• Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа

    Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. 2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, Засварын хэсгийн засварчин Д.Энхмандал, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин А.Отгонбаатар, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженер М.Оч-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын хэсгийн засварчин Н.Алтангэрэл, Өөрөө нунтаглах хэсгийн конвейрийн машинч Т.Цэцэгмаа, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ нарын гэр бүл тодорчээ. Мөн тус цехийн удирдлагууд энэ өдөр Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөө хүүхдийн өрөөнд Бүжинлхам бурхан заллаа. Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханыг Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, шашны сургууль төгссөн бурхан урлаач Н.Эрдэнэбаяр бүтээсэн бөгөөд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урамшуулал гардуулав. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн зээгт наамал урлал бүхий “Цагаандарь эх” бурханыг бүтээсэн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэг тэргүүтэй дөрвөн бүсгүйг мөн урамшуулсан юм. Түүнээс гадна энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдээ цехийн удирдлага хүлээн авч, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургамж ерөөлөө хайрлав.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Жолооч нарын аюулгүй байдлыг хангалаа

    Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч нарын аюулгүй байдлыг алдагдуулсан учир уг хурд сааруулагчийг өнөөдөр авлаа. Энэхүү хурд сааруулагчийг өвлийн улиралд гарам цэвэрлэх үед машин гулсаж орж ирэх эрсдэлтэйгээс гадна зам дагуух үерийн сувгийн чиглэлийг өөрчлөх зорилгоор Тээвэр ложистикийн төв хүсэлт гаргасны дагуу Барилга засварын цех хийсэн байна. Харин жолооч нар гомдол гаргаснаар Автотээврийн цех судалж үзээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” бүлгийн заалт зөрчих нөхцөл үүссэн, мөн өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсгэх, тээврийн хэрэгсэл өгсөх чигийн хөдөлгөөнд хүч алдах зэрэг эрсдэл үүсгэнэ гэж дүгнэн хурд сааруулагчийг авах шийдвэр гаргажээ.       М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын үйлдвэрлэл эхэллээ

    Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний технологи бүрэн шинэчлэгдэж өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийг туршилтаар эхлүүллээ. Сэтгүүлч хүний хувьд шинэ бүхнийг соргогоор мэдэрч, дэргэдээс нь үзэхийг “хорхойсдог” болохоор яваад очлоо. Өмнөх дуу чимээ, утаа униар эрс багасжээ. Төмрийн “дархчууд” маань шинэ тоног төхөөрөмж, технологи дээрээ хамгийн түрүүнд Баяжуулах үйлдвэрийн тээрмийн хуяг цутгаад дөнгөж шигшин гаргаж байхтай таарав. Одоо тасдаж ялгаад гадаргууг нь цэвэрлэнэ гэнэ. Өмнө нь үйлдвэрлэж байснаас өөр харагдана уу? гэж асуухад технологич инженер О.Майдаррагчаа “Бүрэн гүйцэт болохоор л харьцуулна даа. Хэвний хувьд нягт, гадаргуу жигд, маш сайн болсон” гэлээ. Цутгуурын цехийн хайлалт хуучнаараа явагдаж байна. Харин хэвний хагас автомат шинэ шугам зогсоо чөлөөгүй ажиллана. Үйлдвэрлэл дөнгөж эхэлж байгаа болохоор элсний температураас эхлээд үйлдвэрлэлийн явцын дунд тоног төхөөрөмжийн зарим нэг тохируулга давхар хийгдэж байв. Шинэ шугам ажилд орсноор орцын материалууд цөөрчээ. Өмнө нь 7-8 мянган тонн элс хэрэглээд хогийн цэг рүү хаядаг байсан бол одоо 2000 тонн элс цех дотроо тасралтгүй эргэлдэх юм. Зардал хэмнэхээс гадна байгаль орчин бохирдуулахгүй давуу талтай. Одоо Оросоос ирсэн кварцын элс хэрэглэж байна. Мөн манайхны ярьдгаар дулаанд тэсвэртэй хар элс ашиглаж харагдана. Түүнээс гадна өмнө нь олон төрлийн барьцалдуулагч бодис, туслах материал үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байсан бол одоо хатууруулагч, давирхай гээд хоёр бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ нь шинэ технологи үйлдвэрлэлд хамтран нэвтрүүлж буй “FAT” компанийн тоног төхөөрөмжид зориулсан шингэн бөгөөд Чех улсаас ирдэг гэнэ.   Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугамаас гарах бүтээгдэхүүний чанар, гадаргуугийн цэвэршилт эрс сайжирсныг Хэвний хэсгийн туршлагатай мастер Э.Дүүрэнбаяр онцоллоо. Хэв сайжрах нь үйлдвэрлэлийн дараагийн дамжлагад шууд сайнаар нөлөөлнө. Тухайлбал, металл цэвэрлэх цаг гэхэд 80 хувь буурсан байх жишээтэй. Цутгуурын цехийн ажилчид өмнө нь маш их дуу чимээ, утаа униар дунд голдуу биеийн хүчний ажлыг олуулаа гүйцэтгэдэг байсан бол одоо хянах, товчлуур дарах, оосорлох, элс тэгшлэх, будах гэх мэт энгийн ажлыг тайван хийцгээнэ. Хүний гар ажиллагаа эрс багассан нь харваас илт. Хольц бэлтгэх хэсгийнхний ажил бүр үгүй болж тэнд ажиллаж байсан хүмүүсээ Механик цех рүүгээ шилжүүлжээ. Энэ үеэр зарим ажилчидтай уулзаж, ажлын завсраар нь цөөн хором ярилцлаа. Хэвчин Ж.НЯМДАВАА: -Би Эрдэнэт үйлдвэрт 18 жил ажиллаж байна. Өмнө нь гараар, хийн багажаар ажилладаг байсан. Сүүлийн үед гар чилж өвддөг болсон. Технологийн шинэчлэл хийгдсэнээр бүх тоног төхөөрөмж автомат болж, хүний гар ажиллагаа эрс багассан. Ажил хөнгөвчлөгдөж, бүтээмж сайжирсан. Манай Цутгуурын цехийн үйлдвэрлэл бүтэн долоон сар зогссон болохоор шинэ шугам дээр ажил эхлэхийг сэтгэл догдлон, хоног тоолон хүлээсэн. Өргөтгөл шинэчлэлийн энэ том ажлыг манайхан өөрсдийн хүчээр богино хугацаанд хийж, дэлхийн шилдэг технологийг алдаагүй нэвтрүүлж чадсан хамт олноороо үнэхээр бахархаж байна. Хэвчин Г.ТОГТОХБАЯР: -Би өмнө нь хольц бэлтгэгчээр ажиллаж байсан. Том холигч дээр өөрөө шавраа зуураад, хүрзэднэ. Механик ажиллагаа ихтэй, биеийн хүч шаардсан ажил байсан. Миний хийж байсан ажлыг одоо автомат машин хийх болсон. Тиймээс би хэвийг  дамжуулах хэсэг дээр ажиллаж байна. Ер нь технологийн шинэчлэл хийгдсэнээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл олшрохоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлт хүчин зүйл эрс багассан. Өмнө нь хэвний хэсэг өдөрт дунджаар 30-аад тонн цутгамал бүтээгдэхүүн хийдэг байсан бол тоног төхөөрөмжүүд маань автомат, хурдтай болсон болохоор нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа гэв. Хүйтнээр хатуурах цутгамлын технологи өндөр нарийвчлалтай. Өөрөөр хэлбэл гологдол бүтээгдэхүүн багасна гэсэн үг. 2001 онд Цутгуурын цехийн гологдол долоон хувь байсан. 2010 онд мөн Германы “FAT” компанийн хүйтнээр хатуурах гар хэвний холигч 30 тонны жижиг машин ашиглаж эхэлснээр өнгөрсөн онд гэхэд гологдол 3,9 хувь болж буурсан. Одоо шинэ технологи нэвтрүүлснээр 2,3 хувь болно. Энэ нь 160-аад тонн цутгамал бүтээгдэхүүн буюу өнөөдрийн үнэ ханшаар бодоход нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдсэн гэж заводын Ерөнхий инженер А.Арвис ярьсан. Учир нь бүтээгдэхүүний чанар ажилтан бүрийн ур чадвараас шууд хамаардаг байсан бол одоо тоног төхөөрөмжийн алдаагүй ажиллагаа илүү нөлөөтэй болжээ. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй “FAT” компанийн төлөөлөгч Монгол инженерүүдийн ур чадвар, туршлагыг өндөр үнэлж, хамтран ажиллахдаа тун таатай байгаагаа аяга цай уух зуураа илэрхийлдэг гэнэ. Цутгуурын цехийн шинэчлэл коронавирусын халдварын төлөвлөөгүй нөхцөл байдалтай тулгарсан ч манай мэргэжилтнүүд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж ард нь гарч чадсаны тод илэрхийлэл нь шинэ шугамаас гарсан бүтээгдэхүүний хийц, чанар байв. Яг л шинэ хүүхэд мэндлэхэд догдлон тойрч суугаад харж шинждэг шиг баяр бахдал дүүрэн байцгаасан. Дэлхийн жишигт нийцсэн, Монголын бахархал болсон Цутгуурын үйлдвэрлэл ийнхүү амжилттай эхэллээ.   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Б.БАТЦЭЦЭГ: Тамхи татахаа багасгахаас илүү шууд хаях нь хамгийн үр дүнтэй

    Дэлхий нийтээр тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд иргэдийнхээ тамхины хэрэглээг багасгах, түүний хор уршгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавин олон ажил зохион байгуулж байна. Энэ удаагийн дугаарт тамхины хэрэглээ, хор уршгийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  хоол зүйч Б.Батцэцэгтэй ярилцлаа.   -Манай улсад тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ? -Тамхи бол мансууруулах нөлөөтэй, донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор. Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд f-17 сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртдөг нь халдварт бус өвчин нэмэгддэг гол шалтгааны нэг  болж байна. -Тамхи татах нь хүний бие организмд ямар сөрөг нөлөөтэй вэ ? -Хүний  бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно.  Тамхины утаанд агуулагдах янз бүрийн химийн нэгдэл, хорт бодис уушгины эдийг гэмтээнэ. Мөн цусанд шингэж судасны ханыг гэмтээх нөлөө үзүүлнэ. Ийм учраас тамхи татдаг хүн зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүнээс тав дахин их байдаг. Тамхи татах нь  жирэмсэн эмэгтэйн ураг, үр хөврөлд маш хор нөлөөтэй. Ургийн гажиг үүсэх, зулбах, жин багатай төрөх аюултай. -Тамхи хорт хавдар үүсгэдэг үү? -Тамхи бүх төрлийн хавдар үүсгэдэг. Тамхинд 7000-аад төрлийн химийн бодис байдгаас 69 нь хорт хавдар үүсгэнэ. Химийн хортой бодис агуулагддаг уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг. Цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, уушгины эмгэг гэх мэт олон өвчний шалтгаан тамхинаас үүдэлтэй. Тиймээс залуу хүн ч энэ өвчинд өртөх эрсдэлтэй. Нэг янжуур татахад хүний нас долоон минутаар хорогддог гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Тиймээс өөртөө өвчин худалдаж аваад байна гэсэн үг. -Тамхинаас хүн гараад эргээд орчих тохиолдол түгээмэл байдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ? -Хамгийн зөв арга бол ердөө өөрийгөө удирдах, тамхи татдаг тохиолдлууддаа дүгнэлт хийж, зайлсхийх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй л дээ. Цөөрүүлж  татах хугацааг хол болгох гэхээсээ илүүтэй шууд хаях нь хамгийн үр дүнтэй. Тамхи стресс тайлдаг гэж хүмүүс эндүүрдэг. Стрессийг тайлахгүйн дээр эхний янжуурыг татах үед дараагийн янжуурыг татах сэдлийг өгч донтуулдгийг анхаарах хэрэгтэй. -Тамхинаас татгалзсанаар хэдий хугацаанд хүний биед эерэг өөрчлөлт гарах вэ? -Таталгүй найман цаг болоход цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. 48 цагийн дараа  цусан дахь никотин алга болж, уушгийг бүрхсэн жижиг үснүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Нэг жилийн дараа зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна. Арван жилийн дараа  уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь, 15 жил болоход  эрүүл хүнийхтэй ижил түвшинд очно. Тиймээс тамхийг цаг алдалгүй хаях хэрэгтэй.  -Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд тамхины хэрэглээ хэр байна. Энэ төрлийн судалгаа бий юу? -2020 оны 5 сард түүврийн аргаар ажилчдын 10 хувийг хамруулсан судалгаа авч дүгнэсэн байгаа. Судалгаанд хамрагдагсдын 76 хувь нь татдаг гэж хариулсан.  Үүнээс 10-аас дээш жил татсан нь 50-иас илүү хувийг эзэлдэг нь тамхины хэрэглээ манай үйлдвэрийн ажилчдын дунд өндөр байна. Тамхинаас гарах гэж оролдсон боловч одоо хэр нь татдаг гэсэн хувь их байгаа нь ажиглагдсан. Мөн 26-39 насны залуучууд ихэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Тиймээс тамхины хор хөнөөлийг таниулах, хэрэглээг багасгах үр нөлөөтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна. Тамхидалт нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөр тэдний ажлын бүтээмж буурдаг, эрүүл мэндийн зардал, мөн ажил таслалт ихсэх талтай. Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Т.БАТМӨНХ: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардал хэмнэнэ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажил болон цаг үеийн асуудлыг хөндөн ярилцлаа. -Ярилцлагынхаа эхэнд та, Онцгой дэглэмийн үед шат дараатай авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? -Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрийн Ерөнхий захирлын А/139 тоот тушаал гарсан. Уг тушаалын дагуу тасралтгүй ажиллагаатай дөрвөн чиглэлийн штаб байгуулсан. Миний хариуцсан штаб үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана. Тус штаб нь гурван багц ажил хариуцан хийж байна. Нэгдүгээрт, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэмэлт орлого олох даалгавартай. Зах зээл дээр зэсийн ханш унаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед харилцагч орнуудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр нийт 120-иод нэр төрлийн бүтээгдэхүүн авч үйлдвэрлэлийнхээ технологид ашигладаг. Үүний 50-иад нэр төрлийн бүтээг-дэхүүнийг өмнөд хөршийн үйлдвэрүүдээс шууд авдаг. Энэ бүтээг-дэхүүнийг үйлдвэрлэдэг үйлд-вэрүүдийн үйл ажиллагаа зогссон. Иймээс үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах манай штаб нөөц бүрдүүлэх ажлыг хийж эхэлснээр харьцангуй энэ цаг үед бэлтгэлтэй орсон. Тухайлбал, үйлдвэр маань гадна, дотнын байгууллагад өр төлбөргүй байгаа. Өөрсдийн хэмжээнд хэрэгцээтэй бараа, материалаа нөөцөлж чадсан нь бидэнд давуу тал олгосон. Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгаврын хүрээнд бид 300 мянган тонн хүдрийг жилд төлөвлөгөөнөөс илүү боловсруулах болсон. Зэсийн металл авалтыг 0,4 хувиар, молибдены металл авалтыг 3,5 хувиар өсгөнө. Өөрөөр хэлбэл металл авалтаа өсгөн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орлого нэмж олох зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон нэмэлт даалгавраа биелүүлээд явж байна. -Танай штаб гурван цогц асуудал хариуцан ажиллана гэж дурдлаа. Нөгөө хоёр нь ямар ажил хийхээр төлөвлөөд байна? -Хоёрдугаарх нь, томоохон төслүүдээ хөдөлгөн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил байгаа. Ингэснээр ирээдүйд үйлдвэрийнхээ найдвартай ажиллагааг хангана. Жишээ нь: Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг барина. Энэ ажлын гэрээ байгуулагдаад явж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл эхэлчихсэн. Зураг, төсвийн ажил хийгдсэн. Барилга байгууламж, суурийн ажлын зургийг цахимаар хүлээж аваад хөндлөнгийн хяналтаар оруулах шатанд явж байна. Энэ ажлыг бид төлөвлөгөөгөөр 2021 оны наймдугаар сард дуусгаж, залгах ёстой. Одоогийн байдлаар гаднын мэргэжилтнүүд ирэх боломжгүй ч бид энэ ажлыг цахимаар хийж байна. Мөн ЗМЗ-ын Цутгуурын цехийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажлыг бид гүйцэтгэсэн. Ингэхдээ, Цутгуурын цехийн үйл ажиллагааг зургаан сар зогсоож технологийн шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусгалаа. Герман улсын мэргэжилтнүүд ирж тохируулга, залгалтын ажил хийх байсан нь коронавирусээс шалтгаалан ирж чадаагүй. Манай инженер, техникийн ажилтнууд Германы мэргэжилтнүүдээс цахимаар зөвлөмж авсны дагуу тохируулга, залгалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Одоо бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. Түүнчлэн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг 12 сая тонн хүдэр хүлээн авах хүчин чадалд хүргэн өргөтгөх ажил байгаа. Уг ажлын тендерийг шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаад явж байна. Гурав дахь нь, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах ажил байна. Манай тэсрэх бодисын үйлдвэрийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглочихсон. Энэ нь тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг онцгой объект. Тэгэхээр үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд энэ үйлдвэрийг шинээр барих ёстой. Уг үйлдвэр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад явж байна.  -Үйлдвэрлэлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Химийн төв лаборатори барьж ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Зураг төслийн тендерийн шалгаруулалт явагдаж байна. Гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг явуулж, уг ажлыг энэ онд эхлүүлнэ. Дараагийн ажил нь Цэвэр усны гуравдугаар шугамыг барьж байгуулна. 2021 он гэхэд бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөн жилд  35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрэх ёстой. 2023 онд манай хүдэр дэх зэсийн агуулга  эрс буурна. Иймээс 2021 оны 8-р сард Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг нэмж барихаар төлөвлөөд байна. Ингэснээр зургаан сая тонн хүдэр нэмж боловсруулна. Энэ ажил эхэлсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг өргөтгөх ажил  явагдаж байна. Үүнтэй уялдаж цахилгаан хангамжийн асуудал гарч ирдэг. Хуучин 63 МВт-ийн трансформатор ашиглан цахилгаанаар хангадаг байсан. Энэ хүчин чадлаа 80 МВт хүргэн өргөтгөх шинэчлэлийн ажил 2020 онд хийгдэнэ.                     -Таны дурдсан шинэчлэлийн ажлуудыг хийхэд хүндрэлтэй асуудал бий юу? -Ус хангамжийн асуудал байна. Манай үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнээр технологид шаардлагатай усан хангамж хүрэлцэхгүйд хүрнэ. Тэгэхээр бид цэвэр усны гуравдугаар шугамыг зайлшгүй барьж байгуулах ёстой. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Ерөнхий эрчим зүйчээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр Хятадын компани шалгарууллаа гэх юм уу, тендерт оролцогчдоос ямар нэгэн гомдол гардаг учраас үүнийг би дахин тодруулж хэлж байна.                  -Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан, нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан улс орон даяар эдийн засгийн хэмнэлтийн бодлого барьж байна. Манай үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өртөг зардлаа бууруулах зорилт тавьсан. Энэ талаар жаахан тодруулна уу?  -Зардал хэмнэх ажил явагдаж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан. Нэг талаас нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нөгөө талаас зардал хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр сайн зохион байгуулалт, сахилга дэг журам, мэргэжилтнүүдээс ур чадвар шаардана. Энэ ажлыг хэрэгжүүлснээр оны төгсгөлд  25,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэж 17,6 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Оны эхний дөрвөн сард бид үйлдвэрийн төлөвлөгөөнөөс илүү 6,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. 1,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэлээ. Ийм байдлаар явбал оны төгсгөлд бидний зардлын болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө хангалттай биелнэ. Энэ ажилд манай штаб хяналт тавьж, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.   -Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нөөцгүй ажилладаг, тоног төхөөрөмжийг жилд нэг удаа зогсоож, дараагийн жил найдвартай ажиллах боломжийг хангах зорилгоор их засвар хийдэг. Энэ онд тоног төхөөрөмжүүдийн их засварын ажил хэдийд хийгдэх вэ? -Жил бүр 7-р сарын эхэнд 48 цаг зогсоод тоног төхөөрөмжөө залгадаг. Энэ жил сонгууль давхацсан учраас 7-р сарын 31-ээс 8-р сарын 2-ны өдрүүдэд байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжөө зогсоох төлөвлөгөө гарсан. Ерөнхий захирлын А/56 тоот тушаалын дагуу их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангана. Үүнтэй уялдуулан Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 52-р шийдвэр гарсан. Ингэснээр их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангах штаб байгуулагдаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрөв дэх удаагаа штаб хуралдлаа. Хүн хүч, тоо хэмжээ, хийх ажлын цар хүрээ гарсан. Их зогсолттой холбоотой сэлбэг, хэрэгсэл материалын худалдан авалтын ажиллагаа ид явагдаж байна. Одоогийн байдлаар их засварын ажилд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, сэлбэг материалын 20 хувийг үйлдвэртээ хүлээж аваад байна. Үлдсэн хувийг нь 7-р сарын сүүлч хүртэл хүлээн авна. Манай үйлдвэрийн Худалдан авах бодлогын газар тодорхой төлөвлөгөө гарган долоо хоног бүр штабын хурлаар биелэлтээ танилцуулж байгаа. -Дэлхий нийтэд тархсан коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна? -Дэлхий нийтэд цар тахлын дэгдэлт тархсанаас Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэр онцгой дэглэмтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж буйг та бүхэн мэднэ. Үйлдвэрийн дүүрэгт гамшгаас хамгаалах 24 цагийн тасралтгүй үүрэг бүхий штаб Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулан ажиллаж байна. Улс, орон нутгийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр маш өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл хамгийн их хүний урсгал бий болж буй газар Эрдэнэт үйлдвэр. Нэг ээлжинд 30 гаруй автобус дүүрэн хүн ирдэг. Тэгэхээр улсын Онцгой комиссоос нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Иймд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өндөр түвшинд хийж байна. Нийгмийн цехүүдэд хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллагчдынхаа цалинг бүтэн өгч ажиллуулж байна. Иймээс энэ цехийн хүмүүсийг ариутгал халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин ажиллуулж байгаа. Нөгөө талаар, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өдөрт гурван удаа хийж байна. Энд онцгой комисс ажиллаж, орж гарсан хүмүүсийн биеийн халууныг үзэж байна. Гаднын байгууллагуудын хүмүүсийн хөдөлгөөнийг хориглосон. Ажиллагчдын нэг автобус хүнээ буулгасны хойно дараагийн автобус зорчигчдоо буулгах жишээтэй. Нөгөө талаар, “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлалтын бүс бий болгоод орж ирсэн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Тэнд ажиллаж буй эмнэлгийн хүмүүсээ аюулгүй ажиллах хувцас, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, хяналтын камер бусад хэрэгцээтэй зүйлсээр хангаад явж байна. -Үйлдвэрлэлийн технологит ашигладаг бодис, сэлбэг хэрэгсэл, бараа материалын хүрэлцээ хэр байна вэ? Хангалттай байна. Бид аваарын нөөц бүрдүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэр тасралтгүй хоёр сар ажиллах нөөц бүрдүүлж явдаг. Технологийн материалууд дээр нөөц бүрдүүлж ашиглаад, нөхөж бүрдүүлээд явж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд хэцүүдэж тасалдах юм алга. Манай үйлдвэрийн уурхайчид хагас цэрэгжилтийн байдлаар ажилладаг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд бид бэлтгэлтэй ажиллаад сурчихсан. Эрдэнэт үйлдвэр дансандаа мөнгөтэй байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бараа материалаа худалдаж аваад нөөцөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөснөөс унасан ч нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг авсан штабууд үйлдвэрлэлээ хэвийн явуулж байна даа. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • “ТОП”-ууд Эрдэнэт үйлдвэрт зочилж, улсын хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ

    Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар төмөр зам, MCS, Петровис, МАК, Шунхлай компанийн захирлууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран анх удаа зохион байгуулсан уг уулзалтад оролцогч магнатууд ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн манлай үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Белазын гарааш, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд Эрдэнэт үйлдвэрт зочилж, Монголын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх 10 компанийн үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон “Эрдэнэтийн тунхаг” гаргалаа. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ, Засгийн газарт энэхүү тунхаг бичгээ өргөн барина гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярилаа.                         М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэв

    “Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121,5 хувийн биелэлттэй байв. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байлаа” гэж Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал мэдээллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, цалин орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, хүрсэн түвшнээ алдахгүй байхын төлөө уурхайчид ажиллаж байна.  Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 06 дугаар сарын 03

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 154 дэх өдөр. Он дуусахад 211 хоног үлдлээ.          2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна. 3. Аргын тооллын 6 дугаар сарын 03. Буд гараг. Билгийн тооллын шинийн 12. Улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу.Өдрийн сайн цаг нь  бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүн баруун хойш зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ.          4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5463 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3115, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1969 оны 06 дугаар сар Зөвлөлт Узбекстаны Ташкент хотноо Монгол-Зөвлөлтийн залуучуудын III их наадам болов. МХЗЭ, БХЛКЗЭ-ийн хамтын ажиллагааны 1969-1979 оны хэтийн төлөвлөгөө батлагдав. Москва хотноо коммунист, ажилчны намуудын ээлжит зөвлөгөөн болов. Чехословак, Зөвлөлтийн мэргэжилтнүүд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг ашиглах талаар техник эдийн засгийн анхны тооцоог хийж, БНМАУ-ын Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны коллегийн хурлаар хэлэлцүүлжээ.         Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 06дугаар сарын 02

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 153дахь өдөр. Он дуусахад 212хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-8м/сек байна. 3. Аргын тооллын 6 дугаар сарын 02.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 11.Улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20цаг 44 минутад жаргана. Энэ өдөр луужилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиажилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу болой. Өдрийн сайн цагнь  нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай (05:40-07:40), морь(11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа(17:40-19:40)болой.Хол замд явах хүн зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 5376ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2806, евро 3089, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1963 оны 06 дугаар сар Монгол-Чехословакийн хамтарсан геологийн 1-р экспедиц байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав. 1965 оны 06 дугаар сар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНСЧСУ-д айлчлав. 1966 оны 06 дугаар сар МАХН-ын XVих хурал БНМАУ-д социализмыг бүрэн байгуулах зорилт дэвшүүлсэн МАХН-ын IVпрограммыг баталж, 1966-1970 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх IVтаван жилийн төлөвлөгөөний удирдамжийг гаргажээ. 1967 оны 06 дугаар сар Дархан хотод Монгол Зөвлөлтийн залуучуудын IIих наадам болов.   Дэлгэрэнгүй...
  • “Миний мөрөөдөл” цахим уралдааны дүн гарлаа

    Хүүхдийн баярыг угтан Баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан насны ангиллаар бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд хүүхдүүдийн 90 гаруй бүтээл иржээ. 1-3-р ангийн насны ангилалд Цахилгаан цехийн цахилгаанчин Орхоны охин, XIV сургуулийн 3б ангийн сурагч О.Мөнгөнтуул түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн баяжуулагч Золжаргалын охин, XIV сургуулийн 2б ангийн сурагч Б.Хулан удаалж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйлчлэгч Очмаагийн хүү, V сургуулийн 3д ангийн сурагч Б.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 4-5-р ангийн насны ангиллын нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн засварчин Будаевийн охин, IV сургуулийн 5-р ангийн сурагч Б.Энхжин, хоёрдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн нярав Сугарын охин, XIII сургуулийн 5г ангийн сурагч С.Очгэрэл, гуравдугаар байрыг Засвар механикийн заводын ЗУХ-ийн дарга Мэндбаярын охин, М.Анужин эзэлжээ. 6-7-р ангийн насны ангилалд Ил уурхайн экскаваторын туслах машинч Мягмарбулганы охин, XIX сургуулийн 7-р ангийн сурагч М.Хулан түрүүлж, Засвар механикийн заводын токарьчин Буджавын хүү, V сургуулийн 6г ангийн сурагч Б.Энх-Амгалан, Автотэээврийн цехийн гагнуурчин Амгалан-Эрдэнийн хүү, V сургуулийн 7г сурагч А.Түвшинтөгс нар удааллаа. 8-9-р ангийн насны ангилалд тэргүүн байрыг Дулааны цахилгаан станцын мастер Болдбаатарын охин, Орхон Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхжин эзэлж, дэд байрт Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, XIV сургуулийн 8-р ангийн сурагч Тулга, гутгаар байрт Ус хангамжийн цехийн оператор Одгэрэлийн хүүхэд, “Билэгт-Өргөө” сургуулийн 8-р ангийн сурагч А.Нэрзэм нар шалгарчээ. Харин 10-12-р ангийн насны ангилалд Аж ахуй, үйлчилгээний цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Болормаагийн охин, V сургуулийн 12в ангийн сурагч Э.Солонго түрүүлж, Авто тээврийн цехийн гагнуурчин Батжаргалын хүү, “Эрдмийн сан” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баттулга, Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намхай нар удаалав.  М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.

    “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.  

И.Чинтогтох

    Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүтэй ярилцлаа.

     -Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тоймлон ярина уу?  

    -Манай сургуулийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс гурав дахь удаагаа магадлан итгэмжилсэн. Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллагын гэрчилгээгээ магадлах аудитад орж дахин баталгаажуулсан. Гурван удаа бие дааж магадлан итгэмжлэгдсэн, чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн их, дээд сургууль хуруу дарам цөөхөн. Ер нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц байгууллага бол манай сургууль. 2019 онд судалгаа, шинжилгээний төслүүдээс олох орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын төлөвлөгөөнд орсон гурван ажил хийлээ. Хоёр ажил дуусах шатандаа явж байна. Оюу толгой ХХК-иас хоёр төсөл авч хэрэгжүүллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гурван төсөл авч гүйцэтгэлээ. Мөн гадаадын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамрагдахаар болсон байгаа. Үүнд, ХБНГУ-ын Засгийн газрын гурван жилийн хугацаатай 1,8 сая еврогийн төсөвтэй, хаягдлыг агаараас тандан судлах төсөл эхлээд явж байна. БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан хамтран 1.5 сая юанийн санхүүжилттэй, гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжихээр болсон. Төслөөр баяжуулах процессын хаягдлаар галд тэсвэртэй, керамик барилгын материал үйлдвэрлэх боломжийг судлах юм. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон Шахтбау ногдхаусэн ХХК-ийн хамтарсан тусламжаар гагнуурын сургалтын төвийн тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөр, сургагч багш нараа олон улсын жишигт нийцүүлнэ. Уг төслөөр 120 мян.еврогийн тоног төхөөрөмжийг Шахтбау ногдхаусэн ХХК нийлүүлж, 120 мян.еврогийн тусламжаар сургагч багш нарыг Монгол болон Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. Цаашид гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

      -Та чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн сургууль гэдгээ тодотголоо. Бүр орон нутагт байгаа цорын ганц сургууль гэсэн. Энэ бүхэн танай сургуулийн хувьд яагаад чухал вэ?

     -Монгол улс хүн ам цөөтэй учраас тоогоор юм уу, үнээр хэзээ ч дэлхийд өрсөлдөж чадахгүй. Бид зөвхөн чанараар өрсөлдөж тэргүүлж чадна. Чанарыг бий болгохын тул тогтолцоо маш чухал юм. Түүнийгээ хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх нь бас чухал. Хүн төрөлхтөн хөгжихөд тогтолцоо хамгийн чухал болохыг хоёр удаагийн туршилтаар баталчихсан байдаг. Эхнийх нь 1945 онд Германыг уртрагаар нь зүүн, баруун болгож хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Хүн амын үүсэл гарал, хэл, соёл, хоол унд, амьдарч байгаа цаг уур гээд бүх юм адилхан байхад хөгжлийн асар зөрүү гарсан. Дараа нь 1953 онд Солонгосыг 38-р өргөргөөр өмнөд, хойд гэж хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Одоо хөгжлийн түвшин нь тэнгэр газар шиг ялгаатай байгааг бид мэднэ. Энд өмнөд Солонгосчууд нь илүү хүчтэй, ухаантай, хөдөлмөрч биш шүү дээ. Зөвхөн тогтолцооны ялгаанаас хөгжлийн асар зөрүү гарсан. Тиймээс би манай сургууль чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллага гэдгийг тодотгож хэлээд байгаа юм. Манай сургуулийг сонгоорой гэж уриалж байгаа юм.

      -Танай лицей сургуулийн ангид Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжих болсон. Энэ талаар...?  

     -Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хичээл заах багш нараа сургалтад хамруулж эхэлсэн. Тус хөтөлбөрийг урьд нь хоёр сургуульд хэрэгжүүлсэн туршлагатай зөвлөх авсан. Францад докторын зэрэг хамгаалсан багш Gregory Boils англи хэл дээр математикийн хичээлийг манай сургуулийн багштай хамтран орж эхэлсэн. Кэмбрижийн хөтөлбөр 9-12-р ангид хэрэгжинэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр манай ахлах сургуулийг төгссөн хүүхдийн диплом дэлхийн 130 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд олон улсын аль ч их, дээд сургуульд элсэж, тэтгэлэг авах боломж нээгдэнэ. Монголын ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийг давхар судлах тул дотоодын их, дээд сургуулиудад элсэн ороход хүндрэл үүсэхгүй. Ангиасаа хамааран 4-6 хичээлийг англи хэл дээр нэмэлтээр үзэх тул англи хэлний мэдлэг маш сайн болж төгсөнө. Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургуульд жил бүр наймдугаар анги төгссөн 20 сурагч элсүүлэхдээ англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт авна.

    -Технологийн сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох БСШУС-ын сайдын тушаал гарсан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болсны давуу тал юу вэ?

-Засгийн газрын 2019 оны 6-р сарын 5-ны 224-р тогтоолоор Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 1-р сард БСШУС-ын сайдын тушаал гарсан байгаа. Цогцолбор болсноор ерөнхий боловсролын ахлах сургууль, мэргэжлийн, техникийн, дээд боловсрол гээд бүх шатны боловсролыг цогцоор нь олгодог болно. Энэ жилээс үйл ажиллагаа маань олон улсын Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургууль, техникийн боловсрол олгох Политехник коллежоор өргөжих юм. Цаашдаа бие дааж магисрийн зэрэг олгодог болж хөгжих учиртай. Ингэснээр боловсролын салбарт цогц сургалт явуулдаг байгууллага болон хөгжих боломж бүрдэнэ.

      -Цаашдын зорилт юу вэ?

     -“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль судалгаанд суурилсан сургууль болж хөгжих ёстой. Манай сургууль тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай. Энэ нь судалгааны ажилд суурилж, өөрийн хөрсөнд таарах инновацийн шийдлүүдийг гарган үйлдвэрлэлд хэрэгжүүлдэг болохын төлөө ажиллана гэсэн үг. Ерөнхий захирал 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн тавьсанд маш их баярлаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулахад өндөр ач холбогдол өгч үйлдвэрлэлийн цехүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 2020 оны 10-р сарын 1-нд манай сургуулийн 45 жилийн ой тохиож байгаа тул үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааны амьд холбоог улам бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ амьд холбооны нэг жишээ нь Б.Хээрийнбаатар багшийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл юм. Уг төслөөр оюутны дотуур байрыг нарны сэргээгдэх цахилгаан эрчим хүчээр хангасан. Тэнд цахилгааны ангийн оюутнуудад бодитоор дадлага хийлгэх нарны 14 фото үүсгүүр байрлуулж сургалт явж байна. Мөн Орхон аймгийн нарны эрчим хүчний бодит боломжийн талаар судалгаа хийгдэж байна. Давхар жилд 1.6 сая төгрөгийн эрчим хүчний үйлдвэрлэл явж байна. Энэ бол шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг тод харуулсан бодит жишээ юм. Цаашид Үйлдвэрлэл-Сургалт-Судалгааны амьд холбоог улам сайн хөгжүүлж өндөр чадвартай инженер бэлтгэх таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Байгалийн нөөц бол хэзээ нэгэн цагт шавхагдана. Харин оюуны бүтээл, инженерийн шийдэл гаргах бол шавхагдашгүй нөөц юм. Иймээс байгалийн нөөц буй цагт боловсон хүчнийхээ чадвар чадамжийг сайжруулж, шавхагдашгүй нөөцийг бий болгох хэмжээнд хөгжүүлж бойжуулах ёстой.

     -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

     Өнгөрсөн онд “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдаанд тэргүүлсэн Баяжуулах үйлдвэрийн Механик боловсруулалт ба Бигнүүрийн хэсгийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Бид эхлээд Механик боловсруулалтын бригадын ажлын байранд ирсэн юм. Суурь машинууд тасралтгүй тачигнах ч цэвэр цэмцгэр цэлгэр саруулхан заал угтана. Токарьчид ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн зорж, засварчин токариар боловсрогдох эд ангийн бэлдэц төмөр хөрөөдөж сууна.

 

Токарьчны толгойд тоо эргэлддэг

    Хэсгийн дарга Л.Ууганбаяр тэдний хажуухантай багавтар өрөөнд суух. Бид түүнтэй ярилцлаа. Машин үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй энэ залуу ажлын гараагаа 2007 онд  эндээс  засварчнаар эхэлж, Ерөнхий механикийн хэлтэст оношилгооны инженерээр дэвшиж,  өдгөө тав дахь жилдээ хэсгийн даргаар ажиллаж буй. Эднийхэн “Баяжуулах”-д ашиглагддаг бүхий л туузан дамжуулгын найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээ, холболт хийх, тээрмийн болон туузан дамжуулгын барбаныг резинээр хуяглах, хэсгүүдийн захиалгаар стандарт бус эд ангиуд үйлдвэрлэдэг. Мөн хамгаалах бүс, зөөврийн шат, хийн зүсэгч хэрэгслийг баталгаажуулах, засварчдын гар багажийг бэлтгэн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйг хэсгийн дарга ярилаа.  

     Тэрбээр цааш нь: “Бид болзолт уралдааны хүрээнд төлөвлөгөө гарган олон ажил хэрэгжүүлсэн.  Манайх 1600 мм өргөнтэй, туузан дамжуулгын холболтыг халуун бигнүүрийн аргаар хийх тоног төхөөрөмж худалдан авч, найдвартай ажиллагааг хангасан.  Нийт 1686 м туузан дамжуулгын тууз сольж, давхардсан тоогоор 250 гаруй конвейрын засвар үйлчилгээ хийсэн. Мөн 42 тонн төмрөөр 52900 орчим деталл эд анги үйлдвэрлэж нийлүүлсэн. Хий зүсэгч нийт 600 тоног төхөөрөмж, төдий тооны хамгаалалтын бүс, 100 гаруй зөөврийн шат, 22 гар лебот баталгаажууллаа.

    ХАБ-ын үзүүлэлтээр Баяжуулах үйлдвэрийн жижиг, туслах хэсгүүдээс 1, 6, 10, 11-р сард тэргүүн байр эзэлсэн. Цехээс зохион байгуулсан уралдаан, тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол амжилттай  оролцсон.  12 ажилчин мэргэжил дээшлүүлэх, зэрэг ахиулах сургалтад хамрагдсан. Бүтээмжийн чиглэлээр хагас жил тутамд төсөлт ажлууд хэрэгжүүлсэн. Нийт санал гаргалт 70-аас дээш хувьтай байлаа. Ажлын байранд урсгал засвар хийж, ажилчдад таатай орчин нөхцөл бүрдүүлсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Я.Жаргалсайхан, Н.Энхдүүрэн нарын үйлдвэртээ 30 гаруй жилийн хөдөлмөрөө шингээсэн шилдэг ажилчдаараа бахархдаг” гэсэн юм. Түүний ярианаас энэ хэсгийн ховор мэргэжлийн чадварлаг ажилчид Эрдэнэт үйлдвэрийнхээ үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд хамгийн чухал оролцоотой төдийгүй, санаачилгатай бүтээлч хүмүүс болох нь ойлгогдлоо.

     Механикч, зохион бүтээгч инженерүүдийн гаргасан зургийн дагуу стандарт бус металл хийц үйлдвэрлэдэг, нарийн мэдрэмж, уйгагүй ажиллагаа шаардсан мэргэжил бол токарьчных.  Тэдний нэг А.Отгонбаатартай уулзахад:

     “Би Баяжуулах үйлдвэрт токарьчноор 23 жил ажиллаж байна. Бид тоног төхөөрөмжийн урсгал засварт шаардагдах эд ангиудыг өгөгдсөн зургийн дагуу зорж бэлэн болгодог. Одоо Төв корпусын тээрмийн машинд зориулсан шпилк зорж бэлдэж байна. Төмөр бэлдцээр нарийн эд анги, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бидний ажил сайхан. Хэмнэлтийн бодлогын хүрээнд манайхан сүүлийн үед олон металл хийц, эд анги үйлдвэрлэж байгаа.  Гадаадаас захиалгаар өндөр үнээр авдаг эрэг, боолт, гайкаа өөрсдөө хийж, үйлдвэрийнхээ эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаагаараа би бахархдаг” гэв.

     Токарийн машин дээрх гурвалжин шугам ямар учиртайг асуухад “Токарьчны толгойд тоо эргэлддэг, токариар хийж буй зүйлийн нарийвчлал микрометрээр хэмжигддэг” гэж хэсгийн дарга хэлсэн юм.

 

Бигнүүрчин-Ховор нандин мэргэжил

    Бид дараа нь Бигнүүрийн бригадын ажлын байранд очлоо. Өндөр таазтай, гүүрэн кран бүхий энэ байранд тууз ороох төхөөрөмж жигдхэн хүнгэнэнэ. Төхөөрөмжийн тавцан дээрх туузыг холбоход бэлтгэж хуулах, цавуудах ажлыг зургаан ажилчин хийж зогсоно. Хэсгийн мастер Ж.Жамбалдоржтой уулзаж, бигнүүрийн бригадынхны ажил үйлсээс сонирхоход: “Бигнүүрийн бригад Баяжуулах үйлдвэрийн туузан дамжуулгуудын лентийг бэлдэж, засвар үйлчилгээг хариуцдаг. Өнөөдөр 2020 оны их зогсолтод бэлтгэж, 1А туузан дамжуулгын тууз холболтын томоохон ажил хийж байна. Туузыг халуун, хүйтэн бигнүүрийн аргаар бэлтгэдэг юм. Халуун бигнүүрийн аргыг резин даавуу туузан дээр хоёр жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн.  Түүхий резинийг халуун прессээр чанаж, резинийг резинээр холбоод нэг биет болтол нь нийлүүлэн наадаг энэ арга нь засварын чанарт маш сайнаар нөлөөлж байна.  9, 17, 3, 2А туузан дамжуулгыг халуун бигнүүрийн аргаар бэлтгэсэн нь засвар хийгдэхгүйгээр сайн ажиллаж байгаа. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд есөн бигнүүрчин бий. Эд бүгд ХБНГУ-ын Тип топ компанийн сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн, туршлагатай, мэргэшсэн хүмүүс. Үйлдвэрт ажилладаг бүх конвейрын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.   Тэднийг өөр ямар ч ажил мэргэжлийн хүмүүс орлон ажиллах боломжгүй” гэв.

    Бигнүүрчид хэсгүүдийн ажлын байранд бас тууз засварладаг аж.  Энэ үеэр 10-р конвейр дээр гурван бигнүүрчин ажиллаж байв. Туузан дамжуулгын туузны томоохон холболтыг их зогсолт зэрэг урт хугацааны засварын үед хийдэг. Харин тусгай зориулалттай цавуугаар нааж засварладаг хүйтэн бигнүүрийг богино хугацааны засварт хийдэг гэнэ.

 

Бигнүүрчин, бригадын дарга Б.Буяннэмэхтэй уулзахад:

     “Баяжуулах үйлдвэрт 15 жил ажиллаж байна. Германы Тип топын резин холбох үндсэн технологийг манайхан үйлдвэртээ нутагшуулсан юм. Туузан дамжуулгын резин засварлах энэ ховор нандин мэргэжилдээ би их дуртай. Бид шинээр ажилд орсон залуусаа шавь сургалтаараа өөрсдийгөө дагуулан сургадаг.  Багаар ажилладаг энэ ажлыг манайхан бүгдээрээ чадварлаг хийдэг. Бид засвараа төгс болгохын төлөө хичээж, зүтгэж явна. Манайхны ажил их хариуцлагатай, туузан дамжуулгын тууз гэмтэхэд л үйлдвэр зогсох аюултай. Иймээс бид засвараа жаахан дутуудчихав уу гэх сэтгэлд сэв, “хоч”-гүйгээр хийхийг мэрийдэг. Бид халуун бигнүүрийн аргаар туузыг залгаас нь мэдэгдэхгүй болтол нь холбож байна. Энэ нь процессын хувьд цаг хугацаа их шаарддаг. Сайтар төлөвлөж хийх хэрэгтэй. Засах, чанах гээд л бүх зүйл цаг хугацаатай.  Цагтаа амжих гэж бид шаргуу ажилладаг” гээд ажилдаа яарсаар явж одлоо.

     Белазаас буух хүдрийг бутлах, нунтаглах процесст, шүүж хатаагаад вагонд ачихад ч туузан дамжуулгаар аваачдаг. Энэ бүх туузны бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг ханган ажилладаг хариуцлагатай үүргийг тэд гүйцэтгэдэг. Мөн Баяжуулах үйлдвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжид шаардлагатай стандарт бус эд анги үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ гадагшлах мөнгөний урсгалыг сааруулж буй тэднээр бахархмаар. Эднийхэн инженер техникийн хоёр ажилтан, 24 ажилчинтай цомхон бүтэцтэй, хийх ажлын цар хүрээ хүртээмж ихтэй “том” хамт олон юм.

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

 

    Хүмүүс амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Энэ явцад биеийнхээ эрүүл мэндийн өөрчлөлтүүдийг эмчид үзүүлж, хянах боломж нөхцөл, эмнэлгийн тоног төхөөрөмж хомс байдаг. Иймээс Авто тээврийн цехийн Технологи тээврийн авто засварын хэсгийн “Сүлд” дугуйлангийн ахлагч Т.Цэрэнбат мастертай хамт олон санаачлан өөрсдийн биеийн эрүүл мэндийг шалгах эмнэлгийн суурин аппаратууд худалдан авчээ. Корона вирус болон томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн булан нээж “Сүлд” дугуйлангийнхан ажлын байрандаа уг аппаратуудыг ашиглаж байна. Энд ажиллагчдын даралт шалгах аппарат, биеийн халуун үзэх буу, зүрхний цохилт буюу хүчил төрөгчийн хангамж тодорхойлох багаж, чихэвч, амны хаалт зэргийг нэг дор байршуулжээ. Эдгээр багаж тоног төхөөрөмжийг “Сүлд” дугуйлангийнхан нэг сая төгрөгөөр худалдан авсан байна.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн үр дүн, ач холбогдлын талаар Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич А.Ундрахтамиртай ярилцлаа.

    -Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл ямар үндэслэлээр хэрэгжиж эхэлсэн бэ? 

    -Эрдэнэт үйлдвэр эрдсийн нөөц баялаг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хүдрийн нөөц баялгийн хэмжээ маш чухал. Хүдрийн нөөцийг зөв тодорхойлох, цаашид бүрэн дүүрэн олборлох ажиллагаа явуулахын тулд маш олон шатны хайгуул, судалгааны ажил амжилттай явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрт олон улсын байгууллагууд том төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахын тулд зайлшгүй хүдрийн нөөцийг үндэслэл болгож олон улсын санхүүгийн харилцаа үүсдэг. Өөрөөр хэлбэл томоохон төслүүд амжилттай хэрэгжих үндэс нь хүдрийн нөөц баялаг юм. Тэгэхээр Геологи, маркшейдерийн хэлтэс, Геологи хайгуулын анги сүүлийн гурван жил энэ чиглэлд тасралтгүй ажиллаж байна.

    -Төсөл ямар шатанд яваа вэ?

    -Уурхайн нөөц баялгийг тодор-хойлох, олон улсын стандартад шилжүүлэх ажил төгсгөл шатандаа явна. Ирэх дөрөвдүгээр сард Олон улсын Жорк стандарт руу хөрвүүлсэн “нөөц”-ийг хийж дуусгана. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайн нөөц олон улсын ямар ч байгууллагаас хөрөнгө оруулалт татахад бэлэн баталгаа болох юм. Геологи хайгуулын ажлын хувьд уурхайн эргэн тойрны 60 орчим км-ын радиуст ойролцоогоор 300-аад мянган га талбайд геологи хайгуулын бүх шатны судалгаа хийж байна. Энэ ажил 80 хувьтай явж байгаа. 2021 он гэхэд эхний шатны цооногуудаа өрөмдөж, хүдрийн нөөцийг дахин тодотгох, Эрдэнэтийн орчимд гүний болон бусад дагалдах элемент, эрдэс баялгийн нөөцийг тогтоож, цаашид Эрдэнэт үйлдвэрийнхээ ашиглалтын хугацааг уртасгах боломжуудыг бүрдүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна. 

    -Эрдэнэтийн эргэн тойронд 1960-1980 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийсэн байдаг. Орчин үед давтан судлах болсон шалтгаан вэ?

   -1970-80-аад оны техник технологи, арга аргачлал тухайн үеийн санхүүжилт, хөрөнгийн байдал өөр байсан. Технологийн хувьд одоогийнхтой харьцуулахад 10 дахин бага байх жишээтэй. Одоо бол өндөр технологи, арга аргачлал ашиглан, Эрдэнэт үйлдвэр өөрийн үйл ажиллагаанаасаа олсон орлогоороо ирээдүйд ашиглах нөөц баялгаа нэмэгдүүлэх ажлыг санхүүжүүлж байгаагаараа онцлогтой. Хүдрийн нөөц баялгийг шинээр илрүүлж болно. Мөн байгаа хүдрийн нөөц баялгаа дахин тодотгож, гүний түвшинд, илүү шинэ технологийн түвшинд өөрчлөлт ахиц гаргаж болно. 1970, ...80 оны үед хамгийн гүндээ 500-600 метр өрөмддөг байж. Одоо даруй 1500-2000 метр өрөмдөх боломжтой болсон.

    -Эрдэнэтийн Овоо ордыг тойроод хичнээн илрэл байна?

     -Ойролцоогоор тав, зургаан эрдсэн цэг илрэл байгаа. Мөн тодорхой шалгуур давсан Шандын орд бий. Бид энэ ордыг ч гэсэн гүйцээн судална. Мөн эрдэсжсэн цэгүүдийг орд болгох, хүдрийн биетийн гүнд нуугдсан далд хэсгүүдийг илрүүлэх зэрэг геологи хайгуулын ажлыг шат дараатай хийж явах нь Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялгийг нэмэгдүүлэхэд дөхөм болох юм. Одоогийн байдлаар ерөнхийд нь тооцоод үзэхэд 2016 оноос хойш Эрдэнэтийн Овоо ордын үнэ цэнэ даруй 10 дахин нэмэгдсэн эхний амжилтууд гарч байна. Манай геологичид хайгуул, судалгааны ажил ихээхэн өгөөж өгнө гэдэгт итгэл дүүрэн байгаа. 

     -Манайх геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцсэн аргачлалаар хийж чадаж байгаа юу?

    -Тэгэлгүй яахав. Олон улсад хэрэглэдэг, хамгийн сайн туршигдсан, шинэлэг арга аргачлалууд хэрэглэж байгаа. Сансрын тандан судалгаанаас эхлээд агаарын геофизик хайгуул. Мөн газар болон талбайн хайгуул. Талбайн хайгуул дотор маш олон судлагдахуун бий. Ашигт малтмалын орд илэрлийг олоход дунджаар 20 гаруй төрлийн геологи хайгуулын судалгаа хийсний эцэст тухайн ордыг оновчилж дүгнэлт гаргана. Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хүрээнд ойролцоогоор 500-аад мэргэжилтэн, 20 гаруй аж ахуй нэгж, Монголын туршлагатай, топ мэргэжилтнүүд зөвлөж бас гар бие оролцон хамтарч ажилласан. Мөн гадаадын зургаан орны шинжээчид бидний ажилд олон улсын түвшинд гүйцэтгэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

     -Геологи хайгуулын анги маань экспедици болсон. Ингэснээр үйл ажиллагааны  цар хүрээ хэрхэн өргөжих вэ?

    -Геологи хайгуулын анги үйлдвэрийн нэгэнт тогтоогдсон нөөц баялагт зонхилж үйл ажиллагаа явуулж байсан. Одоо Геологи хайгуулын экспедици болсноор олон чиглэлд ажиллана. Одоогоор Эрдэнэт үйлдвэр зэс молибдены чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид металл бус ашигт малтмалын нөөц нүүрс, төмөр, алт, мөнгө гэх мэт ямар ашигт малтмалыг стратегитаа уяж авч үзэх вэ гэдэг дээр бодлогоо тодорхойлно. Мөн зөвхөн Эрдэнэтийн Овоо орд, Эрдэнэт орчимдоо ажиллах уу, өөр бусад орд илэрлүүдийг хамарч үйл ажиллагаагаа тэлж корпорацийн түвшинд ажиллах уу гэх ерөнхий чиг хандлагыг Геологи хайгуулын экспедици гаргах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжил, зорилго чиглэлд Геологи хайгуулын экспедици чухал үүрэг гүйцэтгэнэ. 

     -Эрдэс баялгийн нөөц нэмэгдүүлэх ажлыг монгол мэргэжилтнүүд гардан гүйцэтгэж байгаа нь бас нэгэн онцлог. Төслийн эцсийн үр дүн хэзээ гарах вэ?

     -Геологи хайгуулын чиглэлээр ийм өргөн цар хүрээтэй том хэмжээний ажил Эрдэнэт үйлдвэрт өмнө нь явагдаж байгаагүй. Энэ их хүн хүч, техник технологи ашиглан Монгол мэргэжилтнүүд геологи хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэж байгаа нь үнэхээр онцлог. Өмнө нь орос мэргэжилтнүүдийг дагах, тэдний шийдвэрийг харах байдлаар ажиллаж ирсэн. Ирэх жилээс үр дүнгүүд гарна. Эхний үр дүн нь ирэх дөрөвдүгээр сард Жорк стандарт руу шилжинэ. Олон улсад Эрдэнэт үйлдвэр баталгаатай болж байна гэсэн үг. Өмнө нь Шандын ордын хайгуулыг маш дутуу хийсэн. Бид гүйцээж байна. Тухайн үед техник эдийн засгийн алдаатай үндэслэл гаргасан байдаг. 40 км-ээс наашаа хүдрээ тээвэрлэж энд боловсруулах нь эдийн засгийн хувьд ашиггүй гарсан. Бид газар дээр нь цомхон зохион байгуулалттай, эдийн засгийн үр ашигтай үйлдвэр барих үндэслэл гаргаж байна. Зэсийн зах зээлийн үнэ, үйлдвэрийн өөрийн өртөг, хүчин чадал гурвын харьцааг зөв хадгалснаар Эрдэнэт үйлдвэр олон жил ашигтай ажиллах боломжтой. Үүнийг зохистой харьцаагаар цааш авч явахын тулд бүх талын судалгаа мөн хариуцлага хэрэгтэй.

     -Баярлалаа. 

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

    Энэ сарын 14-нд Ил уурхайн техникийн шинэчлэлийн хүрээнд Өрөмдлөг, тэсэл-гээний хэсэгт СБШ-250 МНА-32 маркийн шинэ өрмийн машин угсарч ажилд гаргалаа. ОХУ-д үйлдвэрлэсэн уг машин нь 32 метр хүртэл өрөмдөх хүчин чадалтай, хийц сайтай, цахилгаан хангамж илүү найдвартай, жолоочийн бүхээг тав тухтай, удирдлага хяналтын самбарын систем боловсронгуй, өөрөөсөө тосолгооны системтэй зэрэг давуу үзүүлэлттэй аж. Шинэ “өрөм” ашиглалтад орсноор Ил уурхайн техникийн найдвартай ажиллагаа сайжирч, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд ахиц гарна.

    Энэ үеэр Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн орлогч Б.Барсбаатартай уулзахад: “Ил уурхайн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны хөрөнгө оруулалтын анхны шинэ техникийг бид угсарч ажилд гаргахад бэлэн болоод байна. Энэ нь Ил уурхайд ашиглаж буй зургаан өрмийн машинтай ижил загварынх юм. Удирдлагын хувьд бүрэн автоматчилагдсанаараа давуу талтай. СБШ-250 өрмийг гурван долоо хоногийн хугацаанд угсрах төлөвлөгөөтэй ажилласан. Бид хугацаанаас нь гурав хоногийн өмнө ашиглалтад хүлээлгэн өглөө. Угсралтын ажлыг өрмийн машинч, тэдний туслах, механикч, эрчим зүйч, тохируулгын инженер, слесарь, гагнуурчин, цахилгаанчин гэх мэт 14 ажилчин гүйцэтгэлээ. Сүүлийн 14 хоногт ОХУ-ын хоёр мэргэжилтэн тохируулгын ажлын зөвлөхөөр ажиллалаа. Гуравдугаар сард дахин нэг өрмийн машин угсарна. Ингэснээр ашиглалтын хугацаа дууссан хоёр өрмөө бүрэн шинэчилэх юм. Бид энэ зургаан өрмөөр 473100 уртааш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэдэх ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн байгуулах гэж байгаатай холбогдуулан тус хороонд орж ажиллах сонирхолтой иргэд, мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл нь нэрээ дэвшүүлэх боломжтой юм. Сонирхсон иргэдийн материалыг тус цогцолборын хүний нөөцийн мэргэжилтэн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авах гэж байна.

Салбар хорооны гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй байх;

2. Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан бол давуу тал болно)

3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй;

4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой зэрэг болно.

Хаяг:Эрдэнэт сувиллын цогцолбор ДГТ 408 тоот

Утас: 73661 / 75773661, 

Төгссөн сургууль:

Өмнөговь аймгийн 10 жилийн сургууль, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

Мэргэжил:

Инженер-химич-технологич

Ажилласан туршлага:

1976 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвд багш-орчуулагч, 1977 оноос тус үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1978 оноос Химийн төв лабораторид инженер, ахлах инженер, орлогч дарга, дарга, 1996 оноос Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч, 2005 оноос Захиалагчийн албаны даргаар ажиллаж байгаад 2011 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн даргын үүрэгт албыг хүлээн авсан.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

Уралын мэргэжил дээшлүүлэх институт, Английн Манчестерын их сургуульд Эдийн засгийн удирдлагын, Сингапурт инноваци бүтээмжийн, Японд эргономикийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн.

Чин хүсэл:

“Юу хийвэл, хүний төлөө байх бол, яавал, энэ ажлыг илүү сайн хийж болох вэ” хэмээн сэтгэлээ чилээн ажилласан он жилүүдээ эргэн хараад “За яахав ээ, энэ дайтай байхад болж” гэж өөртөө дүн тавина. Бусдад дэм болох, хүн гомдоохгүй байх амьдралын чиг шугамаа алдалгүй явсаар өнөөдрийг хүрсэн Д.Байгал дарга Эрдэнэт үйлдвэрт 44 дэх жилдээ хүч хөдөлмөрөө зориулж яваа нь энэ. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн залгамж халааг чадавхжуулан бэлтгэх их ажилд гар бие оролцон, уурхайчин залуусыг дуу хуураар хөглөсөн “Cu-Mo” хамтлагийн суурийг тавилцаж, удирдсан хамт  олноо атгасан гар шиг зангидсан туршлага түүнд бий. Тэр эрдэнэс дээжилсэн Эрдэнэт хэмээх их айлын нэгэн үеийн түүхийг бичилцсэн эрхэм хүмүүн.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-“Өнөөдөр амжуулж болох ажлыг маргаашдаа бүү үлдээ” гэж ээж минь захидаг байсан. Энэ зарчмыг амьдралдаа мөрдлөг болгож ирсэн. Шөнө хэчнээн оройтсон ч өглөө 06:30 цагт л сэрдэг, сэрээд хэвтдэггүй. 1976 онд ажилд орсон үеэсээ л ийм дэглэмтэй болж, 44 жил өнгөрсөн байна. Өглөөний агаар чээж дүүрэн амьсгалах мэдрэмж гайхалтай сайхан. Цонх хаалгаа нэвт онгойлгож өглөөний агаараар гэрээ дүүргэх нь өглөө бүр хэвшил болсон зүйлсийн нэг гэж болно.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

-Сэргээш гэдэг үгийг би амьдралдаа хэрэглэж үзсэнгүй. Сэтгэл сэргэх, урам зоригтой болох гэсэн утга байх. Хүний толгой өглөө хамгийн сэргэг байдаг шүү дээ. Тухайн өдрийн төлөвлөсөн ажлаа тэрхүү толгойг ашиглаж амжуулах л сайхан. Тэгээд ч өглөө эрт агаар сийрэг байхад хүний бүтээмж өндөр, ард бүхэл бүтэн өдөр байгаа гэж бодохоос сэтгэл өег байдаг. Завгүй байж, өөрийн гараар бүтээсэн бүхэн урам сэргээдэг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эвлэлийн ажил, Химийн төв лабораторийн дарга, нийгмийн асуудал хариуцсан захирал, орон сууцны төсөл хөтөлбөрийн зохицуулагч, ахмадын ахлагчаар ажиллалаа. Ерөөсөө л бусдын төлөө зүтгэх хувь төөрөгтэй төрсөн юм шиг санагддаг. Эвлэлийн гишүүд, илгээлтийн эздийг бүртгэж суусан нөхөр, тэднийгээ мэргэжилтэй болгож сургаад, ажил амьдралд нь дэм болж, орон сууц хувьчлах ажлыг хүртэл хариуцаж явлаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа эрүүл урт наслахад нь чиглүүлээд сууж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн хангамж, үйлчилгээг та хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Энэ буянлаг ажлын суурийг тавилцаж, эхний дөрвөн удаагийн “Хамтын гэрээ”-ний зохиогч болохын хувьд Эрдэнэт үйлдвэрийн хангамж үйлчилгээг хамгийн оновчтой, зөв, хөөсгүй гэж хэлнэ.

-Ажлыг илүү сайн хийхийн тулд өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Би удирдах ажилтны дадлага туршлагын хувьд удирдах алба хашиж байгаа дүү нартаа нэг л зүйлийг захина. Өөрөө төгс мэдэхгүй, төгс хийж үзүүлж чадахгүй зүйлээ бусдаас хэзээ ч битгий шаардаж бай. Ажилтныхаа түшиж тулах аав нь, ээж нь, ах нь, дүү нь байж чадвал тэдний итгэл, хүндлэлийг хүлээх болно. Зөвхөн түүн дээр тогтсон эвсэг хамт олон л хөдөлмөр тэмцлийн зөв ялалт байдаг юм шүү.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хийж чадах бүхнээ зориулж, барьж босголцсон тэр л үйлдвэр минь бидний нэг насны бахархал. Ямар ч тохиолдолд түүнийхээ төлөө насан эцэс болтлоо тэмцэх болно. Өөр итгэл үнэмшил гэж үгүй.

-Залуу үеийнхэнд хандан таны хэлэх зөвлөгөө?

-Эрхэлж байгаа ажил чинь чамайг ардын дууны аялгуу шиг, айзам найргийн мөрүүд шиг баяр баясал, эрэл хайгуулд хөтөлж, өдрийн бодол шөнийн зүүдийг чинь эзэмдэж, ажилд явахдаа хөөрч, ажлаас ирэхдээ гэрэл гэгээ цацруулж байвал та гэр бүлээрээ аз жаргалтай байж чадна аа. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж сураарай.

Лхагва, 12 2-р сар 2020 00:00

Зэсийн үнэ дахин буурлаа

    Шинэ төрлийн корона вирусын халдвар дэлхийн эдийн засагт худалдааны маргаанаас илүү эрсдэл учруулж болзошгүй байна. Корона вирусын талаарх мэдээлэл цацагдсанаас хойш 10 хоногийн дотор зэсийн үнэ 675 ам.доллараар буурсан. Сүүлийн өдрүүдэд корона вирусын талаарх мэдээлэл бараа таваарын үнийн хэлбэлзэлд голлох нөлөө үзүүлж буй. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус вирусын эсрэг эмчилгээний арга олдсон тухай мэдээлэл цацагдахад 5570 ам.доллар болж буураад байсан зэсийн үнэ 5726 ам.доллар болж өссөн боловч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага корона вирусын эмчилгээг бүрэн олсон эсэх нь эргэлзээтэй талаар мэдээлснээр зэсийн үнэ дахин буурах хандлага ажиглагдлаа.

    Хятадын сар шинийн амралтын дараах эхний өдрийн арилжаагаар Шанхайн биржийн үнэлгээ есөн хувиар уналаа. Биржид бүртгэлтэй 2600 гаруй компанийн хувьцаа нэг өдрийн дээд хязгаар болох 10 хувиар унасан байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхийг бууруулахгүйн тулд БНХАУ-ын төв банк 129 тэрбэм ам.доллар зах зээлд нийлүүлж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүүг 0.1 хувиар буурууллаа. 

    Шинэ төрлийн корона вирусын халдвартай холбоотойгоор Хятадын зэс хайлуулах зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарлах төлөвтэй. Тус вирусын голомт болох Hubei мужийн Huangshi хотод байрладаг Daye Nonferrous зэс хайлуулах үйлдвэр 2020 оны нэгдүгээр улиралд 70 хувийн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байгаа талаар тус компани мэдээлэв. Харин Хятадын Зэс Хайлуулах Үйлдвэрүүдийн Худалдан Авалтын Холбооноос үйлдвэрлэлээ бууруулах талаар ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй байна. Concord Resources худалдааны компанийн судалгаа эрхэлсэн захирал Duncan Hobbs Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд нөхцөл байдал их хүндрээгүй тохиолдолд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэхийг эрмэлзэнэ гэж ярилаа. 

Х.Мөнхцэцэг

     Орхон аймагт хэвлэл, хаяг, рекламын үйлчилгээгээр анхдагч “Тод өнгө” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ, өсөлт хөгжлийг харуулахаар “Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит дугаартаа онцоллоо. Эрдэнэт үйлдвэртэй 15 жилийн хамтын ажиллагаатай тус компани үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх хорол тоглоомыг хүүхэд багачуудад таниулахаар үйлдвэрлэлдээ модон хийц нэвтрүүлж эхэлжээ. Тус компанийн захирал М.Энххишигтэй ярилцсанаа ийн сийрүүллээ.

     -ХЭВЛЭЛИЙН САЛБАРТ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ САНАА ХЭРХЭН ТӨРСӨН БЭ?

    -Энэ салбарт хөл тавьсан түүх их сонин. Нөхөр маань Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох цехэд электроникийн инженер, би Монгол-Швейцарын хамтарсан Ган бөмбөлгийн үйлдвэрт ажилладаг байлаа. Интернет буюу цахим орчныг тийм ч түгээмэл бус ашигладаг байх үед нөхөр маань интернетээр фотошоп программыг судалж, бие даан сурсан. 2002 онд шинэ бизнесээ эхлүүлж байлаа. Компьютер, принтер худалдан авч, Үйлчилгээний төвийн нэг давхарт цээж зураг авах, угаах үйлчилгээ үзүүлснээр бидний ажил эхэлсэн. Нэг эргэсэн хүрд зогсолтгүй эргэдэг юм байна. Залуучуудын сэтгэлгээ энэ салбарт маш их үгүйлэгддэг учраас том хүүгээ энэ чиглэлд сургаж, хөгжүүлэх сонирхол их байна. Хүү маань ШУТИС-ийг мебель, модон эдлэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Одоо компанидаа дизайнераар ажиллаж, маркетингаа хийж, шинэлэг санаагаа хэрэгжүүлж яваад баярладаг.  

   -ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ ЯВУУЛАХАД ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛДОГ ГОЛ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

    -Аливаа байгууллагын баялаг нь хүний нөөц байдаг. Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын зэрэгцээ ажиллагсдынхаа ар гэртэй хамтарч ажиллахыг чухалчилсаар ирсэн. Ажилчдаа дэмжих, тэдний авьяасыг олж харах, нээн илрүүлэх, хөгжүүлэх талаас нь илүүтэй анхаардаг. Манайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа ажилтан бий. Анх зарын дагуу худалдагчаар ажилд орж байсан бол өнөөдөр ахлах дизайнераар ажиллаж, дунд түвшний удирдах шатанд хүрсэн. Ер нь ажиллагсдадаа компаниараа бахархах сэдэл төрүүлнэ гэдэг удирдлагын хувьд маш том үүрэг хариуцлага. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцийн бодлогоо тогтвортой барьж ажилласан нь бидний ялгарах тал болов уу гэж хардаг.

     -ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛСОН ХАРИЛЦАГЧДЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭХ ВЭ?

     -Хамтын ажиллагааг урт хугацаанд хадгалах нь байнгын харилцагчийг бий болгохоос гадна тухайн байгууллага тогтвортой оршин тогтнох, өсөн дэвжих гол хөшүүрэг гэж хэлж болно. 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлснийг тодхон санаж байна. Тухайн үед Баяжуулах фабрикийн эдийн засагч н.Сувдаа, мэргэжилтэн Л.Дэлгэрмаа, Л.Уранцэцэг, Л.Батгэрэл нар Эрдэнэт хотын хэмжээнд хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад судалгаа хийсэн юм. Судалгааны дүнгээр манай компани шалгаруулалтад тэнцэж, бүтээмжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эдүгээ 15 дахь жилдээ Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг каластр системээр дэмжин ажиллаж, хөгжүүлсний үр нөлөөгөөр гэгээлэг өнгө төрхтэй хаяг, реклам, хүндэт самбарууд хийгдэх болсон. Хэвлэлийн компаниудын өрсөлдөөний дүнд бусдаас шинэлэг байх, техник технологийн дэвшилттэй байх, ажилтнууд нь оюунлаг байх зэрэг олон эерэг үр дүн гарсныг хэлэх нь зөв байх. Дэлхий хавтгайрч байгаа өнөө үед шинэчлэлээс хоцрох ёсгүй л гэж боддог. Тиймдээ ч их хотын соёлоос дутахгүй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Ажилчид, удирдлага нь нэг зүг рүү харж чадсан учраас манай компанийн үйл ажиллагаа тогтвортой, байнгын харилцагчтай болсон гэж хардаг.

     Биднийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, компанийн засаглал руу орох хэмжээнд хүртэл явахад Эрдэнэт үйлдвэрийн оруулсан гавьяа их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, гэрээгээр хамтран ажилласнаар бид хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн. Нэг ажилтны ард хоёроос зургаан ам бүл байгаа гэж бодоход 100 гаруй хүний амьдралд дэмнээ болж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээгээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, Захиргааны нэгдүгээр байрны гадна талбайд байрлуулсан Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго бүхий хүндэт самбар болон үйлдвэрийн аваргуудын хүндэт самбарыг тус тус урласан. Орон нутагтаа албан татвар төлж, нийгмийн даатгалын санд шимтгэл төвлөрүүлж байгаа нь бидний үүрэг. Зах зээлийн нийгэм рүү шилжсэн манай орны бизнес эрхлэгчид хөл дээрээ босох гэж мөлхөж байсан бол одоо алхах хэмжээнд хүрчихлээ.

     -“ӨНГӨЛӨГ АМЬДАРЦГААЯ” ГЭСЭН УРИА ҮГ ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

     -Манайхан өдөр тутмын үйл ажиллагаандаа “Өнгөлөг амьдарцгаая” уриаг мөрдлөг болгон ажилладаг. 2006 онд хамт олноороо ярилцаж, энэ уриа үгийг сонгож байсан. Нэгдүгээрт, бид хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хийж байгаа бүтээгдэхүүнээ тод өнгөтэй байгаасай, хоёрдугаарт хийж гүйцэтгэж байгаа ажилтнуудаа өнгөлөг байгаасай, гуравдугаарт хэрэглэгчийн зүгээс ч дизайны төгс шийдэл бүхий гоё бүтээл гар дээрээ авах сонирхол нь давамгайлдаг тул аль аль талаас нь бодож энэ уриаг санал нэг баталсан.

   

     -ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРЛИЙН ТУХАЙД?

    -Манайх самбар, хаяг, офсет хэвлэл, өргөн форматын хэвлэл, бэлэг дурсгал зэрэг 9 чиглэлээр 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлж байна. Хэвлэлийн салбар нэг гаргасан бүтээгдэхүүнээ олон дахин олшруулах боломжгүй байдгаараа онцлогтой. Учир нь, тухайн үйлчлүүлэгчийн захиалгын дагуу, хүсэл сонирхолд нь нийцэх шинэ бүтээлийг сэтгэх, бодох, урлах шаардлагатай болдог. Тэр хэрээр дизайнер ур ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулдаг. 

     Бид үйлчилгээний нэр төрлөө нэмэх зорилгоор энэ жилээс модон хийц урлах ажилд орсон. Үндэсний баяр цагаан сарыг тохиолдуулан уламжлалт наадгайн нэг төрөл болох хорол тоглоомыг үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. Таниулах тодорхой хугацаа шаардлагатай гэж харж байна. Ямартаа ч үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ таниулахад бид чадах бүхнээ хийх болно. Одоогоор модон бэлдцээ Улаанбаатар хотоос татаж, өөрийн байранд тоглоомоо үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн шат дамжлага өдөр тутам хийгдэж байгаа ч гар ажиллагаа ихтэй, нэг тоглоомыг бэлэн болгоход тал бүрийг нь зүлгүүрдэж, 3 давхарлан лакдах зэргээр 1008 удаагийн ажиллагаа ордог тул олон тоогоор гарах боломжгүй байна. Одоогоор 100 орчим тоглоом худалдаанд гаргасан.  Хорол тоглоом нь хүн хоорондын амьд харилцаа үүсгэсэн, сэтгэх чадварыг хөгжүүлсэн, биесээ хүндэлсэн агуулгын хувьд баялаг уламжлалтай.

   

     -БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ ЧУХАЛ БОЛОХ НЬ ХАРАГДДАГ. ТАНЫ ХУВЬД ЭНЭ ТАЛ ДЭЭР БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?

     -Санхүүгийн сахилга бат чухал байлгүй яахав. Манайх байгууллагын соёлдоо нэвтрүүлсэн нэг онцлог зүйл нь цаг баримтлах хувийн соёл байдаг. Анх байгуулагдахдаа нэг минут хоцрохгүйгээр ажилдаа ирнэ гэсэн соёлыг тогтоож, түүнийгээ хэвшүүлсэн. Өнөөдөр энэ зарчмаараа л яваа. Шинэ ажилтанд ч энэ шаардлагаа тавьдаг. Нэг минутаар хоцорч ажилдаа ирэх, нэг минутаар түрүүлж ажлаас гарах гэсэн ойлголт манайханд байхгүй. Харин хүний нөөцийн дараа тавигдах гол хөрөнгө оруулалт нь мэдээж техник технологийн шинэчлэлтийн асуудал орно. Цаг үеэ даган бид илүү боловсронгуй болох ёстой. Санхүүгийн сахилга бат сайн байснаар өнөөдөрт хүрсэн гэж боддог. 2002 оноос эхлэн ашгаасаа үйл ажиллагаагаа өргөжүүлж,  нэг компьютерээ олон төрлийн машинаар нэмсэн дээ.

     -ОРОН НУТАГТ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ ХЭР БАЙНА ВЭ?

    -Анх хүмүүсээ тодорхой хэмжээнд сургаж ажиллуулдаг байсан бол сүүлийн үед мэргэжлийн залуу боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх болсон. Манайх орон тооны 18 ажилтантайгаас дийлэнх хувийг нь залуучууд эзэлж байна. 2002 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтвортой ажилласан 6 хүн бий. Бусад нь 5-8 жил ажиллаж байна.

     -2020 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ХАМГИЙН ТОМ АЖИЛ ЮУ ВЭ?

     -Бид одоогийн байрандаа 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж бодохоор чамгүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн 7 жилийн турш өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болохыг мөрөөдөж, барилгаа барьж эхэлсэн. Тухайн жилийн ашгаасаа тодорхой хуримтлал үүсгэх замаар уг барилгын ажлаа бага багаар явуулсан. Энэ жил дуусгана гэсэн зорилт тавьсан. Ажлын байртай болсноор ажиллах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ онд өргөн хэвлэлийн машинаа илүү шинэ технологи руу шилжүүлж, ирэх 3 жилд төмөр хийц рүү орох бодолтой байна. Төмрийг лазераар зүсэж, томоохон төмөр хийц гаргахаар төлөвлөсөн.

     Алсдаа эрдэнэс шигтгэсэн, үнэ цэнтэй хорол тоглоом бүтээхийг зорьж байна. Үнэ цэнэ агуулсан бүтээл худалдаанд гарахын хэрээр манай орлого ч өсөн нэмэгдэнэ. Тэр үед компаниа хувьчилж, ажиллагсдадаа хувь эзэмших эрх олгох бодолтой явна. Тэр хүн зөвхөн цалингаа аваад ажил хийх нь сонин биш. Харин амьдралынхаа нэгэн үеийг хамтдаа үдэж, бие, сэтгэл зүрхээ энэ компанийн хөгжилд зориулсан тэдгээр хүмүүс яагаад хувь эзэмшиж, өөрийн өмчийн компанитай болж болохгүй вэ гэсэн бодолтой явдаг. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Бид бүтээхийн төлөө ажиллах болно.

      -СҮҮЛИЙН АСУУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ?

    -Бидэнд итгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье. Бизнесийн хөгжлийн замаар хамтдаа урагшилж, эх орныхоо, Эрдэнэт хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа бид үргэлж баяртай байх болно.

И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог