• Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Холбоо барих

   Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.

   - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?
   - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.

  - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?
  - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.

  - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?
  - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.

   - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.

   - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?
   - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.

   - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?
  - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог