Нийгмийн хариуцлага

Баяжуулах үйлдвэрийн хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдөл” сэдэвт зохион бичлэгийн цахим уралдаан зарлажээ. Тус цехийн нэрэмжит эл уралдаан нь ирэх 5, 6 дугаар сард болох Гэр бүлийн болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдийг угтан зохион байгуулагдаж буй. Сургууль, цэцэрлэгүүд “ковид-19” халдвараас хамгаалах хорио цээрийн дэглэмтэй байгаа үед гэр гэртээ байгаа хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх, тэдний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг сонсоход уралдааны зорилго чиглэжээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том цех болсон Баяжуулах үйлдвэрт “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө” нэртэй зөвлөл ажилладаг. Зөвлөлийн бүрэлдэхүүнд цехийн дарга нар, олон нийтийн байгууллагын удирдлагууд багтдаг бөгөөд энэ удаагийн зохион бичлэгийн уралдааныг цахимаар хүлээн авч зохион байгуулах юм. “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар оролцоно.  

Мөн Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд ажилтнуудынхаа бүх насны хүүхдүүдийг хамруулсан “Гэр бүлийн аз жаргал-Амжилтын үндэс” цахим уралдааныг эхлүүллээ. Хүүхдүүд бусадтай харилцах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, зөв төлөвших, эцэг эхийн үүрэг, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үр хүүхдээрээ бахархах, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахад цахим уралдааны зорилго оршиж байна. Цахим уралдаанд 3 хүртэлх насны хүүхдүүдийн  хөгжилтэй дүрс бичлэгүүдийг аав ээж нь ирүүлэх бол 4-5 насныхан үлгэр ярих чадвар, 6-7 насныхан уран уншлага, 8-9 насны хүүхдүүд “Миний аз жаргал-миний гэр бүл” сэдвийн дор зураг зурж, өрсөлдөх аж. Тэгвэл 10-16 насныхан “Юмханаар юм хийе”, Онч мэргэн үг зохиох, Анимэйшн кино хийх, Миний авьяас-Миний бахархал” зэрэг олон төрлийн уралдаанд цахимаар оролцож, хүүхдүүд авьяас чадвараа сорих юм.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ хаврын “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Баян-Өндөр уулын энгэрт 500 ширхэг мод шинээр тарина. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс  өнгөрсөн жил Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажлыг эхлүүлж, нэг га талбайд 800 ширхэг мод тарьсан юм. Энэ хавар бүх нийтийн мод тарих өдрийн бэлтгэл болгож, өнгөрсөн жилийн тарьсан моддыг тойруулан хамгаалалтын хашаа барьж байна. Хамгаалалтын хашаа барих ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн ажилтнууд, бусад цех нэгжүүдтэй хамтран гүйцэтгэжээ. “Ойр орчимд нь мал бэлчээрлэх, шинэ тарьсан мод, суулгацыг идэж сүйтгэх зэрэг эрсдэл гарч болзошгүй тул Хүрэн булгийн аманд тарьсан модоо хамгаалах хашаа барилаа. Ингэснээр хүн, мал, амьтнаас тарьсан модоо хамгаалах хамгийн найдвартай үр дүнтэй арга болно” гэж Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Л.Батсайхан ярив.  

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ хаврын мод тариалалтад шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус хэлтсийнхэн Япон улсын туршлагаар 4-5 төрлийн модыг ойр ойрхон зайтай тарих аж. Энэ жилийн мод тариалалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай уялдуулан бөөгнөрөл үүсгэхгүйгээр цөөн тоогоор хуваарь гарган зохион байгуулна гэж Нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн албаны дарга Б.Пүрэвсүрэн онцоллоо.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

Пүрэв, 16 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 16

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 107 дэх өдөр. Он дуусахад 258 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +13 градус дулаан, шөнөдөө -3 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-5 м/сек байна.

3. Аргын тооллын 4 сарын 16. Бархасвад гараг. Билгийн тооллын 24. Шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Энэ өдөр могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Замд гарах, анд нөхөр болох, сургуульд сурах, ном сонсох, номлох, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол замд явах хүмүүс баруун хойд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг тусах муу тул цээрлэ.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5054.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2782, евро 3041, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37.9, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1999 оны 4-р сар

  • Монголын Үндэсний Олимпын хорооны ээлжит их хурал Улаанбаатар хотод хуралдаж, Орхон аймгаас Ш.Отгонбилэг, Д.Баясгалан, Н.Зулбаатар нар төлөөлөгчөөр оролцжээ. Тус их хурлаас МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Ш.Отгонбилэг улиран сонгогджээ.

2002 оны 4-р сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн ХХХII хуралдаан болов. Хуралдааны протоколд зэс, молибдены овоолгыг дахин ашиглах, катодын цэвэр зэс гаргах чиглэлээр туршилт, судалгаа, төсөл, тооцоо хийгдэж байгааг онцлон тэмдэглэв.

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог