Өглөөний сэргээш

COVID-19 буюу коронавирусын халдвараар голдуу ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс өртөж, хүндрэх эрсдэлтэйг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас анхааруулсан байна. Иймд, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ахмадын эмч Э.Хандармаа ахмадуудад дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Эмчийн хяналтад тогтмол байх

-Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

-Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

-Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

-Сайн унтаж амрах

-Тайван стрессгүй, ядрахгүй байх

-Дулаан хувцаслах, даарахгүй байх

-Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

-Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх

-Олон нийтийн газраар явахгүй байх

-Амны хаалт зүүх

-Гараа сайтар савандаж тогтмол угааж хэвших.

-Холбоо барих хүний утасны дугаартай байх

Бие тавгүйрхсэн тохиолдолд Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 
Засвар механикийн заводод хийгдэж буй технологийн шинэчлэлийн талаар Заводын дарга Б.Баасансүрэнгээс тодруулснаа хүргэе.
 
-Цутгуурын цехэд хийгдэж буй техникийн шинэчлэлийн талаар ярихгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Засвар механикийн заводод техник технологийн шинэчлэлийн ажил явагдаж байна. Үйлдвэрийн газрын хэмжээний техникийн бодлогын хүрээнд жил бүр шинэчлэл хийдэг. Үүний дагуу завод  тоног төхөөрөмжийнхөө шинэчлэлийг хийгээд явж байгаа. Өнөөдрийн хийж байгаа техник технологийн шинэчлэл арай онцлогтой. Учир нь техникийн шинэчлэлийг, технологийн хамт бүр иж бүрнээр нь өөрчилж байгаа явдал л даа. Өөрөөр хэлбэл бид Цутгуурын цехийн хэв барих технологийг бүхэлд нь техник, тоног төхөөрөмжийн болон технологийн тухайд 100 хувь шинэчилж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, техникийн бодлогын хүрээнд Заводын өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж явах юм. Заводын үйлдвэрлэлийн үндсэн хоёр нэгж болох Цутгуурын болон Механик цехийн техник, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж явах шаардлагатай байна. Орчин үеийн техникийн дэвшил, хөгжил тэгж шаардаж байна л даа. Техникийн хөгжил, дэвшил маш хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнээс хоцрохгүй явахыг амьдрал шаардаж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90 орчим хувьтай явна. Үлдсэн хувьд нь хийн дамжуулах, агаарын, ус дамжуулах, цахилгааны угсралт, электроник, программ хангамжийн чиглэлийн ажлууд хийгдэнэ. Бид 2020 оны тавдугаар сарын нэгний өдөр ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Аль болох наашлуулах зорилготой. Ажил гүйцэтгэж байгаа Зураг төслийн хүрээлэн,  Засвар угсралтын болон Барилга засварын цех маш сайн ажиллаж байна.
-Цаашид, техник технологийн шинэчлэл, өргөтгөлийг хэрхэн яаж явуулах зорилго, төсөөлөлтэй байна вэ?
 -Одоогоор, Цутгуурын цехийн хэвний технологийг 100 хувь шинэчилж байна. Энэ нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн хэвний технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэсэн үг. Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгос, Тайвань улсад үйлдвэрлэсэн  орчин үеийн ажлын өндөр бүтээмжтэй суурь машинуудыг суурилуулан ажиллуулж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэх, бүтээгдэхүүний чанар сайжрах, нарийн хийцтэй эд анги хийх зорилт тавьсан. Эдгээр суурь машин дээр жижиг төрлийн нарийн эд анги хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар Ган бөөрөнцгийн цехэд ашиглах  цувих суурь машины бул хийх туршилтын ажил явагдаж байна. Манай инженер техникийн ажилтнууд нэлээн шаргуу ажиллаж байгаа. Энэ нь Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах төдийгүй Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн хувьд үр ашигтай ажил болж магадгүй. Бид яаж ийж байгаад энэ эд ангийг чанарын, стандартын, цаашлаад ашиглалтын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгочих юмсан гэж зорин ажиллаж байна. Бид компьютерийн удирдлагатай суурь машины операторыг бэлтгэх, давтан сургахад нэлээн анхаарал тавьж байна. Өнгөрсөн жилүүдэд энэ суурь машин дээр ажиллах боловсон хүчнийг  Солонгос, ОХУ болон дотоодын их, дээд сургуульд бэлтгээд ажиллуулж байна. 2020 оноос бас давтан сургалт, шинээр мэргэжил эзэмшүүлэх ажлууд хийгдэнэ.
-Захиалсан тоног төхөөрөмж хугацаандаа ирж байгаа юу?
-Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлтэй холбоотой шинэ тоног төхөөрөмжүүд бүрэн ирсэн. Одоогийн байдлаар угсралт суурилуулалтын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2020 оны тавдугаар сарын нэгэн гэхэд Цутгуурын цехийг бүрэн ажиллуулах ёстой. Энэ хугацаанд төлөвлөгөөт ажлуудыг бүрэн хийх боломжтой. Одоо цахилгааны холболт монтажийн ажил эхэлсэн. 2020 оны гуравдугаар сарын 10-ны дотор Герман улсын FAT компанийн цахилгаан, электроник автоматикийн чиглэлийн мэргэжилтнүүд ирснээр тохируулгын ажил хийгдэнэ. 
 
 
-Засвар механикийн заводын цаашдын зорилт юу вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепцийн хүрээнд болон үйлдвэрийн удирдлагын түвшинд Засвар механикийн заводыг Монгол Улсын машин үйлдвэрлэл металлургийн салбарын суурь бааз болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Манай завод дотоодын зах зээлд тодорхой хувийн металл бүтээгдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх  зорилттой ажилладаг. Уг зорилтын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн засвар, сэлбэгийг үйлдвэрлэнэ. Энэ нь уул уурхайн машин үйлдвэрлэлийн салбар болон хөгжих чиглэлийн нэг юм. Өнгөрсөн онуудад бид Заводын өргөтгөл шинэчлэлийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан. 2020 онд нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Энэ баримт бичиг боловсруулснаар манай заводын ойрын болоод дунд, урт хугацааны хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын асуудал нэлээн тодорхой болно. Үйлдвэрийн газрын 2021 оны их барилгын чиглэлийн хөрөнгө оруулалтын захиалга хийгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ойрын үед шийдэх томоохон хоёр ажлыг төлөвлөгөөнд тусгуулахаар санал өгсөн. Тухайлбал, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ТЭЗҮ боловсруулсан байгаа. Мөн заводын дэргэд бидний санаачилсан орон тооны бус Инженерийн зөвлөл ажилладаг. Эндээс ажилтнуудын идэвх санаачилгыг өрнүүлэх, инноваци, эрдэм шинжилгээ судалгаа, туршилт үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллуулах зорилт тавьж байгаа. Энэ ажлаа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ярилцаад  байна. Тэгэхээр бидэнд лаборатори маш чухал хэрэгтэй. Иймээс орчин үеийн металл судлалын дижитал лаборатори шинээр байгуулах төсөл боловсруулаад дуусаж байна. Үүнийг 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал өгсөн. Дэмжигдэнэ гэж найдаж байгаа.  Энэ мэтчилэн бидэнд хийх ажил их бий. Удахгүй инженер техникийн ажилтнуудтайгаа дахин ярилцаж зарим ажлыг тодотгон харьяа газар, хэлтэст танилцуулна. Ойрын үед шийдэх чухал асуудал бол өргөтгөл шинэчлэлийн техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийг боловсруулах ажил  байна даа.
-Баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 
Бүлэг Ярилцлага
 
Шинэ корона вирусын улмаас Эрдэнэт үйлдвэр гамшиг эрсдэлийн өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжин ажиллаж байна. Цаг үеийн энэ асуудлаар болон байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн үед хэр бэлтгэлтэй байдаг талаар Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдтой  ярилцлаа. 
 
-Гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?
Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих тухай Ерөнхий захирлын А/78 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг  3-р сарын 30 хүртэл сунган ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд хязгаарлах зарим арга хэмжээ авсан. Хурал цуглаан, биеийн тамирын болон урлагийн  ажиллагаа, үйлдвэрийн харьяа сургууль цэцэрлэгүүд, “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилах, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын амралтын үйл ажиллагааг түр зогсоосон. “Эрдэнэт” сувилал цогцолбор, Гэрээт аврах, гал унтраах  58-р анги, Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр үйлдвэрийн ажилчдын автобус, хоолны газрууд, алба нэгжүүдэд халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг эрчимжүүлэн хийж байна. Мөн ажилчдын халуун хэмжих  тандалтын ажил үргэлжилж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер, Гамшгаас хамгаалах штабын даргын баталсан Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн шийдвэрээр шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Орхон аймгийн Онцгой комисссын шуурхай жижүүр, Эрүүл мэндийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тогтмол мэдээлэл өгч байгаа.
-Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлах  байр бэлдэх  болсон. Бэлтгэл хэр хангасан бэ?
-Сувиллын тусгаарлах байрны бэлтгэл ажил хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтныг тусгай өмсгөл, амны хаалтаар хангасан. Үйлдвэрийн газрын хэмжээнд Механикийн хэлтсээс санаачилга гарган, хандивын аян өрнүүлж байна. Хандивын мөнгийг  Аймгийн онцгой комисст  төвлөрүүлэх юм. 
-Үйлдвэрийн ажиллагчдад амны хаалт тарааж байгаа. Энэ ажиллагаа хэрхэн явагдаж байна? Мөн Онцгой нөхцөлд ажиллах хүмүүсийн хамгаалах хэрэгсэл хэр хангагдсан бэ?
-Манай үйлдвэр Гамшгаас хамгаалах тусгай нөөцтэй. Нөөцөөс 1-р сарын 27, 28-нд үйлдвэрийн ажиллагчид болон  гэрээгээр ажилладаг хүмүүст  зориулалтын  амны хаалт тараасан. Мөн   үйлдвэрийн удирдлагаас шийдвэр гарган,  Оёдлын цехэд урьдчилсан байдлаар амны хаалт 30 мянган ширхгийг  үйлдвэрлэх болсон. Одоогоор  12 мянгыг  цех, нэгжүүдэд тараалаа.  Мөн халдварын  голомтод ажиллах хүмүүст зориулан  тусгай өмсгөл 400-г авсан. Үүний 150-ийг Аймгийн Онцгой комисст шилжүүлсэн. “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүнд хуваарилсан. Ерөнхийдөө нөхцөл байдал хүндэрвэл  халдварын голомтод үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүнийг  нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан.
-Эмнэлгийн байгууллагын тандалтад байгаа хүмүүс бий юу?
-Өмнөд Солонгост  зорчиж ирсэн  Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид, тэдний гэр бүлийнхэн, угтаж авсан гээд нийт 31 хүн  Шуурхай штабт бүртгэлтэй байгаа.  Одоогийн байдлаар хорио цээрийн хугацаа нь дууссан 10-аад хүн эмнэлгийн байгууллагын зөвшөөрлөөр ажилдаа орсон. 
-Өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтэд газар хөдөлсөн. Манай үйлдвэрийн объект барилга байшин, шугам сүлжээ эрсдэлд өртөөгүй биз?
-Манай үйлдвэртэй харьцангуй ойрхон зайд  4,9 магнитудын газар хөдөлсөн. Үүний дараа цех нэгжийн объект хариуцсан ажилтнууд  нарийвчилсан  шалгалт хийсэн. Хаягдлын аж ахуйн далан, Уурхайн хана, үйлдвэрийн барилга, шугам хоолойд  ямар нэгэн өөрчлөлт, хохирол, үр дагавар гараагүй. 
-Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн  үед манай үйлдвэр хэр бэлтгэлтэй байдаг вэ?
-Эрдэнэт үйлдвэр хуулийн дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөө нь  болзошгүй гамшиг осол, байгалийн аюулт үзэгдлийн үед  шат дараатай ажиллаж, хохирол багатай давахад чиглэдэг. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах  журмын дагуу Улс орон даяар жил бүрийн 3-р сарын дөрөв  дэх долоо  хоногийн пүрэв  гаргийн 16 цагт Гамшгийн сургууль болдог. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд  газар хөдлөлтийн цагийн байдлаар дохио өгч сургуулилт явуулсан. Эрдэнэт үйлдвэрийн  хоёр  цэгт  зарлан мэдээллийн дуут дохиотой. Зарим  цех чанга яригчийн системтэй. Мөн ХМТАЦ-ийн холбооны ДАКС дохиоллын системээр цех нэгжүүдийн удирдлагад  нэгэн зэрэг дохио өгч бэлэн байдлыг хангах  юм. Түүнчлэн ажилчдын ХАБЭА-н сургалтаар  аюулт үзэгдэл ослын үед ажлын байранд өөрийгөө хэрхэн хамгаалах тухай хичээл ордог. 
-Газар хөдлөлтийн үед хүмүүс өөрийгөө хэрхэн хамгаалах  вэ?
-Сүүлийн үеийн газар хөдлөлтийн  судалгаагаас харахад нас барсан хүмүүсийн 80-аад хувь нь  байшин барилгаас гарч яваад хохирсон байдаг.  Зарим тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн эхэнд бага хэмжээний чичирхийлэл мэдэгддэг. Үүнийг дохио газар хөдлөлт гэдэг. Энэ үед байшин барилгаас гарах ёстой.  Харин дохио хөдлөлтгүй  гэнэтийн хүчтэй газар хөдлөлтийн үед тухайн байрандаа  цонх, шил, тавилга, гэрлийн бүрхүүлээс зайдуу, ширээн доогуур /голд нь биш хөл дагуу/  барилгын бат бөх хийцтэй хана зэрэг байрлал сонгож хүлээнэ. Газар хөдлөлт намжсаны дараа аюулгүй зайд гарна.  
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага

Шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор  Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон талын арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Үүний хүрээнд өнөөдөр “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 058 дугаар ангийн  удирдлага хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов. Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарг Б.Бат-Эрдэн “Эрдэнэт үйлдвэрийн бүх автобусанд ажилчдын биеийн халуун хэмжих үйл ажиллагаа явуулж байна. Уг ажлыг манай “Эрдэнэт” сувиллын цогцолбор, үйлдвэрийн Онцгой байдлын алба хамтран хийж эхэлсэн. Ажилчдыг өглөө, оройн ээлжинд нийт 30 автобус тээвэрлэдэг бөгөөд тэдгээр тус бүрд нэг эмч, онцгой байдлын нэг албан хаагч ажиллаж байна. Мөн өчигдрөөс эхлэн үйлдвэрийн Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолборын 11 ажилтныг хүч нэмэгдүүлэн ажиллуулж эхэллээ. Бүх ажилчдыг халуун хэмжих, урьдчилан сэргийлэх зөвлөмжид хамруулах тул үүнд хүн хүч шаардлагатай байсныг ингэж зохицуулсан” гэв.   

Мөн Орхон аймгийн Онцгой комисс болон Эрдэнэт үйлдвэрийн Онцгой штабын шийдвэрийн дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолборт ажиглах байр гарган, одоогоор 11 хүнийг байрлуулан ажиглалт хийж байгаа юм байна. Тус сувиллын ажиглах байранд 120 хүртэл хүн хүлээн авах боломжтой бөгөөд энд 30 эмч, ажилтан халдвар хамгаалалтын өндөр түвшинд ажиллаж байгаа аж.   

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Энэ онд Баяжуулах үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаар тус цехийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-2020 оны эхний хагас жилд танай цехэд ямар томоохон ажлууд хийгдэх вэ?

-2020 оны тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын хүрээнд Ерөнхий захирлын А/95 тоот тушаалын дагуу Нунтаглан баяжуулах хэсгийн (НБХ) МШЦ 5,5*6,5 тээрэм №4, Бутлан тээвэрлэх хэсгийн (БТХ) бутлуур КМД 3000Т2-ДП  №12-ийг Metso компанийн МР-800 бутлуураар, Урвалжийн хэсгийн МШР 1,5*2,1 №3 тээрэм солих ажлыг 4 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтад өгнө. Мөн II улирлын дундаас Өөрөө нунтаглах хэсгийн ММС 90*30 №1 тээрмийг солихоор төлөвлөж байна. Уг тээрмийн хяналтын угсаргаа дөрөвдүгээр сараас эхэлнэ.

-Ажиллагчдаас гаргасан шинэ санал санаачилга үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байна.Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажиллаж байна вэ?

Манай ажилтнууд Сайн саналын системээр дамжуулан шинэ санал санаачилга их гаргадаг. Өнгөрсөн онд нийт 1694 санал гаргасан байгаа. Үүнээс механикийн чиглэлээр 338 санал гарсны 197 нь үйлдвэрлэлд амжилттай хэрэгжээд байна. Мөн Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, хуучин тоног төхөөрөмжийг сэлгэн засварлаж, ашиглалтын хугацааг уртасгах чиглэлээр олон ажил хийж 200 гаруй сая төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажиллалаа.

-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд танай цехэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ? 

-Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл өнгөрсөн онд батлагдсан. Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд 2020-2021 онд ӨНХ-ийн өргөтгөл 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай 4-р шугамыг байгуулах, НБХ-ийн хам баяжуулалтын 5-р секцийг 12 сая тонн хүчин чадалтай болгон шинэчлэх төслийн ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-Ер нь Баяжуулах үйлдвэрт техник технологийн шинэчлэл хэр явагдаж байна вэ?

-Сүүлийн 5 жилд Баяжуулах үйлдвэрт техник, технологийн шинэчлэл эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, НБХ-ийн хам баяжуулалтын 1-р секцийн флот машин №205-ийг бүрэн шинэчилсэн. Тус хөвүүлэн баяжуулах машин 2000 оноос ажиллаж байсан. Мөн БТХ-ийн КМД №13 бутлуурыг Metso компанийн МP-800 бутлуураар шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. НБХ-т шинэ молибдены шугам суурилуулсан гэх мэт олон ажил хийгдээд байна. Эдгээр шинэчлэлийг хийснээр 10 хүртэл жил ажиллаж байгаа үндсэн тоног төхөөрөмж 2018 онд 39 хувь, 2019 онд 49 хувь болж өссөн байна.

-Ажлын хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Одоогийн байдлаар гаднын хүчин зүйлээс хамаарсан бэрхшээлүүд бий. Сүүлийн үед өмнөд хөршид дэлгэрээд байгаа короно вирустай холбоотойгоор зарим шаардлагатай материалууд төлөвлөгөөт хугацаанаасаа хоцорч ирэх нь тодорхой болоод байна. Мөн зэсийн үнэ ханш тогтворгүй байгаатай холбогдуулан өртөг зардлыг бууруулах төлөвлөгөө боловсруулж,  зарим томоохон төлөвлөгөөт засварын ажлууддаа зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

 

Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог