Нийгмийн хариуцлага

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар гарсан тохиолдлыг зарласанаас хойш Монгол Улс болон орон нутаг, бүх шатны эрүүл мэндийн байгууллага тухайн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Анх БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна. ДЭМБ-аас 2020-01-05 өдөр энэ шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар болохыг судлан тогтоожээ. Анх далайн гаралтай амьтнаас хүнд халдварлаж байгааг тогтоосон бол одоо хүнээс хүнд халдварлан бүртгэгдэж байгаа юм.

    Шинэ коронавирусын халдвар нь 2002 онд гарсан SARS-тай 75%, 2012 онд гарсан MERS-ын халдвартай 40% ижил байгааг судлаачид тогтоогоод байна. Шинэ вирусын халдвар нь одоогоор урд гарсан 2 халдвараас тохиолдын тоогоор 2-3 дахин их бүртгэгдээд байгаа тул ДЭМБ-аас Шинэ коронавирусын халдварыг "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж зарлалаа.

    2020-02-06 өдрийн байдлаар Сэжигтэй тохиолдлын тоо 28251, нас барсан 564, бүрэн эдгэрсэн 1153 иргэн байгааг ЭМЯ мэдээллэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар өвчлөл бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн дундаас эдгэрсэн хүний тоо нас баралтын тооноос илүү гарч эдгэрэлтийн тоо өсөж байгаа нь сайн үзүүлэлт болж байна.

    Тархалтын хувьд БНХАУ-ын 30 муж, БНХАУ-Макао, БНХАУ-Хонг Конг, БНХАУ-Тайвань, Сингапур, АНУ, БНСУ, Япон, Непал, Вьетнам, Франц, Канад, Австрали, Малайз, ХБНГУ, Шри-Ланк, Камбож, Арабын нэгдсэн Эмират улс, Финлянд, Филиппин, Энэтхэг, Итали, ОХУ, Швед, Их Британи (24) улсуудад өвчний тохиолдол бүртгэгджээ.

     Урьдчилан сэргийлэх: Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас доорх 3 зөвлөмжийг өгч байна.

 

    Мөн дараах зүйлийг өдөр тутамдаа заавал хэвшүүлэхийг ДЭМБ-аас иргэдэд зөвлөж байна.

  1. Гараа маш сайн савандаж угаах
  2. Амны хаалтыг хамар болон эрүүг бүрэн гүйцэт халхалж зөв зүүх
  3. Өрөө тасалгааг 2 цаг тутам 15 минутаар сайн салхижуулах.Тасалгааны хэмийг 17 хэмээс буулгаж хэт хөргөж болохгүй
  4. Гадуур гарахдаа бээлий заавал өмс. Олон нийтийн газрын хаалганы бариул болон нийтийн тээвэрт зорчихдоо заавал өмсөх
  5. Гэр бүлийн гишүүн бүрт аяга, таваг, халбага, сэрээг тусад нь гарга. Зочны хоолны хэрэгсэлийг заавал тусад нь байлгах
  6. Гэр бүлийн гишүүн бүрт алчуурыг тусад нь хэрэглэх. Албан өрөө болон зочинд нэг удаагийн цаасан алчуур хэрэглэх
  7. Чийгтэй хувцас өмсөхгүй байх. Шинэ коронавирусын халдвар үүсгэгч вирус нь чийгтэй нөхцөлд өсөн үржих магадлал өндөртэйг судалж тогтоосон байна
  8. Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн түүхийгээр идэхээс татгалзах
  9. Олон нийтийн газрын хаалаганы бариулыг гараар барихгүй байх
  10. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүнийг тусад нь өрөөнд байлгах. Гэр бүлийн бүх гишүүд амны хаалт хэрэглэх.

Хэрэв танд  :

  1. 39-40 хэм өндөр халуурсан
  2.  Дараах шинж тэмдгээс 2 шинж илэрсэн бол
  • амьсгал давчдах
  • цээжээр өвдөх
  • ханиах
  • Амьсгал авахад төвөгтэй байх

   3. Өвчлөл бүртгэгдсэн улс оронд аялсан, зорчсон. Тус орноос ирсэн хүнтэй ойр байсан бол

Олон хүн цугласан эмнэлгийн байгууллагад очихгүй харъяа өрхийн эрүүл мэндийн төвд утсаар хандан дээрх байдлыг тодорхой хэлж тусламж үйлчилгээ авна уу!!! Олон нийтийн газраар явахгүй байхыг ЭМЯ болон ЭМГ-аас зөвлөж байна.

    Үйлдвэрийн газрын ажилтнууд ажилдаа ирэх болон ажлаас буухдаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтыг тогтмол зүүх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ тогтмол бээлий өмсөх, мөн халуун хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсоны дараа болон гараа бохирдсон бүрт нь савандаж зөв угааж байхыг сануулж байна. Албан тасалгааг 2 цаг тутам 15 минутаар салхижуулах шаардлагатай. Ингэхдээ тасалгааны хэмийг 17 хэмээс буулгахгүй, хэт хүйтэн болгохгүй байхыг анхааруулъя.Шинэ коронавирусын халдварыгүүсгэж байгаа вирус нь хлор агуулсан бодист тэсвэргүй байгааг судалж тогтоосон тул ариутгалын бодисыг зөв тунгаар найруулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд хэрэглэх нь зөв. Өнөөдрийн байдлаар Монгол улсад уг өвчин бүртгэгдээгүй байгаа тул өргөн хэрэглэдэг жавелион гэж ариутгалын бодисыг 10 л усанд 1 ширхэгээр хийж цэвэрлэгээнд хэрэглэх хэрэгтэй.

    Мөн ажил амралтын дэглэмийг сайтар зохицуулах, халуун хоол унд хэрэглэх,сайн унтаж амрах, стресст өртөхгүй, стрессийг зөв тайлж амарч байхыг зөвлөж байна. Эрдэнэт сувиллын цогцолбор нь өдрийн ээлжийн ажилтай үйлдвэрийн газрын ажилчиддаа зориулан 12-14 хүртэл дотрын эмч, сувилагч нар тогтмол ажиллаж байгаа тул цайны цагаар эмчийн үзлэг хэрэгтэй тохиолдолд ирж үйлчлүүлэх боломжтой.

Эрдэнэт сувиллын цогцолбор

Халдвар судлаач эмч Г.Ангар

 

    Ус хангамжийн цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт шинэ насос угсарч суурилуулах ажил эхэллээ. Энэ ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгааг тус хэсгийн дарга Б.Амарсайхан онцлов. Шинэ насосны тоног төхөөрөмж нь Япон улсын Эбара компанид үйлдвэрлэгдсэн, цагт 4000 метр куб ус шахах хүчин чадалтай юм. Уг насос суурилуулагдсанаар хамгийн түрүүнд цахилгаан эрчим хүчний хэмнэлт үзүүлэх эдийн засгийн үр ашиг өгнө.  Өөрөөр  хэлбэл, цагт 200 киловаттаар эрчим хүчний хэрэглээ, зардал буурах ажээ. Мөн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн технологид нутагшуулах боломж бүрдэж байна. Өмнө нь тус хэсэгт ашиглаж байсан ОХУ-ын ЦН-3000 насос цагт 3000 метр куб ус шахдаг бол шинэ насосаар цагт 1000 метр куб ус илүү шахна гэсэн үг юм.

    Мөн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт 2500 киловаттын хөдөлгүүртэй хуучин насосыг 1800 киловаттын хөдөлгүүртэй шинэ төхөөрөмжөөр сольж байна. Хөдөлгүүр нь Япон улсын Тошиба фирмийн бүтээгдэхүүн. Тус хэсгийн засварчид хуучин тоног төхөөрөмжийг буулган бэлтгэж, уг ажлыг  өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Шинэ насос, хөдөлгүүрийн  угсралт, суурилуулалтыг 4 дүгээр сарын 20-нд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд залгах үед Японы Эбара компанийн мэргэжилтнүүд ирж, заавар зөвлөмж өгөх юм. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эбара маркийн насос болон Тошиба хөдөлгүүрийн  угсралт, суурилуулалтын ажлыг Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварчид өөрсдийн хүчээр гүйцэтгэж байна. Харин насосны суурийн хэсэг дээр Барилга засварын цехтэй хамтарч байгаа аж.  

М.Балжинням

Фото: Ш.Лхамсүрэн

    Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирус өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний  тухай Улсын онцгой комисс болон Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал А/74 тоот тушаал гаргаж, үйлдвэрийн ажиллагсад болон ажлын байрны ойр орчмыг урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу мөрдөхийг холбогдох хэлтэс нэгжид үүрэг болголоо. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын дарга Р.Энхболдоос дараах асуултыг тодрууллаа.

    -Хятад улсын Ухань хотоос гаралтай шинэ коронавирус өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Гамшгаас хамгаалах штаб ямар арга хэмжээ авч байна вэ?

    -Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь үйлдвэрийн ажиллагсдаа амны хаалтаар хангалаа. Эхний ээлжинд Гамшгаас хамгаалах штабаас Эрдэнэт үйлдвэрийн нөөцөнд байсан амны хаалтыг бүх ажилтнуудад үнэгүй тараасан. Ариутгалын бодис уусмал, санитол зэргийг захиалж авчран, үйлдвэрийн цех нэгжүүдэд өгч байна. Мөн Гамшгаас хамгаалах 2020 оны ажлын төлөвлөгөөндөө тодотгол хийж, зарим үйл ажиллагааг нэмж оруулж байна. Бэлэн байдлыг хангах, тархалт дэгдэх болзошгүй тохиолдолд ажилчдаа хэрхэн хамгаалах талаар төлөвлөлт хийх зэрэг урьдчилан сэргийлэх бүхий л чиглэлд анхаарч ажиллаж байна.

    -Нөөцөнд байсан амны хаалт гэж та түрүүн хэлсэн. Хэдийд нөөцөлж авсан, ямар амны хаалт тараасан бэ? Тодруулж мэдээлнэ үү?

   -Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд нэн түрүүн шаардлагатай зүйлсийг чиглэл чиглэлээр нь нөөцөлдөг. Энэ хүрээнд 2009 онд үйлдвэрлэгдсэн амны хаалтны нөөцөөс 7002 ширхэгийг ажилчиддаа тараасан. Одоо нөөцөнд 1000 гаруй ширхэг үлдсэн байгаа. Энэ амны хаалтыг манай Гамшгаас хамгаалах штаб дээр 2009 оноос хойш зориулалтын байранд зөв горим, журмын дагуу хадгалж ирсэн. Хятад улсад үйлдвэрлэсэн, зохих ёсны битүүмжлэлтэй, харанхуй, чийг багатай орчинд хугацаагүй хадгалах, бактер вирусын эсрэг олон дахин ашиглах боломжтой гэсэн заавартай. Мөн хамгаалах чадвар харьцангуй сайтай, өөрөөр хэлбэл 8 давхар хамгаалалттай, идэвхжүүлсэн нүүрс агуулсан амны хаалт байгаа.

    -Гадуур амны хаалтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хүрэлцээ хомс байгаа. Одоо нөөцөнд  бага үлдсэн гэлээ.  Өөр газраас захиалах арга хэмжээ авч байгаа юу?

    -Амны хаалт болон ариутгалын бодис авахаар захиалсан ч амны хаалтны олдоц муу байгааг хэлье. Гадуур иргэдийн хэрэглэж буй цэнхэр өнгийн маск бол 2 цагийн хугацаанд л халдвар барих эмнэлгийн зориулалттай, Н95 нь тоос шүүхэд зориулагдсан гээд яг шаардлага хангасан амны хаалт улсын хэмжээнд байхгүй байна. Юутай ч бид урьдчилсан, шуурхай арга хэмжээ авах тухай Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу үйлдвэрийн нөөцөд байсан амны хаалтаар ажиллагсдаа хангасан. Ер нь нөөцөнд байгаа амны хаалтыг сургалт болон байгалийн гамшиг, түймэр зэрэгт ашигладаг. Харин энэ удаа гарцаагүй тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор уурхайчиддаа олгоод байна.

М.Балжинням


 

     Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүсэд ажиллаж буй нийт ажилтанд халуун хоолны үйлчилгээг дөрвөн багц хоолны цэсээр дамжуулан гурван компани хүргэн ажиллаж байна. Хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарт ХАБЭА-н хэлтэс хяналт тавьж ажилладаг бол хоолны технологи, илчлэг шим тэжээлийн стандартыг Эрдэнэт сувиллын цогцолбор хариуцдаг аж. Хүйтний улиралд ихэсдэг ханиад томуу болон вирусын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог тул ажиллагсдын хоолны чанарт тавих хяналт, шаардлага эрчимжжээ. Энэ талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Хоол зүйч Б.Мөнгөнтуяа ярихдаа “Бид халуун хоолоор үйлчилж буй компаниудын хоолны цэс, технологи, гарцад байнгын хяналт шалгалт хийж, зааварчилгаа өгөхийн зэрэгцээ сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна. Нэг ажилтан хүн өдөрт 2100-2500 кило калори илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээг тогтоох тухай Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалыг мөрдөн ажилладаг. Ингэснээр уурхайчдаа эрүүл зөв, зохистой тэнцвэртэй хоолоор хангах боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн бид ажиллагсдын санал сэтгэгдэл, хоолны чанар орцын талаар асуумж авч, санал хүсэлтийг нь стандарт зөрчихгүйгээр үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг. Үр дүнд нь халуун хоолоор үйлчилж буй компаниудын үйлчилгээний чанар дээшилж, хяналт тавих үүрэгтэй бидний ажлын уялдаа сайжирч байгаа. Ажиллагсдын сэтгэл ханамжид ч эерэгээр нөлөөлж байгааг хэлье. Өөрөөр хэлбэл, эрүүл хоолоор дамжуулан ажилчдынхаа дархлааг дэмжиж, эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна” гэж онцлов.

    Өнгөрсөн сард ажилтнуудын эрүүл зөв хооллох мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ХАБЭА-н хэлтэс болон Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэг, Аж ахуй үйлчилгээний цехийн  ажилтнуудад “Эрүүл хоол-эрч хүч”, “Эрүүл мэнд ба энгийн хөдөлгөөн”, “Давс, өөх тос, архинаас татгалзаж эрүүлжье” сэдэвт сургалт зохион байгуулж, гарын авлага зөвлөмж тараасан байна. Эрдэнэт сувиллын цогцолбороос дээрх сургалтыг бүтэн жилийн турш цуврал хэлбэрээр зохион байгуулж, үйлдвэрийн бүсийн бүх ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 онд төлөвлөсөн бүтээмжийн хөтөлбөрөө 92.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж, сайн саналын системд нийт 840 гаруй санал гарган, бүртгүүлжээ. Эдгээрийн 658 нь 78.3 хувийн чанарын үзүүлэлттэй хэрэгжсэн байна. Ажилтнуудын сайн саналын дүнг өмнөх гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн дундажтай харьцуулж үзэхэд, саналын тоо 76 хувиар өсөж, хэрэгжсэн нь 536-аар нэмэгджээ. Энэхүү амжилтаа 2020 онд ахиулан бүтээмж, инновацийн 1000 санал гаргаж, 900 саналыг бодитой хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна гэж Авто тээврийн цехийн Бүтээмж инновацийн мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн ярилаа.

     Тус цехийн хэмжээнд нийт 39 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Дугуйлангаар дамжуулан ажиллагсдын бүтээмжийн хөдөлгөөнд оролцох идэвх 80 хувьд хүрчээ. Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажлын бүтээмж болон чанарыг нэмэгдүүлэх, эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хийгдсэн байна. Өнгөрсөн онд Бүтээмж чанарын дугуйлангууд 88 орчим жижиг сайжруулалтын ажил, 70 төсөлт ажил хэрэгжүүлжээ. Эдгээр ажилд 59.6 сая төгрөг зарцуулж, 169.8 сая төгрөгийн үр ашиг авчирсан дүн гарсан байна. Тус цехэд хийгдсэн бүтээмжийн онцлог ажлаас дурьдахад, суурин шатахуун түгээх станцыг суурилуулж, жижиг оврын авто машинууд үйлдвэрийн хэмжээний албан хэрэгцээнд шуурхай дуудлагаар үйлчилдэг болсон. Ингэснээр 87 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Мөн уулын цул тээвэрлэлтийн цаг ашиглалтыг оновчтой болгох төсөлт ажил хэрэгжиж, тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн тус цехийн ажлын байранд “5 сайн үйлс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийт 133 ажлын байрны 2.3 хувь нь 5С, 7.5 хувь нь 4С  сайн үйлсийн түвшинд хүрсэн байна.  

     Авто тээврийн цехийнхэн 2020 онд БелАЗ машины цаг ашиглалтыг сайжруулах, үүнтэй уялдуулан сул зогсолтыг багасгах чиглэлээр төсөлт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 1 дүгээр сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелсэн байна. Харин хүдэр дэх металлын зэсийн агуулга 99.3 хувийн дүнтэй гарчээ. Оны эхний сард уурхайчид 2175.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 106.1 хувиар, 969.51 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 113.5 хувиар тус тус биелүүллээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөө энэ хугацаанд 100.8 хувиар биелж, төлөвлөснөөс илүү буюу 3074.0 мянган тонн хүдэр олборлолтын ажил гүйцэтгэв. Ил уурхайнхан Баяжуулах үйлдвэрт 2764.0 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөг 109.0 хувиар биелүүлсэн бол исэлдсэн хүдрийн олборлолтын гүйцэтгэл  100 хувийн үзүүлэлттэй гарчээ.  Мөн өрөмдлөг, тэсэлгээний хэсгийнхэн 42500 тууш метр өрөмдлөгийн ажил хийж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн сард ачаа эргэлтийн төлөвлөгөө 112.3 хувиар биелжээ.

     Баяжуулагчид эхний сард 2766.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 100.9 хувиар биелүүлсэн байна. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.46 хувь, молибдены металл авалт 104.47 хувиар биелсэн үзүүлэлттэй гарсан бол зэсийн баяжмал гаргалт 101.3 хувь, молибдены баяжмал гаргалт 100.8 хувьтай байна. Ачигдсан баяжмал дахь зэсийн агуулга 101.8 хувь, молибдены агуулга 118.6 хувиар биелж, зэсийн баяжмалын чанар 101.7 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувийн үзүүлэлттэй тус тус гарчээ. Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан дүгнэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн 2019 оны 1 дүгээр сард уурхайчид 922.4 мянган метр куб хөрс хуулж байсан бол 2020 оны эхний сард 969.51 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 105.1 хувьтай гарсан байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын байрны  “5 сайн үйлс”  хөтөлбөрийн хүрээнд 8 цехийн 14ажлын байр хамрагдан, эдгээрээс хоёр  цехийн гурван ажлын байр шалгарсаны нэг нь Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн Усны лаборатори юм. Тус лабораторийнхан хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг 92.3 хувиар буюу “Үлгэр жишээ жишиг ажлын байр”-ны болзол ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр “5 сайн үйлс” хөтөлбөр тус цехэд эрчимтэй хэрэгжсэн байна.  

     Тухайлбал, инженер техникийн ажилтнуудын ажлын байрыг эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор “Үлгэр жишээ 5 сайн үйлс хэрэгжүүлэгч ИТА” сэдэвт болзолт уралдааныг зарлаж дүгнэжээ. Уралдаанд цехийн ажилтнууд өндөр идэвх санаачлагатай оролцож, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 4С болзол ханган тэргүүн байр эзэлсэн байна. Удаах байруудад  Цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастерын ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар, Цэвэрлэх ус хангамжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар тус тус шалгарсан бол  Хий хангамжийн хэсгийн мастерын ажлын байр иж бүрэн 5С хэрэгжүүлж цехийн бүтээмжийн зөвлөлийн шагнал хүртэв.

     Мөн цехийн Захиргааны биллиард, цайны зориулалтаар ашиглаж байсан өрөөг сургалтын болон  хурлын танхим болгон тохижуулж, иж бүрэн 5С хэрэгжүүлж ажилласнаар өдөр тутмын ажил, албан уулзалт, сургалт, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэх таатай орчин бүрдсэнийг албаны хүн онцлов. Ус хангамжийн цех нь  Цэвэр ус хангамж, Цэвэрлэх байгууламж, Эргэлтийн ус хангамж, Хий хангамж гэсэн 4 хэсгийн  65 ажлын байртай юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 
     Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн хүдрийн гуравдугаар агуулахад Герман, Белгийн хамтарсан Spray Stream үйлдвэрийн тоосжилт бууруулах тоног төхөөрөмжүүд суурилуулж байна. Энэ нь РМ-2,5, РМ-10 нарийн ширхэгт тоосонцрыг 30-50 микрон усны дусланцраар агаарт мананцар үүсгэн өөртөө шингээн буулгах технологи юм. Гуравдугаар агуулахад хүдэр ихтэй, хавар намрын хуурайшилтын үед тоосжилтын хэмжээ нэмэгдэж, агаарт 13 мг/м3 хүрдэг аж. Үйлдвэрийн тоосжилтыг зөвшөөрөгдөх хэмжээ буюу 4мг/м3 хүргэж бууруулах зорилгоор дэлхийн шилдэг үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг анх удаа ийнхүү суурилуулж байгаа юм. 
     Хүдрийн гуравдугаар агуулахын хажуу хэсэгт байрлуулсан тоног төхөөрөмж нь 35-40 метр зайд цацах хүчин чадалтай, бүрэн автомат, удирдлагын электрон системтэй, шүүлтүүртэй юм. Хүдэрт чийгийг хамгийн багаар өгөх зориулалт бүхий өөр нэгэн тоног төхөөрөмжийг нэг, хоёрдугаар туузан дамжуулгын асгах течка, бункер, хүдэр хуваарилах тэргэнцэр дээр суурилуулж байна. Энэ нь хүдэр байх үед ажиллаж, тасарсан үед автоматаар зогсох тохироотой. Сүүлийн үед дэлхийн уул уурхайн үйлдвэрт тоосжилт бууруулахад ашиглаж буй байгальд ээлтэй энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулснаар тоосжилтын хэмжээ 2-3 дахин буурч, ажлын байрны орчин нөхцөл сайжирч, ажиллагчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм. Spray Stream  үйлдвэрийн албан ёсны борлуулагч Эко сойл компанийн захирал Б.Баттогтох тоног төхөөрөмж суурилуулах, ажиллуулах горимыг зөвлөж байна. Тоног төхөөрөмжийг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Бутлан тээвэрлэх хэсгийн Механик, Цахилгааны албаны ажиллагчид суурилуулж байна. 
 
 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

 
    Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхтэй уулзаж ярилцлаа.
    -Танай цех бүтээн байгуулалтын томоохон ямар ажлууд хийгээд байна вэ?  
    -Сүүлийн хоёр жилийн байдлаар Эрдэнэт хивсний үйлдвэрийн өмнөх уулзвараас хотын насосны станц хүртэлх 2А хорооллын төлөвлөлтийн бүс газар доогуур явдаг 600 мм-ийн болон 2,4000 мм-ийн диаметртэй нэг, нийт гурван шугамыг ил гарган төлөвлөлтийн талбайн гадуур татаж шинэчилсэн. Ингэснээр үйлдвэр, хотын хамтын ажиллагааны хүрээнд талбай чөлөөлөх, үйлдвэрийн шинэчлэлийн ажлын хүрээнд шугам солих гэсэн хоёр том зорилго биелж нэг сумаар хоёр “туулай агналаа”. Ус өргөх I станцын хуучин 14 худгийн 300-600 мм-ийн диаметртэй цуглуулах шугамыг сэлгэн залгах хаалт, арматуруудын хамт сольсон. Түүнчлэн II өргөх станцын усан сангуудыг орчин үеийн шинэ технологиор доторлолоо. Үүний үр дүнд бетонон хийцийн даацыг сэргээж битүүмжийг сайжруулсан. Ус өргөх станцуудын барилгын дотор заслыг хийхдээ инновацийн шийдэл ашиглан дулаан тусгаарлах будаг хэрэглэсэн нь зардал буурах нөхцөл бүрдсэн. Монгол улсын Шинжлэх ухааны академи, Хөгжлийн хэлтэстэй хамтран Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажил хийж байна. Энэ ажлын үр дүнд Эрдэнэт хотын иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулна.
    -Энэ онд хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн ажлынхаа талаар ярина уу? 
    -Эргэлтийн усны үндсэн насосыг өмнөх оны сүүлчээр нийлүүлсэн Японы Ebara фирмийн насосоор солих ажлыг бүрэн хийнэ. Хуучныг нь буулгаж шинэ насос угсрах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна. Энэ насосны ашиглалтын горимыг оновчлох математик загвар гаргахаар ажиллаж байна. Энэ ажлаараа үйлдвэрийн хэмжээнд зарласан математик загварчлалын уралдаанд оролцоно. Мөн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт цэвэрлэсэн усыг хаягдлын аж ахуйн далан руу шахах дэвшилтэт насос суурилуулна.
    -“Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай үйлдвэр. Энэ утгаараа танай цехийн ажиллагчид нийгмийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? 
    -Манай цех 228 ажиллагчтай. Үүний 46 нь инженер техникийн ажилтан. Хамт олон маань бүхэл бүтэн үйлдвэр, хотыг усаар хангах нийгмийн маш том хариуцлагыг нуруундаа үүрч байна. Манай цехийн логонд байдаг чандмань эрдэнийн гурван дусал бол бие, хэл, сэтгэл юм. Бидний сэтгэлдээ бодсон, ярьсан, биеэр үйлдсэн үйл хэрэг зөв, ариун байж л зөв бүтэцтэй цэвэр сайхан ус хүмүүст хүрнэ. Өөрөөр хэлбэл бидний хариуцлагын философи. Энэ хариуцлагыг үүрсэн шиг үүрэх гэж л манай хамт олон хичээн зүтгэж байна. Үүнд чиглэсэн зөв хандлага бүтээлч санаачилгууд өрнөдөг. Үүний тод илрэл бол бүтээмж, инновац, сайн саналын систем дэх оролцоо юм. 2019 онд үйлдвэрийн хэмжээнд гаргасан сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехийн 14 ажиллагч байна. Хүмүүсийн энэ чиглэлийн оролцоо өмнөх онд 14,4 хувиар нэмэгдсэн. Үүнийг дагаад цехийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч бодит хэмнэлтүүд гарч байна. Өнгөрсөн оны сүүлийн дөрвөн сарын зардлын хэмнэлтийн үр дүнгээр 78,9 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ шагналаа хүмүүст тав, арван төгрөг хуваарилах маягаар тэгшитгэн үрээгүй. Ажиллагчдынхаа бүтээлч оролцоог урамшуулан гадаадад үзэсгэлэн үзүүлэх, сургалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. Энэ нь хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд оруулсан бодит хувь нэмэр.
    -Үйлдвэрийн хэмжээнд нэгэн шинэ үеийн залуус ажиллаж байна.Удирдлагын тухайд та залууст ямар шаардлага тавьж байна вэ?
    -Манай залуучууд сүүлийн үеийн техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн түүнийгээ хөгжүүлэх үүрэг хүлээж байна. Энэ утгаараа орчин үеийн программ хангамж, автомат удирдлагын системтэй өөрсдийн ажлаа уялдуулах талаар залуучууд сайн бэлтгэгдсэн байх ёстой. Тэгэхээр математик загварчлал, симуляцтай холбогдсон автоматжуулалтын боломжуудыг ашиглах хэмжээнд өөрсдийгөө бэлтгэхэд нь залуучуудыг чиглүүлж байна. Монгол залуучууд чадвартай. Тэдний ур чадварыг бүрэн хөгжүүлж ашиглах талаар анхаарал тавин ажиллаж байна.
    -Ажлын хүндрэл бэрхшээл гарах юм уу?
    -Манай цех Эрдэнэт үйлдвэрт төдийгүй хотын бусад аж ахуйн нэгж байгууллагад цэвэр ус түгээж, хэрэглээнээс гарсан бохир усыг нь татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэ утгаараа Эрдэнэт хотын иргэд, аж ахуйн нэгжид түгээсэн усны орлого тодорхой хувиар бүрдэхгүй өр авлага үүсэх тохиолдол гардаг. Гол хүндрэлтэй асуудал энэ. Хуримтлагдсан өр үүсдэг нь асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдээгүйтэй  холбоотой. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бид өнгөрсөн жил нэлээн сайн ажилласан. Аливаа шингэн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тодорхой хэмжээний хорогдол гардаг. Тухайн шингэний физик шинж чанараас шалтгаалаад хорогдол гарах нь зүй ёсны асуудал. Тэгэхээр бид  тодорхой хэмжээний хорогдлыг тооцох шаардлагатай. Дэлхийн практикт шугам сүлжээний урт, хэрэглээний шинж чанартай нь уялдуулан усны хорогдлыг статистик өгөгдөлд тулгуурлан гаргадаг. Үүнийгээ гэрээнд тусгадаг. Манайд энэ зохицуулалт байхгүй. 2019 онд энэ зохицуулалтыг бий болгох зорилгоор Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газрын хамтарсан ажлын комисс манай цех дээр ажиллаж тодорхой шийдлүүдийг гаргасан. Анх удаа усны хорогдлын хувь хэмжээг тогтоож гэрээнд тусгах ажил хийгдсэн. Тэгэхдээ уг ажлын албан ёсны эцсийн шийдлүүд гараад мөрдөгдөх нөхцөл хараахан бүрдээгүй байна. Энэ асуудал шийдэгдвэл хууль эрх зүйн зохицуулалтгүйгээс маргаантай хүндрэлтэй асуудал үүсдэг байдал нэлээн цэгцэрнэ.
     -Японы Ebara үйлдвэрийн насос тавина гэж та дээр дурдсан. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
     -Ebara үйлдвэрийн мэргэжилтнүүд газар дээр нь өгөгдлүүдийг нь судлаад манай нөхцөлд зориулан үйлдвэрлэсэн насос нийлүүлж байгаа. Манай мэргэжилтнүүдийг насос үйлдвэрлэх явцтайгаа танилцуулан ийм туршилт хийлээ,бидний гаргасан тооцоотой ингэж таарч байна гэдгээ танилцуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн манай эргэлтийн усанд нийцүүлж үйлдвэрлэсэн насос гэж ойлгож болно. Хүчин чадлын тухайд хуучин насосноос 14 хувийн бага чадал зарцуулна. Энэ хэмжээгээрээ өндөр бүтээмжтэй ажиллана. Цахилгааны зардлаа хэмнэх боломж бүрдэнэ. Бидний хэрэглэдэг цахилгаан өндөр үнэтэй. Цэвэр ус олборлон түгээх, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг бусад газрууд цахилгааныхаа үнийг энгийн аж ахуйн нэгжийн ангиллаар төлдөг. Гэтэл тус цехийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд зарцуулж буй цахилгааны үнийг уул уурхайн олборлолтод хэрэглэх цахилгааны үнээр тооцож авдаг. 
     -Танай цех Уул уурхайн олборлолтын нөхцөлөөр биш энгийн аж ахуйн нэгжийн ангиллын хэрэглээгээр цахилгааныхаа үнийг тооцвол хэдий хэмжээний хэмнэлт гарах тооцоо гарч байна вэ?
     -Манай цех цэвэр ус олборлон түгээх, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд зарцуулдаг цахилгаанаа уул уурхайгаас бусад ангиллаар тооцвол жилд 2-3 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ асуудлыг цэгцлэх талаар сүүлийн хоёр жил идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд Цэвэрлэх байгууламжийнхаа зарцуулж буй цахилгааныг уул уурхайгаас бусад аж ахуйн нэгжийн хэрэглээний цахилгааны үнээр төлөх болсон. Энэ зохицуулалтыг нэгдүгээр сарын нэгнээс мөрдөнө. Ингэснээр жилд 230 сая төгрөгийн цахилгааны хэмнэлт гарна. Цаашид цэвэр усанд зарцуулж буй цахилгааны үнэнд зохицуулалт хийх талаар идэвхтэй ажиллана.
     -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 
Бүлэг Ярилцлага
Даваа, 03 2-р сар 2020 00:00

Таун хаустай Данаажавынх

 
    Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар гэнэтийн бэлэг барьж, уурхайчид маань шинэ оныг сайхан мэдээтэй, сэтгэл дүүрэн угтсан. Үйлдвэрийн “төрсөн өдөр”-ийн баярын хурал дээр орон сууцны түлхүүр гардсан нэгэн хос баярлахдаа тэр орой нь гудас, хөнжлөө чирж очоод ханхай байрандаа хоносон зургаа цахим хуудасдаа тавьж олныг шуугиулсан. Харин одоо тэд шинэ хороололдоо хэдийнэ төвхнөж, хөрш болцгоосон байна. Хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлж, үйлдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныхаа хариуд амьдрах байраар шагнуулсан эдгээр ажилчдаас Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер Батмөнхийн Данаажавынхыг онцлон зорилоо. Эко хорооллын төв хэсэгт шар фасадтай, хоёр давхар таун хаус алсаас бараатай үзэгдэнэ. Доороо машины гарааштай юм. Урдаа зэлүүдхэн хэрнээ тоглоомын талбайтай нь ихэд таалагдлаа. 
    Гэрийн эзэн ажлаасаа дөнгөж ирсэн бололтой, хувцсаа ч тайлаагүй, аягатай цай нь дүүрнээрээ, эхнэрийнх нь хийсэн хуушуур халуунаараа байна. Ам бүл 10-уулаа, найман хүүхэдтэй гэхээр нь гэр дүүрэн бужигнасан улс байх юм төсөөлж очтол сэлүүхэн. Олон өрөөндөө хуваагдаад орчихсон бололтой. Эрэгтэй, эмэгтэй нь одоохондоо ялгарахааргүй гурван дэрсхэн жаахан хүүхэд урд хойноо орж гүйлдэнэ. Эхнэр нь дүүрэн сайхан мэндтэй, нүдэнд дулаахан бүсгүй юм. 
    Гэрээ сайхан тохижуулжээ. Унтлагын өрөө нь том юм. Хүүхдийн тав тух хангасан өнгөлөг өрөөнд өсвөр насны хоёр охин хичээлээ хийж, нэг нь утас “маажсан” шигээ сууна. Гурван том хүү нь өрх тусгаарласан гэнэ. 
    Б.Данаажав Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь “Бүтээл” компанид слесарь, угсрагч, мастер, дараа нь Ган бөөрөнцгийн цехэд шаар хатаадаг дулааны операторчоор нэг жил ажиллаад Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер болжээ. Тэрээр зэс, гууль, төмөр цутгамал, давтмал, зормол бүхий л эд анги, эдлэлүүдийн техникийн холбогдолтой зураг, тооцоо гаргадаг. Саяхан мэргэшсэн инженерийн сургалтад сууж, хийсэн ажлаа бахархалтайгаар тоочуулан хамгийн өндөр оноо авч зэргээ ахиулжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан Зураг төслийн автоматжуулсан системийн Улсын анхдугаар олимпиадын тэргүүн байрын шагналт, Засвар механикийн заводын Хөдөлмөрийн аварга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг мэргэжилтэн, 2015 оны Трюковын нэрэмжит шагналтан залуу маань Ерөнхий захирлаас таун хаусны түлхүүр гардсан үеэ ийн дурслаа.
 
 
    -Эрдэнэт үйлдвэр танд байр бэлэглэх гэж байгааг мэдсэн үү?
    -Би цехээсээ шалгараад, тодорхойлолт маань “дээшээ” явсныг мэдсэн. Гэхдээ үйлдвэрийн газрын энэ олон бүтээлч, ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон чадвартай, хөдөлмөрч залуусын дундаас би гарахгүй “мултрах” биз дээ гэсэн бодолтой явсан. Тэгсэн баярын хурал дээр очоорой гэхэд нь гадарласан. Тэгэхдээ нэг өрөө юм уу, томдоо л хоёр өрөө байраас хэтрэхгүй гэж төсөөлсөн. Түрээсийн байранд амьдардаг манайд бол нэг өрөө байр байсан ч том бэлэг. Гэтэл хоёр давхар, 116м2 талбайтай таун хаусны түлхүүр гардуулсан. Ёстой магнай хагартал баярлана гэдэг л тэр байх. Зүүдлээд ч байгаа юм шиг, хөл газар хүрэхгүй агаараар яваад байгаа юм шиг санагдаж билээ. Хамгийн түрүүнд хамт олон, найз нөхөд, намайг дэмждэг багийнхан, үйлдвэрийн удирдлагууддаа маш их баярласан. Би хүмүүсийн итгэлийг  алдахгүй. Цаашид өөрийгөө илүү ихээр дайчилж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр хүндийг өсгөх, оюуны бүтээл гаргахын төлөө тууштай ажиллана гэсэн юм. 
     Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ Технологийн сургуульд багшилдаг. Түүгээр ч зогсохгүй цехийнхээ залуу ажилчдыг дагуулан дадлагажуулж, юуг ч байсан ойлгуулж хоногшуулахыг хичээж явдаг чин сэтгэлтэн. Б.Данаажав дэвшилтэт технологийн програм ашиглалтаар 70 гаруй мэргэжилтэн бэлтгэж, 100 шахам багц ажил гүйцэтгэж, 1900 гаруй эд ангийн зураг гарган эдийн засгийн үр ашигтай импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлсэн шилдэг мэргэжилтэн гэдгийг цехийн удирдлагууд нь ярьсан юм. 
    Төрөлх үйлдвэрээсээ таун хаус бэлгэнд авсан найман айл алтан хөршүүд төдийгүй найзууд болжээ. Саяхан тэднийхний ойролцоо бохир алдагдахад Баяжуулах үйлдвэрийн Бат-Эрдэнэ, Лхагва нартайгаа нийлж ухаж янзлаад  сайхан болгочихсон байна. Ажилч хичээнгүй, хөдөлмөрч залуусын нэгдэл тэнд ихийг цогцлоох нь дамжиггүй.   
    Түүний эхнэр Н.Онон Эрдэнэтчүүдийн сайн таних Батаа эмчийн хувийн эмнэлгийн нийгмийн ажилтан. Тэд архинд донтох өвчний эсрэг менсота загвар эмчилгээг хамтарч хийдэг гэнэ. Хүмүүсийг соён гэгээрүүлэх ажилтай болохоор үнэхээр ухаалаг, цэгцтэй сайхан ярих юм. Ханийгаа ажилдаа явахдаа сэтгэл нь тайван, ирэхэд нь хоол нь халуун, гэр нь цэвэрхэн, үр хүүхдүүд нь эрүүл, инээд хөөртэй биднийгээ хараад жаргалтай сайхан амраасай гэж тэр хүсдэг бас хичээдэг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хүчний ажил хийдгээс илүү ядардаг учраас гэртээ байх хугацаанд нь массаж хийж өгч, хүүхдүүдтэйгээ тоглох, ганцаараа байх цагийг олгодог гэлээ. Тэд орон сууц худалдан авахаар банкны зээлийн урьдчилгаа цуглуулж байсан ч олон хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг болохоор олигтой хуримтлуулж чадахгүй байжээ. Н.Онон “Би нөхрийнхөө нэг чанарт үнэхээр хайртай. Тэр бол чин сэтгэл. Ажилдаа ч, амьдралдаа ч, аливаа бүхэнд чин сэтгэлээсээ ханддаг. Үүнийх нь хариуд энэ шагнал ирлээ. Түлхүүр гардсан өдөр үйлдвэрийн удирдлагууд энд хамт ирсэн юм. Тухайн үед баярласан сэтгэлээ илэрхийлэхэд үг үнэхээр багаддаг юм билээ. Сэтгэл огшоод нулимс гараад л байсан. Дараа нь хоёулхнаа үлдчихээд бие биедээ баяр хүргээд, тэвэрч үнсээд насандаа мартамгүй сайхан дурсамж үлдсэн” гэж догдлонгуй ярив. 
    Б.Данаажав анх Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехэд ажилд орсон өдрөө “по”-гийнх нь цахилгааны батарей суучихаар төмөр бэлдцүүдээ сугандаа хавчуулаад, тасалсан заримыг шуудайнд хийгээд үүрч хүргэж өгөхдөө үйлдвэрийн дотоод зохион байгуулалтыг биеэр мэдэрсэн гэдэг. Нэг нь зогсоход дараагийн дамжлагын ажил овоорч хүлээгддэг, өөр хоорондоо уялдаатай, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн онцлогийг тэр үеэс бүрэн ойлгожээ. Тиймээс тэрээр хүний итгэл дааж, хурдтай, чанартай, бүтээмж өндөртэй ажилладаг. Эзэн хичээвэл заяа түшдэгийн тод жишээ энэ. Одоо Б.Данаажав өөрийн цехээ дэлхийд номер нэг завод болоосой гэсэн мөрөөдөлтэй. Түүндээ ч итгэлтэй. Орчин үеийн машин техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл гээд хөгжих үйл явц өрнөхөд хамгийн дуртай. Тэр эхлээд зургаа гараар зурдаг байсан бол компьютер дээр тооцоо хийдэг болж, загварын зургаа 3D болгоод, сүүлдээ орчин үеийн ухаалаг програмчилсан системүүд ашигладаг болжээ. Түүний зургийн дагуу ажилчид гагнаад, цутгаад, боловсруулалт явуулж буй дуу чимээг сонсох, хажуунаас харж зөвлөх бахархалтай гэж Б.Данаажав ярьсан. 
     Хүүхдийн инээд цалгисан тав тухтай, дулаан байрны цонх гэрэлтэн алсарна. Тэр гэрт Эрдэнэт үйлдвэрээ гэх халуун сэтгэлтэй хүмүүс аж төрдөг.     
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог