Өглөөний сэргээш

     Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо жил бүр салбарын шилдгүүдээ тодруулдаг бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий эрчим зүйч Шагдарсүрэнгийн Төрбатыг Монгол улсын “2018 оны шилдэг инженер”-ээр нэрлэлээ. Эрчим хүчний салбарын эрхэм хүндтэй энэхүү шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулж, батламжийг гардуулан өгсөн юм.
     Ш.Төрбат 1978 онд Политехникийн дээд сургуулийн Уулын цахилгаан механикийн ангийг дүүргэж, тухайн үеийн Геологи уул уурхайн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт ирж ажилласан. Оюутны ширээнээс ажлын талбарт гарч, эдүгээг хүртэл туулж ирсэн замналаа тэрээр “Би ГОК”-ын хүн хэмээн товчхон хэлсэн удаатай. Тэрээр 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйн хэлтсийн дарга буюу Ерөнхий эрчим зүйчээр томилогдон ажиллахдаа эрчим хүч хэмнэх уралдааныг уламжлал болгон зохиож, үр ашигтай 160 гаруй төсөл хэрэгжүүлжээ.
    Мөн үйлдвэрийн Дулааны цахилгааны төвийн хүчин чадлыг 48 мВт-ын турбин генератораар өргөтгөх төслийг амжилттай удирдан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд гуравт жагсах томоохон станцыг барьж байгуулахад сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулсан юм.


И.ЧИНТОГТОХ

 

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин”соёлын ордны дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын СТА С.Ариун-Эрдэнэ “Морин хуур” наадмын гала тоглолтонд оролцож, уралдааны дэд байрт шалгарсан сайхан мэдээгээр уурхайчдынхаа сонорыг мялаалаа.
     Мэргэжлийн дуучид сор болсон уран бүтээлээрээ оролцдог тус наадмын босго өндөр, шалгуур нарийн гэдгийг урлагийн салбарынхан сайн мэднэ. Дуучин С.Ариун-Эрдэнийн хувьд “Амьдрал жаргалтай” дуугаараа 32 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцсон нь энэ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр, Уурхайчин соёлын ордныхоо нэрийг гаргаж, чансаатай дуучин гэдгээ харуулаад ирсэн уран бүтээлч маань удахгүй “Энгэрийн цэцэг” анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо тайзнаа тавих юм. 


И.ЧИНТОГТОХ

     “Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадам нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын урлаг, уран сайхны нэг томоохон ажил төдийгүй Орхон аймгийн хэмжээнд зохиогддог хаврын баяр болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна. Ой тохиосон онцлог жил хэмээн зохион байгуулагчид ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд орон нутгийнхаа өсвөр, дунд, ахмад үеийн бүжигчдийг нээлттэй урьж оролцуулах юм. Тус наадмыг санаачлан, 25 жил тасралтгүй зохион байгуулсан “Уурхайчин” соёлын ордны Соёл олон түмний секторын эрхлэгч, Орхон аймгийн Бүжгийн спортын "Оюу" холбооны тэргүүн, Монголын Бүжгийн спортын холбооны хүндэт Ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулуунаас цэнгээнт бүжгийн хаврын баярын талаар тодрууллаа.

     -Энэ онд 25 жилийн ой тохиож байгаа гэхээр их онцлог жил болох нь. Оролцогчдод хүлээлт их байгаа байх. Ямар ажлууд төлөвлөж байна вэ?
     -Зохион байгуулагчдын зүгээс ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа. 25 жил гэдэг хүний амьдралаар бодоход бага хугацаа биш шүү дээ. Тиймээс юу хийвэл баяр ёслолын байдалтай харагдаж, хүмүүсээ хүлээн авах вэ, баярын хурлаа яаж хийх вэ, үе үеийн багш нараа хэрхэн алдаршуулах вэ гээд бодох, баримтат киногоо хийх олон ажил ундарч байна. Бусад ойгоос юугаараа ялгарах вэ гэсэн онцлогийг л гаргаж ирнэ.

     -Наадмын товлосон хугацаа хэдийгээр байгаа вэ?
     -Бэлтгэл ажлаа хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн хүртэл наадмаа үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

     -Бүжгийн спорт гэдэг ойлголтын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
     -2001 онд Эрдэнэтийн бүжгийг спортын төрөл рүү оруулж байлаа. Бүжгийн спорт гэдэг нь Олон улсын ангилалд шилжсэн, бүжгийн дүрэм журмыг хэлээд байгаа юм. Энэ стандарт руу оруулж ирэхэд хувцас, алхалтын хэмжээ дамжаа нь хүртэл өөр байх жишээтэй. Анх ОХУ-аас энэ стандартыг оруулж ирэхэд 7 жилийг зарцуулсан. Өнөөдрийг хүртэл Монголын бүжгийн спортын холбоо бидэнтэй хамтран ажиллаж байна. 20-иод жилийн өмнө байгуулагдсан энэ холбоо Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатарын дүүргүүдийн клуб дээр бүжгийн спортыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн. Залуучуудыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй тэр баг хамт олны хүч хөдөлмөрөөр Эрдэнэт маань бүжгийн олон хамтлагтай болсон. Мөн Монголдоо “Эрдэнэтийн бүжиг” гэж дуудуулах хөгжлийн замналтай болжээ.

     -Таныг Эрдэнэт хотод бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай ажилд сэтгэл оюунаа чилээж явааг олон хүн мэднэ. Энэ урлагийн суурийг тавьсан он жилүүдээ эргэн нэг дурсахгүй юу?
     -Уурхайчин соёлын ордон 1978 онд байгуулагдсан. Тухайн үед ажиллаж байсан багш нар маань эстрад дуу, хөгжим, бүжгийг цогцоор нь хөгжүүлж явсныг бид мэднэ. Гэхдээ тухайн үед 2-4 хостой, тухайн нийгэмд шаардагдсан тавилт бүхий сэдэвчилсэн бүжгүүд байснаараа цэнгээнтээс ялгардаг. Цэнгээнт бүжиг буюу бүжгийн спорт гэдэг ойлголт гарч ирснээр яг 25 жилийн нүүр үзэж байна. Энэ бол бага хугацаа биш. Тасралтгүйгээр энэ том урсгал, давалгааг авч явна гэдэг хүнд хэр нь хариуцлагатай ажил байсан. Бүхэл бүтэн бүжгийн арга барилыг хүнд эзэмшүүлж, мэргэжлийн бүжигчний түвшинд хүртэл үе шаттайгаар хөгжүүлнэ гэдэг амаргүй ажил. Яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого боловсруулахаас эхлээд хэчнээн насны ангиллаар, ямар бүжгээс эхлэх, тэмцээнийг явуулах бэлтгэл ажлын хүрээнд хэдэн сар хангалттай вэ, багш нараа хэрхэн бэлтгэх, яаж уралдаан тэмцээнээ зохион байгуулах, хэрхэн шалгаруулж урамшуулах, хувцас нь шинэчлэгдэх үү, дэлхий нийтээрээ ямар урсгалыг сонирхож байна вэ гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог.

     -Хийсэн бүхнээ эргэн харахад хамгийн сайхан нь юу вэ?
     -Хэний ч танихгүй багш бүжгийн урлагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, хэн нэгэнд маш их хэрэгтэй хүн болно гэдэг л гайхамшиг юм. Тухайн үед дөрөвхөн настай байсан хүү өнөөдөр 29 настай болж, Эрдэнэт үйлдвэрийн инженерийн эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж, бүжгийн урлагаар хичээллэсээр яваа нь бахархалтай. Манай үйлдвэрт маш олон инженер бүжиглэж яваа. Тэгэхээр 25 жилийн өмнө эхлүүлсэн бүжгийн урлагийн үр дүн өнөөдөр л тайзан дээр харагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор цех болгон урлагийн наадмаа хийж, шилдгүүдээ тодрууллаа. Бүжгийн урлаг эцсийн дүндээ хүнийг төлөвшүүлэх л зорилготой. Тэгэхээр өнөөдрийн инженер, эмч, ээж аав, залуучуудын төлөвшсөн нийгмийг бий болгосон гэж хэлж болно.

     -“Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадам маш өргөн хүрээнд явагддаг болсон. Энэ наадмыг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын урлаг, уран сайхны арга хэмжээ гэхээс илүүтэй Эрдэнэт хотыг бүхэлд нь хамарсан бүжгийн наадам гэж нэрлэх нь зөв байх?
     -Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэтийн бал” цэнгээнт бүжгийн наадамд давхардсан тоогоор 500-600 хамтлаг төлөвшиж, 30 орчим мянган залуучууд бүжгийн урлагаар өөрсдийгөө хөгжүүлжээ гэсэн статистик тоо гарч байна. Чөлөөт цагаараа бүжгээр хичээллэж, сонирхогчийн түвшинд өөрийгөө хөгжүүлсэн залуучууд олон бий. Бас нэг зүйл нь Монгол улсын их, дээд сургуулиуд боловсон хүчнээ хөгжмийн багш мэргэжлээр төгсгөдөг. Хэзээ ч бүжгийн багш гэж төрөлжүүлж бэлтгэдэггүй. Эрдэнэтэд, тэр дундаа Уурхайчин соёлын ордонд ажиллаж байгаа багш нар маань бүжгийн урлагаар хөрвөх чадвартай болсон. Хүүхдээ хөгжүүлэх, хувцасыг нь оёх, тайз дэлгэцтэй танилцуулах, сурган хүмүүжүүлэх аргад суралцах гээд олон ажлыг зэрэг хийж байна.   

     -Үйлдвэрийн ажилчдаас хэчнээн залуу хаврын баярт оролцож байна вэ?
     -Өнгөрсөн жилийн хувьд үйлдвэрийн 300 орчим ажилчин залуучуудаас бүрдсэн 16-17 хамтлаг “Эрдэнэтийн бал”-д оролцсон. Жил бүр оролцдог уламжлал тогтоод байгаа. Бүгд үндсэн ажилтай ч тэднийг ажлаас чөлөөлж, орны хүнээр солих зэрэг бусад асуудлыг үйлдвэр, цех нэгжийн удирдлагууд маань маш сайн шийдвэрлэж өгдөг. Олон жил оролцсон Эрдэнэт үйлдвэрийн ХМТАЦ-ийн “Цахим”, ЗМЗ-ын “Ажилчин залуус”, БФ-ийн “Эрдэнэс”, ахмадын “Од”, АТБ-ын “Алтан жолоо” хамтлагууд болон ЗАА-н цех, спорт ордон, сувилал, ТИС, цагдаагийн байгууллага, амралтын бааз, ЧХХ-ийн залуучуудаас бүрдсэн хамтарсан багууд оролцож байна. Урлагаар тэднийг нэгтгэж чаддаг нь хамгийн сайхан явдал.

     -Наадамд оролцогчдод насны ангилал заадаг уу?
    -Бүжгийг 7 насны ангиллаар хөгжүүлж байна. Хамгийн доод тал нь 3-4 настай хүүхдүүдийн хамтлаг байхад ахмад нь 74-80 насныхан оролцдог. Мөн ахмадынхаа дунд цэнгээнт, ардын бий биелгээ зэргээр бүжгийн сонголт гаргаж өгснөөр наадам маань оролцогчиддоо илүү уян хатан, бүх насныхан оролцох боломжийг нээж өгдөг гэж бодож байна.

     -Ой угтсан төлөвлөгөөт ажлуудаас гадна “Оюу цом 2019” бүжгийн наадмыг зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
    -Бид гуравдугаар сарын 23-нд Монголын Бүжгийн спортын холбоотой хамтран “Оюу цом 2019” нэртэй Олон улсын тэмцээнийг 25 жилийн ойдоо зориулан хийхээр төлөвлөөд байна. Тэмцээнд Улаанбаатар хотын томоохон бүжгийн клубууд уригдан ирэхээс гадна манай хүүхэд залуучууд багш нартайгаа оролцох байх. Олон улсынх гэдэг утгаараа БНХАУ, ОХУ-ын Буриад, Иркутск, Чита мужаас бүжигчид ирж оролцоно. Бүжгийн төрөлд латин америкийн ча ча, самба, жайв гэсэн Е ангиллын, румба, посадобль гэсэн Д ангиллын 5 бүжиг орно. Харин стандарт бүжгийн Е ангилалд удаан, хурдан вальс, хурдан фокстрот, Д ангилалд танго, удаан фокстрот багтсан. Тэмцээнд Олон улсын шүүгчдийг урьж оролцуулна.

     -Сайхан зүйлсийг хийж хэрэгжүүлж байгаад тань талархал илэрхийлж, амжилт хүсээд ярилцлагаа өндөрлье.
     -Бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулсан Эрдэнэтийн үе үеийн багш нар, удирдлагууд, бидний ажилд үргэлж идэвхитэй оролцож ирсэн эцэг эхчүүд, уурхайчиддаа талархал илэрхийлье. Мөн энэ том ажлыг нугалахад санхүү, эдийн засгийн асуудал хамгийн чухал байдаг. Энэхүү том асуудлаа шийдэхэд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын оролцоо маш их байсан. Тэр дундаа үе үеийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирлуудыг онцлон тэмдэглэмээр байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.

     -Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

И.ЧИНТОГТОХ

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог