Боловсрол

   Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилийн байдлаар 100-аас дээш хувьтай байна. Тус заводынхан оны эхний 10 сарын хугацаанд 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч дахин 200 тонныг нэмж үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэх зорилготой ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт шаардлагатай сэлбэг хэрэгслийг аль болох гаднаас худалдан авахгүй байх бодлого барьж байгаа тул ийнхүү нэмэлт ажил төлөвлөгдсөн аж.  
   Цутгуурын цехэд өргөтгөлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажил эхлэхээс өмнө бүтцийн нэгжүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэж байна. Мөн Механикийн цехэд металл хийцийн ажлууд 60-70 хувиар нэмэгджээ. Тиймээс ачаалал их байгаатай уялдуулан  ээлжээр ажиллах  хуваарь гаргасан байна.
   Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шинэ бүтээгдэхүүнээр арвижуулах, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр үргүй зардал бууруулах, худалдан авалтын хэмнэлт гаргах зэрэг ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ онд Цутгуурын цехэд өргөтгөл хийж байгаагаас шалтгаалан  гаднын байгууллагуудын захиалгыг түр хугацаагаар зогсоосон бөгөөд шинэ өргөтгөл хүлээн авсны дараа захиалгын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж эхлэх аж.

М.Балжинням

   Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 56 бүтээмж чанарын дугуйлан ажиллаж байна.  Дугуйлангийн үйл ажиллагаанд оролцох  гишүүдийн идэвх оролцоо 80 хувьд хүрсэн нь  үйлдвэрлэлийн ажиллагаанд эергээр нөлөөлж, тухайн ажлын ажилбар дээр  бий болж буй үйл явцын алдагдлыг бодитой тооцох, эмх цэгц,  дэс дарааллын сайжруулалтыг  дээшлүүлэх зэрэг олон давуу тал авчирчээ. Мөн ажилтнуудын багаар ажиллах ур чадвар нэмэгдэж, шийдвэр гаргах бүтээлч сэтгэлгээ, зөв хандлага бий болсон гэж тус цехийн Бүтээмжийн менежер Л.Уранцэцэг ярилаа.
   Оны эхний байдлаар Баяжуулах үйлдвэрт 121 сайжруулалтын ажил хийгджээ. Эдгээрийн 30 орчим хувь нь ажил хөнгөвчлөх, арга барил сайжруулах, 27 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн бол тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр 23, ажил үйлчилгээний бүтээмж чанарыг дээшлүүлэх чиглэлээр 20 төсөл тус тус хэрэгжжээ. Төсөлт ажлууд дотор хүний хөгжил, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр гурван төсөл багтсан байна.
   Түүнчлэн ажлын байрны эрсдэлийг бууруулах буюу тухайн ажилбар гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арав гаруй төсөл хэрэгжсэн нь үр дүнтэй болжээ. Нунтаглан баяжуулах хэсгийн “Төслийн баг” дугуйлангийн гишүүд технологийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, үргүй зардал бууруулах зэрэг үр өгөөж сайтай төслүүд хэрэгжүүлсэн байна.   
   Нийгмийн чиглэлийн төслийн хүрээнд “Ажиллагсдын бүтээлч хандлага, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт жижиг сайжруулалтын ажил хийгджээ. Монгол ардын уламжлалт оньсон тоглоом хийх, эвлүүлж сурах зорилготой дээрх төсөл нь цахилгаанчин зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, эв дүйг  хөгжүүлэхэд тус дэм боллоо. Энэ төсөлд шинэ, залуу ажилтнуудаа түлхүү хамруулсан нь тэдэнд мэргэжлийн чиг баримжааг нь дээшлүүлэх үр дүнтэй алхам болсон гэж Бүтээмж, чанарын дугуйлангийнхан онцолж байна.  
   Он гарсаар ажиллагсдын сайн саналын оролцоо 10 гаруй хувиар өсөж, идэвх оролцоогоо дугуйлангаар дамжуулан дээшлүүлж байгаа аж. Энэ хугацаанд цехийн хэмжээнд  500 гаруй сайн санал бүртгэгджээ. “Super 5S” хөтөлбөрийн хүрээнд хэсэг бүрд байгуулагдсан багууд ажлын байрны түвшин тогтоох үзлэг хийж эхэлсэн байна. Энэхүү ажлын байрны нарийвчилсан үзлэг нь хөдөлмөрлөх таатай нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болох юм байна.

М.Балжинням

 

   Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор зогсолтгүй ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Их зогсолт” хэмээн нэрлэдэг уг засвар үйлчилгээний ажлыг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын нэгний хооронд  48 цагийн хугацаанд хийхээр төлөвлөн, бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сард батлагдан, холбогдох цех нэгжүүд оны эхнээс хэрэгжүүлжээ. 
   Үйлдвэрлэлийн “зүрх” гэгддэг Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болсон байна. Цехийн хэмжээнд “Их зогсолт”-д бэлтгэх 88 ажил төлөвлөжээ. Үүнээс, Бутлан тээвэрлэх хэсгийн 11 дүгээр конвейрын  хөтлөх зангилааг солих ажил намар хийгдэхээр хойшлогдсон бол бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн биелсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн 3 дугаар конвейрын туузыг солино. Үүнтэй уялдуулан, бутлагдсан хүдрийн 65 мянган тонны багтаамжтай агуулахын тал хэсгийг цэвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн 130 мянган тонны хүдэр агуулах багтаамжтай, бутлагдсан жижиг хүдрийн агуулахад засвар хийхээр төлөвлөж байна. Эдгээр агуулахын засвар, цэвэрлэгээний ажил багагүй цаг хугацаа, хүн хүч шаарддаг тул зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж байгааг Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Мөн 19, 20, 21, 22 дугаар конвейрын тэжээх амсрын засвар хийгдэхтэй холбогдуулан тухайн агуулахын ханыг шинэчлэх аж.
   Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Шаардлагатай бараа, материалыг  татан авч, хуваарилсан. Төлөвлөсөн бүх ажлыг жижиг, том гэхгүйгээр хариуцлагатай, чанартай хийхээр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотголоо.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

   Өнөөдөр зургаадугаар сарын 26-ны өдөр буюу “Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”. Хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч байсан Монгол Улс өнөөдөр хэрэглэгчийн тоонд шилжсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй бүхий л талаар тэмцэх шаардлагатайг харуулж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл түгээх сургалт зохион байгуулахаар Орхон аймагт хүрэлцэн иржээ.
   Хүн амын дийлэнх хувийг нь залуучууд эзэлдэг, төвлөрөл ихтэй манай аймгийг “Анхааралд өртөж болзошгүй бүс нутаг” хэмээн үзэж, холбогдох хууль сахиулах байгууллагын төлөөллүүд болон Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжийн ажилчид, өсвөр үеийнхэн, төрийн албан хаагч нар сургалтад хамрагдаж байна. 2018 онд улсын хэмжээнд хар тамхины 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт бөгөөд нийт гэмт хэргийн гаралтын 10 орчим хувийг Орхон аймаг эзэлж байгаа нь зорилтот бүлэг рүү хандах цаг болсныг илтгэв.
   Сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тус сургалтаар, хар тамхи хэрэглэснээр хүний биед учирч болох хор уршиг, сэтгэцэд гарах өөрчлөлт, донтох эмгэгийн талаар ойлголт өгч байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эрүүгийн хуулийн ямар хариуцлага хүлээдэг болохыг Цагдаагийн байгууллагаас танилцуулж, урьдчилан сэргийлэх бичлэг үзүүллээ. Албаны хүмүүсийн хэлсэнчлэн, Улаанбаатар хотын Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын–Үүд зэрэг шалган нэвтрүүлэх хилийн боомтууд дээр хар тамхины эсрэг сургалт нэгэн зэрэг зохиогдож байгааг онцоллоо.


И.Чинтогтох





 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог