Боловсрол

Долоо хоног бүрийн Даваа гарагт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан болж, хийсэн ажлын тайлан хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Энэ 7 хоногийн өргөтгөсөн шуурхайд Дэлхийн уул уурхайн конгресс “WMC”–ийн удирдах зөвлөлийн дарга Марек Шила, ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба, Геологи уул уурхайн яамны дэд сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн Монголын хэсгийн тэргүүнээр 16 жил ажилласан, Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн Д.Рэнчинханд нар урилгаар оролцов.

Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд Польшийн нэрт эрдэмтэн, уул уурхайн инженер профессор Болеслав Крупинскийн санаачилгаар Варшавт анхны их хурлаа зохион байгуулснаар үүсэн байгуулагджээ. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа байгууллага бөгөөд БНПУ-д суугаа ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. 1985 оноос хойш уул уурхайн салбарынхан дунд мэргэжлийн төрөл бүрийн сургалт, хуралдаан зохион байгуулж иржээ.  Хамгийн сүүлд өнгөрсөн жил Казакстаны Астана хотод 50 улсын 2586 төлөөлөгч оролцсон Инновацийн давамгайлал-уул уурхайн өсөлт рүү урагшлах алхам сэдэвт хурал зохион байгуулж,  уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.

Дэлхийн уул уурхайн салбарынханыг нэгтгэдэг тус конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба Монгол Улсад мөн Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Өнөөдөр дэлхий нийт Монгол Улсыг уул уурхайгаар таньдаг мэддэг болсон. Тэр тусмаа хариуцлагатай уул уурхайн тод жишээ зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэлээр Ази тивд төдийгүй дэлхийд эрэмбэтэй Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах бүхий л боломж гарц бийг удирдах ажилтнуудад хэлэн, ажлын өндөр амжилт хүслээ.

          Өргөтгөсөн шуурхай уламжлал ёсоор үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан мэдээг сонсож, ирэх 7 хоногт хийх ажлаа ярилцлаа. Мөн  ирэх намар, өвлийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хөдөлгөх талаар хэлэлцсэн шуурхай болж өндөрлөв.
 

 

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-04-нд Монголд айлчлан тоглоно. Соёлын төв өргөөнд болох энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж байна. Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнууд зэрэг дэлхийн 60 гаруй улсаар аялан тогложээ. Монголд анх 1976 онд, үүнээс 42 жилийн дараа буюу өнгөрсөн жил "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээний хүрээнд тоглолтоо толилуулж, манай мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчид, уран бүтээлчдэд бүжгийн өгүүлэмж, өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөний техникээс суралцах ховор боломж олгож байсан юм. Энэ удаагийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уран сайхны удирдагчаар ОХУ-ын Ардын жүжигчин Елена Щербакова ажиллаж байна.           

“Эрдэнэ Зая бандида Гончиг сүмлин” хийд, “Срайдорж номун хан” сан, “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвөөс хамтран “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр сүсэгтэн олонд лекц зохион байгуулах гэж байна. Амьдралын утга учир, хүмүүний үнэ цэнэ, жаргал зовлон, сайн мууг хэрхэн таних, хэрхэн өөртөө итгэл төгс болох тухай зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх юм. Түүнчлэн аз жаргалтай амьдрах арга замын тухай жишээ баримтад тулгуурлан сонирхолтойгоор өгүүлэх болно гэж зохион байгуулагчид мэдээллээ. Энэ лекцийг “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн багш, Буддын гүн ухааны магистр Бэхийн Дарамбазар унших юм. Сүсэгтэн олон та бүхэн түүний “Хувь хүний хөгжлийн тухай” болон Бясалгалын холбогдолтой номуудыг энэ үеэр худалдан авах боломжтой. “АМЬДРАЛЫН УТГА УЧИР БА ХҮМҮҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ” лекц энэ сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын их танхимд болно. 

 А.Бямбамаа

Урлагт хайртай, уран бүтээлч уурхайчдыг “өлгийдөн” авч, сурган хүмүүжүүлсэн 40-өөд жилийн түүх Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбортой салшгүй холбоотой. Үйлдвэрийн залуу, дунд, ахмад үеийнхэнд урлагийн боловсрол олгосон тус цогцолборын 2019-2020 оны дугуйлангийн элсэлт эхэлсэнтэй холбогдуулан Дугуйлан хариуцсан ахлах багш Н.Тунгалагаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд ямар ямар дугуйлан хичээллэх талаар мэдээлэл өгнө үү?

-Төгөлдөр хуур, дуу, драм, ятга, морин хуур, загвар гоо зүй, зураг, бүжгийн бүх төрлийг хамруулсан 9 дугуйланд 17 багш хичээллэнэ. Төгсөгчид маань урлагийн холбогдолтой мэргэжлийн сургуулиудад элсэн суралцаж байгаад бид баярладаг. Энэ хичээлийн жилд дууны төрлөөр дөрвөн хүүхэд Соёл урлагийн их сургуульд тэнцсэн. Хүүхдүүдээ дэмжин урамшуулах зорилгоор энэ хавар 12 дугаар анги төгсөх, дугуйланд 3-4 жил тасралтгүй суралцсан хүүхдүүддээ албан ёсны гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Спорт бүжиг, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид маань улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Энэ жилийн тухайд элсэгчдээ есдүгээр сарын нэгэн хүртэл бүртгэж, явцын дунд зарим ангид нэмэлт элсэлт авахаар төлөвлөөд байна.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын багшлах боловсон хүчин, багш нарын ур чадварын тухайд юу хэлэх вэ? Давуу талыг нь тодорхойлбол?

-Эрдэнэт үйлдвэр соёл, урлагийн байгууллагаа ихээхэн дэмжиж, уран бүтээлчдээ хөгжих, чадавхжих тал дээр бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ утгаараа заах арга барил сайтай, мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Салбартаа олон жил ажилласан мэдлэг мэргэжилтэй, чадвартай багш нар хичээл зааж байгаа нь манай давуу тал юм болов уу. Бид дугуйлангийн элсэлтээр жилдээ 250 гаруй хүүхдийг сургаж, урлагийн боловсрол олгодог байсан бол өнгөрсөн жил 300-аад хүүхэд суралцаж төгссөн.

-Хүүхдэд багаас нь урлагийн боловсрол эзэмшүүлэхийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ? Эцэг, эхчүүд маань хүүхдээ урлаг, спортын аль нэг төрлөөр тууштай бус, олон төрлөөр хичээллүүлж шантраагаад байх шиг санагддаг?

-Урлаг хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдээс тэсвэр хатуужилтай, зарчимч, зохион байгуулалттай, бие даах чадвар сайтай, урлагийн гоо зүйн мэдрэмж өндөр зэрэг хувь хүний хөгжлийн олон эерэг талыг харж болно. Ер нь гэрийн боловсролоор олж авч чадаагүй зүйлсээ хүүхэд урлагаас суралцах боломжтой. Манай дугуйлангийн хүүхдүүд нэг хичээлийн жилийн туршид суралцахдаа чадвараа маш сайн дээшлүүлсэн харагддаг. Тиймээс тууштай байна гэдэг маш чухал.

Дугуйлангийн сурагчид жил бүрийн Харшийн сүлд модны наадам, Хүүхдийн баяраар урлагийн тоглолтоо хийж, “Сурснаа толилуулъя” тайлан тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.

-Таны хувьд хэд дэх жилдээ бүжгийн багшаар ажиллаж байна вэ?

-Би 2010 оноос Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонд сонгодог бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдүүдийн маань чанар, чансаа жил ирэх бүр дээшилж, амжилттай суралцаж байгаад баярладаг. Одоо, сонгодог бүжгийн ангийг ихэвчлэн залуу багш нар хичээллүүлдэг. Харин ардын бүжгийн ангийг энэ хичээлийн жилд МУГЖ Д.Цэрэннадмид багш маань удирдахаар болсон.   

-Зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэнэ гэхээр эцэг эхчүүдэд цааргалах зүйл гарахгүй бололтой. Төлбөрийн хувьд хэр уян хатан бэ?

- Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөгжилд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан, шийдвэр гаргадаг байгаасай. Манай дугуйлангууд төлбөрийн хувьд 50-80 мянган төгрөгийн хооронд тогтоосон тарифтай, төлбөрөө сар тутамд төлөх уян хатан нөхцөлтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэтчүүд та бүхний өмнө Соёл, урлагийн цогцолборын үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. Сурч боловсрох орчныг бид бүрдүүлье, хүүхдүүдээ өв тэгш хөгжүүлэхийг хүсвэл эцэг, эхчүүд минь биднийг зориорой.

-Ярилцсан танд баярлалаа. Соёл, урлагийн цогцолборын хамт олныг урлагийн тэнгэр ашид ивээж байх болтугай.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог