Өглөөний сэргээш цуврал контент #17:Тэгшбаярын ГАНБОЛД Онцлох

01 5-р сар 2020 12:00
490 удаа үзсэн

Төгссөн сургууль:

Монгол Улсын ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургууль

Мэргэжил:

Инженер, механик

Ажилласан туршлага:

БелАЗ-ын засварчин, Импортын хэсэг буюу Кат-Тип-топ мастер, 40 тн ТҮ-УЗ болон Тип-топ мастер, Мотор-Агрегатын мастераар ажиллаж байгаад эдүгээ 130 тн ТҮ-УЗ хариуцсан ахлах мастераар Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013-2015 онд ОХУ-ын Екатеринбург хотод Уралын холбооны уул уурхайн их сургуульд Уул уурхайн тоног төхөөрөмж мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд Герман улсын Мьюнхен хотноо “Дугуй засварлах технологи” мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хүч сүүлийн жилүүдэд дотоодын мэргэжилтэй боловсон хүчнээр солигдож, эдүгээ нийт ажилчдын 97,2 хувийг монгол ажилчид эзэлж байна. Зэсийн баяжмал үйлдвэрлэлээр Азийн тэргүүлэх 10 үйлдвэрийн нэгд зүй ёсоор багтдаг Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг хөдөлгөх хүч нь үндэсний чадварлаг боловсон хүчин байх нь гарцаагүй. Тэрхүү хариуцлагатай үүргийн төлөө ахмад үеийнхнээсээ тасралтгүй суралцаж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, хамт олондоо үлгэрлэж яваа олон залуу бий. Мастеруудын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж яваа Т.Ганболд бол тэдгээр залуусын төлөөлөл. Тэр амьдарсан шиг амьдарч, дурсамж дүүрэн ирээдүйг бүтээхээр өглөө бүрийг эхлүүлдэг. Шатлан дэвшүүлэх “мерит” зарчим Эрдэнэт үйлдвэрт бодитоор хэрэгжиж, залуучуудаа ажлын байран дээрээ өсөж хөгжих, дэвшин ажиллах боломж олгодог байхыг тэр чин сэтгэлээсээ хүсдэг.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Миний нэг өдөр өглөөний 06:00 цагт эхэлдэг. Өвөг дээдсийн “Өглөөний хоолыг өөртөө” гэсэн үнэт сургаалыг даган өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн. Тухайн өдрийнхөө хийхээр төлөвлөсөн ажлыг бодож, гэр бүлийнхэндээ ажлын амжилт хүсээд урам зоригтойгоор ажилдаа явдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдралд маш их зүйлээс урам зориг авч, эрч хүчээ сэлбэдэг. Хайртай дотнын хүмүүс, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноосоо хамгийн сайхан энергийг хүлээн авдаг. Бас өөрийн чаддаг зүйлсээрээ бусдад тусалж, түүнээсээ сайхан мэдрэмж тээгээд үлддэг. Ер нь өөрт байгаа бүхий л сайхан зүйлсээс сэргээш авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эмч нар аливаа өвчнийг оношилж эмчилдэг бол бид аварга том БелАЗ авотмашины эвдрэлийг тодорхойлж засварладаг. Хүний хийж байгаа ажлыг хялбар гэж бүү бод гэдэг дээ. Бидний ажил ч мөн л тийм. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Эрдэнэт үйлдвэртээ ажилсаг хамт олныхоо дунд гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би өөрийн хийх ажлуудыг бичиж, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэх эрэмбэ тогтоохыг хичээж ажилладаг. Үйлдвэрт цаг ямагт технологийн томоохон ажлууд явагддаг. Тиймээс ажлын нөхцөл байдлаас хамаарч ажилчдынхаа аюул эрсдэлгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Юун түрүүнд ажил хийж байгаа хүнийг цаг ямагт хариуцлага дагадгийг мартах ёсгүй гэж боддог. Аливаа ажлыг бага гэж гололгүйгээр зарчимч, заавар журмын дагуу чин сэтгэлээсээ, хэн нэгэн хүнд таалагдах гэж биш шаргуу дайчин ажиллахыг хичээдэг. Залуу хүний хувьд цаг үеэсээ хоцрохгүй уншиж судлан, таньж мэдэх зүйлүүд их байдаг учраас өөрийгөө илүү хөгжүүлж, идэвх санаачилгатай, хамт олноо зөв зүйлд манлайлан чиглүүлэх тал дээр өөрийгөө хөгжүүлж байна.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби сонирхол юу вэ?

-Орчин үед мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр мэдээ мэдээллийг илүү бодит зүйлд тулгуурлан авахын тулд хэлний мэдлэг илүү их шаардагдаж байна. Тиймээс англи хэлийг түлхүү судалж, суралцахын зэрэгцээ манлайлах ур чадвар, удирдлагын арга барил сайжруулах номууд уншиж байна. Би хөгжим сонсож, дугуй унах хоббитой. Манай гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн цуглуулгатай. Миний хувьд орон орны онцлогийг харуулсан бэлэг дурсгалын таваг, мөн аяга цуглуулдаг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Анх ажилд орохоор Эрдэнэт хот руу ирэхэд аав минь “Хүний нутагт хийморьтой, хулгай хийж, худлаа ярихгүй, эр хүнийхээ ноён нурууг алдалгүй, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаарай” гэж захиад, үнсэж байсан нь санаанд тодхон үлджээ.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Хүн аливаа зүйлийг хүсэж мөрөөдсөн бол түүнийхээ төлөө уйгагүй, ухаалаг, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Амьдрал баян болохоор зовлон жаргал ээлжилнэ. Түүнд бүү шантраарай. Алдаа дутагдал, асуудал тулгарвал эхлээд өөрөөсөө шалтгаалах зүйлүүдийг хийж чадсан уу, гэж асууж сураарай. Дараа нь хэн нэгнээс өө хайх хэрэгтэй. Хүний төлөө болон хийж байгаа зүйлсээ алдаа мадаггүй сайн гүйцэтгэсэн ажил нь амжилт, аз жаргалыг байнга дагуулдаг юм шүү. Залуучууд маань бүх зүйлийг ашиг хонжоо харж, явцуу бодлоор битгий хандаарай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, дандаа сайхан зүйлсийг бусдад түгээж яваарай.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 01 5-р сар 2020 02:55
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог