Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 2-р сар 2019

     Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс монгол бичгийн шалгалт авч түвшинг тогтоох, улмаар босго оноо давсан суралцагсдыг дараагийн шатны шалгалтанд оруулахаар болсон. Тус хичээлийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон бөгөөд шалгалтыг гуравдугаар сарын 23-нд, босго онооны болзол хангаагүй тохиолдолд дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авахаар товложээ.
     Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоодог элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг БСШУС-ын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

И.ЧИНТОГТОХ

Бүлэг Боловсрол

     Уурхайчин соёлын ордны Эрдэнэт дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ ирэх сарын хоёронд болох “Морин хуур” наадмын гала тоглолтонд оролцож, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр боллоо. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 32 дахь жилдээ зохиож байгаа тус наадам оны шилдэг уран бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр тодруулж, хөгжмийн зохиолчдын чансааг шалгана.
     Энэ жилийн наадамд 100 гаруй дуу өрсөлдсөн бөгөөд дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ Намсрайжавын Батжаргалын шүлэг, Баатарын Цэрэндондовын хөгжим “Амьдрал жаргалтай” бүтээлээр оролцож байна.
     Мөн тэрээр ирэх сард “Энгэрийн цэцэг” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт хийхээр төлөвлөжээ.  Зургаан жилийн өмнө олны сонорт хүргэсэн “Энгэрийн цэцэг” дуу нь түүний ээждээ зориулсан бүтээл бөгөөд тоглолтын үеэр охинтойгоо хамтран дуулах юм.  Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын эстрад симпони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, Барилгын цэргийн Ерөнхий газрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан түүний аав тоглолтын үеэр авъяасаа үзүүлнэ гэдгийг дуучин маань онцолсон.
     Эрдэнэтийнхэн түүнийг Хөгжимт драмын Бөртэ хатан, Ану хатан дуурийн Ану хатан, Есүхэй дуурийн Сочигэл хатан, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Сингл лэйдис” МУСК-ны туслах дүрээр нь эчнээ мэднэ.

И.ЧИНТОГТОХ

     Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сард Монголын хүүхдийн спортын VI их наадам болно. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд оролцох хүүхдүүдийг орон нутагтаа сонгон шалгаруулах юм. Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, спортын холбоодын тэргүүнээс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын хэсэг байгуулагджээ. Одоогоор өвлийн спортын төрөлд оролцох хүүхдүүдийг шалгаруулсан бөгөөд спортын их наадмын гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд оролцох баг тамирчдыг бүсийн чанартай уралдаан тэмцээнээс тодруулах юм байна. 

     Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс сар тутмын ээлжит хурлаараа хүдрийн агуулгыг өсгөх, ган бөөрөнцөгийн цехийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ил уурхайн экскаваторуудын засварын дараах цэвэрлэгээний ажлыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Мөн эдгээр тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэх боломжтойг Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэлэв.
     Чанар хяналтын хэлтэст он гарсаар ISO9001 стандартын хэрэгжилтэнд Стандартчилал хэмжилзүйн газраас аудит хийжээ. Улмаар 13 зөвлөмж өгсөн бөгөөд үйл ажиллагаагаараа “хангалттай” үнэлгээ авсан байна. ISO9001 стандартыг 4 үндсэн цехэд хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн хамт олон энэ онд бусад цехэд стандарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

И.Чин
 

     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба өнгөрсөн онд НХХЯ-ны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хоёр чиглэлээр хамтран ажиллажээ. Ингэхдээ химийн хортой бодистой ажилладаг 250 ажилтныг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулж, нэгтгэсэн тайланг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан байна. Мөн Медипас эмнэлэгтэй хамтран хийж буй 6000 ажилтны үзлэг шинжилгээгээр зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгааг гаргаж, түүнд үндэслэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
     Эдгээр дэд хөтөлбөрийн эхний ажил болох “Эргономик” дэд хөтөлбөр энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хэрэгжих юм. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдэлтэй ажлын байрыг илрүүлснээр ажилчдыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна. Хоёр дахь аян “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” сэдвийн дор дөрөв, тавдугаар сард хэрэгжиж, үйлдвэрийн эргэн тойронд буй орчны тохижилтыг сайжруулахад чиглэжээ. Мөн гурав дахь аянаар “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, дөрөв дэх аянаар “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх онцоллоо.

И.Тогтох

     Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2019 оныг Сургалт хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороо залуу боловсон хүчнээ Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
     Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Гончигсүрэн хэлсэн үгэндээ, “Танхимын сургалт зохион байгуулж, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын ТЭЦ3, ТЭЦ4 станцуудтай танилцах, мэргэжил нэгт байгууллагуудтай дадлага, үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгээ онцоллоо. Тус хороо өнгөрсөн онд Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ шугамаар танилцах, дадлага, туршлага солилцох уулзалтаа зохион байгуулахаар болсон байна.

И.Чинтогтох

Лхагва, 20 2-р сар 2019 00:00

Хамтын ажиллагаа өргөжинө

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, цех, нэгжийн удирдлагууд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоне тэргүүтэй, тус улсад төвтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Тэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав. Энэ жил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Тиймээс тус улсаас Монгол Улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлого барьж буйг элчин сайд онцоллоо.

У.Цэрэнбат
 

     Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт,  улс орны  нийгэм, эдийн засгийн гол хүч Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан Монгол Шуудан компани “Эрдэнэт-40 жил” сэдэвт алтан маркийг бүтээж, үйлчилгээнд гаргажээ. Тусгай технологиор бүтээгдсэн алтан маркийн нээлт өнөөдөр Эрдэнэт хотноо болов. “Эрдэнэт 40 жил” алтан маркийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд, хамт олны төлөөлөл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монголын Марк сонирхогчдын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу нарын зочид оролцож, алтан маркийн дээжээс гардан авсан. Мөн энэ үеэр “Эрдэнэт 40 жил” алтан марк, дугтуйны нээлттэй худалдааг зохион байгуулав.  
      Монгол Шуудан ХК, уул уурхайн сэдвээр анх 1977 онд Эрдэнэтийн овооны ордыг түшиглэсэн их бүтээн байгуулалтыг бэлгэдэн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нэртэй нэг нэрийн марк гаргаж байсан бол хоёр дахь буюу түүнээс хойш 42 жилийн дараа “Эрдэнэт 40 жил” сэдэвт өндөр технологийн алтан маркийг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж. “Эрдэнэт 40 жил” сэдэвт маркийг 22 кратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулж хийснээрээ онцлогтой болжээ. Энэхүү маркны зураачаар Монгол шуудан компанийн зураач, МУСТА Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, тус компанийн уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэртэй хамтран хагас жилийн хугацаанд бүтээсэн байна. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг жил бүр Монгол Улсын Засгийн Газраас баталдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолд зааснаар бүтээгдсэн “Эрдэнэт-40” тусгай технологийн алтан марк нь шуудангийн үйлчилгээнд орж буй 1041 дэх сэдвийн марк болж буй.
     Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгааг илэрхийлдэг марк бол дэлхий дахины түүх соёлын нэгэн үнэт өв юм. Үйлчилгээнд гарсан даруйдаа тухайн орны зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлж чаддаг марканд Эрдэнэт үйлдвэрийн бүхэл бүтэн 40 жилийн хөгжил дэвшил, өнгө төрхийг багтаасан нь Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан Монгол орныг дэлхийд таниулахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд уг алтан маркийг үнэлж байна.
     Эрдэнэт  үйлдвэр бол нийгмийн хариуцлагын хамгийн шилдэг бодлоготой компани. Тиймээс компанийнхаа үнэт баялагийг уурхайчид, ажилтнууд хэмээн тодорхойлдог. Энэхүү утга санааг алтан маркны гол хэсэгт эгэл жирийн уурхайчнаар төлөөлүүлэн дүрсэлж өгсөн нь тус үйлдвэрийн үндсэн зарчим, үнэт зүйлийг тусгаж чаджээ. “Эрдэнэт 40 жил” сэдэвт алтан марканд үйлдвэрийн өчигдөр, өнөөдрийг харьцуулан өнгөт болон хар зургийн аргаар ялгаж дүрсэлсэн нь зууны шилдэг  үйлдвэрийн техник технологийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, үйл ажиллагааны  хөгжил дэвшлийг өгүүлсэн утга агуулга төгс шийдэлтэй бүтээл болсныг марк сонирхогчид онцолсон юм.

М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн санг найдвартай баталгаажуулах, ажиллагсдад шаардлагатай баримт бичгийг шуурхай олгох, шат дамжлагыг багасган цаг хэмнэх зорилгоор тодорхойлолт олгох машиныг компанийн хэмжээнд ашиглаж эхэлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээж буй оновчтой технологийн нэг болжээ. Анхны машиныг Ерөнхий захиргааны 2 дугаар байранд нэвтрүүлж байсан бол  Ерөнхий захиргааны 1 дүгээр байр болон Засвар механикийн заводад шинээр хоёр машиныг нэмж суурилуулсан байна.  Уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 28 тоот тушаалын дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех хамтран зохион байгуулж, гүйцэтгэсэн юм.
     Тодорхойлолт авах машин нэвтэрснээр ажилтнууд цалин болон ажлын тодорхойлолт, ХАБ-ын хувийн хамгаалах хэрэгслийн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Түүнчлэн энэхүү боломжийг  илүү өргөн болгох үүднээс  Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр, зохион байгуулалтын нэмэлт системийг боловсруулж байна. Уг программыг Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй  мэдээллийн нэгдсэн “Хур” системтэй холбосноор бусад олон төрлийн бичиг баримтыг автомат машинаас авах боломжтой болох юм. Тодруулбал,  өндөр насны тэтгэвэрт гарахад маш олон тодорхойлолт бичиг бүрдүүлж, 2 сар хүртэл хугацааг зарцуулдаг байсан бол  дээрх программыг ашиглаж эхэлснээр  ердөө 2-3 минутын хугацаанд шаардлагатай бүх бичиг баримтаа татаж авах юм байна.  Шинэ программыг  оны эхний хагас жилд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.  


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэр ХХК ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд "Эрүүл мэнд" цогц хөтөлбөр боловсруулан, тав таван жилээр хэрэгжүүлэн үр дүнг нь дүгнэдэг. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг  ХАБЭАБОХХ болон Эрдэнэт сувиллалын цогцолборын удирдлага, холбогдох эмч мэргэжилтнүүд өнөөдөр зөвлөлдөж,  2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
     “Эрүүл мэнд” цогц хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтын зохион байгуулалтыг оновчтой, зөв төлөвлөх талаар хөндөв. Тухайлбал, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудын бүртгэл, тэдэнд тавих эрүүл мэндийн хяналт, Улаанбаатар хотод онош тодруулахаар явж буй ажилтнуудын үзлэгийн хуваарь, хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу химийн хорт болон цацраг бодистой харьцдаг ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг төлөвлөлтийг практик судалгаа, ажилтнуудын санал дээр үндэслэн боловсруулахыг чухалчиллаа.
     Мөн эрүүл хүнсээр дамжуулан уурхайчдыг эрүүлжүүлэх алхам хийх нь хамгийн зөв хэлбэр гэж зөвлөгөөний үеэр онцолсон. Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэд ажиллаж буй халдвар судлаач, хоол  зүйч, технологичоос бүрдсэн Хүнсний эрүүл  ахуйн хяналтын баг, ХАБЭАБОХХ-ийн Хүнсний эрүүл ахуйч эмч шинээр ажиллах болсон  зэрэг нь дээрх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх хөшүүрэг юм.  Ингэснээр ажиллагсдын халуун хоол болон хүнсний эрүүл ахуйн хяналт, шалгалт дээшилж,  эрүүл аюулгүй ажиллах боломж нэмэгдэнэ. “Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл сайжруулах ажлыг  үр дүнтэй, оновчтой зохион байгуулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэсэн” гэж ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх ярилаа.