Уурхайчдын сэтгэлийн бэлэг эздэдээ хүрлээ Онцлох

28 12-р сар 2019 12:00
601 удаа үзсэн

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн тусгай үйлчилгээ бүхий “Хүүхдийн хөгжил”, “Итгэлийн мод”, “Найдвар” төвийн багачуудад Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид сэтгэлийн бэлгээ хүргүүллээ. Гадаад харилцааны бодлогын газар, Маркетингийн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн Орхон аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дээрх төвүүдийн шинэ жилийн баяр дээр зочилсон юм. Өнөөдрийн байдлаар дээрх төвүүдэд 50-иад хүүхэд суралцаж, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэм болж байна. Шинэ жилийн бэлэг авч, баярлаж хөөрсөн багачууд уурхайчдад зориулан “Уурхайчин би” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Найдвар” төвийн хүүхдүүд “Царцаанамжил” жүжигчилсэн тоглолтоор талархлаа илэрхийллээ.

Энэ үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

“Хүүхдийн хөгжил” төвийн дарга Д.ОДГЭРЭЛ: Дэргэд минь байгаад баярлалаа

    Өнөөдөр бид 2020 оныг угтсан “Дэргэд минь байгаад баярлалаа” талархлын шинэ жилийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны дэргэдэх Хүүхэд хөгжлийн төвийн залуучуудынхаа хүрээнд зохион байгууллаа. Манай төв долоо дахь жилдээ, Эцэг эхийн холбоо байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ хичээлийн жилд 2-8 насны 4, 18-аас дээш насны 11 буюу нийт 15 хүүхэд хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр энэ онд эхлүүлэн хийж байгаа ажлаа ирэх онд үргэлжлүүлэх болно. Жил бүр бидэнд урам хайрлаж, бэлэг өгдөг Эрдэнэт үйлдвэртээ баярлаж талархсанаа эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс илэрхийлж, ирэх онд ажил хөдөлмөрөөр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа.

“Найдвар” төвийн тэргүүн Г.ГАНЧИМЭГ: Хүүхдүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн

    Манай төв 2-18 насны хөгжлийн хүнд хэлбэрийн хүүхдүүдэд хүрч үйлчилдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд 35 хүүхдэд хүрч үйлчилснээс 8 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад элсэж, мэргэжлийн болон тусгай сургууль, хүүхэд хөгжлийн төвд тус бүр нэг хүүхэд шилжүүлэн сургасан. Хүн сонсоход бага тоо боловч маш их хөдөлмөр, хүүхдүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг хэлмээр байна. Бид аль болох олон гэр бүл, хүүхдэд хүрч үйлчлэх зорилготой ажилладаг. Тэр ч утгаараа 2019 оны ажлаа дүгнэж, хүүхдүүд маань сурсан мэдсэнээ харууллаа. Бидний үйл ажиллагааг цаг ямагт дэмждэг эцэг эхчүүд, орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлаарай.          

 И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сүүлд өөрчлөгдсөн Бямба, 28 12-р сар 2019 07:30
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог