Өглөөний сэргээш

   Уул уурхай, хүнд үйлдвэрт хамгийн түрүүнд тавигдах асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр “Нэн түрүүнд ХАБ” уриан дор энэ чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд анхааран ажилладаг.
   ХАБЭА-н хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан байна. Шалгалтын комиссыг тус хэлтсийн дарга удирддаг бол түвшин тогтоох шалгалтад үйлдвэрлэлийн үндсэн болон туслах цехүүдийн удирдлага хамрагдав. Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, эрүүл ахуйн стандарт, холбогдох хууль тогтоомж болон тухайн цех нэгжийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаа зэрэг сэдвээр уг шалгалтын асуулга бэлтгэгджээ. Шалгалтыг тестийн болон харилцан ярианы аргаар авсан бөгөөд шаталсан хэлбэрээр цаашид үргэлжлэх юм. “Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг дээшилснээр ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэл, зөрчил дутагдлыг багасгах, арилгах, зөв мэдээлэл түгээх, харилцан бие биеэсээ суралцах зэрэг олон эерэг талууд бий болдог” гэж ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, жил бүр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Үйлдвэрийн нийт ажилчдаас гадна ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 8000 гаруй хүнд хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг энэ жил 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 170 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.       
   Эрүүл мэндийн үзлэгийн энэ удаагийн багцууд нь сүүлийн гурван жилийн үзлэгийн дүн, оношилгооны судалгаанд тулгуурлан, хүнд өвчтэй ажилчдыг илүү нарийвчилсан шинжилгээнд оруулах чиглэл баримталж буйгаараа онцлогтой юм. Онош батлах, түүнд тохирсон ямар эмчилгээ үргэлжлүүлэн хийх, үр дүн нь ямар байгаа зэргийг тодорхойлж, дүгнэх зорилгоор 9 төрлийн багц үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай хамтран хийж байна.
   Мөн энэ жил үзлэгийн багцыг насаар ангилаагүй, өөрөөр хэлбэл бүх насныхан үндсэн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой болсноороо өмнөх жилүүдийн үзлэгээс давуу талтай юм байна. Тухайлбал, үндсэн багцын үзлэгт өөх тосны солилцоог дөрвөн үзүүлэлтээр шинжилж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдэд үрэвслийн үзлэг хийгдэж байсныг хавдрын эсийн шинжилгээгээр сольжээ. Мөн судасны нарийслыг эрт оношлох, зүрхний хэт авианы шинжилгээг хийж байна. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээр 1000 гаруй хүн зүрх судасны өөрчлөлттэй гарсан тул оношийг тодруулах зорилгоор энэ төрлийн  шинжилгээний багцыг  дахин оруулжээ.  Түүнчлэн, “ходоод, улаан хоолойн дуран, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин зэрэг бүхий л нарийн шинжилгээг багцлан оруулсан учир урьдчилан сэргийлэх үзлэг илүү үр дүнтэй болно” гэж Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дарга Т. Мягмарсүрэн эмч ярилаа.

М.Балжинням


 

   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэлээс оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар сонирхлоо.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулдаг олон ажил бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэлтэс ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтныг санаачилгатай оролцуулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд “ХАБЭА-н манлайллын арга хэрэгсэл”-ийг эзэмшүүлэх семинар, “ХАБЭА-н бүтээлч бүлэг”-ээр ажил өрнүүлж, бүтцийн нэгжүүдэд “Өглөөний ХАБ”-ыг туршилтын журмаар нэвтрүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сайн дурын 153 мэдээллийн хаалгач, 100 гаруй манлайлагч ажиллаж байна. Бид 2019 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 182 удирдах ажилтан ХАБЭА-н удирдлагын амлалт аван ажиллаж байна.  Олон талт ажил зохион байгуулсны дүнд ажилчдын бүтээлч идэвх, санаачилга ч нэмэгдэж байгаа нь сайхан байна.

   - Өнгөрсөн онтой харьцуулахад оролцоо хэр нэмэгдсэн бэ?
   - 2018 онд бүтээлч идэвх санаачилгаараа аюул эрсдэлийг илрүүлсэн, арилгасан, бууруулсан оролцоо 4559 бүртгэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 7000, хоёрдугаар улиралд 10510 болж өслөө. Ажилчдын бүтээлч идэвх санаачилга нэмэгдэхэд манлайлагч  нарын оролцоо нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь үйлдвэрийн ажилчдын хувьд аюулыг илрүүлж мэдээлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтыг тодорхойлох, санаачилгаараа аюул эрсдэлийг арилгах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх зэрэг тогтсон, дадсан олон зүйлтэй болж байна. 

   - “Өглөөний ХАБ”-ыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа цех, хэсэг аль нь байна вэ?
   - Бид цахим орчинд “Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайллын оролцоо” гэсэн хаалттай групп ажиллуулж, тухай бүр мэдээллээ солилцож байгаа. Үйлдвэрийн хэмжээнд Тээвэр, ложистикийн төв, Автотээврийн цехийн засварын бригадууд, Аж ахуй үйлчилгээний цех, Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийг онцолмоор байна. “Өглөөний ХАБ”-ийг хэрэгжүүлж байгаа цех, нэгжүүдээ нэлээд ажиглалаа. Үүнээс дүгнэхэд, тогтмол ажлын байртай ажилчдын хувьд хэрэгжилт нь илүү байна гэж харагдсан. Учир нь цаг нартай уралдаж ажилдаа гардаг БелАЗ болон автобусны жолооч нарт “Өглөөний ХАБ” тохиромжтой бус байна. Ямар ч гэсэн ХАБ-ын манлайлал оролцооны арга хэрэгслийг 2019 онд бүх цех дээр туршиж хэрэгжүүлж байна. Цех бүрд өөр өөрийн оролцооны арга хэрэгслийг туршиж байгаа нь харагдсан. Хамгийн гол нь, энэ ажил хэрэгжсэнээр тухайн өдрийн ажлаа аюулгүй гүйцэтгэх чиглэлээр ажилчид маань нэг нэгэндээ заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг уламжлал сэргэж, системтэй арга  болон хөгжиж байгаа нь сайшаалтай юм.

   - Туршилт хэзээ дуусах вэ?
  - Бид баяр наадмын дараа туршилтын эхний үр дүнд дүгнэлт хийнэ. Улмаар туршилтын явцын үр дүнд суурилсан Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, оролцооны журам”-ыг анх удаа боловсруулахаар ажиллаж байна. Ингээд 2020 оноос бүх цех, нэгж журмынхаа дагуу хэрэгжүүлдэг болно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог