• Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байна

       Засгийн гарын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэл сурталчилан таниулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт яам, агентлаг, 20 гаруй байгууллагын төлөөллөөс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан, нээлттэй өдөрлөгт мэдээллээ түгээн ажиллаж байгаа юм.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчилж, дүрмийг баталснаар 100 хувь төрийн өмчит статустай болсон. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон ч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, улсад төлсөн татварын хэмжээгээр тэргүүлсээр байна. Өдөрлөгийн үеэр үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулт өгч, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээ хүргэн ажиллаж байна. Оны эхний 8 дугаар сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелэж, эдийн засгийн үзүүлэлт өссөн дүнтэй гарсан нь улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.    И.Чинтогтох Фото: Б.Ялалт         Дэлгэрэнгүй...
  • П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
Сурталчилгаа

   Уул уурхай, хүнд үйлдвэрт хамгийн түрүүнд тавигдах асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр “Нэн түрүүнд ХАБ” уриан дор энэ чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд анхааран ажилладаг.
   ХАБЭА-н хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан байна. Шалгалтын комиссыг тус хэлтсийн дарга удирддаг бол түвшин тогтоох шалгалтад үйлдвэрлэлийн үндсэн болон туслах цехүүдийн удирдлага хамрагдав. Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, эрүүл ахуйн стандарт, холбогдох хууль тогтоомж болон тухайн цех нэгжийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаа зэрэг сэдвээр уг шалгалтын асуулга бэлтгэгджээ. Шалгалтыг тестийн болон харилцан ярианы аргаар авсан бөгөөд шаталсан хэлбэрээр цаашид үргэлжлэх юм. “Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг дээшилснээр ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэл, зөрчил дутагдлыг багасгах, арилгах, зөв мэдээлэл түгээх, харилцан бие биеэсээ суралцах зэрэг олон эерэг талууд бий болдог” гэж ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, жил бүр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Үйлдвэрийн нийт ажилчдаас гадна ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 8000 гаруй хүнд хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг энэ жил 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 170 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.       
   Эрүүл мэндийн үзлэгийн энэ удаагийн багцууд нь сүүлийн гурван жилийн үзлэгийн дүн, оношилгооны судалгаанд тулгуурлан, хүнд өвчтэй ажилчдыг илүү нарийвчилсан шинжилгээнд оруулах чиглэл баримталж буйгаараа онцлогтой юм. Онош батлах, түүнд тохирсон ямар эмчилгээ үргэлжлүүлэн хийх, үр дүн нь ямар байгаа зэргийг тодорхойлж, дүгнэх зорилгоор 9 төрлийн багц үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай хамтран хийж байна.
   Мөн энэ жил үзлэгийн багцыг насаар ангилаагүй, өөрөөр хэлбэл бүх насныхан үндсэн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой болсноороо өмнөх жилүүдийн үзлэгээс давуу талтай юм байна. Тухайлбал, үндсэн багцын үзлэгт өөх тосны солилцоог дөрвөн үзүүлэлтээр шинжилж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдэд үрэвслийн үзлэг хийгдэж байсныг хавдрын эсийн шинжилгээгээр сольжээ. Мөн судасны нарийслыг эрт оношлох, зүрхний хэт авианы шинжилгээг хийж байна. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээр 1000 гаруй хүн зүрх судасны өөрчлөлттэй гарсан тул оношийг тодруулах зорилгоор энэ төрлийн  шинжилгээний багцыг  дахин оруулжээ.  Түүнчлэн, “ходоод, улаан хоолойн дуран, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин зэрэг бүхий л нарийн шинжилгээг багцлан оруулсан учир урьдчилан сэргийлэх үзлэг илүү үр дүнтэй болно” гэж Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дарга Т. Мягмарсүрэн эмч ярилаа.

М.Балжинням


 

   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэлээс оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар сонирхлоо.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулдаг олон ажил бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэлтэс ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтныг санаачилгатай оролцуулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд “ХАБЭА-н манлайллын арга хэрэгсэл”-ийг эзэмшүүлэх семинар, “ХАБЭА-н бүтээлч бүлэг”-ээр ажил өрнүүлж, бүтцийн нэгжүүдэд “Өглөөний ХАБ”-ыг туршилтын журмаар нэвтрүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сайн дурын 153 мэдээллийн хаалгач, 100 гаруй манлайлагч ажиллаж байна. Бид 2019 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 182 удирдах ажилтан ХАБЭА-н удирдлагын амлалт аван ажиллаж байна.  Олон талт ажил зохион байгуулсны дүнд ажилчдын бүтээлч идэвх, санаачилга ч нэмэгдэж байгаа нь сайхан байна.

   - Өнгөрсөн онтой харьцуулахад оролцоо хэр нэмэгдсэн бэ?
   - 2018 онд бүтээлч идэвх санаачилгаараа аюул эрсдэлийг илрүүлсэн, арилгасан, бууруулсан оролцоо 4559 бүртгэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 7000, хоёрдугаар улиралд 10510 болж өслөө. Ажилчдын бүтээлч идэвх санаачилга нэмэгдэхэд манлайлагч  нарын оролцоо нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь үйлдвэрийн ажилчдын хувьд аюулыг илрүүлж мэдээлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтыг тодорхойлох, санаачилгаараа аюул эрсдэлийг арилгах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх зэрэг тогтсон, дадсан олон зүйлтэй болж байна. 

   - “Өглөөний ХАБ”-ыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа цех, хэсэг аль нь байна вэ?
   - Бид цахим орчинд “Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайллын оролцоо” гэсэн хаалттай групп ажиллуулж, тухай бүр мэдээллээ солилцож байгаа. Үйлдвэрийн хэмжээнд Тээвэр, ложистикийн төв, Автотээврийн цехийн засварын бригадууд, Аж ахуй үйлчилгээний цех, Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийг онцолмоор байна. “Өглөөний ХАБ”-ийг хэрэгжүүлж байгаа цех, нэгжүүдээ нэлээд ажиглалаа. Үүнээс дүгнэхэд, тогтмол ажлын байртай ажилчдын хувьд хэрэгжилт нь илүү байна гэж харагдсан. Учир нь цаг нартай уралдаж ажилдаа гардаг БелАЗ болон автобусны жолооч нарт “Өглөөний ХАБ” тохиромжтой бус байна. Ямар ч гэсэн ХАБ-ын манлайлал оролцооны арга хэрэгслийг 2019 онд бүх цех дээр туршиж хэрэгжүүлж байна. Цех бүрд өөр өөрийн оролцооны арга хэрэгслийг туршиж байгаа нь харагдсан. Хамгийн гол нь, энэ ажил хэрэгжсэнээр тухайн өдрийн ажлаа аюулгүй гүйцэтгэх чиглэлээр ажилчид маань нэг нэгэндээ заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг уламжлал сэргэж, системтэй арга  болон хөгжиж байгаа нь сайшаалтай юм.

   - Туршилт хэзээ дуусах вэ?
  - Бид баяр наадмын дараа туршилтын эхний үр дүнд дүгнэлт хийнэ. Улмаар туршилтын явцын үр дүнд суурилсан Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, оролцооны журам”-ыг анх удаа боловсруулахаар ажиллаж байна. Ингээд 2020 оноос бүх цех, нэгж журмынхаа дагуу хэрэгжүүлдэг болно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог