• “Миний мөрөөдөл” цахим уралдааны дүн гарлаа

    Хүүхдийн баярыг угтан Баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан насны ангиллаар бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд хүүхдүүдийн 90 гаруй бүтээл иржээ. 1-3-р ангийн насны ангилалд Цахилгаан цехийн цахилгаанчин Орхоны охин, XIV сургуулийн 3б ангийн сурагч О.Мөнгөнтуул түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн баяжуулагч Золжаргалын охин, XIV сургуулийн 2б ангийн сурагч Б.Хулан удаалж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйлчлэгч Очмаагийн хүү, V сургуулийн 3д ангийн сурагч Б.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 4-5-р ангийн насны ангиллын нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн засварчин Будаевийн охин, IV сургуулийн 5-р ангийн сурагч Б.Энхжин, хоёрдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн нярав Сугарын охин, XIII сургуулийн 5г ангийн сурагч С.Очгэрэл, гуравдугаар байрыг Засвар механикийн заводын ЗУХ-ийн дарга Мэндбаярын охин, М.Анужин эзэлжээ. 6-7-р ангийн насны ангилалд Ил уурхайн экскаваторын туслах машинч Мягмарбулганы охин, XIX сургуулийн 7-р ангийн сурагч М.Хулан түрүүлж, Засвар механикийн заводын токарьчин Буджавын хүү, V сургуулийн 6г ангийн сурагч Б.Энх-Амгалан, Автотэээврийн цехийн гагнуурчин Амгалан-Эрдэнийн хүү, V сургуулийн 7г сурагч А.Түвшинтөгс нар удааллаа. 8-9-р ангийн насны ангилалд тэргүүн байрыг Дулааны цахилгаан станцын мастер Болдбаатарын охин, Орхон Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхжин эзэлж, дэд байрт Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, XIV сургуулийн 8-р ангийн сурагч Тулга, гутгаар байрт Ус хангамжийн цехийн оператор Одгэрэлийн хүүхэд, “Билэгт-Өргөө” сургуулийн 8-р ангийн сурагч А.Нэрзэм нар шалгарчээ. Харин 10-12-р ангийн насны ангилалд Аж ахуй, үйлчилгээний цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Болормаагийн охин, V сургуулийн 12в ангийн сурагч Э.Солонго түрүүлж, Авто тээврийн цехийн гагнуурчин Батжаргалын хүү, “Эрдмийн сан” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баттулга, Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намхай нар удаалав.  М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • Х.ҮНЭНЗОРИГ: “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дор хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн зургаан төрлийн цахим уралдаан зарласан

    “Хүүхдийн баяр” ирэх долоо хоногийн Даваа гарагт тохионо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид цахимаар уралдаан зарлаж, Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг баярлуулахаар шийдвэрлэжээ. Тэмдэглэлт өдрийг угтсан үйл ажиллагааны талаар тус цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос тодрууллаа. -Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Соёл, урлагийн цогцолбор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? -Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс, үйлдвэрийн удирдлагын гаргасан тушаал, шийдвэрийн дагуу манай цогцолборын соёлын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Гэхдээ уран бүтээлчид маань завгүй ажилласаар байна. Манай байгууллагын хувьд 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул тэмдэглэлт баяруудын үеэр зохион байгуулах соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах нь оновчтой гэж үзсэн. Ингээд дахин төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.     -Соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу? -Төлөвлөсний дагуу ажлаа зохион байгуулж чадвал хүндрэлтэй зүйл алга. Цахим хэлбэрээр эхний ажлуудаа хийсэн. Тухайлбал, энэ сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид маань бэлтгэсэн концертоо төв, орон нутгийн мэдээллийн сувгууд болон сошиалаар цацаж, олон нийтэд хүргэлээ. Мөн концертын эхэнд Оросын ард түмэн болоод өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа оросууддаа зориулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү баярын концертыг бичиж, улс, орон нутгийн үзэгчдэд хүргэсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын үзэгч олонд хүргэхэд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олон маш сайхан дэмжиж, хамтран ажилласан. ОХУ-д амьдарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, үе үеийн уурхайчдад бидний мэндчилгээ хүрсэнд маш их баяртай байна.                Дараагийн үйл ажиллагаагаа “Хүүхдийн баяр”-т зориулан бэлтгэж байна. Эх орныхоо, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дорзургаан төрлийн уралдаан цахим орчинд зарласан. Төгөлдөр хуур сонирхогчдын “Эрдэнэтийн сонат”, дуу дуулаачдын “Ээждээ дуулъя”, “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна”, зураач багачуудын “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдаан тус тус зохиогдож байна. Харин гэр бүл рүү чиглэсэн “Жаргалтай 60 секунд”-гэр бүлийн бүжгийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье-ая эгшиглүүлэх уралдаан”-ыг зарласан. Ирэх долоо хоногт “Гэр бүлийн цаг” нэртэй нэгэн шинэ дуу мэндэлнэ. Энэхүү дуугаа “Аз жаргалтай уурхайчин гэр бүл” “чэлленж” болгон зарлаж, ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Мэргэжлийн уран бүтээлчид тэмцээний шүүгчээр ажиллана. Шалгарсан хүүхдүүдийнхээ гэрт нь очиж бэлэг гардуулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.   -Уралдаанд оролцогчдын бүтээлийг хаана байршуулж байна вэ? -Бүх тэмцээн зэрэг эхэлсэн тул оролцогчдын бүтээлийг цахимаар хүлээн авч, фэйсбүүкийн “Соёл урлагийн цогцолбор-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” хуудсаараа олон нийтэд хүргэж байна. Төгсөлтийн баяр, Үндэсний их баяр наадамтай холбогдуулан тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн зүйл бий. -Хүүхэд, багачуудад хандан юу хэлэх вэ? -Эрдэнэтийнхээ бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Манай уралдаанд оролцож амжаагүй хүүхдүүд байвал дараа дараагийн уралдаанд оролцох эрх нээлттэй шүү. Бид цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрдэнэт үйлдвэртээ, эх орондоо баярлалаа” гэсэн агуулгын дор томоохон концерт тоглохоор бэлтгэж байна. Уран бүтээлчид бид эерэг бүхнийг нийгэмд түгээх болно.         И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #21: Лувсандоржийн ЭНХТӨР

    Төгссөн сургууль: 1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгааны техникчээр, 2006 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2009 онд КТМС-д Үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжил: Цахилгааны инженер Ажилласан туршлага: 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводоос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр 27 дахь жилдээ Цутгуурын цехийн эрчим зүйчээр ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2019 онд цахилгаан хангамжийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн. Чин хүсэл: Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ тутам нэвтэрч буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг Эрдэнэт үйлдвэртээ “нутагшуулах” нь түүний чин хүсэл билээ. Үйлдвэрийнхээ шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд бичигддэг түүний мэдлэг чадвар бодит хөрөнгө оруулалт болж, эрчим хүчний системтэй бодлогоор үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Том зорилгод цаг хугацаа хэрэгтэйг санаж, түүний хүсэл тэмүүлэлд ташуур өгөх нь зөв биз ээ. Хийх ажлаа эртнээс төлөвлөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй, ажлынхаа хажуугаар суралцах, мэдлэг чадвараа ахиулахад анхаарч ирсэн. 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Сэргээгдэх эрчим хүчний форумд оролцож, МУИС-ын Сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй танилцан, Эрдэнэт үйлдвэртээ судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалжээ. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Амьдралын сэргээш гэдэг зүйл аз жаргалтай гэр бүлээс эхлэх байх. Миний хувьд үр хүүхдүүд, халуун дулаан гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг хүртэж, амьдралын сэргээш авдаг. Харин гар нийлсэн эвсэг хамт олноосоо ажил хийх урам зориг, эрч хүчээ авсаар өнөөдрийг хүрчээ. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрчим хүчний салбарынхан бид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байна. Мэргэжлийн бус хүмүүсийн нүдээр харахад бид зүгээр суугаад байгаа мэт харагддаг байх. Гэтэл үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж байгаа нөхцөлд бид хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох юм. Энэ л бидний ажлын гол онцлог юм болов уу. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Манай Засвар механикийн завод, тэр дундаа Цутгуурын цех энэ онд шинэ техник, технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан тэдгээрийн холбогдох баримт бичиг, заавруудыг боловсруулах, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэх ажлуудыг төлөвлөн, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Ажлаа илүү сайн хийхийн тулд өөрийн бие бялдарт анхаарч, оюун санаагаа цэгцлэх үүднээс “update”хийхийг хичээдэг. Сардаа 1-2 удаа ажил руугаа алхаж байна. Мөн зав чөлөөтэй үедээ ном уншдаг. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг том мөрөөдөл гэж амьдралд байхгүй байх аа. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Амьдралын хамгийн сайн зөвлөгөөг аав ээж, хань минь өгдөг болохоор тэдгээр үгсийг бодол оюундаа тээж, мөрдлөг болгож явна. “Ажлыг битгий халтуурдаж хий. Хэрвээ халтуурдвал цаг хугацаа алдаж, чиний хөдөлмөр үр ашиггүй болно”, “Хүнд аль болох тусалж бай, харин тусалснаа хэзээ ч бүү ярь”, “Хүний итгэл дааж амьдар”, “Худал хуурмагаас хол байж, шударга яв”, “Ажил хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол хийгээд хэрэггүй” гэх зэргээр дотроо бодож явдаг олон үг бий. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Сурагч байхдаа “Би инженер болно” гэж боддог байлаа. Техникумд орсныхоо дараа хоёр өөр анги дамжиж байж цахилгааны анги руу ороход л санаа минь амарч билээ. Цахилгаанчид Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаж яваа гэдэгт би итгэдэг. “Ильчийн гэрэл”-ийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Дэлхийн шилдэг үйлдвэр  болох “Эрдэнэт үйлдвэр” хэмээх энэ айлын гишүүн болж,  үйлдвэр маань миний амьдралын нэгэн багш болж, өөрөө тэр түүхийн нэгээхэн хуудас нь болж яваадаа ямагт баярлаж, бахархдаг. Миний бие үйлдвэрийн үе үеийн ахмадууд, мөн үе тэнгийн найз нар, залуу дүү нартайгаа мөр зэрэгцэн, сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь үнэн. Ер нь сайхан хөдөлмөрлөх сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйлдвэртээ хайртай. Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 29

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 150 дахь өдөр. Он дуусахад 215 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +8 градус, шөнөдөө +0 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 29. Сугар гараг. Билгийн тооллын шинийн 7.Сарын цээр, тэрсүүдийн өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Энэ өдөр хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5278 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2804, евро 3075, БНХАУ-ын юань 391, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нэг гол цех болох технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн үйлдвэрлэлд гүйцэтгэж байгаа үүрэг юунд орших вэ? Хариулт: -Технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цех гэсэн нэр зөвхөн цехийн нэр төдийгөөр хязгаарлагддаггүй. Энэ нэрийн цаана “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын автоматжуулсан систем (УАС)-ийн албан ажиллаж байдаг. Үйлдвэрийн УАС-ийг 1982 оны 04 дүгээр сарын 01-нд тус үйлдвэрийн тооцоолон бодох төвийг түшиглэн байгуулсан. Тус цех нь Тооцоолон бодох төв, Технологийн процессын удирдлагын автоматжуулсан систем, Хэмжих шалгах төхөөрөмж автоматикийн засварын хэсэг, Холбооны алба, Угсралт тохируулгын хэсэг гэсэн үндсэн 5 хэсгээс бүрддэг. Эдгээрээс ТБТ, ТПУАС нь үйлдвэрийн болон технологийн автоматжуулсан удирдлагыг хэрэгжүүлдэг.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 28

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 149 дахь өдөр. Он дуусахад 216 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +17 градус, шөнөдөө +10 градус дулаан, аянга цахилгаантай аадар бороотой, салхины хурд 10-12м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 28. Бархасвад гараг. Билгийн тооллын шинийн 6. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Энэ өдөр туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, мод тарих, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжрах сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5308 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3067, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Дулааны станцын хүчин чадлын талаар танилцуулна уу? Хариулт: -Дулааны станц нь Эрдэнэт хот, үйлдвэр, албан газруудын дулааны эрчим хүчээр хангадаг. Зуух, түлш дамжуулах, хими цахилгаан засварын гэсэн үндсэн хэсэгт 200 гаруй хүн ажилладаг. БКЗ-75-39ФБ маркийн 1 цагт 440 градус С-ийн халуунтай, 40 ати даралттай 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай 6 зуухтай бөгөөд жилд 1078,6 мянган гкал дулаан үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хэрэгцээнд 12 ати даралттай 250 градус С-ийн халуунтай уур өгдөг. Үүний зэрэгцээ хот, үйлдвэрт дулаан өгөх хоёр өөр дулааны шугам сүлжээтэй.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгч байна

    Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.     М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайн цахилгаан хангамжийг сайжруулна

    Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.        М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. “ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм. Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 27

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 148 дахь өдөр. Он дуусахад 217 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 27.Буд гараг. Билгийн тооллын шинийн 5. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Ном унших, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь  морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижих сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5341 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2803, евро 3050, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн, манай орны өнцөг булан бүрээс олон зуун залуучууд Эрдэнэтийг зорьсон. Энэ залуучууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчид, халамжлан хүмүүжүүлэгчид болж өссөн нь мэдээж. Эдгээр залуучуудын заримын ажил үйлс, амьдрал, бүтээлээс танилцуулна уу? Хариулт:-1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцохоор манай орны 18 аймаг, хоёр хотоос ирсэн олон зуун залуучууд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босголцож, анхны барилгачдаас төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн ажилчид, инженер техникийн ажилтан болтлоо хөгжжээ. МХЗЭ-ийн илгээлтээр 1974 онд анх Эрдэнэтэд ирсэн 54 залуугийн 14 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн дотор хүдрийн ил уурхайн өрмийн машинч Доржийн Чойжид, Дашдоржийн Баатар, Баянсангийн Мишиграгчаа, Өлзийн Даваа, уурхайн засварчин Хятадын Пүрэвдорж, эксковаторын машинч Кушметийн Махмудхан, уулын технологийн тээврийн цехийн БелАЗ-ын жолооч Рэнжавын Оросоо, Равдандоржийн Жанчивдорж, жолооч Лхагвын Мишка, Барилга засварын цехийн цахилгаанчин Чойнхорын Мөнхбат, Орон сууц нийтийн аж ахуйн газрын үйлчлэгч Шушкений Кульзира, мөн 1974 оны МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, анхны илгээлтийн залуучуудын ахлагчаар ажиллаж байсан, одоо уулын технологийн тээврийн цехийн ээлжийн дарга Даваагийн Пүрэвдорж нарыг онцлон дурьдаж болох юм. МХЗЭ-ийн илгээлтийн эзэн хүдрийн ил уурхайн өрмийн машинч Данзангийн Жаргалсайхан техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир 1988 оны 5-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медалиар шагнагдсан. Одоо Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн төрөл бүрийн салбарт МХЗЭ-ийн илгээлтийн эзэн олон зуун залуучууд үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн дотор Эрдэнэт үйлдвэрт 200 шахам залуучууд ажиллаж, тэдгээрийн дийлэнх нь халамжлан хүмүүжүүлэгчид болсон.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...) Дэлгэрэнгүй...
  • Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно

      Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас  шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.     Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.      П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой   -“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ? -Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.     -Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?  -Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ   ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.  -Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?  -Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.   -Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?  -Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.   -Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ? -Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл  инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна. -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих
 
 
     Уурхайчдын үлгэр жишээ хүүхдүүдийг онцолж, тэднийг танилцуулах зорилготой энэ булангийн эхний дугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны Шилдэг сурагч, ХМТАЦ-ийн  хэмжих хэрэгсэл, автоматикийн засварчин Д.Эрхэмбаярын хүү, Билигт-Өргөө сургуулийн 10а ангийн сурагч Э.Билгүүнийг урилаа. Тэрбээр энэ хичээлийн жилд Улсын физикийн олимпиадаас хүрэл медаль, Математикийн улсын 15-р уралдааны уран бодолтын шагнал, Кенгру олон улсын олимпиадаас нэгдүгээр зэргийн диплом хүрэл медаль, Төвийн бүсийн математикийн нээлттэй олимпиадын аварга, Аймгийн физикийн олимпиадын аварга, математикийн олимпиадын дэд аварга зэрэг олон дээд амжилт гаргажээ. 
     -Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг сурагч болсон сэтгэгдлээс яриагаа эхэлье?
     -Надад их сайхан санагдсан. Манай улсын нүүр царай болсон энэ том үйлдвэрийн шилдэг сурагч  болж аавынхаа нэрийг гаргасандаа би их баяртай явна. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт үйл явдлын нэг учраас насан туршдаа дурсана.  
     -Математик, физикийн олон олимпиадад  үе тэнгийнхнээ түүчээлэн  бахдам  амжилтын эзэн болжээ. Хэзээнээс математикаар гүнзгий хичээллэсэн бэ?
     -Би багаасаа тоонд сонирхолтой байсан. Тэгээд 6-р ангиасаа Пүүжээ багшийнхаа  давтлагад явж эхэлсэн. Энэ үеэс л тооны төрлийн хичээлийг гүнзгийрүүлэн сурах хүсэл төрсөн. Одоо манай ангийн багш Батбаяр гэж математикийн багш бий. 
     -Анх амжилт гаргасан үеэ дурсаач?
     -Наймдугаар ангидаа аймгийн математикийн олимпиадаас хүрэл медаль авсан. Энэ нь надад их урам өгч, тууштай хичээллэвэл амжилтад хүрэх юм байна гэх итгэл төрүүлсөн. 
     -Математик, физикийн хичээлийн юу нь сонирхлыг тань татдаг вэ? 
     -Бодлого бодох сайхан. Хариу нь тийм ч амар гарчихгүй. Тэр тусмаа сонирхол татаж, “шар” хөдөлгөнө. Ингэсээр олон цаг өнгөрснийг анзаарахгүй. Бодлогын хариу зөв гаргах мөч үнэхээр кайфтай. Пүрэвсүрэн,  Амарбаясгалан багш нар намайг математик, физикийн хичээлд сонирхолтой болоход их нөлөөлсөн.  
     -Өдөрт хэдэн цагаар хичээллэдэг вэ? 
     -Хичээлээс гадна өдөр бүр таван цаг орчим бэлтгэл хийдэг. 
     -Үеийнхэнтэйгээ адил компьютер тоглож, спортоор хичээллэх зав гардаг уу?
     -Найзуудтайгаа хааяа РС тоглодог. Харин ирэх жилээс сагсан бөмбөг, волейболоор хичээллэх бодолтой  байгаа. 
     -Улсын олимпиадаас медаль хүртэж, аймаг сургуулийнхаа нэрийг улсад мандууллаа. Энэ үед ямар сэтгэгдэл төрж байв?
    -Өнгөрсөн оны хавар Улсын физик, математикийн олимпиадад оролцсон. Аймаг, хотын хамгийн  шилдгүүдтэй өрсөлдөхөд жаахан сүрдсэн. Өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй. Дүн гарахад физикийн олимпиадад  гуравдугаар байр эзэлсэн. Намайг эрдэм мэдлэгтэй, сайн хүн болгохын төлөө бүхнээ  зориулсан аав, ээждээ, амжилтад хөтөлсөн ачит багш нартаа, хичээнгүй хөдөлмөрлөсөн өөртөө  маш их баярласан.   
     -Ойрын зорилго...?
     -Олон улсын болон 2021 онд Монголд болох Азийн физикийн олимпиадаас медаль авах зорилготой. Багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ базааж байна. 
     -Аав, ээж нь та нарын боловсрол, хөгжилд  хэрхэн анхаардаг вэ?
    -Миний аав Д.Эрхэмбаяр ГОК-т, ээж Ц.Эрдэнэтуяа “Очир төв” компанид ажилладаг. Миний дүү Э.Содбилэг 14-р сургуулийн 6-р анги. Аав ээж маань дүү бид хоёрын хүсэл  сонирхлыг дэмжиж,  хөгжүүлэхэд сэтгэл санаа, мөнгө төгрөг, цаг заваа үргэлж зориулдаг. Аав намайг хот руу олимпиадад явахад  дагаж явах гэхчилэн байнга анхаардаг. Би аав, ээжийнхээ ачийг хариулж, сайн хүн болно гэж боддог.  
     -Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
     -Хөдөө гарч, өвөө эмээдээ тусална, хонь мал хариулна, хамаатны хүүхдүүдтэйгээ тоглоно. Зун байгалийн сайханд амрах дуртай.  
     -Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
     -Мэдээлэл зүйн хичээл их сонирхолтой санагддаг. би код бичих дуртай. Цаашдаа Мэдээллийн технологийн инженер мэргэжлээр гадаадад суралцаад, Монголдоо ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог. 
     -Үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу хэлэх вэ? 
     -Сонирхсон зүйлээрээ тууштай, шаргуу хичээллээрэй. Ингэвээс амжилт хэзээд ирнэ гэж хэлье. 
     Бидний ярилцлагын дараахан Байгалийн ухааны хичээлийн бүсийн 5-р олимпиад болж, нүдээрээ инээвхийлсэн даруухан Э.Билгүүн хүү маань математик, физик болон  нэгдмэл төрөлд аваргалж, гурван алтан медаль энгэртээ гялалзуулан шилдэг, оюунлаг сурагч болохоо бас дахин нотоллоо. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
Даваа, 03 2-р сар 2020 00:00

Таун хаустай Данаажавынх

 
    Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар гэнэтийн бэлэг барьж, уурхайчид маань шинэ оныг сайхан мэдээтэй, сэтгэл дүүрэн угтсан. Үйлдвэрийн “төрсөн өдөр”-ийн баярын хурал дээр орон сууцны түлхүүр гардсан нэгэн хос баярлахдаа тэр орой нь гудас, хөнжлөө чирж очоод ханхай байрандаа хоносон зургаа цахим хуудасдаа тавьж олныг шуугиулсан. Харин одоо тэд шинэ хороололдоо хэдийнэ төвхнөж, хөрш болцгоосон байна. Хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлж, үйлдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныхаа хариуд амьдрах байраар шагнуулсан эдгээр ажилчдаас Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер Батмөнхийн Данаажавынхыг онцлон зорилоо. Эко хорооллын төв хэсэгт шар фасадтай, хоёр давхар таун хаус алсаас бараатай үзэгдэнэ. Доороо машины гарааштай юм. Урдаа зэлүүдхэн хэрнээ тоглоомын талбайтай нь ихэд таалагдлаа. 
    Гэрийн эзэн ажлаасаа дөнгөж ирсэн бололтой, хувцсаа ч тайлаагүй, аягатай цай нь дүүрнээрээ, эхнэрийнх нь хийсэн хуушуур халуунаараа байна. Ам бүл 10-уулаа, найман хүүхэдтэй гэхээр нь гэр дүүрэн бужигнасан улс байх юм төсөөлж очтол сэлүүхэн. Олон өрөөндөө хуваагдаад орчихсон бололтой. Эрэгтэй, эмэгтэй нь одоохондоо ялгарахааргүй гурван дэрсхэн жаахан хүүхэд урд хойноо орж гүйлдэнэ. Эхнэр нь дүүрэн сайхан мэндтэй, нүдэнд дулаахан бүсгүй юм. 
    Гэрээ сайхан тохижуулжээ. Унтлагын өрөө нь том юм. Хүүхдийн тав тух хангасан өнгөлөг өрөөнд өсвөр насны хоёр охин хичээлээ хийж, нэг нь утас “маажсан” шигээ сууна. Гурван том хүү нь өрх тусгаарласан гэнэ. 
    Б.Данаажав Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь “Бүтээл” компанид слесарь, угсрагч, мастер, дараа нь Ган бөөрөнцгийн цехэд шаар хатаадаг дулааны операторчоор нэг жил ажиллаад Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер болжээ. Тэрээр зэс, гууль, төмөр цутгамал, давтмал, зормол бүхий л эд анги, эдлэлүүдийн техникийн холбогдолтой зураг, тооцоо гаргадаг. Саяхан мэргэшсэн инженерийн сургалтад сууж, хийсэн ажлаа бахархалтайгаар тоочуулан хамгийн өндөр оноо авч зэргээ ахиулжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан Зураг төслийн автоматжуулсан системийн Улсын анхдугаар олимпиадын тэргүүн байрын шагналт, Засвар механикийн заводын Хөдөлмөрийн аварга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг мэргэжилтэн, 2015 оны Трюковын нэрэмжит шагналтан залуу маань Ерөнхий захирлаас таун хаусны түлхүүр гардсан үеэ ийн дурслаа.
 
 
    -Эрдэнэт үйлдвэр танд байр бэлэглэх гэж байгааг мэдсэн үү?
    -Би цехээсээ шалгараад, тодорхойлолт маань “дээшээ” явсныг мэдсэн. Гэхдээ үйлдвэрийн газрын энэ олон бүтээлч, ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон чадвартай, хөдөлмөрч залуусын дундаас би гарахгүй “мултрах” биз дээ гэсэн бодолтой явсан. Тэгсэн баярын хурал дээр очоорой гэхэд нь гадарласан. Тэгэхдээ нэг өрөө юм уу, томдоо л хоёр өрөө байраас хэтрэхгүй гэж төсөөлсөн. Түрээсийн байранд амьдардаг манайд бол нэг өрөө байр байсан ч том бэлэг. Гэтэл хоёр давхар, 116м2 талбайтай таун хаусны түлхүүр гардуулсан. Ёстой магнай хагартал баярлана гэдэг л тэр байх. Зүүдлээд ч байгаа юм шиг, хөл газар хүрэхгүй агаараар яваад байгаа юм шиг санагдаж билээ. Хамгийн түрүүнд хамт олон, найз нөхөд, намайг дэмждэг багийнхан, үйлдвэрийн удирдлагууддаа маш их баярласан. Би хүмүүсийн итгэлийг  алдахгүй. Цаашид өөрийгөө илүү ихээр дайчилж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр хүндийг өсгөх, оюуны бүтээл гаргахын төлөө тууштай ажиллана гэсэн юм. 
     Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ Технологийн сургуульд багшилдаг. Түүгээр ч зогсохгүй цехийнхээ залуу ажилчдыг дагуулан дадлагажуулж, юуг ч байсан ойлгуулж хоногшуулахыг хичээж явдаг чин сэтгэлтэн. Б.Данаажав дэвшилтэт технологийн програм ашиглалтаар 70 гаруй мэргэжилтэн бэлтгэж, 100 шахам багц ажил гүйцэтгэж, 1900 гаруй эд ангийн зураг гарган эдийн засгийн үр ашигтай импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлсэн шилдэг мэргэжилтэн гэдгийг цехийн удирдлагууд нь ярьсан юм. 
    Төрөлх үйлдвэрээсээ таун хаус бэлгэнд авсан найман айл алтан хөршүүд төдийгүй найзууд болжээ. Саяхан тэднийхний ойролцоо бохир алдагдахад Баяжуулах үйлдвэрийн Бат-Эрдэнэ, Лхагва нартайгаа нийлж ухаж янзлаад  сайхан болгочихсон байна. Ажилч хичээнгүй, хөдөлмөрч залуусын нэгдэл тэнд ихийг цогцлоох нь дамжиггүй.   
    Түүний эхнэр Н.Онон Эрдэнэтчүүдийн сайн таних Батаа эмчийн хувийн эмнэлгийн нийгмийн ажилтан. Тэд архинд донтох өвчний эсрэг менсота загвар эмчилгээг хамтарч хийдэг гэнэ. Хүмүүсийг соён гэгээрүүлэх ажилтай болохоор үнэхээр ухаалаг, цэгцтэй сайхан ярих юм. Ханийгаа ажилдаа явахдаа сэтгэл нь тайван, ирэхэд нь хоол нь халуун, гэр нь цэвэрхэн, үр хүүхдүүд нь эрүүл, инээд хөөртэй биднийгээ хараад жаргалтай сайхан амраасай гэж тэр хүсдэг бас хичээдэг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хүчний ажил хийдгээс илүү ядардаг учраас гэртээ байх хугацаанд нь массаж хийж өгч, хүүхдүүдтэйгээ тоглох, ганцаараа байх цагийг олгодог гэлээ. Тэд орон сууц худалдан авахаар банкны зээлийн урьдчилгаа цуглуулж байсан ч олон хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг болохоор олигтой хуримтлуулж чадахгүй байжээ. Н.Онон “Би нөхрийнхөө нэг чанарт үнэхээр хайртай. Тэр бол чин сэтгэл. Ажилдаа ч, амьдралдаа ч, аливаа бүхэнд чин сэтгэлээсээ ханддаг. Үүнийх нь хариуд энэ шагнал ирлээ. Түлхүүр гардсан өдөр үйлдвэрийн удирдлагууд энд хамт ирсэн юм. Тухайн үед баярласан сэтгэлээ илэрхийлэхэд үг үнэхээр багаддаг юм билээ. Сэтгэл огшоод нулимс гараад л байсан. Дараа нь хоёулхнаа үлдчихээд бие биедээ баяр хүргээд, тэвэрч үнсээд насандаа мартамгүй сайхан дурсамж үлдсэн” гэж догдлонгуй ярив. 
    Б.Данаажав анх Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехэд ажилд орсон өдрөө “по”-гийнх нь цахилгааны батарей суучихаар төмөр бэлдцүүдээ сугандаа хавчуулаад, тасалсан заримыг шуудайнд хийгээд үүрч хүргэж өгөхдөө үйлдвэрийн дотоод зохион байгуулалтыг биеэр мэдэрсэн гэдэг. Нэг нь зогсоход дараагийн дамжлагын ажил овоорч хүлээгддэг, өөр хоорондоо уялдаатай, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн онцлогийг тэр үеэс бүрэн ойлгожээ. Тиймээс тэрээр хүний итгэл дааж, хурдтай, чанартай, бүтээмж өндөртэй ажилладаг. Эзэн хичээвэл заяа түшдэгийн тод жишээ энэ. Одоо Б.Данаажав өөрийн цехээ дэлхийд номер нэг завод болоосой гэсэн мөрөөдөлтэй. Түүндээ ч итгэлтэй. Орчин үеийн машин техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл гээд хөгжих үйл явц өрнөхөд хамгийн дуртай. Тэр эхлээд зургаа гараар зурдаг байсан бол компьютер дээр тооцоо хийдэг болж, загварын зургаа 3D болгоод, сүүлдээ орчин үеийн ухаалаг програмчилсан системүүд ашигладаг болжээ. Түүний зургийн дагуу ажилчид гагнаад, цутгаад, боловсруулалт явуулж буй дуу чимээг сонсох, хажуунаас харж зөвлөх бахархалтай гэж Б.Данаажав ярьсан. 
     Хүүхдийн инээд цалгисан тав тухтай, дулаан байрны цонх гэрэлтэн алсарна. Тэр гэрт Эрдэнэт үйлдвэрээ гэх халуун сэтгэлтэй хүмүүс аж төрдөг.     
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 
    Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхтэй уулзаж ярилцлаа.
    -Танай цех бүтээн байгуулалтын томоохон ямар ажлууд хийгээд байна вэ?  
    -Сүүлийн хоёр жилийн байдлаар Эрдэнэт хивсний үйлдвэрийн өмнөх уулзвараас хотын насосны станц хүртэлх 2А хорооллын төлөвлөлтийн бүс газар доогуур явдаг 600 мм-ийн болон 2,4000 мм-ийн диаметртэй нэг, нийт гурван шугамыг ил гарган төлөвлөлтийн талбайн гадуур татаж шинэчилсэн. Ингэснээр үйлдвэр, хотын хамтын ажиллагааны хүрээнд талбай чөлөөлөх, үйлдвэрийн шинэчлэлийн ажлын хүрээнд шугам солих гэсэн хоёр том зорилго биелж нэг сумаар хоёр “туулай агналаа”. Ус өргөх I станцын хуучин 14 худгийн 300-600 мм-ийн диаметртэй цуглуулах шугамыг сэлгэн залгах хаалт, арматуруудын хамт сольсон. Түүнчлэн II өргөх станцын усан сангуудыг орчин үеийн шинэ технологиор доторлолоо. Үүний үр дүнд бетонон хийцийн даацыг сэргээж битүүмжийг сайжруулсан. Ус өргөх станцуудын барилгын дотор заслыг хийхдээ инновацийн шийдэл ашиглан дулаан тусгаарлах будаг хэрэглэсэн нь зардал буурах нөхцөл бүрдсэн. Монгол улсын Шинжлэх ухааны академи, Хөгжлийн хэлтэстэй хамтран Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажил хийж байна. Энэ ажлын үр дүнд Эрдэнэт хотын иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулна.
    -Энэ онд хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн ажлынхаа талаар ярина уу? 
    -Эргэлтийн усны үндсэн насосыг өмнөх оны сүүлчээр нийлүүлсэн Японы Ebara фирмийн насосоор солих ажлыг бүрэн хийнэ. Хуучныг нь буулгаж шинэ насос угсрах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна. Энэ насосны ашиглалтын горимыг оновчлох математик загвар гаргахаар ажиллаж байна. Энэ ажлаараа үйлдвэрийн хэмжээнд зарласан математик загварчлалын уралдаанд оролцоно. Мөн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт цэвэрлэсэн усыг хаягдлын аж ахуйн далан руу шахах дэвшилтэт насос суурилуулна.
    -“Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай үйлдвэр. Энэ утгаараа танай цехийн ажиллагчид нийгмийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? 
    -Манай цех 228 ажиллагчтай. Үүний 46 нь инженер техникийн ажилтан. Хамт олон маань бүхэл бүтэн үйлдвэр, хотыг усаар хангах нийгмийн маш том хариуцлагыг нуруундаа үүрч байна. Манай цехийн логонд байдаг чандмань эрдэнийн гурван дусал бол бие, хэл, сэтгэл юм. Бидний сэтгэлдээ бодсон, ярьсан, биеэр үйлдсэн үйл хэрэг зөв, ариун байж л зөв бүтэцтэй цэвэр сайхан ус хүмүүст хүрнэ. Өөрөөр хэлбэл бидний хариуцлагын философи. Энэ хариуцлагыг үүрсэн шиг үүрэх гэж л манай хамт олон хичээн зүтгэж байна. Үүнд чиглэсэн зөв хандлага бүтээлч санаачилгууд өрнөдөг. Үүний тод илрэл бол бүтээмж, инновац, сайн саналын систем дэх оролцоо юм. 2019 онд үйлдвэрийн хэмжээнд гаргасан сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехийн 14 ажиллагч байна. Хүмүүсийн энэ чиглэлийн оролцоо өмнөх онд 14,4 хувиар нэмэгдсэн. Үүнийг дагаад цехийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч бодит хэмнэлтүүд гарч байна. Өнгөрсөн оны сүүлийн дөрвөн сарын зардлын хэмнэлтийн үр дүнгээр 78,9 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ шагналаа хүмүүст тав, арван төгрөг хуваарилах маягаар тэгшитгэн үрээгүй. Ажиллагчдынхаа бүтээлч оролцоог урамшуулан гадаадад үзэсгэлэн үзүүлэх, сургалтад хамруулах ажлыг зохион байгууллаа. Энэ нь хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд оруулсан бодит хувь нэмэр.
    -Үйлдвэрийн хэмжээнд нэгэн шинэ үеийн залуус ажиллаж байна.Удирдлагын тухайд та залууст ямар шаардлага тавьж байна вэ?
    -Манай залуучууд сүүлийн үеийн техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн түүнийгээ хөгжүүлэх үүрэг хүлээж байна. Энэ утгаараа орчин үеийн программ хангамж, автомат удирдлагын системтэй өөрсдийн ажлаа уялдуулах талаар залуучууд сайн бэлтгэгдсэн байх ёстой. Тэгэхээр математик загварчлал, симуляцтай холбогдсон автоматжуулалтын боломжуудыг ашиглах хэмжээнд өөрсдийгөө бэлтгэхэд нь залуучуудыг чиглүүлж байна. Монгол залуучууд чадвартай. Тэдний ур чадварыг бүрэн хөгжүүлж ашиглах талаар анхаарал тавин ажиллаж байна.
    -Ажлын хүндрэл бэрхшээл гарах юм уу?
    -Манай цех Эрдэнэт үйлдвэрт төдийгүй хотын бусад аж ахуйн нэгж байгууллагад цэвэр ус түгээж, хэрэглээнээс гарсан бохир усыг нь татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэ утгаараа Эрдэнэт хотын иргэд, аж ахуйн нэгжид түгээсэн усны орлого тодорхой хувиар бүрдэхгүй өр авлага үүсэх тохиолдол гардаг. Гол хүндрэлтэй асуудал энэ. Хуримтлагдсан өр үүсдэг нь асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдээгүйтэй  холбоотой. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бид өнгөрсөн жил нэлээн сайн ажилласан. Аливаа шингэн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тодорхой хэмжээний хорогдол гардаг. Тухайн шингэний физик шинж чанараас шалтгаалаад хорогдол гарах нь зүй ёсны асуудал. Тэгэхээр бид  тодорхой хэмжээний хорогдлыг тооцох шаардлагатай. Дэлхийн практикт шугам сүлжээний урт, хэрэглээний шинж чанартай нь уялдуулан усны хорогдлыг статистик өгөгдөлд тулгуурлан гаргадаг. Үүнийгээ гэрээнд тусгадаг. Манайд энэ зохицуулалт байхгүй. 2019 онд энэ зохицуулалтыг бий болгох зорилгоор Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газрын хамтарсан ажлын комисс манай цех дээр ажиллаж тодорхой шийдлүүдийг гаргасан. Анх удаа усны хорогдлын хувь хэмжээг тогтоож гэрээнд тусгах ажил хийгдсэн. Тэгэхдээ уг ажлын албан ёсны эцсийн шийдлүүд гараад мөрдөгдөх нөхцөл хараахан бүрдээгүй байна. Энэ асуудал шийдэгдвэл хууль эрх зүйн зохицуулалтгүйгээс маргаантай хүндрэлтэй асуудал үүсдэг байдал нэлээн цэгцэрнэ.
     -Японы Ebara үйлдвэрийн насос тавина гэж та дээр дурдсан. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
     -Ebara үйлдвэрийн мэргэжилтнүүд газар дээр нь өгөгдлүүдийг нь судлаад манай нөхцөлд зориулан үйлдвэрлэсэн насос нийлүүлж байгаа. Манай мэргэжилтнүүдийг насос үйлдвэрлэх явцтайгаа танилцуулан ийм туршилт хийлээ,бидний гаргасан тооцоотой ингэж таарч байна гэдгээ танилцуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн манай эргэлтийн усанд нийцүүлж үйлдвэрлэсэн насос гэж ойлгож болно. Хүчин чадлын тухайд хуучин насосноос 14 хувийн бага чадал зарцуулна. Энэ хэмжээгээрээ өндөр бүтээмжтэй ажиллана. Цахилгааны зардлаа хэмнэх боломж бүрдэнэ. Бидний хэрэглэдэг цахилгаан өндөр үнэтэй. Цэвэр ус олборлон түгээх, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг бусад газрууд цахилгааныхаа үнийг энгийн аж ахуйн нэгжийн ангиллаар төлдөг. Гэтэл тус цехийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд зарцуулж буй цахилгааны үнийг уул уурхайн олборлолтод хэрэглэх цахилгааны үнээр тооцож авдаг. 
     -Танай цех Уул уурхайн олборлолтын нөхцөлөөр биш энгийн аж ахуйн нэгжийн ангиллын хэрэглээгээр цахилгааныхаа үнийг тооцвол хэдий хэмжээний хэмнэлт гарах тооцоо гарч байна вэ?
     -Манай цех цэвэр ус олборлон түгээх, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд зарцуулдаг цахилгаанаа уул уурхайгаас бусад ангиллаар тооцвол жилд 2-3 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ асуудлыг цэгцлэх талаар сүүлийн хоёр жил идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд Цэвэрлэх байгууламжийнхаа зарцуулж буй цахилгааныг уул уурхайгаас бусад аж ахуйн нэгжийн хэрэглээний цахилгааны үнээр төлөх болсон. Энэ зохицуулалтыг нэгдүгээр сарын нэгнээс мөрдөнө. Ингэснээр жилд 230 сая төгрөгийн цахилгааны хэмнэлт гарна. Цаашид цэвэр усанд зарцуулж буй цахилгааны үнэнд зохицуулалт хийх талаар идэвхтэй ажиллана.
     -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 
Бүлэг Ярилцлага
 
     Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн хүдрийн гуравдугаар агуулахад Герман, Белгийн хамтарсан Spray Stream үйлдвэрийн тоосжилт бууруулах тоног төхөөрөмжүүд суурилуулж байна. Энэ нь РМ-2,5, РМ-10 нарийн ширхэгт тоосонцрыг 30-50 микрон усны дусланцраар агаарт мананцар үүсгэн өөртөө шингээн буулгах технологи юм. Гуравдугаар агуулахад хүдэр ихтэй, хавар намрын хуурайшилтын үед тоосжилтын хэмжээ нэмэгдэж, агаарт 13 мг/м3 хүрдэг аж. Үйлдвэрийн тоосжилтыг зөвшөөрөгдөх хэмжээ буюу 4мг/м3 хүргэж бууруулах зорилгоор дэлхийн шилдэг үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг анх удаа ийнхүү суурилуулж байгаа юм. 
     Хүдрийн гуравдугаар агуулахын хажуу хэсэгт байрлуулсан тоног төхөөрөмж нь 35-40 метр зайд цацах хүчин чадалтай, бүрэн автомат, удирдлагын электрон системтэй, шүүлтүүртэй юм. Хүдэрт чийгийг хамгийн багаар өгөх зориулалт бүхий өөр нэгэн тоног төхөөрөмжийг нэг, хоёрдугаар туузан дамжуулгын асгах течка, бункер, хүдэр хуваарилах тэргэнцэр дээр суурилуулж байна. Энэ нь хүдэр байх үед ажиллаж, тасарсан үед автоматаар зогсох тохироотой. Сүүлийн үед дэлхийн уул уурхайн үйлдвэрт тоосжилт бууруулахад ашиглаж буй байгальд ээлтэй энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулснаар тоосжилтын хэмжээ 2-3 дахин буурч, ажлын байрны орчин нөхцөл сайжирч, ажиллагчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм. Spray Stream  үйлдвэрийн албан ёсны борлуулагч Эко сойл компанийн захирал Б.Баттогтох тоног төхөөрөмж суурилуулах, ажиллуулах горимыг зөвлөж байна. Тоног төхөөрөмжийг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Бутлан тээвэрлэх хэсгийн Механик, Цахилгааны албаны ажиллагчид суурилуулж байна. 
 
 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын байрны  “5 сайн үйлс”  хөтөлбөрийн хүрээнд 8 цехийн 14ажлын байр хамрагдан, эдгээрээс хоёр  цехийн гурван ажлын байр шалгарсаны нэг нь Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн Усны лаборатори юм. Тус лабораторийнхан хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг 92.3 хувиар буюу “Үлгэр жишээ жишиг ажлын байр”-ны болзол ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр “5 сайн үйлс” хөтөлбөр тус цехэд эрчимтэй хэрэгжсэн байна.  

     Тухайлбал, инженер техникийн ажилтнуудын ажлын байрыг эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор “Үлгэр жишээ 5 сайн үйлс хэрэгжүүлэгч ИТА” сэдэвт болзолт уралдааныг зарлаж дүгнэжээ. Уралдаанд цехийн ажилтнууд өндөр идэвх санаачлагатай оролцож, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 4С болзол ханган тэргүүн байр эзэлсэн байна. Удаах байруудад  Цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастерын ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар, Цэвэрлэх ус хангамжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар тус тус шалгарсан бол  Хий хангамжийн хэсгийн мастерын ажлын байр иж бүрэн 5С хэрэгжүүлж цехийн бүтээмжийн зөвлөлийн шагнал хүртэв.

     Мөн цехийн Захиргааны биллиард, цайны зориулалтаар ашиглаж байсан өрөөг сургалтын болон  хурлын танхим болгон тохижуулж, иж бүрэн 5С хэрэгжүүлж ажилласнаар өдөр тутмын ажил, албан уулзалт, сургалт, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэх таатай орчин бүрдсэнийг албаны хүн онцлов. Ус хангамжийн цех нь  Цэвэр ус хангамж, Цэвэрлэх байгууламж, Эргэлтийн ус хангамж, Хий хангамж гэсэн 4 хэсгийн  65 ажлын байртай юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 1 дүгээр сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелсэн байна. Харин хүдэр дэх металлын зэсийн агуулга 99.3 хувийн дүнтэй гарчээ. Оны эхний сард уурхайчид 2175.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 106.1 хувиар, 969.51 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 113.5 хувиар тус тус биелүүллээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөө энэ хугацаанд 100.8 хувиар биелж, төлөвлөснөөс илүү буюу 3074.0 мянган тонн хүдэр олборлолтын ажил гүйцэтгэв. Ил уурхайнхан Баяжуулах үйлдвэрт 2764.0 мянган тонн хүдэр өгч, төлөвлөгөөг 109.0 хувиар биелүүлсэн бол исэлдсэн хүдрийн олборлолтын гүйцэтгэл  100 хувийн үзүүлэлттэй гарчээ.  Мөн өрөмдлөг, тэсэлгээний хэсгийнхэн 42500 тууш метр өрөмдлөгийн ажил хийж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн сард ачаа эргэлтийн төлөвлөгөө 112.3 хувиар биелжээ.

     Баяжуулагчид эхний сард 2766.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 100.9 хувиар биелүүлсэн байна. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.46 хувь, молибдены металл авалт 104.47 хувиар биелсэн үзүүлэлттэй гарсан бол зэсийн баяжмал гаргалт 101.3 хувь, молибдены баяжмал гаргалт 100.8 хувьтай байна. Ачигдсан баяжмал дахь зэсийн агуулга 101.8 хувь, молибдены агуулга 118.6 хувиар биелж, зэсийн баяжмалын чанар 101.7 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувийн үзүүлэлттэй тус тус гарчээ. Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан дүгнэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн 2019 оны 1 дүгээр сард уурхайчид 922.4 мянган метр куб хөрс хуулж байсан бол 2020 оны эхний сард 969.51 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 105.1 хувьтай гарсан байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог