• Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Сурталчилгаа

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон оны эхний  хагас жилийн байдлаар 2019 оны төлөвлөгөөт даалгавраа бүрэн гүйцэтгэж, дараа жилийн ажилдаа ороход бэлэн болжээ. Тайлант хугацаанд 267 зураг төслийн даалгавар гүйцэтгэж, 559 төсөв зохиожээ. Хөрөнгө оруулалтын 228 даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100-111 хувиар биелүүлсэн байна. 2019 оны төлөвлөгөөт даалгавраа оны эхний хагаст хийж гүйцэтгэсэн бүтээлч хамт олон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон орлогч захирлууд, газар, хэлтсийн дарга нарын төлөөллүүд өнөөдөр очиж уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тус хамт олон 2020 оны ажлыг хийж гүйцэтгэхэд хүн хүчний дутагдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудад санал хүсэлт тавилаа. Түүнчлэн залуу ажилчид орон сууцны хөнгөлөлтийн асуудлын талаар тодруулсан юм. Үйлдвэрийн удирдлагууд ажилчдын гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэхээр боллоо.

А.Бямбамаа


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна. Ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч “Хаан Хүнс Катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн эрүүл ахуйч эмч нар, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч, Хуулийн хэлтсийн хуульч болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон нийттэй харилцах албаны төлөөлөл багтжээ.
   “Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа халуун хоолны асуудлыг 2005 онд шийдвэрлэж, хоолны амт чанар, үйлчилгээг алхам алхмаар сайжруулсаар ирсэн. Ажилчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдлаа. Цаашид зөөврийн хоол хүлээн авч байгаа орчны эрүүл ахуй, тав тухыг сайжруулах тал дээр тодорхой ажлууд хийнэ” гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ. Ажлын хэсгийнхэн үзлэг шалгалтын холбогдох дүнг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгоно.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын аюулгүй, зөв ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71300 дугаарын утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 14 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс: ажлын байр орчинтой холбоотой дөрөв, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дөрөв, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, ахуй хангамжтай холбоотой нэг, бусад чиглэлийн дөрвөн мэдээлэл тус тус ирсэн байна. Ажилчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу, холбогдох бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүдтэй зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилган ажиллалаа.
   Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг /гол мөрний эрэг дагуу/-аар зорчихгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан барилга байгууламж, объектууддаа тавих анхаарал хяналтыг өндөржүүлэх, газар шорооны ажил хийж гүйцэтгэх тохиолдолд ХАБЭА-н дотоод нийтлэг дүрэмд заасны дагуу нуралтаас сэргийлж хаалт, хамгаалалт хийж байх, цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжуудын аюулгүй байдлыг хангуулах хяналтыг тогтмол хийж байхыг анхааруулж байна.
   Мөн ажилтан та ажиллаж буй тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үедээ тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах үед мөрдөгдөх ХАБ-ын заавар, технологийн горим, эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан аюулгүй байдлын арга хэмжээ зэргийг сайтар судлан, өөрт болон бусдад аюул учруулахгүй байхад анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс сануулж байна.

А.Бямбамаа

 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог