• Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • “Нэг ажилтан-нэг шагай” аянд найман цех нэгджээ

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.     “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     Эрдэнэт үйлдвэр нэг хоногт 3 сая доллар буюу 6.8-7.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нэг уурхайчин хоногт 1 сая 250 мянган төгрөгийн баялаг бүтээдэг аж. Үйлдвэрлэлийн үзүүлэлтээр нь авч үзвэл хоногт 1600-1800 тонн зэс агуулсан зэсийн баяжмал, 15 тонн молибден агуулсан молибдений баяжмал экспортолдог. Харин баяжуулагчид хоногт 80 гаруй мянган тонн хүдэр боловсруулж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зөвхөн нэг хоногт бүтээж буй баялаг.
     Хэдийгээр үйлдвэрлэл жигд үргэлжилж буй ч жилээс жилд  уурхайн гүн доошилж, хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаагаас шалтгаалан хүдэр дэх металлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага уурхайчдын өмнө тавигдаж буйг мэргэжилтнүүд онцлов. Иймээс Эрдэнэт үйлдвэр бүтээмжийн өсөлтийг жил бүр гурван хувиар нэмэгдүүлэн төлөвлөж ирсэн бол одоо 5.5 хувьд хүргэж төлөвлөснөөр металлын бууралтыг нөхөх боломжтой болно гэж тэд үзэж байна.
     Нөгөө талаас, тасралтгүй хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл нь чухал металлын агуулгыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Энэ хүрээнд Ил уурхайн зам овоолгын хэсгийн техникийг шинэчилж, ЭКГ-12К экскаваторыг угсарч, хүлээн авсан байна. Мөн технологийн үйл ажиллагаа шинэ техникээр хүч сэлбэж, Автотээврийн байгууллагад 40 тонны даацтай хоёр БелАЗ машин, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хоёр шинэ тээрэм, Шүүн хатаах хэсэгт шинэ техник ажилдаа гараад байгаа аж.
     Түүнчлэн 2019 онд техникийн шинэчлэл үргэлжлэхийн зэрэгцээ Эмульсын тэсрэх бодисын үйлдвэр, Химийн төв лабораторийн байгууламжийн бүтээн байгуулалт болон уурхайн ашиглалтыг сайжруулахын тулд уурхайн амыг тэлэх, хөрс хуулалтын талбайг нэмэгдүүлэх зэрэг технологийн ажлууд хийхээр төлөвлөжээ. 

М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн зөвлөхөөр ажилласан байна.

 

 

     ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “ОХУ-ын нэр хүндтэй компанийн ЭКГ-12К экскаваторыг Монгол Улсад анх удаа угсарч өнөөдөр ажилд гаргаж байна. Манай үйлдвэрт ЭКГ маркийн экскаваторууд ажиллаж байсан. Энэ экскаватор бол хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар юм. ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Өмнө нь ажиллаж байсан экскаваторуудаас бүтээмжийн хувьд 20 хувь дээгүүр, цахилгаан зарцуулалтын хувьд 30 хувиар бага, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлыг хангасан системээр бүрэн тоноглогдсон уулын техник юм. Манай Ил уурхайд өвөл -35 хэм хүрч хүйтрэх тохиолдол бий. Ийм нөхцөлд гидравлик экскаваторуудын хувьд царцах, шланк буудах асуудлууд байдаг. Харин энэ экскаваторт ийм хүндрэл бэрхшээл гарахгүй. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд техник технологио шинэчлэх, хуучирсныг нь солих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Сүүлийн хоёр жилд бид энэ чиглэлээр 151 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралдаанаар 2019 оныхоо зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлууллаа. Энэ жил бид 419 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Эхний ээлжинд зайлшгүй солих тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгох ажлыг хийнэ. Өнөөдөр ашиглалтад оруулсан шиг экскаватор дахин худалдан авах гэрээг бид хийсэн байгаа. Гэрээнд тусгаснаар ирэх 11 сард энэ экскаваторыг нийлүүлэх байсан. Үүнийг экскаватор үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай ярилцаж байгаад ирэх долдугаар сард нийлүүлэхээр тохиролцоод байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Ил уурхайн ажиллах нөхцөл сайжирна. Ил уурхай гүнзгийрэх тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Бид гаргаж буй бүтээгдэхүүнийхээ түвшинг хадгалж, эдийн засгийн хүрсэн түвшингээ бууруулахгүйн тулд цаашид олборлох, боловсруулах хүдрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарна. Энэ ажилд бэлтгэсэн чухал арга хэмжээ өнөөдөр боллоо” гэж онцолсон юм.

     Энэ үеэр бид Ил уурхайн экскаваторын жолооч Б.Бямбаатай уулзахад, “Өмнө нь би 15м3 шанаганы багтаамжтай экскаватор дээр ажиллаж байлаа. Өнөөдрөөс ЭКГ-12 маркийн шинэ экскаватор ажиллуулахаар хүлээж аваад байна. Энэ экскаватор ая тухтай, дуу чимээ байхгүй. Бүх эд ангиудыг компьютерээр харах боломжтой. Гадна, дотно орчноо камерын тусламжтайгаар хянах нөхцөлтэйгөөрөө онцлог юм” гэв.

     Мөн энэ үеэр ОХУ-ын “Из Картекс” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Ганин Андрей Романович “ЭКГ-12К  экскаватор жолоодох Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн машинч, туслахуудад компанийнхаа гарын бэлгийг гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Шинэ экскаватор угсрах ажлыг Ил уурхайн уулын, цахилгаан, засварын ажлын хэсгээс тус тус бүрдсэн 26 ажилтан өөрсдийн хүчээр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Уурхайчид хариуцсан ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ осол авааргүй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа ахиулан, туршлага хуримтлууллаа.

     “Эрдэнэт үйлдвэр” техникийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭКГ-12К экскаватораар ийнхүү бүл нэмснээр хүдэр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх юм. Уурхайчид өнгөрсөн онд 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, амжилттай биелүүлсэн бол энэ жил 31 сая 500 мянган тонн хүдэр боловсруулах том зорилт өмнөө тавин, ажиллаж байна.      


Т.БАТЧУЛУУН

     Орхон аймгийн иргэдийн өмнө тулгамдаж буй цагаан тоосны асуудлыг ирэх жилийн хаварт багтаан шийднэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд нийт 1300 га талбайг эзлэн үүссэн цагаан тоосны дэгдэлт иргэдийн эрүүл мэндэд хор уршиг ихээхэн учруулж буй, уг асуудлыг даруйхан шийдэх шаардлагатайг олон жил ярьсаар ирсэн ч тодорхой дэвшил  гараагүй. Харин Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал уг асуудалд онцгой анхаарч, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд цагаан тоос дарах чиглэлээр хэд хэдэн туршилт хийжээ. Туршилтын үр дүнд дээрх 1300 га талбайн 50 хувь буюу 750 га талбайд буй цагаан тоосыг технологийн горимоор норгосноор салхины хурдаар үүсдэг дэгдэлтийг дарж чадсан байна. Харин үлдэж буй талбайн тоосыг дарахын тулд өдөрт хоёр БелАЗ машин ажиллуулж, усаар норгож буй ч 100 га газарт л дарагдаж байгаа аж.

     Мөн энэ жил цагаан тоос дарах шинэ технологийг хоёр удаа туршсан байна. Туршилтаар эхний удаа 13 га, хоёр дахь ээлжинд 17 га талбайг хамруулсан нь амжилттай болжээ. Энэ туршилтын үр дүн өндөр гарсан бөгөөд шаардлагатай техникийн асуудлыг шийдвэл цагаан тоосны асуудлыг бүрэн шийдэх боломж буйг  Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд ярилаа.  

М.Балжинням

    Энэ сарын 10-12-нд  Улаанбаатар хотноо "Mongolia Mining 2019" олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт эхэллээ.
    Тус үзэсгэлэнд  “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтэс, Механикийн хэлтэс, Хөгжлийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Засвар механикийн заводын инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, Олон нийттэй харилцах алба оролцож үйлдвэрийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байна.
   Ингэхдээ үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанаас гадна Засвар механикийн заводад үйлдвэрлэсэн импорт орлох бүтээгдэхүүнүүдийг онцлон сурталчлах юм.
  "Mongolia Mining 2019" үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн техник технологийг танилцуулахын зэрэгцээ, “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ – ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулагдаж, Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, БНХАУ, Беларусь, БНСУ, Энэтхэг, Казахстан, Турк, Швед зэрэг 20 гаруй орны 150 орчим компани, уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, техник, технологи, үйлчилгээгээ танилцуулах юм байна.

У.Цэрэнбат
Фото: Ц.Батбаатар



 

     Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут тэргүүтэй аймгийн засаг захиргааны байгууллагын удирдлагууд орон нутгийн төсвийнх нь 90 орчим хувийг бүрдүүлж өгдөг Эрдэнэт үйлдвэрт өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
    Орон нутгийн удирдлагууд Орхон аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлаа энэ үеэр танилцуулна. Мөн Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу баригдаж эхэлсэн зарим барилга байгууламжийн ажлын явцтай танилцах юм байна. Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болсон Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсох, орон нутгийн зүгээс шийдвэрлэх боломжтой ажлыг газар дээр нь шийдэж өгөхөд энэ уулзалт, арга хэмжээ чиглэжээ.
    Засаг дарга Д.Батлут тэргүүтэй орон нутгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайтай эхлээд танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баялаг бүтээгч уурхайчдын ажил үйлс, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх техник технологийн шинэчлэл, бодлого хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
   Засаг дарга Д.Батлут үйлдвэрийн бүс дэх нөхөн сэргээгдэж буй байгаль орчин, ногоон төгөл болон Орхон аймгийн иргэдийн өмнө тулгамдаж буй цагаан тоосны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай санал бодлоо солилцов. Хоёр тал олон жил ярьж, гарц шийдэл хайсаар ирсэн цагаан тоосны асуудлыг хамгийн оновчтой аргаар хурдан хугацаанд хор уршигийг нь арилгахад Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай талаар онцлон ярилцлаа.
   Дараа нь Засаг дарга Д.Батлут Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай уулзалт хийж, 2016-2018 онуудад Орхон аймгийн ЗДТГ-аас авч хэрэгжүүлсэн хөтөлбөр, хийгдсэн ажил болон цаг үеийн мэдээллээс танилцууллаа. Уулзалтын үеэр Орхон аймгийг хотын статустай болгох, хүн амын төвлөрөл, орон сууцны хорооллын засвар үйлчилгээ, иргэдийн цэвэр таатай амьдрах орчин, залуу гэр бүлийг дэмжих зэрэг чиглэлээр орон нутгийн засаг захиргааны зүгээс баримталж буй бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар үйлдвэрийн ажилтан, ажилчдын зүгээс асуулт тавив. Засаг дарга дээрх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, зарим асуудлыг шуурхай шийдэхийг холбогдох албаны хүмүүстээ үүрэг болголоо.
  Маргааш Засаг дарга болон бусад албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цех болон Эрдэнэт хотын тохижилттой танилцах, түүнчлэн Бөхийн өргөө, Соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай  танилцах юм.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс


 

     “Эдийн засгийн форум-2019” чуулган өнөөдөр Эрдэнэт хотноо эхэллээ. “Орхон аймаг ба Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй уг чуулганы зорилго нь  Орхон аймгийн нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, харилцан ашигтай түншлэлийг бий болгоход чиглэгдэж байна. Энэ ч утгаараа чуулганы үйл ажиллагаанд төр, засгийн болоод хөрш зэргэлдээ орнууд, гадаад хамтын ажиллагаатай улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
     Эдийн засгийн форумыг нээж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлэв. Тэрээр “Энэ удаагийн чуулган бидэнд аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжин, хөрөнгө оруулалтыг татах, 2019 онд аймгийн ИТХ-аар батлуулсан “Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025 бодлого, хөтөлбөр”-ийг танилцуулах боломж өгч байна” хэмээн ач холбогдлыг нь тодотголоо.
     Мөн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт П.Энхсайхан, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв.
     “Эдийн засгийн форум-2019” форум нэгдсэн хуралдааны зэрэгцээ Нийгэм, Эдийн засаг,  Байгаль орчин, Засаглалын тогтвортой хөгжил чиглэлээр дөрвөн салбар хуралдаан зохион байгуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг цогцоор нь авч хэлэлцэх юм.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

 

 

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний №102 тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгосон бөгөөд уг тогтоолоор үйлдвэрийн дүрмийг баталсан билээ. Дүрэмд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасны дагуу Х.Бадамсүрэнг улираан томилсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд тавигдах шалгуурыг уг дүрмийн 6.8.1-д тусгасан бөгөөд уул уурхайн мэргэжилтэй, мэргэжлээрээ 16-гаас доошгүй, үүнээс үйлдвэрлэлд наймаас доошгүй жил ажилласан байна гэсэн шалгуур заажээ. 
     Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр баталсан. Тус дүрэмд заасны дагуу Ерөнхий захирлын тушаал гарч,  орлогч захирлууд томилогдлоо.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдож, шинэ захирлууд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авлаа.
     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудыг томилохдоо ажлын дадлага туршлага, мэдлэг чадварыг нь чухалчилжээ. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, баг болж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна. 


Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдсон Түмэн-Аюушийн Батмөнхийн
товч танилцуулга:



Түмэн-Аюушийн Батмөнх нь 1967 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1989 онд Дархан хотын Политехникумыг баяжуулалтын техникчээр,
1998 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2000 онд Удирдлагын академийг удирдлагын менежер, олон улсын худалдааны менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил дээшлүүлэлт:
2003 онд ОХУ-ын Уралын их сургуульд уул уурхайн технологийн,
2006 онд Азийн бүтээмжийн төвд Сингапурын “PSB” корпорацад хүний нөөцийн мэргэшсэн менежерийн,
2012 онд БНСУ-д бүтээмжийн чиглэлээр,
2013-2015 онд АНУ-ын Калифорнийн Berkeley их сургуульд удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. 

Ажлын туршлага:
1989-2018 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагчаас ажлын гараагаа эхлэн, мастер, хэсгийн дарга, цехийн даргаар,
2018 оны 6 сараас Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч-Ерөнхий инженерээр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдлоо.

Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдсон Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн
товч танилцуулга:



Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь 1982 онд Төв аймгийн Лүн сумд төрсөн. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж,
2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.       
2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх.

Мэргэжил дээшлүүлэлт:
2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт,
2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт,
2017 онд Компанийн засаглалын,
2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:
2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,
2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч,
2014-2016 “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдлоо.


Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Дэмбэрэлийн Дэлгэрбаярын товч танилцуулга:



Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нь 1968 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1989 онд Автотээврийн техникумыг нефтийн эдийн засагч, нягтлан бодогчоор,
1999 онд Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй,
2000 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. Мэргэшсэн нягтлан бодогч.

Мэргэжил дээшлүүлэлт:
2005 онд Герман Улсад тэтгэврийн даатгалын чиглэлээр,
2008 онд АНУ-ын Клорида мужид Бизнесийн удирдлагын сургуульд эдийн засгийн чиглэлээр тус тус сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:
1989-1997 онд Булган аймгийн Нефть хангамжийн баазад нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор,
1997-2000 онд Орхон аймгийн Нефть хангамжийн баазад ерөнхий нягтлан бодогчоор,
2000-2012 онд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар,
2012-2013 онд Орхон аймгийн Засаг даргаар,
2013-2017 онд Орхон тариа ХХК-ийн зөвлөхөөр,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрт Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдлоо.

 

Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Пүрэвжалын Энхбатын
товч танилцуулга:



Пүрэвжалын Энхбат нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1986 онд Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр,
2002 онд Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгсөж,
2004 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
 
Мэргэжил дээшлүүлэлт:
2011 онд АНУ-ын Калифорнийн хууль зүйн институтэд төрийн захиргааны удирдлагаар,
2012 онд ХБНГУ-д нутгийн захиргааны удирдлагаар тус тус мэргэжил дээшлүүлсэн.
 
Ажлын туршлага:
1986-1987 онд Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд инженер,
1987-2006 онд Мах консервын комбинатад слесарь, цехийн дарга бөгөөд дулааны инженер,
2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга,
2008-2015 онд “Бага хангай” мах боловсруулах үйлдвэрийн  захирал,
2015-2016 онд Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газарт зөрчлийн албаны дарга,
2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдлоо.

     Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас энэ оны эхний улиралд нийгмийн хариуцлага,  ажилчин хүний төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай ярилцлаа.

     -Оны эхний гурван сард танай цех ажиллагчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ямар ажил амжуулав?
    -Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахаас гадна ажиллагчдад хандсан ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Бид цехийн Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран нэлээд ажил хийсэн. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, харж хандах хүнгүй, асран хамгаалах үр хүүхэд цөөтэй, хүнд өвчтэй, амьдралын бэрхшээлтэй хүмүүстээ дэм болох зорилгоор ажилчдын дунд сайн үйлсийн аян өрнүүлж, гурван ахмадад хандив хүргүүлсэн. Манай ажилчдад гэр бүлийнхний дэмжлэг хамгийн чухал. Тийм болохоор өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхэнд Баяжуулах үйлдвэрт шинээр орсон ажилтнуудын ар гэрийнхнийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгууллаа. Тэднийг цехийн дарга хүлээн авч уулзаж ярилцсан. Үйлдвэрийн ажлын байрны нөхцөл байдалтай биечлэн танилцсанаар хань ижлээ халамжлах, сайн амрааж ажилд нь бэлтгэхэд чухал нөлөөтэй. Ар гэрийнхэн нь дэмжсэнээр ажилчид сэтгэл тайван хөдөлмөрлөнө, цаашлаад эрүүл мэндэд нь ч сайнаар нөлөөлнө гэж бид үздэг. Залуучуудын холбоо, Орхон аймгийн цусны төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай үйл ажиллагааг уламжлал болгон жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг. Гуравдугаар сарын гурванд болсон уг ажиллагаанд 20 гаруй ажилчин цусаа хандивлан, сайн үйлсийн аянд нэгдсэн. Аяны үеэр тус төвийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, цусаа хандивлах нь хүний алтан амь аврах, хүмүүнлэгийн ямар их ач буянтай үйлс болохыг тайлбарлан таниулсан. Энэхүү сайн үйлсийн аян нийгэмд тустай хүн байхыг залууст ухааруулсан хүмүүжлийн ач холбогдолтой ажил юм.

     -Танайх чийрэгжүүлэлтийн төвтэй болсон. Ямар шинэлэг ажил зохион байгуулж байна?
    -Хэсэг бүрийн нэрэмжит тэмцээнүүдийг чийрэгжүүлэлтийн төвдөө явуулж байгаа. Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран “Эрүүл чийрэг ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Туршилтын журмаар даваа, лхагва, баасан гарагт суугаа ажилтай хүмүүсийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил  хийж байгаа.

     -Цаашдаа ажилчид тэдний гэр бүл рүү хандаж хийх ажлын талаар...?
    -Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Засгийн газрын тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ хүрээнд ажилчдынхаа гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн ажлыг эрчимжүүлнэ. Манайх 1100 гаруй ажилтантай, түүний ард 1300 гаруй хүүхэд байдаг. Манай ажилчид үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахаар өглөөнөөс үдшийн бүрий хүртэл 12 цагийн ээлжээр ажилладаг. Хүүхэд гэр бүлийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийг урьж, хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгүүлэх, нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хурц асуудлаас урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа  чиглүүлнэ.

     -Шинэ ажилчдыг төлөвшүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна?
    -Шинэ ажилтан туршилтын гурван сарын хугацааг давж байж жинхэлдэг. Бид эхний хоёр сард ахмад, туршлагатай ажилтнуудад дагалдуулан ажлын байранд нь тасралтгүй сургалт явуулдаг. Тэдэнтэй бид ярилцлага хийдэг. Хамт олны дунд ороход  ямар байдал угтаж байна, цаашид юу хүсч мөрөөдөж байна, шинэ хүний нүдээр харахад ямар алдаа дутагдал байгаа талаар ярилцдаг. Мөн  дүрэм журам танилцуулах ажлыг байнга хийж байна. Түүнчлэн олон нийтийн ажилд  залуусаа  түлхүү оролцуулах бодлого барьдаг.

     -Аав, ээжийгээ залгамжлан ажиллаж буй залуусын талаар та юу хэлэх вэ? Зарим тохиолдолд тэднийг ажилдаа дур сонирхолгүй, үүнээс шалтгаалан ажилдаа хайрхрамжгүй ханддаг, цалгар назгай “нялцгай” гэх хүмүүс байдаг?
     -Нэг хоёр хүн ажилдаа хариуцлагагүй хандах, хөдөлмөрийн сахилга зөрчих, асуудал гарахад бүхнийг хамарсан ойлголт бий болгоод байна. Яг тулаад харьцахад шинэ ажилтан болгон тиймгүй. Сурагч, оюутны ширээнээс ажилчин болж буй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм, алдаж онох зүйл гарна. Хүнд, тасралтгүй үйлдвэрийн хувьд ажлын нөхцөл хүндхэн, шөнө ээлжинд ажиллах гээд хэцүү зүйл тохиолдоно. Үүнийг даван туулж, ажилдаа нягт нямбай хандах, богино хугацаанд дадлагажих нь чухал. Сүүлийн үеийн залуус биеийн эсэргүүцэл муутай байх нь ажиглагдаж байна. Ажилд ороод жил болоогүй л хурц хэлбэрийн хүнд өвчлөл илэрч байна. Ийм тохиолдол хэд хэд гарсан. Суурь өвчтэй хүн  хүнд нөхцөлд ажилласнаас даамжирдаг байх. Иймээс шинээр ажилд орж буй хүмүүсийг эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд чанартай хамруулах хэрэгтэй гэж боддог.

     -Эрдэнэт үйлдвэрт хүн ажилд авахад ямар зарчим баримталбал зохистой гэж та үздэг  вэ?
   -Сонгон шалгаруулалт хамгийн үр дүнтэй, оновчтой арга. Шинээр ажилд ороход баяжуулагчийн мэргэжлээр туршлагатай хүн ховор ч цахилгаанчид, гагнуурчдын хувьд өөр салбарт, мөн гадаадад ажиллаж мэргэшсэн хүмүүс байдаг. Сонгон шалгаруулалтаар орсон хүмүүс мэргэжил, ур чадварын хувьд хамаагүй илүү гэдгийг инженер техникийн ажилтнууд, анхан шатны удирдлагууд батлан хэлдэг. Ажил мэргэжлийн уралдаанд ч тэд товойгоод гараад ирдэг.

     -Ярилцсанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА

Даваа, 08 4-р сар 2019 00:00

Илчээр боловсруулагч

     Засвар механикийн заводад 40 жилийн хугацаанд ердөө таван монгол эр “Илчээр боловсруулагч” хэмээх ховор мэргэжлээр ажилласан түүхтэй. Эдний нэг нь энэ хөрөг таталбарын эзэн Чумбуугийн  Содсайхан. Ардын  хувьсгалын 50 жилийн ойгоор хорвоод мэндэлсэн энэ эр 100 жилийн ойгоор 50 насны босго алхана. Айлын нэгдүгээр одонгийн хүү. Нэлээн хөдөлгөөнтэй дэггүй хүү боксоор хичээллэн хөнгөн жинд барилдаж явжээ. Чөлөөт бөхийн өсвөр үеийн хүүхдийн барилдаанд мөнгөн медаль хүртэж явсан удаатай. МУГД Ш.Бат-Орших багшийн анхны шавь нарын нэг. Энэ бүхэн түүний амьдралын содон тохиол. Эцэг, эхээс олуулаа болохоор нэг, нэгнийгээ өсгөх. Ахынх нь хувцас түүнд, түүнийх дүүд нь очдог тэр үеийн олон хүүхэдтэй айлын амьдралын бичигдээгүй хууль тэднийд ч үйлчилдэг байж. Тухайн үеийн сурах бичиг солигдох нь ховор. Ах, эгчийнхээ хичээлийн номыг дараа жил нь дүү нар нь үзэх жишээтэй. Анх сургуульд орохдоо хөх даалимбан цүнхтэй орж байснаа тод санадаг гэх. Тэр Эрдэнэтийн анхны цэцэрлэгээр хүмүүжиж, хорооллын гэр сургуульд суралцан, 1980 онд шинэ хичээлийн байранд оржээ. Зуныхаа амралтаар Булганы Хишиг-Өндөрт эмээдээ очиж тусална. Сумын төвд цөөн тооны малаа хариулна.  Аав ээжээс хайрласан нэр нь содон, ажил, амьдралын замнал нь ийм нэгэн бол  Содсайхан бөлгөө. Том эгч нь Орхон аймагт  суурьшсанаар  Чумбуу гуайнх Эрдэнэтийн айл болжээ. Түүний аав, ээж   Булганы Хишиг-Өндөр, Могодынх. Аав нь Эрдэнэт хотын Шуудан холбооны салбарын анхдагч. Харин ээж нь Хайдавын Балжинням гэж 80 гарсан буурал өдгөө энх тунх амьдарч явна. Нэгэн үед аав нь Холбооны техникч. Ээж нь цэцэрлэгийн тогооч. Хорооллын эцсийн гуравдугаар сургуульд гэрээсээ тавуулаа сурдаг байв. Содсайханы  хүүхдүүд ч энэ хорооллын сургуульд суралцаж төгсжээ. Эдний том хүү нь гадаадад ажиллаж амьдардаг. Удаах нь Боловсролын их сургуулийн  оюутан. Бага нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч гэнэ. “Хотын төвд байранд амьдраад хоёр жил боллоо. Эхлээд байранд ороод хийх юм олдохгүй эвгүй байсан. Гэр хороололд бол ус, түлээгээ бэлтгэнэ. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэхээс эхлээд ажил мундахгүй. Тэгэхээр хүн орчин нөхцөлдөө амархан дасах юм” гээд инээмсэглэн ярих. Айлын 10 хүүхдийн нэг тэрээр ах дүү наймуулаа Эрдэнэт үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлснийг их хувь тавилан хэмээнэ. Түүний ах дүүс нь Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Автотээврийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Эдний бүлгийнхэн ач, зээ нийлсэн 80 гаруй хүн болсон гэх. Тэр багын тээврийн жолооч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөөр Хялганатын техникумд суралцан механикч мэргэжил эзэмшсэн байна. Улмаар Зүүн баянгийн цэргийн ангид танкийн механикч жолооч болж, хоёр жилийн алба хаажээ. Дараа нь Эрдэнэтийн хүнсний үйлдвэрт слесарь, механикаар ажиллаж байгаад Сургалтын төвд ган хатаагч мэргэжил эзэмшив. Монгол улсын хэмжээнд Засвар механикийн завод машин үйлдвэрлэлийн хамгийн том объект. Үүний дотор Цутгуурын цех өвөрмөц онцлогтой. Энэ цехэд “термист” хэмээх мэргэжлээр ажиллаж, нэрийнх нь утгыг ч мэдэхгүй явлаа. Тэгсэн “ган хатаагч” байсан юм билээ гээд инээд цалгиулан хөхрөх. Тэрбээр Хасбаатар, Энхтөр нарын ахмад ажилчидтай гар сэтгэл нийлэн ажилласан бол эдүгээ тэдний үр хүүхдэд нь зааж сургаж яваа үе дамжсан баялаг бүтээгч. Өөрөөр хэлбэл уулын спортын ОУХМ Энхтөр агсны хүү мастер Мөнхтөр тэргүүтэй 12 залуусын багш нь Чумбуугийн Содсайхан бөлгөө. Илчээр боловсруулагч мэргэжлээр 23 жил буюу хамгийн удаан  ажилласан нь Ч.Содсайхан. Нэг удаад 40 тонн металлыг цельсийн 1100 хэмд хайлж хатаана. Халуун нөхцөлд галтай харьцана. 20 килограммаас 12 тонн хүртэлх металлыг зөөвөрлөж хатаадаг нүсэр ажлаар нь бахархмаар. Учирлаваас төмрийг зууханд улайсгаад кранаар өргөн хөргөлттэй усанд хийж хатаан металлын чанарыг сайжруулна. Ингэснээр эдэлгээнд тэсвэртэй болж, металлын дотор бүтэц нягтаршдаг аж. Уг үйлийг гүйцэтгэгчийг илчээр дахин боловсруулагч хэмээнэ. Түүний ажлын онцлог энэ. Цутгуурын цехэд вакуум хэвний технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр элс, шороог дахин ашиглах болсон. Ингэснээр эдийн засгийн хэмнэлт гарсан төдийгүй механик ажиллагаа багасан ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчилжээ. Түүний мэргэжлийг эдүгээ дөрвөн хүн эзэмшин ажиллаж байна. Тэр ажиллах хугацаандаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажилд идэвхтэй оролцон, ажилчин хүний эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлсэн олон санал санаачилга гаргаж, өнгөрсөн онд 5133тн цутгамал бүтээгдэхүүнд илчийн боловсруулалт хийжээ. Мөн зуухнуудыг шинэ аргаар доторлох их засварын ажил хийж, илчийн боловсруулалтад орж буй цутгамлыг зөв ачаалснаар ажлын бүтээмжийг сайжруулан,гурван шатлалт тарифыг мөрдсөнөөр улирал бүр цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргасан байна. “Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслийг зохих журмын дагуу тогтмол хэрэглэж занших чухал. Энэ нь өөрийгөө болоод өрөөлийг эрсдэлээс хамгаалж,олон жил эрүүл явах нөхцөлийг  бүрдүүлнэ. Эрүүл байхад хүн ямар ч ажлыг хийнэ. Утаа, тоостой орчинд нүдний шил, каск, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн хэрэглэж ажиллах нь бидний үүрэг. Дээр нь ажил, амралтаа зөв зохицуулж явах нь үр бүтээлтэй ажиллахын үндэс юм” хэмээн тэр ярилаа. Ажил, амьдралын зөв дадал эзэмшсэн “Илчээр боловсруулагч”-ийн үйлс өөдрөг явна.


Т.БАТЧУЛУУН

     “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийнхэн бүтцийн нэгжийн Үйлдвэр техникийн товчоодын инженерүүдтэй нэгдүгээр улирлын дараа хурал зөвлөгөөн хийдэг уламжлалтай. Энэ удаагийн хурлыг дөрөвдүгээр сарын 16, 17-нд хийхээр товложээ. Хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, 2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, цех хэлтсүүдэд зөвлөмж өгөх, хоёрдугаарт, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад юу нэмэх, “Эрдэнэт” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсонтой холбоотой үндсэн хөрөнгө худалдан авах шаардлагын дагуу бичиг баримт, программыг хэрхэн яаж өөрчлөх, гуравдугаарт, технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардалд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх аж.
     Ойрын гурван жилийн хугацаанд технологийн томоохон тоног төхөөрөмжүүд дээр дорвитой шинэчлэл хийхгүй бол хожим өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн эрсдэлийг тооцож бодлого боловсруулах хэрэгтэйг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцолсон.

М.ОД

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог