Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 04 5-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс баялаг бүтээгч уурхайчдын ажлын гол үзүүлэлтийг дүгнэхэд, оны эхнээс 199 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-121 хувиар давуулан биелүүлснийг танилцуулсан. Мөн оны эхний 4 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа энэ үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлсэн уурхайчдадаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, урмын үгсээ илгээлээ. Тэрээр энэ онд нийгмийн чиглэлийн төслүүдийг дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэйг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгосон юм.

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажилласан тухай ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Автотээврийн цех, Засвар механикийн заводын удирдлагууд ажлаа танилцуулсан. Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөр тутмын ариутгал цэвэрлэгээ хийж, Баяжуулах үйлдвэр өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Үйлдвэрийн хэмжээнд ирэх 7 дугаар сарын их зогсолтын бэлтгэл ажлыг хангахад анхаарч байна. Хаврын салхитай холбогдуулан цахилгааны агаарын шугамд богино тасралт үүсэж болзошгүй байгаа тул найдвартай ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг Эрчим хүчний хэлтсээс санууллаа. Ус хангамжийн цех, Цахилгаан цехийн хамтарсан Ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

И.Чинтогтох

Уурхайчин бүсгүйчүүд өөрсдийн гараар урласан Цагаан дарь эх бурханыг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд гардуулан өглөө. Цагаан дарь эх бурханыг зээгт наамлын аргаар урлан бүтээсэн энэхүү нандин бүтээл нь уурхайчдын сайн сайхан амьдралыг билэгшээжээ. Монгол Улсын уран хатгамалч, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэгбурханы дүрийг 3 шавийнхаа хамтаар хоёр сар гаруйн хугацаанд урлан бүтээсэн юм. Тэрээр “Бид үйлдвэрийнхээ төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултаас энэхүү бүтээлийг хийх санаагаа олсон” хэмээн тайлбарлаад хамт олондоо ажлын амжилт хүслээ.  "Цагаан дарь эх" бурхан нь энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булагтөдийгүй зогсохгүй амь нас уртасгах, элдэв гэнэтийн аюул ослоос сэрэмжлэхийн шид бүтээлийг эрхшээгч ажээ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг аврал нигүүлсэлдээ эрхшээхийг сүслэн залбирч, урухаанаа шингээн шагласан Чанар хяналтын хэлтсийнажилтан О.Жаргал, Цахилгаан цехийнажилтан Ч.Сарантуяа, Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтан Ё.Энхмаа, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэг нарт үйлдвэрийн удирдлагууд гүн талархал илэрхийлж, хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

И.Чинтогтох

Эрдэнэт үйлдвэрийн гадна дотно орчны талбай, ажлын байрны тохижилт, эмх цэгц, өнгө төрх, тав тухыг хариуцан ажилладаг Аж ахуй, үйлчилгээний цехийн 45 жилийн ой энэ онд тохионо. Тус цех нь 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа буюу анхны аж ахуйн хэлтэс нэртэй байгуулагдаж байжээ. Ойн өдрөө цехийн хамт олон ажил бүтээлийн өндөр амжилттай угтах зорилтын дор 45 бүтээлч ажил төлөвлөн, ажиллаж байна. Төлөвлөгөөндөө ажилчин бүрийн саналыг тусган, шинээр хийж бүтээх үйлсээ эхлүүлээд байна.

Үйлдвэрийн бүс болон захиргааны байрны гаднах 7.3 га талбайн тохижилт үйлчилгээгАж ахуй, үйлчилгээний цехийнхэн хийдэг. Хаврын тохижилт, мод бут суулгах, цэцэг ургамлаа арчилж тордох гээд урин дулаан цагийн урьдал болгон амжуулдаг их ажил ундарч байгааг цехийн дарга Б.Туяа онцлов.

Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон энэ жил хийгдэх бүтээлч ажлуудын зэрэгцээ ой угтсан ажлын хүрээнд “Бахархан дуурсагдах 45 жил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажиллагсдын дунд “Хэнд хамгийн их талархдаг вэ” талархлын захидлын уралдаан, “Мөрөөдөл биелдэг юм” зорилтот тусламжийн аян, “ Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нэгөдөр” сэдэвт нэг жилийн аян, цехийн түүхэн замналыг харуулсан “Гэрэл зураг түүх өгүүлнэ” зургийн үзэсгэлэн, “Эелдэг харилцаа, стрессгүй орчин” зэрэг олон төрлийн шинэлэг  хөтөлбөр хэрэгжинэ. Мөн ХАБЭА-н зөрчилгүй хамт олон болж, бүх шатанд “Аюулгүй ажиллагч” ажилтнуудыг тодруулах, 5 сайн үйлсийн хүрээнд цехийн үлгэр жишээ шилдэг ажлын байрыг шалгаруулах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.

М.Балжинням

Фото П.Батцэцэг 

Даваа, 04 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 04

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 125 дахь өдөр. Он дуусахад 241 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +22 градус, шөнөдөө +4 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 04. Сумъяа гараг. Билгийн тооллын 12. Улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20цаг 09 минутад жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу болой. Өдрийн сайн цагнь бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол газар явагсад урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5061ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3035, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 38.3, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр гадаадын ямар улсуудад бүтээгдэхүүнээ гаргаж байна вэ? Түүний дотор ЗХУ-ын хичнээн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

Хариулт: -БНМАУ-ын болон социалист орнуудын хооронд энэ таван жилд байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр ЗХУ, БНСЧСУ, БНАГУ, БНБАУ, БНУАУ-д зэс, молибдены баяжмал нийлүүлэх юм. Үүнээс: Молибдены баяжмалыг зөвхөн ЗХУ худалдаж авна. Зэсийн баяжмалыг ЗХУ-ын таван үйлдвэр, молибдены баяжмалыг 2 үйлдвэрт нийлүүлдэг.

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээ социалист орнуудад ямар үнээр борлуулдаг вэ?

Хариулт: -Энэ орнуудад дэлхийн зах зээлийн түвшинг харгалзсан гадаад худалдааны үнээр борлуулдаг.

Асуулт: -Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн баяжмал ямар үнэтэй байна вэ?

Хариулт: -Дэлхийн зах зээлд зэс, молибдены үнэ нь энэхүү таваарын эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байнга хэлбэлзэлд орж байдаг. 1988 оны 12 дугаар сарын байдлаар Лондонгийн биржид нэг тонн зэсийн баяжмал 750 ам.доллараар үнэлэгдэж байна.

(Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог