Өглөөний сэргээш

     Шинэ оны босгон дээр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 24-р гидроциклоныг шинээр суурилуулан ашиглалтад хүлээн авлаа. Энэ төхөөрөмж нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалттай юм. Өмнө нь тус хэсгийн өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц гидроциклон суурилуулсан юм. Долоон гидроциклоноос бүрдсэн дахин нэг багцыг ийнхүү ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч бүтээмж нэмэгдэх аж. Уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг  Баяжуулах үйлдвэр болон Засвар монтажийн цехийн ажилчид,  хяналт удирдлагын системийг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсгийнхэн төлөвлөсөн хугацаанд нь амжилттай гүйцэтгэжээ. Суурилуулсан төхөөрөмж жигд сайн ажиллаж байна.


Я.ЭНХ

     Техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гол тоног төхөөрөмжүүдийн нэг 17-р конвейрийн хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн Sew eurolrivc фирмийн бүтээгдэхүүнээр сольжээ. Ингэснээр өмнө нь цагт 2800 тонн хүдэр дамжуулдаг байсан бол одоо 3500 тонн болж, хүчин чадал нь нэмэгдэв. Түүнээс гадна тоног төхөөрөмжийн зогсолт багасаж, засвар үйлчилгээнд цаг алдахгүй, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирлаа. Тус хэсгийнхэн 2015 онд үүнтэй адил хөтлүүрийг нэг конвейрт тавьж туршсан бөгөөд одоо дөрөв дэх жилдээ доголдолгүй ажиллаж байна.
     Мөн хүдэр хуваарилдаг, тэргэнцэртэй 18-р конвейрийн босоо хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн FA-127G маркийн хөтлүүрээр сольжээ. Жижиг бутлалтын агуулах 135 тоннын багтаамжтай. Хоногт бүтэн ажиллахад төв корпусыг 12 цаг хүдрээр тасралтгүй хангах нөөц бүрддэг. Эднийхэн уг агуулахын үлдэгдлийг 50 хувиас дээш барих үүрэгтэй. Техникийн шинэчлэл ийнхүү хийснээр энэ боломж хангагдлаа. Тус хэсгийнхэн өнгөрсөн онд 20 сая 530 мянган тонн хүдэр авч дамжуулжээ. Жил ирэх тусам хүдрийн агуулга буурч, хатуулга нэмэгдэж буй байдалд тохируулан бутлуураа цагийн бүтээмж сайтай, хатуу хүдрийг бутлах чадалтай тоног төхөөрөмжөөр солих шаардлага зайлшгүй ургаж байгаа тул ирэх намар шинэчлэх ажээ.  


М.ОД

     Ил уурхайн зам цэвэрлэх, овоолго байгуулах, экскаваторын ажлын талбайг тэгшлэх ажилд туслахаар Зам овоолгын хэсэгт автогрейдер буюу хусагч, дугуйт бульдозер шинээр ирэв. Тэр хэрээр техникийн хүрэлцээ, хүчин чадал нэмэгдэж, найдвартай ажиллагаа сайжирлаа. Мөн нэг гинжит бульдозер замдаа ирж яваа аж. Энэ онд Зам овоолгын хэсэгт мөн техникийн шинэчлэлт нэмж хийгдэнэ. Тус цехийн хамт олон 2019 оныг техникийн шинэчлэлийн жил болгохоор зорьж байна. Ашиглалтын хугацаа дууссан экскаваторууд, холин цэнэглэгч, өрмийн машин гээд нийт долоон томоохон техник худалдаж авахаар төлөвлөжээ. Харин үндсэн хөрөнгө дээр 20-иод тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн, шинэ оны эхэнд “уулын бурхад” маань  урам зориг, тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.


М.ГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог