• Аймгийн хэмжээнд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна

    Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/192 тоот захирамж гарч, аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Захирамжийн дагуу аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд өчигдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр ойр орчмын зам талбайд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байрныхаа орчинд их цэвэрлэгээ хийж, Урт цагаан худалдаа үйлчилгээний гудамжинд байрлах үйлчилгээний байгууллагууд явган зам, баганыг хөөсөөр угааж үлгэр жишээ цэвэрлэлээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулах ариутгал халдваргүйтгэлийг өнөөдрийн 13.00-18.00 цагийн хооронд хийхээр товлож, автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байна. И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • Хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй хүргэхийг ДЭМБ-аас санууллаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ. ДЭМБ-ын 03 дугаар сарын 30-ны мэдээлэлд 203улс оронд COVID-19вирусын халдвар тархаж, нийт 774,621тохиолдлоос 156,669нас баралт бүртгэгдээд байгааг мэдээллээ. Ингэхдээ 20 хувь нь импортлогдсон тохиолдлоор, 80 хувь нь голомтлон тархах замаар өвчилж, шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдэж, арлын хоёр бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. Нийт өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Иран, Испани, Франц улс өндөр тархалттай байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүрчээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулалгүй хүргэх хэрэгтэйг ДЭМБ-ын Ерөнхий захирал ээлжит хурлын үеэр онцолж байна. Вирусын хөл хорионд орж тусгаарлагдсан 3 тэрбум гаруй хүнд зориулсан уриалга гаргасныг хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Тус уриалгад, хөл хорионд байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл байж, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй хэмээжээ. Мөн энэ хүрээнд гадаад хэл, иог бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, бүжиг, хөгжим, ардын уран зохиол, оньсого, таавар, уламжлалт тоглоом зааж сургах чиглэлээр танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, цар тахлын үед иргэдээ дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа. Цаашид халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ДЭМБ-аас шинээр 3 заавар гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, барилга байгууламж, хөнгөн майханд тусгаарлах өрөөг хэрхэн бэлтгэх, хоёрдугаарт, биеийн байдал хөнгөн өвчтөнийг халамжлахад нийтийн байгууламжийг хэрхэн ашиглах, гуравдугаарт, эмчилгээний төвийг хэрхэн байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өдөрт 100 гаруй мянган хүнд шинжилгээ хийх боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй америкчуудыг шинжилгээнд хамруулжээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн агентлаг хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлж, ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тооны амны хаалтыг ариутгаж, дахин ашиглалтад гаргах юм. Тэдний үзэж буйгаар нэг амны хаалтыг 20 удаа энэ маягаар ашиглах боломжтой хэмээн үзжээ. Тус улсын “Форд моторс” компани, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ЖиИ компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгджээ. 3 сарын хугацаанд амьсгалын 50 мянга гаруй аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин Нью-Йорк хотод 1000 ор бүхий цэргийн хөлөг онгоцыг татан байршуулжээ.       БНСУ-ын Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн 70 орчим хувь нь Сөүлийн эргэн тойронд амьдардагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Халдварын голомт тус бүс нутагт бүрэн хяналтад ороогүй тул тус улсын Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу хичээлийн шинэ жилийг 4.9-нөөс эхлүүлж, ингэхдээ цахим сургалт явуулахаар болоод байна.    Манай улсын хувьд ХӨСҮТ-д 03 дугаар сарын 30-нд тусгаарласан 7 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд 218 хүнийг хяналт шинжилгээнд хамруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарынхан тусгаарлагдсан иргэдийг уур бухимдлаас нь үүдэн хугацааг нь богиносгох боломжгүй тул нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүслээ. Тэд Монгол Улс шиг хилийн чанадаас иргэдээ татан авч, 5 одтой зочид буудалд байрлуулан, эмч нараараа хоол зөөлгөж байгаа улс орон байхгүйг сануулсан юм. АНУ, Англид чөлөөнд гарсан эмч нараа уриалга гарган дайчилж эхэлсэн бол Харвардын Их сургууль анагаахын чиглэлээр төгсөх ангийн оюутнуудаа урьдчилан төгсгөж, эрүүл мэндийн салбартаа ажиллуулж байна. Иргэдээ эх орондоо авчирж, эмчилж, эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад талархал илэрхийлсэн олон захиа ЭМЯ-нд ирснээс нэгэн захианд, “Мухардсан иргэдээ ах дүүгийнх нь дэргэд авчирсан нь Монголын төр засгийн гавьяа. Халдвартай ирсэн ч цөөхөн Монголчуудын минь нэг шүү дээ” хэмээсэн байжээ. Хүн стрессгүй байх нь эмчилгээний 50 хувь болдог тул тэдгээр захиа сэтгэлийн их дэм өгч байгааг эмч нар онцоллоо.   Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, нэмэлтээр 3824 хүн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Катараас цэргийн онгоцоор ирж байгаа 42 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдлээ. И.Чинтогтох  Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцад эрдэм шинжилгээний шинэ туршилт нэвтрүүлнэ

    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Турбин Хими ус бэлтгэл, Дулаан-Химийн туршилт судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийгдэж дууссан байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Гоулден резин” ХХК-ийн мэргэжилтэн, Шинжлэх ухааныдоктор С.Буянтогтох болон тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраар ахлуулсан Турбин Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухны хэсгийн инженер техникийн ажилтнуудын баг хамтран гүйцэтгэжээ. Угэрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд мэргэжлийн нарийн хэмжилт туршилтууд хийж, зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд цаашдын ажилдаа нэвтрүүлэн технологи ажиллагааг сайжруулах, зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын ус бэлтгэл буюу дулаан химийн үйл ажиллагаа нь маш нарийн горим технологитой. Үүнд хэрэглэгдэж байгаа химийн боловсруулсан ус, түүнээс гарах уурын чанар маш өндөр зэрэглэлийнх байх шаардлагатайг дээрх шинжлэх ухаан судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Байгаль орчны ажилтнууд цагаан тоосны талбайд уртасгасан цагаар ажиллаж байна

    Хавар цагийн онцлог, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элс буюу бидний нэрлэж заншсанаар цагаан тоосны дэгдэлт нэмэгдэх хандлагатай болдог. Тиймээс энэ улиралд цагаан тоос дарах ажлыг улам эрчимжүүлж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллах шаардлагатай гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлов. Энд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс болон Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цехийн ажилтнууд уртасгасан цагаар буюу амралтын бямба, ням гаригт ч тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хуурайшилтын улиралд салхины хурд нэмэгдэж, цаг агаарын нэмэх хасах температурын өөрчлөлт зэрэг нь цагаан тоосны дэгдэлт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд хар шороон хөрсөөр хучих, усны машинаар норгох,  кальци хлоридын уусмал найруулж шүрших аргыг өдөр бүр ашиглаж буйг Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны мониторинг сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг хэллээ.   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь нийт 2098 га талбайг эзэлж байна. Үүнээс 1437 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж үздэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран  дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажлыг үе шаттай хийсэн юм. Ингэхдээ хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үед хөрсөөр хучих зэрэг технологийн гурван аргыг хослуулсан нь үр дүнгээ өгч, нийт талбайн цагаан тоосны 80-90 хувийг даржээ. М.Балжинням Фото: Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • “Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ спорт залаа удахгүй хүлээн авна

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ хүүхдийн халамжийн “Энэрэл” төвийг байгуулан, ажиллуулж ирсэн. Асран хамгаалах хүнгүй, аав ээжийн хайр халамжаар дутуу олон хүүхдийг хайр халамжаар энэрэн өсгөж, ажил амьдралын замд хөтөлсөн тус төв нь баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Энэ төвд өсөж буй хүүхдүүдэд зориулсан олон талын бодлого, нийгмийн дэмжлэгийн нэг хэсэг болох бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. 2018 онд тохиосон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн үеэр тус төвд стандартын иж бүрэн тохижилттой спорт заалыг барьж өгөх шийдвэр гарсан юм. Тэрхүү шийдвэр эдүгээ биеллээ олж, төвийн дэргэд шинэ спорт заал сүндэрлэжээ. Уг барилгыг улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Ингэснээр хүүхдүүд шинэ зааланд чөлөөт цагаа өнгөрөөж, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярив. “Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар, 1-18 насны 57 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Тэдний тав нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Үндэсний Их сургууль, ШУТИС зэрэг их дээд сургуулиудад суралцдаг аж. Төвийн байранд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм бүрэн тогтоож, ээлжийн багш, эмч нараас бусад хүн гаднаас нэвтрэх, хүүхдүүдтэй ойр байх зэргийг хязгаарлаад байна.  Одоогоор төвийн хүүхдүүд ямар нэг ханиад томуугаар өвдөөгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлж байна. Нөгөө талаар, хаврын элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан цахим хичээлд хүүхдүүдээ бүрэн хамруулж, нэмэлт мэдлэг өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэр тусмаа хорио цээрийн үеийг үр өгөөжтэй ашиглах, мэдлэг чадвар өгөх зорилгоор Энэрэл төвийн багш нар сургалтын хөтөлбөрөө илүү баяжуулан боловсруулжээ. Тухайлбал, гар урлал, хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тустай Монгол наадгай, танин мэдэхүйн  “Би хэн бэ”, Эдийн засгийн анхны ойлголт зэрэг өргөн сэдвүүдээр хичээлээ бэлтгэн, хүүхдүүдэд сонирхолтой, үр дүнтэй цагийг өнгөрүүлэх боломж  өгч байна.   М.Балжинням Фото: Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • Нээлттэй ажлын байр

    Ажлын байрны нэрс Ажлын байрны орон тоо Бүртгэл эхлэх дуусах огноо Тавигдах шаардлага Материал хүлээн авах хаяг Вебсайтын мэргэжилтэн 1/нэг/ үндсэн, ажлын байр 2020.03.30-ны өдрөөс 2020.04.10-ны өдрийг дуустал Боловсрол: Дээд Мэргэжил: Програмист, веб дизайнер Мэргэжлийн түвшин: Бакалавр ба түүнээс дээш Туршлага: Веб хөгжүүлэлт чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан. Мэргэжлийн чадамж: Веб хуудас бүтээх болон график дизайны программуудыг эзэмшсэн байхаас гадна ASP.NET, SQL Server, Javascript, PHP MySQL, Server side includes JSP зэрэг программ хангамжуудын мэдлэгтэй байх, цахим орчинд дүн шинжилгээ, хяналт, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байх, мэдээллийн системийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын талаар зохих мэдлэг эзэмшсэн байх, гар утасны веб хөгжүүлэх, Android болон IOS программ хөгжүүлэх Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг бүртгэлийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны 212 тоот өрөөнд хүлээн авна. Бүрдүүлэх материалын жагсаалт: 1. Иргэний үнэмлэхийн хуулбар 2. Ажилтны анкет бөглөх 3. Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх) 4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх. Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.  Харилцах утас: 757-73754. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.erdenetmc.mn/human_resource/vacancy_2019/ Дэлгэрэнгүй...
  • Ц.НАМЖИЛДОРЖ: Эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт ажлууд хийнэ

    Баяжуулах үйлдвэрт оны эхний хагас жилд эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын  ажлын  талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржоос тодрууллаа. -Хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ? -Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван ажил хийнэ. Эдгээр нь 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендерт шалгарсан, ихэнх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ажил юм. Одоо бид угсралтын ажилд  бэлтгэж байна. Хамгийн эхэнд Нунтаглан баяжуулах хэсгийн есөн том тээрмийн зөөлөн асаалтын төхөөрөмж солино. Украйн улсад үйлдвэрлэсэн, 2000 онд суурилагдаж, 20 жил ажилласан төхөөрөмж хуучирсан. Үйлдвэрлэгч нь ажиллахаа больж,  сэлбэггүй болсон. Цаашид тээрмийн хэвийн ажиллагааг хангах шаардлагад нийцэхээргүй болсон тул солих шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр  сард төхөөрөмж нийлүүлэгдэнэ. -Шинээр тавигдах зөөлөн асаалтын төхөөрөмж ямар онцлогтой вэ? -ABB фирмийн орчин үеийн бүрэн автоматажсан 6 кВольт, 4 мВт давтамжийн хувиргагч юм. Үүнийг ашиглан тээрмийг зөөлөн залгахаас гадна, зөөлөн зогсоох нэмэлт функцтэй. Аливаа тээрмийг зогсоохдоо хүдрээ хоосолдог. Одоо манай практикт тээрмийг 40 минутаас дээш хугацаагаар, үндсэн хурдаар нь эргүүлж зогсоодог. Хүдэр багассан үед тээрэм дэх шаар болон хуягийн хооронд маш их хэмжээний үрэлт, цохилт болж, шаар хагарах, хуяг элэгдэх, гэмтэх нь элбэг. Хүдэр багасахын хэрээр тээрмийн эргэлтийг удаашруулах замаар зөөлөн зогсоосноор  шаар, хуягийн гэмтэл буурч,  эдийн засгийн ихээхэн үр ашиг  гарна гэж бид тооцож байна. -Хийн үлээгүүрийн машин суурилуулна гэсэн. Энэ талаараа...? - Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын машинуудыг баяжуулах процесст шаардлагатай агаараар хангадаг хийн үлээгүүрийн машиныг солихоор бэлтгэж байна. Өмнөх машины агаар шахах хүчин чадал нь минутад 400м3 бол одоо 800м3 болж нэмэгдлээ.  Франц улсад үйлдвэрлэсэн, орчин үеийн  хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна баяжуулах процессыг агаараар хангах нөөц ихсэх давуу талтай. Өнгөрсөн жил яг ийм хийн үлээгүүрийн машин суурилуулсан нь амжилттай ажиллаж байна. -Гурав дахь ажил нь юу вэ? -Нунтаглан баяжуулах хэсгийн есөн тээрмийг зөөлөн асаах үед сэлгэн залгадаг давтамжийн секцийг бүрэн солихоор төлөвлөж байна. Үүнийг суурилуулж эхэлсэн. Өмнөх секц 20 жил ажиллачихлаа. Техник гацах, тээрэм залгах үед цаг хугацаа алдах, контакт алдсанаас асаалт амжилтгүй болох зэрэг доголдол гарч байгаа болохоор бид сольж байна. Ингэхдээ схемийг өөрчилж байгаа. Найман тээрэм өөр, өөрийн цахилгааны секцээс тэжээгддэг схемээр ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн нэгдүгээр секцээс зөөлөн асаалтын төхөөрөмжөөр тээрмийн сүлжээг залгадаг байсан. Өөр секц дээрх өндөр хүчдэлийн системтэй харьцаж залгагддаг учраас энэ системд хөдөлгүүрийг шилжүүлэх үед алдаа гарах магадлал байсан. Иймээс аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тоноглол тавьж байгаа юм. Энэ нь тухайн тээрмийн хөдөлгүүр өөрийн тэжээгддэг секцээсээ залгагдаж байгаагаараа найдвартай, дэвшилтэт ажил юм. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Б.БАТ-ЭРДЭНЭ: Манайхан 14 хоног гэртээ харихгүй тусгаарлагдан ажиллана

    Дэлхий нийтийг хамраад байгаа Covid-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Тэдний биеийн байдал, орчин нөхцөл ямар байгаа талаар тус цогцолборын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсан юм.  -Одоогоор сувилалд хэчнээн хүн тусгаарлагдаад байна? -Манайд 79 хүн тусгаарлагдсан байснаас тав нь өрхийн эмнэлгийн хяналтад гарсан. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийн нэг нь хуурай ханиалгасан учир хойд эмнэлэг рүү шилжүүллээ. Тусгаарлагдсан хүмүүс халуураагүй, биеийн байдал хэвийн байгаа болохоор шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн.   -Тусгаарлагдсан хүмүүсийн орчин нөхцөл, хэрэглээ хангалт хэр байгаа вэ? -Бид нэг удаагийн хэрэглэлээр хангасан. Өөрсдөө ч тусгаарлагдах бэлтгэлтэй ирсэн байна. Эхний үед аль аль талаасаа элдэв юм шаардаад маргаан гарч байсан ч одоо нөхцөл байдалдаа дасаад хэвийн болсон.  -Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ? -Хоёроороо байгаа. Бусад өрөөний хүмүүстэй харьцахгүй. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, энд мөрдөх дотоод журам, зааврыг нэг бүрчлэн бичиж хэвлээд хавтсанд хийж өгсөн. Уншиж ойлгоод асуудал үүсгэхгүй байгаа.  -Хоолны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ? -Манайхан өрөөнүүдийн үүдэнд хоолыг нь тавихад тэд гарч ирж авдаг. Өрөөндөө өөрсдөө аяга тавгаа угааж, ариутгалаа хийдэг. Утсаар байнга мэдээлэл авч байгаа. -Энд байгаа хүмүүс Эрдэнэтийнх үү?     -Үгүй. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн Монгол улсын иргэд. Олонх нь оюутнууд байна. Янз бүрийн улс орноос дамжиж ирсэн хүмүүс байгаа.  -Хоол, байрны зардал хаанаас гарч байгаа вэ? -Одоогийн байдлаар Онцгой комиссын шийдвэрээр хоногийн төлбөрийг 50 мянган төгрөгөөр тогтоосон. Иргэд өөрсдөө төлөх болов уу. Онцгой комиссын данс руу ороод Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлэх байх. Одоохондоо төлсөн хүн байхгүй.  -Эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчид, хоол үйлдвэрлэлийнхэн маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна? -Гэртээ огт харихгүй, хамт тусгаарлагдсан байгаа. Одоогийн байдлаар манай хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусгаарлагдаад ээлжээр ажиллаж байна. -Тэд 14 хоног гэртээ харихгүй ажиллахаар цалинд өөрчлөлт орох уу? -Онцгой байдлын журмын дагуу тушаал гарч, цалин бодогдоод нэмэгдэл хөлс аваад явна. -Ер нь “Эрдэнэт” сувиллын цогцолбор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ? -Манайх өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Автобусанд ажилчдын халуун үзэж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүх цех, хэсэг дээр өдрийн цагаар ээлжээр ажиллаж байна. Мөн Спорт цогцолбороос 10, Соёл, урлагийн цогцолбороос хоёр хүн дайчилгаанд ажиллаж байгаа. -Корона вирус илэрлээ гэхэд манай бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан уу? -Бэлэн байдлыг бүрэн хангасан. Хүчил төрөгчийн аппарат, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эм, тариа гээд бүгд нийлүүлэгдсэн. -Баярлалаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Н.БЯМБАДОРЖ: Үйлдвэрлэгч компаниудыг судалж байна

    Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд томоохон зургаан төсөл шат дараатай хэрэгжихээр тусгасны нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн бэлтгэл, явц байдлын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын төслийн удирдагч Н.Бямбадоржоос тодрууллаа.   -Ил уурхайд авто тээвэр–конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төслийн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдсэн бэ? -Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны 6 дугаар сард 224 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн 5 бодлогоо нарийвчлан тодотгож, томоохон зургаан төсөл хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсний үр дүнд 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнээс гадна хүдэр боловсруулах хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, хүдэр олборлолт, тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хүртэл хувиар тус тус бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна. Үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр – конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төсөл өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай хойшлуулшгүй чухал ажил. Манай Ил уурхайн гүн 195 м байна. Цаашид +905 м хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Иймд Ерөнхий захирлын тушаалаар Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд “түлхүүр гардуулах нөхцөл”-тэй тендерийг 2019 оны 11, 12-р сард хоёр удаа цахимаар зарласан. -Компаниудын ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон гэж дуулдсан. Одоо ажлын явц ямар байна?   -Тендер шалгаруулалтад FLSmidth компани ABB компанитай хамтарч, мөн Euro Khan LLC /Takraf GmbH/ компани, DMT GmbH компаниуд материалаа ирүүлсэн. Эдгээр компанийн ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон нь үнэн. Компаниудын гомдол мэдүүлж байгаагаар цахим тендерийн серверийн саатлаас зарим материалууд бүрэн орж ирээгүй гэсэн нь бидэнд холбогдолгүй юм. Нэгэнт тендер хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон болохоор “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлыг гүйцэтгэж чадах туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай, өөрийн инженерингийн багтай үйлдвэрлэгч компаниудыг судалсан. Үүний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдэх санал гаргасан хуулийн этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулахын тулд Ерөнхий захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, нарийн бичгээр Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал нар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн компани танилцуулга хийх, төслийг хэрэгжүүлэх ажилд оролцохоор саналаа ирүүлсэн ч Covid-19 вирусын халдварын үед үүссэн нөхцөл байдлаас болоод энэ төслийн ажлыг хэрэгжүүлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.  -Баярлалаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монгол Улс эдийн засгийн хувьд 5 их наяд төгрөгтэй тэнцэх шийдвэр гаргаснаа ард иргэддээ танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан, улсаас авч буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа. Үүнд,   1.Иргэд, аж ахуй нэгжийн НДШ-ийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай бүрэн чөлөөлж тэглэлээ. 2.Иргэдийн цалин хөлсний 10 хувийн татварыг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай тэглэлээ. 3. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн чөлөөллөө. 4. Шинэ коронавирусын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно. 5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3 хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно. 6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно. 7. Нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензиний үнийг хямгадахдаа 04-р сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулна хэмээн мэдэгдлээ. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарт эх орны өнцөг булан бүрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй бүсгүйчүүдийг өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 40 жилийнхээ ойн хүрээнд нэгэн дээвэр дор нэгтгэж “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” уриан дор чуулах боломжийг анх олгосон. Тэр цагаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, салбарын эмэгтэйчүүдийн холбоод болон бусад төрийн бус байгууллагууд идэвхжиж, төр засгийн, жендерийн бодлого боловсруулахад онцгойлон анхаарч, улмаар цар хүрээ, агуулгыг улам өргөжүүлэн Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний II чуулганыг саяхан зохион байгуулсан нь  анхдугаар чуулганы үр дүн юм. Ийнхүү геологи, газрын тос, эрдэс баялгийн салбарын хүүхнүүд жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэдэг уламжлал тогтлоо. Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарын нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд энэ удаа Эрдэс баялгийн салбарын 500 орчим эмэгтэй "Хамтын хүч-Хөгжлийн гарц" уриан дор Төрийн ордонд чуулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жилийн чуулганаас хойш эрдэс баялгийн салбарт багагүй ахиц гарсан. 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24, экспортын бүтээгдэхүүний 87, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүллээ. Эдгээр эeрэг үр дүн бол энэ салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм" хэмээн онцолсон.
     Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, энэ салбарын эмэгтэйчүүдийн оролцоо олон улсад хэр хэмжээнд буй, жендерийн бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх тухай нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Харин Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө, Гэр бүл ба нийгмийн баталгаа, Амжилтад хөтлөх ур чадварууд зэрэг сэдвээр салбар хуралдаан болов. Эрдэнэт үйлдвэр уурхайчдын амьдралд хамгийн ойр сэдэв болох “Гэр бүл ба нийгмийн баталгаа” салбар хуралдааныг бие даан тун амжилттай зохион байгуулсныг сурвалжиллаа.

  

  

     Энэхүү салбар хуралдааныг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа удирдаж, үндсэн илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа тавьж хэлэлцүүлсэн юм. Харин оролцогчдийн асуултад хариулахаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хүн амын бодлогын газрын дарга С.Тунгалагтамир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэв, “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн, гэр бүл судлаач Д.Мөнхөө, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар уригдан иржээ. Энд хөдөлмөр эрхлэх адил тэгш боломж, эрдэс баялгийн салбарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний  үнэлгээ, ялгаа, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад хамаарах асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
     Одоогоос найман жилийн өмнө Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан ч хуулийн хэрэгжилт эрдэс баялгийн салбарт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 204 дүгээр тушаалаар баталсан “Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 2008 он хүртэл хэрэгжээд цуцлагдсаныг мэдэхгүй, тоохгүйгээс ажилтан сонгож авахдаа уг жагсаалтыг одоо хэр мөрдөж буй аж ахуйн нэгжүүд эрдэс баялгийн салбарт байсаар байгааг хөндөв. Эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд ажиллах боломж эрчүүдтэй харьцуулахад хомс байгаа нь эрдэс баялаг, уул уурхай бол эрэгтэйчүүдийн салбар гэж ойлгогддог нийгмийн хандлага, ажил олгогчийн ойлголт, энэ салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчинээр эмэгтэйчүүд бэлтгэгдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа. Түүнээс гадна ажиллах орчин нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн. Ажилчдын сууц бүхий нэгдсэн барилга байгууламж байхгүй  уурхайнуудын хувьд доторлогоогүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй контейнерт дунджаар 2-8 ажилтан амьдардаг, зундаа халж, өвөлдөө даарч, халуун хүйтэн үлээдэг агааржуулагчийг өвөл зунгүй удаан хугацаагаар хэрэглэснээр, ажлын орчин нөхцөл байнгын тоосжилттой байдгаас уушигны болон жин цохих өвчин уурхайчдын дунд түгээмэл байдаг байна. Мөн уул уурхайн салбарын эмэгтэйчүүд эрчүүдээс 15 хувиар бага цалин авдаг. Эндээс харахад эрдэс баялаг, уул уурхайн салбарт эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалин хөлсний үнэлгээ ялгаа бусад салбартай харьцуулахад их байна. Түүнээс гадна уурхайчид эцэг эхийн үүргээ биелүүлэх боломжгүй, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй үлддэг, гэр бүлээрээ хамт байх цаг бага, хардалт, үл ойлголцол, хэрүүл цаашлаад гэр бүл салалт их байгааг анхааралдаа авах цаг болсныг дуулгав. Ээлжийн ажилтай уурхайчин эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрх үүргийн мэдлэг дутмагаас хөдөлмөрийн харилцаанд хохирогч болж үлддэг, нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ хүртэж чаддаггүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжийг хүртэхдээ тааруу зэрэг эрдэс баялгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа хангалттай түвшинд байж чадахгүй байгаа  нь бодит үнэн юм.
     Мөн энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүддээ зориулсан сайн жишээг танилцуулсан. Энэ үйлдвэрийн 6500 орчим ажилтны 32 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Ганцхан жишээ дурдахад Эрдэнэт үйлдвэр хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажилчиддаа сар тутам 500 мянган төгрөгийн нэмэлт тэтгэмж олгодог. Өнөөдрийн байдлаар энэ тэтгэмжийг 220 эх авч байна.  

  

  

     Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд Үндэсний II чуулганы “Гэр бүл ба нийгмийн баталгаа” сэдэвт салбар хуралдаанаас дөрвөн байгууллагад уриалга, зөвлөмж хүргүүлснийг танилцуулъя.   

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМАНД:
     Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн асуудал хариуцаж буй төрийн захиргааны төв байгууллагаас энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа олон арван бүтээлч ажил идэвхи санаачлагыг бид үгүйсгэж болохгүй юм.  Гэсэн хэдий ч энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэдийн ажиллах нөхцөл боломж, ажлын байрны таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажиллахгүй байгааг сүүлийн жилүүдэд энэ салбарт хийгдсэн судалгаануудын үр дүн илтгэнэ.  Эрдэс баялгийн салбарт дагаж мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд үнэлэлт дүгнэлт өгч,  энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүний язгуур эрх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн шинэчилэл өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага үүссэн байгааг энд цохон тэмдэглэж, эрдэс баялаг уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааг хангах талаар  бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн эерэг зохицуулалт,  арга хэмжээ авахыг

ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ЯАМАНД:
     Дэлхийн ардчилсан төрт улсуудын үндсэн зарчим нь хүний язгуур эрх буюу ажиллаж амьдрах таатай нөхцлийг хангах нь төрийн хүлээх үндсэн үүрэг байхаар тунхагласан байдаг. Манай улсын хувьд уул уурхай хүнд үйлдвэрлэлйн салбар тухайлбал эрдэс баялагын салбарын ажилтан албан хаагчдийн хөдөлмөрийн нөхцөл олон улсын стандарт шаардлагад хүрэхгүй байгааг анхааралдаа авах цаг болсынг энд цохон тэмдэглье.
     Цаашид энэ чиглэлийн хууль эрх зүйн орчны судалгааг хийж, боловсронгуй болгох чиглэлээр дорвитой ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй байна.
     Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд эрдэс баялагын салбар буюу хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, таатай байдлыг бий болгох талаар огт тусгагдаагүй байгаа нь энэ тал дээр салбарын яамдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАРТ:
     Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхэд байдаг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд, тэднийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд, эцэг эхийн зөв үлгэр дууриалал  хайр халамжинд өсөн торних  боломжоор хангах гэр бүлийн болон байгууллага, нийгмийн  таатай орчинг бүрдүүлэхтэй холбоотой  бүхий хууль эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд  олон нийтийн оролцоотой хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Ялангуяа  эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах , үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, сайн боловсрол эзэмшүүлэхэд хангалттай цаг зарцуулах талаарх суурь судалгааг олон улсын туршлагад үндэслэн бодитойгоор хийж шийдвэрлэх санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргэх хэрэгтэй байна.

ҮНДЭСНИЙ АУДИТИЙН ГАЗАРТ:
     Эрдэс баялгийн салбарт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдалд аудит хийж, үр дүнг УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулж, салбарын эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн баталгааны ахисан, шинэ түвшний эрх зүйн зохицуулалтын эхлэлийг тавьж хамтран ажиллахыг хүсье.

МӨРӨӨДӨХӨД БУС ХИЙХЭД ЧУХАЛ НЬ ОРШДОГ.
МАРГААШ БИШ ӨНӨӨДРӨӨС ХАМТДАА ХИЙЖ ЭХЭЛЦГЭЭЕ.

М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

 
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд үйлдвэрийн бүсэд ажиллаж буй ажилчдадаа халуун хоолны үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Халуун хоолоор үйлчлэх компаниудыг хоёр жил тутамд Тендерийн тухай хуулийн дагуу шалгаруулан хамтран ажиллаж, ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалахад томоохон хөрөнгө оруулж байна. Саяхан зохион байгуулсан ээлжит тендерт “Хаан хүнс”, “Таятан фүүд” компаниуд шалгарч, Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнээс тодрууллаа.
 
 
     -Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерийн шалгаруулалт саяхан болсон. Шалгарсан компаниудад ямар шаардлага, шалгуур тавьж ажилладаг вэ?
     -Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг 10 гаруй жил хэрэгжүүлж байна. Үндэсний аж ахуйн нэгж болсноос хойш Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу үйлдвэрийн ажиллагсдыг халуун хоолоор хангах компанийн  шалгаруулалтыг хоёр жил тутамд зохион байгуулж ирлээ. Саяхан ээлжит тендерийн шалгаруулалтыг хийж, Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрлийг авсан. Энэ удаагийн тендерт Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны гурван багц үйлчилгээг үзүүлэх шалгаруулалт зарласан.  Үүний нэг болон гуравдугаар багцын  тендерт  “Хаан хүнс” компани шалгарсан бол хоёрдугаар багцын тендерт Улаанбаатар хотын “Таятан фүүд” компани шалгарсан байгаа. Тендер зохион байгуулсны дараа хоёрдугаар багцын тендерт оролцсон “Од Дөл”, “Хаан хүнс” болон бусад компаниуд шалгаруулалтын дүнд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, зарга үүсгэсэн. Тиймээс манай үйлдвэрийн тендерийн Үнэлгээний хорооноос  шалгаруулалттай холбоотой бүхий л бичиг баримт, материалыг Сангийн яаманд хүргүүлсэн юм. Үүнийг Сангийн яам дахин хянаж үзээд, хоёрдугаар багцын шалгаруулалт хуулийн дагуу үнэн зөв явагдсан гэдгийг баталгаажуулж, уг багцад шалгарсан “Таятан фүүд” компанитай гэрээ байгуулах албан ёсны зөвшөөрлийг ирүүлсэн. Энэ дагуу манай Үнэлгээний хороо хуралдаж, гэрээ байгуулах үйл явц эхлээд байна. Өчигдөр тус компанийн төлөөлөл манай үйлдвэр дээр ирж, ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн лабораторийн дарга болон хүнсний багийнхантай хамтран халуун хоолны үйлчилгээ  үзүүлэх ажлын байр болон ажлын горим, дэг дараалалтай  танилцсан. Тус компани Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн төрөл бүрийн машины гараашны ажилчдад  халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь эдгээр цехэд  “Хаан хүнс” компани ажиллаж байсан. Тэдний зарим тоног төхөөрөмжийг худалдаж авах талаар ярилцсан. Ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ гэдэг маш хариуцлагатай, нарийн үйл ажиллагаа байдаг. Тиймээс ажлын байрны тохижилт, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ чухал. Үүнийг ч Тендерийн тухай хуульд шалгуур болгон тусгасан байгаа. “Таятан фүүдс” компани хуулийн хугацаанд бэлтгэл хангаж, үйл ажиллагаагаа эхлэх хүртэл нь “Хаан хүнс” компани ажиллана. Ингэж ажлын байранд хоол үйлдвэрлэлтэй танилцах ач холбогдол нь өдөр, шөнийн ээлжийн ажилчдын хоолны үнэ хэмжээ, нэр төрлийг ижил хүргэж ажиллах шаардлагатайг газар дээр нь үзүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно.  
 
     -Энэ удаагийн тендерт “Таятан фүүд” гэж компани шинээр шалгарсантай холбоотойгоор үйлдвэрийн ажиллагсдад бургер болон хүний биед нийцтэй бус хоол өгөх гэж байна гэсэн яриа гарсан. Үүнд та тайлбар өгнө үү?
     -Олон нийтийн зарим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэрт зориулсан бургер гарчээ” гэсэн утга бүхий түргэн хоолны зураг, мэдээлэл гарсан. Ийм бургер гэх мэт түргэн хоолоор “Таятан фүүд” компани үйлчлэхгүй гэдгийг онцолъё. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гэрээнд  тогтоогдсон үнэ төлбөрийн хэмжээнд ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйн багийнхны баталсан хоолны цэс, нэр төрлийн дагуу ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж, хоолны цэс батлахдаа үйлчилгээ үзүүлэх компанийн санал бодлыг харилцан ярилцсаны үндсэн дээр тусгана. Энэ бүхнийг хоёр талын гэрээндээ оруулж, чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх шаардлагыг тавьж ажиллана. “Таятан фүүд” компанийн үйл ажиллагаа эхэлсний дараа бид ажлын байранд нь хяналт шалгалт хийнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэн албан ёсоор сурвалжилж, ажиллагсдын санал бодлыг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Тендерт шалгарсан компаниуд хоорондоо өрсөлдөж, үр дүнд нь халуун хоолны чанар сайжрах ёстой. Тэдний үйл ажиллагаанд манай хэлтсийн зүгээс байнгын хяналт тавьж ажиллана гэдгийг дахин хэлмээр байна. Бид бас дээрх компаниудад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавьсан. Нөгөө талаар тухайн компанийн мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо худалдан авсан эх үүсвэрт нь  хяналт тавьж, лабораторийн шинжилгээнд өгөх зэрэг ажлыг тогтмол хийнэ. Ер нь тендерт аль компани ялах нь чухал биш, хамгийн гол нь бид ажиллагсдадаа чанартай, эрүүл халуун хоолоор үйлчилж, эрүүл чийрэг, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь эрхэм зорилго юм. 
 
М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог