• Уурхайчид Хангалын голыг цэвэрлэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр,  Авто тээврийн цех,  Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цехзэрэг 20 нэгжийн 200 гаруй ажилтан энэ сарын 09-ний өдөр Хангалын голын гольдрол дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”дэд хөтөлбөрт тусгасан энэхүү ажлын хүрээнд 152 га талбайг цэвэрлэн, 130 м3 хог ачиж, хогийн цэгт буулгаад байна. Дэлгэрэнгүй...
  • Э.БҮЖИДМАА: Долдугаар сарын турш хүн бүр дээлээр гоёосой

         Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбороос санаачлан “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг энэ сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан энэхүү аян нь дээлийг өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн юм. Аяныг санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаатай ярилцлаа. -“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ? -Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол" өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ. -Үндэсний дээлээ сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд юуг хүргэхийг зорьж байна вэ? -Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна. -Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар" музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм. -Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? -Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. -Бүх нийтийг уриалах нэг сайхан үг хэлэхгүй юу? -Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай. Соёл урлагийн цогцолбор /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ/ Оролцогчдын бүтээлээс... И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг хамран агаарт дэгдсэн нарийн тоос агаарын урсгал хөдөлгөөнд орж, маргааш сарних төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.

Манан мэт агаарт тогтсон нарийн тоос нь онц сонин үзэгдэл биш хэдий ч манай аймгийн хувьд анхны тохиолдол болжээ. Энэ сарын 5-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутагт шороон шуурга шуурч, улмаар агаарт дэгдсэн шороо нь нарийн тоос болон хуралджээ. Ойрын өдрүүдэд салхины хүч бага байгаа нь нарийн тоосыг хөдөлгөөнгүй байдалд оруулсан бөгөөд маргааш салхины чиглэл нутгийн баруун хойноос байх төлөвтэй тул агаарт сарнина гэж тооцоолж байна. Нарийн тоос нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллага л тогтоох боломжтой тул иргэдийг амны хаалтаа зүүж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ялимгүй хур тунадастай, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин 12, 13-нд салхины хурд ихсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологи, мэдээллийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цээнээ мэдээллээ.  

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад буй “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт Шуурхай штаб байгуулагдаад 2 сар гаруй болж байна. Шуурхай штабынхан өглөө ажилдаа ирж буй ажилчдын биеийн халууныг хэмжих, хяналт тавих, хоолны цэгүүдийн эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн мэдээллийг цаг тухайд нь авч, нэгтгэн үйлдвэрийн Ерөнхий диспетчер болон Уул уурхайн яам, Улсын Онцгой комисст хүргэх чиг үүрэг хүлээдэг.

Штабын бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, ХАБЭА-н хэлтсийн ажилтан болон эмч нар ээлжийн горимоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэвшүүлэхэд хяналт тавьснаар ажилчид амны хаалт зүүх, гар угаах ариутгах нь тогтмолжиж, хоолны цэгүүдийн үйлчилгээ, эмх цэгц сайжирсныг Шуурхайн штабынхан онцоллоо.        

М.Балжинням

 
Мягмар, 07 4-р сар 2020 00:00

Өнөөдөр - 04 дүгээр сарын 07

Мэдүүштэй...

  1. Өнөөдөр жилийн 97 дахь өдөр. Он дуусахад 268 хоног үлдлээ.
  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +7 градус, шөнөдөө -1 градус байх бөгөөд шороон шуургатай, салхины хурд 5 м/сек.
  3. Аргын тооллын 4 сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 14. Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол замд явах хүмүүс зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.                       
  4. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4863 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ өдөр...

1973 оны 4-р сар

  • Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монголын ард түмэнд хандан уриалга гаргав.

1973 оны 4-р сард  

Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоор Зөвлөлтийн барилгачдын эхний хэсэг болох 18 хүн Эрдэнэтэд ирж, 5 дугаар сарын 9-нд Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.М. Овсянниковын удирдсан угсралтын бригад анхны уурын зуухны баганыг босгож, барилгын үйлдвэрийн баазын суурийг тавих ёслолын ажил болов. Эрдэнэтэд нэн түрүүнд баригдах шаардлагатай байгууламжаар,

  • Дархан хот дахь дамжин өнгөрүүлэх бааз
  • Улсын хилээс Дархан-Орхон-Эрдэнэт хүртэлх 220кВт-ын, Эрдэнэтээс Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуй хүртэлх 110 кВт-ын нийт 335 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц,
  • Монголын зохион байгуулалттай ажилчдын тосгон
  • Зөвлөлтийн барилгачдын хотхон
  • Салхит-Эрдэнэтийн төмөр замын хайгуул, бусад бэлтгэл ажил
  • Дархан-Эрдэнэтийн 170 км автозамын засвар
  • Цэвэр усны шугам байгууламжууд /Эрдэнэтээс 60 км-ийн зайд Сэлэнгэ мөрний эргээр гүний худгууд гаргах/ -ыг нэрлэж байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд жилийн нийт зардлынхаа 7-8 хувийг ажилтнуудынхаа нийгмийн хөгжлийн бодлого8хөтөлбөрт зарцуулдаг. Энэ үзүүлэлт жилээс жилд ахиж, ажилтан руу чиглэсэн олон талын бодит ажил нэмэгдсээр байна. Сүүлийн үед нийгмийн чиглэлээр хэрэгжиж буй ажлуудын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Манай үйлдвэрт Эрүүл мэндийн байнгын комисс байгуулагдсан. Та ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байгаа юм байна. Ямар зорилго, чиглэлтэй ажиллах вэ?

-Үйлдвэрийн газрын  Эрүүл мэндийн байнгын ажлын хэсэг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэрээр шинэчлэн байгуулагдлаа. Зорилго нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих  чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүтцийн нэгжүүд бий. Тэдгээр нь өөрийн хариуцсан чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэдэг. Гэхдээ зарим нэг тохиолдолд тухайн ажил нь саатах, удаашрах тал гардаг учраас Эрүүл мэндийн байнгын комисс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгөх, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллана. Комиссын бүрэлдэхүүн саяхан шинэчлэгдсэн. Эхний байдлаар ажлын хэсгийн журмын төслийг боловсрууллаа. Одоо бид Эрүүл мэндийг дэмжиххөтөлбөрөөхэлэлцэж бэлэн болгоно. Хөтөлбөр маань мөн л төслийн шатанд байгаа. Оны эхнээс бид комиссын ажлаа эхлэхээр төлөвлөж байсан ч “ковид-19” цар тахал  тархсаны улмаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн журмын дагуу бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүд уг бүрэлдэхүүнд ажиллана. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд гэхээр зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд гэлтгүй нийгмийн, эрүүл ахуйн, хоол зүй, хөдөлмөр хамгаалал, хүний нөөцийн  чиглэлийн мэргэжилтнүүд багтаж байна.

-Эрүүл мэндийн хөтөлбөрийг шинэчлэн батална гэлээ. Энэ хөтөлбөрийг ямар хугацаатай боловсруулж, хэрэгжүүлж байна вэ? 2020 оны Эрүүл мэндийн хөтөлбөр ямар онцлогтой байх вэ?

-Хөтөлбөрийнхөө төслийг боловсруулаад байж байна. Миний хувьд, Эрдэнэт үйлдвэрт жирийн ажилчнаас эхлээд 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм ч учраас  ажиллагсдын эрүүл мэнд, тэр тусмаа урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд илүү чухал гэж боддог. Тиймээс уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд түлхүү тусгагдана гэж харж байгаа.

-Нийгмийн харилцааны хэлтсийн ойрын үед хийж буй томоохон ажлууд юу байна вэ? Нийгмийн цехүүдийг тойрсон асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болж, бүтцийн өөрчлөлт хийсний хүрээнд Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар, манай хэлтсийн ажил олон чиглэлд үргэлжилж байна. Юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргээ тодорхойлж, нийгмийн хариуцлагын чиглэлээр ажиллах хэлтсийн журмыг батлуулсан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгмийн чиглэл болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын чиг үүргийн журмыг салган, өөр өөрийн харьяалалд авч шинэчиллээ. Шинэчлэхдээ бид, Ерөнхий захирлын өгсөн чиглэлийн дагуу журмуудыг  нэгтгэж цэгцэлж байна. Тухайлбал, таван өөр журмаар зохицуулдаг байсан тусламж үйлчилгээг нэг журамтай болгох гэх мэт. Мөн цаг үетэйгээ холбогдож шинэ журам боловсруулах шаардлага гарч байна. Нөгөө нэг томоохон ажил гэвэл бид 2019 оны нийгмийн хариуцлагын тайланг бэлтгэж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлд хэрхэн ажилласныг олон түмэнд таниулж, хүргэх цогц тайлан удахгүй гарна. Манай үйлдвэр орон нутагтай нягт хамтын ажиллагаатай. Саяхан, Орхон, Булган аймагтай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж, шинэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталж, гарын үсэг зурлаа. 2020 онд хамтын ажиллагааны хүрээнд манай үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум, Булган аймагт 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ удаагийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр зөвхөн өгөх биш, орон нутаг харилцан ашигтай ажиллах тухай тусгаснаараа онцлог болсныг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн 2 жилийн хугацаанд бидний өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Орос сургууль, цэцэрлэг, орос эмнэлгийн тусгай зөвшөөрлийн асуудал байсан. Энэ талаар манай хэлтэс байгуулагдсан цагаасаа хөөцөлдсөн. Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу Орос сургууль,  орос цэцэрлэг ажиллах ямар ч үндэслэлгүй гэдгийг бүх мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс орон нутагтай хамтраад уг сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох нь зөв гэсэн шийдэлд хүрээд байна. Үүнийг хэрэгжүүлэх Орхон аймгийн ЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн олон жил царцсан 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах ажил байна. 1А хороолол маань баригдаж эхэлсэн боловч  инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгөгүйгээс, барилгын ажил зогсоод байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймагт айлчлах үеэр Засаг дарга уг асуудлыг шийдүүлэхээр хандсан. Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийг хамтран шийдэх үүрэг чиглэл өгсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн зүгээс төсөлд шаардлагатай байгаа 12.5 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдээд байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зүгээс аймгийн иргэддээ барьж буй том бэлэг юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд байрлах 1А хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд цахилгааны под станцыг өргөтгөх, цэвэр бохир усны бүх шугам сүлжээнд холбох, үерийн усны далан барих, гол магистрал засмал зам тавих гээд иж бүрэн бүтээн байгуулалт хийгдэнэ. Зөвхөн ЦРП-2  дэд станцыг өргөтгөснөөр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн чадал 2 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогоороо  шийдэж байна гэж ойлгож болно.

-Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын тухайд..?

-Нийгмийн харилцааны хэлтсийн үндсэн хэсэг нь нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 31.3 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн. Цаг үеийн байдлаас шалтгаалан зарим нэг ажлаа түр хугацаагаар зогсоож байна. Өөрөөр хэлбэл, коронавирусын тархалтын улмаас дэлхийн зах зээлд унаж буй зэсийн үнэ эргээд өссөн үед эдгээр ажлууд үргэлжлээд явна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа бид эрэмбэлж, хамгийн чухлаас нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдан, Баян-Өндөр уулын энгэрт баригдаж эхэлсэн, хуучнаар “Москва 300” буюу “Уурхайчин-1”орон сууцны хороолол 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой. Одоогийн байдлаар уг хорооллын барилгын ажил хэвийн, хоёрдугаар давхрын цутгалт хийгдэж байна. Ирэх 6 дугаар сард цутгалтын ажил бүрэн хийгдэж, барилгын гадна тал дуусаж 12 сар гэхэд дотоод чимэглэл бэлэн болж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр  гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус хорооллын гүйцэтгэгчээр “Хемон”, “Одкон” компаниуд ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор энэ онд баригдана. Гүйцэтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж, 12 сард дуусгах төлөвлөгөөтэй. Дараагийн бүтээн байгуулалтын ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”-ийн байгуулалт. “Уурхайчин-2” орон сууцны хорооллын барилгын ажил энэ онд эхлэх бол “Уурхайчин-3” хорооллыг барьж байгуулах гүйцэтгэгчийн асуудал удахгүй шийдэгдэнэ.

-Ирэх 12 сард ашиглалтад орох “Уурхайчин-1” орон сууцны хороололд орох ажилтнуудын захиалга авсан. Өөрөөр хэлбэл, шинэ байрны захиалга дүүрсэн үү?

-Үйлдвэрийн цех нэгжүүдээс санал авсан. “Уурхайчин-1” орон сууцны хороолол 300 айлынх. Тиймээс бид цехүүддээ квот тогтоож өгсөн. Бидний тавьж буй шалгуур бол тухайн ажилтан өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр болон байрны тусламж хөнгөлөлт аваагүй байх. Учир нь үйлдвэрээс олгодог 12 сая төгрөгийн байрны хөнгөлөлтийг урьдчилгаа төлбөрийн 30 хувьд нь оруулахаар зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар, 280 гаруй ажилтны материалыг авч, хамтран ажиллаж буй Богд банканд хүргүүлсэн.

-Эцэст нь, орон сууцны хувьчлалын тухай тодруулъя. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиглэл өгсөн байгаа. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

-Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орон сууцыг үе шаттайгаар хэсэгчлэн хувьчлах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай үйлдвэрт ажлын хэсэг байгуулагдан, үйлдвэрийн хэмжээнд байгаа нийт орон сууцны тоо, мэдээлэл, цех нэгжүүдийн санал зэрэг нэгдсэн судалгаа хийж байна. Орон сууц хувьчлалын ажлын хэсэгт үндсэн цехүүд болон санхүү эдийн засаг, аудит, хууль, нийгмийн харилцаа, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар зэрэг бүхий л хэлтэс нэгжийн төлөөллүүд орсон. Мэдээж, Эрдэнэт үйлдвэрийн албаны зориулалтаар ашиглагдаж буй болон Орос мэргэжилтнүүдийн амьдардаг байрууд хувьчлалд хамрагдахгүй.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэгт хөтлөлтийн улсын үзлэгийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулсан билээ. Эрдэнэт үйлдвэр энэхүү улсын үзлэгт шилдэг 5 байгууллагын нэгээр шалгарч, өнгөрсөн долоо хоногт өргөмжлөлөө гардан авлаа. Удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр шагналын талаар албан ёсны мэдээлэл хийж, баг болж хамтран ажилласан нийт удирдлага, уурхайчин хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.

-Эрдэнэт үйлдвэр “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ээр 2 дахь удаагаа шалгарлаа, баяр хүргэе?

-Монгол Улсын Засгийн газраас 2019 онд зохион байгуулсан “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т нийт 5444 байгууллага хамрагдсан. Бид өнгөрсөн 7 хоногт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар нараас шилдэг байгууллагын шагналаа гардан авлаа. Дөрвөн жил тутам болдог улсын үзлэгт Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа шалгарч байна. Энэ удаа УИХ-ын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүн байр эзэллээ. Манай үйлдвэрийн хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компани болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаас 97,25 хувьтай дүгнэгдэж, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн.

-Шилдгээр шалгарахад нөлөөлсөн тэргүүн туршлагаасаа нэрлэвэл?

-Бид Мэдээллийн технологийн хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх, е-office, е-doc систем нэвтрүүлэн санаачилгатай ажилласан. Улсын үзлэгийн дүгнэлтэд, “Эрдэнэт үйлдвэр энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагаа бусад байгууллагад түгээн дэлгэрүүлэх” тухай тусгасан. Энэ утгаараа бид хийж байгаа ажлаа түгээхийн зэрэгцээ цаашид илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болж байна.

Эрдэнэт үйлдвэр таран байршсан 40 гаруй бүтцийн нэгжийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Орон зай, цаг хугацааны хувьд алслагдсан нэгжүүд ч бий. Иймд бид үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэн, е-office, е-doc программуудыг ахисан шатанд гаргах, шийдвэрлэлтийн үйл ажиллагааг цахимаар хянах, шийдвэрлэлтийн үйлажиллагаагудирдлагыншийдвэргаргалтын төвшинд хэрэгжүүлэх, шийдвэрт гаргалтад бодит үр дүн гаргахад анхаарч ажиллана. Манай 6000 ажилтан дунд ямар чадвартай, мэдлэг туршлагатай хүн ажиллаж байна, хүний нөөцийг хэрхэн зөв байршуулах вэ, давтан сургах уу, Эрдэнэт үйлдвэрт ирээдүйд ямар мэргэжил нэн түрүүнд шаардлагатай байна, гэх зэргээр хүний нөөцийн бодлогод цахим НR-ийг хөгжүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Энэ ажил маань гол үнэлгээ болсон гэж бодож байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

Бүлэг Ярилцлага

“COVID-19” коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас амжилттай гарахад чиглэсэн Төв штаб Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байна. Тус штаб нь 4 салбар штабтай бөгөөд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах ажлыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, санхүү, эдийн засгийн бодлогыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хариуцан ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчлэн коронавирусын тархалт, эдийн засгийн хямралтай үед бүх бодлого ажиллагааны төвд хүн байх учиртай. Тэр утгаараа нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр ахалж ажиллана. Хямралын үед үйлдвэрлэлийг хязгаарлалгүйгээр, орлого өгөх ажил, бүтээгдэхүүн өгөх төслүүдэд чиглүүлэх бөгөөд тэдгээр томоохон төсөл хэрэгжүүлэх штабыг Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат хариуцах бөгөөд штабууд өөрийн хариуцсан чиглэлээр цаг үеийн болон ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Хаврын урь ороход геологичид маань ажлаа эрчимжүүлж байгаа даа, гэх бодол эрхгүй төрдөг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан корона вирусын халдвараас сэргийлэхийн тулд ажил хаа сайгүй хазаарлагдсан аястай байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг бодитой тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг Геологи, хайгуулын экспедицийн ажил хэр урагштай яваа талаар тус цехийн дарга М.Дамдинсүрэнгээс тодрууллаа. 

-Геологи, хайгуулын ажил эхэлсэн үү?

-Гуравдугаар сарын эхээр эхэлсэн. Ил уурхай дээр энэ оны ашиглалтын хайгуулын ажил үргэлжилж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явна. Мөн Баяжуулах үйлдвэрийн хүсэлтээр Уралын уулын хүрээлэнгээс мэргэжилтнүүд ирж Хаягдлын аж ахуйд ажилласан. Бид тэнд өрөмдлөг хийгээд саяхан дууслаа. Манай нэгдүгээр улирлын төлөвлөгөө биелсэн. 

-Уралын уулын хүрээлэн-гийнхэн ямар ач холбогдолтой ажил хийсэн бэ?

-Хаягдлын аж ахуйн далангийн тогтвортой байдлыг хангах гэрээний дагуу усны түвшин, шилжилт хөдөлгөөн зэрэгт гидрогеологи, маркшейдерийн ажиглалт хийлгэдэг юм. Энэ ажлын пьезометр, инклинометрийн өрөмдлөгийг манайх хийдэг. Энэ удаа шон босгох өрөмдлөг хийж дууслаа. Тэд цооногууд дээр бүтэн жил ажиглалт явуулаад он гарахаар ажлын үр дүнгээ тайлагнана. Жилдээ нэг хийгддэг ажил л даа.

-Үйлдвэрийн газрын нөөцөд бүртгэгдсэн орд газруудад ажил явагдаж байна уу?

-Эрдэнэтийн төвөөс 40-өөд км яваад Шандын орд бий. Тэнд өнгөрсөн жил  хайгуулын ажил хийгдсэн. Энэ жил мөн үргэлжилнэ. 7000 тууш метр өрөмдөх төлөвлөгөөтэй. Технологийн материал нийлүүлэгдэхээр ажил эхэлнэ. Тавдугаар сарын сүүлээр хээр гараад явчих болов уу. Мөн тэнд геофизикийн ажил хийнэ.

-Оны эхнээс геологийн бичиглэл, зураглал эрчимтэй явуулсан байхаа?

-Тэгсэн. Энэ хүрээнд дахин 10 мянган тууш метр бичиглэл хийнэ. Энэ ажил эхний шатанд амжилттай явагдаж байна. Сардаа 2000 тууш метр бичиглэл явуулах ёстой. Ямар ч байсан хоёр, гуравдугаар сарын төлөвлөгөөгөө биелүүлчхээд байгаа.

-Эрдэнэтээр нисээд байгаа онгоц танай ажилтай хамааралтай юу?

-Өнгөрсөн жил бол хамааралтай байсан. Агаарын геофизикийн зураглал хийсэн. Зураглал тодорхой үе шаттай, масштабуудаар хийгддэг ажил л даа. Зураглалын тайллыг үндэслэн манайх ажлаа үргэлжлүүлдэг юм.

-Шандын ордоос гадна нөөцөд бүртгэгдсэн газар бий юу?

-Одоогоор хайгуул хийх ёстой хоёр ч газар байна. Завсрын хэсэг гэж бий. Тэнд хагас дутуу хайгуул хийгээд, аргачлал буруу гээд Сандуйжав гуайн үед орхигдсон. Оюутын хэсэг бий. Энэ дээр урьдчилсан хайгуул хийгээд бас орхисон. Лиценз нь манайд байдаггүй. Засгийн газраас, урт нэртэй хуулийн дагуу хаачихсан. Бид 2012 оноос хойш лицензийг нь авах гэж хөөцөлдөөд хуулийн хүрээнд хаагдчихсан учраас гарч ирэхгүй байна. Энэ хоёр газар  хүдрийн биет, зэсийн нөөц байгаа нь тодорхой.

-Урьдчилсан хайгуулыг манайх хийсэн үү? 

-Оюут дээр урьдчилсан хайгуулыг оросууд хийсэн байсан. Нөөц нь бодогдоод гарчихсан. Гэхдээ хайгуулын үйл ажиллагаа дутуу хийгдсэн учраас үргэлжлүүлэх шаардлагатай. Шанд ч ялгаагүй.

-Эрдэнэт үйлдвэрийн насыг жарнаар тооцох болсон. Энэ хоёр ордын нөөц үүнд багтсан уу?

-Хамрагдаагүй. Хэрэв нөөц нь тодорхой болоод бодогдох юм бол Эрдэнэт үйлдвэр 60-аас илүү жил ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Ер нь жаран жилийг яаж бодоод байна?

-2016 онд “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэлээр энэ хүчин чадлаараа 39 жил ажиллахаар тооцогдсон юм. Энийг 40 жил гэж үзэх боломжтой. 2016 оноос өнөөдрийг хүртэл ордын баруун хойд болон  төвийн хэсэг дээр үргэлжлүүлэн хайгуул хийсэн нөөц маань дахиад 20 жил ажиллах хэмжээнд байгаа учраас нийлбэрээр нь 60 жил гэж үзэж байгаа юм.

-Ойлгомжтой. Энэ оны хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх үү?

-Хамгийн том нь нэг өрөм шинээр авна. Бид техникийн тодорхойлолт, захиалгаа өгчихсөн. Үнэлгээний хороо байгуулагдсан. Удахгүй тендер зарлагдах болов уу гээд хараад сууж байна. Токарийн машин, индукцийн зуух гээд захиалгад орсон тоног төхөөрөмжүүд бий. Геологи, хайгуулын экспедици хайгуулын шатны үйл ажиллагаа явуулахаас гадна хайгуулын өрмийн хошуу ч юм уу, технологийн тоног төхөөрөмжийн хэрэгтэй сэлбэг хэрэгслүүдийг өөрсдөө хийхийг зорьж байгаа. Энэ хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийг авч байгаа юм. Гэхдээ одоохондоо энэ тухай ярихад эрт байна. 2021 онд хэрэгжих ажил.

-Манайх Монгол улсын хэмжээнд хайгуулын хамгийн том өрөм эзэмшдэг газар шүү дээ. Хэргийг нь гаргаж байна уу?   

-Геологи, хайгуулын анги экспедици болж өргөжсөнөөр зөвхөн үйлдвэрийн хэмжээнд бус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Тэр тусмаа Төрийн өмчит үйлдвэрийн газар учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа “Эрдэнэс-Таван толгой”- гоос эхлээд Багануур, “Шивээ-Овоо” гэх мэт уурхайнууд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажил хийлгэх боломжтой. Эдгээр уурхай хайгуулын төрөл бүрийн ажил үргэлж хийж байх ёстой. Манайх  ашиглалтын хайгуул, дараа нь гүйцээх хайгуул хийдэг. Үүний тулд өрөмдлөг зайлшгүй шаардлагатай. Мөн Геологи, хайгуулын анхан шатны ажил болох бүх төрлийн зураглал хийдэг.             

-Зураглал олон янз байдаг уу?

-Геологийн, гидрогеологийн, геофизикийн зураглал гэж бий. Энэ ажлуудыг хэрэгцээтэй талбайд хийж өгөөд эрлийг эхлүүлдэг. Эрлийн ажил дууссаны дараа урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуулын төгсгөлд нөөцийн тайлан бичигдэнэ. Үүний үр дүнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулагддаг. Уурхай болоод явсны дараа ашиглалтын хайгуул, гүйцээх хайгуул болон тусгайлсан хайгуул хийгддэг.

-Тусгайлсан хайгуулыг хаана хийдэг вэ? 

-Жишээ нь олон жил болсон овоолгуудын нөөцийг тусгайлсан хайгуулаар тогтоодог. Хэдийгээр уурхайгаас гарч байгаа уулын цул сар, улирал, жилийн үр дүнгээр тоон үзүүлэлт, хүдрийн хэмжээтэй байдаг ч талбайд тараагаад асгачихаар хаана нь юу орсон нь мэдэгдэхгүй. Тиймээс хайгуул явуулдаг юм. Дараа нь “Ачит Ихт”, “Эрдмин” компани шиг хэрэглэнэ гэсэн үг.  

-Шинээр авах өрөм өмнөх томтой ижил үү? 

-Адилхан, 2500 м хүртэл өрөмдөх хүчин чадалтай. Шандын ордын хөрсний зузаан нь 300 метр байна. Түүнээс доош хүдэр байгаад байдаг. Гэтэл манайх хамгийн гүндээ 1617 хүртэл метр өрөмдөж байсан. Одоо 300, түүнээс гүн өрөмдөх шаардлагатай учраас хүчин чадал өндөр өрөм захиалсан.

-Зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд хэмнэлтийн бодлого хэрэгжиж байна. Танайд боломж бий юу?

-Хэмнэлтийн бодлогын хүрээнд энэ онд 170 сая төгрөг хэмнэх техник, зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Баярлалаа.   

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог