Өглөөний сэргээш цуврал контент #21: Лувсандоржийн ЭНХТӨР Онцлох

29 5-р сар 2020 12:00
533 удаа үзсэн

Төгссөн сургууль:

1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгааны техникчээр, 2006 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2009 онд КТМС-д Үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан.

Мэргэжил:

Цахилгааны инженер

Ажилласан туршлага:

1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводоос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр 27 дахь жилдээ Цутгуурын цехийн эрчим зүйчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2019 онд цахилгаан хангамжийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн.

Чин хүсэл:

Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ тутам нэвтэрч буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг Эрдэнэт үйлдвэртээ “нутагшуулах” нь түүний чин хүсэл билээ. Үйлдвэрийнхээ шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд бичигддэг түүний мэдлэг чадвар бодит хөрөнгө оруулалт болж, эрчим хүчний системтэй бодлогоор үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Том зорилгод цаг хугацаа хэрэгтэйг санаж, түүний хүсэл тэмүүлэлд ташуур өгөх нь зөв биз ээ. Хийх ажлаа эртнээс төлөвлөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй, ажлынхаа хажуугаар суралцах, мэдлэг чадвараа ахиулахад анхаарч ирсэн. 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Сэргээгдэх эрчим хүчний форумд оролцож, МУИС-ын Сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй танилцан, Эрдэнэт үйлдвэртээ судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалжээ.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдралын сэргээш гэдэг зүйл аз жаргалтай гэр бүлээс эхлэх байх. Миний хувьд үр хүүхдүүд, халуун дулаан гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг хүртэж, амьдралын сэргээш авдаг. Харин гар нийлсэн эвсэг хамт олноосоо ажил хийх урам зориг, эрч хүчээ авсаар өнөөдрийг хүрчээ.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрчим хүчний салбарынхан бид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байна. Мэргэжлийн бус хүмүүсийн нүдээр харахад бид зүгээр суугаад байгаа мэт харагддаг байх. Гэтэл үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж байгаа нөхцөлд бид хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох юм. Энэ л бидний ажлын гол онцлог юм болов уу.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай Засвар механикийн завод, тэр дундаа Цутгуурын цех энэ онд шинэ техник, технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан тэдгээрийн холбогдох баримт бичиг, заавруудыг боловсруулах, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэх ажлуудыг төлөвлөн, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Ажлаа илүү сайн хийхийн тулд өөрийн бие бялдарт анхаарч, оюун санаагаа цэгцлэх үүднээс “update”хийхийг хичээдэг. Сардаа 1-2 удаа ажил руугаа алхаж байна. Мөн зав чөлөөтэй үедээ ном уншдаг.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг том мөрөөдөл гэж амьдралд байхгүй байх аа.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Амьдралын хамгийн сайн зөвлөгөөг аав ээж, хань минь өгдөг болохоор тэдгээр үгсийг бодол оюундаа тээж, мөрдлөг болгож явна. “Ажлыг битгий халтуурдаж хий. Хэрвээ халтуурдвал цаг хугацаа алдаж, чиний хөдөлмөр үр ашиггүй болно”, “Хүнд аль болох тусалж бай, харин тусалснаа хэзээ ч бүү ярь”, “Хүний итгэл дааж амьдар”, “Худал хуурмагаас хол байж, шударга яв”, “Ажил хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол хийгээд хэрэггүй” гэх зэргээр дотроо бодож явдаг олон үг бий.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Сурагч байхдаа “Би инженер болно” гэж боддог байлаа. Техникумд орсныхоо дараа хоёр өөр анги дамжиж байж цахилгааны анги руу ороход л санаа минь амарч билээ. Цахилгаанчид Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаж яваа гэдэгт би итгэдэг. “Ильчийн гэрэл”-ийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дэлхийн шилдэг үйлдвэр  болох “Эрдэнэт үйлдвэр” хэмээх энэ айлын гишүүн болж,  үйлдвэр маань миний амьдралын нэгэн багш болж, өөрөө тэр түүхийн нэгээхэн хуудас нь болж яваадаа ямагт баярлаж, бахархдаг. Миний бие үйлдвэрийн үе үеийн ахмадууд, мөн үе тэнгийн найз нар, залуу дүү нартайгаа мөр зэрэгцэн, сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь үнэн. Ер нь сайхан хөдөлмөрлөх сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйлдвэртээ хайртай.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 29 5-р сар 2020 09:00
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог