Нийгмийн хариуцлага

Ил уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил хуваарийн дагуу үргэлжилж буйг уурхайн дарга Б.Отгондаваа онцлов. Коронавирусын тархалттай холбоотойгоор тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд эрсдэлийг тооцож буй ч одоогоор бүтээн байгуулалтын ажил хэвийн байгаа аж.  “Эрдэнэтийн-Овоо”- ны баруун талд баригдаж буй тус под станцын суурь болон шугам тавигдаж, шон татах ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгчээр “Энх Өглөө” компани ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай техник тоног төхөөрөмж, трансформаторыг маргааш зөөж авчрах юм байна.  Ил уурхайн цахилгаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 8 мегаватт байдаг. Гэтэл тус уурхайд ашиглаж буй экскаватор 8 мегаваттаас илүү цахилгаан эрчим хүч зарцуулдаг учраас цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэх шаардлагатай болжээ. Иймээс 10 мегаваттын хүчин чадалтай шинэ под станц барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд уурхайн уулын ажил ихсэх тусам экскаватор, өрмийн машин зэрэг том оврын техникийн тоо нэмэгдэнэ. Тэдгээрийг хэвийн ажиллуулахад цахилгаан хангамжийн өргөтгөл өндөр ач холбогдолтой. Өвлийн улиралд нэмэгддэг уурхайн ачааллыг ч багасгахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Ил уурхайд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Тэсрэх бодисын үйлдвэр барих ажил эхлэх бол техникийн шинэчлэлээр ЭКГ-12 маркийн хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр авна. Мөн хүнд даацын авто чирэгч, дугуйт бульдозер, УА-800 дугуйт ачигч зэрэг техник, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажлууд хийхээр төлөвлөжээ. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн хамт олон өнгөрсөн оныхоо амжилтаа бататган, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн Ил хуваарилах байгууламжид ТДНС-10000 мВа хүчин чадалтай, 35 кВ-ын трансформаторыг сольж, их засвар хийхээр төлөвлөжээ. Тус цехэд 2019 онд Казахстан улсад үйлдвэрлэгдсэн шинэ трансформатор нийлүүлснээр 30 гаруй жилийн насжилттай, үйл ажиллагаа нь доголдож аваарын байдалтай байсан хоёр трансформаторыг сольж, ээлжээр засварлах боломж бүрдсэн. Үүний үр дүнд саяхан тус цехийн ажилчид өөрсдийн хүчээр Хаягдлын аж ахуйн дэд станцын 35кВ-ын Ил хуваарилах байгууламжид байрлаж буй трансформаторыг сольж дууссан байна. Одоо хоёр дахь трансформаторын их засварын ажлыг эхлүүлээд байна.

Ирэх 5 дугаар сард, гадна байрладаг Ил хуваарилах байгууламжийн өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн засварын ажил хийгдэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ЦРП-7,10 зэрэг 35 кВ-ын дэд станцад ОХУ-ын ЗЭТО компанид үйлдвэрлэсэн элегазын орчин үеийн технологи бүхий өндөр хүчдэлийн таслуур болон хуурай салгууруудыг суурилуулах ажлыг төлөвлөж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэрт “Нэн түрүүнд-ХАБ” уриа хэрэгждэг. Ажилчдадаа аюулгүй, ая тухтай ажлын байранд урам зориг, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, осол зөрчилгүй хөдөлмөрлөх зарчим мэдээллийг сурталчлан таниулах, хяналт тавих гээд олон ажлыг ХАБЭА-н хэлтэс хариуцан ажилладаг. Шинээр  хэрэгжүүлж буй цаг үеийн болоод цаашдын зорилтын талаар тус хэлтсийн дарга Д.Мөнхболдтой ярилцлаа.

-ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарал хандуулж буй гол ажлуудын талаар ярихгүй юу?     

-ХАБЭА-н хэлтэс долоо хоног тутмын үйл ажиллагааны мэдээллээ өөрчилж, төрөлжүүлж гаргадаг боллоо. Тухайлбал, тухайн долоо хоногт ХАБЭА-н чиглэлээр хэчнээн төрлийн сургалт төлөвлөгдөж, яаж хэрэгжсэн эсэх, өндөр эрсдэлтэй ажил хэд байв, тэдгээрт хэрхэн хяналт тавьж ажилласан гэх зэргээр дүгнэж байна. Оны эхний улиралд манай хэлтсээс бүх бүтцийн нэгж дээр эрсдэлийн удирдлагын хүрээнд хийгддэг ажлыг үнэлүүлж, өндөр эрсдэлтэй ажлын мэдээллийг долоо хоног тутамд гаргаж байна. Жишээ нь, Баяжуулах үйлдвэр дээр хийгдэх өндөр эрсдэлтэй ажлуудын мэдээллийг урьдчилж аваад, газар дээр нь очиж шалгадаг болсон. Өмнө нь цех бүрээр ороод, энд юу болж байна гээд гэнэтийн байдлаар очдог байсан бол одоо бүх хяналт шалгалт зорилтот болсныг онцолъё. Мөн тусгай зөвшөөрөл, нарядаар хийгддэг галын ажлууд ч үүнд хамаарч байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Бидний нэг үндсэн ажил бол ажилчдын хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, хангалт.  Одоогийн байдлаар, өвлийн хувцасны нөөц боломжийн хэмжээнд буй ч зуны хувцас, гутал бэлдэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Оёдлын цехтэй 14 хоног тутамд уулзалт хийж,  хамтран ажиллаж байна. Бид одоо, ажлын хувцасны загварын альбомыг шинэчилнэ. Үйлдвэрийн хэмжээнд өвөл, зуны хувцас хэчнээн төрлөөр ямар загвартай байхыг тодорхой болгох юм. Хуучин альбомд ажилчны болон инженер техникийн ажилтны загвар гэж ангилдаг байсныг бид өөрчилж байгаа. Учир нь ажлын байрны албан тушаалын ялгаварлан гадуурхал гэж үзэж, ингэж ангилах нь зохимжгүй гэж ойлгож байна. Ер нь ажилтны ажлын хувцсаар дамжуулан Эрдэнэт үйлдвэртээ хайртай, үнэнч байх, бахархах зэрэг ажилчин хүний үнэт зүйл илэрхийлэгддэг. Тиймээс ажилчин, инженер техникийн ажилтны загвар гэж байсныг өөрчлөн үйлдвэрлэлийн болон албан ажлын загвар гэж гаргана. Албан ажлын өрөөнд ороход үйлдвэрийн нүүр царайг илэрхийлсэн, өнгө үзэмжтэй загвар байх шаардлагатай гэж үзсэн. Харин үйлдвэрлэлийн орчинд бол хүнд ачаа тээш өргөж буулгах зэрэгт тохиромжтой, ажил хийхэд саадгүй байхаар гаргана. Мөн ажил мэргэжлийн онцлогт тохирсон, хавар, намрын улиралд өмсөх дулаан цамцны загвар гаргасан. Энэ бүхнийг бид Оёдлын цехтэй хагас жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ. Хувцасны захиалга хангалтын хувьд өмнө нь өвлийн зуны бүх хувцсыг ижил тоогоор үйлдвэрлэж гаргаснаас ажилчдын хувцасны хэмжээ зөрж, томдох эсвэл багадах гээд асуудлууд их байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор бид өнгөрсөн саруудад үйлдвэрийнхээ бүх ажилтны биеийн хэмжээг авсан. Ингэснээр тухайн ажилтны биеийн хэмжээнд таарсан хувцсыг эдэлгээний хугацаа нь дуусахаас нэг сарын өмнө үйлдвэрлэж бэлэн болгох боломжтой болох юм. Ажлын хувцасны хэрэгцээ, эрэгтэй эмэгтэй хүний норм хэд байх вэ гэдгийг урьдчилан судална. Судалгаанд үндэслэн Оёдлын цехэд захиалга өгнө гэсэн үг юм. Ингэж бид ажлын хувцасны загвар, нөөц гээд бүх асуудлыг шийдсэнээр “Яг цагт нь” гэдэг системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. ХАБЭА-н хэлтсийн хамгийн гол чиг үүрэг бол хүнтэй ажиллах. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллаж, хүмүүсийг аюулгүй ажиллуулах зорилготой. Тиймээс долоо хоногийн ажлын дүгнэлтэд “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулсан. Ажлын байраар явахдаа ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ. Мөн 4 дүгээр шатны үзлэг, эрүүл ахуй, зорилтот ээлжит бус шалгалтууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн хэмжилт хийгддэг. Тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл, тухайлбал агааржуулалт, гэрэлтүүлэг, тоосжилт, дуу чимээ нь хэвийн байгаа эсэхийг тогтоодог. Энэ бүх ажлуудын мэдээлэл ч долоо хоног тутамд гарна.

-Дэлхий даяар тэмцэж буй коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг үйлдвэрийн хэмжээнд авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ ажилд ХАБЭА-н хэлтэс чухал үүрэгтэй. Ямар ажлуудыг хариуцан, хэрэгжүүлж байна вэ?

-“Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шуурхай штабыг ХАБЭА-н хэлтэс ахалж ажиллаж байна. Шуурхайн штабаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаа, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Технологийн сургууль зэрэг үйлдвэрийн цех нэгжүүдээс  нийт  300 гаруй хүнийг татан оролцуулж Улсын Онцгой комиссоос өгсөн зааврын дагуу ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бүсэд нэвтрэх пост бүрд тогтмол үзлэг хийж, өглөө бүр 30 автобусанд ажилчдын биеийн халууныг үзэж, зөвлөгөө өгч байна. Амралтын өдрүүдэд 1800 гаруй, ажлын өдөрт бүх объектод нэвтэрсэн 5500-6200 орчим ажилтан, ажилчид дээрх үзлэгт хамрагдсан байна. “Ковид-19” халдвар нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед үйлдвэрийн зүгээс Ерөнхий төв штаб болон дөрвөн дэд штаб байгуулан ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй нэг штаб нь зардал хэмнэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байна. Үүний хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Ерөнхий захиргааны байрны ажилтнуудын ажлын цаг ашиглалтыг сайжруулахад анхаарч байгаа бол үйлдвэрийн бүсийн ажилтнуудад манай хэлтэс хяналт тавьж байна. Ажлын байрны цаг ашиглалт, хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтын хүрээнд үйлдвэрийн бүс рүү нэг, хоёрдугаар шалган нэвтрүүлэх байраар дамжин нэвтэрч буй бүх хүмүүсийг хамруулж байна. Нэвтрүүлэхдээ биеийн халууныг үзэж, ажилтны үнэмлэхийг шалгаж, харин гаднын хүмүүст тусгай зөвшөөрлөөр түр үнэмлэх олгож байгаа. Мөн нэвтрэх байранд санамж бичиг байршуулсан. Орж буй хүмүүсийн зэрэгцээ, гарч байгаад нь бас хяналт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас эрт бууж байгаа хүмүүс заавал чөлөөний хуудас бөглөж, удирдлагаараа гарын үсэг зуруулсан байх ёстой. Өмнө нь ийм чөлөөний хуудас авах журам гаргасан ч хяналт тавьдаггүй байсан. Тэгвэл одоо дээрх санамж бичигт тусгаснаар чөлөөний хуудсыг шалган нэвтрүүлэх байрны цагдаа ажлын цагаас эрт явж буй ажилтнаас шаардана. Шалгасан чөлөөний хуудсыг цаг бүртгэлийн программ дээрх жагсаалттай тулгаж, цаг ашиглалтын хяналтыг сайжруулна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээр, дэглэмийн үед ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс ч ХАБЭА-н хэлтсээс үүнд онцгой анхаарал тавьж ажиллаж байна.

-Шинэ аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Ямар зорилго, чиглэлтэй аян бэ?

-ХАБЭА-н хэлтсээс санаачлан “Эрдэнэт Монголын дархлаа” аяныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг тэмцэж буй хүнд цаг үед хүн бүр хариуцлагатай байж, төлөвлөгөө зорилтоо биелүүлэн эдийн засгийн бага эрсдэлтэй даван туулж чадвал тэр хэрээр улс орондоо өгөх үр өгөөж их байна. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед манай улсын гол найдвар нь Эрдэнэт байж чадсан шиг өнөөгийн энэ бэрхшээлтэй үед ч үүргээ хариуцлагатай биелүүлж, тулах цэг нь болъё гэсэн зорилготой аян юм. Манай хэлтэс, хүнтэй ойр ажилладгийн хувьд “Эрдэнэт Монголын дархлаа” аянаар дамжуулан эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах, эрүүл мэнд дархлаагаа дэмжих, сахилга хариуцлагатай байхыг сануулж, ингэснээр иргэнийхээ үүргийг биелүүлж энэ цаг үеийг тэвчээртэй, зөв хандлагатай байж хамтдаа туулах уриалгыг хэрэгжүүлэх юм. Аян таван чиглэлтэй байна. Эхний чиглэл нь Уурхайчны өөрийн дархлаа буюу зөв ажиллах таван зарчмыг мөрдөж, дархлаагаа сайжруулах бол дараагийнх нь Гэр бүлийн дархлаа, Хамт олны дархлаа гэх зэргээр үргэлжилнэ. Аянд зориулсан лого, дуу, стикер гаргаж байна. Зорилго агуулгыг ойлгож хэрэгжүүлж буй ажилтан бүрийн хамгаалах хэрэгсэл малгайд нь стикер нааж өгөх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

   

Бүлэг Ярилцлага
Баасан, 10 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 10

Мэдүүштэй...

1.Өнөөдөр жилийн 100 дахь өдөр. Он дуусахад 265 хоног үлдлээ.

2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3.Аргын тооллын 4 сарын 10. Сугар гараг. Билгийн тооллын 18. Харагчин хонь өдөр. Лусын буулттай. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Энэ өдөр гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буяны үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүг рүүмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадэд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1982 оны 4-р сар

  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 188 тоот тушаалаар 5-р цэцэрлэгийг 10 бүлэг, 280 хүүхэд, 68 ажиллагсадтайгаар байгуулав.
  • Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний халамжлан хүмүүжүүлэгчдийн зөвлөгөөн болов.
  • ЗСБНАвтонамит Буриад улсын Эрхүү мужийн Ардын депутатуудын зөвлөлийн Гүйцэтгэх захиргааны дарга А.Е.Соколов тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.

1983 оны 4-р сар

  • Зөвлөлт Үзбекистаны Алмалык хотын комсомолын хорооны 1-р нарийн бичгийн дарга В.А.Абдуламиков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод айлчлав. 
 

Төгссөн сургууль:

Украйн улсын Кривой Рог хотын Аж үйлдвэрийн техникум, ОХУ-ын Санкт-Петербург хотын Уулын дээд сургуулийг төгссөн.

Мэргэжил:

Баяжуулагч инженер

Ажилласан туршлага:

1993 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, бригадын дарга, технологич, хэсгийн дарга, Үйлдвэр техникийн албаны даргаар, 2013 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, 2016 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн “атгасан гар” шиг ажилладаг хамт олныг чиглүүлэгч нь хэлтэс, цех, хэсэг, албадын дарга нар бөгөөд удирдагч болохын тулд тэд ажлыг багаас нь эхэлж, шат шатны давааг давсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэвэл зүйд нийцнэ. Дарга гэж даам гарахаас илүүтэй, ажлын туршлагаараа асуудлын голыг олж, шийдлийг гаргадаг тийм л үндэсний чадварлаг боловсон хүчнийг Эрдэнэт үйлдвэр төрүүлэн гаргасан. Тэдний нэг бол Төмөртогоогийн Түмэн-Өлзий. Хариуцсан, эрхэлсэн ажил бүрээ нухацтай хийж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оновчтой олон санааг гаргасан нь өнөөгийн Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллах боломжийг түүнд олгосон. Уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэгэн насны амьдралаараа туулж яваа энэ эрхэм Эрдэнэтээс төрсөн манлайлагчдын тэргүүн эгнээнд алхаж, үйлдвэрийнхээ хэт ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгтээ бат итгэдэг.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Миний нэг өдөр 06:30-д эхэлдэг. Өглөө босоод заавал аяга ус ууж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн. Ажлын хувьд өглөө бүр үйлдвэрлэлийн захирал, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийн утасны шуурхайг сонсож, үйлдвэрийн өнгөрсөн хоногийн үйл ажиллагааг хэлэлцэн ажлаа эхлүүлдэг.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Гэр бүл, үр хүүхдүүд гэдэг миний амьдралын бэлэг учраас хамгийн том сэргээш гэж хэлнэ дээ. Аливаа томоохон ажлын эхэнд мэдээж шантардаг. Харин бодож санасан зүйлээ хийж, бүтээлээ хараад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Ер нь амьдралд урамших, эрч хүч авах олон зүйл бий л дээ. Гэхдээ миний хувьд ажлын амжилтаасаа амтлах мэдрэмж хамгийн сайхан.  

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрдэнэт бол Монгол Улсын уул уурхайн ууган үйлдвэр. Хоёр орны ахан дүүсийн гараар бүтсэн энэ том үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн гэсэн өнгө аяс, ажлын нарийн чанд зохион байгуулалттай. Баялаг бүтээгч уурхайчдын хөлс хөдөлмөрөөр өнөөгийн өндөрлөгт хүрсэн үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг цаг, хоног, сар, жилээр хянаж, биелэлтийг ханган ажиллах нь манай хэлтсийн гол зорилго юм. Удирдлагын зүгээс шаардлагатай бүхий л ажлыг хийхийг хичээдэг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Би ОХУ-д суралцаж төгссөн, орос хэлтэй. Мэдээллийн эринд амьдарч байгаагийн хувьд англи хэлний зохих түвшний мэдлэг шаардлагатай байна. Тиймээс англи хэлийг бие даан сурахаар олон жил уйгагүй оролдож байна даа. Мэргэжлийнхээ хувьд шинэ техник, технологийн ололтын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг. 

-Та хэр зарчимч хүн бэ?

-Ер нь зарчимч талдаа. Гэвч хэтэрхий зөөлөн, өрөвч зангаасаа болоод тэр бүр зарчимч байж чаддаггүй л дээ.

-Өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Өглөө бүр ус ууж, дасгал хөдөлгөөн хийж, дулааны улиралд тогтмол дугуй унадаг.

-Таны хобби, сонирхол юу вэ?

-Хүүхэд байхдаа шуудангийн марк сонирхож цуглуулдаг байлаа. Цуглуулгаа нэг орос найздаа бүгдийг нь бэлэглэчихсэн. Яг тэр гэх хобби байхгүй л дээ. Дөрвөн хүүхдийнхээ багадаа цоортол өмссөн гутал, зурсан зургууд, анхны А үсэг бичсэн дэвтэр гэх мэт зүйлсийг нандигнан хадгалдаг. Хожим хамгийн дурсгалтай, үнэ цэнтэй зүйлс болох болов уу гэж боддог. Манай гэрийнхэн энэ тухай мэддэггүй л дээ.  /инээв/

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Хүн хаана ч явсан, хэн ч байсан нэг л зангаараа явах сайхан. Мөн хүний тусыг хэзээ ч битгий мартаж яваарай гэж хэлсэн аав ээжийнхээ захиасыг дандаа бодож явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Эрдэнэт үйлдвэрт 1993 оноос хойш ажиллаж байна. Эх орныхоо бахархал болсон энэ сайхан уулын буяныг хүртэж, энэ том үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны нэгээхэн эс ширхэг болж яваадаа туйлын их баярлаж, бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна. Тиймээс ч ирээдүйд техник, технологийн хөгжлийг дагаад үйлдвэр маань олон жил улам их үр ашигтай ажиллах болно гэсэн бат итгэлтэй явдаг. 

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог