тухай өгүүлэх нь. Хууз сахалтай, бөх шинжийн хүдэр биетэй, идэр насны энэ эр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хэвний хэсгийн дарга. Түүнтэй уулзахаар Цутгуурын цехэд ирэхэд, эдний хэсэгт хийгдэж буй “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв хийх технологи нэвтрүүлэх” бүтээн байгуулалтын төгсгөлийн шат, тоног төхөөрөмжийн тохируулгын ажил өрнөж байв. Шинэ тоног төхөөрөмж суурилуулсантай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам, эрсдэлийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны карт боловсруулах гээд тэд үдэш оройгүй сууж, ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. Ажилчдаа шинэ тоног төхөөрөмж дээр сургах, дадлагажуулах ажил ундарч байгааг учирлав.  Тэрээр Их хурлын гишүүдийн тоотой дүйцэхүйц  энэ “том” хамт олныг удирдан,  үйлдвэрлэлийн чухал процессыг үр ашигтай авч явахын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулна. Н.Тугтөгс Цутгуурын цехийн ажилчны энгийн хөдөлмөрөөс эхлэн бүхий л шат дамжлага, технологийг мэддэг хүний хувьд тухайн ажлын зовлон бэрхшээлийг андахгүй. Түүний ажил, өөрийнх нь хэлснээр удирдлага ажилчин хоёрын гүүр болдог. Тэр залуустаа  “Ажилдаа өөриймсөг хандаж, аливааг хугацаанд нь чанартай хийвэл дараагийн ажил овоорохгүй, зам мөр нь зөв болно” гэж сургана. Бас зөв хандлагатай байж,  байнга сурч, өөрийгөө хөгжүүлэн шинийг эрэлхийлж,  биеэ   дайчлан ажиллахыг өөрөөсөө ч, өрөөл бусдаас ч шаардана. Тэр дээд сургуулиа төгсөөд Заводдоо засварчин, материал бэлтгэгчээр жил гаруй  ажиллаад л анхан шатны удирдлага болох мастер болсон. Мөн мастераар 14 жил ажиллаад, хэсгийн даргаар томилогдон өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүний шилдэг чанарууд тушаал дэвшихэд нөлөөлсөн нь мэдээж. Тэр удирдагч хүнд байх шилдэг чанар юу вэ? гэсэн асуултад, “Том ч бай, бага ч бай хамт олныг удирдаж буй хүн мэдрэмжтэй байж, ажилчныхаа жаргал зовлонг ойлгодог, тэднийхээ төлөө сэтгэлээ зориулдаг байх нь чухал” гэж хариулсан юм. Эдний хэсгийнхэн хэвийн бус нөхцөлд ачаалалтай ажилладаг болохоор амралт чөлөөт цагаа зөв зохицуулж, мэргэжлээс шалтгаалах өвчинд ажилчдаа өртүүлэхгүй байхад даргын хувьд ихээхэн санаа тавьж явдаг юм билээ. Н.Тугтөгс хамт олноо сайн удирдахын зэрэгцээ бүтээмж сайжруулах,  ажлын байрны тав тухыг хангах, аюулгүй ажиллах, эргономик буюу ажлыг биед эвтэй байдлаар гүйцэтгэн мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр, цаг хугацаа, материал хэмнэхэд чиглэсэн санал санаачилга тогтмол гарган, өөрийн  биеэр үлгэрлэж, хамт олноо идэвхжүүлдэг. Тэр хамт олноороо, шилдэг шинийг санаачлагчаараа бахархаж, суралцаж явдгаа ч нуугаагүй. “Сайн саналын системийн 100 манлайлагчийн  жагсаалтыг тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ манай  хэсгийнх. Түүний бүтээлч чанараас үүдэн хамт олны дунд шинийг эрэлхийлэх уур амьсгал төлөвшиж, ажлын орчин нөхцөл сайжирч, ажлыг осолгүй зөв гүйцэтгэх, бага материалаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага эрс нэмэгдэж байгаа” гэж Н.Тугтөгс бахархан ярьсан юм. 
     Н.Тугтөгс өнгөрсөн онд  51 санал дэвшүүлсний долоо нь маш сайн, сайн саналаар, 19 нь энгийн саналаар үнэлэгдэж, 34 хувь нь хэрэгжсэн байдаг. Ганцхан   жишээ дурдахад түүний санаачилсан “Шингэн металл юүлэх шанаганы ашиглалтын цагийг уртасгах” төсөл мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан. Шингэн металл юүлэгч шанаганы доторлогоог нунтаг материал оруулан хийснээр  эдийн засгийн хэмнэлттэй болж, ашиглалтын хугацааг уртасгажээ. Эдийн засгийн ач холбогдлыг нь тоон үзүүлэлтээр авч үзвэл таван тонны шанагыг жилд 20 удаа засварладаг байсан бол төсөл хэрэгжүүлснээр зургаан удаа засварладаг болжээ. Үүнээс үүдэн материалын зардал 35,3 сая  төгрөг буюу 49 хувиар, хөдөлмөр зарцуулалтыг  544 цаг буюу 85 хувиар  бууруулсан байна. 
   Түүний олон санал, санаачилга ажил хөнгөвчилж, аюул ослоос  сэргийлж, өртөг зардал бууруулжээ. Тэр зөвхөн санаачлаад зогсохгүй, хамт олноо шинийг санаачлах үйлсэд түүчээлэн дагуулж,  уриалан дууддаг. Шилдэг манлайлагчийн үйлс бүтээл нь улам өрнүүн байг. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
 
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндоржтой уулзаж ярилцлаа.
-Танай цехийн технологийн тээврийн болон төрөл бүрийн автомашины хэсгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт ямар түвшинд явж байна вэ?
-Автотээврийн цех нь Технологийн тээвэр, төрөл бүрийн маркийн автомашины, тусгай зориулалтын машин механизмын гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Эдгээр хэсгүүд автомашинд үйлчлэх засварын гурван хэсэгтэй, нийт 850 гаруй ажилтантай, хүний хөгжлийг эрхэмлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл оновчтой автотээврийн системээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжин, 130 тоннын  БелАЗ-75131 маркийн хүнд даацын өөрөө буулгагчаас эхлээд орчин үеийн суудлын автомашин хүртэл төрөл бүрийн маркийн 300 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр уулын цул тээвэрлэх, үйлдвэрийн ажилтнуудыг зөөвөрлөх, зам талбай засварлах, цэвэрлэх, хаягдлын аж ахуйн далан барих, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд захиалгын дагуу шаардлагатай ачаа, бараа материал тээвэрлэх ажил гүйцэтгэж байна.  Манай хамт олон  үйлдвэр анх ашиглалтад ороход 624 мянган шоо метр уулын цул, үүнээс 386 мянган тонн хүдрийг Баяжуулах үйлдвэрт тээвэрлэж 3 сая 292 мянган т/км-ын ачаа эргэлтийн ажил хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг жил бүр тогтмол давуулан биелүүлж ирсэн түүхтэй. Өнгөрсөн онд 25 сая 380 мянган шоо метр уулын цул тээвэрлэж, 219 сая 400 мянган т/км-ын ачаа эргэлтийн ажил хийж төлөвлөгөөг 100 гаруй хувиар тус тус давуулан биелүүлсэн. Төрөл бүрийн маркийн тээврийн хэрэгсэл болон тусгай зориулалтын механизмын хэсгүүд 474 мянган машин цагийн ажил гүйцэтгээд байна.
-Сүүлийн жилүүдэд Өөрөө буулгагч автомашины түлш, тослох материал, сэлбэгийн зарцуулалтад хэмнэлт гарч байгаа юу? Засварын газарт шинэлэг ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Авто тээврийн цехийн агуулахад гурваас дээш жил хадгалсан сэлбэг хэрэгсэл, бараа материалын тоо хэмжээг нарийвчлан гаргаж, сэлбэгийн эдийн дугаарын зөрүүг арилгаж  шаардлагатай газруудад хэрэгцээтэй материалыг нь цех хоорондын тооцоогоор шилжүүлснээр 18,8 хувьтай байсан үлдэгдлийг 13 хувь болгон бууруулсан. Уулын технологийн тээврийн хэсгийн жолооч нарын ээлж солилцох хугацааг богиносгох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Энэ хугацаанд 32703.9 км-ын ачаагүй гүйлт хэмнэж, БелАЗ-ын ачилтад орох хугацааг ээлж болгонд жолооч тус бүр 10-15 минутаар богиносгон,  гүйлт ашиглалтын итгэлцүүрийг нэмэгдүүлэн автомашины түлшний зарцуулалт буурч, ээлж солилцох үеийн хүдэр тээвэрлэлтийн хэмжээ 448.5 тонноор нэмэгдсэн.  Мөн тооцоо судалгааны үндсэн дээр уулын технологийн тээвэрлэлтийн процессын алдагдлыг бууруулахаар нарийвчлан судалж түлш цэнэглэлт, цайны цагийн үеийн ачаагүй сул гүйлтийг багасгах арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн бага оврын автобуснуудыг дуудлагын үйлчилгээнд шилжүүлснээр хөдөлмөрийн бүтээмж дээшилж, автомашины сул зогсолт буурч, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ажлыг хөнгөвчлөн, хурдан шуурхай үйлчилж байгаа. Автотээврийн цехийн автомашин, механизмыг ашиглах, засварлах хяналт тавих ажиллагааг зохион байгуулах тухай журмыг шинэчлэн боловсруулж батлуулах ажил хийгдэж байна.
-Танай цех хүнд даацын автомашинуудад тавигдах техникийн шаардлагын дагуу засвар үйлчилгээг чанартай хийж ирсэн. Энэ утгаараа засвар үйлчилгээ, хяналтын шинэ техник технологийг хэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хүнд даацын Өөрөө буулгагч автомашинууд нь уулын цул тээвэрлэх гол ажлыг гүйцэтгэдэг тул техникийн бэлэн байдлыг ханган ажиллах нь маш чухал юм. Манай цех үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа компьютерийн системийг өргөн нэвтрүүлж, хэсэг бүрийг нэгдсэн сүлжээнд холбон, ажлын үзүүлэлт, шатах тослох материалын зарцуулалт, техникийн үйлчилгээ засварын үечлэл, сэлбэг материалын зарцуулалт, ажлын цагийн тооцоо зэргийг хянах, судлах программ, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “Cummins” маркийн хөдөлгүүр турших, хэвшүүлэх стенд, тэжээлийн системийн эд ангиудыг шалгах, тохируулах, засварлах тоног төхөөрөмж, Герман улсын “Тип-Топ” компанийн дугуй засварын технологи, Итали, Бельги улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон суудлын автомашины “Авто сервис”, төрөл бүрийн маркийн автомашины бүрэн автомат угаалга, сансрын хиймэл дагуул ашиглан алсаас хянах, Австрали улсын Макромайнинг компанийн диспетчерын удирдлагын хяналтын “Питрам” систем, үүрэн холбооны сүлжээ ашиглан хянах “Автотрекер” систем, 50м3 багтаамжтай ухаалаг шатахуун түгээх станцыг суурилуулсан зэрэг шинэ техник технологи нэвтрүүлээд байна. Цаашид байгалийн хий, түлш хосолсон хөдөлгүүр бүхий авто самосвалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ОХУ-ын компани бидэнд танилцуулсан. Энэ талаар судална. Ил уурхай дахь хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн нойрмоглох байдлыг илрүүлэх АНУ-ын Катерпиллер брэндийн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.  
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
Мягмар, 21 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 21

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 112 дэх өдөр. Он дуусахад 253 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +5 градус дулаан, шөнөдөө -5 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 21. Ангараг гараг. Билгийн тооллын 29. Хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Дайсныг номхотгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжил. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол замд явах хүмүүс баруун урд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүнс тэнэж одох муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5169 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2783, евро 3014, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.6, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад Орос, Монголын тал хэчнээн хөрөнгө оруулсан бэ?

Хариулт: -“Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрыг түшиглэн байгуулах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн иж бүрэн цогцолбор, нийгэм, соёлын дэд бүтцийг барьж байгуулахад 595 гаруй сая шилжих рублийн хөрөнгө оруулалтыг Зөвлөлтийн хүч хөрөнгөөр хийжээ. Энэ хөрөнгө оруулалтаас 370 гаруй сая шилжих рубль буюу 2 тэрбум орчим төгрөгийг Эрдэнэт үйлдвэр, түүний нийгэм соёлын барилга, байгууламжийг барихад зарцуулсан юм. Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрийн дагуу энэ хөрөнгийн тал хувийг Зөвлөлтийн талаас оруулсан бөгөөд үлдэх хувийг нь Зөвлөлтөөс авсан зээлээр Монголын тал төлжээ. Эрдэнэт үйлдвэр 1989 он хүртэлх хугацаанд 600 орчим сая рублийн валютын цэвэр орлого оруулсан нь анхны хөрөнгө оруулалт зээлийг төлөхөд хүрэлцээтэй байв. Эрдэнэтийн цогцолборт багтаж байгаа 1,1 гаруй тэрбум төгрөгийн барилга байгууламжуудыг Монгол, Зөвлөлтийн зохих байгууллагуудад шилжүүлэн өгсөн.

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог