• Шилдэг төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардууллаа

             Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.      Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.     Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.         Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.   М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.   МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ: Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо     -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?     -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана. Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН: Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо     -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?    -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа. Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР:  Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл       -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?     -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.     “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ: Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна      -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?     -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн ажилчид цалин хөлс нэмэгдсэнд талархаж байна

            Өнгөрсөн лхагва, пүрэв гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон холбогдох хэлтсийн дарга нар Нийгмийн цехүүдийн ажилтан, ажилчидтай уулзалт хийлээ.    Уулзалтын эхэнд тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, эдийн засгийн 2019 оны төлөвлөгөөний биелэлт, Санхүү эдийн засаг болон нийгмийн хариуцлагын  хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар хийсэн мэдээлэлдээ: “Санхүү эдийн засаг мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд олон эерэг үзүүлэлт гарсан. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Богд банктай яриа хэлэлцээр хийж, ажилчдын цалингийн зээлийг нэг  хувийн хүүтэй болгосон. Байгууллага хоорондын өр авлагыг 26-27 хувиар бууруулсан. Сул чөлөөтэй мөнгийг банкинд байршуулснаар 19.5 тэрбум төгрөгийн  нэмэлт орлого олсон, хүдэр олборлолт боловсруулалтын хэмжээ нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр гадаад, дотооддоо зээлийн ямар нэгэн өр төлбөргүй болсон. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд хийсэн судалгаагаар Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудад байнгын ямар нэгэн өр төлбөртэй байсан. Харин 2019 онд Эрдэнэт үйлдвэр дотоод, гадаадын  банкинд зээл төлбөргүй, баяжмалаа борлуулдаг компаниудаас урьдчилгаа төлбөргүй болж,  бүх өр авлагаа барагдуулсан. Ингэснээр сүүлийн 10 жилд байгаагүй санхүүгийн сахилга баттай ажиллалаа” хэмээн  онцлов.        Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс, нийгмийн халамж үйлчилгээ, нийгмийн хангамж ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийснээ дуулгасан юм. Ажилчдынхаа нийгмийн асуудалд 2019 онд 95 тэрбум төгрөг зарцуулсан  нь 2016 онтой харьцуулахад 40,4 хувиар өссөн байна. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг сүүлийн 3 жилд 45 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр дундаж цалин 2016 онтой харьцуулахад 900 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн үйлдвэрийн ажилтан үндсэн цалингаас гадна 55 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэмж авдаг талаар мэдээлэл өгөв.      Уулзалтын үеэр Эдийн засгийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр цалин хөлсний товчооны дарга Н.Ариунаа цалин хөлсний шинэчлэгдсэн журам, хамтын гэрээний өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. Удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонсож, тухай бүрд нь хариулт өгч, тулгамдаж буй асуудлын заримаас шийдвэрлэхээ илэрхийллээ.      Оёдлын цехэд болсон уулзалтын үеэр ажилчид  2019 онд  үйлдвэрийн цех болж, цалин хөлс нэмэгдэж, нийгмийн асуудал эерэгээр шийдэгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлж,  тулгамдсан асуудлаа  ярилаа. Тус  цехэд  баяжмалын уут оёх  хэсэг 2017 онд нээгдсэнээр 65 байсан ажилчдын тоо 140 гарчээ.  Баяжмалын хэсэг зориулалтын бус  байранд үйл ажиллагаа  явуулж байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны тав тух алдагдах, бараа материал агуулах сав хангалтгүй гэхчилэн олон асуудал дагуулж байгаа тул  үйлдвэрлэлийн байр шийдэж өгөх асуудлыг хөндөж тавилаа. Түүнчлэн  хувь хүний болон цехийн захиалгат бүтээгдэхүүний материал, оёдлын машины сэлбэг хэрэгслийн урьдчилгааг төсөвт тусгах боломж байна уу, овор хэмжээ ихтэй бараа материал зөөх зориулалттай өөрөө буулгагч машиныг захиалсан хугацаанаас нь өмнө  өгөх боломж бий юу, аж ахуйн хэсгийнхний цалин бага байгааг нэмэгдүүлж өгнө үү зэрэг асуудлууд тавьж хариулт авлаа.     Үйлдвэрийн газрын хэмжээнд сул чөлөөтэй объектуудын судалгаа гаргаж, ажлын байрыг шинэчлэх талаар захирлуудын хэмжээнд асуудал тавих, захиалгат бүтээгдэхүүн, сэлбэгийн тооцоо  судалж, шийдэх,  нэн шаардлагатай өөрөө буулгагч техникийг богино хугацаанд олгуулах  асуудалд анхаарал хандуулахаа Ерөнхий захирлын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэллээ.     Оёдлын цех Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын баталсан бүх  дүрэм журмыг мөрдөн ажиллана.  Үйлчлэгчийн цалин нийгмийн цехийнхтэй  ижил байх ёстой гээд  үүнийг  эргэн  харж  шийдэхийг Хөдөлмөр цалин хөлсний товчооны дарга  Н.Ариунаад даалгав. Түүнчлэн цехийн эмчийн ажлын цаг, ажилчдын тарах цагтай уялдахгүй байгаа тухай асуудлыг судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийгмийн харилцааны хэлтсийн даргад Д.Өнөбатад үүрэг болгов. Эрдэнэт үйлдвэрт  Баяжмалын уутны хэрэгцээ их, заримыг нь гаднаас худалдан авч байгаа. Үүнийг  цех бүрэн үйлдвэрлэх боломж, эдийн засгийн үр өгөөжийг судалж тооцохыг цехийн удирдлагуудад  зөвлөв. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ

              “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.    Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа         Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.    “Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог        Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.   “БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий          Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх.      И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.    Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо.      МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.          Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ.       Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна. И.Чинтогтох Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш: Батсайханы ЭНХБАТ

    Төгссөн сургууль: ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг 2003-2007 онд Санхүүч мэргэжлээр төгссөн. Мэргэжил: Санхүүч Ажилласан туршлага: 2007-2017 онд Санхүүгийн зохицуулах хороо, 2017-2018 онд Төрийн банк, 2018-2019 онд Капитрон банканд тус тус ажилласан. 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2013-2014 онд БНСУ-ын Ajou university /MBA/-ийг дүүргэсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө бүтээхээр урагшилж яваа түүний хүрэх өндөрлөг хол. Тиймдээ ч бэрхшээлийн өмнө нугарахгүйгээр бат зогсож, зорьсондоо хүрэхээр зүтгэсэн. Санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдэж, үеийнхэндээ үлгэрлэсэн тэрээр өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийг хүсдэг нэгэн. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Юуны өмнө, уурхайчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би шинэ өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл хэв маягаар эхлүүлэхийг хичээдэг. Тиймээс сүүлийн 10 гаруй жил ус уух дадлыг өөртөө хэвшүүлсэн. Шүршүүрт орж, эрч хүчээ сэлбээд ажил руугаа алхах дуртай. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүчээ авдаг вэ? -Гэр бүлээсээ урам зориг авна. Тэр тусмаа өдрөөс өдөрт өсөж торниж байгаа хоёр үрээ харах тоолон би чинь ямар чухал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж яваа билээ гэж боддог шүү. Мөн найз нөхдөөсөө болон ажлын шинэ орчин, уулзаж байгаа хүн бүрээс л урам зориг авдаг. Өглөө ажил руугаа алхах замдаа ч тухайн өдрийн эрч хүчээ авах үе бий. Хийх ажлын төлөвлөгөөгөө бодож, ажил дээрээ ирмэгцээ шаардлагатай зүйлсээ тэмдэглэдэг. Араас нь аяга кофе уусан байхад эрч хүч улам л сэргэдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлж, түүхэн амжилт тогтоосон. Энэ бүх ололт амжилт, мэдээ мэдээллийг уурхайчдадаа болон ялангуяа олон нийтэд үнэн зөв хүргэж, ойлгуулах нь бидний ажлын чухал хэсэг. Мөн үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, материалын зах зээлийн үнэд хяналт тавих,  нийцүүлэх нь ажлын маань онцлог гэж хэлж болно. Тийм ч учраас Азидаа томоохонд тооцогдох тэргүүний үйлдвэрт ажиллаж, уурхайчдын хөлс хүч, сэтгэл зүрхээр бүтэж байгаа  баялаг, түүний үнэ цэнийг бусдад хүргэж байгаа нь яах аргагүй миний ажлын эерэг тал. Мэдээж сул талууд бий. Гол нь сул талаа өөрсдийн давуу тал болгон, бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар тогтвортой урагшлах нь хамгийн чухал гэж боддог. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ? -Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн зүгээс болон хувь хүн талаасаа зогсонги байдалд орохгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлздэг. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа хүн хэзээд бусдад үнэлэгддэг гэж боддог. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, харилцан суралцах нь хөгжлийн чухал суурь юм болов уу. Мэргэжлийн онцлогтой холбоотой бүхий л шинэ мэдлэг, мэдээ мэдээллээс хоцрохгүй, цаг үеэ мэдрэхийг чухалчилж байна. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Дээрх ойлголтыг хөгжлийн 2 багана гэж үзэж болох юм. Өөрийгөө дайчлах нь хувь хүний хөгжлийн суурь болдог бөгөөд хэдий чинээ бат бөх байна төдий чинээ өндөр барилга босох боломжтой. Харин бусдаас суралцахыг чанартай барилга барихад шаардлагатай материал гэж үзэж болох юм. Тиймээс суурь сайтай, чанартай барилга барихын тулд аль алийг нь  чухалчлах  хэрэгтэй. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Өдөрт 30 минутаас багагүй хугацааг дэлхий дахинд болж байгаа мэдээ мэдээллийг уншиж судлахад зориулснаар шинэ содон зүйлийг мэдэх, суралцах хүсэл төрдөг. Өглөө босоод 3-5 км гүйх, 7 хоногт 2 удаа спорт заал орох зэрэг эрүүл мэндээ дэмжсэн, эрч хүч сэргээсэн зүйлийг амьдралдаа хэвшүүлэхээр зорьж байна. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Энэ амьдралдаа харамсахааргүй ХҮН шиг амьдар” гэж аав минь хэлдэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад, дараа нь төрийн болон хувийн банканд ажиллаж байсан.  Эрдэнэт үйлдвэр миний хувьд шинэ салбар, шинэ туршлага хуримтлуулах талбар болж байна. Энд ажилласнаараа улсын томоохон баялаг бүтээгч үйлдвэр санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, ямар оролцоотой байх боломж байна, яаж энэ салбаруудыг цогцоор нь хөгжүүлэх вэ гэдэг талаас нь илүүтэй бодох болсон. Миний үзэл бодол, харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг энд хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Орхон, Булган аймгийн үйлдвэрлэгчид чуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 24-нд “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Чуулганд 400 орчим жижиг, дундүйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Мөн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчилна. Стратегийн орд бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг гол аж ахуйн нэгж болохын хувьд Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг ийнхүү мэдээ мэдээллээр ханган, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.     Монгол Улсаас батлагдсан хууль, эрхзүйн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн тодорхой боломжууд байдаг бөгөөд үүнтэй уялдсан Засгийн газрын тогтоолд бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс ямар давуу эрхтэйгээр авах тухай заасан нь бий. Орон нутгийн үйлдвэрлэгч байх нь давуу тал болохоос гадна тухайн бараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай. Энэ утгаараа, зохион байгуулагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд мэдээллийг нээлттэй хүргэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр барьж буй бодлогыг танилцуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2017 онд 27 хувь, 2018 онд 30 хувь, 2019 онд 35 хувийн өссөн дүнгээр дэмжсэн худалдан авалт хийжээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганд Сангийн яам, МҮХАҮТ болон Орхон аймаг дахь ХАҮТ-аас холбогдох хүмүүс урилгаар оролцон, чиглэлийнхээ дагуу сургалт зохион байгуулна.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, Ерөнхий захирлын бүтцийн нэгжүүдийн тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан дотоод үйл ажиллагааны дүрэм, журмууд болон 53 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, журам хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн үйлдвэрийн газарт холбогдох 70 орчим хэрэг маргаан, зөрчлийн асуудлаар хууль ёсны эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллалаа. Тухайн хэрэг маргааны 50 орчим хувийг хууль хяналтын байгууллагуудын түвшинд шийдвэрлүүлсэн нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж болно. Мөн Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болохын хувьд Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна.     -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?    -Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудлыг Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран бүрэн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Тухайлбал, “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэн ажиллаж байна. Журмын хүрээнд үйлдвэрийн газрын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах болон гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлж байгаа гаднын байгууллага, хувь хүмүүсийг түр болон зочин үнэмлэхээр нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулан ажилласнаар үйлдвэрийн хэмжээнд хэвшүүллээ. Мөн үйлдвэрийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болон бусад байдлаар үүссэн өр, авлагын асуудлаар 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбогдон, хуулийн дагуу ажиллагаа явуулж тодорхой үр дүн гарсан бөгөөд тухайн үйл ажиллагааг цаашид сайжруулан ажиллахаар төлөвлөөд байна.     -Энэ онд төлөвлөсөн зорилтот ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Бид 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэлээд өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тогтмол хийж гүйцэтгэгддэг ажлуудаа цаашид боловсронгуй болгох байдлаар төлөвлөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө явуулж байсан арга ажиллагаагаа өөрчлөх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөн, энэ чиглэлийн уулзалт, хэлэлцээр хийх зэрэг зохион байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад манай хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд чухал оролцоотой тул энэ оны турш батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа чанартай гүйцэтгэх болно.      -Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Ятгах тусам нягтал” аянд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нэгдэж байна вэ?     -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголын банкнуудын холбоо хамтран залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “Ятгах тусам нягтал” сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн гаралтад цахим гэмт хэрэг, залилан мэхлэх үйлдэл улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх аяныг өрнүүлсэн гэж ойлгож болно. Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 71, 2018 онд 83, 2019 оны байдлаар 114 залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан. Эрдэнэт үйлдвэр ч тус аянд нэгдэж, иргэдийг болгоомжгүй байдлаасаа эрсдэлд орох вий гэдэг үүднээс холбогдох сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна, фондын байр өгнө гэх зэргээр иргэдийг хохироосон гэмт үйлдлүүд өнгөрсөн онд гарсан. Энэ бүхэнд зохих хариуцлага тооцож, цаашид энэ төрлийн залилангийн гэмт хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • С.САРАНЦЭЦЭГ: Уурхайчин бүсгүйчүүд аюул ослоос ангид, сэтгэл түвшин байгаасай...

          Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.        -Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?     -2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.     -Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?     -Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.      -Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?        -Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан  сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.      -Тэр эрчээрээ оёсоор байв уу?       -Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.     -Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?      -Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ...” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад  даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.      -Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?  -Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.       -Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг...?     -Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.      -Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?  -Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.        -Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?      -Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.      -Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?    -Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.       -Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?    -Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.       -Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?      -2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих...” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд...” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.         -Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?     -Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.      -Баярлалаа.                  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэвшилд тэмүүлэгч хамт олон

          Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.     Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ:        Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг.    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:       Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа.    Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:         Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна.    Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ:        Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа.      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     Өнөөдөр Эрүүл ахуйн өдөр. “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

     - Эрүүл ахуйн өдрийг ямар бүтээлч ажлаар угтаж байна вэ?
   - 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх “Эрүүл ахуй, ариун цэврийн тухай” журам батлагдсан. Журамд зааснаар баасан гарагийг “Эрүүл ахуйн өдөр” гэж нэрлэдэг. Энэ өдөр ажилчид ажлын байрны орчноо цэгцлэх, гадна орчноо тохижуулах зэрэг олон ажил төлөвлөн, хийж хэрэгжүүлдэг уламжлалтай. ХАБЭАБОХХ-ээс анх санаачлан, үйлдвэрийн залуучуудын оролцоотой хийсэн эрүүл мэндийн замаар аюул осолгүй зорчиход бид анхаарч ажилладаг. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн замынхаа эргэн тойрныг цэвэрлэж ажиллана. Энэ ажлаа өнөөдрөөс эхлүүлж байна.

     - Хэрэгжүүлж байгаа ажлаасаа онцолбол?
    - Манай алба 2019 оны турш нэг сард нэг ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажилтай уялдсан “Эргономик”, “Орчны гоо зүй”, “Сонсгол хамгаалах”, “Витаминжуулалт” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжинэ. Эхний дэд хөтөлбөр болох эрсдэлтэй ажлын байр тодорхойлох “Эргономик”-ийн үр дүн ирэх сарын сүүлчээр гарна. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр хэд хэдэн үр дүнг бид хүлээж байна. Нэгд, эрсдэлтэй ажлын байрны жагсаалт гаргаж хийх ажлуудаа төлөвлөнө. Хоёрт, гар багаж хэрэгслийг шинэчлэх үндэслэлтэй болно. Гуравт, ажилчдын өвчлөл буурна гэж харж байгаа.

     - Үйл ажиллагаандаа ямар стандартыг дагаж мөрддөг вэ?
   - “Эрдэнэт” үйлдвэрийн Эрүүл ахуйн лаборатори 1991 онд байгуулагдсан, 20 гаруй жилийн түүхтэй. 2018 онд лабораторийнхоо итгэмжлэлийн хүрээнд бүх багаж хэрэгслээ шинэчилсэн. Манай алба 2017 онд батлагдсан. Одоогийн байдлаар MNS 6654, 6656, 6657, 6658 стандартыг мөрдөн ажиллаж байна. Багаж хэрэгслийнхээ ашиглалтыг сайжруулах зорилгоор дээрх стандартын дагуу хүний биенээс тоосны сорьц цуглуулах, тоосонд агуулагдаж байгаа цахиурын давхар исэл болон цулцанд нэвтрэх тоосонд хэмжилт хийж эхэлсэн. Энэ нь маш нарийн ширхэгтэй тоосыг хэлдэг. Үр өгөөжтэй ажил боллоо. Өнгөрсөн сард хэрэгжүүлж эхэлсэн нэг том ажил бол Эрүүл ахуйн лабораторийн цахим бүртгэлийн мэдээллийн систем юм. Үүнийг ХМТАЦ-тай хамтран хийсэн. Энэ цахим бүртгэлд эрүүл ахуйн ажилтнууд 14 хоног тутмын орчны шинжилгээний хэмжилтээ мэдээлж байх юм. Хэмжилт хийсэн даруйд мэдээлэл нь шинэчлэгддэг. Тухайн цахим бүртгэл рүү нэвтрэх эрхтэй мастераас дээш албан тушаалтнууд шинжилгээний үр дүнг хэвлэн, цех дотроо ашиглах боломжтой. Өмнө нь хэмжилтийг манайд гаргадаг ч, нэг хувийг нь тухайн цех рүү шуудангаар явуулах гээд цаг хугацаа алдах асуудал байлаа. Одоо цахим орчинд илүү хялбар, хурдтай ажиллаж эхэлсэн.

     - Орчны шинжилгээг хэмжихэд бүх цехийг хамруулдаг уу?
   - Энэ хэмжилтийг батлагдсан хуваарийн дагуу, хэд хэдэн цэгийг байнгын хяналтанд авч хийдэг. Одоогоор Засвар механикийн заводын Цутгуурын цехийн зарим хэсэгт байнгын хяналт тавьж байна. Харин химийн болон хортой хүчин зүйлс бага гардаг хэрнээ хэвийн бус нөхцөлтэй ажлын байруудад сард нэг удаа хэмжилт хийж байна.

     - Ажилчдын халуун хоолонд тавьдаг хяналтын талаар тодруулахгүй юу?
    - Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд халуун хоолны 12 цэг үйл ажиллагаа явуулж, манай алба тэдгээрт өдөр тутмын хяналттай ажиллаж байна. ХАБ-ын хэсэг дээр Хүнсний эрүүл ахуйч эмч ажилладаг бол Эрдэнэт сувиллын цогцолборт хоолны хяналтын баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн дээрх 12 цэгээс 14 хоног тутамд халуун хоолны дээж, гадаргуугийн арчдас авч, хянадаг. Ингэхдээ үйлдвэрийн ажилчдын хоолны орц, чанар, технологийг цогцоор нь хянаж байна. Нэгд, хоолны түүхий эд эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Хоёрт, ямар хоолыг хэдий хугацаанд хэрхэн шарж бэлтгэх вэ гэсэн технологийн ажиллагаанд хяналт тавина. Гуравт, бэлэн болсон хоолонд аюулгүйн халдвар хамгааллыг анхаарч байгаа эсэхийг хянана. Харин гадаргуугийн арчдаст халбага сэрээ, хутганаас авсан хэмжилтийг тооцдог. Эрүүл ахуйн хүрээнд нэг чухал зүйл нь ажилчдын ундны ус юм. Манайх энэ тал дээр савласан ус болон төвлөрсөн шугамд суурилуулсан шүүлтүүр дээрх үзүүлэлтийг нарийвчлан гаргаж, хяналт тавьж байна.

     - Ойрын үед хийгдэх төлөвлөгөөт ажлын талаар?
     - Бид нэн түрүүнд Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран ажиллахаар төлөвлөгөө гаргаж байна. Үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Эрүүл мэндийн зөвлөлтэй болно. “Эргономик” дэд хөтөлбөр ойрын хугацаанд үргэлжилнэ. Тавдугаар сарын нэгнээс үйлдвэрлэлийн “Орчны гоо зүй” аяныг хийхээр удирдамж батлуулсан. Гоо зүй гэдэгт ажлын орчин нөхцөл, ажлын байрны эмх цэгц, гадна орчны цэвэрлэгээ тохижилт, ногоон байгууламж, хаяг шинэчлэх, өнгө будаг сэргээх зэрэг олон ажил багтдаг. Өнгөрсөн жил үйлдвэрийн цех, нэгжүүд энэ аянд өргөн хүрээтэй оролцсон.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех ажлын байрны нөхцлийн хувьд хүнд, хортой, халуун гэсэн ангилалд багтдаг. Тус цехийн нүүрс хийжүүлэх болон дахин халаах зуухны хэсгийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Тиймээс цехийн удирдлагын зүгээс хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Эрдэнэт сувилалтай хамтран хийхээр санаачилжээ.
     Энэ хүрээнд нийт ажилчдынхаа дунд “Амны хөндийн эрүүл ахуй” сэдэвт сургалт явуулахын зэрэгцээ нүүрсний хий, тортогийн үзлэг, хүчилтөрөгчийн аппарат болон коктейлийн эмчилгээнд өдөр тутам хамруулж байна. Үүний үр дүнд ажлын дараах толгой өвдөлт, нойргүйдэх зэрэг зовиур багасч буйг шөнийн ээлжийн ажилчид хэллээ. Уг эрүүл мэндийн аян гурван сар үргэлжлэх юм. Цаашид тус цех дотоод нөөц боломжоо ашиглан ажлын байрандаа хүчилтөрөгчийн өрөө байгуулж, ажилчдын үдийн цайны цэсэнд коктейль оруулахаар төлөвлөж байна.

М.Балжинням

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан.
      Иймд цаашид аливаа албан бичиг, баримт бичгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т гэж хаяглан ирүүлнэ үү.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨРИЙН ӨМЧИТ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

 

     Энэ онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны 45 жилийн ой тус тус тохиож байна. Тэмдэглэлт үйл явдлууд давхцаж буйтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны үйл ажиллагаа, баримталж буй чиглэл, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Төгсбаяртай ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны 12 дугаар бага хурал саяхан хуралдсан. Энэ хурлаас та  үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны даргаар сонгогдон ажиллаж байна. Ажлаа аваад ямар ажил амжуулав?
     -Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны ээлжит 12 дугаар бага хурал энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, шинэ зохион байгуулалтад орсон. Өөрөөр хэлбэл, хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажиллагсдынхаа төлөө хийж хэрэгжүүлэх олон асуудлыг энэ хугацаанд шийдвэрлэхээр зорьж, багагүй ажил нугаллаа гэж хэлж болно. Юуны түрүүнд  бид  Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хооронд жил тутам шинэчлэн байгуулдаг “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд түлхүү анхаарч ажилласан. Тэр тусмаа  ажилчдад олгох хөнгөлөлт, тэтгэлгийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж ярилцлаа. Үүний үр дүнд удаан жилийн болон  ажлын байрны нөхцөлийн нэмэгдэл олгож эхэллээ. Бас нэг онцлох зүйл гэвэл 2016 оноос яригдаж эхэлсэн үйлдвэрийн хувь, хувьчлалтай холбоотой асуудалд ҮЭ-ийн байгууллага ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Харин өнгөрсөн сард манай байгууллагын төлөөлөл төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзлаа. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй  ҮЭ-ийн байгууллага буюу татвар төлж буй хөдөлмөрчдөд чиглэсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод ирсэн. Энэ хүрээнд нэгэнт үйлдвэрийн хувь, эзэмшлийн асуудал яригдаж байгаа юм бол хамгийн гол нь нэгдүгээрт, үйлдвэрийн энгийн хувьцааны 10 хувийг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ажиллагсдад давуу эрхтэйгээр олгох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар Эрдэнэт үйлдвэртэй “Тогтвортой байдлын гэрээ”-г байгуулж, баталгаажуулах, өөрөөр хэлбэл зэсийн үнийн хэлбэлзэлтэй үед ч түүнээс үл хамааран тогтвортой байх гэсэн санал бүхий албан хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Агуулгаар нь харах юм бол, бид зөвхөн өнөө маргаашаа харсан зүйл ярих биш бодлогын хэмжээнд асуудлыг дэвшүүлдэг байх, урт хугацаанд бид ямар ажил хийж хэрэгжүүлэхээ тодорхой болгоё гэдэг үүднээс хандаж байна.

     -“Хамтын гэрээ” байгуулагдах бүрд л цалин нэмэх асуудлыг ажилчид илүүтэй сонирхож, хүлээдэг?
    - “Хамтын гэрээ”-ний 3.4 дүгээр зүйлд заасан, “цалинг 20 хүртэл хувиар нэмэх тухай” асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад шаардлага, хүсэлт явуулаад байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл гэж байхад шийдвэрийг заавал уг зөвлөлийн хуралдаанаар гаргадаг байсан. Харин одоо бол нөхцөл байдал өөр болж байна. Засгийн газраас манай үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор шийдвэр гаргах эрх нь Засгийн газарт очсон гэсэн үг. Тэгэхээр бид Засгийн газарт бас хандах болж байна. Өөрөөр хэлбэл, “Хамтын гэрээ”-нд тусгагдсан ажилчдын цалинг ялгавартайгаар 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавина. Харин “Хамтын гэрээ”-ний бусад 110 заалт бүгд биелж байгааг хэлэх нь зүйтэй. Хүлээгдэж буй нь, цалин нэмэх асуудал л байгаа.

     -ҮЭ-ийн байгууллага цалин нэмдэг байгууллага гэж ойлгодог тал байх шиг?
    -Өнгөрсөн түүхэн хугацаанд ҮЭ-ийг удирдаж байсан үе үеийн хүмүүс энэ байгууллагыг цалин нэмдэг байгууллага гэж ойлгуулсан тал бий. Ихэнх ажилчид маань ийм ойлголттой байгаа нь харагддаг. Тиймээс зарим үед буруу хандлагууд гардаг л даа. Ер нь ажилчдынхаа цалин, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго нь ҮЭ-ийн байгууллагын өөрийнх нь өдөр тутам хийх ёстой үндсэн ажил. Энэ бол манай байгууллагын нийт хийх ёстой  ажлын 5-10 хувийг л эзэлдэг. Гэтэл цаана нь 90 орчим хувьд нь ажилчдынхаа төлөө хийж хэрэгжүүлэх бусад асуудлууд байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл, ажил мэргэжлийн нэршил, хүнээ хайрлах хамгаалах гээд бусад олон чиглэлүүд нь хоцрогдоод үлдсэн байна. Мөн хөдөлмөрийн хүнийг шагнах, урамшуулах, дэмжих, ар гэр, амьдралын нөхцөлийг нь сайжруулах гээд хүнээ тойрсон маш их асуудлууд байгаа. Энэ бүхэнд жигд анхаарч ажиллах ёстой юм.

     -Мэргэшсэн боловсон хүчний нөөц бэлтгэнэ гэдэг чухал асуудал байна. ҮЭ-ийн байгууллагын мөн чанарыг ажилчид ойлгох хэрэгтэй санагддаг?
     -Яг зөв. Бидний нэг алдаа байдаг. Дан ганц холбоо гэлтгүй, хороод бас сонгуулиар бүрэлддэг. Тухайн сонгуульд өрсөлдөхдөө зөвхөн ялахын тулд хий хоосон амлах тохиолдол их байна. Жишээлбэл, цалинг 2500 ам.доллар болгоно, 2 дахин нэмэгдүүлнэ гэх мэт. Тэгээд сонгогдож гарч ирээд алга болчихдог. Сонгуульт ажил бол хугацаатай ажил. Хэн ч байсан сонгуульт хугацаа дуусахад дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгдөг. Харин хэн ч удирдаж байсан байгууллага нь өөрөө хүний нөөцийн бодлоготой байх ёстой. Тэр бодлогын тогтолцоо өнөөдөр манай дээр алдагдсан учраас буруу зөрүү мэдээлэл, хандлага ажиллагсдын дунд байдаг. Өнөөдөр ч манайхны дунд, “үйлдвэрчний эвлэлийн дарга нар гишүүдийн татварын мөнгийг завшиж байна, бидний төлөө юу ч хийхгүй байна” гэх зэрэг хардлага, үл ойлголтууд их байгаа нь нууц биш. Энэ бол манай байгууллагын урт хугацаанд хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, алсын хараа, үнэт зүйл нь төлөвшөөгүй байгаагийн үр дагавар гэж хэлмээр байна.

     -Одоо тэгэхээр ард үлдсэнийг бус урагшаа харж ажиллах нь гол зорилго гэж ойлголоо. Энэ онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ой тохиож буйг ярианыхаа эхэнд онцолсон. Хоёр ой давхацсан жилийн ажлын төлөвлөгөө юу байна вэ?
     -Тиймээ. Энэ он онцлог жил байх болно. Олон улсын Хөдөлмөрчдийн байгууллагын ойн хүрээнд Монголын ҮЭХ болон гадаад дотоодын энэ чиглэлийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч байна. Бид ч бас үүнтэй уялдуулан хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан. Мөн холбооныхоо ээлжит 12 дугаар бага хурлаас гарсан гишүүд, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэж, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үүнд тус хуралд оролцсон 131 төлөөлөгчийн 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт багтсан байгаа. 2019 оны үндсэн ажлын төлөвлөгөө гэж бас бий. Эдгээр гурван чиглэлийн төлөвлөгөөгөө хийж хэрэгжүүлэх юм бол ажиллагсдынхаа биднээс хүсэн хүлээдэг асуудлын голыг шийдэж чадах дүр зураг харагдаж байна. Цаашид бид хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Ярианы эхэнд дурдаад өнгөрсөн. Одоо УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа манайд хамааралтай гурван хууль байна. Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ашигт малтмалын болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэгт тухайн хууль санаачлагчдаас нь урилга авч, хэлэлцүүлэгт нь оролцож санал бодлоо тусгуулсан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47-ийн 5 дугаар зүйлд зэс ашиглахад холбоотой зүйл дээр саналаа оруулсан. Үүнтэй уялдуулаад тогтвортой байдлын гэрээ хийе гэсэн шаардлагаа Засгийн газарт өгч байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлэгт хэд хэдэн санал хэлсэн. Тодруулбал, өмнө нь явж ирсэн хуульд ажил олгогч давуу эрхтэй байхаар тусгагддаг жишгийг өөрчилж, ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэнцвэртэй болгох, төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэсэн санал оруулсан. Мөн өмнө нь ҮЭ-ийн гишүүн, гишүүн бус ч байсан  ялгаагүй Хамтын гэрээгээр олгогддог бүхий л эрх боломжийг эдэлдэг байсан. Эрхээ эдэлдэг хэрнэ үүргээ биелүүлдэггүй, татвараа төлдөггүй явж ирснийг одоо энэ хуулийн зохицуулалтаар байхгүй болгож байгаа. ҮЭ-ийн байгууллага өөрөө хамрах хүрээг нь тогтоож өгнө. Бид гишүүндээ үйлчилнэ, татвар төлдөггүй гишүүн бус ажилтан хамрагдахгүй гэсэн үг. Хууль нь өөрөө ингэж зохицуулаад эхлэхээр ҮЭ-ийн ажил ч хүндрэлгүй болох боломж бүрдэнэ. Хөдөлмөрийн хуульд орж буй нэмэлт өөрчлөлтийн зөвхөн нэг жишээ нь энэ, өөр олон зүйл заалт өөрчлөгдөж байгаа. Хамгийн гол нь ажил олгогч, ажилтан хоёрын эрхийг тэнцүү хэмжээнд авч үзэх зарчмаар ажиллах боломж бүрдэж байгаа юм.

     -Сүүлийн үеийн анхаарал татсан мэдээлэл нь Эрдэнэт үйлдвэр хоёр өөр ҮЭ-ийн холбоотой боллоо гэсэн зүйл. Ажилтны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага нэгдмэл байх нь зүйтэй гэсэн бодол байна?
    -Би энэ тухай сонссон. Цаанаа эзэнтэй асуудал гэж хэлмээр байна. Юуны түрүүнд ажилчдадаа хандаж хэлэхэд, баталгаагүй сургаар явж байгаа мэдээллийг үнэн бодит гэж итгэж,  хүлээж авах хэрэггүй.  Энэ асуудлаар хэн нэгэн надтай ирж уулзаагүй, ийм холбоо байгуулъя гэсэн асуудал тавиагүй. Мөн манай ҮЭ-ийн Холбооны гишүүн нэг ч ажилтан холбооноос гаръя, татгалзаж байна гэсэн хүсэлт ирүүлээгүй. Олон нийтийн цахим сүлжээгээр хоёр зуун хүн, хоёр мянган хүн тэрхүү холбоонд нэгдлээ гэсэн үндэслэлгүй мэдээлэл явж байгаа. Үүнд манайхан нухацтай, ул суурьтай хандана гэдэгт итгэлтэй байна. Миний авсан мэдээллээр бол санаа нийлсэн 8 хүн үйлдвэрчний холбоо байгуулаад, даргаар нь Эрдэнэ гэж хүнийг сонгосон гэсэн. Эрдэнэ гуай бол тодорхой хэмжээнд олонд танигдсан хүн л дээ. Тэр утгаараа нэрийг нь ашиглаж байж ч болох юм. Мөн үүний цаана улс төрийн зорилго агуулж байгаа гэдгийг шууд хэлье. 2020 оны сонгуульд бэлдэж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна. Энэ хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын төлөө үнэхээр тустай зүйл хийх гэж байна уу гэхээр бас тийм биш. Өөр байгууллага, тухайлбал Хивсний үйлдвэрийн ажилчид, багш эмч нарын асуудлыг ярьж байна. Ингэснээр “Эв санааны нэгдэл” хэмээх байгууллагын хүрээг л тэлэх зорилготой юм болов уу гэж харагдаж байгаа. Худлаа яриад гараад ирж болно. Гэхдээ үүнийг цаг хугацаа л харуулдаг. Эцсийн дүнд бодит мэдээлэл муутай ажилчид л хохироод үлдэнэ. “Худал - сүржин боловч хоосон, үнэн - алгуур боловч жинтэй” гэж үг байдаг. Тэгэхээр үнэн зүйл цаг хугацааны шалгуураар харагдана. Аливаа мэдээлэлд суурьтай хандаж, өөрийнхөө төлөө нягталж, судалж байхыг ажилчдаасаа хүсмээр байна.

     -Эрдэнэт үйлдвэрийн албан ёсны ҮЭ-ийн байгууллага нь таны удирдаж буй холбоо. Тэгэхээр тантай холбоотой тодруулах нэг зүйл байна. ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр үйлдвэрийн удирдлагуудад тал засаж, бидний төлөө ажиллахгүй байна гэсэн зарим ажилчдын бухимдал байгааг та мэдсэн байх. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
     -Асуудлыг яаж дүгнэх нь тухайн хүний хандлага, харах өнцгөөс шалтгаалах байх. Ажил явуулахын тулд шийдвэр гаргагч түвшний удирдлагатай уулзаж, асуудлаа танилцуулж байж л гарц шийдэл гарна. Дэлхий ертөнц ч хүн төрөлхтний харилцаан дээр тогтож байгаа. Үүнтэй яг адил. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үндсэн дээр бидний ажил урагшилна. Сайд, дарга нар ч ялгаагүй хүн. Үйл ажиллагааны харилцаагаа тэлэхийн тулд гадагшаа, тухайн ажил хариуцаж буй хүнд хандана. Санал бодлоо хэлж таниулахын тулд үг хэлээ ойлголцож, итгэлцэх шаардлага гарна. Энэ утгаараа олон чиглэл, үйл ажиллагааны хэлбэр байж бидний асуудал шийдэгдэнэ, үр дүнд хүрнэ. Эцсийн эцэст үр дүн гарч, ажилчдын бодит орлого нэмэгдэж, нийгмийн асуудлууд шийдэгдсэн байх ёстой л гэж бодож байна. Тэрнээс биш захирал, удирдлагуудтайгаа хэл амаа ололцохгүй, үргэлж манай, танай тал гэдэг шиг хандлага гаргавал яаж үр дүн гарах вэ? “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд талуудын хамтын шийдвэр, харилцан ойлголцол хамгийн чухал гэж бодож байна. Ажил хийж явахад алдаа дутагдал гарна, тэр алдаа дутагдлыг давтахгүй, цаашид засаж сайжруулж явах ёстой. Эцэст нь ҮЭ-ийн гишүүн нийт ажиллагсдадаа  аливаа асуудалд бодитой, нухацтай хандаж дүгнэлт хийж байх хэрэгтэй. Ялангуяа онцгой дэглэм тогтоосон энэ үед бодит бус мэдээлэлд итгэж, ажлын байрандаа болчимгүй зүйлд өртөхөөс болгоомжилж, ажиллахыг зориуд анхааруулмаар байна. Бидний өмнө том зорилт бий. Хувьцааны 10 хувийг давуу эрхтэй эзэмших,  тогтвортой байдлын гэрээ үзэглэх гээд цаг хугацаа шаардах хэдий ч ирээдүйгээ харсан том хөтөлбөр зорилтуудаа хамтын нэгдмэл хүчээр хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ҮЭ эвлэлдэн нэгдэж байж ажил үйлс нь бүтэмжтэй, урагштай явна гэдгийг дахин хэлье.

     - Таны цаашдын ажилд амжилт хүсье.

М.БАЛЖИННЯМ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсээс зохион байгуулдаг ХАБЭА-н дөрөвдүгээр шатны үзлэгээр Ган бөөрөнцгийн цехэд хэд хэдэн зөрчил илэрч, тэдгээрийг арилгах нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Тэгвэл тус цехийнхэн алдаа дутагдлаа заасан хугацаанд арилгаж, шалгалтын комиссоос “хангалттай сайн” үнэлгээ авсан байна.
     Үүний хүрээнд ханган нийлүүлэлт, сургалт, ажлын байрны нөхцөлтэй холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэжээ. Мөн зай талбайн хүрэлцээ муутайгаас үүссэн эмх цэгцгүй байдлыг засаж, 120 орчим тонн хаягдал төмрийг Засвар механикийн заводад хүргүүлсэн. Хог хаях, тамхи татах цэг шинээр барьж, ашиглаж эхэлсэн байна. Үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулан, орчныг цэгцлэх, бичиг баримт хөтлөлтийн зөрчил арилгах, ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажил хугацаат үүрэг даалгаврын хугацаанд гүйцэтгэсэн байна.


М.Балжинням
Фото:  Б.Баттөгс

     Дэлхийд тэргүүлэгч Samsung C&T корпорацийн төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт ажлын айлчлал хийв. Айлчлалын багийг  тус корпорацийн дэд Ерөнхийлөгч, БНХАУ дахь салбарын Гүйцэтгэх захирал Ju Han Yoo ахалж иржээ. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сард БНХАУ дахь салбар хариуцсан даргаар томилогдсон байна. Samsung C&T корпорацийн Хятад улс дахь салбар нь Монгол, Тайвань зэрэг улстай бизнесийн өргөн хүрээнд хамтран ажилладаг.  Тиймээс энэ удаагийн ажлын зорилго нь өөрийн хариуцаж буй салбарын гол түншлэгч “Эрдэнэт” үйлдвэртэй танилцах, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцах юм гэж уулзалтын үеэр ноён Ju Han Yoo онцлов.
     Төлөөлөгчдийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч, үйлдвэрийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн металлын бизнесийн чиглэлээр багагүй хугацаанд хамтран ажиллаж ирсэн БНХАУ дахь салбарын удирдлагын баг бүрэлдэхүүн ажлын айлчлал хийж буйд талархав. Айлчлалын хүрээнд талууд ажил хэргийн уулзалт зохион байгуулж, металлын бизнесийн хамтын ажиллагаагаа хөгжлийн шинэ шатанд гаргах өргөн боломж байгааг ярилцсан.
     Энэ үеэр Samsung C&T корпорацийн дэд Ерөнхийлөгч Ju Han Yoo, “Эрдэнэт”-ийн тусламж, дэмжлэггүйгээр бидний хамтын ажиллагааг төсөөлөхөд бэрх. Тэр тусмаа “Эрдэнэт” үйлдвэртэй хийдэг металлын бизнес бол манай компанийн энэ чиглэлийн үйл ажиллагааны  хамгийн томоохонд тооцогддог. Бидэнд хамтран ажиллаж ирсэн туршлага бий.  Харин Хятадад сайн худалдан авагчид байгаа. Тэдэнтэй бид сайн харилцаатай. Эдгээр давуу талаа ашиглаад хамтрах өргөн боломж бидний өмнө байна” гэсэн юм. Уулзалтын дараа Samsung C&T корпорацийн төлөөлөгчид “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс
 

     Баяжуулах үйлдвэрийн харьяа Хаягдлын аж ахуйн хамт олон энэ онд шинэ далан, чиглүүлэгч сувгийн хамт барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг далан нь М4 нэртэй. Эдгээр ажлын бэлтгэлийг ирэх тавдугаар сарын нэгнээс эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Хаягдлын аж ахуйн орлогч дарга Р.Гантулга ярив. Өнгөрсөн онд тус хэсгийнхэн 15 дугаар даланг барьж дуусгажээ. Хаягдлын аж ахуйн шугам хоолойн технологи нь зуны улиралд хуваарилах шугамаараа, өвлийн улиралд нуурын төгсгөл талаас нь элсээ хураадаг горимтой. Ингэж хоёр талаас нь хураах явцад  элсний түвшин нь харилцан нэмэгддэг байна. Үүнтэй уялдан, М3 далангийн элсний түвшин нэмэгдсэн учраас М4 даланг шинээр барих шаардлагатай болжээ. Шинэ далан барих нь байгаль орчинд хаягдал булинга алдахаас сэргийлэх, үйлдвэрийн найдвартай  ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Хаягдлын аж ахуйд энэ жил  12 дахь  худгийг ашиглаж эхлэх бөгөөд усны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд чиглүүлэгч суваг барихаар болжээ.  Энэ ажлуудыг Хаягдлын аж ахуйн хэсгийнхэн өөрсдийн хүчээр гурван сар орчмын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байна.
     Мөн тус хэсгийнхний төлөвлөгөөт ажлуудын томоохонд шугам хоолойн засвар үйлчилгээний ажил багтдаг. Сүүлийн жилүүдэд  шугам хоолойн засвар үйлчилгээний чанарт онцгой анхаарах болжээ. Шугаманд базальтан хуягт хоолой сольж тавьснаар шугамын ашиглалтын хугацаа уртсаж, осол гэмтэл үүсэх эрсдэл багассан байна.  Өнгөрсөн онд 50,  400 метрийн шугамыг базальтан хуягтай хоолойгоор сольсон бол энэ онд 650 метр шугаманд  дээрх  хоолой тавихаар төлөвлөжээ.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэр бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, тендер шалгаруулалтын урилгыг нээлттэй зарчмаар, олон нийтэд хүргэн ажилладаг. Худалдан авалтад баримталж буй бодлого хууль, журмын талаар болон 2019 оны ажлын зорилтын талаар Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригтой ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн хувьд бараа материалын худалдан авалт, нийлүүлэлт, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хэрхэн хийгддэг вэ. Он гарсаар хангамжийн ажлын гүйцэтгэл ямар явцтай байна вэ?             
     -Хангамжийн хэлтэс худалдан авалтын үйл ажиллагаа явуулахдаа 2017 оны 07 дугаар сард компанийн Ерөнхий захирлын баталсан “Эрдэнэт үйлдвэр ХХК-д Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ыг баримталж байна. Өнөөдрийн байдлаар 2019 оны худалдан авалтын болон бизнес төлөвлөгөө батлагдаагүй. Энэ нь компанийн ТУЗ-ийн хурал хойшлогдсон зэрэг бусад шалтгаантай холбоотой. Гэхдээ оны эхний улиралд үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд үйлдвэрийн онцгой комиссын шийдвэр гарч, худалдан авалтын ажлыг журмын дагуу зохион байгуулахыг Хангамжийн хэлтэст даалгасан. Энэ оны эхний гурван сарын байдлаар манай хэлтэс 60 орчим сая ам.долларын үнийн дүнтэй 80 гаруй гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр гэрээний 80 гаруй хувьд технологийн үйл ажиллагаатай шууд холбоотой нормчлогдсон материалууд авахаар тусгагдсан байгаа. Тухайлбал, ган бөөрөнцөг, ган бөөрөнцөгийн бэлдэц, нүүрс, тээрмийн хуяг, урвалж, белазын дугуй, урвалж, түлш зэрэг технологийн үндсэн материал орсон.  Бусад үйл ажиллагааг Тендерийн хуулийн дагуу зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар, хоёр тендерийн шалгаруулалт явуулж, гэрээлсэн. Мөн 10 гаруй тендерийн үнэлгээний хороо байгуулагдан, ажиллаж байна. Цаашдаа 40 гаруй тендерийг бэлтгэж, үүнийг тус үнэлгээний хороод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

      -2018 оны Худалдан авалтын төлөвлөгөө бүрэн биелсэн үү, хүлээгдэж буй бараа материал бий юу?
     -Өнгөрсөн оны гэрээлэлтээс их засварын 7 ажил, үндсэн хөрөнгийн 20 орчим ажил хүлээгдэж байгаа. Эдгээрийг бид журмын дагуу 2019 оны шилжих ажлын төлөвлөгөөнд оруулсан. Төлбөр тооцоо нь шилжсэн ажил гэсэн журмаар хийгдээд явж байна. Бид эдгээр ажлын нийлүүлэлтийг ханган ажиллаж байна.

      -Ханган нийлүүлэлт зарим тохиолдолд хугацаа удаашрах, түүнээс улбаалаад үйлдвэрлэлийн үйл явцад саатал гарч болзошгүйг анхааруулдаг. Ер нь бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэгдэхгүй саатах нь юутай холбоотой вэ?
     -Үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал зарим тохиолдолд хугацаандаа ирж амжихгүй байх нь манай цех нэгжүүдийн төлөвлөлтөөс шалтгаалдаг гэж ойлгож байна. Хэрэв ажлаа зөв цаг хугацаанд нь төлөвлөөд явбал ийм асуудал гарахгүй байх. Мэдээж, ажил хийж байхад алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх ёстой. Бүх үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг 100 хувь урьдчилан хараад, удирдаад явна гэдэг амаргүй. Гэхдээ 90 хувийг нь бол маш тодорхой төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Бага хувьд нь асуудал бол гарч байгаа, тэр үед нь бид шуурхай арга хэмжээ авч шийддэг. Их засварын ажил, эсвэл сэлбэг хэрэгсэл худалдан авч буй тохиолдолд Тендерийн тухай хуульд зааснаар тухайн үйлдвэрлэгчтэй нь харилцах, патентыг хамгаалах ёстой байдаг. Жишээлбэл, УАЗ -469 автомашины мотор авахын тулд УАЗ-ын үйлдвэрлэгчид хандаж, холбоо тогтооно. Ингэж тодорхой заасан нөхцөлд тендер шалгаруулалт зарлах нь тохиромжтой биш. Цаг хугацаа алдах гэх мэт ажил удаашрах сөрөг талтай байдаг. Харин үндсэн хөрөнгө шинээр худалдаж авах тохиолдолд тендер шалгаруулалт зарлах нь зүйн хэрэг. Ийм ч журамтай.

     -Худалдан авалтын үйл ажиллагаанд Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого тусгагдан, хэрэгжиж байгаа. Энэ оны хувьд тодорхой ямар чиглэл баримтлах вэ?
     -Энэ онд бид орон нутгаа дэмжихийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн чиглэл баримтална. Бид өнгөрсөн жилд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж, хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар хамтын ажиллагааны тайлан, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонссон. Тэд ч энэ ажлын талаар ахиц дэвшил гарч, үр дүнтэй байгааг илэрхийлсэн. Энэ ажлаа бид цаашид улам өргөн хүрээнд өгөөжтэй болгохын тулд орон нутгаас гадна Монгол Улсын хэмжээнд хийж хэрэгжүүлье гэж зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, албан ёсны түншлэгч гэхээс илүү үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллая гэсэн бодлого баримтална. Үйлдвэрлэгчдээ дэмжсэнээр улсдаа нэмүү өртөг бий болгоно гэсэн үг. Нэн ялангуяа уул уурхайн салбарт газрын баялгаа гадагш нь гаргаж, тэр мөнгөөр гадаад улсаас техник, тоног төхөөрөмж худалдан авахыг аль болохоор багасгаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх бодлого барьж ажиллана.

     -Худалдан авалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар явагдаж байна гэж ойлголоо?
      -Тиймээ. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим баримталж байна. Тендерийн хуульд нээлттэй шалгаруулалт, хязгаарлагдмал тендер шалгаруулалт, харьцуулалтын арга гэсэн хэлбэрийг заасан байдаг. Харьцуулалтын аргаар авах тендерийг бид компанийн цахим хуудас www.erdenetmc.mn -аар нээлттэй зарладаг. Харьцуулалтын аргаар шалгаруулах тендерт хорь орчим компани ч оролцох хүсэлтээ ирүүлэх тохиолдол байна.  Ер нь оролцогчдын тоо нэмэгдсэн. Тэгэхээр манай тендерийн мэдээллийг сонирхож хүлээдэг болжээ гэж харж байна. Тиймээс бид цаашид үүнийг төрөлжүүлж, санал ирүүлж буй компаниудад нийлүүлэлтийн түүх, туршлагаа мэдэгдэх гэсэн шалгуурыг оруулж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд харьцуулалтын аргаар хийгдсэн 14 гэрээ амжилттай хэрэгжиж чадаагүй. Учир нь бид бага үнийн шалгаруулалтаар эдгээр компанитай гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болоход уг гэрээт ажлаа биелүүлэх боломжгүй гэсэн. Энэ мэтчилэн хариуцлагагүй байдал дахин гаргуулахгүйн тулд дээрх зөрчилтэй компаниудыг дахин шалгаруулалтад оролцуулахгүй байх мэдэгдэл өгч байгаа. Тиймээс өмнөх ажлын туршлагыг нь цаашид харгалзаж байхаар болсон. Түүнчлэн  тендерт оролцогчдын шалгуурыг тодорхой үе шаттайгаар нэмээд явна.

     -Олон жилийн хамтын ажиллагаатай найдвартай, туршлагатай компаниуд бас бий байх?
     -Тодорхой хэдэн компанийг нэрлэвэл том оврын машинууд дээр “Камминз” үйлдвэрийн хөдөлгүүр байдаг. Үүнийг энэ үйлдвэрлэгчээс л авдаг. Харин манай улсад салбар нь “Камминз Монголия” нэртэйгээр байгуулагдсан нь бидний ажилд эерэг нөлөө үзүүлж байна. Албан ёсны салбар компанитай нь шууд холбоо тогтоож, үйлчилгээг нь авах боломж нээгдсэн. Мөн Белаз машин болон сэлбэг хэрэгслийг нь “Юнайтед Белаз Машинери” компанийн Монгол дахь салбараас нь авч байна. Энэ компаниуд зөвхөн манай үйлдвэр бус уул уурхайн бусад томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Олон жилийн найдвартай хамтын ажиллагаатай, итгэл хүлээсэн олон компанийг нэрлэж болно.

      -Техникийн шаардлага хангасан, чанартай  бараа бүтээгдэхүүн худалдан авахад бодит судалгаа чухал. Судалгааг хэрхэн хийж байна?
     -Манай хэлтэс үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж би ойлгодог. Нэг талаас, цех нэгжүүд захиалгаа манайд ирүүлдэг. Тэдний захиалгат бүтээгдэхүүнийг бид олж нийлүүлдэг. Нөгөө талаас, Зах зээл судалгааны хэлтэс тухайн бараа, материалын зах зээлийн үнийн судалгаа, бодит үнэ ханшийг гаргаж өгдөг. Эдгээрийг нэгтгэсний дараа бид худалдааны нөхцөлөө тохироод, дараагийн шаардлагатай баталгаат хугацааг нь тавьж өгөх, үйлчилгээ авах эсэх зэргийг тодорхойлж, хэрэгжилтийг нь хянадаг. Тиймээс тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг судлахаас гадна зөв, баталгаатай бүтээгдэхүүн авч нийлүүлэхийг чухалчилж байна. Энгийн үгээр тайлбарлавал, өнөөдөр 100 төгрөг хэмнэж, маргааш алдаж байснаас, 100 төгрөг илүү зарцуулж урт удаан хугацаанд найдвартай ажиллах тоног төхөөрөмж авах зарчим гэсэн үг. Энэ нь үйлдвэрлэлд өгөх эдийн засгийн өндөр үр ашиг гэж бодож байна. Тэгэхээр худалдан авалтын үйл ажиллагааг хоёр янзаар сонгож үзэх ёстой байдаг. Зөвхөн үнэ биш ажиллах хугацаа, чанарыг нь харах ёстой. Нэгж хугацаанд зарцуулж буй өртгийг тооцох ёстой. Өнөөдөр хямд гэж чанаргүй бүтээгдэхүүн авч улирал тутамд сольж байснаас чанарын шаардлага хангасан, найдвартай бүтээгдэхүүн авч жилд ганц удаа солих бодлогыг л хэрэгжүүлж ажиллана. Энэ нь илүү бодит хэмнэлт болж чадна гэж боддог.

      -Бараа материалын нөөцийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
     -Худалдан авалтын журамд нөөц бүрдүүлэлтийг хэрхэн хийх тухай заалтыг баталгаажуулж оруулж өгсөн. Технологийн нормчлогдсон материалын 2-3 сарын нөөц заавал байх ёстой. Энэ нь үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангаж, аливаа эрсдэл доголдол үүсэхэд цаг алдалгүй засч залруулахад тооцсон хугацаа. Дараагийн бүрдүүлэх нөөц нь аюулгүйн нөөц. Энэ бол сэлбэг хэрэгслийн нөөц. Сэлбэг хэрэгслүүд үнэ өндөр, үйлдвэрлэхэд их хугацаа шаарддаг бүтээгдэхүүн учраас заавал нөөцтэй байх ёстой. Эвдэрсэн тоног төхөөрөмжийн суурийг солино гэвэл үйлдвэрлэгч компани тухайн сэлбэгийг жилийн хугацаанд хийх болдог. Тиймээс бид сэлбэг хэрэгслийн нөөцийг бэлэн байлгах ёстой. Худалдан авалтынхаа 7 хувийг аюулгүйн нөөц, 13 хувийг технологийн нөөц бүрдүүлэлтэд зориулах бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, 20 орчим хувь нь агуулахын нөөц бүрдүүлэлт байх ёстой. Энэ хэмжээнд нөөц бүрдүүлэлтийг хийх бодлого барьж ажиллаж байна.

      -Сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.

М.Балжинням

     Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: zasag.mn

 

    Монгол Улсын геологийн салбарын 80 жилийн хөгжлийг харуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, ажил мэргэжлийн уралдаан салбарын Сайдын тушаалаар энэ оны турш зохион байгуулагдахаар боллоо. Зохион байгуулагчид ой угтсан эхний томоохон ажлаа энэ сарын 28-29-ний өдөр болох чуулга уулзалт хэмээн онцолж, долоо, есдүгээр сард олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ажил мэргэжлийн уралдаан, цуврал нэвтрүүлэг, түүхэн кино зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн байна.  
     Мөн дээрх ажлын хүрээнд уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийг түшиглэн ирэх есдүгээр сард “Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа өнөөдөр ба ирээдүй” олон улсын бага хурал зохион байгуулах юм.

И.ТОГТОХ


 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог