• Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • “Нэг ажилтан-нэг шагай” аянд найман цех нэгджээ

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.     “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

       Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд Эрдэнэт хотноо болж буй баярын хөтөлбөр "Аз жаргалтай гэр бүл" чуулганаар үргэлжлэв. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Энх Эрдэнэтийн хөгжил”ТББ байгууллага хамтран зохион байгуулсан "Аз жаргалтай гэр бүл" үйл ажиллагаа Эрдэнэтчүүдийг нэг зүгт харах таатай боломжийг бүрдүүлж өглөө. Аз жаргал гэдэг бол алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон байдаг гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршиж байна. Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан "Аз жаргалтай гэр бүл" чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нээв. Тэрээр "Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл юу юунаас илүү гол үүрэгтэй"-г онцолж, дэмжиж хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархлаа. Чуулганд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, "Энх Эрдэнэтийн Хөгжил" ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх нарын хүндэт зочид болон аймгийн засаг захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцлоо.

      Чуулганы үеэр гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлийг шагнав. Түүнчлэн "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө "Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе" сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах чухал сэдвийн нэг байлаа. Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь МЭХ-ны Орхон аймаг дахь салбараас өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан "Эрдэнэтийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулганы төлөөлөгчдийн санал бүхий "Төрд өргөх таван санал"-ыг аймгийн Засаг даргад гардуулсан явдал байв.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

     “Эрдэнэт үйлдвэр” Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлт дарах ажлаа эрчимжүүлэн техникийн хүчийг ашиглаж байна. Герман улсын химийн бодис болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “VASF” компанийн урвалж найруулан цацагч төхөөрөмж өнгөрсөн сарын сүүлээр “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдсэн бөгөөд суурилуулалтын ажил амжилттай дуусч цагаан тоосны дэгдэлт дарах ажилд ашиглаж эхэллээ. Тавдугаар сарын дөрвөнд булингад дарагч бодис хольж анхны цацалтыг 48 цагаар хийсэн нь 356 га талбайг хамаржээ. Ингэснээр нарийн ширхэгтэй элс бүдүүн ширхэгтэй шороотой барьцалдан өрөмтөж тогтсон байна. Дөрөв хоногийн дараа дахин өөр цэг дээрээс хучилт хийхэд өрөмтөж барьцалдсан өмнөх талбайгаас тоос босохгүй байжээ. Шинэ тоног төхөөрөмжөөр хийгдэж буй энэ ажлын үр дүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хяналт, шинжилгээ хийж байна. Мөн энэ сарын сүүлээр цагаан тоосны дэгдэлт дарах ажилд хүч нэмэх газар уснаа явагч тусгай зориулалтын техник ирнэ. Үүнийг Баяжуулах үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Цагаан тоосны алба хариуцан ажиллуулах юм. Түүнээс гадна ирэх долдугаар сард Франц улсаас чирэгч, дэлгэгддэг цацагч “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдэхэд энэ ажилд мэдэгдэхүйц ахиц гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

М.ОД

     Ус хангамжийн шугам хоолойн шинэчлэлийн хүрээнд Номин агуулахаас хотын насосны станц хүртэлх 400 мм-ийн голчтой  хос, 600 мм-ийн голчтой цэвэр усны шугамыг ган хоолойгоор сольж байна. Уг ажлыг “Хангилцаг” компани гүйцэтгэж, Ус хангамжийн цех өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Энэхүү шинэчлэлээр орон сууцны 2А хорооллын барилгажих талбайг чөлөөлөн тус талбайн дундуур явсан газрын доогуурх шугамыг ил гарган, дулааны шугамтай зэрэгцүүлэн тавьжээ. Засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой болгох үүднээс тус цех ус дамжуулах шугамыг газар дээгүүр тавихаар зорьж байгаа тухай мэргэжилтэн ярилаа. Өнгөрсөн оны 8-р сараас эхэлсэн уг ажлыг энэ сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Энэ хэсгийн шугамийг 1978 оноос хойш анх удаа шинэчилжээ. Уг цэвэр усны шугамыг хэсэгчлэн сольсноор хотын ус хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэх  юм.

Я.ЭНХ

     “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар болон статус өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж байна. Энэ ажлын явц болон гэрээнд нь ямар өөрчлөлт орж буй талаар Хуулийн хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяраас тодруулсан юм.

     -Статус, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэл шат дараатай хийгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
     -
“Эрдэнэт үйлдвэр”-ийн статус 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23-р тогтоолоор Хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллуулахаар өөрчлөн байгуулах, үйлдвэрийн газрын дүрэм болон удирдлагуудын эрх хэмжээг тогтоон баталж өгсөн. Үүнээс хамаарч эрх зүйн баримт бичгүүдийг өнөөгийн нөхцөл байдалд  нийцүүлэн шинэчлэх, боловсруулах зайлшгүй шаардлага урган гарсан.

     -Ерөнхий захирал Хөдөлмөрийн дотоод журмыг саяхан баталсан. Үүнийг дагаад Хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэх байх...?
     -2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ерөнхий захирлын А/294 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж мөрдөж эхэллээ. Мөн өдрийн Ерөнхий захирлын А/293 дугаар “Хөдөлмөрийн гэрээний загвар баталж, мөрдүүлэх тухай” тушаалаар тухайн хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн батлуулснаар дараагийн шатны ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

     -Хөдөлмөрийн шинэ гэрээний заалтад өөрчлөлт орсон уу, эсвэл нэршил, тамга солих байдлаар дахин байгуулах юм уу?
    
-Хөдөлмөрийн гэрээний заалтуудад шинээр батлагдсан нэршил болон тодорхой хэсгүүдэд өөрчлөлт орсон. Өмнө нь компанийн зохион байгуулалтаар ажиллаж байсан бол өнөөдөр Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар явж байна. Тэгэхээр өмнө нь компанийн тухай хуулийг мөрдөж байсан бол өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг мөрдөж ажиллахаар өөрчлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын болон Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтнуудын хариуцлагын хэсэгт тодорхойгүй байсан зарим заалтыг боловсронгуй болгож өгсөн.

     -Тухайлбал...?
     -Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд чөлөө олгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, нууцлал хадгалах зэргийг нарийвчлан заасан. Түүнээс гадна Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ хоорондын уялдаа авцалдааг шинэчилсэн загварт тусгаж өгсөн.

     -Ажилтнууд Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахдаа юуг анхаарах ёстой вэ?
     -Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч  болон ажилтнуудын хувьд хамгийн чухал баримт бичиг. Иймээс хүний нөөцийн менежерүүд Хөдөлмөрийн гэрээний шинэчилсэн загварыг ажилтнуудад маш сайн танилцуулах, өөрт нь уншуулсны дараа гэрээ байгуулах хэрэгтэй. Учир нь Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, ажилтан хоёр аль аль талдаа санал болгож, танилцаж байж байгуулах ёстой баримт бичиг юм. Өмнө нь Хөдөлмөрийн гэрээ байгуулахад тайлбарлан таниулах үйл явц дулимаг байсныг үгүйсгэхгүй. Ажилтан хүн Хөдөлмөрийн гэрээгээр ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээснээ мэдэх нь нэн чухал юм.

     -Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?
    -Бид аль болох богино хугацаанд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Бүтцийн нэгжүүдэд харилцан адилгүй хугацаа шаардана. Үйлдвэрийн томоохон нэгжүүд олон ажилтантай учраас хугацаа нэлээд орно. 1000 гаруй ажилтантай цех ч бий шүү дээ. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний загварыг гарын авлага байдлаар хэвлээд ажилчдадаа таниулах үйл ажиллагаа явуулж байгаа сайшаалтай цех ч байна. Цөөхөн ажилтантай цех, нэгжүүдийн хүний нөөцийн менежер нь уншиж танилцуулах, сургалт явуулах байдлаар гээд янз бүрийн арга хэлбэрээр ажил урагшилж байна.
     Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 50-иад бүтцийн нэгжтэй байхаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан. Эдгээр бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг энэ сард багтаан боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулахаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

     -Цаг гаргасан танд баярлалаа.
 

М.ОДГЭРЭЛ

     Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Төгссайханы Мөнхцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж чанарын “Хамтын хөгжил” дугуйлангийн гишүүн юм.

     -Таны мэргэжлээ хэрхэн сонгосноос ярилцлагаа эхлэх үү?
    -Анх 2007 онд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбож байлаа. Тухайн үед 10 жилийн сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгож чадахгүй, бусад хүүхдийн адил Улаанбаатарт очиж суралцах чин хүсэлтэй явсан. Тэгэхэд аав маань Уул уурхайн мэргэжлээр суралцахыг зөвлөдөг юм. Зөвлөснөөр нь уул уурхайн хүн болохоор шийдсэн.  Тухайн үеийн сонирхол хот явах байсан ч хүмүүс үйлдвэрлэлийн материаллаг баазтай, Эрдэнэтийн Технологийн сургуульд суралцахыг зөвлөж, ятгаснаар тус сургуульд суралцсан. Энэ нь ч оносон гэж боддог.

     -Дээд сургуулиа төгсөөд ажилчин болсон уу?
    -Их сургуулиа төгсөхдөө гэр бүлтэй болчихсон учраас Эрдэнэт үйлдвэрээс өөр газар ажиллах сонирхол байгаагүй. Төгссөн өдрөөсөө эхлээд ажил хөөцөлдсөн. Шинэ төгссөн залуу инженер ажилд ороход их л хялбар юм шиг бодож явсан. Хоёр, гурван жилийн дараа тийм биш юм гэдгийг ойлгоод тухайн үеийн удирдлагуудын нэр дээр хоёр хувь өргөдөл биччихээд, бичиг баримтуудаа байнга цүнхэлж явдаг болсон. Ажилд орох бичиг баримт, өргөдлөө өгчхөөд хөдөө ч тайван явж чадахгүй, араас дуудчих юм шиг санагдаад догдолж явснаа дурсахад сайхан байна. Сургуулиа хавар төгсчхөөд, өвөл болтол ажилгүй явсан. Энэ хугацаанд ажилгүй нэртэйгээс биш энд тэнд очиж зарагдаад явдаг байлаа. Ажилд ороод харин ч амарсан.

     -Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон Баяжуулах үйлдвэрт ажиллаж яваагийн давуу тал юу вэ?
    -Би Баяжуулах үйлдвэрт гурав дахь жилээ ажиллаж байна. Ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжилтэй. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосын машинчаар ажилд орсноос хойш хөвүүлэн баяжуулагч, тээрмийн машинч, хяналтын оператор зэрэг мэргэжлээр ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн маань хуучин ажилчид тэтгэвэртээ гарч залуу боловсон хүчин шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотой ажилтнууд бидний дунд шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага гарсан гэж ойлгодог. Ажлын байр өөрчлөгдөх болгонд үйлдвэрээ төдийгүй өөрийн мэргэжлээ илүү таньж мэдэх, мэдлэг боловсролоо бататгаж авах ач холбогдолтой байдаг. Тухайн ажлын байрны хэвшмэл байдлаас бүтээмжтэй холбоотой сайжруулалт хийх санааг хялбар олж авдаг.  Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд удаан ажилласан хүн хэцүү ч байсан, хялбар ч байсан гарт нь орсон ажил учраас нэгэн хэв маягаар ажилладаг. Үүнийг шинэ хүн хийхэд хэрхэн сайжруулж болохыг хялбархан олж хардаг.

     -Монголын уул уурхайн салбарын түүчээ Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргаж яваа та бүхнээр  бахархмаар. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    
-“Том газрын жижиг чулуу байснаас жижиг газрын том чулуу бай” гэдэг зарчмыг өөрийн эрхгүй баримтлаад байх шиг санагддаг. Энэ үгийг их сургуулиа сонгох тэр мөчид “Зууны мэдээ” сонины редактор эгч надад хэлэхэд үнэхээр аятайхан үг санагдаж, байнга толгойд бодогдож явах болсон. Тэгээд ч би өөрөө сайн боловсроогүй байж, нэр хүндтэй удирдах ажил хийх сонирхол байдаггүй. Аз тохиогоод ч юм уу, магадгүй хэн нэгэнд сайнаар үнэлэгдэж дарга болчхоод ажлаа мэдэхгүй, хамт олондоо нэр хүнд муутай явна гэхээс их санаа зовдог. Үүнийг ярихын учир өөрийгөө том чулуу гэж магтаж байгаадаа биш, ямар ч газрын том чулуу болохын төлөө эрмэлзэж, хичээх нь зүйн хэрэг ч хамгийн гол нь бидний эргэн тойронд ийм үзэгдэл их байгаа нь бидний ярьдаг, “Бүтээмж” гэх зүйлийг үгүй хийгээд байх шиг...

    -Сайн саналын системд шинэ санал, санаачилга гаргасан 100 манлайлагчийн нэг нь та.  Үйлдвэрийн хэмжээнд явагдаж буй Бүтээмжийн хөдөлгөөний талаарх таны бодлыг сонсъё?
     -Үйлдвэрийн хэлтэс, нэгжийн ямар нэгэн үйлчилгээнээс тэр болгон анзаарагддаггүй ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, цагийн зохион байгуулалт, соёлтой найрсаг харилцаа, зөвлөгөө гээд бүтээмжийн зөвлөлийнхний ялгагддаг сайхан талууд олон байдаг. Магадгүй ийм төрлийн албан тушаалыг илүү чадварлаг боловсон хүчнээр хангаж, орчин үеийн шинэ менежментүүдийг судалж нэвтрүүлбэл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн тал дээр ахиц илүү гарах байх. Өөрөөр хэлбэл хүний хөгжил, байгаль орчин, аюулгүй байдалд түшиглэн баялаг бүтээх явдал чухал. Бүтээмжийг мэргэжлийн хүмүүс олон томьёогоор тайлбарладаг. Үйлдвэрийн энгийн ажилтан бидний хувьд хүний аливаад хандах хандлага буюу хэн нэгэнд гаргаж буй сэтгэл гэж ойлгох юм. Насосын зумп дээрх элсийг угаа гэсэн даалгавар авсан ажилтан элсийг нь угаачхаад засвараас үлдсэн металлын үлдэгдэл, тайрдас, эрэг боолтны хаягдлыг авч хаях уу, үгүй юу. Эдгээрийг зохицуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн хэчнээн их хэмжээний мөнгө хөрөнгө, хөдөлмөр зарцуулдгийг бид мэднэ. Мэдээж энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр байна. Миний оюутны дадлага хийж явсан үеэс одоогийн ажлын байрны орчин нөхцөл, тохижилт, ажлын арга барил гээд маш олон зүйл сайжирсан ч илүү сайн арга зам ямагт байдаг гэдэгчлэн бүтээмжийн хөдөлгөөнөөс илүү өндөр үр дүн гарах ёстой юм болов уу.
 

     Бүтээмжийн үйл ажиллагаанд тоглоом, харандаа, фломастер, цаасан аяга, кофе, печениэс эхлээд сургалт, ухуулгад ямар их зүйл зарцуулдгийг ажилтан бүр ойлгож ухамсарлаасай. Мөн бүтээмжийн зөвлөлийнхний зүгээс шинэ орсон ажилтнуудыг ажлын байрны хэвшмэл болсон дадал зуршлыг хуучин ажилчдаас эзэмшихээс өмнө бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй хамруулж, оновчтой байдлаар сэдэлжүүлж сэргэг хэвээр нь авч үлдэх арга барил ашиглах нь өнөөгийн нөхцөлд цаг үеэ олсон ажил болох юм шиг санагддаг. Тодруулбал, хуучин ажилтнуудын олон жилийн дадлага туршлагатай байдлыг шинэ залуу ажилтнууд хэнэггүй, хайнга байдалтай андуурч хэт назгай байдлаар ажилд хандаад байх шиг. Сайн саналын системийн саналуудыг ажиглахад ажлын байранд хөдөлмөр хөнгөвчлөх, орчин нөхцөл сайжруулах, аюул эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн өртөг зардлыг багасгах чиглэлтэй байдаг. Залуу боловсон хүчнээр сэлгэгдсэн энэ үед сургуульд эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан судалгааны ажил хийж, илүү шинжлэх ухаанч саналууд гаргамаар байна. Тасралтгүй үйл ажиллагаатай уул уурхайн үйлдвэрлэлд маш их хэмжээний материалын урсгал зардал гардаг. Иймээс тоног төхөөрөмжийн багахан өөрчлөлтөөс их  зардал хэмнэх боломжтой. Ер нь тооцоо, судалгаа хийж сайжруулах, магадгүй эрдмийн цол зэрэг хамгаалахаар сэдвүүд манай үйлдвэрт олон бий.

     -Бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эерэг, сөрөг тал ажиглагдах юм уу?
    -Бүтээмж чанарын дугуйлангийн ажлын хувьд дэвтрийн хөтлөлтийг аль болох хялбар болгосон авч түүнийг хөтлөх зааварчилгаа дутмаг, нэг зүйлийг олон талаас нь тодорхойлохыг шаарддаг хэт нуршуу загвартай санагддаг. Ажилчин хүний зүгээс харахад бүтээмжийг онолын талаас, мэргэжлийн түвшинд тооцоолохыг шаарддаг нь учир дутагдалтай. Энэ тал дээр ажилчдыг бүгдийг нь хамруулдаггүй юм гэхэд дугуйлан бүрийн ахлагч, идэвхтэн гишүүдийг арга зүйгээр хангахад чиглэсэн ажил хиймээр байна. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан үйлдвэрт хэрэгтэй маш олон төсөл, жижиг сайжруулалтын ажил хийгдэж байгаа. Энэ нь ажилчдын чин сэтгэлийн санал санаачилга гэхээс илүү улиралд хоёр төсөл  ч юм уу бичигдээгүй тушаал, захирамжийн хүрээнд ажил явагдаад байх шиг. Хэдий тийм ч төслийн ажил дууссаны дараа тодорхой нэг асуудлыг шийдвэрлэсэн, хийсэн зүйлээрээ бахархахаас гадна урамшууллын мөнгө авах нь ч бас сайхан юм. Сайн санал нь ажилчин хүний өөрийн цэвэр идэвх, санал санаачилгаар гардаг ч саналын системд санал оруулахад ажлын байрны онцлогтой холбоотой асуудал байна. Магадгүй сайн саналын системд үйлдвэрийн дотоод сүлжээнээс биш дурын газраас хандаж болдог, тэр тусмаа гар утаснаас саналаа оруулдаг бол санал хаягдахгүй. Мөн сайн саналыг системтэй хэрхэн харьцах талаар ажилчид  мэдлэг муутай байна. Иймээс шинээр ажилд орогчдыг сургалт хөтөлбөрт хамруулж болох юм. Таван сайн үйлсийг захиргааны ажилтнууд хэрхэн хэрэгжүүлдгийг мэдэхгүй байна. Цехийн ажилчдын тухайд анхан шатны удирдлагуудыг арга зүйгээр ханган хянаж ажилламаар санагддаг. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын байрны хариуцсан талбай, тоног төхөөрөмжид ажлаа хэрхэн зөв хуваарилан гүйцэтгэж, ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээг ямар түвшинд хангаж байгаа нь ажилчин бүрт ялгаатай. Нэг зүйл тодотгон хэлэхэд хэн нэгэнтэй найзалдаггүй зангаараа хүнд тэр болгон таалагддаггүй ч өөрт оногдсон ажлыг хэнээс ч дутахааргүй гүйцэтгээд явдаг ажилтнууд байдаг. Энэ бүхнийг бүтээмжийн удирдлагууд анхаардаг байгаасай гэж боддог.

     -Та залуу хүний хувьд амьдралаа хэрхэн авч явна. Үр, хүүхдийнхээ хүмүүжилд аль хэр анхаарал хандуулдаг вэ?
    -Манайх ам бүл дөрвүүлээ. Гэргий маань хүнсний үйлдвэрлэлийн салбарт хувийн бизнес эрхэлдэг. Том хүү Орос сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Бага хүү маань Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгт явж байна. Үр хүүхдээ би эрдэмтэн доктор болгохоос илүүтэй Орос хүмүүсийн аливаад нямбай ханддаг, зарчимч, хариуцлагатай зан чанараас суралцаж, ирээдүйн чадварлаг хүүхэд залуустай мөр зэрэгцэн, хэл ярианы болон зан харилцааны соёлтой хүн болон төлөвшүүлэхийг хичээдэг. Монголын боловсролын салбар хүүхдэд мэдлэг олгоход хэт анхаараад хүн болон төлөвших явцад нь учир дутагдалтай санагддаг. Бидний үед том жижиг а үсэг, тоо зэргийг дэвтрийн нүүр дүүрэн бичүүлж сургадаг байлаа. Гэвч явцын дунд хүн бүр өөр өөрийн бичгийн хэвтэй, тоог өөрсдийн түвшний сэтгэлгээгээр бодох жишээтэй. Харин хүн бүр аав, ээж болдог гэгчээр хүн байхын утга учрыг л үр хүүхдүүддээ ойлгуулахыг чухалчилдаг даа.

      -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавдугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл гарлаа. Сарын эхний арав хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид 702.7 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 106.6 хувиар, 308.4 мянган метр куб хөрс хуулж төлөвлөгөөг 106.7 хувиар, 1 сая 5.4 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 106.6 хувиар тус тус давуулан биелүүлжээ.
     Баяжуулагчид энэ хугацаанд 892.6 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 103.3 хувиар биелсэн байна. Баяжмал дахь металл авалтын гүйцэтгэл зэсээр 3617.7 тонн  буюу төлөвлөгөө 102.2 хувиар, молибден авалтын гүйцэтгэл 65.16 тонн буюу 102.3 хувиар биелсэн үзүүлэлттэй бол зэсийн агуулга 22.5 хувьтай байж төлөвлөгөө 100.8 хувиар, молибдены агуулга 50.6 хувьтай байж, төлөвлөгөө 105.5 хувиар давж биеллээ.  Уурхайчид сарын эхний 10 хоногт 16212.6 тонн зэсийн баяжмал ачсан байна.

М.Балжинням


 

Даваа, 13 5-р сар 2019 00:00

Гэр бүлд ээлтэй Эрдэнэт

     Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэдэг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран нийгмийн сайн сайхан, гэр бүлийн аз жаргалын төлөө олон үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран доктор /Ph.D/ Н.Алтанцоожийн “Гэр бүлийн боловсрол олгох” өглөөний цуврал уулзалт зохион байгуулж байгаа бол тавдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэтийн гэр бүлүүд “Байгальд ээлтэй гэр бүл болцгооё” уриан дор гэр бүлээрээ мод тарьсан байна.
     Орхон аймгийн 28895 гэр бүлийн төлөөлөл 1000 гэр бүл оролцсон тайван жагсаал энэ сарын 14-нд зохион байгуулагдана. Тэд хүүхдийн хүчирхийллийг зогсоож, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэхээр “Аз жаргалтай гэр бүл” чуулган зохион байгуулж, үзэл бодлоо нэгтгэх юм. Мөн Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж өрх толгойлсон 10 эмэгтэйд гал голомтыг нь бадраах, өргөө цагаан гэр олгохоор болсноо өнөөдрийн бага хуралд мэдээллээ.

У.Цэрэнбат






 

     ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн “Мөнгөн хонх”-ны баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Баярын үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Технологийн сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү болон албаны хүмүүс, багш ажилтнуудын төлөөлөл оролцож, удахгүй ажил хөдөлмөрийн их талбарт хөл тавих гэж буй оюутнуудад баяр хүргэж, амжилт хүссэн. Энэ үеэр Технологийн сургуулийн захиргаанаас анги хамт олноо манлайлан удирдсан ангийн дарга нарт дурсгалын зүйл гардуулж, найман оюутныг Монголын Оюутны Холбоо, Орхон аймгийн Оюутны Холбооны “Манлайлагч оюутан” алтан медаль, өргөмжлөлөөр  шагналаа. Мөн Ахлах сургуулийн тэргүүний сурагчдад “Эрдмийн од”, “Авьяаслаг сурагч” алтан медаль гардуулав.   
     Тус сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд уул уурхайн арван мэргэжлээр 500 гаруй оюутан суралцаж байна. Тэднээс энэ хавар Цахилгаан систем автоматжуулалт, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Ашигт малтмалын баяжуулалтын технологи  мэргэжлээр суралцаж буй 62 оюутан болон тус сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн 12 дугаар ангийн 10 сурагч төгслөө. 1975 онд уул уурхайн салбарын нарийн мэргэжилтэй ажилчид сургах зорилгоор “Сургалтын төв” нэртэй байгуулагдсан тус сургууль эдүгээ дээд боловсролтой инженер техникийн ажилтнууд бэлтгэдэг Технологийн сургууль болон өргөжиж, 44 дэх жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

  

    

  

  


М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Үйлдвэрчний эвлэлийн холбооны анхдугаар чуулган өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Энэ чуулган тус холбооны 45 жилийн ойд зориулснаараа онцлог юм. Чуулганы нээлтэд урилгаар хүрэлцэн ирсэн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, тус холбооны анхны дарга Н.Энэбиш нар үг хэлж, амжилт хүслээ. Мөн үйлдвэрийн хэлтэс, цех, нэгжийн удирдлагууд оролцож, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг богино, дунд, урт хугацаанд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй танилцав. Холбоог 2019-2030 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алсын хараа, хөгжлийн концепцтой уялдуулан боловсруулжээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ, “2017 онд МҮЭХ-ны XXII их хурал болсон. Энэ хурлаар бид хөгжлийн зорилтоо 2030 он хүртэл тодорхойлсон. Энэ хөгжлийн зорилтыг орон нутагт, “Эрдэнэт” үйлдвэртээ буулган хэрэгжүүлэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг юм” хэмээн онцоллоо. Энэ үеэр үйлдвэрчний эвлэлийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан гишүүдийг шагнаж, урамшуулав.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

  
  
 

  

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог