• Х.ҮНЭНЗОРИГ: “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дор хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн зургаан төрлийн цахим уралдаан зарласан

    “Хүүхдийн баяр” ирэх долоо хоногийн Даваа гарагт тохионо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид цахимаар уралдаан зарлаж, Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг баярлуулахаар шийдвэрлэжээ. Тэмдэглэлт өдрийг угтсан үйл ажиллагааны талаар тус цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос тодрууллаа. -Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Соёл, урлагийн цогцолбор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? -Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс, үйлдвэрийн удирдлагын гаргасан тушаал, шийдвэрийн дагуу манай цогцолборын соёлын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Гэхдээ уран бүтээлчид маань завгүй ажилласаар байна. Манай байгууллагын хувьд 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул тэмдэглэлт баяруудын үеэр зохион байгуулах соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах нь оновчтой гэж үзсэн. Ингээд дахин төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.     -Соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу? -Төлөвлөсний дагуу ажлаа зохион байгуулж чадвал хүндрэлтэй зүйл алга. Цахим хэлбэрээр эхний ажлуудаа хийсэн. Тухайлбал, энэ сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид маань бэлтгэсэн концертоо төв, орон нутгийн мэдээллийн сувгууд болон сошиалаар цацаж, олон нийтэд хүргэлээ. Мөн концертын эхэнд Оросын ард түмэн болоод өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа оросууддаа зориулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү баярын концертыг бичиж, улс, орон нутгийн үзэгчдэд хүргэсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын үзэгч олонд хүргэхэд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олон маш сайхан дэмжиж, хамтран ажилласан. ОХУ-д амьдарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, үе үеийн уурхайчдад бидний мэндчилгээ хүрсэнд маш их баяртай байна.                Дараагийн үйл ажиллагаагаа “Хүүхдийн баяр”-т зориулан бэлтгэж байна. Эх орныхоо, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дорзургаан төрлийн уралдаан цахим орчинд зарласан. Төгөлдөр хуур сонирхогчдын “Эрдэнэтийн сонат”, дуу дуулаачдын “Ээждээ дуулъя”, “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна”, зураач багачуудын “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдаан тус тус зохиогдож байна. Харин гэр бүл рүү чиглэсэн “Жаргалтай 60 секунд”-гэр бүлийн бүжгийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье-ая эгшиглүүлэх уралдаан”-ыг зарласан. Ирэх долоо хоногт “Гэр бүлийн цаг” нэртэй нэгэн шинэ дуу мэндэлнэ. Энэхүү дуугаа “Аз жаргалтай уурхайчин гэр бүл” “чэлленж” болгон зарлаж, ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Мэргэжлийн уран бүтээлчид тэмцээний шүүгчээр ажиллана. Шалгарсан хүүхдүүдийнхээ гэрт нь очиж бэлэг гардуулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.   -Уралдаанд оролцогчдын бүтээлийг хаана байршуулж байна вэ? -Бүх тэмцээн зэрэг эхэлсэн тул оролцогчдын бүтээлийг цахимаар хүлээн авч, фэйсбүүкийн “Соёл урлагийн цогцолбор-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” хуудсаараа олон нийтэд хүргэж байна. Төгсөлтийн баяр, Үндэсний их баяр наадамтай холбогдуулан тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн зүйл бий. -Хүүхэд, багачуудад хандан юу хэлэх вэ? -Эрдэнэтийнхээ бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Манай уралдаанд оролцож амжаагүй хүүхдүүд байвал дараа дараагийн уралдаанд оролцох эрх нээлттэй шүү. Бид цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрдэнэт үйлдвэртээ, эх орондоо баярлалаа” гэсэн агуулгын дор томоохон концерт тоглохоор бэлтгэж байна. Уран бүтээлчид бид эерэг бүхнийг нийгэмд түгээх болно.         И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #21: Лувсандоржийн ЭНХТӨР

    Төгссөн сургууль: 1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгааны техникчээр, 2006 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2009 онд КТМС-д Үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжил: Цахилгааны инженер Ажилласан туршлага: 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводоос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр 27 дахь жилдээ Цутгуурын цехийн эрчим зүйчээр ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2019 онд цахилгаан хангамжийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн. Чин хүсэл: Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ тутам нэвтэрч буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг Эрдэнэт үйлдвэртээ “нутагшуулах” нь түүний чин хүсэл билээ. Үйлдвэрийнхээ шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд бичигддэг түүний мэдлэг чадвар бодит хөрөнгө оруулалт болж, эрчим хүчний системтэй бодлогоор үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Том зорилгод цаг хугацаа хэрэгтэйг санаж, түүний хүсэл тэмүүлэлд ташуур өгөх нь зөв биз ээ. Хийх ажлаа эртнээс төлөвлөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй, ажлынхаа хажуугаар суралцах, мэдлэг чадвараа ахиулахад анхаарч ирсэн. 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Сэргээгдэх эрчим хүчний форумд оролцож, МУИС-ын Сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй танилцан, Эрдэнэт үйлдвэртээ судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалжээ. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Амьдралын сэргээш гэдэг зүйл аз жаргалтай гэр бүлээс эхлэх байх. Миний хувьд үр хүүхдүүд, халуун дулаан гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг хүртэж, амьдралын сэргээш авдаг. Харин гар нийлсэн эвсэг хамт олноосоо ажил хийх урам зориг, эрч хүчээ авсаар өнөөдрийг хүрчээ. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрчим хүчний салбарынхан бид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байна. Мэргэжлийн бус хүмүүсийн нүдээр харахад бид зүгээр суугаад байгаа мэт харагддаг байх. Гэтэл үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж байгаа нөхцөлд бид хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох юм. Энэ л бидний ажлын гол онцлог юм болов уу. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Манай Засвар механикийн завод, тэр дундаа Цутгуурын цех энэ онд шинэ техник, технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан тэдгээрийн холбогдох баримт бичиг, заавруудыг боловсруулах, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэх ажлуудыг төлөвлөн, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Ажлаа илүү сайн хийхийн тулд өөрийн бие бялдарт анхаарч, оюун санаагаа цэгцлэх үүднээс “update”хийхийг хичээдэг. Сардаа 1-2 удаа ажил руугаа алхаж байна. Мөн зав чөлөөтэй үедээ ном уншдаг. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг том мөрөөдөл гэж амьдралд байхгүй байх аа. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Амьдралын хамгийн сайн зөвлөгөөг аав ээж, хань минь өгдөг болохоор тэдгээр үгсийг бодол оюундаа тээж, мөрдлөг болгож явна. “Ажлыг битгий халтуурдаж хий. Хэрвээ халтуурдвал цаг хугацаа алдаж, чиний хөдөлмөр үр ашиггүй болно”, “Хүнд аль болох тусалж бай, харин тусалснаа хэзээ ч бүү ярь”, “Хүний итгэл дааж амьдар”, “Худал хуурмагаас хол байж, шударга яв”, “Ажил хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол хийгээд хэрэггүй” гэх зэргээр дотроо бодож явдаг олон үг бий. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Сурагч байхдаа “Би инженер болно” гэж боддог байлаа. Техникумд орсныхоо дараа хоёр өөр анги дамжиж байж цахилгааны анги руу ороход л санаа минь амарч билээ. Цахилгаанчид Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаж яваа гэдэгт би итгэдэг. “Ильчийн гэрэл”-ийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Дэлхийн шилдэг үйлдвэр  болох “Эрдэнэт үйлдвэр” хэмээх энэ айлын гишүүн болж,  үйлдвэр маань миний амьдралын нэгэн багш болж, өөрөө тэр түүхийн нэгээхэн хуудас нь болж яваадаа ямагт баярлаж, бахархдаг. Миний бие үйлдвэрийн үе үеийн ахмадууд, мөн үе тэнгийн найз нар, залуу дүү нартайгаа мөр зэрэгцэн, сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь үнэн. Ер нь сайхан хөдөлмөрлөх сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйлдвэртээ хайртай. Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 29

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 150 дахь өдөр. Он дуусахад 215 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +8 градус, шөнөдөө +0 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 29. Сугар гараг. Билгийн тооллын шинийн 7.Сарын цээр, тэрсүүдийн өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Энэ өдөр хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5278 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2804, евро 3075, БНХАУ-ын юань 391, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нэг гол цех болох технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн үйлдвэрлэлд гүйцэтгэж байгаа үүрэг юунд орших вэ? Хариулт: -Технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цех гэсэн нэр зөвхөн цехийн нэр төдийгөөр хязгаарлагддаггүй. Энэ нэрийн цаана “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын автоматжуулсан систем (УАС)-ийн албан ажиллаж байдаг. Үйлдвэрийн УАС-ийг 1982 оны 04 дүгээр сарын 01-нд тус үйлдвэрийн тооцоолон бодох төвийг түшиглэн байгуулсан. Тус цех нь Тооцоолон бодох төв, Технологийн процессын удирдлагын автоматжуулсан систем, Хэмжих шалгах төхөөрөмж автоматикийн засварын хэсэг, Холбооны алба, Угсралт тохируулгын хэсэг гэсэн үндсэн 5 хэсгээс бүрддэг. Эдгээрээс ТБТ, ТПУАС нь үйлдвэрийн болон технологийн автоматжуулсан удирдлагыг хэрэгжүүлдэг.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 28

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 149 дахь өдөр. Он дуусахад 216 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +17 градус, шөнөдөө +10 градус дулаан, аянга цахилгаантай аадар бороотой, салхины хурд 10-12м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 28. Бархасвад гараг. Билгийн тооллын шинийн 6. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Энэ өдөр туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, мод тарих, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжрах сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5308 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3067, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Дулааны станцын хүчин чадлын талаар танилцуулна уу? Хариулт: -Дулааны станц нь Эрдэнэт хот, үйлдвэр, албан газруудын дулааны эрчим хүчээр хангадаг. Зуух, түлш дамжуулах, хими цахилгаан засварын гэсэн үндсэн хэсэгт 200 гаруй хүн ажилладаг. БКЗ-75-39ФБ маркийн 1 цагт 440 градус С-ийн халуунтай, 40 ати даралттай 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай 6 зуухтай бөгөөд жилд 1078,6 мянган гкал дулаан үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хэрэгцээнд 12 ати даралттай 250 градус С-ийн халуунтай уур өгдөг. Үүний зэрэгцээ хот, үйлдвэрт дулаан өгөх хоёр өөр дулааны шугам сүлжээтэй.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгч байна

    Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.     М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайн цахилгаан хангамжийг сайжруулна

    Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.        М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. “ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм. Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 27

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 148 дахь өдөр. Он дуусахад 217 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 27.Буд гараг. Билгийн тооллын шинийн 5. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Ном унших, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь  морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижих сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5341 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2803, евро 3050, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн, манай орны өнцөг булан бүрээс олон зуун залуучууд Эрдэнэтийг зорьсон. Энэ залуучууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчид, халамжлан хүмүүжүүлэгчид болж өссөн нь мэдээж. Эдгээр залуучуудын заримын ажил үйлс, амьдрал, бүтээлээс танилцуулна уу? Хариулт:-1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцохоор манай орны 18 аймаг, хоёр хотоос ирсэн олон зуун залуучууд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босголцож, анхны барилгачдаас төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн ажилчид, инженер техникийн ажилтан болтлоо хөгжжээ. МХЗЭ-ийн илгээлтээр 1974 онд анх Эрдэнэтэд ирсэн 54 залуугийн 14 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн дотор хүдрийн ил уурхайн өрмийн машинч Доржийн Чойжид, Дашдоржийн Баатар, Баянсангийн Мишиграгчаа, Өлзийн Даваа, уурхайн засварчин Хятадын Пүрэвдорж, эксковаторын машинч Кушметийн Махмудхан, уулын технологийн тээврийн цехийн БелАЗ-ын жолооч Рэнжавын Оросоо, Равдандоржийн Жанчивдорж, жолооч Лхагвын Мишка, Барилга засварын цехийн цахилгаанчин Чойнхорын Мөнхбат, Орон сууц нийтийн аж ахуйн газрын үйлчлэгч Шушкений Кульзира, мөн 1974 оны МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, анхны илгээлтийн залуучуудын ахлагчаар ажиллаж байсан, одоо уулын технологийн тээврийн цехийн ээлжийн дарга Даваагийн Пүрэвдорж нарыг онцлон дурьдаж болох юм. МХЗЭ-ийн илгээлтийн эзэн хүдрийн ил уурхайн өрмийн машинч Данзангийн Жаргалсайхан техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир 1988 оны 5-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медалиар шагнагдсан. Одоо Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн төрөл бүрийн салбарт МХЗЭ-ийн илгээлтийн эзэн олон зуун залуучууд үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн дотор Эрдэнэт үйлдвэрт 200 шахам залуучууд ажиллаж, тэдгээрийн дийлэнх нь халамжлан хүмүүжүүлэгчид болсон.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...) Дэлгэрэнгүй...
  • Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно

      Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас  шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.     Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.      П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой   -“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ? -Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.     -Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?  -Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ   ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.  -Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?  -Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.   -Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?  -Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.   -Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ? -Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл  инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна. -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байна

      Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор байгуулагдсан Төв штабын ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа.    -Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон Чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдынхаа  гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн  эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулах-гүй байх гэсэн үндсэн зорилго-тойгоор ажиллаж байна. Энэ нь уурхайчдын хамтын хөдөлмөр юм. Мөн “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, үүний хавсралт “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.  “Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах”, “Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах”, “Томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д чиглэл хариуцсан штабууд арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний биелэлт 46,4 хувьтай байна. Эдгээр штабууд долоо, 14 хоног тутам хуралдаж, Төв штабын хуралдаанаас шийдвэр гаргаж, ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр 42,5 хувийн биелэлттэй байна. Нийт 50 үүрэг даалгаврыг чиглэл хариуцсан штабуудад хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. -Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ямар ажлууд хийгдээд байна вэ?  -Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2,244.3 тн-оор, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг 152.4 тн-оор нэмэгдүүлж ажилласнаар зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 101-112,6 хувиар биелүүлж, 3,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдээд байна.   -Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, зэсийн үнийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар батлагдсан төлөвлөгөөт нийт зардлыг эхний дөрвөн сарын байдлаар 23.8 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа. -Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, технологийн горимыг цахилгааны үнийн гурван тарифт системд тохируулан ажилласнаар 185.0 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн. -“Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн төвд агч, голт бор, хайлаас зэрэг 2650 мод, бут, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 4М далангийн баруун урд талд 530 мод тарьж хүлээлгэн өглөө.  -“Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын угсралтын ажил, Соёл, спортын “Эрдэнэт цогцолбор“-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.  -Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам суурилуулах шинэчлэлийн ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмжийн туршилт хийгдэж байна. Төв штабын өмнөх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй таван бодлогыг авч хэлэлцсэн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ.  -Үйлдвэрийн газрын гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хариуцлага тооцох системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ерөнхий захирлын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  А/203 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  -Баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд Олон улсын Сувилагчдын өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг “Сувилахуй, эх барихуй”-н жил болгож, эл өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч энэ оны эхээр дэлхий нийтийг түгшээж, олон оронд цар тахлын хэмжээнд тархаад буй шинэ төрлийн коронавирус буюу “ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах хорио цээрийн дэглэмээс шалтгаалан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хойшлоод байгаа юм. Тэр тусмаа “ковид-19” халдварын эрсдэл бүхий иргэдтэй нүүр тулж,  ажиглалт, тусгаарлалтын халуун цэгт эмч, сувилагч, эмнэлгийн арын албаны ажилтнууд амралт чөлөөт цагаа хойш тавин, амсхийх завгүй ажиллаж байна. Ачааны хүндийг үүрч буй сувилагчдын ажил байдлын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сувилахуйн албаны дарга Д.Ариунзултай ярилцлаа.

-“Ковид 19”-тэй тэмцэх онцгой цаг үед та бүхэн ажиллаж байна. Их ачаалал үүрэхийн зэрэгцээ хариуцлага ч нэмэгдэж буй. Хэчнээн сувилагч, ямар горимоор ажиллаж байна вэ?

- “Эрдэнэт” сувиллын цогцолборт 50 гаруй сувилагч харьяалагдаж, зарим нь үйлдвэрийн нийгмийн цехүүдэд байршиж ажилладаг. Оны эхнээс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд зөвлөмж заавар өгөх гээд амралт, чөлөөт цаг багатай ажиллаж байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутам ажилчдын автобусанд биеийн дулааныг нь үзэж байна. Мөн ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байр болон цех нэгжүүд, үйлдвэрийн бүсэд шалган нэвтрүүлэх байранд биеийн дулаан үзэх, хяналт тавих ажлыг тогтмолжууллаа. Шалган нэвтрүүлэх байранд манай сувилагч нар 24 цагийн ээлжээр ажиллаж байна. Ажилтан бүрд гар угаах, амны хаалт тогтмол зөв зүүх зэрэг урьдчилан сэргийлэх бүх талын заавар зөвлөмж өгч, хэвшүүллээ. Ажиглалтын байранд 109 иргэний тандалт шинжилгээ хийх, тусгаарлалтад манай сувилагч нар дөрвөн ээлжээр ажилласан. Эхний ээлжид Франц иргэнтэй ойрын байж болзошгүй 12 иргэнийг тусгаарлаж, тэнд 5 эмч, 9 сувилагч, 5 үйлчилгээний ажилтан ажилласан бол дараа нь Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 97 иргэнийг ажиглалтын байранд байрлуулж, хамгаалах хувцсаа хэрхэн өмсөх, халдвар хамгааллыг хэрхэн авах болон эмнэл зүй, сэтгэл зүйн зөвлөмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэлээ. Удахгүй дараагийн ээлжийн буюу ОХУ-аас ирэх иргэдийг хүлээж авч, байрлуулах ажиглалтын байрны бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаж байна. Үүний зэрэгцээ Сувилахуйн албанаас сувилагч, мэргэжилтнүүд, үйлчилгээний болон хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын онцгой нөхцөл байдалд ажиллах чадамжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Олон төрлийн цахим сургалт зохион байгуулж, мэргэжлийн нарийн зөвлөмж бүхий 9 төрлийн хичээл зааж байна. Тухайлбал, тоног төхөөрөмжөө бүрэн эзэмших, хамгаалах хувцас хэрэглэх, уян зүүг яаж тавих гэх зэрэг цуврал хичээл бэлтгэн мэргэжилтнүүдээ сургаж байна. Ажиглалтын байранд эмч бүр нэвтэрч, хүн бүхэнд биечлэн зөвлөгөө өгөх боломжгүй тул бид бүх заавар зөвлөмж  багтаасан “Дуугүй хөтөч” мэдээллийн цомгийг өөрсдөө хийж, өрөө бүрд байрлуулсан. Эндээс тусгаарлалтад буй иргэд хууль, эрх зүйн болоод өөрсдийн хүлээх үүрэг, эрхтэй танилцахаас гадна ажиглалтын байранд ямар дүрэм заавар дагаж мөрдөх, дархлаа дэмжих эрүүл хэв маягийн талаарх мэдлэг мэдээллийг эзэмших боломжтой.              

   

-Энэ жилийн сувилагчдын өдөр коронавирусын хорио цээрийн улмаас ажил ихтэй өнгөрөх бололтой. Хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?  

-Бид жил бүрийн Сувилагчдын өдрийг угтаж, олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн тухайд ч төлөвлөгөө боловсруулсан. “Ковид-19” тархалттай холбоотойгоор төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зарим үйл ажиллагаагаа өөр хэлбэрээр зохион байгуулах болсон. Тухайлбал, сувилагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилготой онол практикийн бага хурлаа цахим хэлбэрээр хийнэ. Онол практикийн бага хурал “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвээр хоёр үе шаттай явагдана. Энэ сарын сүүлээр шилдэг илтгэлүүдийг тодруулна. Манай сувиллын сувилагч нарын илтгэл сүүлийн таван жил аймаг, улсад төдийгүй олон улсад тасралтгүй шалгарсан. АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган”-д амжилттай оролцож байна. Мөн сувилагчдын ажил үйлсийг сурталчлах, алдаршуулах үйл ажиллагаа цаг хугацааны хувьд хойшилж байгаа ч ондоо багтаан төлөвлөгөөт бүх ажлаа хэрэгжүүлнэ.  

-Саяхан олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс хоёр сувилагч шагнагдсан байна. Манай сувилагчдыг мэргэжлийн байгууллагаас нь үнэлсэн үнэлгээ байх?

-Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн саяхан манай аймагт TV5 телевизийн “Хүн чанар” нэвтрүүлгийн зураг авалтын багтай ирсэн. Тус нэвтрүүлэгт гурван аймгийн сувилагчдын төлөөллийг оролцуулахаар сонгосны нэг нь манай Орхон аймаг. Энэ үеэр “ковид-19” тархалтаас сэргийлэх, ажиглалт тусгаарлалтын  байранд  идэвх зүтгэлтэй ажилласан 5 сувилагчийн хөдөлмөрийг үнэлэн Олон улсын болон Монголын сувилагчдын нийгэмлэгүүдийн дээд шагнал болох “Цагаан зүрх, “Алтан гарт сувилагч” шагналуудыг гардууллаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бага эмч Я.Цэцэгмаа Олон улсын Сувилагчийн нийгэмлэгийн “Цагаан зүрх” шагнал хүртсэн бол сувилагч Д.Лхагважав  Монголын Сувилагчдын нийгэмлэгийн “Алтан гарт сувилагч” шагналын эзэн боллоо. Энэ сувилагч нар маань ажиглалтын байранд 36 хоногийн турш тусгаарлагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөмж заавар өгч ажилласан. Манай ажилтнуудын ажлыг газар дээр нь үзэж, үнэлсэнд бид баяртай байгаа. Ингээд хүнд хэцүү үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажил үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа нийт сувилагч, мэргэжилтнүүд хамтран зүтгэгчдэдээ Олон улсын Сувилагчдын баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн биднийг дэмжин, нэг баг болон  ажилладаг удирдлага, хамт олондоо талархлаа илэрхийлье.       

М.Балжинням

 
Бүлэг Ярилцлага

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн 5 дугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн гарсан байна. Сарын эхний 10 хоногийн байдлаар уурхайчид төлөвлөгөөт үзүүлэлтээ  99.3-110.3 хувиар биелүүлжээ.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 10 хоногт 709 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 249.1 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Энэ хугацаанд 1183.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.5 хувьд хүргэж, 930.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелсэн байна.

Хүдэр дэх зэсийн болон молибдены агуулга 99.3–110.3 хувьд хүрчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар биелсэн бол баяжмал дахь зэсийн металл авалт 100.4 хувь, молибдены металл авалт 111.3 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдены агуулга 102.8 хувиар биелжээ.     

Уурхайчид дээрх хугацаанд хуурай жингээр 16593 тонн зэсийн баяжмал, 106.1 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.2 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.8 хувьд хүргэсэн байна. Ачигдсан зэсийн баяжмал дахь металл 3730 тонн буюу 101.3 хувь, молибдены баяжмал дахь металл 52.3 тонны гүйцэтгэлтэй гарлаа гэж үйлдвэрлэлийн хэлтэс мэдээллээ.         

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 
Даваа, 11 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 11

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 132 дахь өдөр. Он дуусахад 233 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +2 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 10-14 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 11. Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Энэ өдөр морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хишиг даллага авах, сан тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцасөмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол замд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5227 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2791, евро 3014, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.7, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1979 оны 05 дугаар сар

  • Сайд нарын Зөвлөлийн 113 дугаар тогтоол гарч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн барилга байгууламжийг барих үед туслан гүйцэтгэгчээр ажилласан Монголын барилгын цэргийн ангийн байрлаж байгаа байр болон Зөвлөлтийн зохион байгуулалттай барилгачдын байр, орон сууц, талхны газар, галын депо зэрэг барилга байгууламжийг тоног төхөөрөмж, эд хогшлын хамт БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр тогтжээ.

1980 оны 05 дугаар сар

  • “Эрдэнэтийн-Овоо” - ны орчим гүний хайгуул хийх асуудлаар Монгол-Зөвлөлтийн холбогдох байгууллагаас хамтарсан протокол гаргав.

1981 оны 05 дугаар сар

  • МАХН-ын XVIII их хуралд оролцсон ЗХУКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга М.С.Горбачёв тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
  • МАХН-ын XVIII их хуралд оролцсон 30 шахам орны коммунист ажилчны намуудын төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.  
 
Эргэх дөрвөн цагт завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бол Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилчид. Тэд өвлийн тэсгэм хүйтэнд харанхуйгаар шахуу ирээд цас шүүрдэнэ. Биднийг өглөөний найман цагтай уралдан ирэхэд хэзээний халтиргаа гулгаагүй болгочихсон, хөлс савсуулсан шигээ маадгар харж зогсоцгоодогсон. Хаврын хайлган цагаар мододтойгоо хамт дэлгэрэх мэт гадаалцгааж, ногоон байгууламжаа засаж тордон чийг усалгаагаар хангана. Зуны дэлгэрт өнгө ялдам гадна орчноороо гайхуулахад хөдөлмөр зүтгэлийг нь хүмүүс шагшина. Намрын уйтай өдрүүдэд ч хатсан навч хөлөөр хөглөрүүлэхгүй цэмцийлгэж сэтгэл өргөнө. Энэ бол Аж ахуй, үйлчилгээний цехийн зөвхөн гадна талбайн хэсгийнхний дүр байдал. Тэд Ерөнхий захиргааны I, II байрны гаднах 7,3 га талбайн цэвэрлэгээ, өнгө үзэмж, зохиомж шийдлийг хариуцдаг. Гэхдээ гадна талбай хариуцдаг эртэч зургаан хүн энэ бүхнийг амжуулах боломжгүй тул бусад үйлчлэгч нар нь хамжилцдаг байна. Биднийг очиход албан өрөөний цэвэрлэгээ хийдэг үйлчлэгч нар маань гадна талбайн замын хашлага будацгааж байв. Эмтэрч хагарсан зарим хэсгийг шинээр сэлбэх ажил давхар хийж харагдана. Тэд энэ хавар ногоон байгууламжийн цэнэг усалгааг эрт хийснээр бидний нэрлэж заншсан “сакура” буюу гүйлс эрт цэцэглэжээ. Үүнд цаг агаарын дулаарал ч нөлөөлсөн гэх. Эрдэнэтийн хавар эндээс эхэлдэг үү, гэлтэй түрүүлж өнгө засахад энэ хамт олны эв нэгдэл, итгэл сэтгэл, хичээл зүтгэл юу юунаас илүү нөлөөлдөг. Тэд цас ханзрах үеэс л моднуудаа хайчлан засаж, хортон шавж устгал хийж, хуучин навч хогийг цэвэрлэн торддог байна. Удахгүй мандалдаа 7000 гаруй цэцгийн үрсэлгээ суулгах гэнэ. Үүний 1000 гаруйг химийн цэвэрлэгээний хүүхнүүд нь ажлын байрандаа тарьж бэлтгэжээ. Гар сэтгэл нийлсэн санаачилгатай хамт олны ажил өрнүүн, урагштай байгааг харах сайхан. Химийн цэвэрлэгээнийхэн энэ жил шинэ туршилт явуулжээ. Өмнө нь топ менежерүүдийн ХАБ-ын хувцсыг материалаас болоод угаалгын технологиос шалтгаалаад ганддаг, өнгө алддаг учир авч цэвэрлэдэггүй байсан бол энэ жил угаалга, цэвэрлэгээнийхээ төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилгоор “АБК”, “Гендирекц”-ийн ажилтнуудын шар хувцсыг долоо хоног тутам хуваарийн дагуу хурааж угаадаг болсон нь инженер техникийн ажилтнуудын талархлыг хүлээж байна. Ингэхдээ угаалгын бодис, цэвэрлэгээний технологио өөрчилж, зарим шаардлагатай тохиолдолд гараар хүртэл угаадаг гэнэ. Мөн тэд цэвэрлэхээс гадна товч хадах, цахилгаан солих, уранхай оёх, цоорхой  нөхөх үйлчилгээ давхар үзүүлдэг онцлогтой. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Хойтон жилээс  ажилчдынхаа гутлыг цэвэрлэх, ингэхдээ засвар үйлчилгээг хамт үзүүлэхийг зорьж судалж байна. Тэгвэл уурхайчдын маань сэтгэл ханамж нэмэгдэх болов уу. Энэ санаагаа Ерөнхий захиралд танилцуулахад олзуурхан дэмжихээ илэрхийлсэн” гэж ярьсан юм.     
 
               
Тус цехийн 45 жилийн ойн баяр ирэх 10-р сард тохиох бөгөөд Эрдэнэт үйлдвэр хэмээх их “айл”-ыг цэмцийлгэгчид түүхэн ойгоо угтаж өөрсдийн хүч хөдөлмөрөөр 45 бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Ерөнхий захиргааны 2-р байрны урд цэцэрлэгт хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гацуурт төгөл байгуулах ажлаа үргэлжлүүлэх, хадат хүрхрээг засварлаж, аюулгүй байдлыг хангах хашлага хийх, үйлдвэрийн газрын үнэт зүйл, эрхэм зорилго бүхий гэрэлт самбар босгох, “АБК”-ийн гадна сандал ширээтэй сүүдрэвч байрлуулах, соёл, урлаг гэсэн дугуй самбарыг шинэчлэх материалыг нь гаргаад өгчихвөл мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй хүч нөөц эднийд бий. Мастеруудтай нь уулзахад “Томоохон ажлын зургийг л мэргэжлийн цехээр гаргуулна уу гэхээс тохижилтын жижиг ажлын төсөөллийг өөрсдөө л гаргана. Манай Б.Туяа дарга үйлдвэрийн газрын эмэгтэй дарга нартай санал солилцоод, тэдний мэдрэмжийг ашиглаад зөвлөгөөг нь тусгаж байгаад л бид хийчихдэг юм” гэж ярьсан. Ажил нь урагштай яваа хамт олныг хүн бүхэн дэмжихийг хүсдэг. Тэд Нийгмийн харилцааны хэлтэс, Хөгжлийн хэлтэстэй хамтраад төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 
 
 
Аж ахуй, үйлчилгээний цехийн гол ажлыг нугалдаг хүмүүс бол үйлчлэгч нар. Нэг үйлчлэгч өдөрт дунджаар 10 гаруй өрөө цэвэрлэнэ. 30 минутын хугацаанд хаанаас нь эхлээд хаана дуусах хүртэл тогтсон дараалалтай, цагийн нарийн менежменттэй ажиллана. Тэдний төлөөлөл болох үйлчлэгч  Х.Оюунбилэгтэй уулзахад, ажилдаа 06.30 цагт ирдэг гэнэ. Хүмүүс ирэхээс урьтаж хоёр давхрын нийтийн эзэмшлийн талбайг эхлээд цэвэрлэж тав тухыг хангана. Дараа нь албан тасалгаануудаа цэмцийлгэнэ. Түүний хариуцдаг хэсэгт Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн өрөө багтдаг. Үйлчилгээний ажилтан ёс зүйтэй, харилцааны соёлтой, хүний итгэл даах чадвартай, хариуцлагатай, чин сэтгэлтэй байх ёстой гэж тэр ярьсан. Яг л энэ хэмнэлээр Х.Оюунбилэг Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Шинэ залуу ажилчдыг долоо хоног дагуулж, үйлчилгээний стандарт, цэвэрлэгээний горим дараалал, хүнтэй харилцах соёл, чадварт сургадаг гэнэ. Тэрээр 20 гаруйхан настай байхдаа хувинтай ус, шалны алчуур, модноос өөр хөдөлмөрийн зэвсэггүй ажлын гараагаа эхэлж байснаа дурссан. Харин орчин цагт  цэвэрлэгээ үйлчилгээний материал, хэрэглэгдэхүүн боловсон сайхан болсон. Өөрт ч хөнгөн, хүнд ч түвэг учруулахгүй, харахад авсаархан цэгцтэй болсон. Бид эхлээд халаад өмсдөг байсан бол одоо хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэй хэр нь үйлдвэрийн газрынхаа нүүр царайг бас тодорхойлдог утгаараа цэвэр үзэмжтэй хувцасладаг гэж ярив. 
 
 
Үйлчлэгч нарт ихэнх ажилтан элгэмсүү дотно, найз шиг ханддаг бол зарим хүмүүс цэвэрлээд явснаас таван минутын дараа дуудаад базсан цаасаа хогийн саванд хийхийг шаарддаг гэнэ. Хүний хөдөлмөрийг хүндэтгэдэг, ойлгодог соёлтой хүмүүс дийлэнх нь байдаг сайхан шүү гэж тэд өөрсдийгөө аргадна билээ.         
 
    
Сүүлийн үед Хамтын гэрээгээр, сонгон шалгаруулалтаар үйлчилгээний ажилд орсон хүмүүс бүгд дээд боловсролтой. Гэсэн ч дээд боловсролтой болгон үйлчилгээний ажлыг төгс хийдэг гэсэн үг биш. Үйлчилгээний ажилд ёс зүй, сэтгэл, хандлага чухал гэж Б.Туяа дарга хэлсэн. Ажилтнуудаа сургалтад хамруулаад харилцаа хандлагыг нь дээшлүүлээд байхад тогтсон байр суурьтай зарим ажилтнууд дагаж соёлжиж өөрчлөгдөхгүй байгаад сэтгэл дундуур явдгаа ч нуусангүй.  
Шинэ бүтцээр Орон сууцны хэсгийг Аж ахуй, үйлчилгээний цехэд нэгтгэснээр эднийх ам бүл өнөр болсон. Эрдэнэт үйлдвэрт “фондын” гэж нэрлэгддэг 370 гаруй орон сууц байгаа нь бүгд эзэнтэй. Мөн эднийх орос мэргэжилтнүүдийн тавилга, цахилгаан гэмтэл зэргийг ч хариуцаж ажилладаг. 
Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх, имиж бүрдүүлэлт, үйлчилгээний соёл, тав тухыг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн ажил урагштай, үйлс өрнүүн байна.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Төгссөн сургууль:

Монгол Улсын Техникийн их сургууль, ОХУ-ын Уралын Уул уурхайн их сургуулийг төгссөн

Мэргэжил:

Геологич, Геологи-геофизикийн мэдээллийн технологич, Австрали улсын Уул уурхай, металлургийн холбооны гишүүн

Ажилласан туршлага:

2001-2010 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайд хэсгийн геологич, Геологи-маркшейдерийн хэлтсийн геологич, Геологи хайгуулын ангийн ахлах, ерөнхий геологичийн үүрэг гүйцэтгэгчээр, 2010-2014 онд “Оюутолгой” ХХК-ийн Хайгуул-Нөөцийн геологийн хэлтэст нөөцийн геологичоор, 2014 оны 11-р сараас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Геологи хайгуулын ангийн даргаар, 2015 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологичоор ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2003 онд ОХУ-ын Уралын Уул уурхайн их сургуульд Баяжуулалтын шинэ технологийн 3 сарын курс, 2010 онд ОХУ-ын  МГУ-д Нөөцийн үнэлгээ болон геостатистик сургалт, 2012 онд Ордын нөөцийн үнэлгээний гүнзгийрүүлсэн сургалт, 2013 онд “AcQuire датабазе” менежерийн сургалт, 2014 онд “Риотинто” компанийн Итгэмжлэгдсэн геологичийн курс, 2018 онд Австрали улсад Уул уурхайн шинэ технологи, уурхайн төлөвлөлтийн курсийг тус тус төгссөн.

Чин хүсэл:

Тэрээр Өмнөд Оюугийн бүлэг орд болох ил уурхайн, Хюго Даммитын далд уурхайн геологийн загварчлал, геостатистик болон нөөцийн тооцооллын ажилд гар бие оролцон, Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхэд мэргэжлийн хувьд голлох үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн нөөц, баялгийг 25 жилийн дараа шинэчлэн тооцож, Олон Улсын стандартаар үнэлгээ хийх, уурхайн ТЭЗҮ боловсруулах, хүдрийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх хайгуулын ажлыг удирдан зохион байгуулсан  гавьяатай. Уурхайн хүдрийн нөөцийг Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байснаас хойш 2 дахин нэмэгдүүлж, Монгол инженерүүд бие даан ажиллах нөхцөлийг удирдан гүйцэтгэсэн тэрээр эдүгээ “Эрдэнэтийн-Овоо” - ны ордын нөөц, баялгийг Жорк стандартад хөрвүүлэх, Хүдрийн нөөц, баялаг нэмэгдүүлэх төслийг удирдан ажиллаж байна. Чухамдаа, ашигт малтмалын орд газрыг нээж илрүүлэх нь геологичдын нэгэн насны мөрөөдөл байдаг гэлтэй. Тиймээс ч дараагийн “Эрдэнэтийн-Овоо” ордыг илрүүлэн, ашиглалтад оруулж, Эрдэнэт үйлдвэрээ Монголын уул уурхайн салбарт “АЛТАН ГАДАС” шиг тод томруунаар харуулж, корпорацийн түвшинд хөгжүүлэх нь түүний чин хүсэл билээ.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?

-Миний хувьд өглөөний цайнд их ач холбогдол өгдөг. Хүний физиологийн нэг онцлог нь унтаж амрахаас бусад цагийг ажил, амьдрал болоод биеийн онцлогтоо тааруулан зохицуулж болдог гэж боддог. Тэр ч утгаараа хүн хэдэн цагт ч шинэ өдрийг эхлүүлж, хэдэн цагт ч дуусгах боломж дүүрэн байдаг тул өглөө эрт босож, цаг хугацааг өөрийн хүслээр эрхшээхийг эрмэлздэг. Цонхоор харж хэсэг хугацаанд өдрийн ажлынхаа тухай бодох дуртай. Зарим онцгой өдрүүдэд бурхандаа залбирч, хүрд эргүүлэн, хүсэл зорилгоо сүслэн бодох үе ч бий. Өдөр бүрийн хэвшил гэвэл цахим шуудан хаягаа шалгаж мэдээлэл авах, хариу бичих, өмнөх өдрийн ажлын явцтай нарийвчлан танилцах зэргээр ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ эргэх холбоог эрхэмлэж, асуудлыг цаг тухайд нь шийдэх хэвшил дадлыг өөртөө бий болгосон.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Ажил, амьдралыг аль болох зааглаж үзэхийг хичээдэг. Гэхдээ энэ нь санаснаас амаргүй л дээ. Миний хувьд хайртай бүхнээсээ цэнэг авдаг. Гэртээ ар гэр, үр хүүхдээсээ, ажил дээрээ атгасан гар шиг шижигнэсэн хамт олноосоо урам зориг, эрч хүчээ авч байна. Миний ээж ажлаасаа ирэхдээ инээмсэглээд л орж ирдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Энэ нь өнөөгийн нийгэмд бидний баримтлах гэж хичээдэг “ажлын стрессийг гэрийн хаалганы ард орхиж орох” чухал дадлыг илтгэж байсан байх гэж бодогддог.

Ер нь, ээж минь дандаа л инээмсэглэж явдаг нүүрний баясгалантай хүн. Ээжээсээ би найрсаг зан, бусадтай зөв эелдэг сайхан харилцаатай байх үлгэр дуурайлыг авсан. Багаасаа “геологич” мэргэжлийг сонгосон тул мэргэжилдээ, ажилдаа дуртай. Хүсэж тэмүүлж сонгосон бүхэн минь сэргээш болж, өнөөдрийн “би”-г бүтээж байна даа.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Эрдэнэт үйлдвэр зэс-молибден бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг. Тийм ч учраас миний эзэмшсэн мэргэжил, хариуцаж байгаа ажлаас уурхайчдын амжилт, 100 гаруй мянган иргэнтэй уурхай дагасан хотын ирээдүй хамааралтай. Ингэж л хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын мэргэжилтэй, туршлагатай Ерөнхий захирлууд ажиллаж, хүдрийн нөөц баялагт онцгойлон анхаарснаар Монголчууд бие даан, орчин үеийн техник, технологийн хүчээр “реформ”-ыг хийж чадлаа. Эерэг сайхан үр дүн гарч, дараагийн томоохон ордыг бий болгох боломж бүрдсэнд геологич хүнийхээ хувьд таатай байна. Монгол Улсад уул уурхайн салбарыг муулдаг, сөрөг мэдээлэл, ойлголтыг тодорхой хэмжээгээр түгээдэг тул хууль, эрх зүйн чиглэлийн бэрхшээл, асуудалтай тулгардаг. Эрдэнэт үйлдвэр 42 жилийн турш Монгол улсдаа уул уурхайн салбарын жишиг тогтоож, бүхий л талаараа “МАНЛАЙ” байж ирсэн. Энэ их туршлага нь салбар болоод улс орны эдийн засаг, хөгжлийг бүтээхэд тулах багана байж, хариуцлагатай зөв жишгийг тогтоох том хүч гэж хардаг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Манай үйлдвэрийн чадварлаг ажиллах хүчин, мэргэжлийн инженер техникийн ажилчдыг бий болгодог томоохон сургалтын болоод Хүний хөгжлийн төв шиг санагддаг. Цаг хугацааны уртыг туулсан болохоор нэгэн зүйл ажиглагддаг нь чөлөөт зах зээл, нийгмийн системийн ялгаа, зааг гэж хардаг. Энэ нь хүмүүсийн хандлагын ялгаатай байдал, төлөвшил, туршлагатай холбоотой учир “Яаж нэгтгэх вэ” гэдэг нь өөрөө том асуудал юм.  Чадварлаг баг бүрдүүлэх, хандлагаа зорилго дороо нэгтгэхийн тулд хувь хүний хөгжилтэй уялдуулах удирдлагын менежмент шаардлагатай гэсэн үг. Өөрийн удирдаж байгаа салбарт хэд хэдэн оролдлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ маань олон эерэг үр дүнгээр илэрхийлэгддэг.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Хүн ер нь хүүхэд байхаасаа л бусдаас байнга суралцаж явдаг. “Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хор” гэдэг дээ. Ер нь хүний зан төлөвшилд гэр бүл, хүрээлэл, орчин шууд хамааралтай байдаг гэж ойлгодог. Азаар би үргэлж мундаг, сайн хүмүүстэй таарч, хамт ажиллаж иржээ. Тиймээс ч биеэ авч явах, ярих, сонсох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг зөв дадлыг бусдаас үлгэрлэж, суралцсаар байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олны дунд төлөвшиж, боловсорч, бэлтгэгдсэн хүнийхээ хувьд бусдадаа зааж сургах, ялангуяа залуу үеэ бэлтгэхэд чадлынхаа хэрээр чармайж явна. Манай үйлдвэрийн ажилчид бусад газруудад шилжин ажиллахад хаана ч гологддоггүй. Тийм үнэтэй “нэрийн хуудас”-ыг энэ олон жил бүтээлцсэн үе үеийн уурхайчдаараа бахархаж, тэр их хөдөлмөр, итгэл, хариуцлагыг нь дааж ажиллах сан гэсэндээ зоригоо чангалдаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Эхнэр маань байнга шинэ зүйлсийг эрэлхийлдэг. Тэр дундаа амьдралын хэв маягаа шинэчлэх зорилгоор эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэхээр алгуурхан эхэлж байна. Ажлаа амжилттай эрхэлж, хайртай хүмүүстээ олон жил харагдахын тулд эрүүл мэнд хамгаас чухал болоод байна. Тиймээс эргэлзэхгүйгээр дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн /инээв/.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-Эр хүний хамгийн сайн зөвлөгч, жишээ бол аав гэж боддог. Аав минь “Өөрөө өөртөө л найд” гэж хэлдэг нь амьдралд минь нөлөөлдөг. Мөн “Чи чадахгүй бол хэн чадах юм” гэсэн урам ч юм шиг, зэмлэл ч юм шиг үгийг бодож явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Анх сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар орж байлаа. Олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээсээ суралцсаар огт мэддэггүй байсан үйлдвэрээ “сайн мэддэг” болж, өнөөдөр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаадаа баярлаж, бахархдаг. Эрдэнэт үйлдвэр ажиллаж л байвал Орхон аймгийн 100 мянга гаруй оршин суугч сэтгэл хангалуун аж төрөхөөс гадна Монгол Улсын төсвийн чухал орон зай бүрэн бүтэн байна гэж боддог. Манай баялаг бүтээгч хамт олон улсдаа хөдөлмөрөө зориулж яваа “эх оронч уурхайчид”. Тийм ч учраас үйлдвэрээ урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллуулах үүргийг бид хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Үйлдвэр маань Монголын бахархал болсон, харин бид Дэлхийн жишигт хүргэх үүрэгтэй.

 
 
Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар шинээр байгуулагдаад хагас жил орчим ажиллаж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан хийгээд цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар тус газрын дарга Б.Бямбадагваас тодрууллаа. 
 
-Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар байгуулагдах ямар нөхцөл шаардлага үүссэн бэ гэдгээр яриагаа эхэлье? 
-Өмнөх жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа тодорхой хэмжээнд ахиц дэвшилттэй явж ирсэн байдаг. Гэсэн ч холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын чиглэлээр “нэг цонхны” бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн. Учир нь худалдан авалтын үйл ажиллагааг хоёр газар, дөрвөн хэлтэс тус тусдаа зохион байгуулдаг, гэрээнүүд нь өөр өөр өнгө, хэлбэртэй байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамнаас ямар нэг гэрээтэй холбоотой тодруулга, лавлагаа авах гэхээр өөр өөр хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд очиж янз бүрийн тайлбар өгдөг. Энэ байдал нь “нэг цонхны” бодлого алдагдсан, худалдан авалтын үйл ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд явж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж, хүндрэлтэй олон асуудал ургасан учраас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын санаачилгаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр өнгөрсөн оны 12-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцэд Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрыг шинээр байгуулж баталсан юм.
-Худалдан авах ажиллагаа явуулдаг хэд хэдэн хэлтсийг бодлогын газарт нэгтгэж зангидсан. Ингэснээр ямар ач холбогдол, давуу тал үүссэн бэ? 
-Манай бодлогын газрын харьяанд Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, мониторингийн хэлтэс, Төлөвлөлт, мониторингийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Хоёр хэлтсийн нэг нь ажил үйлчилгээ, нөгөө нь бараа материал худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Харин Төлөвлөлт, мониторингийн алба худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, харьяа хоёр хэлтсийн үйл ажиллагаанд дотоод мониторинг хийх чиг үүрэгтэй. Бид үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник, технологийн болон байгаль орчны бодлоготой уялдуулан эдийн засгийн үр өгөөжтэй, хэмнэлттэй, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “нэг цонхны” бодлогыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. 
-Ажлаа юунаас эхэлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав? 
-Хөрөнгө оруулалт, худалдан авалтын бодлогын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажлууд хүлээгдсэн байсан. Үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, худалдан авалт, бизнес төлөвлөгөөг оновчтой хэрэгжүүлэх, худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, хүнээс хамаарал багатай програмчлал ашиглах чиглэлд том зорилт тавин ажиллаж байна. Намайг ажлаа авахад 2020 оны Худалдан авалтын төлөвлөгөө 2019 ондоо батлагдсан байсан. Тиймээс батлагдсан төлөвлөгөөг аль болох алдагдуулахгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Холбогдох мэргэжилтнүүдээ www.tender.gov.mn -ээс нэгдсэн мэдээллийн статистикийг хэрхэн авах, худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлтүүдийг хэрхэн өөрчлөх, дотоод цахим системүүдтэй цогцоор ажиллах зэрэг асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвлөмж чиглэл авч хамтарч ажиллалаа. Мөн, бид дотооддоо холбогдох программ хангамжуудыг боловсруулаад дуусаж байна. Төлөвлөлт, мониторингийн албаныхан маань 10-аад асуудалд дотоод мониторинг хийж, Хуулийн хэлтэс болон бусад нэгжүүдтэйгээ хамтраад мониторингийн дүгнэлт гаргаад зохих арга хэмжээ авч, худалдан авах ажиллагааг зөв чиглэлд оруулахаар ажиллаж байна. Гэрээ бүртгэхээс эхлээд дүгнэх хүртэлх үйл явцын журмыг ажлын хэсэг боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулах түвшинд хүрээд байна. 
-Энэ журамд онцгой ямар заалтууд орсон бэ? 
-Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ сошиал орчинд тавигддаг. Янз бүрийн хүмүүсийн гар дээр очдог. Энэ асуудлыг эмхэлж цэгцлэхээс гадна гэрээтэй холбоотой үүргийг тодорхой болгож, хэрэв хэрэгжээгүй тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоог нарийвчлан оруулсан. Ер нь энэ журамд нарийвчилсан маш олон зохицуулалтыг шинээр онцгойлон оруулснаараа ач холбогдолтой. Мөн гэрээлэлтэй холбоотой үйл ажиллагааг зөв голдрилд оруулах хяналтын тогтолцоог боловсронгуй болгосон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтад хууль, эрх зүйн хүрээнд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байна.    
-Энэ жилийн хувьд хэчнээн тендер зохион байгуулах вэ?  
-Худалдан авалтын төлөвлөгөөгөөр 1143 нээлттэй тендер зохион байгуулна. Ерөнхий захирал нээлттэй тендерүүдийг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулж дуусгах үүрэг чиглэл өгсөн. Дараа нь гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх ажлуудаа ондоо багтаан бүрэн дуусгахын тулд шахаж  байгаа юм. Өнөөдрийн байдлаар үнэлгээний 475 хороо байгуулагдсан, ажил урагштай, эрчимтэй явж байна. Одоогоор 190-ээд тендерийн үр дүнг баталгаажуулаад байна.
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар жилд 300 орчим тендер зохион байгуулахын тулд 30 гаруй хүнтэй ажилладаг юм билээ. Танай газрын хүн хүчний хүрэлцээ, мэргэжилтнүүдийн чадамж хэр байна? 
-Тендерийн тоотой нь харьцуулбал манай мэргэжилтнүүд дэндүү цөөн л дөө. Жилд 1200 орчим тендер зохион байгуулдаг газар Монголд Эрдэнэт үйлдвэрээс өөр байхгүй. Тийм болохоор манай 44 ажилтан орой үдэш гэлтгүй сууж, маш ачаалалтай ажиллаж байгаа. Удахгүй 2021 оны худалдан авалтын төлөвлөлтийн ажил эхэлнэ. Цехүүд захиалгаа хийх, үүнтэй уялдуулаад Маркетингийн хэлтэс зах зээл, үнийн судалгаа явуулах гээд шат дараатай ажил хагас жил хэртэй үргэлжилдэг учраас зургаадугаар сарын нэгнээс ирэх оны төлөвлөлтийн ажилдаа орно.   
-Эрдэнэт үйлдвэр энэ онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Ковид 19” вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу? 
-“Ковид 19” вирусын тархалт, эдийн засгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд худалдан авалтын өгөөжийг сайжруулах, зарим худалдан авалтад хязгаарлалт хийх арга хэмжээний талаар Төв штаб болон салбар штабууд дээр яригдаж байгаа. Хөрөнгө оруулалтын тооцооллыг нарийн гаргасны үндсэн дээр зарим хөрөнгө оруулалтыг танах, царцаах асуудал яригдахыг үгүйсгэхгүй.  Гэхдээ батлагдсан төлөвлөгөөг аль болох хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллана. 
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих, давуу эрх олгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? 
-Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэл ерөнхийдөө дуусаж байна. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөж, нэр төрөл олширно гэдэгт найдаж байгаа. Орхон, Булган аймгийн цаашлаад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд бодож төлөвлөсөн зорилт бий. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар бусад байгууллагууд руу албан тоот явуулсан. Цаашид ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн сертификат бүхий иргэдтэй хуулийн хүрээнд шууд гэрээ байгуулах аргаар худалдан авалтыг зохион байгуулж болно. Тодруулбал, нээлттэй тендерүүдийг Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, төлөвлөлтийн хүрээнд худалдан авалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Хүндрэлийг даван туулах үйлдвэрийн газрын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагдсантай холбоотой хэмнэлтийн горимд шилжиж байгаа хэд хэдэн өөрчлөлт бий. Тухайлбал, нээлттэй тендерээр 80 сая төгрөгийн мод худалдан авах байсан бол 10 сая төгрөгт багтаагаад үрслэгээний суулгац авах гэдэг ч  юм уу... Цогц өөрчлөлтүүдийг шуурхай хийгээд явахгүй бол төрийн худалдан авалт гэдэг нэг л төлөвлөсөн, тендерийн кодоо авчихсан, тоон дүнгээ тавьчихсан бол өөрчлөх боломжгүй болдог. Тэгэхээр бид түргэн хөдөлж, уян хатан байж эдийн засгийн хэмнэлттэй, үйлдвэртээ үр өгөөжтэй байх нөхцөлийг хангах ёстой. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог