“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөгт Эрдэнэт үйлдвэр хамтран оролцлоо Онцлох

18 10-р сар 2019 12:00
167 удаа үзсэн
   Орхон аймагт төрийн үйлчилгээ үзүүлэгч албан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Амарын талбайд зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон бусад байгууллагын удирдлагууд өдөрлөгт оролцлоо. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хамтын ажллагааныхаа хүрээнд олон чиглэлд хамтран ажиллаж, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэсээр байгаа билээ. 
   Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын морин хуурын чуулга хөг эгшиг өргөснөөр энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Статистикийн хэлтсийн удирдлагад суудлын автомашин, Онцгой байдлын газарт тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүр тус тус гардууллаа. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” төслийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр авахаар шалгарсан залуус батламжаа гардаж, төрийн байгууллагууд өнгөрсөн 9 сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэн мэдээлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон юм. Төрийн үйлчилгээний байгууллагууд дор бүрнээ иргэдэд мэдээлэл хүргэн, зохих журмаар чирэгдэлгүй шийдвэрлэж байгаад иргэд сэтгэл тэнэгэр байлаа. 
   Өргөн хэмжээнд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба, Эмнэлэг, сувиллын цогцолборынхон оролцсон. Сувиллын хамт олон өртөөчилсөн хэлбэрээр иргэдийг үзлэгт хамруулан, зөвлөгөө мэдээллээр хангахын зэрэгцээ ясны шөл, арвайн гурил, хүчилтөрөгчийн коктэйлээр дайллаа. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн цагаан тоосыг дарах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулан, лабораторийн туршилтыг биетээр авчирсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татлаа. Туршилтыг бодитоор хэрэгжүүлснээр энэ намар цагаан тоос босохгүй байгаа тухай мэдээллийг хүргэсэн.
   Автотээврийн үндэсний төвийнхөн жолоочийн эрх, үнэмлэхтэй холбоотой санал гомдлыг хүлээн авч, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тэтгэмж, сайн дурын даатгалын мэдээллээр иргэдэд хүрч үйлчиллээ. Амарын талбайд зохион байгуулсан энэ өдрийн үйл ажиллагаа өргөн хүрээтэй, богино хугацаанд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” ямар байх ёстойг утгаар харуулсан юм. 
 




Орхон аймгийн Засаг даргын орлогч С.БАТЖАРГАЛ: Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон
 

   - Өдөрлөгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
   - 2016 оноос хойш төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд ямар ажлууд хийж, үр дүнд хүрэв, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаар иргэддээ нээлттэй танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагууд шинжилгээ хийж, дор бүрнээ шуурхай үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажилласан. Өмнө төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд тус бүртээ өдөрлөг зохион байгуулдаг байсан бол өнөөдөр удирдлагууд нь иргэддээ үйлчилгээ үзүүллээ.
 
   - Өмнөх жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас онцолбол?
   - Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа бүхэлдээ хүний хөгжилд чиглэж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр аймгийн Тамгын газар Гадаад харилцааны албатай боллоо. Иргэдэд үйлчилж байгаа хүнд суртал, гарын үсгийг багасгана гэж зорилт тавьсны дүнд юу хийж бүтээв гэдэгтэй иргэд танилцлаа. Гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр маш олон хоттой хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, ажлаа эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн бухимдал үүсгэдэг асуудал ч үндсэндээ цэгцэрсэн. Цагаан тоосны чиглэлээр хамтран ажиллаж, ямар өөрчлөлт гаргасныг та бүхэн харж байгаа байх. Ахиц, өөрчлөлт их бий. 
   Орхон аймаг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 14 сая еврогоор үерийн далангаа бүрэн шийдвэрлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Олон улсын ТЭЗҮ боловсруулах баг нь Орхон аймагт ажиллаж байна. Сангийн яамтай хийсэн гэрээний хүрээнд Эрдэнэ, Даваат, Шанд багуудыг төвийн дулаанд холбох төсөл маань хэрэгжинэ. НҮБ-тай 2021 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд ногоон, тогтвортой хөгжлийн 4 том зорилтынхоо дагуу тодорхой ажлууд хийхээр болж байна. Мөн ирэх жил НҮБ-тай хамтран засаглалын тогтолцоог сайжруулах ажил зохион байгуулна. Хүрсэн үр дүнгээ иргэдэд хүргэх бүх талын ажлыг цаашид зохион байгуулна. 
 
 
БОНХХ-ийн албаны дарга Б.ПҮРЭВСҮРЭН: Иргэдэд лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа

 
   - Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт юу байна вэ?
   - Байгаль орчны хэлтсээс дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хүрээнд Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэн, 1 га газарт нөхөн сэргээлт хийж, мод тарьсан. Баяжуулах үйлдвэрийн цагаан тоос дарах албаныхан цагаан тоос дарах чиглэлээр флокулянт, тусгай зориулалтын техникээр шүрших, булингийн хаягдал, хар шороон хөрс гэсэн 4 хосолмол аргаар ажлаа гүйцэтгэж байна. Энэ тухай илүү ойлгомжтой мэдээллийг иргэдэд хүргэхээр лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа. Иргэд эрүүл мэндийн үзлэгийн талаар их асууж байна. Орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 387 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдсан. 
 
 
ЭСЦ-ын тасгийн эрхлэгч н.БАТБУЛГАН: Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг


 
    - Эрдэнэт сувиллын алба иргэдэд ямар үйлчилгээ хүргэж ажилласан бэ?
   - Орхон аймгийн иргэддээ өртөөчилсөн байдлаар үйлчилгээ үзүүлж, хэрхэн эрүүл зөв амьдрах тухай мэдээлэл хүргэсэн. Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг. Тиймээс биеийн жингийн индекс тодорхойлж, тухайн хүнд суурь өвчин байгаа эсэхийг шинжиж, зөв хоолтой холбоотой мэдээлэл өгсөн. Зөв хооллолтын хамгийн эхний дүрэм нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох явдал юм. Тиймээс шошго хэрхэн унших, хэрхэн зөв сонголт хийх, хадгалах хугацаа, Е тэмдэглэгээг хэрхэн уншиж, урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ хүргэж ажиллалаа. Түүнчлэн кальцийн агууламж асар өндөртэй ясны шөлөөр үйлчиллээ. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 18 10-р сар 2019 09:50
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог