Өглөөний сэргээш цуврал контент #10: Хүрэлбаатарын БАЯРМАА Онцлох

31 1-р сар 2020 12:00
1366 удаа үзсэн

Төгссөн сургууль:

2002 онд БНХАУ-ын Театр урлагийн академид Тайз, дэлгэцийн нүүр хувиргагчаар, 2010 онд “Энх орчлон” дээд сургуулийг Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр төгссөн.

Мэргэжил:

Тайз, дэлгэцийн нүүр хувиргагч, нийгмийн ажилтан

Ажилласан туршлага:

2004-2006 Орхон аймгийн Хүүхэлдэйн театрт жүжигчин, 2006 оноос одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Энэрэл төв”-д арга зүйч

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1998 онд БНХАУ-ын Хөх хотын Багшийн их сургуулийн хятад хэлний бэлтгэл, 2017, 2018 онд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах” зуслангийн удирдах ажилтны сургалт,  2017 онд Багийн ажил, багийн тоглоом 16 цагийн сургалт,  Монголын Скаутын холбооны анхан болон дунд шатны сургалт, ХАБЭА-н модуль 1,2 сургалт, Эрүүл мэндий хөгжлийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан сургалтуудад суралцаж, амжилттай төгссөн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж болох “Энэрэл төв” 2017 оноос жил дараалан Монгол Улсын “Жишиг асрамж халамжийн төв”-өөр нэрлэгдэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн энэ томоохон ажил хүүхдийн гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийснээрээ онцлогтой. Бүтээлч сэтгэлгээ, хамт олны халуун дулаан уур амьсгал, эерэг хандлага, ажлын зөв зохион байгуулалт шаардсан арга зүйчийн ажил хариуцлага өндөр ч тэр өөрийн сонгосон ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж өнөөдрийг хүрсэн. Аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, 14 жил амжилттай ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн “Сайн саналын системийн шилдэг 100 манлайлагч”-ийн нэгээр тодорсон тэрээр хамгаалал хэрэгтэй хүүхэд бүрт туслахыг хүсдэг.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө бүр 06:00 цагт босож хүүхдүүдийнхээ өглөөний хоол, цайг бэлтгээд 07:00 цагт ажилдаа гардаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн сэргээштэй байх. Амьдралын сэргээш гэж намайг ямар ч үед сэргээж чадах тэр хүчин зүйлийг хэлэх байх. Миний хувьд хөгжим, кино, гэр бүлээсээ эрч хүчийг авдаг. Би хаана ч  явсан үргэлж хөгжим сонсдог.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Манай төв эцэг, эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдүүдэд урт болон богино хугацаагаар асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн  ажилладаг. Бидний ажлын үр дүн маш олон жилийн дараа гардаг. Тиймээс ч өнөөдрийн байгаа цаг хугацаандаа тэдгээр бяцхан зүрхийг Зөв Монгол хүн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байгаа нь бидний ажлын онцлог гэж хэлж болох юм.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна?

-2020 онд хэрэгжүүлэх Хүүхэд хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар нийгмийн ажилтнуудын хамт ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Би ер нь хийж чадахгүй ч хамаагүй, хийхийг хүссэн л бол тэр зүйлээ хийх гэж оролддог. Бага зэргийн сахилгагүй гэх юм уу даа. Надад хийж үзэхийг, сурахыг хүссэн маш олон зүйл бий. Би бусад шиг их ном уншдаггүй. Харин үзэж байгаа кино, алдартнуудын яриаг сонсож, эргэцүүлэн бодож, түүнээсээ суралцдаг. Цаашдаа ч ажлаа сайн хийхийн тулд аливааг шинээр, өөрөөр сэтгэж, тасралтгүй суралцахад чиглэх болно.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх талаа хэвшүүлэхээр зорьж байна.

-Таны хобби?

-Бага байхаас аав минь хүүхэлдэйн урлагт дуртай болгосон болоод ч тэрүү, жижиг хүүхэлдэй, тоглоом цуглуулах дуртай.

-Үеийнхэндээ ямар байдлаар үлгэрлэхийг хичээдэг вэ?

-Өнөөгийн залуучууд мундаг аав, ээжүүд болцгоосон ч дийлэнх нь ид залуу насан дээрээ сэтгэл зүйгээрээ хөгшрөөд байгаа санагддаг. Миний хувьд нас бол тоо. Тиймээс эрч хүчтэй байдлаараа үлгэрлэхийг хичээдэг юм болов уу.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг үзэл бодол итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр олон хүний амьдралд баялаг бүтээж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийсний нэг хэсэг нь манай “Энэрэл төв”-ийн хүүхдүүд гэдгийг хэлмээр байна. Би 2006 онд Эрдэнэт үйлдвэр ажилд орж, тэр цагаас өнөөдрийг хүртэл ажлаасаа урам зориг, эрч хүч авсаар ирсэн. Цаашид ч энэ эрчээрээ үйлдвэртээ ажиллах болно. Эрдэнэт үйлдвэр бол миний бахархал.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 21 2-р сар 2020 00:33
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог