Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 02 7-р сар 2019

   Мэргэжил бүхэн бахархалтай. Харин тэрхүү ажил мэргэжлээ голж шилэлгүйгээр, урдах ажлаа сайн хийж чадвал өөр нэгэн үүд хаалга нээгддэг болохыг Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа. Тэрээр засварчнаас эхлээд хэсгийн дарга болтол дэвшихдээ залуучуудад мэргэжлийн дадлага туршлагаасаа хуваалцан, үнэт зөвлөгөөг харамгүй өгсөөр иржээ.

   - Та ажил мэргэжлийнхээ замналаас хуваалцахгүй юу?
   - Политехникийн дээд сургуульд элсэж, сургууль маань нэрээ сольсноор 1991 онд авто инженер мэргэжлээр Техникийн их сургуулийн анхны төгсөгч болсон. Сургуулиа төгсөөд  1994 онд Эрдэнэт үйлдвэрт мэргэжлийнхээ дагуу засварчнаар ажилд орж байлаа. Тэр үеэс хойш мастер, сургалтын инженер, бүтээмж инновацийн мэргэжилтэн, хэсгийн орлогч даргаар дэвшин ажилласан. Одоо хэсгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

   - Үйлдвэрлэлд оновчтой санал гаргаж хэрэгжүүлсэн манлайлагчдын эгнээ өргөжин тэлсээр байна. Таны хувьд 2018 оны шилдгүүдтэй эн зэрэгцлээ. Сэтгэгдэл хэр өндөр байна?
   - Өдөр тутмын ажлаа сайжруулах нь бүтээмжийн ажил байсныг хожим ойлгосон. Хэдийгээр нэршил нь өөрчлөгдөж, бүртгэл хийдэг болсон ч өмнө нь бидний хийдэг л байсан ажил. Гэхдээ илүү сайжирсан. Өнгөрсөн онд манай хэсэг 172 санал гаргаснаас дөрвийг нь хэрэгжүүлж чадаагүй. Харин оны эхний хагас жилийн байдлаар сайн саналын системд 150 санал бүртгэгдлээ. Бид 2019 онд 240 санал хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол оны эцэс гэхэд энэ тоо даруй нэмэгдэх төлөвтэй байна. Манайхан хэлсэн санааг ажил хэрэг болгохдоо чадамгай.

   - Хэсгийнхээ хэмжээнд хэдэн дугуйлантай вэ?
  - Манай хэсэг 140 гаруй ажилчин, бүтээмж чанарын 11 дугуйлантай. Тэдгээрийн 15 нь инженер техникийн ажилтан байдаг. Бидний дундаас мотор агрегатын “Сүлд” чанарын дугуйлан бусдаасаа илүү санаачилгатай ажиллаж байна. Аливаа бүтээмжийн ажлуудад хяналт тавьснаар ажлын цаг ашиглалт сайжирч, энд тэнд сэлгүүцэх зав гардаггүй болсон. Ажилчид дор бүрнээ санаачилгатай болж, үүнийг хиймээр байна, гээд асуух жишээтэй. Бүтээмжгүй суудаг хүн бараг байхгүй.

   - Хийж хэрэгжүүлэх ажлаасаа онцолбол?
  - Манайд ашиглагддаг CUMMINZ маркийн дотоод шаталтын хөдөлгүүр бий. Төлөвлөгөөт хугацаанд нь сэлбэг нийлүүлэлт болон бусад шалтгаанаас болж ревиз хийлгүй явуулаад байвал тухайн машины тахир гол, блокыг дахин ашиглах боломжгүй болох талтай. Ингэснээр зөвхөн нэг хөдөлгүүрийг засварлахад 400 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Харин хэмнэлтийн төлөвлөгөөнд оруулж өгснөөр 80 орчим сая төгрөгөөр таван хөдөлгүүрийн насжилтыг уртасгах боломжтой. Үйлдвэрт ашиглаж байгаа түлш олон дамжлагаар ирдэг тул зөөвөрлөх, хадгалах явцад ихээхэн бохирддог. Тиймээс нано технологийн шүүрийг ашиглах нь түлшний системийн эд ангийн эвдрэлийг багасгаж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ гэж харж байгаа.

   - Эхний зургаан сарын ажлын явцынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  ашиглаж байгаа бүх төрлийн технологийн тээврийн БелАЗ маркийн автомашины техник үйлчилгээ, урсгал засварыг хариуцан ажиллаж байна. Бидний ажлыг үнэлдэг гол зүйл нь техникийн бэлэн байдлын коэффициент байдаг. Хагас жилийн үзүүлэлтээр техникийн бэлэн байдлын итгэлцүүр маань 0,92 хувьтай гарсан. Энэ бол сайн үзүүлэлт.

   - Мэргэжлийн тал дээр хэрхэн хөгжиж, цаг үеэ дагаж байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийнхээ буянаар гадаад орнуудад туршлага солилцох ажлаар нэлээд явсан. Ажлын туршлага ч ахисан. Хамгийн анх Беларусын Жодино хотод БелАЗ-ын үйлдвэрийг сонирхож, сургалтад хамрагдаж байсан. Дараа нь ОХУ-ын Кемерова мужийн уурхайнуудаар туршлага судалсан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад СUMMINZ болон бусад үйлдвэрийн газруудаар явсан. Өнгөрсөн хаврын тухайд дугуй засварын чиглэлээр сүүлийн үеийн шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ материалуудтай танилцахаар  ХБНГУ-д  яваад ирсэн.

   - Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтэс энэ онд “Гаалийн итгэмжлэгдсэн оператор” байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, төлөвлөгөө боловсруулжээ.  Энэхүү зорилт, төлөвлөгөөний үр дүнд  Эрдэнэт үйлдвэр ирэх 10 сард “Гаалийн итгэмжлэгдсэн оператор” байгууллага болох юм. “Гаалийн итгэмжлэгдсэн оператор” байгууллага болсноор бараа материал гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний олон төрлийн хөнгөлөлт эдлэх зэрэг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн эдийн засаг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэг боломж нээгддэг байна.  Өнөөгийн байдлаар, манай улсын хэмжээнд “Гаалийн итгэмжлэгдсэн оператор” байгууллага болох хүсэлтээ илгээгээд буй АПУ зэрэг томоохон хэд хэдэн компани байгаа аж. Эрдэнэт үйлдвэр гаалийн байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай төдийгүй улс орны эдийн засаг, хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Гаалийн Ерөнхий газраас тус үйлдвэрийг  “Гаалийн итгэмжлэгдсэн оператор” байгууллагаар сонгож, дэмжин ажиллаж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцоллоо.
   Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “Чанарын хөтөлбөр” хэрэгжиж байна. 2016 онд Монгол Улсын  “Үндэсний чанарын хөтөлбөр” батлагдсантай уялдуулан  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Чанарын хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үр дүн нь цаашдын зорилтыг тодорхойлох аж.
   Чанар хяналтын хэлтэс 2019 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд 115 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материалд хяналт шалгалт хийн, үүнээс чанар стандартын шаардлага хангаагүй 13 нэр төрлийн 775 ширхэг бараа материалд акт тогтоон буцаажээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт учирч болох 729 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

М.Балжинням

 

   Монголд бурхан шашныг дэлгэрүүлэгч гурван зулын нэг Ламын гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт маргааш Эрдэнэт үйлдвэрт морилж, уурхайчдад маань мэгзэм сонордуулан, эрх, номын авшиг хүртээнэ. Ламын гэгээнтэн Орхон аймагт “Гурван бүсийн нутаг” ТББ-ын заллагаар морилж буй бөгөөд энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч, уурхайчдынхаа сэтгэл зүй, ажил үйлсийг өөдрөг байлгах тулгуур хүчийг бодон сүсэглэж номын айлдвар хүсжээ.
   Ламын гэгээнтэний VIII дүрийг тодруулах ажил 1999 оноос эхэлж, 2010 онд Дээрхийн гэгээн Далай лам болон халхын IX Богд Жавзандамба хутагт нар 5000 гаруй хүүхдийн дундаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Болдын Энхбатыг тодруулж, хутагтын ширээнд залсан билээ. Шашны тэргүүнүүдийн санал нэгтэйгээр тодруулсан хутагт Бурханы номд төгс боловсрохоор Далай багшийн айлдварын дагуу Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн хийдэд шамдан суралцдаг.
   Ламын гэгээнтэн маргааш буюу 7-р сарын 3-ны өдрийн 17.00 цагт Орхон аймгийн ард иргэд, сүсэгтэн олонд зориулж Соёл, урлагийн цогцолборын их танхимд ном хурах аж.

М.Одгэрэл

   Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийнхэн “Өглөөний ХАБ” үйл ажиллагааны хүрээнд хоёр дахь ажлын байраа тохижуулжээ. Ажлын байр бол аюул осолгүй ажиллах талбар хэмээн үзсэн Мотор агрегатын бригадын хамт олон сэтгэл зүтгэл гарган, үлгэр жишээ ажиллаж байна. Тэд хаягдал төмрөөр хийсэн эргэдэг сандал, шилэн тавцантай ширээ, автомат удирдлагатай хөшиг, гоёмсог цаг, ханын чимэглэл, номын тавиур гээд нүдэнд тусах олон зүйлийг урлан бүтээжээ. Нарийн ажиллагаатай ангилан ялгалтын өрөөг тохижуулж дуусаад, дараагийн ажлын байраа өнгө үзэмжтэй болгоход анхаарна гэдгээ тус бригадын мастер Т.Ганболд хэллээ. “Өглөөний ХАБ”-аар дамжуулан бүтээлч санаачилга өрнөсөөр байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

      

      

     

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог