• Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байна

       Засгийн гарын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэл сурталчилан таниулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт яам, агентлаг, 20 гаруй байгууллагын төлөөллөөс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан, нээлттэй өдөрлөгт мэдээллээ түгээн ажиллаж байгаа юм.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчилж, дүрмийг баталснаар 100 хувь төрийн өмчит статустай болсон. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон ч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, улсад төлсөн татварын хэмжээгээр тэргүүлсээр байна. Өдөрлөгийн үеэр үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулт өгч, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээ хүргэн ажиллаж байна. Оны эхний 8 дугаар сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелэж, эдийн засгийн үзүүлэлт өссөн дүнтэй гарсан нь улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.    И.Чинтогтох Фото: Б.Ялалт         Дэлгэрэнгүй...
  • П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээн ирэх долоо хоногт болно

    Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт “Алтан бамбай“ тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдагуг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм. Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга байгууламж, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Тэмцээний төгсгөлд таван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээхээс гадна шилдэг ахлагч, шилдэг аврагч  номинацийн эзэд тодорно. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэх ажил эхэллээ

    Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан. Ойг цэвэрлэх ажлын үргэлжлэл энэ сарын 10-наас дахин эхэллээ. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Технологийн замыг сэргээн засч байна

    Сүүлийн сар бороо их орсноос Ус хангамжийн цехийн ус өргөх нэгдүгээр станцчиглэлийн технологийн зам эвдэрч, машин техник явахад халгаатай болжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэгхэлэлцэж, уг замын ээлжит засварыг эхлүүлэхээр шийдвэрлэн Авто тээврийн цехэд үүрэг болгов. Ус өргөх нэгдүгээр станц хүртэлх 60 км замын засварын ажил өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт сайжруулсан замыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • М4 далан өвлийн хаялтаа авахад бэлэн боллоо

    Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Баяжуулах үйлдвэр нь  жилд 31 сая 500 мянган тонн хүдрийг хүлээн авч боловсруулан 630 мян.тн зэсийн баяжмал, 5300 тн молибдены баяжмал гаргадаг.  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдал хадгалах сангийн урд хэсэгт нийт 15 далантай ба 2018 онд 15-р даланг байгуулж, далайн түвшнээс дээш 1305 м өндөр болсон юм.  Харин хойд хэсгийн далан  болох М4 даланг байгуулж 2019 оны 9-р сарын 5-нд  хүлээн аваад байна.  Хаягдлын сангийн нийт талбай 2067.6 га ба санд нийт 830 сая тн элс, 22.3 сая м3 ус агуулагдан Баяжуулах үйлдвэрийг цагт 8000 м3 эргэлтийн усаар хангадаг юм. Хаягдал хураах хиймэл нуур ба далан нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутмын үзлэг хяналтад байлгадаг. Ийнхүү М4 даланг байгуулснаар  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм. Б.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
Сурталчилгаа

     Уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн залуучуудыг нэгтгэх, тэднийг төлөвшүүлэх, шинэ үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхахад мэдлэг чадвар олгох, хувь хүний хөгжилд нь ахиц дэвшил гаргахад тулж ажилладаг гол цөм нь Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо юм. Нийт ажилчдын 57 хувь буюу 3000 гаруй залуусын эрх ашгийн төлөө үйлчилдэг тус холбоо 20 жилийн тэртээ шангаа татжээ. Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зурагтөслийн төвийн зохион бүтээгч инженер, Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбатыг зочноор урьж, ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо бүтэц бүрэлдэхүүний хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? Залуучуудын оролцооны талаар яриагаа эхэлье?

     -1999 онд Монголын Залуучуудын холбооны салбар зөвлөл нэрийн дор Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоог байгуулсан түүхтэй. Залуучуудын харилцаа, хандлага, сэтгэлгээ цаг үеэ даган ихэд өөрчлөгдсөн ч залуучуудын байгууллага үндсэн бодлогоо гээлгүй өнөөдрийг хүрсэн нь бидний хувьд том амжилт юм. Уурхайчин залуусын эрх ашгийн төлөө нэгдэн, сэтгэл зүтгэлтэй ажилладаг залуусын нэгдэл гэж хэлж болно. Бид ажлын талбар дээр үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээдэг бол холбооны хэмжээнд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд анхаарч байна. Залуучуудын холбоо маань Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчид, нарийн бичгээс бүрдсэн 60-аад хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Цалин хөлс авдаггүй бидний ажил улс төрийн нам эвсэл, хэн нэг удирдлагаас хараат бус үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

-Таны бодлоор залуучуудын байгууллагад ажиллах нь хувь хүний хөгжилд ямар нөлөө үзүүлдэг гэж харж байна вэ? 

     -Юуны өмнө цех, хэсгийнхээ залуучуудын өмнөөс хурал цуглаанд оролцож, тэдний санаа бодлыг илэрхийлж байгаа нь сайшаалтай. Нэг үйл ажиллагаанаас хоцорчихвол тухайн цех нэг мэдээллээс ор тас хаягддаг тал бий. Тиймээс тэргүүлэгчид маань их хариуцлагатай болдог. Нөгөө талаас үеийнхэн дундаа нийгэмшиж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж байна. Бид тасралтгүй хөгжиж, боловсрох ёстой. Хөгжлийг нийгэм талаасаа ярихаас гадна ажил мэргэжил талаасаа ч ярих нь зөв байх. Өнөө үед инженерийн сэтгэлгээ асар өндөрт тавигддаг болсон шүү дээ. Дэлхий нийтийн техникийн хөгжилтэй зэрэгцэж явахын тулд хүн бүр ажил мэргэжилдээ чадавхжих, хөрвөх чадвартай болох, өөртөө зорилго тодорхойлж, түүндээ тэмүүлэх зүй ёсны шаардлага бий болж байна.

     Сонгуульт ажил авсныхаа дараа миний баримталсан нэг зүйл бол Эрдэнэт үйлдвэр залуучуудын бодлоготой байх ёстой гэж үзсэн. Бодлогын хүрээнд Залуучуудын байгууллага нь ажлаа уялдуулах ёстой. Ингэснээр залуучуудын холбооны цаашдын тогтвортой хөгжлийн чиг гарч ирэх юм. Өмнөх 20 жилд түүчээлж явсан залуус маань үйлдвэрийнхээ хэлтэс, цехийн удирдлагаар ажиллах хэмжээнд боловсорчээ. Ингээд бодохоор залуучуудын байгууллагын үүрэг оролцоо ямар дүн авах нь тодорхой байх.

-Залуучуудын холбооны тогтвортой хөгжлийг хангахад ямар ажлууд хийж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?

     -Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 57 хувийг 18-40 насны залуучууд эзэлж байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд 1000 гаруй шинэ залуу ажилтантай боллоо. Иймээс залуучууд руу хандсан бодлого түлхүү явуулах зайлшгүй шаардлага бий болсон нь харагдаж байгаа юм. Бид 2018-2023 онд баримтлах “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, удирдлагууд дэмжсэнд залуучуудынхаа өмнөөс талархалтай хандаж байгаа. Орон сууцны хөнгөлөлтийн асуудал, чадвартай залуусаа гадаадын их, дээд сургуульд суралцах, чадвараа хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх, залуу гэр бүлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг нь хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан.

     Шинэ залуу ажилчдад зориулсан төлөвлөгөөт ажлуудаа цех, хэсэг, нэгж гэхээс илүүтэй нэг үйлдвэрийн залуучууд гэдэг талаас нь хоорондоо нэгдэн нягтруулах бодлогыг барьж байна. Залуучуудын хандлагыг өөрчилье гэж ярихаар л хэрэгжчихдэг зүйл биш. Тулгамдаж буй асуудал нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг юм шиг. Бид юун түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, өдөр өнжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аймгийн удирдлагууд болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж, далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн.  

-Ойн хугацаанд ямар ажлууд амжуулав?

      -Залуучуудын холбооны 20 жилийн ойн хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцэж, бүтээлч 20 ажил хийхээр төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Онцлог ажлаас дурдвал, Залуучуудыг цаашид өсөн дэвших гарц боломжийг нээх зорилгоор УБТЗ, Дулааны цахилгаан станц, ИНЕГ-тай хамтран “Өөрийгөө шинэчлэх хүч” сэдэвт JCI-ын лектор багшаар удирдуулсан лекц сургалт зохион байгууллаа. Сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд хамтран ажиллах зорилгоор АНУ-ын Жоржиео мужийн Мерсон хотын “Мерсер” их сургуулийн судлаач эрдэмтдийн баг, Toastmasters club-тай хамтарсан уулзалт хийсэн.

     Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Удахгүй салбарын 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан “Уул уурхайн хэлэлцүүлэг форум”-аа зохион байгуулна. Анх удаа хийж байгаа энэ форумаас их зүйл хүлээж байгаа. Ирэх сарын 6-нд 20 жилийн ойн шагнал гардуулах ёслол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Үйлдвэрийн залуучуудын сүлд дууг бүтээхээр ажилдаа ороод байгаа.

-Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

     -Холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан. Гадаад харилцаа, хэлний мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллана. Үе шаттай хэрэгжих эдгээр ажлынхаа эхлэлийг тавьсанд олзуурхаж байна. Залуучуудад тэлье, хөгжье, мэргэжил чиглэлээ өөрчилье гэсэн бодол их бий. Түүнчлэн хувь хүний карьерын бодлогыг түлхүү хэрэгжүүлэх бодолтой байна. Тухайлбал, би хэдэн жилийн дараа мастер болох вэ, мэргэжилдээ ахихад надад ямар чадамж хэрэгтэй вэ зэргээр өөрийн зорилгыг оновчтой тодорхойлоход системтэй арга зааж өгөх юм.

      Дотоодын хамтын ажиллагаа, туршлага солилцох чиглэлээр УБТЗ-ын залуучуудын байгууллага, “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо, ИНЕГ-ын Залуучуудын холбоотой хамтран ажиллаж байна. Залуучууд танилцах, туршлага солилцох уулзалтад оролцохдоо ихэвчлэн эрэл хайгуул хийж, ололттой саналуудыг ажил мэргэжлийн онцлогтоо уялдуулан ажиллаж байна.

 -Үндсэн ажлынхаа хажуугаар энэ бүх ажлыг яаж амжуулаад байна вэ?

      -Би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005 онд төгсөж, уул уурхайн салбарт 15 дахь жилдээ инженерээр ажиллаж байна. Ажлын талбарт  энэ мэргэжлийн үр өгөөж илүүтэй гардгийг биеэрээ мэдэрч байна. Ангийнхан маань бүгд л үйлдвэртээ ажиллаж, зарим нь удирдах алба хашиж байгааг хараад тэднээрээ бахархдаг. Компьютер графикийн аргаар зураг төслийн ажил гүйцэтгэх нь миний ажил. Тодруулбал, Засвар механикийн заводод хийгдэж байгаа импортын бараа бүтээгдэхүүн орлох тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл, эвдрэл гэмтлийг сайжруулах, металл эд анги болон тоног төхөөрөмж байршуулах ажлын зураг төслийг хариуцан хийдэг гэсэн үг. Ямартаа ч хувь хүнээс эрэл хайгуулч, шинийг санаачлах чадвар илүүтэй шаарддаг юм. Тиймээс ч цаг үеэ даган хөгжихийг, ингэхдээ залуучуудтайгаа мөр зэрэгцэн урагшлахыг зорьж байна.

     Олон нийтийн ажилд оролцох нь хувь хүнээс багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг гэж хэлж болно. Манай цехийн дарга удирдлагууд ойлгоно, заримдаа дэмжихгүй байх тохиолдол ч гарна. Гэхдээ үйлдвэрийнхээ залуучуудын төлөө явж байгаа болохоор үндсэн болон олон нийтийн ажлаа хослуулаад, зохицуулаад л явж байна даа. Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч, гишүүд маань саад бэрхшээлийг даван гарч, залуусын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгааг хараад тэднээрээ бахархдаг шүү.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгээс “Яараад яахав дээ” төслийн хүрээнд үйлдвэрийн бүс рүү орох уулзвар  болон аймгийн улсын чанартай авто замд үзлэг шалгалт зохион байгуулав. Шалгалтаар 1000 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, таван төрлийн 700 гаруй урьдчилан сэргийлэх сурталчилгааны мэдээлэл, гарын авлага жолооч нарт тараасан байна. Энэ удаагийн шалгалтын явцад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван зөрчлийг илрүүлж, холбогдох хариуцлага тооцохоор шалгалт хийж байгааг Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга,  Цагдаагийн хошууч З.Батхүрэл мэдээлэв.

“Яараад яахав дээ” аяны хүрээнд Замын цагдаагийн хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдэд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж байна. Мөн ирэх сараас цех нэгжүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг дүгнэх мэдээллийн дэвтэр аялуулахаар төлөвлөж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Тээврийн цагдаагийн газрын алба хамтран “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 15 –аас аравдугаар сарын 1 хүртэл хугацаанд улс даяар өрнүүлж байгаа юм. Үүний  хүрээнд “Яараад яахав дээ” аяныг  зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах, хүний амь нас  эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

М.Балжинням


 

Амьд хөгжмийн гайхамшиг, аялгуулаг эх оронч дуугаар Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн “Хурд”-ынхан энэ сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо зочлох юм. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжиж буй “Хайртай” төслийн хүрээнд хэд хэдэн уулзалт зохион байгуулж, нэвтрүүлгийн зураг авалт хийхийн зэрэгцээ үдшийн цэнгүүнд уран бүтээлийн дээжсээ толилуулан, оюунлаг хотынхонд бэлэг барихаар зэхжээ.

Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, урлагаар дамжуулан хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн энэхүү төсөлд “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон”, “Өв тээгч” нэвтрүүлэг, “Та Монгол ээж”, “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт, “Эр хүний ноён нуруу”, “Хөвгүүдийн уулзалт” олон нийтийн уулзалт, ярилцлага, “Эх орны хийморь” цэнгүүн зохион байгуулагдана. Төслийн багийнхан энэ үеэр Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийхээр товлоод байна.

И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог