• Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, Ерөнхий захирлын бүтцийн нэгжүүдийн тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан дотоод үйл ажиллагааны дүрэм, журмууд болон 53 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, журам хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн үйлдвэрийн газарт холбогдох 70 орчим хэрэг маргаан, зөрчлийн асуудлаар хууль ёсны эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллалаа. Тухайн хэрэг маргааны 50 орчим хувийг хууль хяналтын байгууллагуудын түвшинд шийдвэрлүүлсэн нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж болно. Мөн Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болохын хувьд Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна.     -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?    -Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудлыг Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран бүрэн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Тухайлбал, “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэн ажиллаж байна. Журмын хүрээнд үйлдвэрийн газрын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах болон гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлж байгаа гаднын байгууллага, хувь хүмүүсийг түр болон зочин үнэмлэхээр нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулан ажилласнаар үйлдвэрийн хэмжээнд хэвшүүллээ. Мөн үйлдвэрийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болон бусад байдлаар үүссэн өр, авлагын асуудлаар 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбогдон, хуулийн дагуу ажиллагаа явуулж тодорхой үр дүн гарсан бөгөөд тухайн үйл ажиллагааг цаашид сайжруулан ажиллахаар төлөвлөөд байна.     -Энэ онд төлөвлөсөн зорилтот ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Бид 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэлээд өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тогтмол хийж гүйцэтгэгддэг ажлуудаа цаашид боловсронгуй болгох байдлаар төлөвлөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө явуулж байсан арга ажиллагаагаа өөрчлөх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөн, энэ чиглэлийн уулзалт, хэлэлцээр хийх зэрэг зохион байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад манай хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд чухал оролцоотой тул энэ оны турш батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа чанартай гүйцэтгэх болно.      -Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Ятгах тусам нягтал” аянд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нэгдэж байна вэ?     -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголын банкнуудын холбоо хамтран залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “Ятгах тусам нягтал” сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн гаралтад цахим гэмт хэрэг, залилан мэхлэх үйлдэл улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх аяныг өрнүүлсэн гэж ойлгож болно. Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 71, 2018 онд 83, 2019 оны байдлаар 114 залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан. Эрдэнэт үйлдвэр ч тус аянд нэгдэж, иргэдийг болгоомжгүй байдлаасаа эрсдэлд орох вий гэдэг үүднээс холбогдох сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна, фондын байр өгнө гэх зэргээр иргэдийг хохироосон гэмт үйлдлүүд өнгөрсөн онд гарсан. Энэ бүхэнд зохих хариуцлага тооцож, цаашид энэ төрлийн залилангийн гэмт хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • С.САРАНЦЭЦЭГ: Уурхайчин бүсгүйчүүд аюул ослоос ангид, сэтгэл түвшин байгаасай...

          Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.        -Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?     -2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.     -Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?     -Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.      -Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?        -Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан  сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.      -Тэр эрчээрээ оёсоор байв уу?       -Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.     -Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?      -Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ...” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад  даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.      -Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?  -Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.       -Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг...?     -Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.      -Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?  -Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.        -Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?      -Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.      -Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?    -Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.       -Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?    -Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.       -Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?      -2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих...” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд...” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.         -Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?     -Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.      -Баярлалаа.                  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэвшилд тэмүүлэгч хамт олон

          Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.     Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ:        Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг.    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:       Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа.    Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:         Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна.    Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ:        Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа.      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ш.ТӨРБАТ: Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой

        Мэргэжлийн өндөр ур чадвар, өвөрмөц сэтгэлгээ, ажил амьдралын баялаг туршлагатай нэгэн бол Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч, доктор (Ph) Ш.Төрбат юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.     -Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу байв. Дунд сургуульд математикийн хичээлд хэр байсан бэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?    -Бусад хүүхдүүдийн адил жолооч, нисгэгч болохыг мөрөөдөж явсан санагддаг. Манай ээж багш хүн л дээ. Ээж хэлсэн юм уу бүү мэд, багш намайг анх хамгийн урд  талын ширээнд суулгачихсан. Тэгэхээр ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй хичээлдээ анхаарна биз дээ. Ер нь хичээлдээ сайн хүүхэд байсан. Математикийн хичээлд ер нь гайгүй явлаа. Булган аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн. Оюутан болоод Политехникийн дээд сургуулийн математикийн олимпиадад дэд байрт шалгарч байлаа. Аав маань малын эмч. Ээж бага ангийн багш. Хөдөөнөөс хүүхдээ эргэж ирсэн эцэг, эхчүүд багштай нь уулзана. Ингэж багшийг маш сайхан хүндэлдэг байж дээ.    -Ингэхэд та Эрдэнэт үйлдвэртэй яаж яваад хувь заяагаа холбочихов оо?    -10-р ангид мэргэжил сонгох боллоо. Эхлээд би эдийн засагч болъё гэсэн бодолтой явсан. Бидэнд математикийн хичээлийг ангийн багш заадаг байлаа. Би тоо бодохдоо хайхрамжгүйгээсээ ганц нэг алдана. Үүнийг багш нэлээн эмзэг хүлээж авсан уу,  эдийн засагч болъё гэхэд чи хайхрамжгүйгээсээ алдаа гаргаж өрөнд орно хэрэггүй гэдэг юм. Харин дунд сургуульд сурч байхдаа би Эрдэнэтэд аавтайгаа нэг удаа ирсэн юм. Тэгэхэд Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид явагдаж байлаа. Ажил хийж яваа хүмүүсийг нүдээр харлаа.Гадаа оросуудын волейбол тоглохыг үзлээ. Орос гуанзанд нь хоол идлээ. Энэ мөчөөс би Эрдэнэтэд ажиллах бодол төрсөн. Тэгээд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн цахилгаан механикийн ангийг сонгосон. Бид тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн ангийн хоёр дахь төгсөлт. Их сургуулиа 13-уулаа төгссөн. Диплом хамгаалалт дээр Түлш эрчим хүчний яамны сайд П.Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд Д.Ренчинханд нар сууж, шалгалт авч байлаа. П.Очирбат гуай:” Манай үндэсний мэргэжилтнүүд төгсөж байна. Та нар хаана ч очиж ажиллаж болно. Бид та бүхнийг юм юмны зах зухаас зааж бэлтгэсэн шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Дээд сургуульд сурах хугацаандаа би Эрдэнэтэд оюутны дадлага хийсэн. Миний их сургуулийн ангийн багш Эрдэнээ гэж нэртэй хүн байлаа. Намайг далд уурхайгаар явуулах сонирхолтой. Сургуулиа төгсөх жил Налайхад  дипломын дадлага хийсэн. Тэгээд л Эрдэнэтэд ирж ажиллаж амьдарсан даа.    -Таны амьдралын 36 жил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой явж иржээ. Энэ хугацаанд та Эрдэнэт үйлдвэрт яг юу хийсэн гэж боддог вэ?    -Анх би Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехэд дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёроор ажилд орсон. Бидэнд их сургуульд далд уурхайн, уулын, цахилгааны, механикийн чиглэлийн хичээл ордог байлаа. Сүүлдээ энэ нь чиглэлийн ангиуд болж салсан. Нэлээн хүнд программаар хичээллэж байсан юм билээ. Хожим Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий энергитикийн албыг хашихад сурсан мэдсэн минь их хэрэг болсон санагддаг. Цахилгаан цехэд би реле хамгаалалт, теле механик дээр ажилласан. Цахилгаан цехийн монгол ах нар ОХУ-д сургууль төгссөн, чадварлаг хүмүүс ажиллаж байлаа. Д.Баасандалай, С.Шаравдорж, С.Чинбат, Ч.Содномдорж нарыг дурсмаар байна. Орос мэргэжилтнүүд ч  хүнийг жинхэнэ ажилд сургана. Ажиллах хугацаандаа  ТM-301, ТМ-120, Гранит зэрэг теле механикийн системийг солих, шинэчлэх ажлыг өөрсдийн хүчээр хийж байлаа. Уг хяналтын системийг бид жилийн хугацаанд тавих байсныг найман сарын хугацаанд гүйцэтгэсэн. Өндөр узелийн холбооны хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн бүх объектыг хянаж удирддаг системүүдийг тавьсан. Одоо подъемын насосуудыг үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрнаас удирдаж эрчим хүчний бүх объектууд диспетчерын нэгдсэн хяналтад орсон байгаа. Теле механикийн хэсгийн дарга байхдаа ус, дулаан, цахилгааны тоолуур тавих ажлыг эхлүүлсэн. Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр орчин үеийн ус, дулаан, цахилгааны тоолуур тавьсан байх. Тухайн үед цахилгааны нэг хувийн алдагдал сард 150 сая төгрөг байсан. Тоолууржуулах ажлыг шинэ түвшинд гаргаж тавьсан нь их үр ашиг өгсөн. 2008 онд дулааны цахилгаан станцад 5 мВт-ын хоёр турбин генератор суурилуулах ажилд биечлэн оролцсон. Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хувиргах системүүдийг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 48мВт хүчин чадал бүхий өргөтгөлийн ажлыг зохион байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Дээд удирдлагын түвшинд ойлголцолд хүрэх, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах гээд их нүсэр ажил байсан юм. Бид хамтын хүчээр энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол Улсын Эрчим хүчний системд  үр ашигтай ажил болсон. Энэ  мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажил намайг ажиллах хугацаанд үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн байна.     -Цаашид таны бодлоор Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний бодлогыг хэрхэн авч явах ёстой вэ?    -Аливаа юм хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Эрчим хүчний болон автоматикийн техникүүд  таван жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байх жишээтэй. Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ чиглэлээр  боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй. Аливаа техник технологийн горим, ажиллах зарчмуудыг математик загварчлал, компьютер симуляцийн төрөл бүрийн программ хангамж ашиглан боломжит үр ашгийн хувилбаруудыг шинжлэх ухаанчаар боловсруулах нь маш чухал. Дээр нь менежмент сайн байх ёстой.    -Эрдмийн цол хамгаалсан сэдвийнхээ талаар ярина уу?    -2019 онд “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн алгуур унтраах горим” сэдвээр техникийн ухааны докторын (Ph) зэрэг хамгаалсан. Энэхүү эрдмийн ажил нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн шаардлагад нийцсэн, өндөр үр ашигтай техникийн шийдэл гаргах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх  боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм.     -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та шатрын спортын  мастер цолтой. Хэзээнээс шатрын спортоор хичээллэсэн бэ? Шатрыг шинжлэх ухаан, спорт, урлагийн цогц нийлбэр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?     -Нийлнэ. Намайг дэс дараатай сэтгэж сурахад шатар их нөлөөлсөн. Манай нагацууд шатарчид байлаа. Тэдний тоглохыг харж байгаад шатар сурчихсан юм. Шатар тоглосон маань надад оюуны дасгал болж хичээл сурлагад ч нөлөөлсөн.    -Яаж..?    -Сэтгэж сургасан. Тэвчээр суулгасан. Үүнийг би шатартай холбож ойлгодог. Эрдэнэтийн шатрын холбооны тэргүүнээр би нэлээн хэдэн жил ажиллалаа. Холбооныхоо үйл ажиллагаа бодлогод оролцож явлаа. Олон ч тэмцээнд оролцож медаль авсан. Энэ рейтинг үзүүлэлтээрээ шатрын спортын мастер болсон доо. Шатраар нэг хэсэг амьсгалж явсан шүү. Шатар тоглодог хүүхдүүд ядаж амьдралаа зөв аваад явчихдаг. Үүнийг би амьдрал дээр харлаа. Том мэргэжилтнүүд, банкны захирлууд болчихсон явах жишээтэй. Би  Эрдэнэтийн шатарчдын түүхийг мэднэ. Хожигдоод уйлаад явж байсан хүү хожим шатрын том мастер болчихсон явахыг ч үзлээ. Шатар тоглодог хүүхдүүд өөрсдөө хичээлдээ хичээдэг эсэх нь бүү мэд ямар ч гэсэн онц сураад явах юм билээ. Харин мэргэжлийн дээд түвшинд хүрэх явдал өөр асуудал, хувь хүн амьдралаа золиослох шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй.     -Төгсгөлд нь залууст хандаж  хэлэх таны үгийг сонсъё ?    -Амьдралд томьёо байхгүй гэж залуу насандаа бодож явлаа. Нас ахиад ирэхээр амьдрал томьёотой юм байна. Бүх шашинд сайн сайхан сургаал, номлол бий.10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг чинь л суртал томьёо бололтой. Буддаг шашин талаас бус философийн утгаас нь судалсныг үзэхээр... Хүний үгийг авах эсэх нь хувь хүний хэрэг. Номын номоос хүний ном дээр гэж өвгөд ярьдаг. Тэгэхээр залууст хандаж, амьдралын жудагтай,хүний номоор явах хэрэгтэй. Ёс зүйтэй байх чинь хүний номоор явж байна гэсэн үг. Бүх юм цаг хугацаатай, хэмжээтэй.    -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Б.ТӨГСБАЯР: Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд анхаарлаа чиглүүлж байна

        Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, гүйцэтгэх зөвлөл, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн бүтэц шинэчлэгдэн ажилласаар нэгэн оныг үдэж байна. Идэвхтэн сонгуультны XII бага хуралдааны шийдвэрээр ҮЭХ-ны даргын үүрэгт ажлыг хүлээн авсан Б.Төгсбаярыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.     -Та Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилтны эрх ашгийг хамгаалах ҮЭХ-ны удирдлагаар сонгогдон ажилласан нэг жилийн хугацаандаа ямар ажил амжуулав?     -Өнгөрсөн хугацаанд байгууллагын төдийгүй гишүүд, ажилчдын хувьд багагүй зүйлийг хийж хэрэгжүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хөндлөнгөөс харахад “Хамтын гэрээ” байгуулдаг газар мэтээр хүмүүс хардаг. Гэтэл үгүй юм. “Хамтын гэрээ” бол бидний хийх ажлын ердөө нэгээхэн хэсэг. Бид бага хурлаас хойш байгууллага дээр яригдсан бодлогын асуудлаа цэгцэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 46 настай. Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа байх үед үйлдвэрчний байгууллага 1974 онд үүсэн байгуулагдсан. Тэр цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн холбоодын дарга нар тодорхой хугацаанд сонгуульт ажлаа гүйцэтгэж байсан ч тодорхой бодлого, алсын хараа, эрхэм зорилгогүй явсаар ирсэн. Эдгээрийг цэгцлэхээр өнгөрсөн оны тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн идэвхтэн сонгуультны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2020-2031 он хүртэл хөгжүүлэх 5 зорилт бүхий богино, дунд, урт хугацааны хөгжлийн концепци, үзэл санааг баталлаа. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцитой уялдуулан боловсруулсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага богино хугацаанд буюу 2019-2022 он хүртэл хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх вэ, ажилчдын бодит орлого яаж өсөх вэ гэдэг дээр эзэн биетэй бодлогоо тодорхойлж гаргасан нь 2019 оны хамгийн том, өгөөжтэй ажил болсон гэж дүгнэн хэлмээр байна.     Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс авсан татвар хураамж юунд зарцуулагдаад байна вэ гэсэн санхүүгийн холбогдолтой асуудлаа нэг тийш шийдвэрлэлээ. МҮЭ-ийн холбоо 36 гишүүн байгууллагатай. Эдгээрээс хамгийн анх нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулсан нь манай салбар холбоо юм. Зарцуулалтаа гишүүддээ тайлагнах журмаар явж байна. Бид 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа сар шинийн босгон дээр тогтмол хэвлэлээр дамжуулан бүх гишүүддээ хүргэхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Дараагийн нэг томоохон ажил нь хамтын гэрээ хэлэлцээрийн асуудлыг нэлээд нухацтай авч үзлээ. Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийнхөө явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай 12 удаагийн “Хамтын гэрээ”-г амжилттай байгуулсан. Миний бие эдгээрийн 7 гэрээнд гар бие оролцож, сүүлийн хоёр гэрээг өөрийн биеэр үйлдвэрийн Ерөнхий захиралтай үзэглэсэн.     -Ажилчдын ярьдаг, хамгийн их анхаарал татсан сэдэв нь цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай байдаг. Цалингийн нэмэгдлийг хангалттай бус гэж үзэх хүн олон байна?     -Уурхайчид маань нэг зүйлийг ойлгоосой гэж би хүсдэг. 2011-2016 оны хооронд цалин 150 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол 2017 онд 10 хувь, 2018 онд 15 хүртэл хувь, 2019 онд 20 хувь нэмэгдлээ. Үндсэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд цалин 45 хувиар нэмэгдсэнийг харж болохоор байна. 2020, 2021 онд цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоо судалгаатай төсөвлөн, нэгдсэн шийдэлд хүрснээр 2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээгээ байгуулсан. Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаад юу хийв гэсэн асуултад нэг зүйлийг тодорхой хариулъя. Бид 2018-2019 онд хэрэгжүүлэх гэрээнд 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2020-2021 онд 53.6 тэрбум төгрөгийн гэрээг баталсан. Энэ мөнгө цалин хэлбэрээр, соёл, ахуйн хэлбэрээр бодит орлогыг нэмэгдүүлэн ажилчид болон гишүүдэд хүрнэ.     Цалинг 10 хувиар нэмнэ гэдэг нь бага хувь мэт сонсогдох боловч мөнгөн дүнд шилжүүлэхэд хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө босгох хэрэгтэй болно. Энэ бол бага мөнгө биш. Олборлолтоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд гаргасан хэмнэлтээс дээрх мөнгийг шийдвэрлүүлэхээс биш, зэсийн ханш бага байгаа энэ үед санааны зоргоор нэмэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Сангийн яам 2019 онд зэсийн ханш 6271 ам.доллар байна гэж баталсан байтал төлөвлөснөөс 400-500 ам.доллараар бага байсаар он дууслаа. Дээрх ханшийн зөрүүнээс үүсэж болох эрсдэлийг одоогийн үйлдвэрийн удирдлагууд зөв менежмент боловсруулан хэрэгжүүлсний дүнд даван туулсан гэж хэлж болох юм. Үйлдвэрчний эвлэл энэ бүх нөхцөл байдлыг харгалзан хамтран ажилласан. Бид ингэж зөвшилцөж ажилласныхаа хүчинд бүтээсэн баялгаасаа улсдаа татвар төлж, “Хамтын гэрээ”-гээр дамжуулан ажилчдынхаа бодит орлогыг нь нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна.     -Цалингаас гадна хэд хэдэн нэмэгдэл гарсныг “Хамтын гэрээ”-ний зөвшилцлийн үр дүн гэж ойлгож болох уу?    -2007 оноос хойш хөдлөөгүй байсан удаан жилийн нэмэгдлийг нэг дахин нэмж, 2003 оноос хойш тогтмол өгч байсан амралтын эрх бүхий 150 мянган төгрөгийг нэмэгдүүлж, орон сууцны хөнгөлөлтийг 12 сая төгрөгт хүргэсэн. Ажилчдын ойлгодоггүй нийгмийн олон асуудал “Хамтын гэрээ”-нд давхар яригддаг. Тухайлбал, ажилтан чөлөө авах шаардлага гарахад “Захиргаа чөлөө өгч байна” гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн “Хамтын гэрээ”-нд заагдсан учраас аль аль талдаа хэрэгжилтийг хангаж явааг мэддэг байх хэрэгтэй. Ажилтны суралцах хүсэлтийн дагуу үйлдвэрийн удирдлага 3 сарын чөлөө өгдөг байсныг нэг жил болгосон. Нэг жилийн хугацаанд ямар ч хүн сургууль төгсөөд диплом авах боломжгүйг тайлбарлаж, ярилцсанаар сургууль төгсөх хүртэл 2-3 жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалах боломж бүрдлээ. Монгол Улсын аль ч дүрэм, журамд ийм заалт байхгүй атал манай “Хамтын гэрээ”-нд туссан учраас биелэгдэж байна. Түүнчлэн тэтгэвэрт гарахад өгдөг нэг удаагийн тэтгэмжийг 16 сар байсныг 24 сар болгосон. Манай үйлдвэр ТӨҮГ болсонтой холбогдуулан нэг удаад 36 сарын тэтгэмж авах ёстой гэж буруу ойлгоод байх шиг байна. Энэ мэт олон өөрчлөлт гарсан. Одооноос бид аль болох эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл боловсруулж байна. Энэ нь үндэслэл суурьтай учраас захиргаанд хүлээн зөвшөөрөгдөхөд харьцангуй хялбар болсон. Төр, захиргааны дээд байгууллагууд ч “биелэх боломжтой” гэдэг дүгнэлт гарган, гэрээг бүртгэлд оруулж байна. Цалинг ямар ч тооцоололгүйгээр “нэмнэ” гэж ам гараад, улс төрчид шиг “попрох” эрх бидэнд байхгүй.     -Цалинг 100 хувь нэмэх боломжтой гэдэг байр сууринаас ажилчдад мэдээлэл хүргэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хэр бодитой вэ, тооцоо судалгаа хийж үзсэн үү?     -2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд бий. Миний бие үйлдвэрийнхээ 6600 ажилтныг төлөөлж “Татварын багц хууль” болон “Нийгмийн даатгалын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуульд гар бие оролцсон. Хөдөлмөрийн тухай хууль хараахан батлагдаагүй байгаа хэдий ч дээрх хуулиудад хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах томоохон заалтууд оруулж өгсөн. Эрдэнэт үйлдвэр Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж, Монгол Улсад татвар төлөх үүрэгтэй. 2019 оны тухайд манай үйлдвэр нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Илүү гарсан ашгаас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, цалингийн нэмэгдэл зэрэг саналаа оруулдаг. 2020-2021 оны цалингийн нэмэгдэл ч ийм л зарчмаар явсан. Зөрчил гаргасан хүнд сахилгын шийтгэлийг давхардуулахгүйгээр урамшуулал цалинг нь бүтэн олгоё гэдэг дээр шийдэлд хүрсэн. Тэгэхээр 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн урамшуулалд тухайн хүн жилд авсан дундаж цалингаа бүтэн авна гэсэн үг болж байна. 13 дахь сарын цалинг нэг сараар олгодог гэж хэлээд байгаа ч сайн бодвол 1,5 сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг ажилтан авч байна. Сүүлийн үед энэ мөнгийг улстөржүүлэх хандлага гараад байгаа ч “Хамтын гэрээ”-ний 3.17 заалтын дагуу олгогдож байгаа урамшуулал цалин юм.       -13 дахь сарын цалинг бусад уул уурхайн компанийн жишгээр ижил түвшинд өгөх үндэслэл бий юу?     -Бид 2020 онд хэрхэн ажилласнаас хамаарч үр дүнгийн урамшууллаа 2021 оны эхээр авах болно. Энэ нь 2020 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-нд туссан заалтууд хэрэгжиж байгаа хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Одоо буух 13 дахь сарын урамшуулал цалин нь 2018 оны “Хамтын гэрээ”-нд тусгасан заалтын хэрэгжилт буюу 2019 оны ажлын үр дүнгээр олгогдохоор болсон.      2020-2021 оны “Хамтын гэрээ” нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсоор хийгдсэн анхны гэрээ болж байна. ХХК байх үед ТУЗ-тай ярилцаж байгуулдаг байсан бол статус өөрчлөгдсөнөөр ТӨБЗГ, Монгол Улсын Засгийн газар гэрээнд хяналт тавьж байна. Тийм ч учраас эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хийгдсэн. Манай гэрээ Монгол Улсын хэмжээнд нэг номерын “Хамтын гэрээ” болохыг МҮЭХ-ноос үнэлж дүгнэн, 2019 онд “Шилдгийн шилдэг” цом, өргөмжлөл олгосон.      -Үйлдвэрийн удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр байгуулдаг “Хамтын гэрээ” өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ?     -2018-2019 оны “Хамтын гэрээ”-г 102.6 хувийн биелэлттэй дүгнэсэн. Өмнөх 10 гэрээ 90 орчим хувьтай биелж байсан бол өнгөрсөн оны тухайд “хангалттай” гэдэг үнэлгээ авлаа. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага асуудлаа зөвөөр илэрхийлж чадвал ажил олгогчийн зүгээс татгалзах зүйл байдаггүйг харуулсан гэж болно. Үйлдвэрийн үе үеийн удирдлага ажилчдынхаа төлөө л байсан. Цалин нэмэхгүй, хасъя гэдэг дарга байсангүй. Хамгийн чухал нь Үйлдвэрчний эвлэл бодлогоо хэрхэн явуулж, асуудлаа яаж тавьж байгаагаас эцсийн шийд шалтгаалж байна.     -2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээнд ажилчдын эрх ашигт нийцсэн заалтуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?     -Гэрээний 26 заалтад их, бага нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн гэрээг зарчмын хувьд нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 2.12-т заасны дагуу хугацаанд нь байгуулахыг бид зорьсон. Өмнө нь 4, 5 дугаар сард гэрээ байгуулах явдал гарч байсан бол анх удаа үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө гэрээгээ байгуулж чадсан нь ололт юм. Хэдий цалингаа нэмнэ гэж хэлсэн ч тухайн зардлыг төсөвт суулгаагүй, гэрээнд бодит орлого нэмэгдүүлэх заалт нь ороогүй тохиолдолд биелэх үндэслэл байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, өмнөх гэрээнээс дордуулахгүй, сайжруулах ёстой гэж үзсэн. 13 дахь сарын урамшуулал цалинг жилд нэг удаа өгдөг бол хувь тогтоон цалинг нэмэгдүүлэх нь сар тутмын бодит орлогыг өсгөх давуу талтай гэж харж байна. Уул уурхайн бусад компанитай харьцуулсан яриа их гардаг ч энэ талаар судлаад үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Өнөөдөр уул уурхайн салбарын цалингийн доод хэмжээ 641 мянган төгрөг байна. Бусад уул уурхайд 800 мянган төгрөгийн цалинтай ажилтан 13 дахь сарын цалингаа 3 сараар авлаа гэж бодоход 2 сая 400 мянган төгрөгийг нэг удаад авч байх жишээтэй. Гэтэл манай үйлдвэрийн ажилтны доод цалин 1 сая 250 мянган төгрөг байгаа. Цалин нэмэх тухай асуудал нь дан ганц ажилтны бус тухайн өрх айлын, хотын хэмжээний асуудал гэдгийг ойлгох нь зөв байх. Үндсэндээ Орхон аймгийн нийт хүн амын 30 орчим мянга буюу ¼ хувьд “Хамтын гэрээ” шууд утгаараа нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр цалингаас гадна нийгмийн чиглэлээр авдаг тусламж үйлчилгээтэй. Энэ бүхнийг тооцож үздэггүй ч мөнгөн дүнгээрээ 1 сая 500 мянган төгрөгийг нэмэгдэл хэлбэрээр авч байгаатай маргах хүн гарахгүй байх. Кемпийн системээр ажилладаг бусад уул уурхайн компаниудаас олон давуу тал бидэнд бий.     -Сонгуульт хугацаандаа та болон XII бага хурлын бүрэлдэхүүн юу хийхийг зорьж байна вэ?    -Би улс төрийн нам, хүчинд зүтгэж үзээгүй. Ажилд орсон үеэсээ үйлдвэрчний байгууллагатай холбогдсон. Баяжуулах үйлдвэрт ажилд орсны дараа 20 хүн хариуцсан Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагч, удалгүй цехийнхээ 100 хүнийг хариуцсан тэргүүлэгч гэдэг албыг хашсан. Дараа нь хамт олныхоо хүлээлгэсэн итгэлийг дааж Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл, би үйлдвэрийнхээ Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаар сонгогдвол “Ийм зүйл хийнэ” гэсэн бодолтой байсан учраас тууштай явж ирсэн. Сонгуульт ажил өөрийн гэсэн хугацаатай. Энэ хугацаандаа ажиллаад, ажлаа нэр төртэй өгнө гэж боддог. Ажлаа хүлээлгэн өгсний дараа хамт олныхоо, уурхайчдынхаа эгнээнд мөр зэрэгцэн ажиллана. Тиймээс ч одоогийн ажиллах хугацаандаа бүтэн нэртэй, хүний төлөө ажилламаар байна. Ямартаа ч бодож явсан зүйлийнхээ эхлэлийг тавьсан. Энэ бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцийг боловсруулан баталж, 2019-2022 он хүртэл хөгжүүлэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Хувь хүн, албан байгууллагад анхдагч хэрэгцээ гэж байдаг. Түүний адил бид ч анхан шатны хэрэгцээгээ хангаж ажиллахыг зорьж байна. 2019-2022 оны туршид ажилчдынхаа бодит орлогыг 50 хувь нэмнэ гэж төлөвлөсөн, энэ бүхний төлөө явсаар байх болно.     -Аливаа зүйл цаг үеэ дагасан хөгжлийн замналтай байдаг шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага өнөөдөр ямар хөгжлийн замаар явж байна вэ?     -Дэлхий нийтэд “Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага” гэдэг ойлголт бий болсон. Энэ тал дээр гаднын орнуудаас туршлага судлах уулзалтууд хийж байна. Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд гол анхаарлаа чиглүүлсэн. Бүтээмж, инновацийн ололт амжилт, техник технологийн хөгжлийн хурдыг даган алсдаа ажлын байр хумигдах эрсдэлтэй байна. Тэр үед одоогийн ажиллах хүчнээ хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг маш чухал асуудал. Бид үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг дэмжиж, хамтран оролцох нь нэг талаас шинэ ажлын байр үүсгэх, нөгөөтээгүүр хумигдаж байгаа ажлын байраа хамгаалж үлдэх боломжтой гэж харсан. Бид энэ сэдвээр өнөөдөр ярихгүй бол 5 жилийн дараа яриад юу ч шийдэгдэхгүй. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн асуудал байна. Бид сүүлийн 7 жилийн турш хөдөлмөрийн хүнд нөхцөлд байсан 3 ажлын байрны асуудлыг удаа дараа ярьсаар хортой нөхцөлд шилжүүллээ. “Хамтын гэрээ”-ний 6.1 заалтын дагуу 120 хүний эрх ашгийг ярьсан энэ шийдвэр тухайн хүний тэтгэвэрт гарах хугацааг 5 жилээр урагшлуулахад дөхөм болсон. Энэ бүгдийг цогцоор нь хэн нэг хүн дангаараа хийх боломжгүй. Ажил олгогч буюу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг хамт олон, нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 50, 50 хувийн оролцоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г төр баталгаажуулсан учраас хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Бидний ажил сайн байна. Төгс хүн гэж үгүй тул надад мэдэхгүй, чадахгүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Хүч хүрэхгүй зүйл ч гарч болох ч цаана нь гарахын төлөө ажиллана. Нийт уурхайчдадаа хандан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа дэмжиж, ойлгож, хамтран ажиллаарай гэж хүсье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • ХАБЭАХ-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 7 багийн 50 гаруй тамирчин оролцлоо

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан Ерөнхий захиргааны ажилтнуудын волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 7 багийн 50 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, спортоор хичээллэх сэдлийг төрүүлэхэд чиглэсэн энэ удаагийн тэмцээнд холимог багуудаас шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээнд Хуулийн хэлтэс, Дотоод аудитын хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан баг тэргүүлж, дэд байрт Маркетингийн хэлтэс, гуравдугаар байрт ХАБЭА-н хэлтэс, дөрөвдүгээр байрт “АБК” баг тус тус шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд бүтцийн нэгжийн удирдлагууд баг бүрдүүлэн оролцож, залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Тус тэмцээнийг Их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг ахиулахад анхаарна гэдгээ ХАБЭА-н хэлтсээс мэдэгдсэн юм.            И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • “ХАБЭА ба ажилтны оролцоо-2020” бага хурал боллоо

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтсээс хамтран зохион байгуулсан “ХАБЭА ба ажилтны оролцоо 2020” бага хурлыг энэ сарын 15-нд Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгууллаа. Цех, нэгжийн төлөөлөл бүхий 450-иад ажилтан оролцсон тус хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн оны ажлаа дүгнэх, ажиллагчдынхаа санал бодлыг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоход чиглэснээрээ онцлогтой. Энэ удаагийн ээлжит бага хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван тэргүүтэй бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын байцаагч нар оролцлоо.     Эрдэнэт үйлдвэр 1978-1998 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартгүй байсан бол 1998-2007 онд Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем, 2007-2018 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг тус тус нэвтрүүлж, 2020 онд ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бага хурлын үеэр ХАБЭА-н хэлтсийн удирдлагууд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн танилцуулж, холбогдох мэргэжилтнүүд сонирхолтой илтгэл тавьсан юм. Өнгөрсөн онд тус хэлтэс ХАБЭА-н дүрэм журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 22 журмыг хянан шинэчилж, ажилтны манлайлал, оролцоог нэмэгдүүлснээр 5527 ажилтан бүтээлч санаачилга гарган ажилласан байна. “Мэдээллийн хаалгач” аппликейшны хэрэглээг хэвшүүлснээр ажлын байран дахь зөрчлийн талаар тухай бүрд мэдээлэл хүлээн авч, ажилчдын оролцоотой 140 орчим аюул ослыг илрүүлэн ажиллажээ. Түүнчлэн үйлдвэрийн газрын ХАБЭА-н ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 онд амжилттай зохион байгуулж, 122 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 9050 ажилтныг хамруулсан байна. Аврах ажиллагааны “Алтан бамбай 2019”, “Safety first” тэмцээнийг жил тутам зохион байгуулснаар үйлдвэрийн ажиллагсдыг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа талаар тайлан мэдээлэлд онцоллоо.     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс эдүгээ тусгай үүрэг чиглэл бүхий 3 албатай үйл ажиллагаа явуулж байна. Уурхайчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журмыг таниулан сурталчлах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад мэргэжлийн 80-аад ажилтан мэдлэг, ур чадвараа дайчлан ажилладаг. Бага хурлын үеэр ажилчдыг сэдэлжүүлэхэд томоохон алхам болсон “Өглөөний ХАБ”-ын шилдгүүдийг шагнаж урамшуулан, ажиллагсдын төлөөлөл чөлөөт индэрт санал бодлоо илэрхийллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ХАБ бол бидний нэн тэргүүний ажил. Энэ ажилтай холбоотой хангамжийн асуудал ч нэн тэргүүнд байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тулгамдсан асуудал байх ёсгүй тул асуудлаа шуурхай шийдвэрлэж явах болно. Өнөөдөр үйлдвэрийн санхүүгийн байдал бэхжиж, мөнгөний бодлого оновчтой хэрэгжин, аливаа асуудлаа шийдвэрлэхэд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй болсон. Үйлдвэрлэлийг сайн явуулахад гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хэлтсийн хамт олон, ХАБ-ын ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээн санал бодлоо илэрхийлж, амжилт хүссэнээр бага хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.     Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд уурхайчдыг татан оролцуулах олон ажлыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улаанбаатар төмөр замынхан Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцлаа

        “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнуудын төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж байна. Тус нийгэмлэгийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүн энэ удаа бүтээмж инновацийн үйл ажиллагаа, хөгжил болон сайн саналын системийн үр дүнгийн талаар хичээл сургалт авлаа.     Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инновацийн хөдөлгөөн 2005 оноос эрчимжиж, сайн санал, санаачилга өнөөдрийн байдлаар 32 мянгад хүрээд байгааг мэргэжилтнүүд онцолдог. Энэ нь ажиллагсдын идэвх санаачилга дээшилснийг харуулаад зогсохгүй үйлдвэрлэл эдийн засгийн үр өгөөжид эерэг нөлөө үзүүлснийг ч баталж буй юм.     Тус үйлдвэрийн бүтээмж, инновацийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Бид олон газрын бүтээмж, инновацийн сайн туршлагаас судалж, танилцаж байсан. Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулж, байгууллагынхаа хандлагыг өөрчлөх зорилгоор бусдын сайн туршлага, арга барилаас суралцахыг зорьдог. Үүний ч үр дүнд манай байгууллагын бүтээмж, инновацийн үйл ажиллагаа шинэ тутам боловч зөв ажиллаж байгаа гэж хэлэх байна. Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инноваци, сайн саналын систем нь хэдийнээ тогтворжиж, хэвшсэн юм байна. Суралцах, санаа авах зүйл маш их харагдлаа. Хөгжлийн хэлтэс, инновацийн төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нарын хичээл, мэдээллүүд өгөөжтэй байна. Цаашид энэ чиглэлээр нягт хамтран ажиллаж, суралцах хэрэгтэй гэсэн санаа төрлөө” гэж Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан ярилаа. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг

        Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, бахархам хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой нэгэн бол Шагдарын Отгонбилэг билээ. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдон ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны улс орон,Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмрийг хойч үеийнхэн мартах учиргүй. Тиймээс ч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эл өдөр алдар гавьяа, үйл хэргийг  дурсан санах учиртай.      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэг агсны нэрэмжит Технологийн сургуулиас түүний төрсөн өдөр буюу жил бүрийн 2 дугаар сарын 1-нийг угтан “Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийн намтар, үйл хэргийг судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлах, тус сургуулийн үүсэл хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тодорхойлж, бахархал болгох зорилготой уг уралдааны шилдэг бүтээлийн дээжээс уншигчдадаа хүргэж байна.     Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг       Хүний үр сад сайн явахад нутгийн уул толгод нь баярлан өндөлздөг юм гэсэн. Тэгээд л хүний нутаг ус “Төрүүлсэн хүүгээ ” байнга харж нэхэн санадаг байх. Завхан аймгийн Дөрвөлжин  сумын нутагт хоёр буурлын уул гэж хосгүй сайхан хангай бий. “Хойд буурал”-ын ууланд  тэмээний бөх шиг хоёр шовх, элгэн хүрэн байц хадан уулын онь хөтөл дээр туг дарцаг, хадаг яндар намирсан бэсрэг цагаан овоо байдаг. Нутгийнхан Буурлын цагаан овоо гэхээсээ илүү “Сартуулын цагаан овоо” гэнэ.  Энэ л сайхан хайрхнууд нь 1952 оны луу жил нэгэн хүүг өлгийдөн авсан нь тэр нутагт тэнгэрийн хүү мэндэлсэн гэлтэй. Түүний  эцэг нь ардын хувьсгалын анхны партизануудын нэг Хатанбаатар Магсаржавын цэрэг, хожим намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж  явсан Гэцэгжавын Шагдар  хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байлаа. Түүний хань Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын  саальчин бүсгүй байв. Тэд хүний орчлонд хувь заяагаа холбосоор  зургаан охин,  хоёр хүү төрүүлж өсгөсний отгон хүү нь энэхүү эсээний баатар Отгонбилэг билээ. Тэр багадаа   өнчрөл хагацал, амьдралын хатууг үзсэн ч, Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн, аавтайгаа   хотын зүг хүлгийн жолоо залжээ. Улсын нийслэлд ирээд төмөр замын  “Хонхор”  өртөөнд суурьшин хэдэн жилийн нүүр үзээд, удалгүй хотын төвд байршин 21-р сургуульд орж, сурлага урлаг спортоор олон аавын хүүгээс онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай төгссөн байна. Тэр жилээ  Ангар мөрний зүг,  Эрхүү хотод суралцахаар аяны дөрөө жийв. Авхаалжтай хүү Отгонбилэг аугаа оросын ард түмний амьдрал ахуйг судална, англи  орос хэлийг  ахисан түвшинд сурна, уул уурхайн инженер, улс төрийн эдийн засаг, түүх нийгэм гээд түүний суралцсан эрдэм хязгааргүй байлаа. Сурахын зэрэгцээ  гар бөмбөг, хөл бөмбөг,  хөнгөн атлетикт хүч үзнэ. Аз туршсан тэмцээнд аваргын төлөө өрсөлдөнө.Бидний хэдэн нөхөд ажлын шугамаар  Эрхүүгийн техникийн их сургуультай танилцахаар очиход сургуулийн уул уурхай-маркшейдерийн тэнхимийн хаалган дээр Ш.Отгонбилэгт зориулсан дурсгалын самбар байрлуулсан  нь бидэнд их дотно санагдсан. Тэр үед  агуу удирдагчаар бахархах сэтгэл төрж байв. Баатрын  маань идэр залуу насны амьдрал, хайр дурлал нь Эрхүүгийн тэнгэр дор өрнөжээ. Энд л  эхнэр Туяатайгаа анх танилцаж, энд л эрдэмтэн болох гараагаа тавьсан аж. 1976 онд   оюутан насаа онц дүнтэй үдэж, уул уурхайн инженер- маркшейдерийн улаан диплом өвөртлөн, уул уурхайн яамны удирдлагын мэдэлд очлоо. Уул уурхайн сайд П.Очирбат халуун дотно хүлээн авч, урмын үгээр мялааж   яамны  мэргэжилтнээр  томилжээ.  1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр дүүргэсэн Дорноговь аймгийн  харьяат Данзандаржаагийн Туяа бүсгүйтэй  амьдралаа холбон тов хийсэн хурим хийв. Эрдмийн мөр хөөсөн энэ  айлын  гишүүн  бүр  ном дагах хувь заяатай хүмүүс гэлтэй. Хүү О.Содбилэг, охин О.Одмаа нар  аав, ээжийнхээ адил номын мөр хөөсөн эрдэмтэй хүмүүс болон өсцгөөсөн.  Угийн  авхаалжтай Отгонбилэг ажил мэргэжилдээ гаршиж,  яамандаа газар, хэлтсийн дарга хийж аспирантурт суралцан, “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр эрдмийн цол,  докторын зэргийг хамгаалж, Москвагийн Уул Уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлийнхний талархлыг хүлээлээ.  Судалгааны үр дүн нь уулын ажлын хүндхэн асуудлыг шийдвэрлэж чадсанаараа уул уурхайн шинжлэх ухаанд маш том асуудлыг шийдвэрлэх дөт замыг нээж өгсөн гэж манай эрдэмтэд үнэлдэг.      1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн засаг зах зээлд  шилжин хямралд орсон  үе байлаа. Ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьсан ийм хүнд үед үйлдвэрийг чадварлаг удирдан зохион байгуулж, хямралыг давж, үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, хүдэр олборлолтыг нэмэгдүүлж,  туслах хэсгүүдийг  зохих хэмжээгээр өргөтгөсөн байна. Түүний найзууд нь монголын нэрийг  дэлхийд Эрдэнэт, Отгонбилэг хоёр гаргасан. Энэ хоёроор дэлхий дахин монголыг таньж байгаа гэж ярьдаг нь үнэний хувьтай.  Ш.Отгонбилэгийн гавьяаг төр засаг  үнэлж, 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгон, Сүхбаатарын одон,  “Алтан соёмбо” тэмдгээр энгэрийг нь мялаахад баатар маань ачлалт аав ээж хоёроо дурсан санаж, алтан нутгийнхаа  уул усыг санагалзан , уул уурхайн мэргэжилтэй болж, газар шорооныхоо өгөөжийг хүн арддаа   түгээж байгаагийн хаялга гэж жигтэйхэн  баярласан гэдэг.      Эрдэнэтийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан. Ш.Отгонбилэг 1996 оны 11-р сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн дурдсаныг онцлон өнөөдөр  сургуулийн хамт олон “Сургалт-Эрдэм шинжилгээ -Үйлдвэрлэл”-ийн таатай орчинг бүрдүүлэх замаар оюуны үйлдвэрлэлээ явуулж  байна. Энэхүү сургуулийг 2001 онд  “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль” болгосон. 2002 онд тус сургуулийг үндэслэгч их хүмүүнд зориулан хүрэл хөшөөг нь үүдэн хойморт нь сүндэрлүүлсэн билээ.  Идэр залуугаасаа эх орныхоо уул уурхайн салбарт зүтгэж,  Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн дайтай үйлдвэр болгон удирдан зохион байгуулсан,  улс орныхоо төрийг түшилцэж явсан энэ эрхэм хүн 2001 онд  зуд турханд ядарсан малчин ардад туслахаар ажил үүргээ  гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар осолдсон. Газрын дээр төрж, тэнгэрийн дор амьдарч байсан тэнгэрлэг сайхан эрхэм хүмүүн тэнгэртээ хальж,  нутгийн сайхан хайрхнууд нь гудайн барааж, түмэн олон эмгэнэн гашууджээ.     Тийм ээ тэр ард түмнээ  эрүүл энх, энх тунх, элбэг хангалуун сайхан амьдралтай байлгах  хүсэл тээсээр хорвоогоос одсон юм. Шилдэг мэргэжилтэн, шаргуу хөдөлмөрч, гарамгай удирдагч, гавшгай бизнесмен, түмэнд нэртэй түүхэнд мөртэй таны  үйл хэрэг үеийн үед дуурсагдах нь гарцаагүй.   Технологийн сургуулийн Номын сангийн эрхлэгч  Д.Цэнд-Аюуш Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний 10 хоногт хүдэр олборлолтын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлэв

            Шинэ оны эхний сарын 10 хоногийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт өндөр үзүүлэлттэй гарлаа. Уурхайчид сарын эхний 10 хоногт 732 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 111 хувиар биелүүлэн ажиллаж байна. Хөрс хуулалтын төлөвлөгөө 107.2 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөө 114.7 хувиар тус тус биелжээ. Баяжуулагчид энэ хугацаанд 906.56 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөний  биелэлтийг  106.5 хувьд хүргэсэн  байна.       Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 95.4 хувь, молибденых 87.9 хувьтай байсан бол зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.4 хувь, молибдены металл авалт 107.1 хувиар тус тус биеллээ. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.2 хувь,  молибденоор 104.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Оны эхний 10 хоногт 16002 тонн зэсийн баяжмал, 244.7 тонн молибдены баяжмал ачсан байна. Ачигдсан баяжмалын чанарыг авч үзвэл, зэсийн баяжмал 101.2 хувь, молибдены баяжмал 104.3 хувийн чанарын үзүүлэлттэй гарчээ.   М.Балжинням Фото: Б.Баттөггс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.
    Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч буй орос хүүхдүүдэд Соёл, урлагийн цогцолборын багш нар монгол дуу, бүжиг зааж байгаа бөгөөд тэд сурснаа удахгүй тайлагнан концерт тоглох ажээ.
   Энэ зун ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл удаа дараа тохиож, олон хот тосгон үерт автсан. Монгол улсын Засгийн газар, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм үзүүлж байна. Үүний нэг хэлбэр нь Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 сурагчийг зургаан багшийн хамт Эрдэнэт үйлдвэр өөрийн зусландаа үнэ төлбөргүй амрааж, үер усны аюулаас үүдсэн айдсаа даван туулахад нь тусалж буй явдал юм.
   Эрхүүгийн хүүхдүүд Эрдэнэтэд монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, үндэсний дуу, бүжиг сурахаас гадна эко аялалд хамрагдаж, багаар ажиллах, лидер байх чадварт суралцан, ховор ан амьтныг дэргэдээс нь харж сонирхолтой амарч байгаагаа онцоллоо. Мөн монголд амарсан дурсамжаа насан туршдаа мартахгүй гэж ярьсан. Харин Соёл, урлагийн цогцолборын багш нар орос хүүхдүүдийн шаргуу, бие биедээ өндөр шаардлага тавьдаг, даалгавар сайн биелүүлдэг онцлог зан чанарыг сайшааж байв.
   Өнөөдөр Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар тэднийг зуслан дээр нь эргэж, чөлөөт ярилцлага өрнүүлэн дурсгалын зүйл гардууллаа.

М.Одгэрэл

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны 5 дугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Хаягдлын сангийн 19 дэх далан болох уг бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар бид сурвалжиллаа. 
   Шинээр баригдаж буй 4М далан 1,5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж. Өнөөдрийн байдлаар, далан байгуулах төслийн явц 80 орчим хувьтай, шугам хоолойн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг ажлын хэсгийнхэн ярив. Үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн үр дүнтэй ажлын нэг болох уг ажлын Зөвлөхөөр Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат ажиллаж байгаа юм. Тэр, өөрсдийн хүчээр байгуулж байгаа нь уурхайчдад, тэр тусмаа залуу ажилтнуудад далан барих төдийгүй цаашид олон том бүтээн байгуулалт босгох арвин туршлага өгч буйд олзуурхсанаа тэмдэглэж, хаягдлын сангийн  гол цэгээс үргэлжлүүлэн ингэж ярилаа.
   “4М далан байгуулах төслийг Ерөнхий захирлын А/311 тоот тушаалын дагуу онцгой даалгаварт тооцсон болон  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийдвэр зэргийг үндэслэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. 4М далангийн бүтээн байгуулалтын ажил үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаагаар онцлогтой.  Эхний хэсэг нь  4М даланг байгуулах  ажил бол дараагийнх нь дамжуулах шугам хоолойг угсрах, суваг барих зэрэг ажлаас бүрдэж байгаа. Тодруулж хэлбэл, бид 12 болон цаашлаад 13 дугаар худгийг эргэлтийн усаар хангахад нэмэлт суваг барина. Мөн шугам хоолойг угсрах ажлыг “Эрдэнэт Лайт” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ер нь 4М далангийн ажилд манай үйлдвэрийн цех хэсгүүдийн инженер техникийн ажилтнуудаас эхлээд Ерөнхий захирал хүртэл бүх шатанд анхаарал тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэж буйг хэлэхийг хүсэж байна. Ингэснээр далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-ны өдөр амжилттай дуусган, хүлээлгэж өгсөн. Харин одоо далангийн холбох шугамыг барих ажил ид өрнөж байна. Энэ ажлыг бид ирэх сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөж, ажлаа эрчимжүүлсэн. Үндсэн  төлөвлөлтөөр бол 10 дугаар сарын 1-нд дуусгахаар тусгасан ч ажлын явцын байдлаас харахад хугацаанаас сарын өмнө хүлээлгэж өгөх боломжтой. Энэ нь эдийн засгийн болон бусад хэмнэлт үзүүлнэ” гэсэн юм.

  


Далан байгуулах ажилд  40 орчим ажилчин гар бие оролцож байна

   Шинэ 4М далангийн бүтээн байгуулалт болон холбох суваг барих ажлыг гүйцэтгэх зорилготой түр ажлын хэсэг өнгөрсөн 5 дугаар сарын 8-нд байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажиллаж, багийн бүрэлдэхүүн үйлдвэрийн Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг 5 цех нэгжийн 40 орчим ажилтнаас бүрджээ. Хамтран гүйцэтгэгчээр “Очир төв” болон түүний охин компани болох “Эрдэнэт лайт” компани ажиллаж байгаа аж. Далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-нд дууссан бол шугам хоолойн ажлыг 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажлын баг төлөвлөж байна.  Мөн энд тэсэлгээ, өрөмдлөг, уулын цул бэлтгэх ажлыг Геологи хайгуулын анги, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Одоогоор техник хүчний доголдол харьцангуй бага байгааг ажлын хэсгийн дарга онцлоод, техник тоног төхөөрөмжийн жижиг эвдрэл, гэмтлийг тухайн чиглэлийн цех нэгжүүдийн удирдлага, ажилтнууд цаг тухайд нь шуурхай засварлаж байгааг хэлсэн. Ингэж  харилцан уялдаа холбоо сайтай байгаа нь зорилтот төлөвлөгөө биелүүлэхэд тус дөхөм боллоо гэж нэмж ярилаа. Нөгөө талаар, цаг ашиглалтыг сайн хангаж, бүх ажлууд зэрэг хийгдэж байгаа нь далангийн ажлын явцыг хурдасгах гол хөшүүрэг болж байна.

  

   Өдөр тутмын гүйцэтгэлийн  үйл явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил хуваарилалт зэргийг хариуцан хоёр мастер ажиллаж байгаагийн нэг нь Ил уурхайн зам овоолгын хэсгийн инженер Г.Ганжаргал. Тэрээр хоёр талд зэрэг  хийгдэж буй ажил дээр мастерууд хамтран хэмжилт, хяналт тавьж, тодорхой шийдэл гаргаж байгаа нь хүндрэл бэрхшээлгүй ажиллахад дэмтэй гэж онцоллоо.
   4М даланг  270 мянган  метр куб бүхий уулын цулаар байгуулж байгаа бөгөөд  227 мянган метр куб уулын цулд нь тэсэлгээ, 167 мянган метр кубт нь өрөмдлөг хийн, бэлтгэжээ.  Үүний 160 мянган метр куб цулыг дараагийн хамгаалалтын даланд ашиглах зорилгоор нөөцлөөд байна. Ингэхдээ нөөцийн, элсэн, шимт хөрсний гэсэн гурван овоолгыг үүсгэсэн. Нөөц ангилах ажил нь бүтээн байгуулалтын төсөлд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт ажил гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн овоолоод орхидог байсан бол энэ удаа ангилж, нөөцлөх санаачилгыг ажлын хэсгийнхэн гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ.  Овоолгыг ангилснаар шимт хөрсний тусламжтайгаар далангаа цагаан шорооноос хамгаалах ач холбогдолтой гэдгийг тэд бас хэлж байна. Мөн элсэн овоолгыг зам өнгөлөх, цаашдын бүтээн байгуулалтын барилгын ажилд ашиглах боломжтой юм.
   Тэгвэл  холбох сувгийн үр өгөөжийг мэргэжилтнүүд, түрэгдсэн ус 12 дугаар худгийн эргэлтийн усанд тойрч хүрдгийг хааж, шууд эргэлтийн усанд нийлэх  боломжийг өгнө хэмээн тайлбарлав. Дараагийн онцлох дэвшил гэвэл далангийн шугам хоолойн ажил далан барих үндсэн ажилтайгаа зэрэг хийгдэж байна. Ердийн горимоор бол  даланг бүрэн байгуулж дууссаны дараа шугам хоолойн ажил хийгддэг аж.  Харин манайхан энэ ажил дээр хүлээгдэхгүйгээр зэрэг гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгч компанийнханд гаргаж өгчээ. Үүнд хамтрагч байгууллагын зүгээс талархаж буй. Нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалтын үр шимээр хугацаа хожиж, 4М далан байгуулах цогц ажил  ирэх 9 дүгээр сарын 5-нд бэлэн болох боломж нээгдсэнийг харахад таатай байв.

  

  

  


Хаягдлын сангийн хиймэл нуурт усны шувууд чуулж байна

   Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтын явцыг сурвалжилж явах зуур нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нэгэн зүйл нь хиймэл нуурт эрх дураараа хөвөх хос хун, ангирын чуулган  байв. Шар цэцэгс эргээр нь алаглаж, зүйл зүйлийн усны шувууд сүргээрээ ганганах тэрхүү үзэсгэлэнт зураглалыг харахад хэн ч үйлдвэрлэлийн хаягдлаас үүссэн хиймэл нуур гэмээргүй сонин содон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйд байгалийн бодит гоёмсог төрх бүрдэж, ургамал амьтан өнгөжин ургаж, төлжсөн нь энэ. Эндээс эргэцүүлэн бодоход, хаягдлын аж ахуйн ус байгаль орчныг бохирдуулан, сүйтгэж, ургамал, амьтанд сөргөөр нөлөөлдөг гэх мэр сэр ойлголт үндэслэлгүй мэт. Нөгөө талаас хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл их, бага хэмжээгээр байгальд халгаатай гэдэг ч энэ сөрөг талтай Эрдэнэт үйлдвэр үргэлж тэмцэн, нөхөн сэргээлт, хамгааллын ажлыг бодлогоор зохицуулан, чанартай хийж ирснийг хиймэл нууран дахь жаргалтай амьтдын агшин тод харуулж байна. Нүднээ ил тусах бодит байдлыг өгүүлэхгүй байхын аргагүй тул сурвалжилгынхаа төгсгөлд ийн дурдав. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог