Нийгмийн хариуцлага

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уурхайчид нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлсний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт эерэг гарчээ. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж, нэгдүгээр улирлын дунджаар, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөснөөс даруй 5,9 хувиар бага байсан ч нийт борлуулалтын орлогын төлөвлөгөөг 1,7 хувь давуулан биелүүлсэн байна. Мөн зардлын төлөвлөлтийг 2,7 хувиар бууруулж ажилласнаар цэвэр ашгийн төлөвлөгөөг 28,2 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ. Түүнээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 3,9 хувиар өссөн байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж байгаа ч цаашид нормчлогдсон материалын нийлүүлэлтийг яаравчлахгүй бол үйлдвэрлэл хязгаарлагдах дүр зураг ажиглагдаж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон сануулсан. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ил уурхайд Тэсрэх бодисын үйлдвэр барих, Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, усны шугам хоолой шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдэр боловсруулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төслийн ажилд ахиц гаргахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.    

М.Одгэрэл

Б.Баттөгс

 
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш унаж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хямралын эсрэг хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна. Үүний дагуу Баяжуулах үйлдвэр ямар төлөвлөгөөтэй ажиллаж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэрхэн хийгдэж буй талаар тус цехийн дарга М.Отгоноос тодрууллаа.   
 
 
-Баяжуулах үйлдвэр хэмнэлтийн бодлогын ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?  
-Бид өртөг зардал бууруулах ажлын төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу энэ онд есөн тэрбум төгрөгийн зардал бууруулж ажиллана. Эхний улирлын байдлаар бид 3,2 тэрбум төгрөгийн өртөг зардал бууруулсан.
-Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавраа хэрхэн биелүүлж байна вэ?    
-Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Өнгөрсөн сард бид Нунтаглан баяжуулах хэсэг дээр дөрөвдүгээр тээрмийг хугацаанаас нь 300 цагийн өмнө ашиглалтад оруулснаар нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүллээ. Өнгөрсөн долоо хоногт, Өөрөө нунтаглах хэсэг дээр хүдэр нунтаглалтын гуравдугаар шугам засварт орж, зогссон. Бид  ажлын цаг ашиглалтыг сайжруулан, удирдлага зохион байгуулалтыг нэмэгдүүлж, механикжсан багаж хэрэгслүүд ашиглан, амралтын өдрүүдэд ажиллах нэмэлт бригад зохион байгуулсны үндсэн дээр гурван өдрийн өмнө тээрмийг залгалаа. Энэ  мэтчилэн бид жижиг гэлтгүй бүх тоног төхөөрөмжүүдийн ажиллах цагийг уртасгаж, засварын цагийг богиносгосны үр дүнд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. 
-Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт ямар байгаа вэ? 
-Бид энэ жил 32.3 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй. Эдийн засгийн хямралын эсрэг нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгаврын дагуу төлөвлөгөөнөөс илүү 300 мянган тонн хүдэр боловсруулах чиглэл өгсөн. Нэгдүгээр улиралд төлөвлөгөөнөөс 120 орчим мянган тонн хүдэр илүү боловсрууллаа. Цаашид хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулж, нэмэлт бүтээгдэхүүн, хүдэр боловсруулах ажлыг эрчимжүүлнэ. 
-Хөрөнгө оруулалтын ажлууд эхэлсэн үү?  
-Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд явж байна. Энэ жилийн томоохон ажлын нэг болох Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын барилгын шавыг саяхан тавилаа. Үүнтэй холбоотой инженер, геологийн судалгааны ажил хийгдэж байна. Барилгын суурийн зургууд эхний байдлаар ирсэн. Мэргэжлийн хүмүүс үзэж дүгнэлт гаргана. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ. Тавдугаар сарын дунд үеэс газар шороо, барилгын ажил эхэлнэ. Мөн энэ жил хийгдэх бас нэгэн томоохон ажил нь хам баяжуулалтын тавдугаар секцийг 12 сая тонны хүчин чадалтай болгон өргөтгөх юм. Энэ ажлын техникийн тодорхойлолт боловсруулагдсан, үнэлгээний хороо байгуулагдсан, тендер зарлах шатанд явж байна. Бид 2020 оны хоёрдугаар улиралд багтаан энэ ажлыг гүйцэтгэхээр нарийн төлөвлөгөө гарган шахаж ажиллаж байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.  
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв хоёр цех нэгдэн өргөжсөнтэй холбоотойгоор зүтгүүрийн депогийн ажилчдын хоолны газрыг өргөтгөн ашиглалтад орууллаа. Өмнө нь тус цехийн ажилтнууд зөөврийн болон  Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Засвар механикийн заводын хоолны цэгүүдэд үдийн хоолоор үйлчлүүлдэг байв. Харин өнөөдрөөс, цехийн 200 орчим ажилтан өөрийн байранд халуун хоолны үйлчилгээ авах боломжтой боллоо. Энд “Хаан хүнс” компанийн 7 дугаар салбар нээгдэж, өдөр тутам халуун хоолоор үйлчлэх аж. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд болон эрүүл ахуйн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байрны нөхцөл сайжруулсан хөрөнгө оруулалтын ажилд 240 орчим сая төгрөг зарцуулжээ. Мөн энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Хаан хүнс” компанийн салбар хамтран дархлаа дэмжих өдөрлөг зохион байгуулж, амин дэмийн ундаагаар ажилчдад үйлчлэв. Тус үйл ажиллагаанд Орхон эм хангамжийн газрынхан нэгдэж, бүх төрлийн амин дэмийн бүтээгдэхүүнээ 10 хувиар хөнгөлөлттэй олгож буйг танилцууллаа.     

М.Балжинням

Даваа гараг бүр болдог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэнг 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг гардуулав. Мөн хөдөлмөрийн хамт олноо манлайлан, ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнастад “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусны түлхүүр гардуулсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллах хугацаандаа Улаанбаатар экспедицийн хайгуулын гуравдугаар ангид ажиллаж Таван толгойн нөөц тогтоохоос ажлын гараагаа эхэлж, Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтыг удирдсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”-ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан. Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ. “Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг даруй 40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн газрын удирдлагууд үзжээ.

Харин ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн тэргүүний ажилтан, шинийг санаачлагч Г.Мөнхнаст нь 2006, 2018 оны Хөдөлмөрийн аварга бөгөөд 2012 онд “Уурхайчны алдар” алтан медаль, 2016 онд “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчин юм.

Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар бэлэг барьж байсан бол энэ удаа дахин хоёр ажилтнаа орон сууцаар ийнхүү шагналаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Дөрөвдүгээр сар гарсаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө өндөр хувиар биелж байна. Сарын эхний 10 хоногт уурхайчид 668.7 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 100.7 хувиар, 283.6 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 101.3 хувиар тус тус биелжээ. Хүдэр олборлолтын гүйцэтгэл 978,3 мянган тонн буюу төлөвлөгөөний биелэлт 99.9 хувьтай байна. Баяжуулагчид сарын эхний 10 хоногийн байдлаар 846.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 110.2 хувиар биелүүллээ. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.472 хувь, молибдены агуулга 0.0194 хувь  буюу төлөвлөгөөний биелэлт 102-125 хувьтай гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены төлөвлөгөө 105.9 хувиар биелж, баяжмал дахь зэс 3498 тонн, молибден 84.3 тонн буюу төлөвлөгөөний үзүүлэлт 113-146 хувийн биелэлттэй байна. Эхний 10 хоногт уурхайчид хуурай жингээр 15806 тонн зэсийн баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.42 хувь буюу төлөвлөгөө 101.9 хувиар, молибдены баяжмалын чанар 49,64 хувь буюу 103.4 хувиар тус тус биелснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Даваа, 13 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 13

Мэдүүштэй...

1.Өнөөдөр жилийн 104 дэх өдөр. Он дуусахад 261 хоног үлдлээ.

2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +12 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, ялимгүй хур тунадастай, салхины хурд 5-7 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 13. Сумьяа гараг. Билгийн тооллын 21. Улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандаж, 19 цаг 39 минутад жаргана. Энэ өдөр морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тариалан тарих, сан тавих, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа хийхэд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол замд гарах хүмүүс баруун урд зүг рүүмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадөвчин тусах муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3025, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1986 оны 4-р сар

  • Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дэргэд “Шинэ иргэний ёслолын танхим” байгуулжээ.

1989 оны 4-р сар

  • БНМАУ-ын “Комплекс импорт” нэгдэл, ЗХУ-ын “Тяжпромэкспор” нэгдлийн хооронд “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадлыг 20 сая тоннд хүргэх өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх эцсийн шатны гэрээ байгуулав.
  • Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр сая дахь тонн зэсийн баяжмалаа шөнийн 03:00 цагт гаргав.
  • МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХТ-ийн дарга Ж.Батмөнх Эрдэнэт хотод зочилж, ажил байдалтай нь танилцав.

1991 оны 4-р сар

  • Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай 1973 оны хэлэлцээрүүдийг шинэчлэх асуудлаар Зөвлөлтийн талтай хийсэн уулзалт, ярианы дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

2020 оны 4-р сарын 13

  • Эрдэнэт үйлдвэрийн Өнөөгийн Эрдэнэт сонины 800 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог