• Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Дархан сеть” эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангалаа

         Монголын волейболын холбооноос анхдугаар лигийн тэмцээнийг 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлэн зохион байгуулж эхэлжээ. Ийнхүү 2011 он хүртэл 17 удаа лиг зохион байгуулаад найман жил завсардсан юм. Тэр хугацаанд МВХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээн нь лигийг орлож байжээ. Энэ жил Волейболын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээд лигийн тоглолтыг сэргээн зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулах болсон. Дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж, эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гаднаас тоглогч ирсэн. Лигийн тэмцээнд багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолтууд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “MNB Sport” суваг шууд дамжуулан үзүүлж байна. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорьсноос 70 гаруй хувь нь анх удаа лигт тоглож байна. Ихэнх тамирчны анхны лиг учраас нас, туршлага ойролцоо, өрсөлдөөн тэнцүү байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгож байна. Волейболын лигийн нэг онцлог нь “Play-Off” буюу хасагдах шатны тоглолт гэж байдаггүй. Шууд медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилдэг. Өнөөдрийн эхний тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн-Огоо” багийн ширүүн өрсөлдөөнөөр эхэлж 3:2-ийн харьцаатайгаар “Дархан сеть” багийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа.                Э.Мөнх-Уянга Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

       Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-т тангараг өргөв. “Эрдэнэт хотын өдөр” болон “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөл тус үйл ажиллагааг зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Жаргалант сумын ЗДТГ-ын 13 албан хаагч ёслолд оролцон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Орхон аймаг, Эрдэнэт хотын 100 гаруй мянган хүн амд үйлчлэх төрийн захиргааны алба тэднээр бүл нэмж, 400 орчим болж байна.     У.Цэрэнбат           Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш: Ганболдын БОЛДХУЯГ

    Төгссөн сургууль: Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005-2006 онд Түгээмэл баяжуулагч мэргэжлээр төгссөн.   Мэргэжил: Тээрмийн машинч   Ажилласан туршлага: 2007 оны 6 дугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт баяжуулагч, 2007 оны 10 дугаар сараас одоог хүртэл тээрмийн машинч   Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2014-2016 онд “Газарчин” дээд сургуульд Уул уурхайн баяжуулалтын технологич мэргэжлээр суралцсан.   Чин хүсэл: Аливаа ажлыг хийж байгаа хүнд туршлага чухал бөгөөд тэрхүү туршлагыг ажлаасаа олж авсан Г.Болдхуяг үйлдвэрийн өнөөгийн нөөц бололцоонд тулгуурлан хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлж, зардал бууруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын төлөөлөл билээ. Тэрээр үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа бүрэн дүүрэн дайчилж, эргээд харахад бүтээсэн зүйлтэй байхыг эрмэлзэн, чин сэтгэлдээ итгэлийн оч бадраан яваа шинийг сэтгэгч залуусын нэг.     -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу? -Өглөө бүр аль болох эрт сэрж, орой эрт унтахыг хичээдэг. “Хүн үхэхдээ мөнх унтахаас хойш оршин байх цаг хугацаандаа бага унтаж бай” хэмээсэн Солонгосын нэгэн удирдагчийн үг бий. Хоногийн 24 цагт 6-7 цаг унтах нь хангалттай гэж боддог. Харин ажилдаа гарахаас өмнө өглөөний цайгаа ууж хэвшсэн.    -Таны амьдралын сэргээш юу вэ? -Намайг урам зориг, эрч хүчээр тэтгэдэг эхний зүйл нь миний гэр бүл гэж хэлмээр байна. Эхнэртэйгээ арваад жилийн өмнө гэр бүл болж, хоёр хөөрхөн хүүтэй болсон. Тэд бол миний амьдралын хамгийн том хөрөнгө. Харин хоёр дахь сэргээшийг ажлын хамт олноо гэж боддог. Өчигдрөөс өнөөдөрт хүрэх замд тэд хамгийн их түшиг тулгуур болж, хийж бүтээх урам өгсөөр ирсэн.   -Таны эзэмшсэн ажил, мэргэжлийн онцлог юу вэ? -Манай хэсгийнхэн их онцлог ажилтай. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгээс ирж байгаа хүдрийг нунтаглаж, баяжуулаад зэс, молибденыг ялган, Шүүн хатаах хэсэг рүү дамжуулдаг. Энэ утгаараа хамгийн гол хэсэг ч гэж нэрлэж болох юм. Миний хариуцсан ажлын хувьд ашигтай эрдсийг хоосон чулуулгаас бүрэн салгаж, нунтаглаж өгөх үүрэгтэй. Манай хэсэгт нэгдүгээр шатны 9, хоёрдугаар шатны 13 тээрэм ажиллаж, хүдрийг хоёр дамжлагаар нунтагладаг. Ингэхдээ нэг тээрмийн хүдрийн дундаж ачаалал 289 тонн/цаг гэж бодвол 9 тээрэм цагт 2500-2700 тонн хүдэр нунтагладаг гэсэн үг юм. Баяжуулалтад бэлтгэх энэхүү үйл явц нь нийт зардлын 80 орчим хувийг эзэлдэг тул бидний ажил маш өндөр хариуцлагатай. Тээрмийн машинч мэргэжлийн эзэд нь зөвхөн эрчүүд байдаг учраас эзэмшсэн ажил мэргэжлээрээ үнэхээр их бахархдаг. Бэрхшээл олон гардаг ч, багаараа ажилласан цагт тэр бүхний ард төвөггүй гарч чадах итгэл сэтгэл бидэнд бий.    -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ? -Аливаа ажлыг хийхэд тухайн хүний сэтгэл, ажилдаа хандах хандлага маш чухал байдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Саяхан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 1000 инженерийн чуулга уулзалт зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын дөрөвдүгээр хувьсал болох дижитал шилжилтийн талаар ярилцлаа. Миний бие тус хуралд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдтэй мөр зэрэгцэн оролцсон. Үйлдвэр маань зогсолтгүй ажилласаар 41 жилийг үдэж байна. Нэгэн үеийн ахмадууд халаагаа өгч, залуучууд уул уурхайн салбарт хүч түрэн орж ирлээ. Техник технологийн эринд амьдарч байгаа бидэнд цаг үеэсээ  хоцрох эрх байхгүй, харин ч шинэлэг зүйлсээс суралцаж, Эрдэнэт үйлдвэрт ололттой бүхнийг нэвтрүүлэх нь чухал гэж ойлгож байна. Хэлний боловсролоо дээшлүүлж, өөрийн хувь нэмрийг оруулах болно.    -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Миний аав ахмад уурхайчин хүн бий. Одоо гавьяаны амралтандаа энх тунх жаргаж, залгамж халааг нь хоёр хүү нь авсан юм. Миний дүү Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт ажилладаг. Аав биднийг бага байхаас “Ямар ч ажлыг голж болохгүй” гэж сургадаг байж билээ. Би алдарт зохиолч Шекспирийн “Өөрийнхөөрөө байх, итгэсэн хүндээ үнэнчээр зүтгэх, шударга хүнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хүнээс суралцах, нийтийн санаа бодолтой зохицох, ямар ч аргагүй болсон нөхцөлд сэлэм зөрүүлэх” гэсэн үгсийг хэлэх дуртай.    -Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнийг та хэрхэн ойлгодог вэ? Түүхэн ойд зориулсан таны сэтгэлийн үг?  -Эрдэнэт үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот бий болсон. Жилээс жилд барилга байгууламж нэмэгдэж, хүн амын тоо өссөөр байна. Эрдэнэтийн Овооны ордын батлагдсан нөөцөөр 60 жил ажиллах боломжтой хэдий ч байгалийн баялаг гэдэг зүйл хэзээ нэгэн цагт шавхагддаг нь маргаангүй юм. Тиймээс ирэх 60 жилд Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон үйлдвэр бүтээн цогцлоох хэрэгтэй гэж бодож байна. Бид цаашид зэс, молибденыг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэх бодлого баримтлах хэрэгтэй байх. 41 жилийн тэртээ байгуулагдсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр овоглосон мянга мянган уурхайчиддаа баярын мэнд дэвшүүлье. Бид цаг хугацаа, цадиг түүхийн үргэлжлэл болон ажиллаж, баялаг бүтээгчдийнхээ суу алдрыг өндөрт өргөж явах болно.   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #1

        Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар агуулахын нярав М.ЭРДЭНЭБАЯР: Би Эрдэнэт хотын унаган иргэн гэдгээрээ бахархдаг. Энэ хотдоо төрж өссөн. Уурхайчин ах дүү нар олонтой болохоор ч тэр үү, багаасаа уурхайд ажиллана гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ШУТИС-ийн Уул уурхайн удирдлага, менежментийн ангийг 2008 онд төгсөж, 2012 оноос Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Эрдэнэт хүслийг минь биелүүлсэн өгөөжтэй уурхай.   Засвар угсралтын цехийн душны үйлчлэгч Т.ЭРДЭНЭЧИМЭГ: Би Эрдэнэт үйлдвэрт 23 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүрт хайрлан дээдэлдэг үнэт зүйл гэж бий. Миний хувьд дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаадаа баярлаж, бахархаж явдаг. Үйлдвэрийнхээ түүхэн өдрийг тохиолдуулан нийт уурхайчид, Засвар угсралтын цехийн хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та нартаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хүсэн ерөөе.   ХАБЭА-н хэлтсийн дарга Д.ЦАГААН-ЭРДЭНЭ: Төрөлх хот минь Эрдэнэт, төрөлх үйлдвэр минь Эрдэнэт. Энэ онд 41 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хот, үйлдвэртээ хүч хөдөлмөрөө зориулан өнөөдрийг хүрсэндээ баярлаж, талархаж байна. Эрийн цээнд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хөдөлмөрч, бүтээлч хамт олонд эрүүл энх,саруул сайхныг хүсье. Энэ хотод ажиллаж, амьдрах нь нэр төрийн хэрэг гэж би хувьдаа боддог. Энэ сайхан үйлдвэрт ажилладаг бид хамгийн азтай хүмүүс.   ХМТАЦ-ийн Уул тээврийн ажлын хэсгийн программын инженер Ц.ТУНГАЛАГ: Бүтээлч хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд ил уурхайн карьераас Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөх хүртэл үйл явцыг хянаж, системийн программ хангамжийг хариуцан ажиллаж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр цаашид Баяжуулах үйлдвэрээс явагддаг үйл явцыг нарийвчлан судалж, нэгдсэн систем бий болгохыг хүсдэг. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэлхийд танигдсан оргил

    Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр       Энгүй уудам ертөнцийн хязгааргүй их зайд  хүмүүн заяаг олж мэндлэн хөрс дэлхийд мөрөө үлдээх хувьтай хүний амьдралын  үүх түүх юутай сонин агаад гайхан бишрэм. Ачтай аавын гэрт эрхэлж өссөн танхилхан охин ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн алдар цуутай тамирчин болох ерөөл тавилангийн эзэн бол Цээ-Оригийн  Шоовдор. Монголын волейболчид түүнийг андахгүй.     Хүмүүний  бие махбод, бодгалиараа хийж  болох  бүх чадвар, хурд хүч, мэдрэмжийн бахдам сайхныг чухам спорт л мэдрүүлдэг. Тийм л баяр бахдал дүүрэн уран тоглолтуудаар Монголын волейболын спортод өөрийн нэрээ тодоор сийлсэн хүн бол Шоогоо багш. XX зууны спорт сонирхогчид, үзэгчдийн хувьд тэр жинхэнэ од байсан юм. Волейболоор сонирхон хичээллэгч хүүхэд залуусын өдрийн бодол шөнийн зүүд болж байсан үлгэр дуурайлал нь тэр байлаа.  Тэр одоо ч  домог хэвээр. Тэртээ 1950-аад оны дунд үед Эрхүүд сурч байсан оюутнууд хоёр бөмбөг, нэг тор авч ирж, эх орондоо волейбол хэмээх гайхамшигт спортын эхлэлийг тавьсан гэдэг. Тамирчдын бие бялдрыг өсгөлүүн, өлчир чийрэг болгоод зогсохгүй хурд, хүч, авхаалж самбааг жинхэнэ утгаар сорьдог спортын энэ төрөл хувь хүнийг төлөвшүүлдэг гайхалтай спорт. Тэр дундаа бусдыг хүндэтгэн, өөрийгөө ялах ухаанд сургаж,  багаар ажиллах чадварыг  бүрэн утгаар хөгжүүлдэг нь волейболын спортын  бас нэгэн гайхамшиг.      Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдор волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд  1958 оноос эхлэн тоглож олон улсын тэмцээнд 21 жил тасралтгүй оролцжээ. Тvvний нэрэмжит волейболын өсвөр үеийн  улсын аварга шалгаруулах тэмцээн олон жил тасралтгүй зохион байгуулж  олон ч аймгийн төвд үзэгчдийн уухай хадааж байсан юм.  Шоогоогийн багийн найз анх санаачлан төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа 1990 онд нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй.  Ийнхүү волейболын спортод дурлан тэмүүлэх хүүхэд залуусыг хөгжих боломжийг олгож долоон жил тасралтгүй зохион байгуулсан байна.  Дундговь, Баянхонгор, Хэнтий аймгуудад буухиалсан тэмцээнийг тамирчид, дасгалжуулагчид одоо ч дурсан ярьдаг.  Гавьяатын гараар дамжсан 200 гаруй спортын мастер бий. Тэдний 30 гаруй нь олон улсын хэмжээний мастерууд. Спортын зэрэгтэй тамирчид бол хэдэн зуугаар тоологдоно.  “Их спорт хэзээ ч хүнийг ганцаардуулдаггүй юм” хэмээн ярьдаг тэрээр өдгөө шавийнхаа шавь, бас түүний шавьд ч мэдсэн сурснаа харамгүй түгээж буй буянтай багш дасгалжуулагч билээ.   Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Хөдөө аж ахуйн Их сургуулийн  дэд профессор Ц. Шоовдор   гуай 3 дахь үеийн шавь нараараа хүрээлүүлсэн азтан. Урлаг, спортын аль ч төрөл хэлбэрт шавийнхаа шавь, түүний шавьд зааж сургах нь ховор тохиолдол.  Хагас зууны турш спортын талбайд илүүрхсэн түүнийг харахдаа тухайн үеийн спортын гадаад мэргэжилтнүүд “Танай баг зургаан Шоовдортой бол аль ч улсын багийг урдаа гаргахгүй дээ” хэмээн шагшиж байсан гэдэг. Тийм ч болохоор Монголын волейболыг Шоовдоргүйгээр ойлгож үл болно.      Өдгөө 80 насыг шүргэж байгаа Шоогоо МУИС-ийг 1969 онд улаан дипломтой төгсөж, сургуульдаа урилгаар багшилж байлаа. Түүний дараа 1973-2014 он хүртэл ХААИС-д нийгмийн ухааны багшаар ажиллаж, үндсэн ажлын цагаа дуусахаар үргэлжлүүлээд секц хичээллүүлж байж. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хичээн зүтгэж, үнэн цагаан сэтгэлээр үргэлж тууштай ажиллаж хөдөлмөрлөсөн хичээнгүй монгол бүсгүй. Түүний спортын амжилтыг үнэлж 1971 онд Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх алдар цолыг хүртээжээ.      Тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээлтэй монгол бахархалт охидын нэг. Шоогоо бол дүүлэн нисэх мэт уран, хадаас хатгах мэт хурд хүчтэй тэгш тоглолттой тамирчин. Спортын амжилт гэдэг зөвхөн бие бялдрын  хүч нөөцөөс бус оюуны бяд чадлаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг мэдэрдэг. Тийм ч учраас математикийн гүнзгий ангийг сонгон авч волейболын  спортын шинэ залуу тамирчдыг бэлтгэж байсан алсын хараатай удирдагч билээ. Түүний хурд, үсрэлт тухайн үеийн тамирчдаас хол илүү байсан учраас эрэгтэйчүүдийн тоглодог өндөр сеткэнд тоглодог байсныг тухайн үеийн тамирчид дасгалжуулагчид хэлдэг. Ердөө 2-3-хан хормын дотор хаана яаж, хэр хүчтэй, эсвэл эргэлттэй бөмбөгөөр  довтлохыг, эргээд хэрхэн хамгаалахыг  давхар тооцдог учраас сэтгэлгээний хурдыг асар их шаарддаг спорт бол яах аргагүй волейбол. Энэ л спортын нөлөөгөөр эрүүл чийрэг бие бялдартай, ажиллаж хөдөлмөрлөх их эрч хүчтэй байдаг гэдгийг волейболынхон хэлдэг. Тэдний амьдрал ч үүнийг нотолдог.      Улсын шигшээ багийн үндсэн тоглогчоос гадна багийн ахлагч,  дасгалжуулагчаар тасралтгүй олон жил ажилласан тэрээр  Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиад, олон улсын болон  дэлхийн оюутны Универсад, дэлхийн аварга, Ази тивийн  аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан амжилттай тоглож байлаа. Тэр тэмцээнүүдэд шилдэг тоглогчоор олон удаа шалгарч, энгэр хоосон буцаж байсан түүх үгүй ч гэхэд болно. Ахиц амжилтын түүх бүрийг өгүүлнэ гэвэл хэдэн арван хуудсаар хэмжигдэх нь лавтай.     Тэрээр Биеийн тамир спорт, Хөдөө аж ахуй, Ардын боловсролын тэргүүний ажилтан. Шоогоо гавьяат Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 80, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж  “Миний амьдралын хагас зуун жил” хэмээх дурсамж  номоо хэвлүүлжээ.  Аав ээжийнхээ гэрт ихэр юм шиг ижилдэн өссөн хоёр охин хоёулаа Шоовдор нэртэй байж.  Магад ямар нэгэн таагүй зүйлсээс цэрвэж  ийн хоёр охиноо нэрийдсэн нь цаанаа нэг учир шалтгаантай байсан ч биз ээ.  Алив муугаас эвийлэн нуусан эрдэнэ шиг  бага Шоовдор  ийн амьдралын түмэн нугачааг сөрж өндийгөөд зогсохгүй их спортын түүхэнд өөрийн хүч нөөц чадлаараа тодорсон жинхэнэ од болж чадсан. Мэдээж амжилт бүрийн ард дандаа алга ташилт, сайн сайхан урам дүүрэн байгаагүй нь лавтай. Тэр атаа хорслын хий мананг хага зүсэн цойлж мандсан нар.  Энгүүхэн яриатай, заримдаа үгнийхээ ард үг дайж шоолонгуйхэн инээх нь багахан шооч хүн гэдгийг илтгэнэ. Түүний сэтгэлийн хат бэлтгэл нь ханасан тамирчны  булчин шөрмөстэй эн тэнцүү болов уу гэмээр бядтай. Дүүлэн нисэх мэт нандин сайхан сэтгэлтэй Шоогоо он цагийн уртад хүнээс хүнд хүрч үргэлжлэх жинхэнэ домог. Түүнийг түүх мэддэг. Б.Учрал Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн төгсөгч “Эр зоригийн одон”-гоор шагнагдахаар боллоо

            Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2011 онд Цахилгаан систем автоматжуулалтын мэргэжлээр төгсөж, эдүгээ Австрали улсын Мельбурн хотноо Мэдээллийн технологийн чиглэлээр магистрт суралцаж байгаа Т.Чингэсдолоон давхрын тагтнаас үсэрч, амиа хорлохыг завдсаннэгэн эмэгтэйгаварчээ.Т.Чингэс аялах зорилгоор Австралийн Күийнсланд мужид очсон бөгөөдКайрнс хэмээх жижиг хотын"Pасific" нэртэй зочид буудалд байрлаж байх үед буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд энэ үйл явдал болсон юм. Түүнийгөрөөндөө орж ирэх үедгэнэт хүчтэй юм унах чимээ сонсогдож,  тагт руу гарч харахад долоон давхрын тагтны гадна талд үсрэхэд бэлэн хүн харагдсан байна. Таван давхарт байрлаж байсан учир амийг нь аврахаар тагтаар дамжин,гараас нь барьж амжжээ.Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай бөгөөд хар тамхинаас хамааралтай болсны улмаас ийм үйлдэл гаргасанбайна. Т.Чингэс болсон үйл явдлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай. Долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварч чадлаа” гэж нийтэлжээ.      Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас “Эр зоригийн одон”-гоор шагнах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Технологийн сургуулийн  төгсөгч Т.Чингэсдээ хүний алтан амь аварсанд нь баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.   “Эрдэнэтийн үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн захиргаа Дэлгэрэнгүй...
  • "Эрдэнэт" үйлдвэр "Росгеологи" компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

                 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.        Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.        Х.БАДАМСҮРЭН: “Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай. Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ”    Дэлгэрэнгүй...
  • “Шударга утас-71600” ажиллаж эхэллээ

           “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд шударга бус үйлдэл, авлига, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, хууль бус үйлдэл, гэмт хэргийг таслан зогсоох зорилготой юм. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгуулж хэрэгжилтэд хяналт тавьж хариуг мэдэгдэх болно.    Эрдэнэт үйлдвэрийн газрын өмч, эд хөрөнгийг хулгайлах, завших, үрэгдүүлэх, устгах, гэмтээх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл алдагдсанаас хувь хүний албан тушаал нэр төр, алдар хүндэд харш аливаа үйлдэл гарахаас сэргийлнэ. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.     “Шударга утас” нь таны мэдээллийг хадгалан авч, эрх бүхий албан тушаалтанд хүргэх болно.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор “ШУДАРГА УТАС-71600” таныг сонсож байна. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • “Ойлгоё-Хүндлэе” аян Эрдэнэт үйлдвэрт өрнөж байна

       Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилготой “Ойлгое-Хүндлэе“ аян Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй тус аяны зорилго, зорилтыг уурхайчдад танилцуулах арга хэмжээ үйлдвэрийн бүсэд болов. Аяны танилцуулга мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн сурталчилгаа явуулсан байна. “Ойлгоё-Хүндлэе” аянд Автотээврийн цехийн ажилчид нэгдэн нийт 31 автобусанд зурагт хуудас нааж, үйлдвэрийн дүүрэгт 100 ширхэг зурагт хуудсыг тодорхой цэгүүдэд байршуулан ажиллалаа. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд 32.3 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийжээ

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ирж ажилд гарчээ. Ил уурхайн хамт олон экскаваторын паркийг ЭКГ-12К маркийн экскаватороор шинэчлэх зорилт тавьсан. Учир нь сүүлийн үеийн энэхүү экскаватор нь цахилгаан зарцуулалт 30 хувь хэмнэлттэйн дээр хүчин чадал илүү юм. Харин Зам овоолгын хэсэгт шинээр ирсэн жижиг оврын экскаватор нь хосолмол ажиллагаатайгаараа онцлог. Экскаваторын шанагыг цохилттой лоомоор сольж, өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулуу бутлахад ашиглаж байна. Мөн Зам овоолгын хэсгийн ээлжийн мастеруудын ажлын хэрэгцээнд Ланд крузер-79 маркийн автомашин шинээр иржээ. Эрдэнэт үйлдвэрт хаяглагдсан Германы Либхерр фирмийн 60 тонны авто кран, өрмийн машин замдаа ирж яваа бөгөөд тус цехэд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ийнхүү 100 хувь биеллээ.                 М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа
   Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн зарим ажилтныг Засгийн газар, салбарын яамдын шагналаар шагнав. Тус цехэд он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тохь тух, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилга гаргасан Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Ц.Эрдэнэболд, Б.Болднасан, Д.Энхмаа нарыг Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, ажилтан Н.Нарантуяаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ажилтан А.Ариунбаярыг Засгийн газрын “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасныг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа нар гардуулж, баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүс болон бүхий л ажлын байрны гадаад дотоод тохижилт, үйлчилгээг хариуцдаг Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
   Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний соёл, чанарыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж буй тус хамт олон амжилт ололт дүүрэн ойн баяраа тэмдэглэлээ.  Засгийн газрын ордны Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газрын Сургалтын төвтэй хамтран ажиллаж, “Мастеруудын уулзалт”, “Цэвэрлэгч солилцоо” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг угтан үйлчлэгчдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, 9 цехийн 22 ажилчин  онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн зэрэг олгох шалгалт гэсэн үзүүлэлтээр өрсөлджээ. Эхний үзүүлэлт буюу албан тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ангилалд ажилтан О.Энхзул, бие засах газар, угаалгын өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээний ангилалд ажилтан Ч.Буянхишиг нар манлайлж, мэргэжлийн зэргийн 2,3 дугаар болзлыг тус тус хангасан байна. 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 

   Өглөөний 08:00 минут... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 2-р байр буюу бидний хэлж заншсанаар Гендирекцид цагаан халаадтай эмч мэргэжилтнүүд бужигнасан хөл хөдөлгөөнтэй өглөө Пүрэв гаригийн ажлын өдрийн эхлэл байлаа.  Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн нэг  “Зүрх судасны өвчлөлтэй тэмцэх” өдрийг угтан Эрдэнэт сувиллын цогцолбороос 5 өртөө бүхий эрүүл мэндийн сурталчилгааны  цогц өдөрлөгийг ажлын байранд зохион байгуулав. Тэд энэ өдөр эрүүл мэндийн асуумж бүхий хуудас, ОМЕГА-3, Дуовит зэрэг амин дэм эрдсүүдийг ажилтнуудад тараан, эмчийн зөвлөгөө, эрүүл өглөөний цайтай угтсан юм. Тус сувиллын цогцолборынхон Эрдэнэт үйлдвэрийн 6586 ажилтан  ажиллагсад, ахмадууд болон МШӨ-ийн хувь тогтоолгосон ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ удаа ээлжит үйл ажиллагаагаа “Зүрх судасны өвчлөлөөс  урьдчилан сэргийлье” өдөрлөгөөр үргэлжлүүлж буй нь энэ юм.   
 
   Өдөрлөгийн зорилго чиглэл, ач холбогдлын тухайд  Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг ярихдаа:
 
 
   “Зүрх судасны өвчлөлийн эрсдлээс сэргийлэх дэлхий нийтийн өдрийг угтан манай сувиллаас  үйлдвэрийн нийт ажилтнууддаа зориулан томоохон хоёр  үйл ажиллагааг  захиргааны 1,2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр бид ажилтнуудын дунд өртөөчилсөн зөвлөгөө,  сурталчилгааны ажлыг өрнүүлж, биеийн жинг хэмжих, индекс тодорхойлох, даралт үзэх, эмчийн зөвлөгөө гэсэн 5 өртөөгөөр үйлчлэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн заах юм. Ажилтнууд 5 өртөөгөөр дамжин  зүрх судасны өвчлөлийн эрсдэлээ тооцуулахын зэрэгцээ, хоол хүнсний зөвлөгөө авч, эмийн бус аргаар хэрхэн эрүүл мэнддээ анхаарах талаар зөвлөгөө авах боломжтой. Бид зүрх судасны өвчлөлийн үеэр идвэл зохистой хоол хүнсний талаар мэдээлэл өгч, мэргэжлийн хоол зүйчийн заавраар өглөөний цайгаар дайлж,  жор зөвлөж байгаа. Үйлдвэрийн ажилчдын өвчлөлийн дийлэнхи хувийг хоол боловсруулах замын өвчлөлүүд эзэлдэг. Зүрх судасны өвчлөл ч бас түгээмэл байна.  Тийм учраас эрүүл мэндийн хамгийн зөв дадлыг сурталчлах нь манай өдөрлөгийн үндсэн зорилго юм. Зүрх судасны өвчлөлийг үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлсэд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс, архи тамхины хэрэглээ, илүүдэл жин багтдаг. Тиймээс зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг тодорхойлж, цогц зөвлөгөөг өгч байгаа юм.  Маргааш буюу 10-р сарын 4-нд Ерөнхий захиргааны 1-р байр буюу үйлдвэрлэлийн бүсэд зохион байгуулж, цаашдаа цехүүдээр дамжуулан нийт уурхайчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо.
 
 
   Зүрх судасны өвчлөл нь  Монгол улсад төдийгүй  олон улсад тархалт ихтэй  өвчлөлийн нэг болж буйг судалгааны дүн харуулдаг. Энэ ч утгаараа үйлдвэрийн ажилчдын зүрх судасны өвчлөлийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа тухай Эрдэнэт сувиллын цогцолборын зүрх судасны эмч Д.Оюундэлгэр ярьсан юм.
 
 
   Түүнээс сувиллын эмч мэргэжилтнүүдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодруулахад, “9-р сарын сүүлийн 7 хоногийн бямба гаригийг дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Зүрхээ хамгаалах өдөр” болгон зарласантай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олон нийт тасаг нэгжүүддээ зүрх судасны өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, ямар дэглэм барих шаардлагатай тухай мэдээлэл хүргэж, цех хариуцсан эмч нар сургалт өдөрлөг зохион байгуулсан. Зүрх судасны өвчлөлийг бууруулахад хоол зүй, даралт бууруулах цэгэн бариа, хоол хүнсний хэрэглээ, эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. Цуврал үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж хариулсан юм. 
 
   Өдөрлөгийн үеэр ажилчид жингээ үзүүлж, эмчийн зөвлөгөө авахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай өглөөний цай ууж, хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл авч байлаа. Түүнчлэн зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг нийтээр сурч, хэвшил болгох шаардлагатайг ажилтнуудад зөвлөсөн. Эрдэнэт сувиллын цогцолборынхны өглөөний цайтай өдөрлөгт оролцсон ажилтнууд сэтгэгдлээ ийн хуваалцав. 
 
   Маркетингийн  хэлтсийн менежер Д.Түвшинтөр:

 
   “Суудлын ажилтай хүмүүст өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх шаардлага тулгардаг. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлж, эмч нар зөвлөж буйд талархаж байна. Энэ өдөрлөгөөр биеийн жингийн индексээ үзүүлж, бага зэргийн жингийн илүүдэлтэй гэдгээ мэдлээ. Урьд нь мэддэггүй байсан. Эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг илүү ойлгож авлаа. Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн сайхан арга хэмжээ болж байна”. 
 
   Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Л.Дэлгэрмаа:
 
 
   “Өнөөдрийн үйл  ажиллагаа маш үр дүнтэй, сэтгэлд хүрсэн ажил болж байна. Тэр бүр ажлын цаг заваас шалтгаалж эмнэлэг орж, эмчийн зөвлөгөө авч чаддаггүй байсан бол иж бүрэн үйлчилгээг ажлын байранд хүргэж байгаад баяртай байна. Даралтаа  үзүүллээ. Эрүүл мэнддээ анхаарч, физик эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй  гэдгийг эмч зөвлөсөн. Сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулсан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд баярлалаа”.
 
   Ерөнхий механикийн хэлтсийн оношилгооны инженер Ш.Эрдэнэтуяа:
 
 
   ”Даралт үзэж, эмч нар зөвлөгөө өгч байгаа нь их таалагдлаа. Биеийн жин үзэж, индекс тодорхойлж байгаа нь хүмүүст хэрэгтэй мэдээлэл болж байна. Миний хувьд хэвийн жинтэй байна гэсэн. Эрүүл зөв хооллолт болон амин дэмийн талаар зөвлөгөө өгсөн нь их таалагдлаа. Та бүхэнд баярлалаа.
 
   Ийнхүү ажлын байрандаа эрүүл, шим тэжээлтэй өглөөний цай ууж, дэргэдээсээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө сонссон өглөө ажилтнуудад урам зориг, эрч хүч бэлэглэв.  Тэд бас эмгүй эмчилгээ, нэмэлт амин дэмийн ач холбогдлын талаар мэдээлэл авч, хямдралтай худалдаагаар үйлчлүүлсэн. Эрдэнэт сувиллын цогцолборын 30 гаруй эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зүтгэлээ шингээсэн “эрүүл, өглөөний цай” бүхий өдөрлөг, хөтөлбөр цаашид үйлдвэрлэлийн цехүүдэд ч үргэлжлэх ажээ. 
 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог