Боловсрол

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяртай нийгмийн чиглэлээр хийгдэж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  - Эрдэнэт үйлдвэр энэ оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Үүний дотор уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийн ажил цөөнгүй бий. Тэдгээрийн явц ямар байдалтай байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн хувьд энэ чиглэлээр олон ажлыг төлөвлөн эхлүүлж байна. Юуны өмнө бид уурхайчдаа орон сууцжуулах зорилгоор  “Уурхайчин 1”, “Уурхайчин 2”, “Уурхайчин 3” нэртэй,  нийт 1300 айлын орон сууцыг барих ажил эхэлсэн. “Уурхайчин 1” төсөл  нь өнгөрсөн 5 дугаар сарын нэгний өдөр шав тавьж, барилгын ажил эхэлсэн байгаа. “Уурхайчин 2” төслийн тендер зарлагдсан бол  “Уурхайчин 3” хөтөлбөрийн тендерийг өнөөдөр нээсэн. Үүнтэй холбогдуулаад нийгмийн цехүүдэд  багагүй засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгдсөн. Тухайлбал, “Сэлэнгэ” амралтын баазын усан хангамжийн техникийг энэ онд шинэчилнэ. 1980-аад оноос хойш олон жилийн ашиглалтаас шалтгаалан чанар нь муудсан усан хангамжийг сольж шинэчлэх ажлын зардлыг  энэ жилийн төсөвт тусгаж өгснөөр энэ ажил хийгдэнэ.  Мөн “Уурхайчин” соёлын ордны барилгын бүх цонхыг шинэчлэхээр төлөвлөсөн. “Энэрэл” төвд орчин үеийн стандарттай спортын зал барина. Энэ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж байна. Дараагийн нэг томоохон ажил гэвэл “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд "Ногоон хөгжлийн төв" нэртэй бүс нутгийг хамарсан төв байгуулж байгаа. Үүнийг Байгаль орчны яамтай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд бүрэн хийгдэхээр эхлээд байна.

   - "Ногоон хөгжлийн төв"-ийн тухайд дэлгэрүүлнэ үү?
   - "Ногоон хөгжлийн төв" гэж олон улс болон манай улсад ч ажилладаг. Байгаль орчны яам, манай үйлдвэр хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөс "Ногоон хөгжлийн төв"-тэй болох санаачилга гаргаж, Эрдэнэтэд тэр тусмаа “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд байгуулахаар сонгосон. Үүний учир нь үзэсгэлэнт байгаль, ан амьтантай газрыг түшиглэн эх дэлхийгээ хамгаалах, эх оронч үзлийг таниулах олон талын сургалт сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр "Ногоон хөгжлийн төв" ажиллана. Үйл ажиллагаа нь эхлэхэд ч бэлэн болоод байна.

    - Жил бүр үйлдвэрийн ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн үзлэг хэзээ эхлэх вэ? Ямар онцлогтой байх бол?
    - Уурхайчдад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогын нэг болох эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, үүнд жил бүр 8000 орчим ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хамруулдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрдэнэт сувиллын цогцолбор, “Медипас” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгийг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлж, бүх ажилчдаа 2019 онд багтаан хамруулахаар төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог гэвэл “Медипас” эмнэлэгтэй үзлэг, оношилгооны багцуудаа урьдчилан, сайн тохирч тодорхой болгодог. Илүү үр дүнтэй эрүүл мэндийн багцын үйлчилгээг үзүүлэх бодлого барьсан. Өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой, хэрэгтэй багцуудыг өмнөх жилүүдийн үзлэгийн үр дүнд суурилан шинээр гаргасан гэж хэлж болно. Ингэснээр энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үйлчилгээг “Медипас” эмнэлэгтэй эцсийн байдлаар тохирч, эхлэхэд бэлэн болгоод байна. Мөн эмчилгээ сувилгааны хөтөлбөрийн дагуу Эрдэнэт сувилал цогцолбор уламжлал ёсоор зуны саам эмчилгээнд амрагчдаа хүлээж авч байна. Саам эмчилгээ энэ сарын 17-ноос ажиллаад эхэлсэн.

    - Хамтын ажиллагааны чиглэлээр ойрын үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
   - Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг Орхон аймагтайгаа хамтран зохион байгуулна. Эрдэнэт үйлдвэр жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулах  үйл ажиллагаанд нь зориулан 100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ зардлыг тусгасан байгаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эрүүл цэнгэг агаарт байрлах “Найрамдлын-Эрдэнэс” зуслан нь үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 38 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх тус зуслан зуны хөтөлбөрөө эхлээд байна. Энэ талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

   - Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг зуслан үйл ажиллагаагаа эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслан хэдэн ээлж хүлээн авах вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан манай цехийн бүтэц, орон тоонд нэлээд өөрчлөлт гарсан. Улмаар “Сэлэнгэ” амралтын бааз Амралт, аялал жуулчлалын цогцолбор болон өргөжиж, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тэллээ. “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслангийн хувьд энэ долоо хоногт эхний ээлжээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна. Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнтэй хамтран, сургагч багшаар ажиллуулж эхэлсэн.
  
   - Зуслангийн ээлж бүр ялгарах онцлогтой байх уу?
   - Зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөө жилээс жилд шинэчилж, сайжруулсаар ирсэн. Бид 38 жилийн туршлагатай. 2007 оноос хойш манай цехийн хэмжээнд шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд зуслангийн ээлж бүрийг ямар нэг хөтөлбөрийн дор зохион байгуулахыг эрмэлзэх болсон. Энэ жилийн тухайд 1, 2, 3 дугаар ээлжиндээ Олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авна. Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулна.

   - Бусад зуслангаас ялгарах давуу тал нь юу вэ?
   - Манай зуслан Сэлэнгэ мөрний ай сав, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Мөн Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, дэлхийд данстай энэ том үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг нь бидний давуу тал гэж хэлж болно. Ногоон байгальд амарч байгаа хүүхэд, залуучуудын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа хямгадаж, эх дэлхийтэйгээ харьцаж сурахад илүү дөхөмтэй.

   - “Зуслангийн эрхийн бичиг дуусчихлаа” гэсэн яриа гардаг. Энэ жилийн тухайд эрхийн бичгийн хүртээмж хэр байгаа вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг ая тухтай амраах зорилгоор “Найрамдлын-Эрдэнэс” зусланг 1981 онд байгуулсан. Бид үйлдвэрийнхээ ажилчдын хүүхдүүдийг амраах бодлогоо илүүтэй барьж, эрхийн бичгээ цехүүддээ хуваарилдаг. Бусад хүүхдэд эрхийн бичгийн хүрэлцээ муу байдаг тул ийм яриа гардаг байх. Энэ жил “Найрамдлын-Эрдэнэс” зусланд 4000 орчим хүүхэд амарна.

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мягмар, 18 6-р сар 2019 00:00

МЭДЭГДЭЛ



МЭДЭГДЭЛ

   Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

   Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.   

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

   “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “Шинийг санаачлагч ажилтан”, “Шинийг санаачлагч шилдэг залуу мастер” шалгаруулах аян зарлажээ. Сайн саналын системд оновчтой санал гаргасан ажилтнаа урамшуулах зорилготой энэхүү аяныг долдугаар сарын сүүлчээр дүгнэж, тодруулах юм. Цехийн хэмжээнд оны эхний 6 сарын байдлаар сайн саналын системд 178 санал гаргаж, ажиллагчдын оролцоо нэмэгдэж 27.4 хувьтай гарчээ. Дулааны цахилгаан станцын хэмжээнд 321 ажилтныг хамруулсан бүтээмж чанарын 31 дугуйлан байдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

   - Өр барагдуулах ажлын талаар мэдээлэл өгнө үү?
  
- “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа мөнгө авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч авлага үүсгэсэн 5-15 жилийн насжилттай, 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд манай хуульчдын баг хариуцан ажиллаж байна. Нийтдээ 43.05 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулж, авлага барагдуулалт 70.7 хувьтай, 119 компанийн авлагыг бүрэн барагдуулж хаасан байна. 32 компанид шүүхийн шийдвэр гаргуулж, авлага барагдах шатандаа үргэлжилж байна. 2019  оны эхний улиралд нийт 20.7 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байна.

   - Үүссэн авлагыг барагдуулах ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн талаас ямар дүрэм журмаар зохицуулагдаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг вэ?
   - Авлага барагдуулах ажиллагааг авлага барагдуулах ажиллагааны журмаар зохицуулж өгсөн. Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/689 тоот тушаалаар үүссэн авлагыг барагдуулах ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Журмаар гэрээнд заасан чиг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, найдваргүй авлага үүсгэсэн иргэн, хуулийн этгээд, компанийн ажилтнаас авах авлагыг барагдуулах, авлага барагдуулахад үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ажиллах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, үүссэн авлагын баримт бичгийг Хуулийн хэлтэст хэрхэн шилжүүлэхийг журамлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

   - Хугацаа хэтэрсэн авлага гэж, найдваргүй авлага гэсэн нэр томьёог тайлбарлавал?
  - Хоёр өөр ойлголт юм. Хугацаа хэтэрсэн авлага гэж компанид бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, дотоодын борлуулалт болох цэвэр ус, дулаан, цахилгаан, утас, ярианы төлбөр зэрэг үйлчилгээ авсан байгууллагууд цаг тухайд нь төлбөр тооцоог компанид төлөөгүйгээс хугацаа хэтэрч үүсгэсэн авлага, үйлдвэрийн зардлаар гадаад болон дотоодод сурахаар сургалтын гэрээ байгуулсан ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр эд хариуцагч эд, материалын хохирол учруулснаас үүссэн авлагыг хэлнэ. Харин найдваргүй авлага гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээд нь татан буугдсан, дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, хариуцагч нь нас барсан, шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх чадваргүй, ор сураггүй болсон, байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн улмаас авлага барагдуулах боломжгүй болсон иргэн, хуулийн этгээдийн авлагыг хэлнэ.

   - Авлага барагдуулах ажил амаргүй ажил. Ямар дарааллаар явагдаж байна вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмаар үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд гэрээ хариуцсан ажилтан ажилладаг. Энэ ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу гэрээний төсөл боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, авлага барагдуулах талаар уулзалт хийх, протокол үйлдэх, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдэх, үлдэгдлийг баталгаажуулах, авлагын талаар тайлан мэдээ, хувийн хэрэг нээж, бүртгэл хариуцан ажилладаг. Үүссэн авлага барагдуулах ажиллагааны журамд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, хэлтэс, цехийн ажиллах тусгайлсан чиг үүргийг зааж өгсөн. Авлага үүсгэсэн иргэн хуулийн этгээд нь авлага барагдуулах явцад мэдэгдэл, албан шаардлагад тогтоосон хугацаанд авлагыг барагдуулаагүй, санаатай зайлсхийсэн тохиолдолд бүтцийн нэгжийн дарга холбогдох баримт бичгийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн зөвшөөрлөөр Хуулийн хэлтэст шилжүүлнэ. Холбогдох баримт бичигт гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн даалгавар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгч бол гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, авлага барагдуулах талаар хийсэн протокол, мэдэгдэл, шаардлага зэрэг холбогдох албан бичгүүдийн бүрдэл орно. Авлага үүсгэсэн хуулийн этгээдийн материалыг Хуулийн хэлтэс хүлээн аваад дарга хуульчдад хуваарилна. Хуульч журамд заасны дагуу хавтаст хэрэг нээж, хийх ажлын төлөвлөгөө гаргаж, материалыг судалж, дүгнэлт хийнэ. Бүтцийн нэгжийн хариуцсан ажилтнаас тайлбар авна, мэдэгдэл шаардлага хүргүүлж, хөөн хэлэлцэх хугацааг судална. Шаардлагатай тохиолдолд авлага барагдуулах гэрээ хийж, авлага барагдуулах график төлөвлөгөө гарган Ерөнхий захирлаар  батлуулан мөрдөнө. Иргэн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр авлага барагдуулаагүй тохиолдолд сонин хэвлэлээр зарлаж, нэр төрд нь халдах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх, шийдвэр гаргуулах шат дараатай арга хэмжээ авна.

   - Авлага барагдуулах талаар бусад Хууль, хяналтын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмын дагуу хуулийн этгээдүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхээ хадгалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах, оршин суугаа хаяг тодорхойгүй, ор сураггүй хуулийн этгээдүүдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэр гаргуулсан 10 компанийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 19 компанид шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж  Цагдаагийн газарт шилжүүлсэн. Гурван компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

   - Хар жагсаалтад бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийн талаар?
  - Хууль, эрх зүйн газраас Ерөнхий захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/716 тоот тушаалаар Хар жагсаалтыг шинэчлэн баталсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн 141 компани, иргэн, хуулийн этгээдийг найдваргүйд тооцож, тэдгээрийн удирдлагатай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ, хэлцэл хийхгүй байхыг Ерөнхий захирлын орлогч, бүх газар, цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгосон.

   - Ярилцсанд баярлалаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнууд “Стратеги төлөвлөлт ба тэнцвэржүүлсэн үнэлгээний систем” сэдэвт хоёр өдрийн сургалтад хамрагдаж, стратеги төлөвлөлтийн талаарх мэдлэгээ ахиулж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу удирдах ажилтныхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор цуврал сургалт зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм. Энэ удаагийн сургалтад  Глобал Стратегийн Удирдлагын Институтын захирал, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал “Стратеги төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлага”, “Стратеги төлөвлөлт ба Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийн давуу тал, ач холбогдол”, “Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийг нэвтрүүлэх 9 алхам” зэрэг сэдвээр хичээл зааж, Хөгжлийн хэлтсийн ажилтнууд мэдээлэл хийлээ.    
   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ урт хугацааны хэтийн төлөв, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Харин үйлдвэрийн дунд хугацааны стратеги төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход уг сургалтын зорилго чиглэжээ.
   Стратеги төлөвлөлт нь тухайн компанид өрсөлдөөний давуу талыг бий болгодог. Тухайлбал, стратеги төлөвлөгөөгөө гаргасан компанийг төлөвлөлтгүй компанитай харьцуулахад ашиг орлого өндөр, ажилтнууд нь илүү чадварлаг байдаг гэсэн судалгаа бий.  Компани, үйлдвэрийн газрууд өөрийнхөө дунд болон урт хугацааны стратегийг төлөвлөнө гэдэг нь бүгдээрээ нэг зүгт харж, зорьж ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл,  бүх нөөц боломж, хүчин чармайлт, зорилго нь нэг зүгт чиглэдэг гэсэн үг юм. Энэ утгаараа “Эрдэнэт” үйлдвэр урт болон дунд хугацааны стратегаа оновчлох нь Монголын эдийн засгийн томоохон тоглогчийн хувьд өндөр ач холбогдолтой. Стратеги бодлогоо хамгийн хэрэгжих боломжтойгоор төлөвлөж, тэнцвэржүүлсэн үнэлгээний арга аргачлыг нэвтрүүлэх нь үр дүнтэй гэдгийг уг сургалтаар онцолж байна.     

М.Балжинням
Фото: Б.Ялалт

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог