Өглөөний сэргээш

     “Эрдэнэт” үйлдвэрийн 4200 ажилтан хүнд хортой, аюултай, хэвийн бус ажлын нөхцлөөс хамаарч хор саармагжуулах бүтээгдэхүүн өдөр бүр хэрэглэдэг. Үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй энэ ажил Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн хүрээнд хэрэгжиж, ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэдэг.
     Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар бүтээгдэхүүний нэр төрөл, хэм хэмжээг тодорхойлдог тул үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж ирсэн. Үр дүн нь сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц дээшилж, ажилчдын эрүүл мэндэд эерэг үзүүлэлт гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд мэдээлэв.

И.ЧИНТОГТОХ

 

     “Эрдэнэт” үйлдвэрт дизель түлш нийлүүлэх гэрээний дагуу 91 чингэлэг түлш ирсний 26 нь “Евро5” маркийн эко түлш нийлүүлжээ. Энэ түлш нь хүнд элементийн агуулга багатай, байгаль экологи, хүний эрүүл мэндэд аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. “Эрдэнэт” үйлдвэр “Евро5” түлш үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашигтай ажиллаж, зардлаа хэмнэх юм. Иймд Авто тээврийн байгууллага эко түлш хэрэглэх техникүүдээ судалж байна. Учир нь үйлдвэрийн БелАЗ маркийн автомашинууд энгийн хөдөлгүүртэй, Камаз маркийн автомашинууд өндөр чанарын түлш шаарддаг тул техникээ зөв сонгож, зарцуулалтаа хянах нь үр өгөөжтэй хэмээн үзэж байна. Шинэ түлшний зарцуулалтыг хуучинтай нь харьцуулна. Тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэнэ гэж Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэллээ.
     ОХУ-д дизель түлшийг чанарын үзүүлэлтээр “К2”, “К5”, “Евро5” хэмээн ангилдаг байна. Оросууд дотоодын хэрэглээндээ “К5” түлшийг бүрэн нэвтрүүлж, "Евро5" түлшний хэрэглээ рүү шилжиж эхэлжээ. Харин “К2”-ыг зөвхөн Монгол, Казахстан улсад гаргадаг бөгөөд цаашид нийлүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс



 

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, уурхай дагасан хотдоо хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрсөн онд 2 тэрбум 432 сая төгрөгийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц сайжруулах, бүтээн байгуулалт, нийгмийн халамж гэсэн үндсэн чиглэлд “Эрдэнэт” хотдоо зарцуулжээ.  
     Хамгийн томоохон хөрөнгө оруулалтаас дурьдвал Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил юм. Үүнд 1 тэрбум 650 сая төгрөг зориулсан байна. Мөн Төв цэнгэлдэх  хүрээлэн, орон сууцны байрны фасадын засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаас нэрлэж болно.
     Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП"  ОНӨААТҮГ –тай хамтран ажилласан байна. Ингэснээр  "Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркд шинээр электрод үйлдэрлэж, худалдан авахад 486 сая төгрөг зарцуулжээ.
     “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдээс хорио цээрийн үед хяналтын цэг байгуулж, ариутгах бодисоор хангажээ. Орхон аймгийн багуудын хүсэлтээр гэр хорооллын гудамж талбайн тохижилт, арчилгаа, суваг шуудуу цэвэрлэх, ачаа, хүн тээвэр зэрэгт тусгай зориулалтын машин механизм, ачааны автомашин зэргээр үйлчилгээ үзүүлэхэд 168.2 сая төгрөг зарцуулсан байна. 
     “Эрдэнэт” сувилалын цогцолборт эрүүл мэндийн даатгалаар Орхон аймгийн 230 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт Дулааны цахилгаан станц,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Хаан хүнс” ХХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ зэрэг байгууллагын 560 иргэн хамрагдав.
     Энэ онд ч “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

     Эрчим хүч, уул уурхайн салбарын их, дээд сургуулиудад цахилгаан инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд “Цахилгаан тоног төхөөрөмж ба шинэ технологи” сэдвээр Оюутны эрдэм шинжилгээний YII бага хуралд оролцлоо. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, ХААИС, Дархан, “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургуулийн 20 оюутан тус хуралд илтгэл тавьж, инновацийн бүтээлээ танилцуулав.
    Эзэмшиж байгаа мэргэжлийнхээ дагуу туршлага солилцох, судалгаа шинжилгээний арга барилд суралцах, хамтран ажиллах зэрэг оюутнуудад олон талын боломж олгодог эрдэм шинжилгээний хуралд ХААИС-ийн Цахилгаан хангамжийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Цаст-Оргилын “Дэд станцын гаргалгааг хянах төхөөрөмж” сэдэвт илтгэл шилдгээр шалгарлаа. Илтгэлд тус хянах төхөөрөмжийг “Эрдэнэт” үйлдвэрт суурилуулснаар цахилгааны инженерүүд хариуцсан объектоо гар утаснаас хянах боломжтойг шүүгч нар онцгойлон анхаарчээ. Эдийн засгийн өндөр үр ашигтай шилдэг бүтээлийг инновацийн төсөл болгон хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ зохион байгуулагчид хэллээ.

И.ЧИНТОГТОХ


 

     “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд галын эрсдэлтэй цехийн ажилчдад мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг иж бүрэн дадлага, сургуульд 200 ажилтан хамрагдлаа. Гал унтраах 58 дугаар анги, Эрдэнэт сувиллын цогцолбор, Цагдаагийн тасаг, Гамшгаас хамгаалах штабтай хамтран зохиодог улирал тутмын сургуулилтыг энэ удаад Баяжуулах үйлдвэрийн төв байгууламжид хийж, ажилчид галын аюулаас сэргийлэх мэдлэгээ бататгасан юм. “Эрдэнэт” үйлдэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн туулах хүчин чадал сайтай, эко тав түлш ашигладаг, 6 тонн усны нөөц савтай, 300 кг хөөсний багтаамжтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, УРАЛ -5557 маркийн автомашиныг энэ үеэр ашиглалтад хүлээн авлаа.
     Гал унтраах 58 дугаар анги үйлдвэрийн цех, нэгжүүдэд жилдээ 48 удаагийн сургалт зохион байгуулж, улирлын сургалт томоохон байгууламжуудад явуулдаг. Энэ онд Цацрагийн агуулах, Шатах, тослох материалын агуулах, Ил уурхайн эмульсын үйлдвэрт иж бүрэн дадлага, сургууль  зохион байгуулахаар төлөвлөжээ.  

И.ЧИНТОГТОХ

 

 

     Жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан үйлдвэр, хотын цэвэр ус хангамжийг хариуцан ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн дарга Г.Батмөнхтэй ярилцлаа.

     -“Дэлхийн усны өдөр”-ийг хэзээнээс тэмдэглэх болов. Энэ тэмдэглэлт өдрийн ач холбогдол, зорилго юу вэ?
    -1993 онд анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаас жил бүрийн 3-р сарын 22-ыг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. 2005 оноос манай улсын хэмжээнд тэмдэглэж байна. Цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан сурталчлан таниулах зорилготой.

     -Энэ жилийн тухайд ямар асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байна?
    -Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ уриануудаас ямар асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг харж болно. Тухайлбал, 2016 онд “Сайн ажлын байр-Сайн үйлс”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны өдөр” уриатай тэмдэглэсэн. Энэ онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

     -Танай цех энэ жилийн урианд хэрхэн нэгдэж байна. Ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
    -Эрчим хүчний цехийн тухайд жил бүрийн усны өдрөөр тодорхой ажлууд төлөвлөж хийдэг. Энэ жил Т.Батмөнх захирлын баталсан төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулна. Манайхтай гэрээтэй ажилладаг ус хэрэглэгч байгууллагын төлөөллийг хүлээн авч цэвэр ус хангамжийн болон бохир ус цэвэрлэгээний байгууламжуудтайгаа танилцуулж мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал авах ажлыг төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг цэвэр усаар тэгш хүртээмжтэй хангах асуудлыг хөндөнө.

     -Эрдэнэт үйлдвэр, хотын цэвэр ус хангамжийн онцлог юу вэ?
    -Монгол улсын хэмжээнд хамгийн хол буюу 60 километрийн цаана орших Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож, ус өргөх дөрвөн өртөөгөөр дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг. Цэвэр усыг Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтэд авчрахад  627 метр өргөж байна шүү дээ. Орон зайн хувьд ч, техникийн шийдэл талаасаа ч, барилга байгууламжийн хэмжээгээрээ ч Монголд хамгийн том ус хангамжийн системтэйгээрээ онцлог юм.

     -Энэ том системийг ажиллуулахад хүндрэл гарах уу?
    -Бэрхшээл гарна. Аливаа тулгамдсан асуудлыг зөв шийдэх чухал байдаг. 40 гаруй жил ашигласан газар доорх шугам хоолойн элэгдэл, цоорол гээд ашиглалтын хэвийн горимд сөрөг нөлөөтэй асуудлууд бий. Эрдэнэт уулынхаа буянд энэ бүхнийг шийдээд л явж байна. Мэргэжлийн чадварлаг баг хамт олон ажилладаг болохоор аливаа бэрхшээлийг давах боломж нь ижил төстэй бусад байгууллагаас үнэхээр өөр.

     -Та Монголд хамгийн томд орох ус хангамжийн байгууламжийг ашигладаг гэсэн. Уг системийг ашиглахад зардал өндөр, дагаад усны үнэ өндөр байна гэж ойлгож болох уу?
    -Харин ч эсрэгээрээ. Цаг тухайд нь хэрэгжүүлдэг техник шинэчлэлтийн бодлого, ажиллах хүчний хариуцлага, сахилга бат, зөв хандлага, хяналт удирдлагын автоматжуулсан систем гээд үйлдвэрээ дагасан үйлдвэрлэл явуулах том нөхцөл бүрдсэний үр дүнд харьцангуй бага зардлаар энэ системийг авч яваа. Иргэдэд нэг тонн усыг 650 төгрөгөөр нийлүүлдэг.Өөрөөр хэлбэл нэг литр усыг 65 мөнгөөр өгч байна. Гэтэл дэлгүүрт литр ус ямар үнэтэй байгаа билээ. Та харьцуулаад бод доо. Гэхдээ хямд үнэтэй гээд хамаагүй зарцуулаад байж болохгүй. Алхам тутамдаа усны хэрэглээгээ хэмнэхийг ойлгуулах гэж дэлхий нийтээрээ усны өдөртэй болсон.

    -Усаа хэмнэхийн нарийн учрыг тайлбарлаач?
   -Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын хүн төрөлхтөнд учруулах хамгийн том аюул бол ган гачиг, хуурайшилт, түүнийг дагасан ундны усны хомсдол гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрсөн явдал юм. Иймээс цэнгэг усны нөөцөө ариглах, хамгаалахад анхаарах болсон. Тэр тусмаа манай орон шиг усны нөөц бага улс орнууд усны нөөцөө хэмнэх үүрэгтэй.

    -Үүнд Эрдэнэтчүүдийн хамгийн түрүүнд оруулах хувь нэмэр юу вэ?
   -Хүн бүр усны хэрэглээгээ багасгах аргуудыг эзэмшиж, үр хүүхэддээ заах хэрэгтэй. Чандмана эрдэнэ усаа хэмнэж сурах ёстой. Ус хэрэглээний аливаа асуудалд үнэнч шударга байх. Өөрөөр хэлбэл усны тоолуураа буруу ашиглах, байцаагчийг аргалах зэрэг муу дадлаасаа салах нь иргэдийн усны хэмжээнд төдийгүй суурин соёлд оруулж буй том хувь нэмэр болно.

Т.БАТЧУЛУУН





 

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаас энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тоног төхөөрөмж суурилуулах, засвар үйлчилгээний ажлуудыг тавдугаар сарын нэгэн гэхэд эхэлсэн байх үүрэг өгсөн. Энэ дагуу Төслийн менежментийн хэлтэс хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төслийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэх үүрэгтэй ажиллаж байгаа. Ажлын явцын талаар тус хэлтсийн Ерөнхий инженер Д.Тамираас тодрууллаа.

     -Хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөл  ямар явцтай байна вэ?
    -Бид Их барилгын хэлтсээс нэгдүгээр улиралд багтааж хөрөнгө оруулалтын 80 ажлын зураг төсвийг бэлэн болгох  даалгавар хүлээн авсан. Хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтэн жилийн ажлыг тавдугаар сарын нэгнээс эхлэх тул бид шахуу хуваарьтай ажиллаж байна. Дээрх 80 ажлаас 55-ыг дуусган Их барилгын хэлтэст хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байна. Бусад ажлыг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд  дуусгаж, хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.

     -Эдгээрээс томоохон цар хүрээтэй ямар ажил байна?
    -Ер нь хөрөнгө оруулалтын ажил том, бага гэлтгүй бүгд ач холбогдолтой байдаг. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн зураг төсөл, мөн цех нэгжүүдийн засвар үйлчилгээтэй холбоотой ажлууд ч байна.

     -Яаралтай хийх шаардлагатай ямар ажил байна. Явцын талаар...?
   -Технологийн шийдэл, техникийн нөхцөлийн шийдвэр гараагүй ажил бидэнд бас ирж байна. Тухайлбал Дулааны цахилгаан станцаас Баяжуулах үйлдвэр хүртэлх техникийн усны нэмэлт шугам татах шийдэл өчигдөр /03-р сарын 18/ гараад л манайд ирж байна. Тэр ажил өнөөдрөөс эхэлнэ гэхээр цаг хугацаа нилээд хойшлох нөхцөл байдал үүсч байгаа юм.

     -Баяжуулах үйлдвэрт гэхэд хэд хэдэн томоохон тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэхээр тоног төхөөрөмж нь ирсэн.  Энэ ажлын зураг төсөл ямар шатанд яваа вэ?
    -Баяжуулах үйлдвэрт тээрмийн болон баяжуулалтын машины шинэчлэлтэй холбоотой ажлууд өнгөрсөн оноос ирж, шилжсэн. 2-3 ажил хийгдээд дуусах шатанд явна. Баяжуулах үйлдвэрт энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын 10 ажлаас зургааг нь гүйцэтгэсэн. Одоо дөрвийнх нь зураг төсөл дээр  ажиллаж байна.

     -Үйлдвэрлэлд шинэ тоног төхөөрөмж суурилуулах ажлын эхний шат  буюу зураг төслийн ажлыг танай хэлтэс гүйцэтгэдэг болохоор нэн хариуцлагатай байхыг шаардана. Юунд голлон анхаарч ажилладаг вэ?
     -Тиймээ. Бүхий л шинэчлэл манай зохион бүтээгч инженерүүдийн зургаар хийгдэж, дараагийн шатны ажилд ордог. Тиймээс хариуцлага өндөр. Бүх зураг төслийг манайхан норм, стандарт дүрмийн дагуу хийхэд анхаардаг.

     -Танай хэлтэс хэдэн ажилтантай вэ?
     -Манайх 56 ажилтантай, үүний 47 нь инженер зохион бүтээгч. Долоон товчоотой, технологийн процессын, цахилгааны, барилгын, дулааны, уул тээврийн ажлын, төсвийн чиглэлээр ажилладаг. Товчоо бүрийн онцлогоос шалтгаалан манайхан 4-5 төрлийн зураг, төсвийн программ дээр ажилладаг.

     -Та ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хэрхэн дүгнэдэг вэ?
    -Манайхан ур чадварын хувьд сайн. Тэгэхдээ техник, технологи эрчимтэй шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор цаашид сурч хөгжих зайлшгүй шаардлага бий.

     -Үйлдвэрт техникийн шинэчлэл хийгдэх бүрт та бүхний ажил нэмэгддэг. Ер нь ачаалал хэр байдаг вэ?
    -Сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэж байгаагаас шалтгаалан ачаалал ихсэж байгаа. Гэлээ ч бид ажлаа оновчтой зохион байгуулан, дотоод нөөц бололцоогоо дайчилснаар үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж байна.

     -Танай хамт олон бүтээмж инновацийн чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
    -Бид хөрөнгө оруулалтын ажлын хажуугаар ХМТАЦ-тэй хамтран дотоод программын хөгжүүлэлтэд анхааран ажиллаж байна. Энэ программын тусламжтайгаар дотоод үйл ажиллагааг хянах, зохион байгуулалтыг сайжруулах боломж бүрдэнэ. Зураг төсөв боловсруулах үйл явц хамтын хөдөлмөрийн үр дүнд иж бүрдэл болж бүтдэг. Тиймээс манай багийн ажиллагаа, чиглэл хариуцсан инженер болгоноос хамаардаг. Энэ программыг нэвтрүүлснээр ажил ямар шатанд явж байна, хаанаа саатав, ямар инженер дээр удааширч байна гэх зэргээр хяналтын системийг сайжруулах юм. Энэ ажлыг эхний хагас жилд багтаан гүйцэтгэхээр шамдаж байна. 

     -Энэ программыг нэвтрүүлснээр дотоод хяналт сайжрахаас гадна ямар ач холбогдолтой вэ?
   -Ажил үйлчилгээнд буй механик ажиллагаа багасна, цаг хугацаа хэмнэнэ. Ажлын хариуцлага дээшилж, бүтээмж сайжирна.

     -Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Я.ЭНХТУЯА

     НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр  2019 оныг Менделеевын үелэх системийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ОХУ нэрт эрдэмтнийхээ амьдрал, шинжлэх ухааны амжилтыг өгүүлж, нэр хүндийг нь алдаршуулсан баримтат кинонууд  хийхээр төлөвлөсөн тухай тус улсын Соёлын яамны сайд Владимир Мединский мэдээлэл хийв. Учир нь энэ онд Менделеевын таблиц хэмээн алдаршсан химийн элементүүдийн үелэх системийг нээсний 150 жилийн ой  тохиож байна.  “Менделеевын үелэх систем”  нь дэлхийн шинжлэх ухаанд эргэлт хувьсгал гаргасан бүтээл. Оросын эрдэмтэн Менделеев Д.И., Немецийн эрдэмтэн Лотар Мейер бие биеэсээ хамааралгүйгээр (1869-03-01)  Химийн элементийн үелэх хуулийг нээсэн байдаг. Лотар Мейер үелэх хуулийг  топологийн хэлбэрээр илэрхийлсэн бол Менделеев  Д.И., матриц хүснэгтийн хэлбэрээр нээсэн болохоор матрицийн элементүүдийн диагналийн чанар, матрицийн гишүүдийн дунджийн чанарыг ашиглан цоо шинэ элементүүдийг онолын түвшинд  нээж,  шинж чанарыг нь  урьдчилан хэлж чадсан  юм. Эх орны хөгжлийн тулгуур нь уул уурхайн үйлдвэрлэл болж буй энэ цагт эрдэс баялгаа олборлон боловсруулах, тэр дундаа баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал хэмээн олон жил ярьж байна.  Ашигт малтмалын баяжуулалтын мэргэжил бол геологи, геохими, эрдэс судлал, петрографи төрөл бүрийн физик, хими гээд олон шинжлэх ухааны зааг дээр оршдог. Дэлхий дээр нейтрал атомын физик, химийн шинж чанарт үндэслэсэн химийн элементийн 1300 гаруй хувилбар байдаг. Энэ  бүх  хувилбарыг бид судлаад үелэх системийн химийн элементийн баяжуулалтын нано системийг нээхдээ анх удаа идэвхтэй ионы физик, химийн шинж чанарт үндэслэж тулгуурласан  болохоор  өмнөх системүүдээс эрс ялгаатай  бөгөөд аливаа технологийг онолын түвшинд тандах   бодит давуу чанартай  юм. Химийн элементийн баяжуулалтын нано системийг нээчихсэн болохоор аль ч эрдэс түүхий эдийн химийн томьёог л мэдэж байвал ямар аргаар, яаж баяжуулах, гүн боловсруулах вэ гэдгээ онолын хувьд тандах бүрэн боломжтой. Олон эрдэмтэдтэй, хүн ам олон,  техник технологийн өндөр хөгжилтэй улс оронд  нэг судлаач ганц түүхий эдийг баяжуулах, гүн  боловсруулах технологийг дагнаад эзэмшээд явчих бүрэн боломжтой. Харин эрдэс түүхий эдийн асар их   баялагтай, тоотой цөөхөн судлаачтай  манай улсын хувьд  ийм боломж хязгаарлагдмал  тул бүх эрдэс  түүхий эдийг баяжуулах, гүн боловсруулах   системийн нэгдсэн онол  бий болгох чиглэлд миний бие судалгаа хийсэн билээ. Улмаар эрдэс түүхий эдийг баяжуулах фабрикийн практик үйл ажиллагаа,  элементийн үелэх системийн бүх хувилбаруудыг судалж, дэлхийд анхны “Химийн элементүүдийн  баяжуулалтын нано систем”-ийг  нээж 1992 оны 5-р сарын 25-нд  Оновчтой саналын №22211 гэрчилгээгээр баталгаажуулсан юм. Өөрөөр хэлбэл дорнын гүн ухааны “хоосон чанар”, “хязгааргүй чанар” өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр бол нано ертөнцөд нэвтэрчихсэн юм.  
     Өнөөдөр Монголын нано технологичид 150-300 наногийн түвшинд ажилладаг гэдэг. Гэтэл химийн элементүүдийн баяжуулалтын нано-системийг нээж улмаар эрдсийн гадаргын нано ертөнцөд нэвтрэн (хамгийн жижиг устөрөгчийн ион 0,01 нано ба хамгийн том иодын ион 0,2 нано юм) химийн урвалжийн эрдсүүдийн гадаргад үйлчлэх механизмыг тайлж, өндөр идэвхтэй шинэ урвалжуудыг онолын хувьд тандах боломжтой болсон. Монголчууд яагаад аль эрт  үелэх системийг нээчихсэн юм гэхээр химийн элементийн үелэх систем дахь элементүүд бол дараалсан 108 натураль тоо, өөрөөр хэлбэл суваргын тоо билээ. Хэрэв суварга болон мөнхөд эргэлдэх овооны  оройгоос туузан дээр 108 тоо бичиж хэвлээд ороож хулдах  юм бол үелэх хуулийн мөн чанар адилхан илэрдэг юм.

Ж.БААТАРХҮҮ

 

     Эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын А/173 тоот тушаал гарлаа. Компанийн дэвшүүлсэн таван бодлогын хүрээнд бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг уг тушаалд дурджээ. Мөн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг улирал бүр тайлагнахыг бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн жилийн эцэст эдийн засгийн шинэчлэлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн дүгнэж идэвх санаачилга гарган ажилласан баг хамт олныг урамшуулах ажээ.

Б.ЧУЛУУН

     Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний үйлдвэрлэлийн технологи шинэчлэхтэй холбоотой тус цех 11-р сарын 1 хүртэл ажиллана. Энэ хугацаанд 4673 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Одоогоор төмрийн үйлчид сарын төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна. Технологийн шинэчлэлийн үеэр Засвар механикийн завод хэсэгчилсэн бүрэн зогсолт хийх тул цехүүдийн захиалгыг нэгтгэн нөөц бэлтгэн үйлдвэрлэж байгаа юм. Гадны захиалгыг хязгаарласан ч олон жилийн хамтын ажиллагаатай Оюу толгой компани, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүсэлтийг буцааж чадахгүй, өөрийн ажлын завсраар амжуулж байна гэж цехийн дарга ярьсан. Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод өнгөрсөн хугацаанд 200 гаруй нэр төрлийн долоон тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Технологийн шинэчлэлийн хүрээнд Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийн хагас автомат шугам 2020 оны хавар ашиглалтад орсноор импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл улам олширч, үр ашиг өснө. Одоогоор уг төслийн ТЭЗҮ-ийг өөрийн инженер техникийн ажилчдын хүчээр боловсруулан, ХБНГУ-ын “Фат” компанитай гэрээ байгуулан, бэлтгэл ажил 20 хувьтай үргэлжилж байна.


М.ГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог