• Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа

    Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. 2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, Засварын хэсгийн засварчин Д.Энхмандал, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин А.Отгонбаатар, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженер М.Оч-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын хэсгийн засварчин Н.Алтангэрэл, Өөрөө нунтаглах хэсгийн конвейрийн машинч Т.Цэцэгмаа, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ нарын гэр бүл тодорчээ. Мөн тус цехийн удирдлагууд энэ өдөр Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөө хүүхдийн өрөөнд Бүжинлхам бурхан заллаа. Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханыг Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, шашны сургууль төгссөн бурхан урлаач Н.Эрдэнэбаяр бүтээсэн бөгөөд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урамшуулал гардуулав. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн зээгт наамал урлал бүхий “Цагаандарь эх” бурханыг бүтээсэн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэг тэргүүтэй дөрвөн бүсгүйг мөн урамшуулсан юм. Түүнээс гадна энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдээ цехийн удирдлага хүлээн авч, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургамж ерөөлөө хайрлав.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Жолооч нарын аюулгүй байдлыг хангалаа

    Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч нарын аюулгүй байдлыг алдагдуулсан учир уг хурд сааруулагчийг өнөөдөр авлаа. Энэхүү хурд сааруулагчийг өвлийн улиралд гарам цэвэрлэх үед машин гулсаж орж ирэх эрсдэлтэйгээс гадна зам дагуух үерийн сувгийн чиглэлийг өөрчлөх зорилгоор Тээвэр ложистикийн төв хүсэлт гаргасны дагуу Барилга засварын цех хийсэн байна. Харин жолооч нар гомдол гаргаснаар Автотээврийн цех судалж үзээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” бүлгийн заалт зөрчих нөхцөл үүссэн, мөн өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсгэх, тээврийн хэрэгсэл өгсөх чигийн хөдөлгөөнд хүч алдах зэрэг эрсдэл үүсгэнэ гэж дүгнэн хурд сааруулагчийг авах шийдвэр гаргажээ.       М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын үйлдвэрлэл эхэллээ

    Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний технологи бүрэн шинэчлэгдэж өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийг туршилтаар эхлүүллээ. Сэтгүүлч хүний хувьд шинэ бүхнийг соргогоор мэдэрч, дэргэдээс нь үзэхийг “хорхойсдог” болохоор яваад очлоо. Өмнөх дуу чимээ, утаа униар эрс багасжээ. Төмрийн “дархчууд” маань шинэ тоног төхөөрөмж, технологи дээрээ хамгийн түрүүнд Баяжуулах үйлдвэрийн тээрмийн хуяг цутгаад дөнгөж шигшин гаргаж байхтай таарав. Одоо тасдаж ялгаад гадаргууг нь цэвэрлэнэ гэнэ. Өмнө нь үйлдвэрлэж байснаас өөр харагдана уу? гэж асуухад технологич инженер О.Майдаррагчаа “Бүрэн гүйцэт болохоор л харьцуулна даа. Хэвний хувьд нягт, гадаргуу жигд, маш сайн болсон” гэлээ. Цутгуурын цехийн хайлалт хуучнаараа явагдаж байна. Харин хэвний хагас автомат шинэ шугам зогсоо чөлөөгүй ажиллана. Үйлдвэрлэл дөнгөж эхэлж байгаа болохоор элсний температураас эхлээд үйлдвэрлэлийн явцын дунд тоног төхөөрөмжийн зарим нэг тохируулга давхар хийгдэж байв. Шинэ шугам ажилд орсноор орцын материалууд цөөрчээ. Өмнө нь 7-8 мянган тонн элс хэрэглээд хогийн цэг рүү хаядаг байсан бол одоо 2000 тонн элс цех дотроо тасралтгүй эргэлдэх юм. Зардал хэмнэхээс гадна байгаль орчин бохирдуулахгүй давуу талтай. Одоо Оросоос ирсэн кварцын элс хэрэглэж байна. Мөн манайхны ярьдгаар дулаанд тэсвэртэй хар элс ашиглаж харагдана. Түүнээс гадна өмнө нь олон төрлийн барьцалдуулагч бодис, туслах материал үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байсан бол одоо хатууруулагч, давирхай гээд хоёр бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ нь шинэ технологи үйлдвэрлэлд хамтран нэвтрүүлж буй “FAT” компанийн тоног төхөөрөмжид зориулсан шингэн бөгөөд Чех улсаас ирдэг гэнэ.   Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугамаас гарах бүтээгдэхүүний чанар, гадаргуугийн цэвэршилт эрс сайжирсныг Хэвний хэсгийн туршлагатай мастер Э.Дүүрэнбаяр онцоллоо. Хэв сайжрах нь үйлдвэрлэлийн дараагийн дамжлагад шууд сайнаар нөлөөлнө. Тухайлбал, металл цэвэрлэх цаг гэхэд 80 хувь буурсан байх жишээтэй. Цутгуурын цехийн ажилчид өмнө нь маш их дуу чимээ, утаа униар дунд голдуу биеийн хүчний ажлыг олуулаа гүйцэтгэдэг байсан бол одоо хянах, товчлуур дарах, оосорлох, элс тэгшлэх, будах гэх мэт энгийн ажлыг тайван хийцгээнэ. Хүний гар ажиллагаа эрс багассан нь харваас илт. Хольц бэлтгэх хэсгийнхний ажил бүр үгүй болж тэнд ажиллаж байсан хүмүүсээ Механик цех рүүгээ шилжүүлжээ. Энэ үеэр зарим ажилчидтай уулзаж, ажлын завсраар нь цөөн хором ярилцлаа. Хэвчин Ж.НЯМДАВАА: -Би Эрдэнэт үйлдвэрт 18 жил ажиллаж байна. Өмнө нь гараар, хийн багажаар ажилладаг байсан. Сүүлийн үед гар чилж өвддөг болсон. Технологийн шинэчлэл хийгдсэнээр бүх тоног төхөөрөмж автомат болж, хүний гар ажиллагаа эрс багассан. Ажил хөнгөвчлөгдөж, бүтээмж сайжирсан. Манай Цутгуурын цехийн үйлдвэрлэл бүтэн долоон сар зогссон болохоор шинэ шугам дээр ажил эхлэхийг сэтгэл догдлон, хоног тоолон хүлээсэн. Өргөтгөл шинэчлэлийн энэ том ажлыг манайхан өөрсдийн хүчээр богино хугацаанд хийж, дэлхийн шилдэг технологийг алдаагүй нэвтрүүлж чадсан хамт олноороо үнэхээр бахархаж байна. Хэвчин Г.ТОГТОХБАЯР: -Би өмнө нь хольц бэлтгэгчээр ажиллаж байсан. Том холигч дээр өөрөө шавраа зуураад, хүрзэднэ. Механик ажиллагаа ихтэй, биеийн хүч шаардсан ажил байсан. Миний хийж байсан ажлыг одоо автомат машин хийх болсон. Тиймээс би хэвийг  дамжуулах хэсэг дээр ажиллаж байна. Ер нь технологийн шинэчлэл хийгдсэнээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл олшрохоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлт хүчин зүйл эрс багассан. Өмнө нь хэвний хэсэг өдөрт дунджаар 30-аад тонн цутгамал бүтээгдэхүүн хийдэг байсан бол тоног төхөөрөмжүүд маань автомат, хурдтай болсон болохоор нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа гэв. Хүйтнээр хатуурах цутгамлын технологи өндөр нарийвчлалтай. Өөрөөр хэлбэл гологдол бүтээгдэхүүн багасна гэсэн үг. 2001 онд Цутгуурын цехийн гологдол долоон хувь байсан. 2010 онд мөн Германы “FAT” компанийн хүйтнээр хатуурах гар хэвний холигч 30 тонны жижиг машин ашиглаж эхэлснээр өнгөрсөн онд гэхэд гологдол 3,9 хувь болж буурсан. Одоо шинэ технологи нэвтрүүлснээр 2,3 хувь болно. Энэ нь 160-аад тонн цутгамал бүтээгдэхүүн буюу өнөөдрийн үнэ ханшаар бодоход нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдсэн гэж заводын Ерөнхий инженер А.Арвис ярьсан. Учир нь бүтээгдэхүүний чанар ажилтан бүрийн ур чадвараас шууд хамаардаг байсан бол одоо тоног төхөөрөмжийн алдаагүй ажиллагаа илүү нөлөөтэй болжээ. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй “FAT” компанийн төлөөлөгч Монгол инженерүүдийн ур чадвар, туршлагыг өндөр үнэлж, хамтран ажиллахдаа тун таатай байгаагаа аяга цай уух зуураа илэрхийлдэг гэнэ. Цутгуурын цехийн шинэчлэл коронавирусын халдварын төлөвлөөгүй нөхцөл байдалтай тулгарсан ч манай мэргэжилтнүүд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж ард нь гарч чадсаны тод илэрхийлэл нь шинэ шугамаас гарсан бүтээгдэхүүний хийц, чанар байв. Яг л шинэ хүүхэд мэндлэхэд догдлон тойрч суугаад харж шинждэг шиг баяр бахдал дүүрэн байцгаасан. Дэлхийн жишигт нийцсэн, Монголын бахархал болсон Цутгуурын үйлдвэрлэл ийнхүү амжилттай эхэллээ.   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Б.БАТЦЭЦЭГ: Тамхи татахаа багасгахаас илүү шууд хаях нь хамгийн үр дүнтэй

    Дэлхий нийтээр тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд иргэдийнхээ тамхины хэрэглээг багасгах, түүний хор уршгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавин олон ажил зохион байгуулж байна. Энэ удаагийн дугаарт тамхины хэрэглээ, хор уршгийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  хоол зүйч Б.Батцэцэгтэй ярилцлаа.   -Манай улсад тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ? -Тамхи бол мансууруулах нөлөөтэй, донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор. Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд f-17 сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртдөг нь халдварт бус өвчин нэмэгддэг гол шалтгааны нэг  болж байна. -Тамхи татах нь хүний бие организмд ямар сөрөг нөлөөтэй вэ ? -Хүний  бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно.  Тамхины утаанд агуулагдах янз бүрийн химийн нэгдэл, хорт бодис уушгины эдийг гэмтээнэ. Мөн цусанд шингэж судасны ханыг гэмтээх нөлөө үзүүлнэ. Ийм учраас тамхи татдаг хүн зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүнээс тав дахин их байдаг. Тамхи татах нь  жирэмсэн эмэгтэйн ураг, үр хөврөлд маш хор нөлөөтэй. Ургийн гажиг үүсэх, зулбах, жин багатай төрөх аюултай. -Тамхи хорт хавдар үүсгэдэг үү? -Тамхи бүх төрлийн хавдар үүсгэдэг. Тамхинд 7000-аад төрлийн химийн бодис байдгаас 69 нь хорт хавдар үүсгэнэ. Химийн хортой бодис агуулагддаг уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг. Цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, уушгины эмгэг гэх мэт олон өвчний шалтгаан тамхинаас үүдэлтэй. Тиймээс залуу хүн ч энэ өвчинд өртөх эрсдэлтэй. Нэг янжуур татахад хүний нас долоон минутаар хорогддог гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Тиймээс өөртөө өвчин худалдаж аваад байна гэсэн үг. -Тамхинаас хүн гараад эргээд орчих тохиолдол түгээмэл байдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ? -Хамгийн зөв арга бол ердөө өөрийгөө удирдах, тамхи татдаг тохиолдлууддаа дүгнэлт хийж, зайлсхийх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй л дээ. Цөөрүүлж  татах хугацааг хол болгох гэхээсээ илүүтэй шууд хаях нь хамгийн үр дүнтэй. Тамхи стресс тайлдаг гэж хүмүүс эндүүрдэг. Стрессийг тайлахгүйн дээр эхний янжуурыг татах үед дараагийн янжуурыг татах сэдлийг өгч донтуулдгийг анхаарах хэрэгтэй. -Тамхинаас татгалзсанаар хэдий хугацаанд хүний биед эерэг өөрчлөлт гарах вэ? -Таталгүй найман цаг болоход цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. 48 цагийн дараа  цусан дахь никотин алга болж, уушгийг бүрхсэн жижиг үснүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Нэг жилийн дараа зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна. Арван жилийн дараа  уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь, 15 жил болоход  эрүүл хүнийхтэй ижил түвшинд очно. Тиймээс тамхийг цаг алдалгүй хаях хэрэгтэй.  -Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд тамхины хэрэглээ хэр байна. Энэ төрлийн судалгаа бий юу? -2020 оны 5 сард түүврийн аргаар ажилчдын 10 хувийг хамруулсан судалгаа авч дүгнэсэн байгаа. Судалгаанд хамрагдагсдын 76 хувь нь татдаг гэж хариулсан.  Үүнээс 10-аас дээш жил татсан нь 50-иас илүү хувийг эзэлдэг нь тамхины хэрэглээ манай үйлдвэрийн ажилчдын дунд өндөр байна. Тамхинаас гарах гэж оролдсон боловч одоо хэр нь татдаг гэсэн хувь их байгаа нь ажиглагдсан. Мөн 26-39 насны залуучууд ихэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Тиймээс тамхины хор хөнөөлийг таниулах, хэрэглээг багасгах үр нөлөөтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна. Тамхидалт нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөр тэдний ажлын бүтээмж буурдаг, эрүүл мэндийн зардал, мөн ажил таслалт ихсэх талтай. Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Т.БАТМӨНХ: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардал хэмнэнэ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажил болон цаг үеийн асуудлыг хөндөн ярилцлаа. -Ярилцлагынхаа эхэнд та, Онцгой дэглэмийн үед шат дараатай авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? -Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрийн Ерөнхий захирлын А/139 тоот тушаал гарсан. Уг тушаалын дагуу тасралтгүй ажиллагаатай дөрвөн чиглэлийн штаб байгуулсан. Миний хариуцсан штаб үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана. Тус штаб нь гурван багц ажил хариуцан хийж байна. Нэгдүгээрт, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэмэлт орлого олох даалгавартай. Зах зээл дээр зэсийн ханш унаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед харилцагч орнуудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр нийт 120-иод нэр төрлийн бүтээгдэхүүн авч үйлдвэрлэлийнхээ технологид ашигладаг. Үүний 50-иад нэр төрлийн бүтээг-дэхүүнийг өмнөд хөршийн үйлдвэрүүдээс шууд авдаг. Энэ бүтээг-дэхүүнийг үйлдвэрлэдэг үйлд-вэрүүдийн үйл ажиллагаа зогссон. Иймээс үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах манай штаб нөөц бүрдүүлэх ажлыг хийж эхэлснээр харьцангуй энэ цаг үед бэлтгэлтэй орсон. Тухайлбал, үйлдвэр маань гадна, дотнын байгууллагад өр төлбөргүй байгаа. Өөрсдийн хэмжээнд хэрэгцээтэй бараа, материалаа нөөцөлж чадсан нь бидэнд давуу тал олгосон. Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгаврын хүрээнд бид 300 мянган тонн хүдрийг жилд төлөвлөгөөнөөс илүү боловсруулах болсон. Зэсийн металл авалтыг 0,4 хувиар, молибдены металл авалтыг 3,5 хувиар өсгөнө. Өөрөөр хэлбэл металл авалтаа өсгөн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орлого нэмж олох зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон нэмэлт даалгавраа биелүүлээд явж байна. -Танай штаб гурван цогц асуудал хариуцан ажиллана гэж дурдлаа. Нөгөө хоёр нь ямар ажил хийхээр төлөвлөөд байна? -Хоёрдугаарх нь, томоохон төслүүдээ хөдөлгөн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил байгаа. Ингэснээр ирээдүйд үйлдвэрийнхээ найдвартай ажиллагааг хангана. Жишээ нь: Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг барина. Энэ ажлын гэрээ байгуулагдаад явж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл эхэлчихсэн. Зураг, төсвийн ажил хийгдсэн. Барилга байгууламж, суурийн ажлын зургийг цахимаар хүлээж аваад хөндлөнгийн хяналтаар оруулах шатанд явж байна. Энэ ажлыг бид төлөвлөгөөгөөр 2021 оны наймдугаар сард дуусгаж, залгах ёстой. Одоогийн байдлаар гаднын мэргэжилтнүүд ирэх боломжгүй ч бид энэ ажлыг цахимаар хийж байна. Мөн ЗМЗ-ын Цутгуурын цехийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажлыг бид гүйцэтгэсэн. Ингэхдээ, Цутгуурын цехийн үйл ажиллагааг зургаан сар зогсоож технологийн шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусгалаа. Герман улсын мэргэжилтнүүд ирж тохируулга, залгалтын ажил хийх байсан нь коронавирусээс шалтгаалан ирж чадаагүй. Манай инженер, техникийн ажилтнууд Германы мэргэжилтнүүдээс цахимаар зөвлөмж авсны дагуу тохируулга, залгалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Одоо бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. Түүнчлэн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг 12 сая тонн хүдэр хүлээн авах хүчин чадалд хүргэн өргөтгөх ажил байгаа. Уг ажлын тендерийг шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаад явж байна. Гурав дахь нь, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах ажил байна. Манай тэсрэх бодисын үйлдвэрийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглочихсон. Энэ нь тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг онцгой объект. Тэгэхээр үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд энэ үйлдвэрийг шинээр барих ёстой. Уг үйлдвэр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад явж байна.  -Үйлдвэрлэлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Химийн төв лаборатори барьж ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Зураг төслийн тендерийн шалгаруулалт явагдаж байна. Гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг явуулж, уг ажлыг энэ онд эхлүүлнэ. Дараагийн ажил нь Цэвэр усны гуравдугаар шугамыг барьж байгуулна. 2021 он гэхэд бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөн жилд  35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрэх ёстой. 2023 онд манай хүдэр дэх зэсийн агуулга  эрс буурна. Иймээс 2021 оны 8-р сард Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг нэмж барихаар төлөвлөөд байна. Ингэснээр зургаан сая тонн хүдэр нэмж боловсруулна. Энэ ажил эхэлсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг өргөтгөх ажил  явагдаж байна. Үүнтэй уялдаж цахилгаан хангамжийн асуудал гарч ирдэг. Хуучин 63 МВт-ийн трансформатор ашиглан цахилгаанаар хангадаг байсан. Энэ хүчин чадлаа 80 МВт хүргэн өргөтгөх шинэчлэлийн ажил 2020 онд хийгдэнэ.                     -Таны дурдсан шинэчлэлийн ажлуудыг хийхэд хүндрэлтэй асуудал бий юу? -Ус хангамжийн асуудал байна. Манай үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнээр технологид шаардлагатай усан хангамж хүрэлцэхгүйд хүрнэ. Тэгэхээр бид цэвэр усны гуравдугаар шугамыг зайлшгүй барьж байгуулах ёстой. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Ерөнхий эрчим зүйчээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр Хятадын компани шалгарууллаа гэх юм уу, тендерт оролцогчдоос ямар нэгэн гомдол гардаг учраас үүнийг би дахин тодруулж хэлж байна.                  -Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан, нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан улс орон даяар эдийн засгийн хэмнэлтийн бодлого барьж байна. Манай үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өртөг зардлаа бууруулах зорилт тавьсан. Энэ талаар жаахан тодруулна уу?  -Зардал хэмнэх ажил явагдаж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан. Нэг талаас нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нөгөө талаас зардал хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр сайн зохион байгуулалт, сахилга дэг журам, мэргэжилтнүүдээс ур чадвар шаардана. Энэ ажлыг хэрэгжүүлснээр оны төгсгөлд  25,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэж 17,6 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Оны эхний дөрвөн сард бид үйлдвэрийн төлөвлөгөөнөөс илүү 6,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. 1,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэлээ. Ийм байдлаар явбал оны төгсгөлд бидний зардлын болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө хангалттай биелнэ. Энэ ажилд манай штаб хяналт тавьж, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.   -Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нөөцгүй ажилладаг, тоног төхөөрөмжийг жилд нэг удаа зогсоож, дараагийн жил найдвартай ажиллах боломжийг хангах зорилгоор их засвар хийдэг. Энэ онд тоног төхөөрөмжүүдийн их засварын ажил хэдийд хийгдэх вэ? -Жил бүр 7-р сарын эхэнд 48 цаг зогсоод тоног төхөөрөмжөө залгадаг. Энэ жил сонгууль давхацсан учраас 7-р сарын 31-ээс 8-р сарын 2-ны өдрүүдэд байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжөө зогсоох төлөвлөгөө гарсан. Ерөнхий захирлын А/56 тоот тушаалын дагуу их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангана. Үүнтэй уялдуулан Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 52-р шийдвэр гарсан. Ингэснээр их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангах штаб байгуулагдаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрөв дэх удаагаа штаб хуралдлаа. Хүн хүч, тоо хэмжээ, хийх ажлын цар хүрээ гарсан. Их зогсолттой холбоотой сэлбэг, хэрэгсэл материалын худалдан авалтын ажиллагаа ид явагдаж байна. Одоогийн байдлаар их засварын ажилд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, сэлбэг материалын 20 хувийг үйлдвэртээ хүлээж аваад байна. Үлдсэн хувийг нь 7-р сарын сүүлч хүртэл хүлээн авна. Манай үйлдвэрийн Худалдан авах бодлогын газар тодорхой төлөвлөгөө гарган долоо хоног бүр штабын хурлаар биелэлтээ танилцуулж байгаа. -Дэлхий нийтэд тархсан коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна? -Дэлхий нийтэд цар тахлын дэгдэлт тархсанаас Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэр онцгой дэглэмтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж буйг та бүхэн мэднэ. Үйлдвэрийн дүүрэгт гамшгаас хамгаалах 24 цагийн тасралтгүй үүрэг бүхий штаб Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулан ажиллаж байна. Улс, орон нутгийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр маш өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл хамгийн их хүний урсгал бий болж буй газар Эрдэнэт үйлдвэр. Нэг ээлжинд 30 гаруй автобус дүүрэн хүн ирдэг. Тэгэхээр улсын Онцгой комиссоос нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Иймд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өндөр түвшинд хийж байна. Нийгмийн цехүүдэд хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллагчдынхаа цалинг бүтэн өгч ажиллуулж байна. Иймээс энэ цехийн хүмүүсийг ариутгал халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин ажиллуулж байгаа. Нөгөө талаар, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өдөрт гурван удаа хийж байна. Энд онцгой комисс ажиллаж, орж гарсан хүмүүсийн биеийн халууныг үзэж байна. Гаднын байгууллагуудын хүмүүсийн хөдөлгөөнийг хориглосон. Ажиллагчдын нэг автобус хүнээ буулгасны хойно дараагийн автобус зорчигчдоо буулгах жишээтэй. Нөгөө талаар, “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлалтын бүс бий болгоод орж ирсэн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Тэнд ажиллаж буй эмнэлгийн хүмүүсээ аюулгүй ажиллах хувцас, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, хяналтын камер бусад хэрэгцээтэй зүйлсээр хангаад явж байна. -Үйлдвэрлэлийн технологит ашигладаг бодис, сэлбэг хэрэгсэл, бараа материалын хүрэлцээ хэр байна вэ? Хангалттай байна. Бид аваарын нөөц бүрдүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэр тасралтгүй хоёр сар ажиллах нөөц бүрдүүлж явдаг. Технологийн материалууд дээр нөөц бүрдүүлж ашиглаад, нөхөж бүрдүүлээд явж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд хэцүүдэж тасалдах юм алга. Манай үйлдвэрийн уурхайчид хагас цэрэгжилтийн байдлаар ажилладаг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд бид бэлтгэлтэй ажиллаад сурчихсан. Эрдэнэт үйлдвэр дансандаа мөнгөтэй байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бараа материалаа худалдаж аваад нөөцөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөснөөс унасан ч нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг авсан штабууд үйлдвэрлэлээ хэвийн явуулж байна даа. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • “ТОП”-ууд Эрдэнэт үйлдвэрт зочилж, улсын хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ

    Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар төмөр зам, MCS, Петровис, МАК, Шунхлай компанийн захирлууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран анх удаа зохион байгуулсан уг уулзалтад оролцогч магнатууд ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн манлай үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Белазын гарааш, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд Эрдэнэт үйлдвэрт зочилж, Монголын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх 10 компанийн үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон “Эрдэнэтийн тунхаг” гаргалаа. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ, Засгийн газарт энэхүү тунхаг бичгээ өргөн барина гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярилаа.                         М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэв

    “Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121,5 хувийн биелэлттэй байв. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байлаа” гэж Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал мэдээллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, цалин орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, хүрсэн түвшнээ алдахгүй байхын төлөө уурхайчид ажиллаж байна.  Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 06 дугаар сарын 03

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 154 дэх өдөр. Он дуусахад 211 хоног үлдлээ.          2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна. 3. Аргын тооллын 6 дугаар сарын 03. Буд гараг. Билгийн тооллын шинийн 12. Улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу.Өдрийн сайн цаг нь  бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүн баруун хойш зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ.          4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5463 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3115, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1969 оны 06 дугаар сар Зөвлөлт Узбекстаны Ташкент хотноо Монгол-Зөвлөлтийн залуучуудын III их наадам болов. МХЗЭ, БХЛКЗЭ-ийн хамтын ажиллагааны 1969-1979 оны хэтийн төлөвлөгөө батлагдав. Москва хотноо коммунист, ажилчны намуудын ээлжит зөвлөгөөн болов. Чехословак, Зөвлөлтийн мэргэжилтнүүд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг ашиглах талаар техник эдийн засгийн анхны тооцоог хийж, БНМАУ-ын Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны коллегийн хурлаар хэлэлцүүлжээ.         Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 06дугаар сарын 02

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 153дахь өдөр. Он дуусахад 212хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-8м/сек байна. 3. Аргын тооллын 6 дугаар сарын 02.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 11.Улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20цаг 44 минутад жаргана. Энэ өдөр луужилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиажилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу болой. Өдрийн сайн цагнь  нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай (05:40-07:40), морь(11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа(17:40-19:40)болой.Хол замд явах хүн зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5376ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2806, евро 3089, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1963 оны 06 дугаар сар Монгол-Чехословакийн хамтарсан геологийн 1-р экспедиц байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав. 1965 оны 06 дугаар сар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНСЧСУ-д айлчлав. 1966 оны 06 дугаар сар МАХН-ын XVих хурал БНМАУ-д социализмыг бүрэн байгуулах зорилт дэвшүүлсэн МАХН-ын IVпрограммыг баталж, 1966-1970 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх IVтаван жилийн төлөвлөгөөний удирдамжийг гаргажээ. 1967 оны 06 дугаар сар Дархан хотод Монгол Зөвлөлтийн залуучуудын IIих наадам болов.   Дэлгэрэнгүй...
  • “Миний мөрөөдөл” цахим уралдааны дүн гарлаа

    Хүүхдийн баярыг угтан Баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан насны ангиллаар бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд хүүхдүүдийн 90 гаруй бүтээл иржээ. 1-3-р ангийн насны ангилалд Цахилгаан цехийн цахилгаанчин Орхоны охин, XIV сургуулийн 3б ангийн сурагч О.Мөнгөнтуул түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн баяжуулагч Золжаргалын охин, XIV сургуулийн 2б ангийн сурагч Б.Хулан удаалж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйлчлэгч Очмаагийн хүү, V сургуулийн 3д ангийн сурагч Б.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 4-5-р ангийн насны ангиллын нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн засварчин Будаевийн охин, IV сургуулийн 5-р ангийн сурагч Б.Энхжин, хоёрдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн нярав Сугарын охин, XIII сургуулийн 5г ангийн сурагч С.Очгэрэл, гуравдугаар байрыг Засвар механикийн заводын ЗУХ-ийн дарга Мэндбаярын охин, М.Анужин эзэлжээ. 6-7-р ангийн насны ангилалд Ил уурхайн экскаваторын туслах машинч Мягмарбулганы охин, XIX сургуулийн 7-р ангийн сурагч М.Хулан түрүүлж, Засвар механикийн заводын токарьчин Буджавын хүү, V сургуулийн 6г ангийн сурагч Б.Энх-Амгалан, Автотэээврийн цехийн гагнуурчин Амгалан-Эрдэнийн хүү, V сургуулийн 7г сурагч А.Түвшинтөгс нар удааллаа. 8-9-р ангийн насны ангилалд тэргүүн байрыг Дулааны цахилгаан станцын мастер Болдбаатарын охин, Орхон Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхжин эзэлж, дэд байрт Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, XIV сургуулийн 8-р ангийн сурагч Тулга, гутгаар байрт Ус хангамжийн цехийн оператор Одгэрэлийн хүүхэд, “Билэгт-Өргөө” сургуулийн 8-р ангийн сурагч А.Нэрзэм нар шалгарчээ. Харин 10-12-р ангийн насны ангилалд Аж ахуй, үйлчилгээний цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Болормаагийн охин, V сургуулийн 12в ангийн сурагч Э.Солонго түрүүлж, Авто тээврийн цехийн гагнуурчин Батжаргалын хүү, “Эрдмийн сан” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баттулга, Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намхай нар удаалав.  М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

Хүүхдийн баярыг угтан Баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан насны ангиллаар бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд хүүхдүүдийн 90 гаруй бүтээл иржээ. 1-3-р ангийн насны ангилалд Цахилгаан цехийн цахилгаанчин Орхоны охин, XIV сургуулийн 3б ангийн сурагч О.Мөнгөнтуул түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн баяжуулагч Золжаргалын охин, XIV сургуулийн 2б ангийн сурагч Б.Хулан удаалж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйлчлэгч Очмаагийн хүү, V сургуулийн 3д ангийн сурагч Б.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 4-5-р ангийн насны ангиллын нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн засварчин Будаевийн охин, IV сургуулийн 5-р ангийн сурагч Б.Энхжин, хоёрдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн нярав Сугарын охин, XIII сургуулийн 5г ангийн сурагч С.Очгэрэл, гуравдугаар байрыг Засвар механикийн заводын ЗУХ-ийн дарга Мэндбаярын охин, М.Анужин эзэлжээ. 6-7-р ангийн насны ангилалд Ил уурхайн экскаваторын туслах машинч Мягмарбулганы охин, XIX сургуулийн 7-р ангийн сурагч М.Хулан түрүүлж, Засвар механикийн заводын токарьчин Буджавын хүү, V сургуулийн 6г ангийн сурагч Б.Энх-Амгалан, Автотэээврийн цехийн гагнуурчин Амгалан-Эрдэнийн хүү, V сургуулийн 7г сурагч А.Түвшинтөгс нар удааллаа. 8-9-р ангийн насны ангилалд тэргүүн байрыг Дулааны цахилгаан станцын мастер Болдбаатарын охин, Орхон Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхжин эзэлж, дэд байрт Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, XIV сургуулийн 8-р ангийн сурагч Тулга, гутгаар байрт Ус хангамжийн цехийн оператор Одгэрэлийн хүүхэд, “Билэгт-Өргөө” сургуулийн 8-р ангийн сурагч А.Нэрзэм нар шалгарчээ. Харин 10-12-р ангийн насны ангилалд Аж ахуй, үйлчилгээний цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Болормаагийн охин, V сургуулийн 12в ангийн сурагч Э.Солонго түрүүлж, Авто тээврийн цехийн гагнуурчин Батжаргалын хүү, “Эрдмийн сан” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баттулга, Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намхай нар удаалав. 

М.Одгэрэл

“Хүүхдийн баяр” ирэх долоо хоногийн Даваа гарагт тохионо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид цахимаар уралдаан зарлаж, Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг баярлуулахаар шийдвэрлэжээ. Тэмдэглэлт өдрийг угтсан үйл ажиллагааны талаар тус цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос тодрууллаа.

-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Соёл, урлагийн цогцолбор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс, үйлдвэрийн удирдлагын гаргасан тушаал, шийдвэрийн дагуу манай цогцолборын соёлын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Гэхдээ уран бүтээлчид маань завгүй ажилласаар байна. Манай байгууллагын хувьд 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул тэмдэглэлт баяруудын үеэр зохион байгуулах соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах нь оновчтой гэж үзсэн. Ингээд дахин төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.    

-Соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу?

-Төлөвлөсний дагуу ажлаа зохион байгуулж чадвал хүндрэлтэй зүйл алга. Цахим хэлбэрээр эхний ажлуудаа хийсэн. Тухайлбал, энэ сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид маань бэлтгэсэн концертоо төв, орон нутгийн мэдээллийн сувгууд болон сошиалаар цацаж, олон нийтэд хүргэлээ. Мөн концертын эхэнд Оросын ард түмэн болоод өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа оросууддаа зориулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү баярын концертыг бичиж, улс, орон нутгийн үзэгчдэд хүргэсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын үзэгч олонд хүргэхэд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олон маш сайхан дэмжиж, хамтран ажилласан. ОХУ-д амьдарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, үе үеийн уурхайчдад бидний мэндчилгээ хүрсэнд маш их баяртай байна.     

         

Дараагийн үйл ажиллагаагаа “Хүүхдийн баяр”-т зориулан бэлтгэж байна. Эх орныхоо, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дорзургаан төрлийн уралдаан цахим орчинд зарласан. Төгөлдөр хуур сонирхогчдын “Эрдэнэтийн сонат”, дуу дуулаачдын “Ээждээ дуулъя”, “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна”, зураач багачуудын “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдаан тус тус зохиогдож байна. Харин гэр бүл рүү чиглэсэн “Жаргалтай 60 секунд”-гэр бүлийн бүжгийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье-ая эгшиглүүлэх уралдаан”-ыг зарласан. Ирэх долоо хоногт “Гэр бүлийн цаг” нэртэй нэгэн шинэ дуу мэндэлнэ. Энэхүү дуугаа “Аз жаргалтай уурхайчин гэр бүл” “чэлленж” болгон зарлаж, ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Мэргэжлийн уран бүтээлчид тэмцээний шүүгчээр ажиллана. Шалгарсан хүүхдүүдийнхээ гэрт нь очиж бэлэг гардуулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.  

-Уралдаанд оролцогчдын бүтээлийг хаана байршуулж байна вэ?

-Бүх тэмцээн зэрэг эхэлсэн тул оролцогчдын бүтээлийг цахимаар хүлээн авч, фэйсбүүкийн “Соёл урлагийн цогцолбор-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” хуудсаараа олон нийтэд хүргэж байна. Төгсөлтийн баяр, Үндэсний их баяр наадамтай холбогдуулан тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн зүйл бий.

-Хүүхэд, багачуудад хандан юу хэлэх вэ?

-Эрдэнэтийнхээ бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Манай уралдаанд оролцож амжаагүй хүүхдүүд байвал дараа дараагийн уралдаанд оролцох эрх нээлттэй шүү.

Бид цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрдэнэт үйлдвэртээ, эх орондоо баярлалаа” гэсэн агуулгын дор томоохон концерт тоглохоор бэлтгэж байна. Уран бүтээлчид бид эерэг бүхнийг нийгэмд түгээх болно.        

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

Төгссөн сургууль:

1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгааны техникчээр, 2006 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2009 онд КТМС-д Үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан.

Мэргэжил:

Цахилгааны инженер

Ажилласан туршлага:

1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводоос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр 27 дахь жилдээ Цутгуурын цехийн эрчим зүйчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2019 онд цахилгаан хангамжийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн.

Чин хүсэл:

Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ тутам нэвтэрч буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг Эрдэнэт үйлдвэртээ “нутагшуулах” нь түүний чин хүсэл билээ. Үйлдвэрийнхээ шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд бичигддэг түүний мэдлэг чадвар бодит хөрөнгө оруулалт болж, эрчим хүчний системтэй бодлогоор үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Том зорилгод цаг хугацаа хэрэгтэйг санаж, түүний хүсэл тэмүүлэлд ташуур өгөх нь зөв биз ээ. Хийх ажлаа эртнээс төлөвлөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй, ажлынхаа хажуугаар суралцах, мэдлэг чадвараа ахиулахад анхаарч ирсэн. 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Сэргээгдэх эрчим хүчний форумд оролцож, МУИС-ын Сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй танилцан, Эрдэнэт үйлдвэртээ судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалжээ.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдралын сэргээш гэдэг зүйл аз жаргалтай гэр бүлээс эхлэх байх. Миний хувьд үр хүүхдүүд, халуун дулаан гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг хүртэж, амьдралын сэргээш авдаг. Харин гар нийлсэн эвсэг хамт олноосоо ажил хийх урам зориг, эрч хүчээ авсаар өнөөдрийг хүрчээ.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрчим хүчний салбарынхан бид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байна. Мэргэжлийн бус хүмүүсийн нүдээр харахад бид зүгээр суугаад байгаа мэт харагддаг байх. Гэтэл үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж байгаа нөхцөлд бид хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох юм. Энэ л бидний ажлын гол онцлог юм болов уу.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай Засвар механикийн завод, тэр дундаа Цутгуурын цех энэ онд шинэ техник, технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан тэдгээрийн холбогдох баримт бичиг, заавруудыг боловсруулах, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэх ажлуудыг төлөвлөн, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Ажлаа илүү сайн хийхийн тулд өөрийн бие бялдарт анхаарч, оюун санаагаа цэгцлэх үүднээс “update”хийхийг хичээдэг. Сардаа 1-2 удаа ажил руугаа алхаж байна. Мөн зав чөлөөтэй үедээ ном уншдаг.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг том мөрөөдөл гэж амьдралд байхгүй байх аа.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Амьдралын хамгийн сайн зөвлөгөөг аав ээж, хань минь өгдөг болохоор тэдгээр үгсийг бодол оюундаа тээж, мөрдлөг болгож явна. “Ажлыг битгий халтуурдаж хий. Хэрвээ халтуурдвал цаг хугацаа алдаж, чиний хөдөлмөр үр ашиггүй болно”, “Хүнд аль болох тусалж бай, харин тусалснаа хэзээ ч бүү ярь”, “Хүний итгэл дааж амьдар”, “Худал хуурмагаас хол байж, шударга яв”, “Ажил хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол хийгээд хэрэггүй” гэх зэргээр дотроо бодож явдаг олон үг бий.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Сурагч байхдаа “Би инженер болно” гэж боддог байлаа. Техникумд орсныхоо дараа хоёр өөр анги дамжиж байж цахилгааны анги руу ороход л санаа минь амарч билээ. Цахилгаанчид Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаж яваа гэдэгт би итгэдэг. “Ильчийн гэрэл”-ийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дэлхийн шилдэг үйлдвэр  болох “Эрдэнэт үйлдвэр” хэмээх энэ айлын гишүүн болж,  үйлдвэр маань миний амьдралын нэгэн багш болж, өөрөө тэр түүхийн нэгээхэн хуудас нь болж яваадаа ямагт баярлаж, бахархдаг. Миний бие үйлдвэрийн үе үеийн ахмадууд, мөн үе тэнгийн найз нар, залуу дүү нартайгаа мөр зэрэгцэн, сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь үнэн. Ер нь сайхан хөдөлмөрлөх сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйлдвэртээ хайртай.

Баасан, 29 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 29

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 150 дахь өдөр. Он дуусахад 215 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +8 градус, шөнөдөө +0 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 29. Сугар гараг. Билгийн тооллын шинийн 7.Сарын цээр, тэрсүүдийн өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Энэ өдөр хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу тул цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5278 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2804, евро 3075, БНХАУ-ын юань 391, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нэг гол цех болох технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн үйлдвэрлэлд гүйцэтгэж байгаа үүрэг юунд орших вэ?

Хариулт: -Технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цех гэсэн нэр зөвхөн цехийн нэр төдийгөөр хязгаарлагддаггүй. Энэ нэрийн цаана “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын автоматжуулсан систем (УАС)-ийн албан ажиллаж байдаг. Үйлдвэрийн УАС-ийг 1982 оны 04 дүгээр сарын 01-нд тус үйлдвэрийн тооцоолон бодох төвийг түшиглэн байгуулсан. Тус цех нь Тооцоолон бодох төв, Технологийн процессын удирдлагын автоматжуулсан систем, Хэмжих шалгах төхөөрөмж автоматикийн засварын хэсэг, Холбооны алба, Угсралт тохируулгын хэсэг гэсэн үндсэн 5 хэсгээс бүрддэг. Эдгээрээс ТБТ, ТПУАС нь үйлдвэрийн болон технологийн автоматжуулсан удирдлагыг хэрэгжүүлдэг.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 
Пүрэв, 28 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 28

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 149 дахь өдөр. Он дуусахад 216 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +17 градус, шөнөдөө +10 градус дулаан, аянга цахилгаантай аадар бороотой, салхины хурд 10-12м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 28. Бархасвад гараг. Билгийн тооллын шинийн 6. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Энэ өдөр туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, мод тарих, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжрах сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5308 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3067, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Дулааны станцын хүчин чадлын талаар танилцуулна уу?

Хариулт: -Дулааны станц нь Эрдэнэт хот, үйлдвэр, албан газруудын дулааны эрчим хүчээр хангадаг. Зуух, түлш дамжуулах, хими цахилгаан засварын гэсэн үндсэн хэсэгт 200 гаруй хүн ажилладаг. БКЗ-75-39ФБ маркийн 1 цагт 440 градус С-ийн халуунтай, 40 ати даралттай 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай 6 зуухтай бөгөөд жилд 1078,6 мянган гкал дулаан үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хэрэгцээнд 12 ати даралттай 250 градус С-ийн халуунтай уур өгдөг. Үүний зэрэгцээ хот, үйлдвэрт дулаан өгөх хоёр өөр дулааны шугам сүлжээтэй.

 (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.       

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.    

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. “ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм.

Фото: Б.Баттөгс

Лхагва, 27 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 27

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 148 дахь өдөр. Он дуусахад 217 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 27.Буд гараг. Билгийн тооллын шинийн 5. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Ном унших, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь  морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижих сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5341 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2803, евро 3050, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн, манай орны өнцөг булан бүрээс олон зуун залуучууд Эрдэнэтийг зорьсон. Энэ залуучууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчид, халамжлан хүмүүжүүлэгчид болж өссөн нь мэдээж. Эдгээр залуучуудын заримын ажил үйлс, амьдрал, бүтээлээс танилцуулна уу?

Хариулт:-1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцохоор манай орны 18 аймаг, хоёр хотоос ирсэн олон зуун залуучууд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босголцож, анхны барилгачдаас төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн ажилчид, инженер техникийн ажилтан болтлоо хөгжжээ.

МХЗЭ-ийн илгээлтээр 1974 онд анх Эрдэнэтэд ирсэн 54 залуугийн 14 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн дотор хүдрийн ил уурхайн өрмийн машинч Доржийн Чойжид, Дашдоржийн Баатар, Баянсангийн Мишиграгчаа, Өлзийн Даваа, уурхайн засварчин Хятадын Пүрэвдорж, эксковаторын машинч Кушметийн Махмудхан, уулын технологийн тээврийн цехийн БелАЗ-ын жолооч Рэнжавын Оросоо, Равдандоржийн Жанчивдорж, жолооч Лхагвын Мишка, Барилга засварын цехийн цахилгаанчин Чойнхорын Мөнхбат, Орон сууц нийтийн аж ахуйн газрын үйлчлэгч Шушкений Кульзира, мөн 1974 оны МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, анхны илгээлтийн залуучуудын ахлагчаар ажиллаж байсан, одоо уулын технологийн тээврийн цехийн ээлжийн дарга Даваагийн Пүрэвдорж нарыг онцлон дурьдаж болох юм.

МХЗЭ-ийн илгээлтийн эзэн хүдрийн ил уурхайн өрмийн машинч Данзангийн Жаргалсайхан техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир 1988 оны 5-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медалиар шагнагдсан. Одоо Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн төрөл бүрийн салбарт МХЗЭ-ийн илгээлтийн эзэн олон зуун залуучууд үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн дотор Эрдэнэт үйлдвэрт 200 шахам залуучууд ажиллаж, тэдгээрийн дийлэнх нь халамжлан хүмүүжүүлэгчид болсон.

 (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

Мягмар, 26 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 26

Өнөөдөр 05 дугаар сарын 26

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 147дахь өдөр. Он дуусахад 218 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +7 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 26.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 4. Шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Аливаа үйлд муу бөгөөд өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3054, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрчдийн хэрэгцээнд зориулан өргөн хэрэгцээний ямар бараа таваар үйлдвэрлэж байна вэ?

Хариулт:- Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрчдийн өргөн хэрэглээнд зориулан жилд 10 гаруй нэрийн 300 гаруй мянган төгрөгийн бараа үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд, спортын хэрэглэл, орон сууцны сантехникийн зориулалттай резинээр хийсэн сэлбэг, малчид, хөдөлмөрчдийн гэр ахуйн хэрэгцээний зарим нэрийн бараа үйлдвэрлэж худалдааны байгууллагаар дамжуулан борлуулж байна. Цаашид нийт ажиллагсдын цалингийн фондын нэг төгрөг тутамд таван мөнгөний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормативыг үндэслэн өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэр төрлийг өргөтгөх чиглэлээр тодорхой программ боловсруулж байна. Ийм боломж ч үйлдвэрт байгаа юм.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог