Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 18 7-р сар 2019
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэс нь Монгол улсын  Цагдаагийн албаны тухай хууль, бусад хуулиуд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон Цагдаагийн Ерөнхий Газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас гаргасан  тушаал, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган улсын онц чухал обьект “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа объектуудын харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж, гаднын гэмт халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.

     2019 оны эхний хагас жилийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа нутаг дэвсгэрт 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 50 хувиар, нийт хэрэгт эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба үйлдвэрийн бүс, харъяа бусад объектуудад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулсан ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй байна.
   Манай хамт олон ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг амжилттай ханган ажиллахын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна.

  

   Тухайлбал манай хамт олны дундаас ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан 5 алба хаагч “Цэргийн хүндэт медаль”, 1 ажилтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1 алба хаагч “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдэг, 5 алба хаагч ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсан ба цагдаагийн ахлагч Ш.Билгүүндалай Орхон аймгийн баяр наадамд амжилттай барилдаж үндэсний бөхийн аймгийн нэмэх начин цол, Х.Дэлгэрмаа ширээний теннисийн УАШ тэмцээнээс алтан медаль, цагдаагийн ахлах ахлагч М.Одбаяр, цагдаагийн дэд ахлагч Б.Бадам нар Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээнээс хөнгөн атлетик, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойгоо угтаж байна.
   Та бүхэндээ Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Х.Мөнхжаргал

   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын салбарт онцгой анхаарч, хөхиүлэн дэмжсээр ирснийг тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын алдар гавьяа тодхон харуулдаг. Үндэсний их баяр наадмаар өнгөтэй наадсан Эрдэнэт үйлдвэрийн хамт олны спортын амжилт, ололтоос хуваалцахаар Спорт цогцолборыг зорилоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй ярилцсанаа хүргэе.

   - Та сайхан наадав уу, баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
  
- Сайхан наадлаа. Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж би хувьдаа ойлгодог. Өөрөөр хэлбэл, Монголчуудаас олон мянган жил өвлөгдөж ирсэн үнэт өв соёл юм. Энэ утгаар нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд төрт ёсны их баяр наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, оролцож ирсэн уламжлалтай.
   Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу бөх, сур, морь гэсэн эрийн гурван наадмын төрлүүдэд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийн нэрийг өндөрт өргөх, Монгол түмнээ баясган цэнгүүлэх хариуцлагатай үүрэг даалгавар авсан. Ингээд үйлдвэрийнхээ бөхчүүд, харваачид, уяачдыг ажлаас нь чөлөөлж, бэлтгэл сургуулилтыг чамбайрууллаа.

   - Эрдэнэт үйлдвэрээр овоглосон эрхий мэргэн харваачид Улсын баяраар өнгөтэй наадаж, уурхайчин хамт олноо баярлуулсан. Сурчдын амжилтын талаар онцолбол?
   - Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдаас үндэсний сурын спортоор хичээллэдэг, аймаг, улсын цолтой 47 хүн бий. Тэдний 16 нь энэ жилийн улсын баяр наадамд цэц мэргэнээ сорьж, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторчин Э.Ганчулуун 38 оноогоор Монгол Улсын “Гарамгай мэргэн” цолны болзол хангасанд бид их баярлалаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн ажилчин, Монгол Улсын “Даяар дуурсагдах мэргэн” Л.Отгонбаяр өөрийн амжилтын түүхээ зузаатган, айргийн тавд багтсан.
   Мөн Орхон аймгийн баяр наадмын сурын харваанд Ус хангамжийн цехийн ажилчин, спортын мастер С.Ганхуяг тэргүүн байр эзэлж “Аймгийн мэргэн”, Цахилгаан цехийн инженер, спортын мастер Б.Баасанжав гуравдугаар байрт шалгарч “Аймгийн гоц харваач” цол хүртсэн. Үүний зэрэгцээ өсвөр үеийнхэн маань улсын наадмаас амжилт арвин, богц дүүрэн ирснийг хэлэхэд таатай байна. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа энэ жил дөрвөн насны ангилалд зохион байгуулагдсанаас өсвөрийн харваачид маань гурван насанд Монгол Улсын “Өсөх идэр мэргэн” цол хүртэж багш дасгалжуулагч, эцэг эх, нутгийн зон олноо баясгалаа. Эрдэнэтчүүд бүгд баярлаж, бахархаж байна.

   - Уяачид маань хэр одтой наадав?
   - Хурдан морины уралдаанд уяачдын морь шандастай давхиж, сайхан амжилт үзүүлсэн. Улсын баяр наадамд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн их насанд сойсон хурдан хээр морь айргийн гуравт давхиж, ард олноо баярлуулан цэнгүүллээ.
   Азарга насны морьдын уралдаанд Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбатын эрлийз болон монгол азарга, их насанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийн хурдан ажнай түрүү авч хурсан олныг баярлуулсан. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хурд эрлийз дунд насанд аман хүзүүдэж, их насанд ХМТАЦ-ийн инженер, аймгийн алдарт уяач  Н.Цэрэндондовын ажнай болон Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурийн соёолон, даага насанд уралдсан хурдууд айргийн тавд хурдаллаа.

   - Эрийн гурван наадмын өнгийг тодорхойлдог үндэсний бөхийн барилдааны тухайд?
  - Үндэсний бөхийн барилдаанд “Хангарьд” спорт клубын бөх, Монгол улсын начин Э.Энхбат маань төрийн их баяр наадамд дөрвөн удаа тав давж, Ардын хувьсгалын түүхийн хугацаанд цөөхөн гарсан амжилтын эзэн болсон.
   Харин Орхон аймгийн баяр наадамд манай бөхийн галд бэлтгэл хийсэн, “Хангарьд” клубын тамирчин асан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Тус наадмын торгон дэвжээнд “Хангарьд” клубын тамирчин, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж, Автотээврийн цехийн жолооч М.Мөрөнчулуун, Б.Хишигчулуун нар аймгийн начин цолны болзол хангасныг дуулгахад таатай байна.
  
   - Сүүлийн асуултыг танд үлдээе. Танд нэмж хэлэх зүйл бий юу?
  - Эрийн гурван наадамд бөхчүүд, сурчид, уяачид маань арвин их амжилт гаргасан нь Эрдэнэт үйлдвэр энэ оны төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн давуулан биелүүлэхийн бэлгэдэл болов уу. Энэ их амжилтыг гаргахад ажилтан, албан хаагчдаа дэмжиж, ажлаас чөлөөлж, бүхий л бололцоогоор хангаж өгсөн Эрдэнэт үйлдвэрийнхээ цех, хэсэг, нэгжийн удирдлагууд, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог