• Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийнхэн хоёр дахь өдрөө Орхон аймагт ажиллаж байна

         Ажлын хэсгийнхэн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан бол өнөөдөр Орхон аймаг дахь Төрийн өмчит үйлдвэрийн газруудаар орлоо.      Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзлээ. Эрдэнэт хотын хүн ам, албан байгууллагыг ундны болон техникийн усаар тасралтгүй найдвартай хангадагаараа Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламж нь онцлог талтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 12 мянга орчим шоо метр бохир усыг татан, дөрвөн үе шаттайгаар цэвэрлэж, зайлуулах хүчин чадалтайгаар ажилладаг иж бүрэн техник, тоног төхөөрөмжтэй байгууламж юм.      Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон албаны бусад хүмүүс Цэвэрлэх байгууламжийн бохир усанд байгаа хог хаягдал, элс, лаг, өөх тосыг арилган, цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хүртэл хийгддэг үе шат бүрийг нарийвчлан үзэж сонирхлоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд сайн ажиллаж байна гэж онцоллоо.      Ажлын хэсгийнхэн одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор дахь Ногоон хөгжлийн төвийн болон бусад бүтээн байгуулалттай танилцаж байна.     А.Бямбамаа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 14

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 226дахь өдөр. Он дуусахад 139 хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23градус, шөнөдөө +11градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 14. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 25, шарагчин үхэр, гөрөөсөн толгой-4 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-20:06. Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Замд гарах, тариалангийн үйл, үхэгсдийн үйл, худалдаа хийх, эм найруулах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ажилчин шүтүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2847,евро 3345, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6380.00 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965оны 8 сарын 16. Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав. 1974 оны 8 сарын 24. МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив. 1975 оны 8 сарын 25. БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв. 1978 оны 8 сарын 1. Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 12. Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2001 оны 8 сар. Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. 2013 оны 8 сарын 17. Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.     Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #25: Хоролгаравын АМАРЗАЯА

    -Төгссөн сургууль: Монгол Улсын Политехникийн Дээд сургууль -Мэргэжил: Ашигт малтмалын ордын эрэл зураглалын геологич инженер -Ажилласан туршлага: Геологи, уул уурхайн салбарт 30 жил ажилласан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицид техник геологичоос тэргүүлэх геологич болтлоо дэвшин ажиллаж байна. -Мэргэжил дээшлүүлсэн байдал: Монгол Улсын Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн төвийн бизнесийн удирдлагыг “Удирдлагын арга зүйч” мэргэжлээр, 2011 онд геологийн магистр, 2012 онд “зэс профирын ордын уурхайн геологи” мэргэшлээр Мэргэшсэн инженер, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ахмад гишүүн. -Чин хүсэл: Уул уурхайн салбарын амин сүнс нь ордын нөөц баялаг байдаг. Тиймээс, Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн хайгуулчин хамт олон дараагийн том Эрдэнэтийг хайх эрлийн эзэд билээ. Тэдний дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй, арвин туршлагын эзэн тэрээр сурсан мэдсэн эрдэм мэдлэгээ, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэтэй хослуулан үйлдвэрийнхээ нөөц баялгийг нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, шинэ нөөц бий болгох эрхэм хүсэлтэй геологич юм. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? Хамгийн эрхэм гэр бүл хань, үр хүүхэд, ач зээ нарынхаа халуун дотно яриа хөөрөөнөөс амьдралын эрч хүчийг авдаг. Мөн Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хамт олон, найз нөхдөөсөө урам зориг авдаг. Түүнчлэн ажил мэргэжлийн онцлог болсон хайгуулын хээрийн ажлаасаа эерэг энерги эрч хүчийг олж авдаг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эрдэнэт үйлдвэрийн маань ажиллагсад бор уулын минь буян гэж амны уншлага болон хэлэх дуртай байдаг. Харин миний хувьд хэдэн “бор” геологичдын минь хичээл зүтгэл буян нь өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг хангаж байгаа гэж хэлэх дуртай. Миний, бидний ажил өнөөдрийн эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй, амжилттай ажиллуулахад чиглэгдэн, зэс молибдены хайгуулын ажлыг үе шаттайгаар явуулж байгаа. Нөөц баялаг нь байхгүй бол үйлдвэр, цаашлаад хот ч үгүй байх байсан. Бидний ажил анхдагчийн анхдагч нь юм. Ийм учраас ажил мэргэжил, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй ундардаг даа. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жил бүр геологи хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулж байна. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын хүрээнд геотехникийн томоохон цогц ажлыг төлөвлөсөн. Манай уурхайн хувьд геотехникийн асуудал нэлээд хожуу хөндөгдөж байгаа. Геотехникийн судалгаа хийгдээгүй уурхайд хүн амь насаа алдах, машин техникээ эвдэхээс эхлээд уурхай нь өөрөө ашиггүй, асар их хэмжээний алдагдал хүлээх зэрэг эрсдэлтэй байдаг. Тиймээс хөгжингүй орнуудад уул уурхайн компани хувьцаа гаргахад хөрөнгийн бирж нь геотехникийн судалгаа хийсэн байхыг шаарддаг. Тийм ч учраас бид энэ томоохон ажилд анхаарал хандуулж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? Амьдралдаа баримталдаг хэд хэдэн дадал надад байдаг. Хийх ажлаа тогтмол, байнга төлөвлөж  тэмдэглэдэг. Өглөө бүр эрт босож, явган алхалт хийх,  ажлаа 7 цагт эхэлдэг гэх зэрэг... Сүүлийн жилүүдэд хайгуулын ажлыг олон улсын JORC стандартад нийцүүлэн гүйцэтгэх болсонтой холбоотойгоор хэлний мэдлэг зайлшгүй шаардагдаж байгаа. Мөн удирдах албан тушаалтны хувьд бусдыг манлайлах, тэдэнд нөлөөлөх ур чадвартаа анхаарал хандуулж байгаа. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Дэлхийн алдартай ашигт малтмалын ордуудтай танилцах гео аялал хийхийг мөрөөддөг. -Боловсролын талаарх таны бодол? Хүн зогсонги, тайван, идэвхгүй  байдалд орохгүйн тулд уураг тархиа байнга идэвхжүүлж байх хэрэгтэй гэж боддог.  Үүний тулд л унших, хөгжих нь чухал. Боловсрол гэдэг өөрөө өргөн утгатай ойлголт. Эрдэм номын боловсрол, ухамсрын боловсрол, төлөвшил, сахилга бат, хариуцлагын боловсрол, хувь хүний суурь боловсрол гээд л дурдвал их зүйл бий. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? Анх геологич мэргэжлийг сонгохдоо хувь тавилангаа л дагасан мэт санагддаг. Тухайн үед охидын сонгож болох олон мэргэжлийн сургууль байсан ч би энэ сонголтыг хийсэндээ үргэлж баярлаж, бахдаж явдаг. -Залуучуудад хэлэх таны зөвлөгөө? Эрсдэл хийдэг хүн л урагшилдаг. Хаширласаар байвал байрандаа л үлдэнэ. Тиймд хамгийн том өрсөлдөгч болох өөртэйгөө сайн тулалдах хэрэгтэй. Мөн хувийн сахилга бат, хариуцлагатай байхыг хичээгээрэй. Хамгийн чухал зүйл нь хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ чин сэтгэлээсээ ханддаг байвал амжилт өөрөө ирнэ. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? Эрдэнэт үйлдвэр 10 жилийн ойгоо тэмдэглэж дуусаад удаагүй тэр мөчид би энэ их айлын босгыг алхаж, охин нь болж явсан дурсамж минь сэтгэлд тодхон санагдаж байна. Монголын мянга мянган залуучуудын ажиллах дуртай, хүсээд ч орох боломж тэр бүр байдаггүй, энэ уул уурхайн салбарын их айлд би багтаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаадаа өөрийгөө хамгийн азтайд тооцож, бахархдаг. Тэр тусмаа гарын 10 хуруунд багтахааргүй цөөхөн геологич эмэгтэйчүүдийн нэг нь гэдэгтээ хувь тавиландаа талархаж явдаг. Энэ хугацаанд ордын ашиглалтын хайгуул, гүйцээх хайгуулын ажлуудыг удирдан явуулж, нөөцийн тайланг бичилцэж, нөөц өсгөсөн хүндтэй гавьяатай геологичдын эгнээг бүрдүүлж яваа минь ажил мэргэжилдээ хайртай геологич хүний хамгийн сайхан зүйл гэж боддог доо. Эрдэнэт үйлдвэр энэ л эрчээрээ зогсолтгүй урагшлах, хөгжих итгэл дүүрэн үйлдвэр байх болно гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч үйлдвэр дагасан хот сүндэрлэсээр л байна.     Надад, танд ч амархан олдоо нь үгүй Нар, саранд ч ижилдэн дасахад бэрх Хүнд хүчир бүхнийг өөрийн итгэлээр дийлсэн Хээр тайгын эрэлчин  Би хайгуулчин бүсгүй   Уяхан цагаан хуруу нь хатуужин борлож Улаа бутарсан уруул нь хүрэнтэн хатсан ч Гуалиг бүсгүй бие нь уран байгальдаа л зохицсон Газар эхийн сурвалжлагч Би хайгуулчин бүсгүй Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн чиглэлээр шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжихийг хүслээ

         Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр үдээс хойш тус үйлдвэрийн нийгмийн цехүүдээр орж, үйл ажиллагаатай нь танилцав. Байгуулагдсан цаг үеэсээ нийгмийн цогц хөтөлбөрийг үйлдвэрлэлийн бодлоготойгоо зэрэгцүүлэн хэрэгжүүлж ирсэн Эрдэнэт үйлдвэр дэргэдээ 10 гаруй нийгмийн цехтэй. Тэдгээрээр дамжуулан уурхайчид болон Эрдэнэтчүүдэд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, байгаль орчны чиглэлээр үйлчилгээ, үйл ажиллагааг хүргэж байна.      Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг зангидаж, ажиллагсдад чиглэсэн нийгмийн хөгжлийн болоод хамгааллын асуудлыг нэгтгэн хэрэгжүүлж буй Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат "Нийгмийн бодлогын хэрэгжилт" сэдвээр танилцуулга хийж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, Спорт цогцолборын удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжин ажиллахыг ТӨБЗГ-ын даргад уламжлав. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд бүтээн босгож буй Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.         М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өргөтгөлийн ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр шамдаж байна

         Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Өргөтгөлийн ажлын хэсгийн тав дахь удаагийн хуралдаан боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Эрдэнэт лайт” компани  ажиллаж байгаа бөгөөд  “Орхон-Од” компаниар  хүч нэмэгдүүлснээр өнгөрсөн даваа гарагаас 80 хүн барилгын ажилд оролцож байна. Үйлдвэрийн зүгээс барилгын ажлыг шуурхай явуулах бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллахын зэрэгцээ дүрэм журмын дагуу хяналтаа ч сулруулахгүй гэсэн байр суурьтай  байна.        Уг бүтээн байгуулалтын барилгын ажлын хүрээнд 19800 метр куб бетон цутгах төлөвлөгөөтэйгөөс өнөөдрийн байдлаар 350 метр куб орчмыг цутгасан байна. Гурван тээрмийн суурийн эхний шатыг өнөөдрөөс цутгаж эхэллээ. Өргөтгөлийн барилгын ажилд 100 вагон цемент шаардлагатай гэсэн  тооцоо гарчээ. Барилгын гүйцэтгэгч компани дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Мак”, “Хөтөл” компаниудаас цементээ авч байна. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй сайн явагдах нь өргөтгөлийн ажилд  шууд хамааралтай юм. Барилгын бусад материалын хувьд ч тасалдахгүй гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байна.         Энэ удаагийн хуралдаанаас Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран барилгын ажлын талбайд орчин үеийн камер суурилуулах шийдэл гаргалаа. Энэ нь ажлын үе шат бүрийг бичиж, электрон хэлбэрээр хадгалан үлдээх  зорилготой юм. Уг камерын тусламжтайгаар барилгын ажлын явцыг үйлдвэрийн удирдлагууд өрөөнөөсөө хянах, үндсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Найпу” компанийнхан ч барилгын ажлын явцтай танилцаж, санаа оноогоо хэлэлцэх боломж бүрдэх юм байна.        Хил хаагдсанаас “Найпу” компанийн төлөөлөгчидтэй цахимаар харилцаж зураг төслөө тодруулахын зэрэгцээ ажлын явцаа мэдээлж байна. Өргөтгөлийн барилгын ажилтай үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зураг төслийн зарим ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа юм байна.      “2021 оны наймдугаар сард өргөтгөлийг бүрэн дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд  өргөтгөл ашиглалтад орох байдлаар  үр ашгаа тооцож, төсвийн өмнө хүлээх үүргээ төлөвлөсөн. Тиймээс манай зүгээс болон гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд аль аль нь богино хугацаанд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа” гэж Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн албаны инженер, Өргөтгөлийн ажлын хэсгийн нарийн бичиг Д.Баярмаа мэдээллээ.        Нийтдээ 125 орчим сая ам долларын өртөгтэй энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.     Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлээ цар тахлын үед ч амжилттай ажиллуулж байгаа нь харагдаж байна

         Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилолтын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үндсэн үйлдвэрлэлийн цех болон Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехүүдийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ бүтээн байгуулалтын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа ч ярьж, санал бодлоо солилцов. “Жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэлийн гол зүрх болсон, Баяжуулах үйлдвэр шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ нь, хүдэр боловсруулалтын хүчин чадлын хэмжээг 6 саяар өсгөх технологи бүхий, Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөл юм. Уг бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилга байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцлов. Түүнчлэн, жилээс жилд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэ өргөтгөлийн үр өгөөж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн ДЦС-ын найдвартай ажиллагаа, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологи, үйл ажиллагаа зэрэг цех бүрийн онцлог ажилтай ТӨБЗГ-ын дарга газар дээр нь танилцлаа.         Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон катодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” компанитай танилцсаны дараа Эрдэнэтийн уурхайчдын ажил үйлсийн талаар товч дүгнэхдээ: “Улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төсвийн орлогын гол ачааг нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс орон нутгийн томилолтоо эхлүүлж байна. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас онцгой горимоор ажиллаж буй энэ цаг үед Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьд аль болох алдагдал багатай ажиллах чиглэл баримталж байна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ үеийг эсрэгээр нь үр ашгаа дээшлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж болгон ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ нь бусад үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрөхүйц сайн туршлага, үлгэр дуурайл болно гэдгийг тэмдэглэе” гэсэн юм.               М.Балжинням Фото Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

         Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албаны хүмүүсийн хамт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрээр томилолтын албан ажлаа тус үйлдвэрийн удирдлагын баг болон ерөнхий захиргааны ажилтнуудтай уулзаж эхэлсэн. Уулзалтын эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагааг "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав. Мөн дэлхий нийтэд цар тахал болон нүүрлээд буй корона вирусын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах зорилтыг дэвшүүлж, уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалж ажиллахын төлөө бүхий л боломж, бололцоог дайчлан ажиллаж, үр дүнд хүрч байгааг онцоллоо. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн бодлого тодорхой, ирээдүйд хөтлөх зорилт ил тод, ойлгомжтой байгааг өнөөгийн бодит эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан танилцуулав.     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсны дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хандаж үг хэлэв. “Шинэ коронавирусын тархалтын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн үед тогтвортой сайн ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн, Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин, тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай, оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь тус үйлдвэрийн өнөө болон ирээдүйд сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн, “бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах болно” гэсэн юм. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Тэрээр өнөөдөр тус үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайчдын төлөөлөлтэй уулзана. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хайгуулчид геохими, геофизикийн зураглалаа өөрсдөө хийснээр өртөг зардал хэмнэнэ

         “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Геологи хайгуулын  экспедицийнхэн  энэ онд 170-аад сая төгрөгийн хэмнэлт гаргах  төлөвлөгөөтэй ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой болон ашиглалтын лицензтэй талбай дээр гадны компаниудыг тендерээр геологийн ажил гүйцэтгүүлэхээс гадна тус экспедицийнхэн өөрсдөө   геохими, геофизикийн зураглал хийж байна. Өрөмдлөгөөс өмнө хийгддэг энэ ажлаар  өрмийг хаана, ямар шалгуураар тавих вэ гэдгийг шийддэг юм. Геохимийн ажлууд саяхан дуусч, геофизикийн ажил үргэлжилж байна. Энэхүү зураглалыг өөрсдийн хүчээр   хийснээр өртөг зардлыг багагүй хэмнэх юм байна.      Тус хамт олон энэ онд 18 мянган тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар төлөвлөгөөт ажлынхаа 50 хувийг хийгээд байна. Экспедицийн хамт олон намар, өвлийн бэлтгэлээ ч  хангажээ. Энэ онд өрөмдлөгийн ажлын байрыг өвөл ажиллах боломжтой болгож, дулаалгатай болгохоор төлөвлөсөн бөгөөд Барилга хяналт, төлөвлөлтийн хэлтэс хариуцан ажиллаж  байна. Я.Энхтуяа   Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 12

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 224 дахь өдөр. Он дуусахад 141хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +11градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 12. Лхагва (Буд) гараг. Билгийн тооллын 23, улаагчин гахай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10. Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал худалдах, арилжаа хийхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3349, БНХАУ-ын юань 408, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6356.00 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965оны 8 сарын 16. Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав. 1974 оны 8 сарын 24. МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив. 1975 оны 8 сарын 25. БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв. 1978 оны 8 сарын 1. Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 12. Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2001 оны 8 сар. Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. 2013 оны 8 сарын 17. Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.       Дэлгэрэнгүй...
  • Сарын эхний 10 хоногт төлөвлөснөөс 176 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа

         Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 8 дугаар сарын эхний 10 хоногийн үзүүлэлтийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид уулын цул гаргалтыг  төлөвлөснөөс 26 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, 103.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 122.4 хувиар биелүүлэв. Өөрөөр хэлбэл, төлөвлөснөөс 176.6 мянган тонн хүдэр илүү олборлож, нийт 966.2 мянган тоннын гүйцэтгэлтэй ажиллажээ.       Харин баяжуулагчид 757.4 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.474 хувь буюу төлөвлөгөө 102.6 хувиар, молибдений агуулга 0.01830 хувь буюу 134.3 хувиар тус тус биелсэн дүн гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 103.8 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдений металл авалт 105.2-142.7 хувь хүрч биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт хуурай жингээр 15298 тонн зэсийн баяжмал, 274 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө  102.5 хувиар, молибдений баяжмалын чанар 104 хувиар давж биеллээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын цөм нь уурхайчдын нийгмийн хөгжилд зориулагдаж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулж, ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн энэ оны бүтээн байгуулалтын ажил орон сууцны шинэ хороолол барихаас эхэлж байна. Энэ таатай мэдээгээр ярилцлагаа эхэлье?  
     -Бид 2019 онд хөрөнгө оруулалтын томоохон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь баригдахаар шийдэгдсэн ч төсөв хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар зогсоод байсан “Москва 300” орон сууцны хорооллын төслийг эхлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 1-нд шав тавихаар бэлдэж байна. 300 айлын орон сууцны энэ хороолол нь бидний  цаашид бий болгохоор зорьж буй уурхайчдын  цогцолбор  хотхоны эхлэл болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эко 400”, “Залуус 600” төслүүд үргэлжлэн хэрэгжиж, нийт 1000 айлын орон сууц баригдах юм. Эхний ээлжийн зургаан блок бүхий 300 айлын орон сууцны хороолол нь Монгол улсад жишиг болохуйц орчин үеийн технологийн шийдэл, таатай орчны цогц бүрдэл байхаар зорилт тавьж байна. “Эко 400” хороолол  өмнө төлөвлөж байсны дагуу амины тохилог сууц хэлбэрээр баригдах бол “Залуус 600” орон сууц нь залуучуудад зориулсан, нэгээс хоёр өрөө бүхий, дэд бүтэц, гадна талбайн иж бүрэн тохижилттой орчин үеийн барилга байх юм.   

     -Орон сууцны хороолол хэзээ ашиглалтад орох вэ?
     -Би түрүүн товчхон дурдсан. Өмнө нь тус тусдаа баригдахаар төлөвлөж байсан “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” төслүүдээ багцлаад уурхайчдын цогцолбор хороолол гэж нэрлэхээр ярилцаж байна. Эцсийн байдлаар нэршлээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ дэд бүтэц болон өнгө загварын хамгийн шинэлэг шийдэлтэй, иж бүрэн хороолол барина гэдгийг дахин онцлон хэлье.  “Москва 300” төслийн орон сууцыг ирэх оны тавдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний байдлаар бид 2020 онд 150 айлын орон сууц, 2021 онд үлдсэн 150 айлын орон сууцыг барьж дуусгахаар төлөвлөж байсан ч манай ажиллагсдаас байр хүссэн олон хүсэлт ирж байгаа учраас гүйцэтгэгч компанитай хэлцэл хийж, ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

     -Барилгын гүйцэтгэгчээр ямар компани ажиллах вэ?    
    -“Неман констракшн” компани шалгарсан. Бид гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа өндөр босго тавьсан л даа. Тодруулбал, тухайн компани өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаж барих, орон сууцны ипотекийн зээлд хамруулах асуудлыг хариуцах зэрэг шаардлага өгсөн. Харин манай үйлдвэр захиалагчийн хувьд зөвхөн эзэнжүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ гэж хэлэлцээр хийсэн байгаа. Тиймээс гүйцэтгэгч компани 100 хувь дааж, барих тул найдвартай гэж үзсэн.

     -Уурхайчдад хөнгөлөлт үзүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ? Эхний ээлжид орон сууц авахыг хүссэн ажилтанд ямар шалгуур тавигдах вэ?
     -Орон сууцанд орж буй ажилчид ипотекийн зээлд хамрагддаг. Энэ нөхцөл хэвээр байна. Өмнө нь байрны хөнгөлөлт аваагүй ажилчид шинэ орон сууц авах хүсэлтээ гаргавал хөнгөлөлтийг журмын дагуу олгоно. Үйлдвэрээс олгож ирсэн  8 сая төгрөгийн дэмжлэг энэ оноос 12 сая төгрөг болж нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Мөн энэ дэмжлэг  байраа худалдаж авсны дараа нь олгогддог байсныг өөрчилж, урьдчилгаа төлбөрт өгөх боломжтой болсныг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн бид тодорхой тооны орон сууцыг хөрөнгө гаргаж, давхар бариад явах чиглэлтэй байгаа. Эдгээр байраа урьд нь орон сууц авч байгаагүй, эсвэл амьдрах нөхцөлөө сайжруулахыг хүссэн сайн ажилтнууддаа тухайн цехийнх нь судалгааг үндэслэн олгоно. Мэдээж, ийм шалгуураар олгохдоо тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлт 20-90 хүртэл хувь байх боломжтой. Ер нь бол бүх ажилчид шинэ байранд орох хүсэлтээ ирүүлэх нь нээлттэй. Үйлдвэрийн захиргаа хүлээж авна. 2017 оны судалгаагаар байраа шинэчлэх болон  шинээр авах хүсэлтэй 1300 ажилтан байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр эхний ээлжид 1000 айлын орон сууц зайлшгүй эрэлт хэрэгцээтэй гэж үзэж уурхайчдын хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.   

     -Шинээр баригдах орон сууцны үнэ ямар байх бол?
     -Одоо хэрэгжих төслүүд өмнө нь шийдэгдсэн тул үнэ, өртөг нь тогтоогдсон байсан. Хуучин төсвөөр нэг метр квадрат нь 1 сая 900 мянга гаруй төгрөгийн үнэлгээтэй хийгдсэн. Харин бид метр квадрат талбайн хэмжээг 1 сая 650 мянган төгрөгт багтаах санал тендерт оролцогч компаниудад тавьсан. Тиймээс гүйцэтгэгч компаниа шалгаруулахдаа үүнийг нэг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Нөгөө талаар, бид барилгын чанар хийцэд онцгой анхаарч, евро стандартын материалаар барих шаардлага тавьсан. Ийм материалаар баригдсан орон сууцны зах зээлийн үнэ хоёроос гурван сая төгрөгийн хооронд байдаг. Тиймээс уурхайчдад зориулагдсан орон сууцны хороолол чанар сайтай, үнэ боломжийн түвшинд байна гэдгийг онцолмоор байна.  

    -Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийгмийн чиглэлийн өөр ямар ажил хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан бэ?
    
-Нийгмийн хөгжлийн чиглэлд түлхүү анхаарсан гэж хэлж болно. Орон сууцны хорооллоос гадна хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Найрамдал өндөрлөгийн зүүн талд эхлүүлээд орхисон соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгыг үргэлжлүүлж дуусгахаар төлөвлөж байна. Энд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэдийгээр үүнийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж байгаа ч энэ нь  Орхон аймгийн бүхий л иргэдэд үйлчлэх, чөлөөт цагийн томоохон төв болох юм. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, Спорт цогцолборын нэгэн адил хотынхоо иргэдэд урлаг соёл, спортын цогц үйлчилгээ хүргэж ажиллана. Мөн бид бүрэн хэмжээний түүхэн музей байгуулахаар зураг төсөл гаргасан. “Уурхайчин” соёлын ордон үйл ажиллагаа, бүтцийн хувьд цогцолбор болон өргөжиж байгаатай холбогдуулан зарим  өрөө танхимыг  өөрчлөн, орчин үеийн технологи,  загвар хийцтэй музейн зориулалтаар тохижуулна. Ингэснээр техник, технологийн шинэ дэвшил бүхий  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 гаруй жилийн түүх, уул уурхайн салбарын хөгжлийг харуулсан музейтэй болно. Түүнчлэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн нийтийн номын санг өргөжүүлж, цахимжуулах, боловсронгуй болгох төсөл хэрэгжинэ. Ер нь бид уурхайчдадаа хандсан бүх үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг хэлбэрээр хүргэх зорилттой ажиллаж буйг энэ дашрамд дуулгая. Үүний нэг хэсэг нь орчин цагийн технологи, тоног төхөөрөмж суурилуулсан нийтийн ном сан болж байгаа.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж ирсний нэг баталгаа нь хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв гэж хэлж болно. Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэн, ажил амьдралд нь хүргэсээр ирсэн тус төвийн тохижилтод хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, энэ жил “Энэрэл” төвд спорт зал шинээр барина. Энд  зөвхөн “Энэрэл” төвийн хүүхдүүд төдийгүй Эрдэнэт хотын хүүхэд багачууд маань  амралт чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхэд нь дэм туслалцаа болох юм. Мөн Сэлэнгэ амралтын баазад 210 хүний багтаамжтай  өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно. Ийм олон ажлууд  нийгмийн чиглэлийн төлөвлөгөөнд багтаж байгаа.

    -Манай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, шинэ дүрэм, бүтэц батлагдсантай холбоотойгоор таны чиг үүрэгт хамтын ажиллагааны талаарх асуудлууд багтаж, хариуцах болсон. Орон нутагтай хамтрах ажил хэрхэн үргэлжлэх вэ?
     -Миний ажлын чиг үүрэгт нийгмийн асуудлын зэрэгцээ хамтын ажиллагааны чиглэл бие даан нэмэгдсэн. Өмнө нь ажил үүрэгт ороод явдаг байсан ч энэ удаа Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч гэж албан ёсоор тодотгож өгсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бүхий л чиг үүргийг хариуцаж байна. Манай үйлдвэр орон нутгийн хөгжил дэвшилд байнга хувь нэмрээ оруулж, олон том төсөл дээр хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны холбоо цаашид ч үргэлжилнэ. Бид энэ онд Эрдэнэт хотод баригдаж буй соёл амралтын хүрээлэнд хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил уг хүрээлэнгийн ажил эхлэхэд эхний дэмжлэгийг үзүүлсэн. Дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт удахгүй хийгдэж, энэ бүтээн байгуулалтыг хамтран бүтээнэ.

     -Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
 

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог