• Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Сурталчилгаа

   Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

   - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?
  
- Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.
   “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.

   - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?
  
- Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.

   - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?
   - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.

  - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?
  - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.

  - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
  - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.
   Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог