Нийгмийн хариуцлага

Коронавируст халдвар (COVID-19)-ын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын 03 дугаар сарын 30-ны мэдээлэлд 203улс оронд COVID-19вирусын халдвар тархаж, нийт 774,621тохиолдлоос 156,669нас баралт бүртгэгдээд байгааг мэдээллээ. Ингэхдээ 20 хувь нь импортлогдсон тохиолдлоор, 80 хувь нь голомтлон тархах замаар өвчилж, шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдэж, арлын хоёр бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. Нийт өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Иран, Испани, Франц улс өндөр тархалттай байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүрчээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулалгүй хүргэх хэрэгтэйг ДЭМБ-ын Ерөнхий захирал ээлжит хурлын үеэр онцолж байна.

Вирусын хөл хорионд орж тусгаарлагдсан 3 тэрбум гаруй хүнд зориулсан уриалга гаргасныг хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Тус уриалгад, хөл хорионд байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл байж, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй хэмээжээ. Мөн энэ хүрээнд гадаад хэл, иог бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, бүжиг, хөгжим, ардын уран зохиол, оньсого, таавар, уламжлалт тоглоом зааж сургах чиглэлээр танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, цар тахлын үед иргэдээ дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа.

Цаашид халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ДЭМБ-аас шинээр 3 заавар гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, барилга байгууламж, хөнгөн майханд тусгаарлах өрөөг хэрхэн бэлтгэх, хоёрдугаарт, биеийн байдал хөнгөн өвчтөнийг халамжлахад нийтийн байгууламжийг хэрхэн ашиглах, гуравдугаарт, эмчилгээний төвийг хэрхэн байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өдөрт 100 гаруй мянган хүнд шинжилгээ хийх боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй америкчуудыг шинжилгээнд хамруулжээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн агентлаг хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлж, ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тооны амны хаалтыг ариутгаж, дахин ашиглалтад гаргах юм. Тэдний үзэж буйгаар нэг амны хаалтыг 20 удаа энэ маягаар ашиглах боломжтой хэмээн үзжээ. Тус улсын “Форд моторс” компани, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ЖиИ компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгджээ. 3 сарын хугацаанд амьсгалын 50 мянга гаруй аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин Нью-Йорк хотод 1000 ор бүхий цэргийн хөлөг онгоцыг татан байршуулжээ.      

БНСУ-ын Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн 70 орчим хувь нь Сөүлийн эргэн тойронд амьдардагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Халдварын голомт тус бүс нутагт бүрэн хяналтад ороогүй тул тус улсын Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу хичээлийн шинэ жилийг 4.9-нөөс эхлүүлж, ингэхдээ цахим сургалт явуулахаар болоод байна.   

Манай улсын хувьд ХӨСҮТ-д 03 дугаар сарын 30-нд тусгаарласан 7 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд 218 хүнийг хяналт шинжилгээнд хамруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарынхан тусгаарлагдсан иргэдийг уур бухимдлаас нь үүдэн хугацааг нь богиносгох боломжгүй тул нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүслээ. Тэд Монгол Улс шиг хилийн чанадаас иргэдээ татан авч, 5 одтой зочид буудалд байрлуулан, эмч нараараа хоол зөөлгөж байгаа улс орон байхгүйг сануулсан юм. АНУ, Англид чөлөөнд гарсан эмч нараа уриалга гарган дайчилж эхэлсэн бол Харвардын Их сургууль анагаахын чиглэлээр төгсөх ангийн оюутнуудаа урьдчилан төгсгөж, эрүүл мэндийн салбартаа ажиллуулж байна.

Иргэдээ эх орондоо авчирж, эмчилж, эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад талархал илэрхийлсэн олон захиа ЭМЯ-нд ирснээс нэгэн захианд, “Мухардсан иргэдээ ах дүүгийнх нь дэргэд авчирсан нь Монголын төр засгийн гавьяа. Халдвартай ирсэн ч цөөхөн Монголчуудын минь нэг шүү дээ” хэмээсэн байжээ. Хүн стрессгүй байх нь эмчилгээний 50 хувь болдог тул тэдгээр захиа сэтгэлийн их дэм өгч байгааг эмч нар онцоллоо.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, нэмэлтээр 3824 хүн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Катараас цэргийн онгоцоор ирж байгаа 42 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдлээ.

И.Чинтогтох 

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Турбин Хими ус бэлтгэл, Дулаан-Химийн туршилт судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийгдэж дууссан байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Гоулден резин” ХХК-ийн мэргэжилтэн, Шинжлэх ухааныдоктор С.Буянтогтох болон тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраар ахлуулсан Турбин Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухны хэсгийн инженер техникийн ажилтнуудын баг хамтран гүйцэтгэжээ. Угэрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд мэргэжлийн нарийн хэмжилт туршилтууд хийж, зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд цаашдын ажилдаа нэвтрүүлэн технологи ажиллагааг сайжруулах, зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын ус бэлтгэл буюу дулаан химийн үйл ажиллагаа нь маш нарийн горим технологитой. Үүнд хэрэглэгдэж байгаа химийн боловсруулсан ус, түүнээс гарах уурын чанар маш өндөр зэрэглэлийнх байх шаардлагатайг дээрх шинжлэх ухаан судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Хавар цагийн онцлог, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элс буюу бидний нэрлэж заншсанаар цагаан тоосны дэгдэлт нэмэгдэх хандлагатай болдог. Тиймээс энэ улиралд цагаан тоос дарах ажлыг улам эрчимжүүлж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллах шаардлагатай гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлов. Энд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс болон Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цехийн ажилтнууд уртасгасан цагаар буюу амралтын бямба, ням гаригт ч тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хуурайшилтын улиралд салхины хурд нэмэгдэж, цаг агаарын нэмэх хасах температурын өөрчлөлт зэрэг нь цагаан тоосны дэгдэлт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд хар шороон хөрсөөр хучих, усны машинаар норгох,  кальци хлоридын уусмал найруулж шүрших аргыг өдөр бүр ашиглаж буйг Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны мониторинг сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг хэллээ.  

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь нийт 2098 га талбайг эзэлж байна. Үүнээс 1437 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж үздэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран  дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажлыг үе шаттай хийсэн юм. Ингэхдээ хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үед хөрсөөр хучих зэрэг технологийн гурван аргыг хослуулсан нь үр дүнгээ өгч, нийт талбайн цагаан тоосны 80-90 хувийг даржээ.

М.Балжинням

Фото: Б.Ялалт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ хүүхдийн халамжийн “Энэрэл” төвийг байгуулан, ажиллуулж ирсэн. Асран хамгаалах хүнгүй, аав ээжийн хайр халамжаар дутуу олон хүүхдийг хайр халамжаар энэрэн өсгөж, ажил амьдралын замд хөтөлсөн тус төв нь баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Энэ төвд өсөж буй хүүхдүүдэд зориулсан олон талын бодлого, нийгмийн дэмжлэгийн нэг хэсэг болох бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. 2018 онд тохиосон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн үеэр тус төвд стандартын иж бүрэн тохижилттой спорт заалыг барьж өгөх шийдвэр гарсан юм. Тэрхүү шийдвэр эдүгээ биеллээ олж, төвийн дэргэд шинэ спорт заал сүндэрлэжээ. Уг барилгыг улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Ингэснээр хүүхдүүд шинэ зааланд чөлөөт цагаа өнгөрөөж, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярив.

“Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар, 1-18 насны 57 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Тэдний тав нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Үндэсний Их сургууль, ШУТИС зэрэг их дээд сургуулиудад суралцдаг аж. Төвийн байранд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм бүрэн тогтоож, ээлжийн багш, эмч нараас бусад хүн гаднаас нэвтрэх, хүүхдүүдтэй ойр байх зэргийг хязгаарлаад байна.  Одоогоор төвийн хүүхдүүд ямар нэг ханиад томуугаар өвдөөгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлж байна. Нөгөө талаар, хаврын элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан цахим хичээлд хүүхдүүдээ бүрэн хамруулж, нэмэлт мэдлэг өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэр тусмаа хорио цээрийн үеийг үр өгөөжтэй ашиглах, мэдлэг чадвар өгөх зорилгоор Энэрэл төвийн багш нар сургалтын хөтөлбөрөө илүү баяжуулан боловсруулжээ. Тухайлбал, гар урлал, хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тустай Монгол наадгай, танин мэдэхүйн  “Би хэн бэ”, Эдийн засгийн анхны ойлголт зэрэг өргөн сэдвүүдээр хичээлээ бэлтгэн, хүүхдүүдэд сонирхолтой, үр дүнтэй цагийг өнгөрүүлэх боломж  өгч байна.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог