• Уурхайчид Хангалын голыг цэвэрлэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр,  Авто тээврийн цех,  Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цехзэрэг 20 нэгжийн 200 гаруй ажилтан энэ сарын 09-ний өдөр Хангалын голын гольдрол дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”дэд хөтөлбөрт тусгасан энэхүү ажлын хүрээнд 152 га талбайг цэвэрлэн, 130 м3 хог ачиж, хогийн цэгт буулгаад байна. Дэлгэрэнгүй...
  • Э.БҮЖИДМАА: Долдугаар сарын турш хүн бүр дээлээр гоёосой

         Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбороос санаачлан “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг энэ сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан энэхүү аян нь дээлийг өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн юм. Аяныг санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаатай ярилцлаа. -“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ? -Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол" өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ. -Үндэсний дээлээ сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд юуг хүргэхийг зорьж байна вэ? -Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна. -Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар" музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм. -Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? -Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. -Бүх нийтийг уриалах нэг сайхан үг хэлэхгүй юу? -Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай. Соёл урлагийн цогцолбор /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ/ Оролцогчдын бүтээлээс... И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих
Пүрэв, 09 5-р сар 2019 00:00

Мэндчилгээ

       Эрхэм нөхөд өө! 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойн өмнөхөн энэ сонины хуудсаар та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ дайны эхлэл нь 1939 оны найман сард Монголд болсон Японы милитаристуудын эсрэг Монгол Зөвлөлтийн дайчдын Халхын голын тулалдааны үйл явдал байлаа.
     Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их эх орны дайн бол Дэлхийн хоёрдугаар дайны үндсэн хэсэг, гол утга нь байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны ялалт нь Орос орон төдийгүй хамтын нөхөрлөлийн орнуудын хувьд фашизмд цохилт өгсөн хүн  төрөлхтнийг  бүхэлд нь хамарсан шинжтэй байлаа.   

     Алтанбулаг, Карнавка, Булагтай болон Монголын бусад газраас 5000 гаруй Орос иргэд Аугаа их эх орны дайны фронтод баатарлагаар тулалдсан юм. Тэдний олонх нь тулалдааны талбарт амь үрэгдсэн билээ.
     Бүхий л дайны туршид Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч ирсэн билээ. Дайны хоёр дахь өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 23-нд МАХН-ын Төв хороо, Бага хурал болон БНМАУ-ын СНЗ-ийн нэгдсэн хуралдаанаар Германы зандалчдын эсрэг ЗХУ-ын тэмцлийг дэмжих шийдвэр гарч байжээ.
     Бид Монгол нөхдөөс Зөвлөлтийн фронтод ирүүлж байсан бэлэг, дулаан хувцас, сайхан монгол морьдыг өндрөөр үнэлдэг юм. Монгол иргэдийн хөрөнгөөр “Монгол ард” нисэх эскадрил боссон билээ.
     Монголын төлөөлөгчид Улаан армийн дайчдад бэлэг хүргэхээр фронт руу хэд хэдэн удаа ирж байсан юм. 1943 оны эхээр Сайд нарын Зөвлөлийн дарга Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Монголын ард түмний нэрийн өмнөөс 112-р Улаан  тугийн одонт бригадад 53 шинэ танкаас бүрдсэн Хувьсгалт Монгол танкийн цувааг хүлээлгэн өгсөн юм. (“Т-32”  - 32 танк ба “Т-70” 21 танкаас бүрдсэн.)
     Дэлхийн 2-р дайны төгсгөлийн шатанд Зөвлөлт Монголын дайчид Японы милитаристуудыг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж Хятадын газар нутгийг тэдний дарлалаас чөлөөлсөн билээ.
     Дайны төгсгөл дэлхийн системийг өөрчилж, энэ нь Монголд шууд нөлөөлсөн. Зөвлөлт Холбоот Улс Гитлерийн эсрэг бүлэглэлийн тэргүүн нарын Ялтын болон Потсдамын хэлэлцээр дээр Монголын талд хатуу шийдэмгий байр суурьтай байсан нь Монгол улсыг тусгаар улс байж, бие даан хөгжих боломжийг олгосон юм.
    Нийтийн дайсан фашизмын эсрэг хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Сайн хөршийн харилцаа харилцан туслалцах явдал шинэ дэвшлийг олсон билээ. Манай нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хотууд  бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар Эрдэнэт үйлдвэр, “Монголросцвет” үйлдвэрийг байгуулсан билээ. Одоо “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр талын илчит тэрэгний үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ жил Халхын голын Ялалтын 80 жилийн ойд зориулсан хамтарсан томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсний дээр Дорнод аймгийн Сүмбэр суманд нийгэм соёлын барилга байгууламжийг Оросын “Роснефть” компанийн дэмжлэгтэйгээр байгуулах болно.
    Сүүлийн үед зарим орнуудад 1945 оны эх орны дайны ялалтыг дахин хянах, ач холбогдлыг бууруулах оролдлого гарсаар байна. Гэвч түүх түүхээрээ үлдэж хүмүүс өөрийн гэсэн үзэл бодлоо хадгалсаар байна. Фашизмын эмгэнэл давтагдах ёсгүй.
    Бидний үүрэг бол дэлхийг фашизмын аюул заналаас чөлөөлсөн өвөг дээдсийн гавьяа дурсгалыг хамгаалах, хайрлах, түүнчлэн өнгөрсөн дайны аймшиг дахин давтагдахгүй байхад бүхнийг хийх явдал юм. Манай ахмад дайчдын эрэлхэг зориг, хүчин чармайлтын ачаар дэлхийг аварч чадсан билээ.
   Эрхэм хүндэт нөхдөө, гэрэл гэгээтэй ялалтын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Дархан хот дахь
ОХУ-ын Ерөнхий консул А.Ц.ДОРЖИЕВ

     Аугаа их ялалтын 74 жилийн ой энэ өдөр тохиож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар хамтран тавдугаар сарын 9-ний өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойн хөшөө, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд байрлах Монгол, Зөвлөлтийн баатруудын хөшөө, Найрамдлын өндөрлөгт өнөөдөр цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв. Баярын үйл ажиллагаанд ахмад дайчид, тэдний үр хүүхэд, Эрдэнэт хотноо ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлага, ажилтнууд оролцлоо. Тэд Найрамдлын өндөрлөгөөс А.Амарын талбай хүртэл хүйтэн дайнд амь үрэгдсэн дайчдыг дурсан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршихын ач холбогдлыг харуулан баярын жагсаал хийсэн.
     1941-1945 оны дайнд ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүнээ алдаж гашуун зовлонд унасан юм. Энэ үед Монгол түмэн тухайн үеийн ханшаар 435 сая төгрөгийн эд мал, 300 кг алт, 485 мянган толгой агт морь, 32 мянган толгой шилдэг хүлэг фронтод илгээсэн гэсэн баримт бий. Тэр жилүүдэд Монгол, Орос цэргүүд дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж байсан бол энх цагт хамтдаа хөдөлмөрлөж, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулсан юм. Монгол, Орос ах дүүгийн найрамдлын бэлэг тэмдэг болсон уулын үйлдвэр, уурхай даган сүндэрлэсэн энэ хотын иргэд жил бүр ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өнөө ч хамтдаа ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд, тэдний гэр бүлд халуун мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотноо ОХУ-ын 300 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

  

  

  

  

  

  

  

     Монголын “Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтний Холбоо” ТББ-аас улс даяар “Нэн түрүүнд ХАБ” аян зарлалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сонгодог загвар бол нэг талаас хувь хүний чадамж, хандлага нөгөө талаас үйл ажиллагааны оновчтой тогтолцооноос бүрдэнэ гэж тус байгууллага тодорхойлж байна. Тиймээс “Нэн түрүүнд ХАБ” аяны зорилго энэхүү зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэжээ. Энэ талаар “Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтний Холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Даваанямтай ярилцлаа.

     - Танай холбооноос “Нэн түрүүнд ХАБ” аян санаачилан, МОШПА-ийн тугаа “Эрдэнэт” үйлдвэрт аялуулж байна. Аяны тодорхой зорилго юунд чиглэгдэж байна вэ?
     - Ирэх есдүгээр сарын 25, 26-ны өдөр “Оюу толгой” компанийн ивээн тэтгэлгээр “Нэн түрүүнд ХАБ” хурал зохион байгуулагдана. Энэ хурлыг 2012 онд “Эрдэнэт” үйлдвэр анх зохион байгуулж, 7 жил дараалан ивээн тэтгэсэн. Энэ жилийн хурал хүртэлх хугацаанд бид МОШПА-ийн тугаа аялуулж холбооны зорилго чиглэл, үйл ажиллагааг улсын хэмжээнд таниулахаар зорьж байна. Монголчууд манай МОШПА-д “хайртай” болох ёстой. Энэ нь цаад утгаараа Монгол хүн, Монгол хүндээ хайртай байх гэсэн үг юм. Аюулгүй байдал бол хайр дээр тогтох ёстой. Хайр гэдэг бол тогтолцоо, хүмүүс хоорондын харилцаа, ажиллагсдын амь насны баталгаа юм. Энэ үйлдвэрт ажиллаж буй Монгол хүний амь нас, эрүүл мэндийн асуудлыг шоо хаяж, аз үзэх хэрэг бус зөв оновчтой тогтолцоогоороо хамгаалдаг болох ёстой. Дараагийн зорилго маань өнгөрсөн оны гуравдугаар сард дэлхий нийтэд зарлан тунхагласан ISO 45001 стандартыг таниулахад чиглэгдэж байна. Энэ стандартыг хэрэгжүүлснээр “VISION ZERO” буюу Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, бидний хүрэх цэг нь Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөн, тийшээ очих унадаг дугуй нь ISO 45001-2018 стандарт юм. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор МОШПА улс даяар өөрийн нэрэмжит туг аялуулж, “Нэн түрүүнд ХАБ” аянд мордож байна. Аяны гарааг “Эрдэнэт” үйлдвэрээс эхэлж, тугаа гардуулсан.

        - “Нэн түрүүнд ХАБ” аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?  
    - Аяны хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. “Нэн түрүүнд ХАБ” аян өрнүүлснээр хамгийн эхлээд бид “VISION ZERO” буюу Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх зааврын хамт MNS ISO 45001:2018 стандартын сургалт зохион байгуулах, Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтнүүдийн Холбоонд гишүүн элсүүлэх, үндсэн, дэмжигч гишүүн байгууллага, төрийн байгууллагууд болон бусад сонирхогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ХАБЭА-н сургалтын үйл ажиллагааг сайжруулах, ХАБЭА-н сургагч багш, мэргэжилтнийг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон ажил хийгдэнэ. Эдгээр үйл ажиллагааны хамрах хүрээ, ач холбогдол нь энэ аяны үр дүнг тодорхойлох юм.

    - “Нэн түрүүнд ХАБ” аян өрнүүлэх үндэслэл юу байв? “Мэргэшсэн ХАБЭА-н Мэргэжилтний Холбоо” ТББ ямар зорилготой байгууллага вэ?
     
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор аян зарласан. Дэлхий нийт ирээдүйн эрүүл аюулгүй хөдөлмөрийг бий болгоход анхаарч эхэлж байна. Манай улс ч өнөөдрийн биш маргаашийн эрүүл аюулгүй хөдөлмөрлөх орчныг бий болгохыг зорих ёстой юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйн төлөө онцгой анхаарах зүй ёсны шаардлага тулгарч байна. Учир юу гэвэл, зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал бус нийгмийн эрүүл мэнд, эрүүл сэтгэлгээ, эрүүл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэнд гэдэг ойлголтыг нийгмийн, орчны, биеийн гэж гурван чиглэлд хуваасан байдаг. Энэ гурван чиглэлийг ижил түвшинд хөгжүүлж авч явах ёстой. Тиймээс том утгаараа зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал бус Монгол хүний аюулгүй байдал гэж авч үзэх нь зүйтэй болов уу. Манай иргэд ахуйн ослоор амь нас, эрүүл мэнд нь ихээхэн хохирох болсон. Монголчуудын эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал баялаг. Хүн ер нь юуны төлөө амьдарч байна вэ? Аз жаргалтай байхын тулд гэж бүгд хариулна. Энэ хариултыг салгавал азтай байх, жаргалтай байх гээд хоёр утга илэрхийлнэ. Ер нь эрүүл байхын 93 хувь нь тухайн хувь хүнээс шалтгаалдаг юм байна. Энэхүү 93 хувийн 80 хувь хоол, 20 хувь нь хөдөлгөөнтэй холбоотой. Ажилчдын хоолны талаарх ойлголтыг өөрчлөх шаардлага урган гарч байна. Ходоод цадах бус сэтгэл цадах ёстой. Энэ бол түрүүний миний хэлсэн жаргалтай байх гэсэн ойлголт. Харин азтай байна гэдэг нь эрсдэлгүй, аюулгүй ажиллах юм. Үүнийг зан үйл, зуршил болтол хэвшүүлэх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол өдөр тутмын зөв хэв маяг юм. Үүнийг төлөвшүүлэх хоёр хөшүүрэг бий. Эхнийх нь хувь хүний мэдлэг чадвар бас зөв хандлага. Энэ хандлагыг суулгахад хугацаа шаардагдана. Хэрэв хувь хүн ямар нэг зүйлийг зөв, ёс зүйтэй хийж дадвал таныг үргэлж аз дагана гэж ойлгож болно. Тогтолцоог сайжруулахын үндэс нь хувь хүний хандлага, зан үйлийг өөрчлөх явдал юм. “Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн  тогтолцооны OHSAS 18001 стандартыг 2011 онд хэрэгжүүлсэн. Мөн Байгаль орчны менежмент, чанарын менежментийн тогтолцооны стандартууд хэрэгжсэн. Цаашид эдгээрийг улам сайжруулж ажиллах шаардлагатай. Сүүлийн үед манай улсын зарим компани нэгдмэл байдлаар менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал,  ISO 9001, ISO 14001,  ISO 45001 гэдэг гурван стандартыг нэвтрүүлж байна. Энэ сайн санаачилгын түрүүнд нь “Эрдэнэт” үйлдвэр явах ёстой гэж би ойлгодог. Учир нь Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар нэг дугаарын гэрчилгээг бид авч байсан. Тиймээс хоцорч болохгүй. Ийм олон үндэслэлээр “Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтний холбоо” ТББ-г байгуулан ажиллаж байна.

     - Ярилцсанд баярлалаа.

       М.БАЛЖИННЯМ
Б.БАТТӨГС

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт үргэлжилж байна. Шалгалтын комисст 17 улсын байцаагч оролцож, үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрсдэл, барилга  байгууламж ашиглалт, хөдөлмөрийн харилцаа, хүнсний болон ажлын байрны эрүүл ахуй, цахилгаан хангамж зэрэг нарийн мэргэжлийн 15 чиглэлд хяналт, шалгалт хийхээр болсон. Өнгөрсөн жилийн хяналт шалгалтаар өгсөн акт, албан шаардлагыг биелүүлсэн тухайгаа Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албанынханд албан бичгээр хүргүүлжээ. Харин тодорхой шалтгаануудын улмаас 2017, 2018 онд шийдэж чадаагүй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барьж байгуулах ажлаа энэ онд хэрэгжүүлэхээр үнэлгээний хороо ажилдаа ороод байна. Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Орхон аймагтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд хийсэн тухайгаа шалгалтын комисст танилцууллаа. Хяналт шалгалтын нэгдсэн дүнг энэ сарын 15-нд танилцуулна.

И.ЧИНТОГТОХ
 

     Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их, эх орны дайны Ялалтын 74 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү түүхэн Ялалтын өдрийг ах, дүү эвийн бэлэгдэлт Эрдэнэт хотынхон өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабаас зохион байгуулсан “Аугаа их ялалтын дуут жагсаал”-д Орхон аймгийн Ерөнхий боловсролын есөн сургуулийн 145 багш, сурагч оролцож, авьяасаа сорин өрсөлдлөө. А.Амарын талбайд зохион байгуулсан тус тэмцээнд оролцогчид хувцас жигдрэлт, “Катюша”-г хэн сайн дуулах вэ, цэргийн жагсаалын дуу гэсэн гурван төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. Нэгдүгээр байрт М.Лхагвасүрэн ахлагчтай “Маргад” ахлах сургууль, хоёрдугаар байрт Д.Гарьдмагнай ахлагчтай IY сургууль, гуравдугаар байрт Э.Энхбаяр ахлагчтай II сургуулийн тасаг шалгарч, аймгийн удирдлагуудаас шагналлаа гардан авлаа.

И.ЧИНТОГТОХ
Фото: Б.БАТТӨГС

 

     Энэ сарын 15-нд тохиох “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос хамтран хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Өглөөний эртэч уулзалт” юм. “Брайнс нот” кофе хауст зохион байгуулсан уулзалтад Ерөнхий боловсролын сургуулиуд болон багийн нийгмийн ажилтнууд оролцлоо. Сургалт гэр бүлийн харилцааны асуудлыг чухалчилж, “Таны хүүхэд яагаад тань шиг зан чанартай байдаг вэ?” сэдвийг хамарсан нь ихэд сонирхолтой, үр өгөөжтэй болсныг оролцогчид онцоллоо. ХАА-н МСҮТ-ийн захирал, доктор /Ph.D/ Н.Алтанцоож 10 удаагийн багц сургалтын агуулгад гэр бүлийн харилцаанд гардаг асуудлууд, түүнийг хэрхэн даван туулах, орчин үеийн гэр бүлд тулгамдсан асуудал юу болох, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа зэрэг сэдвийг багтаажээ. Эрдэнэтчүүд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулан энэ сарын 11-ний 9:00 цагт Сархиа уулын хойд энгэрт гэр бүлээрээ мод тарих боломжтой. Мөн энэ сарын 14-нд “Аз жаргалтай гэр бүл” аймгийн чуулган зохион байгуулж, “Аз жаргалтай гэр бүл болцгооё” уриан дор Үйлчилгээний төвөөс А.Амарын талбай хүртэл бүх нийтийн тайван жагсаал хийхээр төлөвлөжээ.   

И.ЧИНТОГТОХ

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд үйлдвэрийн бүсэд ажиллаж буй ажилчдадаа халуун хоолны үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Халуун хоолоор үйлчлэх компаниудыг хоёр жил тутамд Тендерийн тухай хуулийн дагуу шалгаруулан хамтран ажиллаж, ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалахад томоохон хөрөнгө оруулж байна. Саяхан зохион байгуулсан ээлжит тендерт “Хаан хүнс”, “Таятан фүүд” компаниуд шалгарч, Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнээс тодрууллаа.
 
 
     -Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерийн шалгаруулалт саяхан болсон. Шалгарсан компаниудад ямар шаардлага, шалгуур тавьж ажилладаг вэ?
     -Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг 10 гаруй жил хэрэгжүүлж байна. Үндэсний аж ахуйн нэгж болсноос хойш Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу үйлдвэрийн ажиллагсдыг халуун хоолоор хангах компанийн  шалгаруулалтыг хоёр жил тутамд зохион байгуулж ирлээ. Саяхан ээлжит тендерийн шалгаруулалтыг хийж, Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрлийг авсан. Энэ удаагийн тендерт Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны гурван багц үйлчилгээг үзүүлэх шалгаруулалт зарласан.  Үүний нэг болон гуравдугаар багцын  тендерт  “Хаан хүнс” компани шалгарсан бол хоёрдугаар багцын тендерт Улаанбаатар хотын “Таятан фүүд” компани шалгарсан байгаа. Тендер зохион байгуулсны дараа хоёрдугаар багцын тендерт оролцсон “Од Дөл”, “Хаан хүнс” болон бусад компаниуд шалгаруулалтын дүнд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, зарга үүсгэсэн. Тиймээс манай үйлдвэрийн тендерийн Үнэлгээний хорооноос  шалгаруулалттай холбоотой бүхий л бичиг баримт, материалыг Сангийн яаманд хүргүүлсэн юм. Үүнийг Сангийн яам дахин хянаж үзээд, хоёрдугаар багцын шалгаруулалт хуулийн дагуу үнэн зөв явагдсан гэдгийг баталгаажуулж, уг багцад шалгарсан “Таятан фүүд” компанитай гэрээ байгуулах албан ёсны зөвшөөрлийг ирүүлсэн. Энэ дагуу манай Үнэлгээний хороо хуралдаж, гэрээ байгуулах үйл явц эхлээд байна. Өчигдөр тус компанийн төлөөлөл манай үйлдвэр дээр ирж, ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн лабораторийн дарга болон хүнсний багийнхантай хамтран халуун хоолны үйлчилгээ  үзүүлэх ажлын байр болон ажлын горим, дэг дараалалтай  танилцсан. Тус компани Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн төрөл бүрийн машины гараашны ажилчдад  халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь эдгээр цехэд  “Хаан хүнс” компани ажиллаж байсан. Тэдний зарим тоног төхөөрөмжийг худалдаж авах талаар ярилцсан. Ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ гэдэг маш хариуцлагатай, нарийн үйл ажиллагаа байдаг. Тиймээс ажлын байрны тохижилт, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ чухал. Үүнийг ч Тендерийн тухай хуульд шалгуур болгон тусгасан байгаа. “Таятан фүүдс” компани хуулийн хугацаанд бэлтгэл хангаж, үйл ажиллагаагаа эхлэх хүртэл нь “Хаан хүнс” компани ажиллана. Ингэж ажлын байранд хоол үйлдвэрлэлтэй танилцах ач холбогдол нь өдөр, шөнийн ээлжийн ажилчдын хоолны үнэ хэмжээ, нэр төрлийг ижил хүргэж ажиллах шаардлагатайг газар дээр нь үзүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно.  
 
     -Энэ удаагийн тендерт “Таятан фүүд” гэж компани шинээр шалгарсантай холбоотойгоор үйлдвэрийн ажиллагсдад бургер болон хүний биед нийцтэй бус хоол өгөх гэж байна гэсэн яриа гарсан. Үүнд та тайлбар өгнө үү?
     -Олон нийтийн зарим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэрт зориулсан бургер гарчээ” гэсэн утга бүхий түргэн хоолны зураг, мэдээлэл гарсан. Ийм бургер гэх мэт түргэн хоолоор “Таятан фүүд” компани үйлчлэхгүй гэдгийг онцолъё. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гэрээнд  тогтоогдсон үнэ төлбөрийн хэмжээнд ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйн багийнхны баталсан хоолны цэс, нэр төрлийн дагуу ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж, хоолны цэс батлахдаа үйлчилгээ үзүүлэх компанийн санал бодлыг харилцан ярилцсаны үндсэн дээр тусгана. Энэ бүхнийг хоёр талын гэрээндээ оруулж, чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх шаардлагыг тавьж ажиллана. “Таятан фүүд” компанийн үйл ажиллагаа эхэлсний дараа бид ажлын байранд нь хяналт шалгалт хийнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэн албан ёсоор сурвалжилж, ажиллагсдын санал бодлыг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Тендерт шалгарсан компаниуд хоорондоо өрсөлдөж, үр дүнд нь халуун хоолны чанар сайжрах ёстой. Тэдний үйл ажиллагаанд манай хэлтсийн зүгээс байнгын хяналт тавьж ажиллана гэдгийг дахин хэлмээр байна. Бид бас дээрх компаниудад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавьсан. Нөгөө талаар тухайн компанийн мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо худалдан авсан эх үүсвэрт нь  хяналт тавьж, лабораторийн шинжилгээнд өгөх зэрэг ажлыг тогтмол хийнэ. Ер нь тендерт аль компани ялах нь чухал биш, хамгийн гол нь бид ажиллагсдадаа чанартай, эрүүл халуун хоолоор үйлчилж, эрүүл чийрэг, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь эрхэм зорилго юм. 
 
М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт эх орны өнцөг булан бүрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй бүсгүйчүүдийг өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 40 жилийнхээ ойн хүрээнд нэгэн дээвэр дор нэгтгэж “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” уриан дор чуулах боломжийг анх олгосон. Тэр цагаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, салбарын эмэгтэйчүүдийн холбоод болон бусад төрийн бус байгууллагууд идэвхжиж, төр засгийн, жендерийн бодлого боловсруулахад онцгойлон анхаарч, улмаар цар хүрээ, агуулгыг улам өргөжүүлэн Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний II чуулганыг саяхан зохион байгуулсан нь  анхдугаар чуулганы үр дүн юм. Ийнхүү геологи, газрын тос, эрдэс баялгийн салбарын хүүхнүүд жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэдэг уламжлал тогтлоо. Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарын нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд энэ удаа Эрдэс баялгийн салбарын 500 орчим эмэгтэй "Хамтын хүч-Хөгжлийн гарц" уриан дор Төрийн ордонд чуулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жилийн чуулганаас хойш эрдэс баялгийн салбарт багагүй ахиц гарсан. 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24, экспортын бүтээгдэхүүний 87, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүллээ. Эдгээр эeрэг үр дүн бол энэ салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм" хэмээн онцолсон.
     Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, энэ салбарын эмэгтэйчүүдийн оролцоо олон улсад хэр хэмжээнд буй, жендерийн бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх тухай нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Харин Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө, Гэр бүл ба нийгмийн баталгаа, Амжилтад хөтлөх ур чадварууд зэрэг сэдвээр салбар хуралдаан болов. Эрдэнэт үйлдвэр уурхайчдын амьдралд хамгийн ойр сэдэв болох “Гэр бүл ба нийгмийн баталгаа” салбар хуралдааныг бие даан тун амжилттай зохион байгуулсныг сурвалжиллаа.

  

  

     Энэхүү салбар хуралдааныг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа удирдаж, үндсэн илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа тавьж хэлэлцүүлсэн юм. Харин оролцогчдийн асуултад хариулахаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хүн амын бодлогын газрын дарга С.Тунгалагтамир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэв, “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн, гэр бүл судлаач Д.Мөнхөө, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар уригдан иржээ. Энд хөдөлмөр эрхлэх адил тэгш боломж, эрдэс баялгийн салбарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний  үнэлгээ, ялгаа, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад хамаарах асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
     Одоогоос найман жилийн өмнө Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан ч хуулийн хэрэгжилт эрдэс баялгийн салбарт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 204 дүгээр тушаалаар баталсан “Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 2008 он хүртэл хэрэгжээд цуцлагдсаныг мэдэхгүй, тоохгүйгээс ажилтан сонгож авахдаа уг жагсаалтыг одоо хэр мөрдөж буй аж ахуйн нэгжүүд эрдэс баялгийн салбарт байсаар байгааг хөндөв. Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд ажиллах боломж эрчүүдтэй харьцуулахад хомс байгаа нь эрдэс баялаг, уул уурхай бол эрэгтэйчүүдийн салбар гэж ойлгогддог нийгмийн хандлага, ажил олгогчийн ойлголт, энэ салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинээр эмэгтэйчүүд бэлтгэгдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа. Түүнээс гадна ажиллах орчин нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн. Ажилчдын сууц бүхий нэгдсэн барилга байгууламж байхгүй  уурхайнуудын хувьд доторлогоогүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй контейнерт дунджаар 2-8 ажилтан амьдардаг, зундаа халж, өвөлдөө даарч, халуун хүйтэн үлээдэг агааржуулагчийг өвөл зунгүй удаан хугацаагаар хэрэглэснээр, ажлын орчин нөхцөл байнгын тоосжилттой байдгаас уушигны болон жин цохих өвчин уурхайчдын дунд түгээмэл байдаг байна. Мөн уул уурхайн салбарын эмэгтэйчүүд эрчүүдээс 15 хувиар бага цалин авдаг. Эндээс харахад эрдэс баялаг, уул уурхайн салбарт эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалин хөлсний үнэлгээ ялгаа бусад салбартай харьцуулахад их байна. Түүнээс гадна уурхайчид эцэг эхийн үүргээ биелүүлэх боломжгүй, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй үлддэг, гэр бүлээрээ хамт байх цаг бага, хардалт, үл ойлголцол, хэрүүл цаашлаад гэр бүл салалт их байгааг анхааралдаа авах цаг болсныг дуулгав. Ээлжийн ажилтай уурхайчин эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрх үүргийн мэдлэг дутмагаас хөдөлмөрийн харилцаанд хохирогч болж үлддэг, нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ хүртэж чаддаггүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжийг хүртэхдээ тааруу зэрэг эрдэс баялгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа хангалттай түвшинд байж чадахгүй байгаа  нь бодит үнэн юм.
     Мөн энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүддээ зориулсан сайн жишээг танилцуулсан. Энэ үйлдвэрийн 6500 орчим ажилтны 32 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ганцхан жишээ дурдахад Эрдэнэт үйлдвэр хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажилчиддаа сар тутам 500 мянган төгрөгийн нэмэлт тэтгэмж олгодог. Өнөөдрийн байдлаар энэ тэтгэмжийг 220 эх авч байна.  

  

  

     Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд Үндэсний II чуулганы “Гэр бүл ба нийгмийн баталгаа” сэдэвт салбар хуралдаанаас дөрвөн байгууллагад уриалга, зөвлөмж хүргүүлснийг танилцуулъя.   

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМАНД:
     Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн асуудал хариуцаж буй төрийн захиргааны төв байгууллагаас энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа олон арван бүтээлч ажил идэвхи санаачлагыг бид үгүйсгэж болохгүй юм.  Гэсэн хэдий ч энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэдийн ажиллах нөхцөл боломж, ажлын байрны таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажиллахгүй байгааг сүүлийн жилүүдэд энэ салбарт хийгдсэн судалгаануудын үр дүн илтгэнэ.  Эрдэс баялгийн салбарт дагаж мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд үнэлэлт дүгнэлт өгч,  энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүний язгуур эрх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн шинэчилэл өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага үүссэн байгааг энд цохон тэмдэглэж, эрдэс баялаг уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааг хангах талаар  бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн эерэг зохицуулалт,  арга хэмжээ авахыг

ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ЯАМАНД:
     Дэлхийн ардчилсан төрт улсуудын үндсэн зарчим нь хүний язгуур эрх буюу ажиллаж амьдрах таатай нөхцлийг хангах нь төрийн хүлээх үндсэн үүрэг байхаар тунхагласан байдаг. Манай улсын хувьд уул уурхай хүнд үйлдвэрлэлйн салбар тухайлбал эрдэс баялагын салбарын ажилтан албан хаагчдийн хөдөлмөрийн нөхцөл олон улсын стандарт шаардлагад хүрэхгүй байгааг анхааралдаа авах цаг болсынг энд цохон тэмдэглье.
     Цаашид энэ чиглэлийн хууль эрх зүйн орчны судалгааг хийж, боловсронгуй болгох чиглэлээр дорвитой ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй байна.
     Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд эрдэс баялагын салбар буюу хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, таатай байдлыг бий болгох талаар огт тусгагдаагүй байгаа нь энэ тал дээр салбарын яамдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАРТ:
     Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхэд байдаг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд, тэднийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд, эцэг эхийн зөв үлгэр дууриалал  хайр халамжинд өсөн торних  боломжоор хангах гэр бүлийн болон байгууллага, нийгмийн  таатай орчинг бүрдүүлэхтэй холбоотой  бүхий хууль эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд  олон нийтийн оролцоотой хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Ялангуяа  эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах , үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, сайн боловсрол эзэмшүүлэхэд хангалттай цаг зарцуулах талаарх суурь судалгааг олон улсын туршлагад үндэслэн бодитойгоор хийж шийдвэрлэх санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргэх хэрэгтэй байна.

ҮНДЭСНИЙ АУДИТИЙН ГАЗАРТ:
     Эрдэс баялгийн салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдалд аудит хийж, үр дүнг УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулж, салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааны ахисан, шинэ түвшний эрх зүйн зохицуулалтын эхлэлийг тавьж хамтран ажиллахыг хүсье.

МӨРӨӨДӨХӨД БУС ХИЙХЭД ЧУХАЛ НЬ ОРШДОГ.
МАРГААШ БИШ ӨНӨӨДРӨӨС ХАМТДАА ХИЙЖ ЭХЭЛЦГЭЭЕ.

М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

 
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Онцгой байдлын газраас санаачилан үйлдвэрлэлийн бүс дэх зам, гарц, усан хангамжийн зургийг тодотголоо. Онцгой байдлын албаны Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Ононтал хэлэхдээ, “Цахим хэлбэрт орсноор тодотголыг тухай бүрт нь хийж, хэвлэх боломжтой боллоо. Энэ нь бидний ажлыг их хөнгөвчилнө. Мөн Гал унтраах 58 дугаар ангийн бэлэн байдлыг хангаж, гал түймрийн голомтод түргэн шуурхай хүрэлцэн очиход дөхөмтэй” гэв.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд усан хангамж 70 байдгаас 12-ыг нь өвөл ашигладаггүй. Энэхүү зам, гарц, усан хангамжийн байршлыг цахимжуулан, тодотгосноор шинээр ажилд орсон алба хаагчдад танилцуулах, объектуудын шинэчилсэн мэдээллийг тухай бүрт авч, аль зам гарцаар түргэн очих, тухайн зам нь хаагдсан, боогдсон, засвартай үед эрт мэдэх зэрэг олон давуу талтай болж байна. 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог