Боловсрол

     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадоржийн нэрэмжит Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клубын урд байрлах хөл бөмбөгийн тусгайлан бэлтгэсэн талбайд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 320 гаруй тамирчин оролцов. Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, ахмад гэсэн гурван насны ангилалд явагдаж, аваргуудаа тодруулсан. Ахмадын талын харваагаар улсын мэргэн Д.Батдэлгэр, С.Санжаабаяр нар тэргүүлж, цуваа харваанд Архангай аймгийн харваач, П.Эрдэнэ-Очир түрүүллээ. Архангай аймгийн Цэнхэр сумын өсвөрийн харваач Б.Баянжаргал, Т.Мөнгөнцоож нар улсын аваргаар шалгарав. Залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын, дархан мэргэн Ч.Мандахбаяр ахлагчтай баг түрүүллээ.
     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадорж 1999 онд Эрдэнэт хотноо, Мөсний шагайн улсын аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 20 жилийн дараа, энэ удаагийн тэмцээнийг түүний үр хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клуб, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Орхон аймгийн “Мөнгөн толь” мөсний шагайн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. 


 

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

     Эрдэнэсийн эздийн-Их Өргөө номын гурав дахь цуврал болох “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайхны соёлын түүхэн хөгжил” нэртэй шинэхэн ном хэвлэгджээ. Уг ном нь “Уурхайчин” соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулууных бөгөөд тэрээр 1996-2018 оны уурхайчдын уран сайхны соёлын түүх, хөгжлийн судалгааны бүтээл болсон байна.  Уурхайчдын чөлөөт цагаа өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлдэг газар нь “Уурхайчин” соёлын ордон юм. Энэ ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсад,  тэдний гэр бүлийн гишүүд урлагаар хүмүүжиж, соёлд суралцаж байдаг. Соёлын аливаа үйл ажиллагааг ажилчдад аюулгүй ажиллагааны дадал олгох, эрүүл мэндээ хамгаалах, хамт олон болон төлөвшихөд нөлөөлөх хэмжээнд зохион байгуулдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том ололт, амжилт юм.


У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбоо нь уурхайчин залуусынхаа хүсэл зоригийг сонсон, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Жилийн ажлаа дүгнэн цэгнэж, шилдгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Компанийн бүх цех нэгжийн хүрээнд авьяас, мэдлэг, ур чадвараараа үйлдвэрийнхээ нэрийг Монгол улс, Ази дэлхийд таниулсан амжилтаараа дараах залуус шилдгээр шалгарав.  “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар Ил уурхайн ажилчин, Азийн цомын аваргын алтан медальт, шилдэг довтлогч, Монгол улсын Хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэн, “ШИЛДЭГ АВЬЯАСТАН”-аар Уурхайчин соёлын ордны хөгжимчин Б.Мөнхзориг, “ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛТАН”-аар Лаборатори судалгааны төвийн судлаач М.Гантулга, “ШИЛДЭГ УДИРДАГЧ ЗАЛУУ”-аар Автотээврийн байгууллагын Залуучуудын зөвлөлийн тэргүүн И.Батболд, “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”-өөр Э.Ариун-Эрдэнэ ахлагчтай Засвар механикийн заводын залуучуудын зөвлөл тодорчээ. 


     “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн үнэ цэнэтэй баялаг нь ажилтан хэмээн үзэж, хөдөлмөрийн хамт олныг ажил үүргээ гүйцэтгэх үед нь эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалан, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлдэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн хамт олон “ХАБ ба ажилтны оролцоо-2019” сэдэвт бага хурлыг өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллаа. Бага хуралд компанийн удирдлагууд, үйлдвэрийн бүтцийн нэгжийн ХАБ хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн хамт олны төлөөлөл оролцож, өнгөрсөн жил тус хэлтсээс хэрэгжүүлсэн шинэлэг олон ажлын үр дүнг хэлэлцэн сайшаасан. Үүний дотор ажиллагчдын оролцоо, манлайллыг идэвхжүүлэх үйл ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тодруулбал, ажилтнуудын аюул эрсдлийг бууруулсан, арилгасан бүтээлч оролцоо 3,8 дахин нэмэгдсэн байна. Тус хэлтэс өнгөрсөн онд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээг 16 чиглэлд хэрэгжүүлж 532,2 сая төгрөг зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн ослын үзүүлэлт эрс буурч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол гаргаагүйн дээр ажиллагчдын дунд ХАБЭА-н үйл ажиллагааг шүүмжлэхээс илүү хамтран сайжруулъя гэх хандлага нэмэгдсэнийг хурлын төлөөлөгчид онцолж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн хангалт, чанарт сэтгэл хангалуун байх болсноо уурхайчид илэрхийлсэн.
     Энэ үеэр үйлдвэрийн бүтцийн нэгжийн цех, хэлтсүүд өнгөрсөн жил ХАБЭА-н чиглэлээр санаачилж, хэрэгжүүлсэн ажлаа үзэсгэлэн хэлбэрээр тайлагнаж, ажилчдад халуун хоолоор үйлчилдэг Хаан хүнс компанийнхан амталгаа үйлчилгээ үзүүлэв.       

 

  М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

     Нийгмийн хариуцлагын бодлого зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК дэргэдээ Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын төрийн бус байгууллагуудыг дэмжин ажилладаг. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар  2000 гаруй уурхайчин эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэдний нийтлэг эрх ашиг болон мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулан урам тэмүүлэл  өгөх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн зөвлөл олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Тэдгээрийн нэг нь жил бүр уурхайчин эмэгтэйчүүдээ манлайлсан оны онцлох эмэгтэй тодруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 2018 оны Онцлох эмэгтэй цом гардуулах хүндэтгэлийн ёслол Оюу танхимд болов. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, оны ажлаараа бусдыгаа манлайлсан шилдэг  эмэгтэйчүүд  өнгөрсөн оны Онцлох эмэгтэй өргөмжлөл хүртлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн  мэргэжилтэн Н.Хандсүрэн, “Эрдэнэтийн бүсгүйчүүл” сэтгүүлийн дизайнер Д.Нансалмаа, Орон сууцны хэсгийн технологич Б.Дайриймаа, Олон нийттэй харилцах албаны FM 107.1 радиогийн сэтгүүлч А.Бямбамаа, Авто тээврийн байгууллагын операторч Ц.Эрдэнэчимэг, Ил уурхайн маркшейдерийн туслах Б.Оюунтунгалаг нарын 40 эмэгтэйд “Онцлох эмэгтэй” цом өргөмжлөлийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий захирлын Ажлын албаны санхүү эдийн засгийн зөвлөх, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Д.Үүрийнтуяа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа нар хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэв. Мөн энэ үеэр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр 20 эмэгтэйг шагнаж, урамшууллаа.   

 

 

 

 

Мягмар, 08 1-р сар 2019 00:00

Өвлийн говиор зочлов

     Говь нутгийг өвлийн дуранд буулгах аз тохиов. Өвгөн аялагчид өдөр бүр “явахыг хүсэгчид” донтон болдог билээ. Ийм ч учир “Гарамгай аялагч” болох Д.Рагчаа, Д.Цэвэгжав нартай ганзага нийлэн 2018 оны сүүл, 12-р сарын 15-21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд гарлаа.  Зам зуур Монгол улсын уул уурхайн салбар энэ аймагт хэрхэн хөгжил авчирч байгааг бахдан харав. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот, замын дагуух сумд тухайлбал, Цогт-Овоо, Хулд гэх мэт газар урьд жилүүдээс эрс өөрчлөгдөж аялагч, жуулчдад зорчих таатай нөхцөл бүрдүүлсэн нь сэтгэлд өег. Аялагчдын хувьд эцсийн зогсоолд хүрэхэд хамгийн чухал асуудал энэ байдаг билээ. Ёлын ам, Мухар шивэртийн ам болон Хонгорын элс зэрэг аялал жуулчлалын гол цэг хүртлээ засмал зам тавьсан нь жилийн ямар ч улиралд аялал хийх, говийн байгалийг аль ч улиралд сонирхох боломжтой болгожээ. Жинхэнэ Монголын аялал жуулчлалын өвөл цагийн дэлхийн “бренд” болоход хол санагдсангүй. Энд магад, газар эхийн баялаг буянаа хайрласан мэт. Даланзадгад хотод засмалаа дуугайн замтай нь хамт тавьж, шинэ суурьшлын хотдоо орон сууц, соёл урлаг, сургууль, эмнэлэг, театр, цэвэрлэх байгууламж зэргийг орчин үеийн архитектурын шийдлээр байгуулж байгаа нь “Монголын Дубай” болох юм байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр ч зургийн дагуу их бүтээн байгуулалт эхэлсэн байна билээ.
     Аялалын зургаан хоног баярлаж, бахдах, сонирхож, гайхах үйл явдлаар дүүрэн байв. Уулын янгир өнтэй энэ өвөл зам хөндөлсөн тайван бэлчиж, зээрийн сүрэг тэмээн сүргийг бараадан амгалан идээшилж байх нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр ажээ. Зээр сүрэглэн тэмээг дагах дуртай болсон гэж нутгийн ард хуучлав. Тэнгэр баганадсан энэ амьтан салхи нөмөрлөж, тавхайгаараа газар сийрүүлдэг гэлцлээ. Ёлын ам, Мухар Шивэртийн амны ийм мөсөн гангарааг гагцхүү өвөл, хавар л бүрнээр нь үзэх боломжтой. Дэлхийн дулаарлаас улбаалан зун, намартаа мөс нь хайлдаг болжээ. “Гарамгай” аялагчид бид хүүхэд шиг байгаль эхийн мөсөн талбайд өдөржин гулгаж наадсаар хүлгийн жолоог гэрийн зүг залсан юм.  

 

Б.Мажинбуу

Page 4 of 4

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог