Өглөөний сэргээш
   Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг анх удаа орон нутагт хийхээр товлосон бөгөөд энэ сарын 7-ны өдөр буюу маргааш зохион байгуулна. Улмаар спорт сонирхогч хүүхэд залуус, ахмад үеийнхний “магнайг тэнийлгэсэн” хоёрдугаар тойргийн сонирхолтой тоглолтууд Баасан гаригт эхлэхээр боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулж буй Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тэмцээнд Орхон аймаг, Эрдэнэт хотыг төлөөлөн “Уурхайчин” багийн тамирчид оролцож байна. Тэмцээний бэлтгэл хангах үеэр тамирчдын сэтгэгдлээс хуваалцлаа. 


Багийн гишүүн, ОУХМ Д.АЛТАНСУВД: Бид илүү сайн тоглохыг хичээнэ
 

 
   - Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
   - Волейболын спортоор хүүхэд байх үеэсээ хичээллэсэн гэж бодвол 20-иод жил болж байна. Миний хувьд 2003 оноос “Уурхайчин” багийн гишүүн болж, олон тэмцээнд оролцсон. Орхон аймгийн волейболын спортын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, бахархалтай он жилүүдийг бүтээлцсэндээ баярлаж явдаг. Сүүлийн 4-5 жил спортоос завсарлаад байсан ч энэ жил дүү нараа дэмжин, зохион байгуулалтын тал дээр туслахаар лигийн тэмцээнд оролцож байна.

   - Та “Уурхайчин” багийн ололт амжилт бүхэнд хамт байсан. Эргэн дурсахад ямар санагддаг вэ? Хувь хүний хөгжилд энэ спорт хэрхэн нөлөөлдөг талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
   - “Уурхайчин” баг баялаг түүхтэй, амжилт арвинтай. Хэзээ ч мартагдахгүй сайхан он жилүүдийг багийнхантайгаа өнгөрүүлж, тэмцээн уралдаанд гар, сэтгэл нийлэн оролцож явсандаа баярладаг. Манай баг Залуучуудын УАШТ-нээс тасралтгүй 6 удаагийн аварга, Өсвөр үеийн УАШТ-нээс тасралтгүй 5 удаагийн аварга, Үндэсний дээд лигээс 2004 онд аваргаар шалгарч, хэд хэдэн удаа мөнгө, хүрэл медалийн эзэд болж байсан. Миний хувьд Өсвөр үеийн УАШТ-ээс дээд лиг хүртэл бүх тэмцээнд оролцсон. Өнөөдөр бүрэлдэхүүний хувьд 12, ОХУ-аас нэг легионер тамирчинтай тэмцээнд оролцож байна. Волейбол нь багийн спорт учраас хувь хүнийг өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, ямар нэг үүрэг даалгавар биелүүлэх, үг даах, тэсвэр тэвчээртэй болох гээд олон чадварт сургадаг.

   - Өрсөлдөгчдийн тухайд юу хэлэх вэ? Хуучин бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа баг тамирчид бий юу?
   - Эрэгтэй баг тамирчдын ур чадвар өмнөх жилүүдээс илүү сайжирсан нь харагдаж байна. Манай баг шинэ залуу бүрэлдэхүүнтэй учраас туршлага тал дээр харьцангуй дутмаг байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ манайхан 2-3 жилийн дараа лигт өнгөлнө гэдэгт итгэж байна. Ирээдүй нь маш их гэрэлтэй байгаа. Ямар ч тамирчин тэмцээн уралдаанд оролцохын хэрээр туршлагажиж, чадвар нь ахидаг шүү дээ. Ер нь ихэнх баг шинэчлэгджээ. Хуучин тоглож байсан тамирчдаас бүрдсэн нэг баг бий. Хоёрдугаар тойрогт бид хожигдох эрхгүй тул илүү сайн тоглохыг хичээнэ.
 
   - Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийж байна вэ? Тойргийн тоглолтын талаар ойлголт өгөхгүй юу?
   - Бид тэмцээн эхлэхээс өмнө өдрийн 2 цагаар бэлтгэл хийж байсан. Эрдэнэтдээ ирснээс хойш өдөрт нэг удаа 3 цагаар бэлтгэлээ хангаж байна. Тойргийн тоглолтыг энгийнээр тайлбарлавал, эмэгтэй 6 баг байна гэж бодоход бусад 5 багтайгаа тойргийн тоглолт хийнэ. Энэ удаагийн лигт гурван тойргоор тоглож, тойрог бүрт өмнөх тоглосон багуудтайгаа дахин тоглох зарчмаар явагдана.
 
   - Баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.
 

Багийн ахлагч, Дэд мастер Б.НИНЖБОЛОР: Би Монгол Улсынхаа нэрийг гаргасан Азийн тамирчин болохыг мөрөөддөг
 

 
   - Спортоор хичээллэхийн ололттой талыг хэрхэн харж байна вэ? Хэзээнээс “Уурхайчин” багийн тамирчин болов?
   - 2015 онд ОУХМ Н.Баярсайхан багшийн удирдлага дор “Уурхайчин” багийн тамирчин болж байсан. Миний бодлоор эмэгтэй хүүхэд волейболын спортоор хичээллэснээр бие галбирын хувьд өв тэгш хөгжиж, багаар ажиллах чадвар нь илүү сайжирдаг юм шиг санагдсан. “Уурхайчин” баг шинэ бүрэлдэхүүндээ өсөх ирээдүйтэй чадварлаг хүүхдүүд авсан. Бид эгч нарынхаа гаргасан амжилтыг бататгахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно.

   - Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
   - Хүн бүрт мөрөөдөл нь хамгийн үнэ цэнэтэй байдаг байх. Би Монгол Улсынхаа нэрийг гаргасан Азийн тамирчин болохыг мөрөөддөг. Энэ жил Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байгаа хэдий ч спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Одоо ХААИС-ийнхаа Оюутны шигшээ багт тоглож байгаа.

   - Тэмцээний амжилтаасаа онцолбол?
   - Манай багийнхан 2016, 2017 онд “Монгол туургатан” хүүхдийн наадамд оролцож, алтан медалийн эзэд болж байсан. Мөн их сургуулийн багаар Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс хошой мөнгө медаль хүртсэн. 

   
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Волейболын холбоо хамтран Үндэсний дээд лигийн нээлтийн ёслолын ажиллагааг анх удаа Эрдэнэт хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.  Энэ сарын 7-нд Хангарьд паласт болох тус нээлтийн ажиллагаа, тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл, явцын талаар Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээс тодрууллаа.
 

   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
   - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор нийгмийн харилцааны үүрэг хариуцлагынхаа  чиглэлээр биеийн тамир спортын олон улс болон улс, орон нутгийн чанартай томоохон арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа тусган, зохион байгуулж ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал 11 дүгээр сарын 7-оос 10-ны өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулагдах Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтоор үргэлжилж байна. Эрдэнэт үйлдвэр, Монголын Волейболын холбоо хамтран зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн  зохион байгуулах ажлын хэсгийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү миний бие ажиллаж байгаа юм. Орон нутагт болох гэж буй уг үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, Эрдэнэт үйлдвэрээс дэд ажлын хэсэг гарч, бүхий л зохион байгуулалтад анхаарч буйг онцолъё. Улс, орон нутгийн зэрэглэлтэй том тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлага бидэнд бий. Тиймээс энэ удаа ч маш өндөр хэмжээнд зохион байгуулахаар, бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний дээд лигийн тэмээний бэлтгэл ажил 90 орчим  хувийн биелэлттэй хангагдсан.

   - Нээлтийн үйл ажиллагааны болон тэмцээний онцлог юу байна вэ?
   - Энэ удаагийн тэмцээний хамгийн гол онцлог гэвэл сүүлийн 7 жил өөр нэрээр болж байсныг Үндэсний дээд лиг болгон эргэн сэргээж байгаа явдал юм. Нөгөө талаар хөдөө орон нутагт тодорхой хугацаанд нэлээн олон тоглолтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт 11 сарын 8, 9,10-ны өдрүүдэд Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн 18 тоглолт болно. Мөн анх удаа хөдөө орон нутагт Үндэсний дээд лигийн нээлтийн ёслолын ажиллагаа болох гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Волейболын түүхэнд алтан үсгээр бичигддэг алдарт, ахмад тамирчид урилгаар оролцоно. Энэ үеэр тэдний санал сэтгэгдэл, дурсамжийн түүхэн баримтыг авч үлдээх ажлыг зохион байгуулна.     Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй “Уурхайчин” багууд оролцож байна гээд олон онцлог зүйлийг хэлж болно.  Нээлтийн үйл ажиллагааны үеэр олон сонирхолтой сюрприз барихаар бэлтгэсэн. Мөн тус тэмцээнд гадаадын легионер тамирчид хүрэлцэн ирж байна. Тэдэн дотор АНУ-ын иргэн анх удаа оролцож байгааг дуулгахад таатай байна. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 07-ны өдөр 18:30 цагт Хангарьд паласт болно. Энэ дашрамд дуулгахад, нээлтийн ёслол үзэгчдэд үнэ төлбөргүй болох тул нийт волейболын спорт сонирхогч, хичээллэгч, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд болон Орхон аймгийн иргэд, хүүхэд залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.   
 
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн
   Долоон жилийн дараа Үндэсний дээд лиг нэрээрээ эргэн ирж буй Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 7-нд Эрдэнэт хотноо болох гэж байна. Хангарьд спорт клубын байранд үе үеийн алдартай волейболчдыг нэгэн дор цуглуулж, багийн спортын ид шид, гайхамшигт тоглолтуудаар дүүрэн байх Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр,  их спортыг дэмжин ажиллах нэгэн шинэ түүхэн хуудсаа эргүүлж буй энэ өдрүүдэд Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхантай уулзаж, ярилцлаа.


   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тухай ярихын өмнө манай улсад энэ спорт анх хэдий үеэс үүсэж хөгжсөн талаар сонирхож байна. Ямар түүхтэй спорт вэ?
   - Монгол улсад Волейболын спорт 1927 оноос эхэлж үүссэн гэж үздэг. Тэр үеийн Эрхүү хотод суралцаж байсан Монгол оюутнууд эх орондоо ирэхдээ хоёр ширхэг гар бөмбөг, нэг торны хамт авчирч,  түүгээрээ гадаа талбайд тоглон  хүүхэд залуусын сонирхлыг татаж эхэлснээр энэ спортын үндэс тавигдсан. Тэр цагаас хойш эдүгээ 62 дахь жилдээ Монголчууд волейболын спортыг хөгжүүлж, олон тэмцээн уралдааныг зохион байгуулж ирлээ. Мөн Монголын Волейболын Холбоог энэ үеэс байгуулсан. Өөрөөр хэлбэл, волейболын спортын үүсэл эхэлсэн 60 гаруй жилийн өмнө мэргэжлийн холбоо бас байгуулагдаж, одоо дэлхийд данстай том байгууллага болсон гэж хэлж болно.

   - Мэдээж, 60 жилийн замнал, намтартай энэ байгууллагын үүх түүх арвин байгаа. Хөгжлийнхөө түүхэнд гаргасан амжилт ололтын талаар товчхон яривал?
   - Манай эрэгтэй баг тамирчид 1960-1970 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Эмэгтэй баг нэг удаа оролцсон. Энэ бол тухайн үедээ шинэ залуу спортын хувьд том амжилт. Дээд амжилт гэж тодотговол, эрэгтэй баг тамирчид маань дэлхийн аваргын тэмцээнээс 16 дугаар байр эзэлж байсныг дурдаж болох юм. Волейболын спортын түүхэнд манай холбооноос  хоёр гавьяат төрөн гарсан. Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Доржжүгдэр, Ц.Шоовдор нар манай волейболчдын дундаас төрсөн, бидний бахархал болсон хүмүүс. Тухайн үеийн Монголын эрэгтэй шигшээ багийн гол тоглогч, тамирчин Х.Доржжүгдэр, эмэгтэй багийн тамирчин Ц.Шоовдор багш нарыг манай спортынхон сайн мэднэ. Ц.Шоовдор багшийг “Зургаан ийм Шоовдор байхад дэлхийн аварга цолонд хүрэхэд ямар ч асуудал алга” гэж гадаадын тамирчид үнэлж байсныг манай ахмадууд одоо ч дурсан ярьдаг. Мөн үе үеийн олон алдартай тамирчид манайд бий. Волейболын спортоос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагчид ч бас төрөн гарсныг хэлэхэд таатай байна.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн манай улсад хэдий үеэс зохион байгуулагдаж эхэлсэн бэ?
   - Анх “Дээд лиг” гэдэг нэрээр 1995 онд зохион байгуулагдсан. Үүнээс хойш жил бүр зохиогдож байгаад, 2012 оноос Волейболын холбооны цомын төлөөх тэмцээн нэртэйгээр явагдаж эхэлсэн. Харин энэ жилээс бид ярилцаж байгаад, Үндэсний дээд лигээ сэргээж зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Цомын төлөөх тэмцээнд манай лигт өрсөлддөг багууд оролцож ирсэн ч үндэсний лиг гэдэг утга учраа алдсан гэж хэлж болно. Үзэгчдийн хувьд ч цомын тэмцээн гэхээр тэгтлээ ойшоодоггүй болсон байсан. Харин Үндэсний дээд лиг гэхээр илүү сонирхож, үзэгчдийн тоо эрс нэмэгддэг. Тэгэхээр тэмцээний нэр чухал ач холбогдолтой гэдэг нь харагдсан. Мөн нэршлээ дагаад цар хүрээ, зохион байгуулалт ч өөр болдог.  Манай волейболын клубүүд ч дээд лигээ сэргээх санал дээр нэгдэж, энэ удаагийн тэмцээнд хариуцлагатай, идэвхтэй хандаж байна. Өмнөх жилүүдэд ийм өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн болж байгаагүй. Тэгвэл  энэ жилийн лигийн тэмцээнд  эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцож  байгаа нь нэг онцлог болж байна. Эндээс харахад,  манай холбоо хамгийн том тэмцээнээ цомын төлөө гэсэн нэртэй зохион байгуулж байсан нь алдаа болжээ гэж боддог. Би тэр үед дасгалжуулагчийнхаа хувиар үндэсний лигээ сэргээх талаар олон удаа саналаа хэлж байв.

   - Тэгвэл Үндэсний лигийн тэмцээнийг сэргээх санал санаачилга яг хэдийд албан ёсоор баталгаажиж, бодит болов? Хамтран зохион байгуулагчаар ямар байгууллагууд оролцож байна вэ?
   - Өнгөрсөн 6 дугаар сард Монголын Волейболын холбоо бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж,  миний бие Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Ажил аваад, өөрийн бодож санаж явсан зүйлээ ажил хэрэг болгох зорилт тавьж, шинэ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээ зөвшилцөж, хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, бид цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж, үндсэн гурван зорилтыг дэвшүүлсэн юм. Эхний ээлжид волейболын Үндэсний дээд лигээ сэргээн, зохион байгуулъя, хоёрдугаарт,  шигшээ багаа бэхжүүлье, гуравдугаарт, өөрийн гэсэн спорт заалтай болох. Эдгээр гурван том зорилтынхоо эхнийхийг нь амжилттай эхэлж байгаадаа их баяртай байна. Бидний энэ санал санаачилга бодит ажил хэрэг болоход ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн  Үндэсний дээд лигийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран оролцож байна. Энд би тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гуайг тодруулж ярихыг хүсэж байна. Х.Бадамсүрэн захирал маань Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан, уг спортын хөгжлийг  өндөр зэрэглэлд хүргэх, легионер тамирчдыг анх урьж тоглуулах зэрэг холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд том хувь нэмрээ оруулсан хүн. Бид 1998 онд “Уурхайчин” спорт клубыг хамтран байгуулснаас хойш волейболын спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн. 2000 онд Монголдоо анх Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тэр үед Х.Бадамсүрэн захирал Монросцветмет нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Волейболын зориулалтын шалыг оруулж ирж, энэ тэмцээнийг зохион байгуулж байсан гээд олон сайхан түүх бий. Ингэж өнөө хүртэл биднийг волейболын спорт холбож ирсэн нь Үндэсний дээд лигийг Эрдэнэтэд хамтран зохион байгуулах алхам боллоо гэж ойлгож байна. Энэ дашрамд манай холбооны зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг маань маш уриалгахан, халуун дотноор хүлээж авсанд талархаж буйгаа илэрхийлье. Зохион байгуулалтын бүхий л ажилд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон маш өндөр зохион байгуулалттай, идэвх зүтгэлтэй оролцож байгаад их баярлаж байна. 
 
      
 
   - Одоо, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаа вэ?
   - Манай холбооны Ерөнхийлөгчөөр өмнө нь 4-р ДЦС-ын дарга байсан, Эрчим багийн үүсгэн байгуулагч Ц.Баярбаатар ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарын том төлөөлөгч, волейболын спортын хөгжилд өөрийн сэтгэл зүтгэлээ зориулж яваа хүн.

   - Таны байгуулалцаж явсан “Уурхайчин” баг өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ, залуу халаагаа бэлдэж байна уу?
   - Манай “Уурхайчин” баг бусад клубүүдтэй харьцуулахад өөрийн онцлогтой. Гаднаас сайн тоглодог юм уу, бэлтгэсэн хүүхдүүд огт авдаггүй. Дандаа өөрсдөө дараа үеийнхнээ бэлдэж, гаргаж ирдэг гэж хэлж болно. Өнгөрсөн жилүүдэд ивээн тэтгэгч, санхүүжилтийн асуудлаас болоод идэвх суларсан тал бий. Харин одоо клубынхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, 15-16 насны хүүхдүүдийг авч бэлтгэж эхлээд байна. Мөн “Уурхайчин” багийн хуучин бүрэлдэхүүнд тоглож байсан туршлагатай тамирчдаа оруулаад, шинэчилсэн. Энэ баг маань Үндэсний дээд лигт оролцож байна. Ирээдүйн волейболчдыг бэлтгэх, хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь бидний эрхэм зорилго юм.
 
   - Үндэсний дээд лигийн ач холбогдол ер нь юунд оршдог вэ?
   - Энэ тухайд би өөрийн бодлоо хуваалцъя гэж бодож байна. Хүн бүр өөр өөр бодол сэтгэгдэлтэй явдаг байх. Үндэсний дээд лиг гэж заавал байх ёстой. Тэр тусмаа хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд багийн спортод ийм нэрээр энэ тэмцээн зохион байгуулагдах ёстой гэж боддог. Энэ нь тухайн улс орны тамирчдын зэрэглэл, чансааг тогтоож өгдөг. Тэднээс үндэсний шигшээ баг бүрдэнэ. Олон улсын түвшинд тоглох тамирчид мөн л энэ тэмцээний шалгаруулалтаас гарч ирнэ. Волейболын спортыг огт мэддэггүй хүн ч Үндэсний лиг болж байна гэвэл сонирхол нь нэмэгддэг. Холбооны цомын төлөөх тэмцээн гэвэл байнга болж байдаг тэмцээнүүдийн нэг гэж хүлээж авдаг нь харагдсан. Тиймээс Үндэсний дээд лиг аль ч улс орны хамгийн дээд түвшний зэрэглэлтэй тэмцээн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ утгаараа волейболын Үндэсний дээд лиг байх ёстой тэмцээн. Бас энэ спортын хөгжилд өндөр ач холбогдолтой гэж хэлэх байна.

   - Багийн спортоор Монголын шинэ үеийнхэн  олон улсын түвшинд цахиур хагалаад эхэлчихлээ. Сагсан бөмбөгийн баг тамирчид ирэх олимпод оролцох эрхтэй болсон. Волейболынхонд олимпын эрх хэр ойрхон байгаа бол?
   - Ер нь хол биш гэж би хэлнэ. Мэдээж, өнөө маргааш гээд харвал учир дутагдал бий. Волейболынхоо тухайд хэлэхэд, багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдий чинээ санхүүгийн боломжтой байна, төдий чинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Аль ч спортын төрөлд ийм байдаг. Ялангуяа шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаанд олон орох тусам тэр хэрээр амжилт нь ахина. Тиймээс энэ боломжийг нэмэгдүүлж, шигшээ багийн чансааг байнга дээшлүүлэхэд анхаарах ёстой. Өөрийн стандартын зал танхимтай болох, эдийн засгийн тогтвортой эх үүсвэрийг олох, олон улсын тэмцээнд оролцох боломжийг нээх гээд маш олон хүчин зүйл энд нөлөөлнө. Энэ бүхнийг бүрдүүлж, дэмжиж чадвал манай тамирчдын оноо нэмэгдэж, энэ жил биш юм гэхэд 2-3 жилийн дараа олимпын эрхэнд хүрэх боломж тийм ч хол биш гэдгийг онцолмоор байна. Волейболын спортод элсний гэж төрөл байдаг. Элсний волейболоор манайх өндөр амжилт гаргах боломж маш өндөр. Олон улсын тэмцээнд аль болохоор олон оролцож, оноо цуглуулж чадвал олимпод хамгийн түрүүнд орох боломжтой харагддаг. Заалны волейболын хувьд эхлээд бид Азидаа эхний наймд багтах хэрэгтэй. Үүний төлөө зорьж, хичээх ёстой.

   - Үндэсний Лигийн тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе?
   - Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, хамт олонд талархаж буйгаа дахин илэрхийлье. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их спортыг хөгжүүлэх, дэмжин түгээхэд үргэлж сэтгэл зүтгэлтэй хандаж ирснийг бидний энэ удаагийн хамтын ажиллагаа тод харуулж байгааг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Волейболын холбооны үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг Mikasa brand, “Торгууд” спорт хувцасны үйлдвэр, Voyage, IDC зэрэг манай алтан түншүүд Үндэсний лигийн тэмцээнд хамтран оролцож байна. Монголд волейболын спортын хөгжил шинэ шатанд гарахад хувь нэмрээ оруулж байгаа хамтрагч байгууллагууддаа баярлаж буйгаа илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
 
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээмж өндөр индукцын технологи нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Технологийн шинэчлэлийн үйл явцын талаар тус цехийн дарга А.Отгончулуунтай  ярилцлаа.

 
 
   - Технологийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна?
   - Манай цехэд индукцын технологи шинээр нэвтэрч байгаатай холбоотой ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Суурийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, бетон зуурмаг авахад бэлэн болсон. Барилга засварын цехийнхэн маань өнөөдөр суурийн тулаасуудыг бэлтгэж байна. Суурийн ажил хоёр долоо хоногийн дараа дуусна.

   - Ажлын хэсгийнхэн Цувих шугамын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах ажлыг зохион байгуулсан. Суурилагдах шинэ тоног төхөөрөмжүүд ирсэн үү? 
-Манай тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлээд ерөнхийдөө дууссан. Одоо хятадын Тээвэр ложистикийн байгууллагаар дамжаад наашаа ачигдах шатанд яваа. 11-р сарын 10-ны үед ирнэ. Тэгээд суурилуулалт, угсралтын ажил шахуу төлөвлөгөөтэй үргэлжилнэ. Өргөтгөл, шинэчлэлтэй холбоотой 20 тоннын шинэ “ямаан” кран хүлээн авсан. Мөн хуучин кран дээр засварын ажил ид явагдаж байна. Кранаа газраас удирдлагатай, хосолсон ажиллагаатай болгосноор үүрэг гүйцэтгэхэд дөхөм болсон. Хоёр гүүрэн краны нэгийг шинэчлэх ажил тендер зарлагдах түвшинд явна. Үүнийг сольчих юм бол манай цехийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүд 90 хувь шинэчлэгдэнэ.

   - Индукцын технологи нэвтрүүлснээр ямар боломж, давуу тал бүрдэх вэ?
   - Индукцын технологийн үйлдвэрлэл нь 80-100, 40-80 мм-ийн голчтой ган бөөрөнцөг цувих хос шугамтайгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл 80 мм-ын шаарын нөөц шугамтай болж, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн тасрах эрсдэл үгүй болно гэсэн үг. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухтай холбоотой байгаль орчны бохирдол, ажлын байрны хортой нөхцөл, техникийн доголдол гээд манай цех дээр хүндрэлтэй олон асуудал үүссэн. Түүнээс гадна нүүрс хийжүүлэх зуух улсын чанартай А зэрэглэлийн замаас 50 метрээс гадагш байх ёстой гэсэн заалт зөрчиж барьсан байдаг. Иймээс аймгийн зүгээс шаардлага байнга тавьдаг байсан. Тулгамдсан энэ бүх асуудлыг уг үндсээр нь, цогцоор нь шийдэх гол ач холбогдолтой.
 

   - Ажилчид сэтгэл өндөр, хүлээлт их байна уу?
   - Тэгэлгүй яахав. Ажилчид маань урам зориг дүүрэн, хийж бүтээхийн чин хүсэл оргилуун байгаа. Утаа, угаар, нүүрс, үнс, давирхайн асуудал мартагдана, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулна гэдэг хамгийн сайхан. Ерөнхий инженерээр ахлуулсан манай таван ажилтан үйлдвэрлэгч талд очиж сургалтад долоо хоног хамрагдаад ирлээ.  Индукцын зуухан дээр ажиллахдаа юу анхаарах, хамгийн эмзэг газар нь хаана байдаг, засвар үйлчилгээ яаж хийх, ашиглалтын явцад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хэрхэн хангаж ажиллах гэсэн чиглэлээр дадлага давамгайлсан сургалт явагдсан. Цаашид индукцээс гадна цувих шугамын тохиргоо, зүгшрүүлэлтийн талаар өргөн хүрээтэй сургалтууд авах саналыг нийлүүлэгч талд тавьсан. Энэ технологи ажиллагчдаас мэдлэг, ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг учраас нийлүүлэгч тал манай хүмүүсийг шинэ тоног төхөөрөмж дээр хоёр сар сургаж дадлагажуулъя гэсэн.
 
   - Цахилгаан хангамжийн чиглэлээр юу хийгдэж байна?
   - Бид станцаас 6000 кВт-ын шугам татаж, 660 вольтийн хүчин чадалтай цахилгаан гаргаж хэрэглэнэ. Индукц маань 660 вольтоор ажиллах юм. Гадаад цахилгаан хангамжийн асуудлыг Цахилгаан цех хариуцаж байгаа. Нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ хийсэн, хүлээлтийн байдалтай байна. Өндөр хүчдэлийн шонгууд саяхан буулаа. 11-р сарын 15-ны үеэр кабелиуд ирнэ. 12-р сарын эхээр Дулааны цахилгаан станц дээр тавигдах зангилаа тоног төхөөрөмжүүд ирэх юм. Манайх жилд таван сая кВт цахилгаан зарцуулдаг байсан бол индукцын технологи нэвтрүүлснээр 16 сая кВт цахилгаан хэрэглэнэ.

   - Цахилгааны үнэ өссөөр байгаа өнөө үед индукцын технологиор хямд өртөгтэй  ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бий юу?
   - Эдийн засгийн урьдчилсан тооцоогоор манайх индукцын технологи руу шилжсэнээр тонн тутамдаа 39000 төгрөгөөр хямд өртгөөр ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэрт давуу тал бий. Дулааны цахилгаан станц маань цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний тарифаас доогуур үнээр дотоодын хэрэглээг хангах нөхцөл бүрдсэн нь том боломж. Жишээ нь өнөөдөр бид төвийн эрчим хүчнээс 1 кВт цахилгааныг 170-200 төгрөгөөр бодож авдаг. Гэтэл өөрийн  станцаасаа 122 төгрөгөөр худалдан авна. Ингээд бодоход бид ган бөөрөнцгийн өөрийн өртгийг тонн тутамд 39000 төгрөгөөр бууруулах боломжтой. Ингэснээр өөрийн өртгийн зөрүүнээс жилд 950-иад сая төгрөг хэмнэх юм. Тийм ч учраас шинэ технологи нэвтрүүлэх шийдвэр зориглож гаргасан.

   - Технологийн шинэчлэлд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
   - Урьдчилсан байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 1.4 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо бий. Шаарны хувийн зарцуулалтыг 0.02 хувиар багасгана. Бага тоо боловч цаанаа их хэмжээний үр ашигтай. Бид жилд 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэлээ гэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэнэ.

   - Баяжуулах үйлдвэрийн ган бөөрөнцгийн хэрэглээний хэдэн хувийг хангах вэ?
   - Эрдэнэт үйлдвэр жилд 33000 тонн ган бөөрөнцөг хэрэглэдэг. Манай цех Баяжуулах үйлдвэрт 80-ын шаар 18 мянган тонн, 100-гийн шаар 5000 тонн, 40-ийн шаар 3000 орчим тонн нийлүүлдэг. Гаднаас 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг 8000 тонн, 80-ын шаар нэмж 6000 тонныг худалдан авдаг байсан. Одоо манайд ирэх хос шугам хоёулаа 80-ын шаар үйлдвэрлэх учраас гаднаас авахгүй. Харин бид яваандаа 120, 125-ын давтаж гаргадаг чанар сайтай шаар үйлдвэрлэх хэтийн зорилготой ажиллана. Гадаадаас хараат байх шаардлагагүй. Дараагийн хөрөнгө оруулалт бидний санаснаар шийдэгдвэл импортын ган бөөрөнцгийг тэглэх боломж бий.
   
   - Баярлалаа.
 
М.ОДГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог